Lucky Charms Rainbow

Sunday, January 13, 2013

ОЮУТНЫ ХЭЭРИЙН ДАДЛАГА 3



ХӨТ: РТВС-ийн сэтгүүлчийн ангийн оюутан Б. Амаржаргалын бичсэн
Хувь тавилан угсаа гарлын холбоо аян замын тэмдэглэлийг таны өмнө дэлгэж байна.
/ хөгжим /
 
ХӨТ: Нэрнээс өөр бараг л мэдэхгүй шахам ахан дүүстэйгээ уулзаж танилцах завшаан тохиож СУИС-ийн РТВС-ийн хэсэг оюутан залуус бид аавынхаа захиасыг цээжиндээ тээн, ижийнхээ сүүн цацлыг хөлөглөн Улаанбаатараас хөдөллөө.
Маргааш өглөөний 9 цагийн алдад Хятад улсын хилийн дээс алхах мөчид төрсөн анхны сэтгэгдэл гэвэл хилийн наана цаанах ялгаа байлаа. Энэ тухай нөхөд маань цөм бичиж байгаа болохоор би дахин давтахыг хүссэнгүй. Гагцхүү бүгд нэг зүйл дээр санаа нэгтэй байнаа гэдэг манайхан юуг илүү анхаарах ёстойг хэлээд байгаа хэрэг. 
 
/ хөгжим /
 
ХӨТ: ӨМӨЗО-ны гүн рүү алхлаа...
ХӨТ: Бидний дараагийн маршрут Шилийн гол аймаг. Ингээд үдээс хойш Шилийн хот руу аяны жолоогоо залсан юм. Зорьсон газар хүртэл 350 км. Анхандаа  би хятад кинон дээр гардаг дардан шулуун замаар явна гэж  бодож байсан юм. Багш ч тэгэж  хэлж байсан. Гэтэл яг л манай хөдөөний зам шиг байв. Бүр монгол нутагтаа яваа ч юм шиг санагдаж байлаа. Ядаж уул тал нь хүртэл яг адилхан гээч. Адилхан байхаас ч яахав, монгол газар шорооны үргэлжлэл  юм чинь. Хүн ард нь ч бидэнтэй адил нэг хэл, нэг соёл, нэг ёс заншилтай билээ. Харин  хэр өөрчлөгдөж, хүнийрхүү болсныг одоо бид үзэж харах гэж байна.
Бартаат зам шувтарч өнөө хүсээд байсан дардан замдаа орлоо. Учир нь зам засварын ажил өрнөж байсан тул бид Шилийн хот хүртэл замын нэлээд хэсгийг шороон замаар туулсан хэрэг.

           
Хүсэн хүлээсэн мөч ирж оройн найман цагийн үед Шилийн гол аймгийн төв Шилийн хотод орж ирлээ. Шөний гэрэлд шугам шиг татсан өргөн замтай, өнгө өнгийн гэрэл цацарсан сайхан хот биднийг угтлаа. Хот дундуур яваад дахин гайхширлаа. Учир нь манайхны хувьд ид хөлхөлдөж байдаг цагаар гудамжаар үзэгдэх хүн цөөн, төв хэсэгтээ л бага зэргийн хөл хөдөлгөөнтэй байлаа. Учрыг асуувал, энд хөдөлгөөн өглөө эрт эхэлж, орой эрт татардаг гэнэ. Үүнийг дагаад дэлгүүр хоршоо, үйлчилгээний газрууд хүртэл эрт хаадаг юм байна. Шилийн гол аймаг нь  Өвөрмонголын төв хэсэгт байрладаг ба нийт 203 мянган хавтгай дөрвөлжин км нутагтай, 200 сая шахам хүн амтай, үүний 30 хувь нь монгол үндэстэн аж.



            Манай аялалынхныг Шилийн хотын Радио-Телевизийн хорооны орлогч дарга Монголын сүүлчийн их хаан Лигдэнгийн удам Цахар овогтой Гэрэлцог, Баруун Үзэмчин хошууны бүсгүй Бадамцэцэг тэргүүтэй хэсэг нөхөд угтан авч  тохилог буудалд буулгаад, дараа нь хүндэтгэлийн зоог барив. Зоог тун сайхан байсан. Олонх маань ингэж хэлэх байх. “Сайн хүн явсанаа, муу хүн идсэнээ гээд өвгөд маань идсэн ууссанаа ярихад дургүй байдаг ч ярихгүй байж болохгүй нь.  Цаашид ч мөн энэ тухай ярих л болно, өршөөгөөрэй.  Үүнийг давтан давтан ярихын учир гэвэл санаанд оромгүй хүндэтгэлтэй угтаж авсан Шилийн голын Радио хороонынхонд талархаж байгаа сэтгэлийн илэрхийлэл юм шүү.  Хэдий харийнхны дунд суугаа ч тэд монгол ёс уламжлал, монгол идээ ундаагаа орхиогүй нь илт харагдаж байсан.
 
/ хөгжим /
 
ХӨТ: Бандид гэгээний сүм буюу Бээсийн сүм...
ХӨТ: Одоогоос 300-гаад жилийн өмнө Төвд орноос шарын шашныг дэлгэрүүлэхээр ирсэн Балжир Лхүндэв гэдэг лам Ордост хагас жил шахуу хэл сурч, даяанчилжээ. Энэ хугацаанд суурьшиж байсан газар нутагтаа нэр хүндтэй болсон хэдий ч өөр газар хайн бадарчилж яваад Зүүн Сөнөд хошуунд нэг айлд иржээ. Тэр айл угаас шүтлэгтэй тул эрдэм номтой лам байна хэмээн гутал оёж өгчээ. Гутлыг нь авсан лам бэлийг нь үзээд би энд сууж болохгүй юм байна гэж бодоод цааш бадарчилсаар Авха нарын хошууны Дархан бээлийн нэг ноёнтой таарчээ. Тэрээр ноёнд хандаж: “за би нэг үүргийн лам байна. Та юм хайрлаач гэхэд ноён: “Надад одоо өгөх юм алга. Гэхдээ нутгийн шороо алт гэдэг юм, үүнийг өгье гээд атга шороо авч өгөөд манай гэрт бууж хайрла. Манайх зүүн хойд шил дээр байдаг юм” гээд явжээ. Түүнийг бадарчин лам ихэд бэлэгшээж, гэрт нь очиж тэргүүн ноёныд суух болжээ. Энэ хугацаанд лам олны дунд их нэр алдартай болсон байна.  Ламыг хүндэлсэн тэргүүн ноён Бээс ноёнд айлдсанаар Эрдэнэ овооны энгэрт амьдардаг Эрдэнэ нэртэй өвгөнтөй уулзаж газар авч  сүм хийд барьсан нь өдгөөгийн Бээсийн сүм ажээ. Энэ сүмийг  Бээсийн сүм, мөн Бандид гэгээний сүм гэх болсон нь өнөө мэргэн лам хийгээд нутгийн бээс ноёны нэр ажээ. Бандид гэгээн гэдэг нь бурхан шашны дөрвөн үйлийн номд бүрэн нэвтэрсэн хүнд өгдөг цол, харин Бээс гэдэг нь манж гүрнээс ноёдод өгдөг байсан хэргэм зэрэг юм. Эрдэнэ өвгөний өвөлжөө байсан газар босгосон сүм нь өдгөө их дулаахан, тун тохитой гэнэ. Бээсийн сүм  Шилийн  хотын Эрдэнэ-Овооны доод хэсэгт орших бөгөөд Өвөрмонголын буддын шашны 4  том сүмийн нэг, Чин улсын Тэнгэр тэтгэгчийн 8-р он буюу 1743 онд эхэлж байгуулжээ. Бандид гэгээний сүм гэхийг сонсоод манай Архангай аймгийн нутагт байдаг Зая Бандид гэгээний сүмийг өөрийн эрхгүй нэхэн санаж билээ. 
Эргэн тойронд өнгө өнгийн цэцэгс алаглаж, хүүхэд залуусын  хөгжилтэй дуу тасардаггүй энэ түүхт газар амраг хосууд, аав ээжийн жаахан жаалууд, алсаас ирсэн айлчид, арилжаа наймаачид гээд хүн зоны хөл тасардаггүй бололтой. Талбайн хоёр талаар худалдааны төв үргэлжилжээ. 
ХӨТ: Шилийн хотын Эрдэнэ-овоо Улаанбаатар хотын Хийморийн овоо...
ХӨТ: Бид Шилийн хотын Утга, Урлагийн Холбооны соёлын ажилтан Авга овогтой Доржсүрэнтэй уулзаж, Эрдэнэ овоо хийгээд Шилийн хотын талаар сонирхолтой яриа дэлгэсэн юм



            Бурхан шашны гэгээн үйлд өөрийн өмчийн газар нутгийг зориулсан Эрдэнэ өвгөний нэрээр нэрлэгдсэн Эрдэнэ-овоо далайн төвшнөөс дээш 1110 метрийн өндөрт оршдог онгон дагшин газар юм байна. Уудам сайхан тал дээр боссон энэ овооны хажуугаар Шилийн гол урд зүгээс ирээд зүүн хойд зүг рүү урсан оддог аж.  Овоон дээрээс харагдах найман уулыг найман тахилын шинжтэй гэх юм.
Шилийн хотын хойд  дүүрэгт байрладаг Эрдэнэ-Овоо нь 1753 оноос эхлэн байгуулсан 13 овоотой юм. Соёлын хувьсгалын үеэр нурааж Баатарчуудын хөшөө дурсгал байгуулсан ч 2003 онд дахин сэргээжээ. 13 овооны учир нь малчин Мамбрай гэсэн лус түрүүтэй 13 лусыг тахиж байгаа юм гэнэ.  Эрдэнэ-Овоог буддын шашны уламжлалаар билгийн тооллын 5-р сарын 13-ны өдөр Авха нар хошууныхан тахиж шүтдэг  гэнэ. Ингээд бид Эрдэнийн замаар дээш өгсөж  Эрдэнэ овоо руу гарлаа. Угтаа эрт цагт эмэгтэй хүн гардаггүй дагшин овоо байсан ч он цагийн эрхээр тэр ёс заншил аажим аажимаар алга болжээ. Нэгэн ёс жаяг ийн алга болсонд харамсаж л байлаа. Эмэгтэй хүн гарч болдоггүйн учир гэвээс эмэгтэй хүнээс сар бүр гардаг тэмдгээс болдог гэнэ. Нэг ёсондоо ариун тахилгат дагшин газрыг сэвтүүлэхвий гэсэн нэгэн монгол ухаан юм байна. Эртний энэ ёс хөгжил дэвшлийн сүр хүчинд дарагдан дарагдсаар үгүй болсонд харамсаж байлаа. Бодолтой минь зэрэгцээд манай улсын Хийморийн овооны  энэ заншил алдагдахвий гэсэн сэрэмж төрж байсан шүү. Анх овоог хараад их гайхаж билээ. Овоо гэхээр нь манай Хийморийн овоо шиг чулуу овоолсон байх юм гэж бодсон чинь засаж янзалсан, гэрийн дугуйлсан хана шиг мөртлөө оройд нь нарс хатгаж, сорхогчин  босгоод 13 овоог хийморийн дарцагаар холбосон байв. Манай Улаанбаатарт эрчүүд нь цагаан сарын шинийн 3-ны дотор багтаж  Хийморийн овоон дээрээ гарч хийморь лундаагаа сэргээдэг бол Эрдэнэ овоонд сар бүрийн шинийн нэгэн, шинийн арван таванд хүмүүс ирж, хүж барин хүслээ шивнэн хийморийн дарцагаа хийсгэдэг юм байна. Бид овоог тойрч байхдаа нар буруу эргэж яваа хэсэг хүмүүстэй тааралдав. Мэдээж тэднийг монгол биш хятад хүмүүс гэж бодовч нутаг усанд нь амьдарч л байгаа юм бол ёсыг нь дагамаарсан даа гэх бодол төрж байсныг нуух юун.  “Усыг нь уувал ёсыг дага”  гэж монголчууд ярьдаг шүү дээ.
 
/ хөгжим /
 
ХӨТ: Шилийн хотын  Монгол соёлын хүрээлэн...
ХӨТ: Шилийн хотын бас нэг түүхэн дурсгалт газар болох Монгол соёлын хүрээлэнг танилцуулахаар бидэнтэй хамт Шарнууд овогтой Батжаргалын Баатар явсан юм.  
ӨМӨЗО-ны 60 жилийн ойд зориулж 2007 онд байгуулсан энэ соёлын хүрээлэнгийн үүдэнд очиход Чингис хааны түүхээс сэдэвлэн босгосон шуумал гэх хөшөө дурсгал эрхгүй хараа булаах авай. Монголын нууц товчооноос сэдэвлэж бүтээсэн эдгээр цуврал хөшөөний байрлал хийгээд загвар хийц нь үнэхээр гайхалтай. Манай улсад байхгүй зүйлийг энэ газар үзсэндээ баярлаж бахархахын сацуу бас л өөрсдийгөө голж эхэлсэн юм. Зарим нэг хөшөөний хэсэг сэвтсэн байхыг хараад гайхаж байсан. Хайран сайхан зүйлийг хэн ингэж сэвтээдэг байнаа?  






Тус соёлын хүрээлэнд Монголын их гүрний үеийн аян дайны үеийг тусгасан зүйл их байх юм. Тухайлбал Монгол-Юань гүрний музейн асар том барилга нь Чингис хааны аян дайны гэр тэргийн хэлбэртэй юм. Мөн музейн барилгын өмнөх асар уудам талбай дээр Монголын их гүрний үеийн газрын зургийг дүрсэлж гаргасан байх бөгөөд шөнө гэрэлтүүлэх үүднээс газар чийдэн шигтгэж өгчээ. Хамгийн сонирхолтой нь тосон барималууд их байв. Эртний хаадтай биеэр уулзах шиг сэтгэгдэл төрж байсан шүү.  Энэ гайхалтай цогцолборыг бүтээхэд нийт 4 дүнчүүр ардын зоос орсон гэсэн. Музейн хамгийн үнэтэй зүйлийн нэг нь Чингис хааны хэрэглэж байсан Тэмүүжин гэсэн бичигтэй хаш аяга, мөн тухайн үед хэрэглэж байсан алтан утастай хоёр дээл байв. Энэчлэн сонирхуулж тоочих зүйл олон байсан.
 
/ хөгжим дээр усны чимээ орж ирэх /
 
ХӨТ: Тогтуун урсгалт Шилийн гол...
ХӨТ: Улс үндэстэн бүрд өөрсдийнх нь бэлгэдэл болсон бахархалт зүйл бий. Улаанбаатарчуудын хувьд Хан богд, Хатан Туул байдаг бол Шилийн гол аймгийнхны хувьд уудам талын дундуур тахирлан урсдаг Шилийн гол ажээ. Яг одоо бид Шилийг голыг зорьж явна. Эргэн тойронд  уудам тал үргэлжилнэ.
Шилийн гол хүртэл зам зуур бид хөгжилтэй зүйл ярьж, хөөрч явлаа. Энэ удаа Гэрэлцог даргын хамт Радио-телевизийн хөтлөгч, нэвтрүүлэгч Сайнбилэг явсан юм.
Сэтгүүлч хүн хаа ч явсан, нэн ялангуяа шинэ газар оронд яваа бол унтаж болохгүй.  Эргэн тойрноо ажиглаж сонирхож яв гэж багш захидаг юм. Үнэхээр бид зам зуураа нэгэн шинэ бүтээн байгуулалтыг олж харлаа. Энэ бол Шилийн гол аймгийг Бээжинтэй холбох төмөр замын ажил.  Хэрэв унтсан бол мэдэхгүй өнгөрөх байж шүү. Хятад улсад “баяжъя гэвэл зам барь гэсэн үг байдаг гэнэ. 2001 онд баригдаж эхэлсэн энэ төмөр зам ирэх жил ашиглалтанд орох юм байна. Манайхан ирэх жил Шилийн хотод ирж энэ төмөр замаар Бээжин орно гэнэ. Учир нь шинэ зам донсолгоо багатай гэж хөгжилдөж явлаа.



Шилийн гол дээр ирлээ. Намуухан долгилох урсгалын чимээн дээр голио жиргэж, мэлхий вааглаад байгалийн нэгэн сайхан найрал хөгжим үүснэ. Сэтгэл тайвшраад сайхан байна. Шилийн хотын хүмүүс энэ л дуу чимээг сонсож амрах гэж энд ирдэг гэнэ. Шилийн гол сайхан юмаа. Энэ голыг эмэгтэй хүнээр төсөөлүүлж бодвол уян зөөлөн, энхрий ялдам нэгэн аж.  Тэгвэл манай хатан Туул сэргэлэн цовоо, жавхаалаг юм. Шилийн гол нь Хишигтэн хошууны нутаг, их Хянганы баруун шувтаргаас эх аван урсдаг юм байна. Өндөрлөг газраар олон тохой холбон урсдаг Шилийн голыг дээрээс нь харвал “Шилийн гол” гэсэн таталган бичигтэй адилхан харагддаг гэнэ. Говийн уур амьсгал ихтэй, хур бороо багатай учраас ууршилт эрчимтэй явагдаж, голын урсац тодорхой хэмжээгээр багасаж байгаа тул нөхөн сэргээх ажил хийж байгаа юм байна. Миний аавын хэлдгээр энэ чинь л амжилт шүү дээ.  
 
/ хөгжим  /
 
ХӨТ: Шилийн хотын Монгол сургууль...
ХӨТ: Бие чийрэг, Амьдрал боргожуун, Суурь лавдуун, Бусдад үнэнч   Энэ бол Шилийн хотын Монгол дунд сургуулийн уриа. Манайхаар бол их, дээд сургуулийн дайны том барилгатай юм. Энд 2000 орчим хүүхэд сурдаг гэнэ. Дундын гурван жил ахлахын гурван жилтэй энэ сургуулийн онцлог нь дандаа монгол хүүхдүүд бөгөөд бүх хичээл нь монгол хэл дээр явагддаг юм байна. 8 сарын 27 гэхэд хичээл нь эхэлчихсэн байх юм. Шилийн гол аймагт ийм 10 сургууль байдгийн хамгийн том нь энэ сургууль гэнэ. Хаашаа ч харна бэлтгэлийн хувцастай хүүхүүд, энэ бол тэдний форм. Харин баяр ёслолын үеэр тэд үндэснийхээ дээлийг өмсдөг гэнэ.
Манай аялалын багт яваа Өнөрсувд, Оюунсувд хоёр энэ сургуулийг төгсжээ. Манай хоёр Сувд бидэн дундаа монгол хэл найруулгаараа  гайхуулна. Бас сайхан шүлэг бичнэ. Энэ бүхэн энэ сургуулийн үр нөлөө биш гэж үү. Дахиад л Шилийн хотын монголчуудыг хайрлан хүндэтгэх сэтгэл төрлөө. Бид анги  танхимаар явж байхад Монгол улсын далбааг наасан байх нь цөөнгүй харагдаж байв. Учрыг асуувал үндсэн угсаагаараа бахархаж наасан юм гэж хэлж байна. Гэтэл бид энэ түмнийг дутуу бодож, татуу үнэлдэг байжээ. Хичээл хүмүүжлийн эрхлэгч Алтансүх ярихдаа: “Манай сөндөр ангийн сурагчдаас төгсөх шалгалтыг хятад хэл дээр авдаг учраас  Хятадын их, дээд сургуульд орох амаргүй байдаг. Гэсэн хэдий ч өнгөрсөн жилийн 330 төгсөгчөөс 180 нь Хятадын их, дээд сургуулиудад элсэн орж, өндөр амжилт үзүүлсэн” гэж бахархалтай ярьж байлаа. Одоогийн байдлаар 230-аад багш, ажилчидтай бөгөөд багш нарын дундаж цалин нь 4-5 мянган юань гэнэ
 
/ хөгжим /
 
ХӨТ: Зүүн Сөнөд буюу Шөнөд гэх нэрийн учир...
ХӨТ: Шилийн хотод хийсэн бидний аялал зүүн Сөнөд хошуунд үргэлжилсэн юм. Энд бидний найз Оюунсувдын аав, ээж нутагладаг. Шилийн хотод байхад Оюунсувд: “Найзуудаа, та нарыг манай аав, ээж урьж байна” гэж нүүр дүүрэн инээмсэглэн хэлсэн юм. Үүнийг сонсоод бүгд л зүүн Сөнөд рүү тэмүүлэв.  Шилийн гол аймгийн зүүн Сөнөд хошууныхны хэл яриа бол манайхантай хамгийн адил төстэй гэсэн. Хэдийгээр бид угсаа гарал нэгтэй ч хэл аялагаас гадна зарим нэг үгийг их өөр өөр хэлэх юм билээ. Шилийн хотод байхад Оюунсувд: “Манай аав, ээж биднийг угтаж онгоцтой машинтай ирнэ” гэхийг сонсоод их гайхсан шүү. Би машины талаар багагүй мэдлэгтэй хүн. Гэтэл онгоцтой машин гэж анх удаа сонсоод ёстой мэлийсэн дээ. Гэтэл тэр онгоц гэдэг нь ачааны машины хойд тэвш байсан юм билээ. Энэ мэт хэл хэллэгээс үүдэлтэй олон хөгтэй хөгжилтжй зүйл гарч байлаа.   
Ингээд өглөө эрт Шилийн хотоос автобусаар гарсан бид үдийн алдад Зүүн Сөнөд хошуунд ирсэн юм.  Замд шавар тагз бүхий хуучин суурин дайралдав.  Ер нь хүн бараг амьдардаггүй бололтой. Энэ бол зүүн Сөнөдийн хуучин төв. Манханд дарагдаад хажууханд нь шинээр төв байгуулсан” гэж багш тайлбарлав. Нээрэн хэдэн хормын дараа зам дагасан цэцэгт мандал бүхий өргөн зам, уудам талбай биднийг угтлаа. Машин техник цөөн. 90-ээд оны эхэн үеийн Улаанбаатар иймэрхүү байсан болов уу гэх төсөөлөл төрж билээ. Зүүн Сөнөдийн төвд бид өнөө “онгоцтой машин”-даа ачаагаа ачаад, өөр хоёр ч суудлын тэрэг хөлөглөн Сөнөд хошууны музейд очлоо. Музейн дотор тал их өвөрмөц. Монгол гэрийн бүтэцтэй юм.  Энд Сөнөд хошууны үе үеийн түүхээс гадна миний мэдэх музей бүрт байдаг эрт цагийн олдвор элбэг байлаа. Энэ музей 2010 оны 8 сарын 1-нд байгуулагдаж нээлтээ хийжээ.





Дараа нь бид Сайханговь сумын нутаг буй Оюунсувдынхаа гэрт очсон юм. Машинаас буунгууд таана хөмүүлийн үнэр хамар цоргиж, аргалын утаа өөрийн эрхгүй сэтгэл хөдөлгөж билээ. Ямартаа л манайхан нэгэн зэрэг шахуу: “Аргалын утаа боргилсан малчны гэрт төрсөн би...” гээд л өсөхөөс сурсан шүлгээ уншиж байхав. Оюунсувдын ах дүү, хамаатан садан цуглачихсан биднийг угтан авлаа. Энэ айл биднийг угтаж хонь гаргасан юм. Сөнөдийнхөн ямарч ёсорхуу, ямарч хүндэтгэлтэй хүмүүс вэ.



Орой нь гадаа орчинтой танилцаж салхинд сууж байтал усанд явсан машин элсэнд суусан сураг гарч, бид чирж гаргахаар машин хөлөглөн сүр ихтэй давхиж одов. Удалгүй олны хүч оломгүй далай гэдгийг ёстой нүдээр үзсэн дээ. Ивээс болгох гэж авч явсан мод, чирэх олс дээс аль нь ч хэрэг болсонгүй. Ар, өврийнхөн бүгд нийлж байгаад түрээд гаргачихлаа. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг энэ дээ. 
Тэр оройдоо бид Оюунаагынхаа гэр бүлтэй танилцаж, аав ээжийн тухай дуунууд ар араасаа ундарч, зарим нь алаг нүдэндээ нулимс цийлэгнүүлж суулаа. Оюунаагийн аавыг Гэрэлбилэг, ээжийг Нарангоо гэнэ. Гэрэлбилэг гуайнх эгэл малчин айл гэхэд их тохилог. Бид анх өөрсдийн хөдөө шигээ бодож хоёр гурван гэртэй айл байх гэж ярилцаж байсан юм. Гэтэл тав зургаан өрөө бүхий цэвэрхэн тохилог байшинтай, гаднаа бас монгол гэртэй, хоёр машинтай, нэг мотоцикльтой, нарны толь, салхин сэнсээр энергээ хуримтлуулдаг яг л хотын айл шиг тохилог айл байв.  Тэнд бүх зүйл 220 вольтоор ажиллана. Манай хөдөө мөдхөн ийм болох биз дээ.



Маргааш бидний ажил ёстой ундарсандаа. Зарим нь саахалт айл руу сурвалжлаганд явж, зарим нь энд тэнд зураг авч, бичиж тэмдэглэж, бас зарим нь сагсан бөмбөг тоглож байлаа. Энэ хооронд бидний хэсэг нөхөд Баян-Оргил гацааны дарга Сүртбаатар гэх жавхалзсан эртэй ярилцлага хийсэн юм. Энэ хүнээс монгол гэсэн бахархал, монголоо гэсэн хүсэл тэмүүлэл илт харагдаж байлаа. Тэрээр бидэнд олон сайхан домог яриа хэлж өглөө.


Эрт цагт нэгэн бяр хүч ихтэй Гэлэгү нэрт бөх манжийн дарлалаас зугтахдаа ээжийгээ гэртэйгээ цуг үүрч явсаар одоогийн Сөнөдийн нутагт шөнөөр ирж нутагласнаар Сөнөд хошууны эх тавигдсан түүхтэй гэнэ. Угтаа СӨНӨД гэдэг үг нь ШӨНӨД гэдэг үгийн гийгүүлэгч солигдсон хэлбэр гэж судлаачид үздэг юм байна.  
Энэчлэн бид тун олон зүйлийг хөөрөлдлөө. Ярианыхаа төгсгөлд Сүртбаатар ах: “Өвөрмонголчууд биднийг их дуурайдаг” гэсэн яриа халхчууд та нарын дунд байдаг гэсэн. Монгол монголоон дуурайхгүй юм бол бид өөр хэнийг дуурайх юм бэ” гэж хэлж билээ. Үнэхээр тийм дээ, дэлхийд МОНГОЛ нэртэй бид танайх, манайх гээд яах ч юм билээ. Уртаар алсыг харцгаавал яасан юм, монголдчуудаа...
Манай аялалынхан энэ удаа жинхэнэ монголоороо амьдарч, монголоороо амьсгалж, монголоороо бахархаж, оргилж буцалж байдаг өвөрлөгч түмнийхээ нэг хэсэгтэй танилцлаа. Энэ бол бидний хувьд цоо шинэ ойлголт, том олз байлаа. Та нартаа баярлалаа.
ХӨТ: Та бүхэн “Хувь тавилан угсаа гарлын холбоо” замын тэмдэглэлтэй танилцлаа.

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив