Lucky Charms Rainbow

Tuesday, January 8, 2013

МОД НОГООН ЭРДЭНЭ сэдэвт оюутны анхны бүтээлийн уралдаанд ирүүлсэн бүтээлээс 07



СУИС-ийн РТВС-ийн Сэтгүүлчийн 3а ангийн оюутан Мөнх-Уянга.
НЭВТ: Моддын тухай үлгэр
/ хөгжим /
НЭВТ: Нар ээсэн саяхны нэг өдөр Чингэлтэйн Зүрхэн уулын хормойд байх нэг хашаанд жаал хүү эмээтэйгээ хамт зулзган мод суулгаад баяр хөөртэй байх аж. Хүү байсхийгээд божгор бор гараараа дөнгөн нахиалж байгаа ногоон навчыг зөөлөн зөөлөн илбэж зогсоноо:
-                              - Эмээ, модны навч манай гэрийн цэцэгний навч шиг юмаа?
-                              - Тэгэлгүй яахав, мод гэдэг чинь нэгэн төрлийн ургамал шүү дээ.
-                              - Хөөх, тэгвэл хамгийн өндөр нь мод байхнээ...
-                              - За тийм. Хүн бид ч бас нэгэн зүйл ургамал юм шүү дээ. Энэ дэлхийн амьд бүхэн...
-                              - Эмээ та модны тухай үлгэр мэдэх үү. Ярьж өгөөч...?
-                              - За тэгье. Сонс, хүү минь...
/ хөгжим /
ЭМЭЭ: Эрт урьдын цагт зүйл зүйлийн мод нэгэн гэр бүл шиг амьдран суудаг байжээ. Тэр моднууд олон янзын өнгө төрхтэй, бас олон янзын ааш араншинтай гэнэ. Ойн гүнж тэднийг төрх байдлаар нь аальгүй улиас, дэгжин гацуур, хэнэггүй хус, намбатай нарс, шилбэлзүүр шинэс, ганган шилүүс... гэж дууддаг байжээ. Тэр ойн гүнж их ухаалаг, сайхан сэтгэлтэй, бас их энэрэнгүй үйлстэн байжээ.
Нэг өдөр ойн гүнж хүний ертөнц рүү шагайж үзсэн чинь тэнд хүмүүс уух усгүй, бас амьсгалах агааргүй зовж зүдэрч байгааг хараад сэтгэл нь ихэд өвдөж, туслах хэрэгтэй гэж боджээ. Тэгээд ойн моднуудыг цуглуулаад “За та нар сонсож бай. Би хүний ертөнц рүү шагайж үзлээ. Тэнд хүмүүс даан ч хэцүү амьдарч байна. Хүн бол та нартай адил нэгэн төрлийн ургамал. Тиймээс бид тэдэнд  туслах хэрэгтэй.  Тэгэхлээр мод тус бүр нэг нэг хүнийг дааж ав. Тэгээд тэр хүнийхээ цог золбоо, амь амьдрал, алдаа оноо, ирээдүй гээд, тэр бүү  хэл амьсгалах агаарыг нь гаргаж өгч бай” гэж хэлж гэнээ.
Модод хүнтэй адилхан уйлна, дуулна, гомдоно, онгирно, баярлана, хайрлана, дурлана. Тийм болохоор хүмүүс модондоо хэр зэрэг хандахаас шалтгаалж тэдний үйлийн үр шийдэгддэг байжээ. Яг л салхи хаашаа би тийшээ гэдэг шиг хандлага хаашаа хариу тийшээ...
ХҮҮ: Юу, юу гэнээ...? 
ЭМЭЭ: Тиймээ, хүү минь. Энэ бол хүмүүс бид модонд яаж хандана, тэр хэмжээгээр хариу нь ирнэ гэсэн үг.
ХҮҮ: Аа, ойлголоо, ойлголоо...
ЭМЭЭ: За тэгээд... тэр цагаас хойш хүн, мод хоёр бие биенээ түшиж дутуугаа гүйцээж, дундуураа дүүргэн бие биенээ хайрлан амьдарсаар мянга мянган оныг өнгөрүүлжээ. Гэтэл сүүлдээ хүн  шуналдаа хөтлөгдөж модны заналт дайсан болж тэднийг маш ихээр гомдоож эхлэв. Хүн араатан мэт зэвсэглэн мододтой дайтаж эхлэв. Энэ үед ойн гүнж болж буй зүйлд бүр итгэж чадахгүй балмагдаж орхив. “Яасан гэж та нарыг минь энэ танхай балмад хүн зовоож байгаа юм бэ? Өөрсдийнх нь төлөө зүтгэсний хариуд ингэж болох уу, яасан ч хатуу хорвоо вэ...” хэмээн гаслан гуниглав. Сайхан сэтгэлт ойн гүнж маш их гомдсон учир “Хүмүүс хайр даадаггүй юм байна” гээд тэдэнд зохих хариуг нь өгөхөөр шийджээ. Тэгээд тэр цагаас хойш ган гачиг болж, хавсарга шуурга тавьж, ундны ус хомсдож, модод ч цэвэр агаар бага ялгаруулж, үр жимсээ ч харамлаж эхлэв. Байгаль дэлхий хатуурхаж эхэлснийг хүмүүс ойлгож, айх гайхах зэрэгцэж учраа олохгүй бужигнаж эхлэв.
ХҮҮ: Одоо яанаа эмээ, ойн гүнж тайтгарах болов уу?
ЭМЭЭ: Угаас ойн гүнж хүний өлмий дор хайр дэвсэхгүй гэж хатуу шийдсэн гэдэг юм. Тиймээс хайр дааж чадаагүй хүмүүс буруутай, бодлогогүй үйлийнхээ гэмийг ухаарч хүн бүр мод тарьж арчлан ургуулах болжээ. Тэр цагаас хойш монголчууд мод тарихыг хамгийн том буян гэж үздэг болсон юм даа, хүү минь.
ХҮҮ: Эмээ, тэгвэл бид хоёр өнөөдөр их буянтай ажил хийж байгаа юм байна даа.
ЭМЭЭ: Тэгэлгүй яахав. Эх дэлхий минь өршөө, өршөө... Бодлогогүй хүмүүн биднийгээ өршөөж хайрла... Буян болтугай... өршөө, өршөө...
/ хөгжим /
НЭВТ: Та бүхэн “Моддын тухай үлгэр” радио зохиомж хүлээн авч сонслоо.

No comments:

Post a Comment

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив