Lucky Charms Rainbow

Monday, February 25, 2013

НАСАН БАГЫН ДУРСАМЖ - 1




Саяхны нэг орой “Оршихуй, эс оршихуй” жүжигчилсэн реалити шоун дээр чулуун гэрээс сэдэвлэсэн нэг итуд үзлээ. Их хөөрхөн юмаа. Өнөөдөр хөдөөд хүүхдүүд чулуун гэр барьж, айл гэр болж тоглодог хэвээр болов уу... 
 
Эхний хэсэг буюу Сүүтэй шил...
Миний хувьд төрсөн газар шороо минь хөдөө ч хөлд орж, хэлд орсон газар минь Улаанбаатар. Гэхдээ хотын хөдөөд өссөн дөө. Зайсан толгойн ар өврөөр, Туул голын хоёр эргээр, Богдын ордон-музейн орчимд миний хүүхэд нас өнгөрсөн юм. Хотын хүүхдүүд бид бас айл гэр болж тоголдог байсан. Гэхдээ чулуу биш гоё хээтэй шил шаазангын хагархай түүж түүнийгээ жирийтэл өрж айл гэр байгуулна. Тэр шил шаазангаа хаанаас олдог вэ, гэж үү? Хогон дээрээс түүнэ шүү дээ, сонин байна уу. Одоогийн та нар үнэмшихэд бэрхтэй л байх.  Бид олсон эд хогшлоо голын усанд сайтар угааж хөрөнгөө босгоно. Довон дээрээ хамгийн гоё хээ хуар бүхий цуглуулгатай нь буюу хөрөнгөлөг нь би байсан. Нэг үгээр хамгийн сайн “хог түүгч” байжээ дээ, хэ хэ хэ...   Цуглуулсан эд хогшлоо өнгө донж, хэлбэр дүрсийг нь тааруулан гоё сайхан өрж хураана гэдэг том эрдэм. Өнөөгийн хэлээр бол дизайны урлагт суралцаж байж. Энд олж авсан эрдмийн эхлэл минь цааш цааш гүнгийрсээр насан туршид хэрэг минь болсоор ирсэн, хэрэг болж ч байна. Хэрэвзээ бидэнд бэлэн зэлэн тоглоом байсан бол бидний сэтгэлгээ хэр хөгжих байсан бол доо.
Харин нэг гайхмаар, сонирхолтой зүйл нь тэр үед маш ховорт тооцогддог “сүүтэй шил” юм. Өнөөдөр бол өдрийн гэрлээс эхлээд газар сайгүй л байдаг цагаан шил. Яагаад ч юм бидний дунд “сүүтэй шил”-ийг хөхөөд байвал сүү гардаг юм гэсэн яриа гарч, бид мөн ч их хөхдөг байж билээ. Айлчилж ирсэн зочиндоо “сүүтэй цай” гээд өнөө шилээ өгөөд хөхүүлнэ шүү дээ. Ам хэлээ эсгэж энэ тэр болдоггүй нь гайхалтай. Энэ “сүүтэй шил”-ээ хаанаас олдог вэ, гэж үү? Мэдээж хагарч хэмхэрсэн шил болохоор хогон дээрээс... Итгэмээргүй байгаа биз? Гэвч энэ үнэн. Гайхуулаад байх юмгүй зүйлийг юуг нь яриад дурсаад байдаг юм гэж бодож байна уу? Нэг бодлын тийм ч нөгөө бодлын бидний эргэн тойрон үнэхээр эрүүл байж дээ...

Удаах хэсэг буюу Дурсамжаас үүдсэн дурсамж...
Залхуураагүй бол цааш уншина уу. Би бараг л төрсөн цагаасаа ясли, цэцэрлэг дамжиж өссөн. Зундаа 24-ын цэцэрлэгт явна. Энэ нь долоо хоногтоо нэг удаа гэртээ харьдаг цэцэрлэг. Манай цэцэрлэгийн хоёр давхар хос дүнзэн байшин Зайсан толгойн өмнө талд саяхныг хүртэл байсан даа. Зарим хүн санаж байгаа байх.
24-ын цэцэрлэгийн хүүхдүүд их өвөрмөц, тэр орчиндоо бол нэгэн “вант улс” гэсэн үг. Гүнж, ханхүү, баатар жанжин, цэрэг дайчид, ард олон гээд бүгд байж дээ. Мэдээж авьаяслаг бөгөөд хөөрхөн охин нь гүнж, дэггүй сахилгагүй нь жанжин, хожуу үеийн хэлээр бол атаман. За тэгээд одоогийн хэлээр бол хэд хэдэн бүлэг фракц болоод үзэлцэнэ. Миний хувьд гэвэл гүнж бол бүр ч биш, фракцийн толгойлогч удирдагч ч биш, харин нөлөө бүхий гишүүн байсан шиг. Яагаад гэвэл хүүхдүүд тойруулж суулгачихаад ямар нэгэн юм ярьж, зааж зааварлана. Тэд маш анхааралтай сонсдог байсан санагдана. Тэгэхлээр удирдагч биш юмаа гэхэд нэлээд нөлөөтэй нэгэн байсан шиг. 
 Цэцэрлэгт байх үеийн нэг сонин содон зүйл одоо ч санаанд тодхон. Өдөр бүр давтагддаг үйлдэл болохоор тэр биз. Одоо бодоход яг л мал шиг... инээдтэй байж. Тэр үеийн цэцэрлэгт тоглох тоглоом ховор. Өглөөний цайны дараагаар багш бидэнд: “Хүүхдүүдээ уул руу гараарай, уралдаарай...” гэнэ. Тэгээд бид уул өөд уралдах нь уралдаж, алхах нь алхаж өгнө. Жаал явж байснаа айраг гээд далбагар ногоон навчтай ургамал /гишүү байж/ сугалж аваад улаан ишийг нь зажлаад сороход их амттай шүүс гарна. За тэгээд хэсэг “айраг” ууж аваад дээшилнэ. Дараа нь хадтай чулуурхаг газар ургадаг бүлтгэр бүлтгэр ургамалыг “үхрийн нүд” гээд сугалж аваад зажилж өгнө. Авахад тийм ч амар биш болохоор хавтгай чулуугаар хөндийлж байгаад авна. Зарим хүүхэд үүнийг мулталж авдаг зэвсэгтэй гэж байгаа. Тэгээд үхрийн нүдээ идэж “цадаж” аваад дээшээ явж модон дотор орно. Тэнд төмсний улаан гээд өндөр иштэй час улаан ганган хээнцэр цэцэг байх. Түүнийг түүж жаргана. Бас үндсийг нь ухаж болцгор цагаан зүйл гаргаж ирээд “төмс” гээд идэж өгнө. Төмсний улаан тийм ч элбэг биш болохоор гүнж болоод удирдагчид голдуу зооглоно. За тэгээд охидууд замдаа түүж ирсэн цэцгээрээ малгай сүлжиж гангарч гарна. Зарим охидын цэцгэн малгайд ховор гоё цэцэг орчихсон байх. Мэдээж хөвгүүд сэм бэлгэлсэн хэрэг шүү дээ. Би охидын хүрээний явдлыг ярьж байна. Харин хөвгүүд юу хийж явдагыг сайн санахгүй байна. Охид л болсон хойно бие биеийнхээ палаажны гоё сайхныг ам булаалдан ярьж, хэнийх нь палаажны хормой хамгийн том дэрвэж эргэдгийг үзүүлэх гэж толгойгоо манарч унатал эргэлдэнэ. Дараа нь чихрийн цаасны цуглуулгаа гаргаж хэн нь хамгийн баян цуглуулгатай болохоо үзэж, мөнгө шиг тоолж эхэлнэ. Харин би баялаг цуглуулгатай, бас палаажны хормой нь гоё эргэдэгээрээ нэлээд дээгүүр орчихно. Энүүхэндээ гэж хэлэхэд нөлөө бүхий хүн л баян байхаас энгийн олон бол ганц ширхэг ч цаасгүй. Тэгэж байтал тээр доороос багш: “Хүүхдүүдээ, хоолондоо” гээд дуудах чимээнээр уулын уруу ёстой урд хойноо ороод унаж тусан гүйлдэж эхэлнэ дээ. Унаж л байдаг, босож л байдагсан. Бэртэж гэмтсэн нь ер үгүй. Хааяа нэг өвдөг тохойгоо шалбалчихвал эм гээд шороо авч шүлсээрээ норгоод шархан дээрээ тавиад хатаачихна. Хувилж идээлсэн нь ер үгүй. Тэр үеийн явдлаа эргээд санахаар үнэхээр сайхан. Мал шиг өвс ургамал идэж явсан нь хачирхалтай ч, харин сайн нөлөө болсон шиг. Учир нь элдэв өвчин зовлон тоочилгүй 60 хүрчээ. Энэ нь тэр бүгдийн ач тус ч юм билүү, хэн мэдлээ.
Багын явдлаа гэж хөгтэй ч хөгжилтэй ч байх юм даа.

                                            2012 оны 12-р сарын 6



Долоон одой өвгөний гоморхол...



                                                 Долоон одой өвгөний гоморхол

Саяхан бид РТВС-ийн шинэ жилийн баярт Сэтгүүлчийн 2А ангийнханы хүсэлтээр оролцлоо. Дээрх нөхдүүдийн хэлснээр манай сургууль их онцлогтой, радио-телевизийн уран бүтээлчид, инженер техникийн ажилчид болох учраас алив зүйлийг олж харах, сэрж мэдрэх, баярлаж хүндэтгэх сэтгэл нь их өөр гэсэн учраас бид долоо мэндчилгээ бэлтгэх ажилдаа шаламгайлан орлоо. Юуны өмнө өдөр дутам өмсдөг эгэл хувцсаа өөрчлөх хэрэгтэй хэмээн ярилцаад Санто-Клаусын дүрээр орох болов. Тэгээд зах дэлгүүрээр явж даавуу худалдаж аваад оёдолчны газар очиж, хувцас захиалан хийлгэлээ. Дараа нь тус сургуулийн мэргэжлийн онцлогыг тусгах гэж бодон бодон толгой мөр холболоо. Үүндээ ямар их баярласан гээч. Угтаа бидний зохиосон дөрвөн мөртийг сонсоод алга нижигнүүлэн ташина гэж онгирсон хэрэг л дээ. За тэгээд бүжиглэхээр шийдэж богино хөлөө эцэж сульдтал хэдэн хоног бэлтгэл хийлээ. Мөнхөд үүрэглэж явдаг унтаахай, алив ажлын хойно үлдчих гээд байдаг залхуудай, бүгдийг мартчихаад будилж мунгинаж явдаг мартамхай оодой, тэр дундаа юуг ч үл тоомсорлодог ихэмсэг оодой хүртэл бүгд идэвхтэй оролцож, шинэ жилийн үдэшлэг болох өдрийг тэсэн ядан хүлээсэн. Бид бүр зүүд нойрондоо хүртэл шүлгээ уншиж, бүжгээ хийдэг байсан гээд боддоо.
Хүлээсэн өдөр ч ирлээ. Гэтэл зохион байгуулагчид мэндчилгээ хүргэх дуртай юм бол такс авч ор гэж сандаргалаа. Эцэст нь ойлголцож бид долоо гүнжээ дагуулан дэвхэрч цовхорсоор тайзан дээр явж очлоо. РТВС-ийнхан бидний хичээл мэрийлтийг хараад алга ташиж баяр хөөр болон угтаж авах юм гэж бодсон маань том эндүүрэл болж, бид сандарч тэвдэж эхлэв. Тиймдээ ч бүжгээ санаснаараа сайхан хийж чадаагүй байх. За тэгээд мэндчилгээгээ хэлэх болсон чинь микрофон байдаггүй ээ. Уг нь зохион байгуулагчдад утасгүй микрофоноо өгч тус болоорой гэж дуулгасан юмсан. Тэгэж тэгэж нэг микрофон ирж бид бүтээлээ уншлаа. Бидний чин сэтгэлийн мэндчилгээг чих тавин сонсож, тойрон хүрээлж, дэмжин сайшааж алга таших юм гэж санасан чинь ёстой өнөө “их санасан газар долоон хоног хоосон хонов” гээч юм болов. Хол байгаа хэд нь яая гэхэд хажууханд байгаа нь дуугаа намсгаад, биднийг бага боловч анхаараад өгөөсэй гэж бодогдож байсан шүү. Шүлгээ дахиад нэг уншия даа.
Одой-1: Агуу эрдмийг мутарласан нэгэн боть номын
   Алтан үгээр бичигдсэн нэгэн хуудас
   Амьдралын их далайд хөл тавин алхах
   Аз жаргалаар дүүрэн оюутан нас минь.
Одой-2: Үзэг цаасаар зэвсэглэж үнэнийг өгүүлдэг
   Үзэл бодлоо уралдуулан шинийг бүтээдэг
   Үгийн хүч оюуны чадлаа гайхуулсан
   Үнэний төлөө тэмцэгч Ган үзэгтэн билээ бид.
Одой-3: Уран сэтгэмж хосгүй ухаанаар
   Урлагийн тэнгэрт мөнхийн бүтээл цацруулж
   Ур чадвар авьяас билэг төгс
   Уран бүтээлч Найруулагч билээ бид.
Одой-4: Цагаан сэтгэл цагаан сүүний он жилүүд
   Цаглашгүй бүхнийг тань дуурсган
   Аз жаргал, амьдралын тань хором бүрийг
   Алтан камертаа мөнхлөн үлдээдэг Зураглаач билээ бид.
Одой-5: Та бүхний техникийн асуудлыг
   Таарч болох гэмтэл бүхнээс хамгаалж
   Зохион бүтээх ухаан, математикийн аргаар
   Золгүй гэмтэл бүрийг шийддэг Инженер билээ бид.
Одой-6: Орчин үеийн техник технологийг ашиглан
   Олон түмний сэтгэлийг баясган ухаан тэлэгч
   Олон нийтийн радио-телевизийн нэгэн бүтээгч
   Онгой авьяас чадвартай Мультмедиа мэргэжилтэн билээ бид.
Одой-7: Цасан ширхэгийн тоогоор инээд бэлэглэе
   Цагаан сүүний өнгөтэй хайр бэлэглэе
   Амсаад л бялхам жаргал бэлэглэе
   Айлчлан ирж буй шинэ оны мэнд хүргэе.
Бүгд:     Улиран одож буй хуучин он минь уйтгар гунигийг дагуулан одог
   Айлчлан ирж буй шинэ он минь амжилт бүтээл авчрах болтугай.
Ингэж бид шүлгээ уншиж дуусаад бие болоод сэтгэлээсээ хандаж байгааг минь огтхон ч үл тоох залуучуудаас бушуухан холдож явахсан гэхээс өөр юу ч орж ирэхээ болив. Сүүлчийн бүжгээ хийх сонирхол ч салхинд хийсэн одож, бид долоо богинохон хөл дээрээ дэвхрэн цовхорсоор үүд рүү зүглэсэн боловч сэтгэлдээ нэг л зүйл үгүйлсээр, хүлээсээр...
Бусад нь үгүй юмаа гэхэд хөтлөгчид нь “Долоон оодой, гүнжхэн минь, баярлалаа. Замдаа сайн яваарай” гэж араас  минь хэлэх болов уу гэж горьдсоор хаалгаар гарсан юм. Бидний мэндчилгээ хөтлөгчдийн төлөвлөгөөнд байгаагүй ч тухайн цагийн мэдрэмж үгүй бол ямар хөтлөгч байх билээ. Чухам эндээс л тэдний мэргэжил эхлэх бусуу. Бусад нь ч ялгаагүй дээ, ялгаагүй. Залуус та нар бие биедээ урам хайрлаж, хүндэтгэж сурмаар даа.
Бяцхан оодой бидний энэ мэндчилгээ анхных биш билээ. Тээр жил Монголын Үндэсний Радио-Телевизийн шинэ жилд бид анх удаа оролцож олныг бишрүүлж, тэр шинэ жилийн үдэшлэг дээр ирсэн ерөнхийлөгч хүртэл туйлын баясгалантайгаар талархан хүлээн авч байсан юм шүү. Уран бүтээлчид гэдэг чухам л тийм байдагсан даа. Ингээд бодохоор та нар уран бүтээлч болох хол байна даа, хол байна.
 
Бичсэн Гомдомхой оодой
2012 оны 12 сар...
 

ХӨЦМ хөтөлбөр зөвлөж байна.




 №1

НЭВТ: ХҮҮХДИЙН ӨВЧНИЙ ЦОГЦ МЕНЕЖМЭНТ хөтөлбөр зөвлөж байна.
 
                                                                                   / хөгжим /
 
Хөтлөгч:        Танай хүүхэд ханиалгаад байнаа даа?
Эх:                   Харин тиймээ. Ханиад хүрсэн юм болов уу, эмч дуудах уу?
Хөтлөгч:         Бүү яар. Эхлээд өөрөө ажиглаж сур...
Эх:                   Яаж...?
Хөтлөгч:         Тайван үед нь амьсгалыг нь тоол. Дараа нь цээж нь хонхолзохыг нь ажигла. Одоо хоёулаа энэ ажиглалтыг хийж үзье.
                                                /хүүхэд уйлагнах  чимээ орж ирээд ажиглат хийх /
Хөтлөгч:        Ханиалга буюу амьсгал саадтай байвал 2 сараас 12 сартай хүүхэд нэг минутанд 50 буюу түүнээс олон амьсгалдаг юм. Харин 12 сараас 5 нас хүртэлх хүүхэд бол минутанд 40 буюу түүнээс илүү амьсгалах ёстой.
Эх:                  За...манай хүүхэд 6 сартай л даа. Одоо... минутанд 56 амьсгалж байна.
Хөтлөгч:        Өө, тэгвэл амьсгал нь олширчээ гэсэн үг. Энэ бол уушигны хатгалгаа байж болзошгүй гэсэн шинж...
Эх:                  Одоо яах вэ?
Хөтлөгч:        Өрхийн эмчдээ яаралтай үзүүлэх хэрэгтэй.
Эх:                  За мэдлээ...
Хөтлөгч:        Түр хүлээ, таны сурах ёстой ажиглалт дуусаагүй байгаа шүү. Ажиглалт хийж байхад цээж нь хонхолзох буюу тайван үедээ хяхтнаж амьсгалж байвал уушигны хүнд хатгалгаа буюу маш хүнд өвчний шинж байна гэсэн үг. Ийм үед яаралтай эмнэлэгт хэвтэх хэрэгтэй.
                                                                   / хөгжим /
 
 
№ 2
 
НЭВТ: ХҮҮХДИЙН ӨВЧНИЙ ЦОГЦ МЕНЕЖМЭНТ хөтөлбөр  зөвлөж байна.
 
                                                                                / хөгжим /
 
Хөтлөгч:        Таны хүүхдийн чих өвдөөд байнаа даа?
Эх:                  Тиймээ, чих нь өвдөөд байх шиг... гэхдээ сайн мэдэхгүй байна.
Хөтлөгч:        Тэгвэл та ажигла, бас тэмтэрч сурах хэрэгтэй.
Эх:                  Яаж...?
Хөтлөгч:        Чихнээс нь булаг гарч байгааг ажиглаж, чихний ард нь хөндүүр, бас хавдсан эсэхийг тэмтрээд үз...
                                                            / хүүхэд уйлагнах чимээ фонлоод /
Эх:                  За... Хүү маань дөнгөж нэг настай... Чихнээс нь булаг гараад байгаа юм.
Хөтлөгч:        Булаг гараад хэр удаж байна?
Эх:                  Бараг долоо хонож байна.
Хөтлөгч:        Хэрэвээ хүүхдийн чихэнд булаг харагдах буюу булаг гараад 14 хоноогүй бол, бас өвдөж байвал чихний цочмог халдварын шинж байна гэсэн үг. Ийм үед та Котримоксазолыг 2 хуваагаад өглөө, орой тус бүр талыг уулгаарай. Үүнийг 5 хоног өгөөд эргэж эмчид үзүүлнэ. Их өвдөж уйлаад байвал 100 мг гэж бичсэн жижиг парацетамолыг 1 ширхэгийг уулгавал өвдөлт намдаж тайвширна.
Эх:                  За мэдлээ...
                                                                             / хөгжим /
 

№ 3
 
НЭВТ: ХҮҮХДИЙН ӨВЧНИЙ ЦОГЦ МЕНЕЖМЭНТ хөтөлбөр зөвлөж байна.
 
                                                                           / хөгжим /
 
Хөтлөгч:        Таны хүүхэд өндөр халуунтай байвал залуу эх та ямар эм өгдөг вэ?
Эх:                  Олны жишгийг дагаад голчлон аналгин, аспирин уулгадаг...
                                                / анхааруулах огцом сигнал өгөөд /
Хөтлөгч:        Анхаар... Энэ буруу. Өндөр халуунд парацетамолыг 6 цагаар халуун буурч, өвдөлт намдтал өгнө. Үүнийг уулгахад хүүхдийнхээ нас болоод жинг анхаарах хэрэгтэй. Тухайлбал 2 сараас 3 нас хүртэл буюу 4-14 кг-ийн жинтэй хүүхдэд 100 мг-ийг 1.5-ын хэмжээтэйг, 500 мг-ийн шахмалыг бол хагаслаад өгч бай.
Эх:                  Баярлалаа. Өөр зүйл асууж болох уу?
Хөтлөгч:        Бололгүй яахав.
Эх:                  Тэгвэл, Д аминдэмийг ямар журмаар уулгах вэ?
Хөтлөгч:        Рахитаас урьдчилан сэргийлэх зорилгоор бол нэг капсулдаа 50 000 мг-тайг сард нэг удаа 2 нас хүртэл өгч байгаарай. Гэхдээ 6, 7, 8, 9-р саруудад завсарладагыг анхаараарай.
Эх:                  За мэдлээ.
Хөтлөгч:        Энэчлэн асуух зүйл байвал “Хүүхдийн өвчний Цогц менежмэнт” хөтөлбөрт хандаж байгаарай. Бид та бүхний асуултад хариу өгч байх болно.
                                                                                   / хөгжим /
 

 № 4
 
НЭВТ: ХҮҮХДИЙН ӨВЧНИЙ ЦОГЦ МЕНЕЖМЭНТ  хөтөлбөр зөвлөж байна.
 
                                                                                 / хөгжим /
 
Хөтлөгч эм: Залуу эх та хүүхдээ эмчлүүлснийхээ дараа эмчид эргэж үзүүлэхээ мартаж байгаа юм биш биз?
                                                                        / анхааруулах сигнал /
Эх:                  Энэ тийм чухал гэж үү...?
Хөтлөгч эм:  Чухал байлгүй яахав. Тийм учраас эх танд Хүүхдийн өвчний цогц менежмент - хөтөлбөр анхааруулж байна.
Эх:                  Тэгвэл ямар өвчний үед хэдий хир хугацааны дараа эргэж үзүүлж байх вэ?
Хөтлөгч эм:  Уушгины хатгалгаа, цочмог суулгалт, халууралт, нэн ялангуяа халуун нь намжихгүй байгаа тохиолдолд, түүнчлэн нүд, амны хүндрэлтэй улаан бурхан өвчний үед 2 хоноод эмчдээ заавал үзүүлээрэй.
Хөтлөгч эр:   Ужиг суулгалт, чихний цочмог халдвар, чихний архаг халдвар, хоололтын бэрхшээл, өөр ямар нэгэн өвчин сайжрахгүй байгаа тохиолдолд 5 хоноод эмчид үзүүлж байгаарай.
Хөтлөгч эм: Цус багадалдтай бол 14 хоногийн дараа,
Хөтлөгч эр:   Тураал болон рахитийн үед 30 хоногийн дараа эргэж үзүүлээрэй.
Хөтлөгч эм: Залуу эх танд ямар үед яаралтай эргэж үзүүлэх вэ гэдэг талаар бас нэмж хэлье.
Хөтлөгч эр:   Таны хүүхэд ямар нэгэн өвчний улмаас уух зүйл буюу хөхөндөө муудвал, өвчин нь хүндэрч улмаар халуурвал эмчид яаралтай эргэж очоорой.
Хөтлөгч эм:  Хэрэвээ таны хүүхэд уушгины хатгалгаагүй атлаа ханиад шуухинаатай үедээ амьсгал нь олширвол, бас амьсгаа нь саадтай болж ирвэл яаралтай эмчид эргэж үзүүлээрэй.
Хөтлөгч эр:   Хэрэвээ таны хүүхэд суулгалттай үедээ баасанд нь цус үзэгдэж, уухдаа муудаж эхэлбэл эмчдээ яаралтай эргэж очоорой. Хамгийн гол нь хоног хугацаа алдаж болохгүй гэлгийг ямагт санаж яваарай.
                                                                                  / хөгжим /

 
№ 5

НЭВТ: ХҮҮХДИЙН ӨВЧНИЙ ЦОГЦ МЕНЕЖМЭНТ  хөтөлбөр зөвлөж байна.
 
                                                                            / хөгжим /
 
Хөтлөгч-эм: Таны хүүхэд суулгаж байна уу?
Хөтлөгч-эр: Тэгвэл залуу эх та наашаа анхаарлаа хандуулна уу.
                                                                           / таслал /
Хөтлөгч эм:   Юун түрүүн хүүхэд тань унтаарсан буюу ухаангүй байна уу, бас тайван бус цочимхой байна уу гэж ерөнхий байдлыг нь ажигла.
Хөтлөгч эр:   Бас нүдний хонхойлтыг ажиглаарай.
Хөтлөгч эм:  Хүүхэддээ шингэн өгөх үед  ууж чадахгүй буюу эсвэл уухдаа муу байна уу,  цангасан янзтай ховдоглон ууж байна уу гэдгийг ажигла.
Хөтлөгч эр:    Хэрэв унтаарсан буюу ухаангүй, нүд нь хонхойж ууж чадахгүй, эсвэл уухдаа муу, арьсны хуниас нь маш удаан арилж байвал их шингэн алдагдалтай байна гэсэн үг. Ийм үед яаралтай эмнэлэгт хэвтэх шаардлагатай.
Хөтлөгч эм:   Хэрэв эмнэлэг хол байдаг бол замын турш ШСД-ны уусмал уулгаж явах хэрэгтэй.
Хөтлөгч эр:    Харин хүүхэд тань тайван бус цочимхой, нүд нь хонхойж, ховдоглон ууж, арьсны хуниас удаан арилах зэрэг шинжүүдээс хоёр нь ажиглагдвал шингэн алдалдтай байна гэсэн үг. Ийм үед хоолло, шингэн уулга.
Хөтлөгч эм:   Эдгээр шинж тод мэдрэгдэхгүй бол шингэн алдалтгүй гэж үзэх тул гэрт нь хооллож, шингэн уулгаж эмчилж болно. Сайжрахгүй бол 5 хоноод эмчид үзүүлэх хэргэтэй.
                                                                             / хөгжим /

 
№ 6
 
НЭВТ: “ХҮҮХДИЙН ӨВЧНИЙ ЦОГЦ МЕНЕЖМЭНТ ”- хөтөлбөр зөвлөж байна.
 
                                                                            / хөгжим /
 
Хөтлөгч:        Таны хүүхэд халуураад байнаа даа?
Эх:                  Тиймээ, яагаад халуураад байгааг мэдэхгүй байна.
Хөтлөгч:        Тэгвэл та юун түрүүнд ажиглаж, тэмтэрч сурах хэрэгтэй.
Эх:                  Яаж... ?
Хөтлөгч:        Эхлээд хүзүү нь хөшингө байгаа эсэхийг ажиглаж мэдэр. 5-аас илүү хоног халуурч байгаа бол өдөр бүр халуурч байгаа эсэхийг анхаар. Хэрэв хүүхэд тань сүүлийн 3 сарын дотор улаан бурхнаар өвчлөөгүй бол улаан бурхны шинжүүдийг ажиглах хэрэгтэй.
Эх:                  Үүнийг яаж таньж мэдэх вэ?
Хөтлөгч:        Түгээмэл тууралт байгаа эсэхийг хар. Бас ханиалга, нус гоожих, нүд нь улайсан эсэхийг ажигла.
                                                                         / ажиглалт хийх чимээ /
Эх:                  Хүзүү нь бага зэрэг хөшилттэй байх шиг байна. Харин бусад шинжүүд ажиглагдахгүй байна.
Хөтлөгч:        Тэгвэл таны хүүхэд нэлээд хүнд халууралттай байна гэсэн үг. Иймд үед та өвчин үүсгэгчийн эсрэг тохирох эмийн тунг өгнө. Цусны чихэр багасахаас сэргийлж хүүхдийг эмчил. Өндөр халуунд нь парацетамол өгч бай. Хэрэв халуун нь 38,5 С ба үүнээс илүү халуунтай байвал яаралтай эмнэлэгт хэвтэх хэрэгтэй.
Эх:                  Одоо би парацетамол өгч эхлэе. Үүнийг таны түрүү удаа зөвлөсөн системийн дагуу уулгана биз дээ.
Хөтлөгч:        Тэгэлгүй яахав. Ер нь аливаа халуунд монголчууд аспирин өгдөг зуршилтай хүмүүс. Үүнээс аль болох зайлсхийж бай. Халууралт намжихгүй бол 2 хоноод давтан үзүүл. Харин 5-аас илүү хоновол онош тодруулахаар эмнэлэгт хэвтэх хэрэгтэй.
Эх:                  Баярлалаа. Улаанбурхан өвчний шинжүүдийг яаж таних вэ?
Хөтлөгч:        Бид энэ талаар хэдэн цагийн дараа зөвлөх болно. Та болоод бусад эхчүүд энэ талаар хүлээн авч сонсохыг хүсэж байна...
                                                                                               / хөгжим /

Үргэлжлэл бий...

Зохиогчийн зүгээс өгөх тайлбар: ХӨЦМ буюу Хүүхдийн өвчний цогц менежмэнт хөтөлбөр  гэдэг нь 5 хүртэл насны хүүхдийн өвчлөлөөс сэргийлэн хамгаалах олон улсын хөтөлбөр юм.

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив