Lucky Charms Rainbow

Tuesday, January 8, 2013

МОД НОГООН ЭРДЭНЭ сэдэвт оюутны анхны бүтээлийн уралдаанд ирүүлсэн бүтээлээс 09



СУИС-ийн РТВС-ийн Сэтгүүлчийн 2в  ангийн оюутан Гэ.Оюунсувд
Хөтлөгч: ЭЭЖ МОД
/ хөгжим  орж ирээд дээр нь хөдөөгийн шум /
Хөтлөгч: Намайг бага байхад санчигандаа насны хяруутай өвөө минь өглөө бүрийн ургахын улаан нартай уралдан босч, хөхрөн ногоорох Цагун уул өөд нүд бэлчээн  сүүдрийн мөхлөг гялтганасан сүрлэг сайхан нарсан ойг мишээл тодруулан харж, шинэ өдрийг угтдагсан.
Тооноор туссан сарны туяанд амар амгалан зүүдэндээ бүүвэйлэгдэн нойрсдог би өглөө бүр өвөө махир гаансныхаа  бохийг цохих чимээнээр сэрдэгсэн. Харин энэ өдөр хэдэн эрх хурга, ишиг хаяа малтан шүргэх чимээнээр сэрж, нойрмог нүдээр ийш тийш харвал ханны толгойд өлгөөтэй аавын ганц нүдний дуран алга.  Би “Өвөө” гэж дуудахад, хариуд нь  халтар шар гөлөг үүдээр толгойгоо булталзуулан, намайг хараад сүүлээ хөдөлгөнө. Би аавынхаа дээлнээс сугаран босож хөл нүцгэн гүйн гараад өвөө, өвөө гэж хашгирахад, ээж үг дуугүй баруун хойш заалаа. Өвөө Ээж модыг үзэхээр явжээ гээд би гутлаа яаран углаад, бургасан морио зайдлан, халтар гөлгөө дагуулан баруун хойд уул өөд давхиуллаа.
/ хөгжим /
Хөтлөгч: Торгон ногоон зүлгэн дээгүүр салхи сөрөн давхиулахад өвс ногоо цэцэгсийн үнэр хамар цоргин, зөөлөн салхи үе үе хацар таалан үнсэнэ. Би “Манай багачууд гавшгайлан мод таръя, Шилийн зоогоо ногооруулаад, шинэ үзэмжийг нэмье...” гээд өвөөгийнхөө зааж өгсөн дууг дуулсаар Ээж модны дэргэд ирэхэд, өвөө Ээж модны дэргэдэх чулуун дээр их л бодлогширон суух бөгөөд үе үе урт гуулин гаансаа угсруулан сороод гүн амьсгаа авахыг хараад би:
-                             - Өвөө, өвөө яасан бэ. Ээж мод юу гэж байна. Намайг яагаад хамт ирсэнгүй гэж 
у               урлаж байна уу?
-                             - Үгүй дээ, хүү минь. Урт шөнө энд их олон хүн ирсэн шиг байна. Бээжин ногоон
                 машины  мөр, баячуудын татдаг тамхины иш, бас Ээж модон дээр будгаар тэмдэг тавьсан
                 байна.
-                            - Өө, тэгвэл тэд Ээж модыг санаад ирсэн байх. Олон юм асуусан байх даа,тиймээ?
-                            - Харин л дээ...
-                            - Өвөө тэр хүмүүс бас ээж модны хүүхдүүд байх даа. Хүн ер нь анх модноос төрсөн
                 юм уу, яагаад Ээж мод гэдэг юм бэ?
-                            - Ээж мод манай нутгийн сахиус юм шүү дээ. Энэ тухай өвөө нь нэг домог хэлж өгье.
/ хөгжим /
Өвгөн: Эрт цагт... бүр хэдэн зуун жилийн өмнө энэ нутагт ээж, хүү хоёр аз жаргалтай амьдран суудаг байжээ. Нэг өдөр албаны цэргийн ноён ирж хүүгийг нь цэрэгт авч явах болж, ээж хүү хоёр гашуун нулимсаа унаган байж Цагун ууландаа мөргөхөөр энд гарч иржээ. Ээж, хүү хоёр энэ хайснаас морио уяад эх нутгаа саравчлан харж  гурвандаа сөгдөн мөргөв гэнэ. Тэгээд хүү нь ээждээ: “Ээжээ, хүү нь удахгүй эргэж ирнээ. Та энэ сайхан модон дундаа намайг хүлээж байгаарай...” гээд морио унаад давхин оджээ.
Өнчирч ганцаардсан хөөрхий ээж нь энэ модны дэргэд хүүгээ хүлээж суусаар олон он жилийг элээж, хорвоогийн нар салхинд халж хөрсөөр нэг мэдэхэд нас сүүдэр 80 өнгөрчээ. “Хүү минь ээждээ хүрээд ирээрэй” гэж хүсэн хүлээсээр, алсын барааг хоёр нүдээ хөхөртөл ширтсээр өтөлж ядран тэнгэрт хальжээ.
/ хөгжим /
Өвгөн: Тэгтэл түүний ариун дархан биеэс нь цагаан гэрэл цацарч, хөхнөөс нь сүү дуслан дуслан газар шингэж Цагун уул тэр чигтээ сүүн мананд бүрхэгдэж, гурван өдөр болжээ. Сүүн манан арилсаны дараа нутгийн хүмүүс ууланд гарч ирэхэд эхийн хүүгээ  хүлээж суудаг хайлс мод нь өндөр ургаж, олон моддын дундаас хамгийн сүрлэг нь болсон байна гэнэ. Энэ хайлс ургаснаар Цагун ууланд ан амьтан, ургамал цэцэг ихээр өсөн төлжиж, ойр орчмын хүн амьтан энх тунх аж төрөн амьдрах болжээ. Тэр цагаас хойш нутгийн хүмүүс хүүгээ хүлээсэн эхийн цагаан сэтгэлийг дурсан мөнхөлж, санагалзахдаа энэ модыг “Ээж мод” гэж нэрлэж жилийн жилд тахин шүтдэг болсон юм даа, хүү минь...
-                             - Өвөө, ээж мод мөнх амьтай юм уу?
-                             - Тийм ээ, хүн төрөлхтөн хэрэвээ модыг огтолж, цавчихгүй, хороож хөнөөхгүй хайрлаж
                 явбал хэзээд мөнх амьтай байж чадна. Иймээс хүү минь ой модыг хайрлаж, 
х               амгаалж яваарай. Мод бол эрдэнэ юм шүү, мөнх ногоон сахиус юм шүү.
-                           - Өвөө, баруун айлын баян авга дандаа уулын модыг огтолж, тэрэг тэргээр тээж,
                 хотод аваачаад худалдаад байдаг шүү дээ. Том хүн мод огтолж болдог юм уу. Авга ара
“               Ээж мод”-ыг огтлоод явчихгүй байгаа даа? 
-                           - Үгүй байлгүй дээ...
-                           - Өвөө, та ерөөсөө “Ээж мод”-ны хажууд илүү гэрээ авчраад барьчихсан нь дээр байх аа...
Хөтлөгч: гэхэд өвөө ихэд сандран хоолойгоо зассанаа, “Үгүй ээ үгүй, баян авга чинь өвөөгийнх нь ангийн буунаас айдаг юм. Тэр чадахгүй ээ. Нутгийн сахиус лав өршөөхгүй юмаа” гэж хэлээд хэсэг дуугүй сууснаа “Баян авга чинь нутгийнхаа ой модыг дураараа огтолж, хэдэн мөнгөнд нүд улайж явна даа” гээд гүн шүүрс алдав.
/ хөгжим /
Хөтлөгч: “Хүү минь, нутгийнхаа ганц ширхэг өвс, ганц ширхэг цэцгийг ч гишгихгүй байхыг хичээж явдаг юм шүү” гэхэд нь би: “Тэгвэл та намайг үүрээд явчих” гэж эрхлэн өвөөдөө үүрүүлсээр харьж билээ. Тэр орой өвөө нэг л өөр байлаа. Радиогоо ч сонссонгүй байн байн санаа алдаад л... Би өдөржин уулын буга шиг тоглож наадан үсэрч дэгдсээр ядарсан болохоор аавынхаа хөлстэй дээлийг нөмрөөд унтахаар хэвтлээ. Аавтай ярилцаж суугаа өвөөгийн дуу нэг өндөрсөж, хэсэг намсана. Нэг мэдэхэд би гүн нойрондоо умбачихжээ.
/ хөгжим /
Хөтлөгч: Тэр жилийн намраас хойш манай гэрийн хажуугаар нэг шинэ зам гарсан юм. Тэр зам морины биш, харин мотоцикль, машины зам байсан юм. Том том ачааны машин өдөр шөнөгүй ээлжлэн давхисаар... Том том нулимс нүдэнд минь тогтохгүй үерлэн давалгаалсаар...
/ хөгжим /
Хөтлөгч: Хорвоогийн жамаар улаан нар гэгээ татуулсаар хөх тэнгэрт мандлаа. Ховор бараа дагуулсан эрээн цаасанд шунагчид нүгэл үйлдсээр моддыг огтлон худалдсаар. Энэ хэзээ зогсох юм, бүү мэддээ. “Ээж мод” минь өршөөж хайрла, биднийгээ...
/ хөгжим /
Хөтлөгч: Та бүхэн СУИС-ийн РТВС-ийн Сэтгүүлчийн 2в ангийн оюутан Оюунсувдын бичсэн “Ээж мод” зохиомж хүлээн авч сонслоо.

No comments:

Post a Comment

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив