Lucky Charms Rainbow

Friday, January 11, 2013

РЕДАКЦЫН ТОМИЛОЛТ




НЭВТ: РЕДАКЦЫН ТОМИЛОЛТ холбоо тэмдэглэл

                                                               / хөгжим /

            НЭВТ: Эхний хэсэг буюу Адуун сүргийн захад болсон яриа...
 
                                                               / хөгжим /
 
СУРВАЛЖЛАГЧ: Бид сонсогчдынхоо хүсэлтээр редакцийн томилолт аваад Улаанбаатар хотоос 80-аад км-ийн зайд орших Төв аймгийн Сэргэлэн сумын малчин залуу Ононгийнхийг зорьлоо.
 
                                   / машины чимээ орж ирээд фон дээр /
 
СУРВАЛЖЛАГЧ: Хаврын дунд сарын сүүлээр монгол нутгийн цаг агаар тааламжтай биш ч бас хүйтэнгүй. Уул талын цас хэдийнээ хайлж, газар дэлхий нэлдээ бараантан харагдах нь монгол газрын жилийн дөрвөн улиралын хамгийн өнгө муутай цаг үе энэ юм даа. Бидний суусан машин хаа нэг тааралдах нүцгэн уулсыг сүлжин давхисаар...
 
                                            / шум тодорч ирээд намсах /
 
СУРВАЛЖЛАГЧ: Томоко харж байна уу, тэр олон адууг? Бидний очих газар мөн бололтой...
           ТОМОКО: Аа, харж байна. Их олон адуу байна. Ийм олон адуу нэг айлынх юм уу?
СУРВАЛЖЛАГЧ: Багцаалбал хорь шахам азрага адуу байна. Ононгийн адуу мөн байхаа...
           ТОМОКО: Чи сая хорь шахам азрага адуу гэлээ... юу гэсэн үг юм бэ?
СУРВАЛЖЛАГЧ: Монголчуудад адуугаа азрагаар нь тоолдог ёс бий. Энэ нь багцалж тоолж байгаа хэрэг. Арав гаруй адууг нэг азрага хурааж явдаг болохоор тэр. Үүнийг хөгжилтэйгээр тайлбарлавал, азрага нь тэр арав хэдэн адууныхаа удирдагч нь гэсэн үг. Хэрэвээ чи адуун сүргийн дэргэд хэсэг байвал энэ бүгдийг зах зухаас ажиглаж таньж мэднэ...
 
                                               / хөгжим /
 
                           / машин зогсох чимээ залгаад адуун сүргийн чимээ орж ирнэ /
 
           СОРОНЗОН БИЧЛЭГ:
           СУРВАЛЖЛАГЧ: Сайхан хаваржиж байна уу?
           АДУУЧИН: Сайхан хаваржиж байна. Та бүхэн амар сайн явж байна уу?
           СУРВАЛЖЛАГЧ: Сайн сайн.  Та амар сайн сууж байна уу?
           АДУУЧИН: Сайн, та бүхэн хаа хүрэх нь вэ?
           СУРВАЛЖЛАГЧ: Бид адуучин Ононгийнхийг зорьж явна.
           АДУУЧИН: Тэгвэл тэр хүн чинь би байна даа?
СУРВАЛЖЛАГЧ: Би Монголын радиогийн Гадаад нэвтрүүлгийн албаны сурвалжлагч Чулуунцэцэг, энэ хүн Токио хотын Их сургуулийн оюутан Томоко Цурима. Одоогоор манай Япон хэлний редакцид ажиллаж байгаа юм. Бид хоёр хамгийн олон адуутай хүнийг сонсогчиддоо танилцуулах гэж зорьж явна.
ОНОН: За тэгвэл хэдүүлээ энд тухлах уу даа. Миний хувьд адууныхаа тоогоор өнгөрсөн жил эхний байранд байсан. Харин энэ жил 2, 3-р байранд орсон шиг байна лээ.
           СУРВАЛЖЛАГЧ: Томоко, японд олон адуутай айл хичнээн адуутай байдаг бол?
ТОМОКО: Айл өрх гэж бараг байхгүй дээ. Уралдааны морины пүүс гэхэд л зуу гаруй адуутай байдаг байх...
           СУРВАЛЖЛАГЧ: Тэгвэл энэ адуучных 240 гаруй адуутай юм байна.
           ТОМОКО: /гайхан/ 240-өө... цөмөөрөө таны амины адуу юу...?
           ОНОН: Тиймээ, бүгдээрээ минийх...
           СУРВАЛЖЛАГЧ: Та хэдэн жил адуу маллаж байна даа?
ОНОН: 80 оноос хойш, арав гаруй жил болж байна даа. Тэр үед нэгдэл нийгмийн гээд 1400-1500 адуу малладаг байлаа.
           СУРВАЛЖЛАГЧ: Тэр үед аминдаа хичнээн адуутай байв?
           ОНОН: Арав орчим л...
СУРВАЛЖЛАГЧ: Арав хүрэхгүй адуу одоо ийм олон болсон гэхээр гайхмаар юм. Үүнд малч ажиллагаа чухал байх даа. Ер нь юу нөлөөлөв?
ОНОН: Тэгэлгүй яахав. Нэгдэл нийгэм амь алба, хүний өөрийн гэлтгүй адилхан хайрлаж явсны ач буянаар өдий олон адуутай болсон. Түүнээс гадна хамгийн гол нь бидэнд мал өмчилж өгсөн явдал их нөлөөлсөн гэж боддог. Ер нь өөрийн юм, амины юм гэсэн сэтгэлгээ их хүчтэй юм байна шүү.
           ТОМОКО: Та ийм олон адууг яаж ялгаж чаддаг юм бэ?
ОНОН: /инээгээд/ Ялгалгүй яахав. Малаа танихгүй малчин гэж хаа байх вэ. Ер нь адууг дотор нь азрага азрагаар нь, гүү байдсаар нь, ах дүүсээр нь гээд ялгачихна. Ингэж ялгахгүй бол адууны цус ойртохоос өгсүүлээд олон асуудал гарч ирнэ. Түүнээс гадна хэдэн зуун адууг өнгө зүс, хэлбэр галбир, нас шүдээр нь хараад л танина шүү дээ.
СУРВАЛЖЛАГЧ: Адуу малладаг адуучин байтугай 5 настай хүүхэд хүртэл ялгана шүү дээ, тиймээ...?
ОНОН: Тэгэлгүй яахав. Манай хоёр хүү гэхэд л өөрийнхөө адуунаас гадна ойр орчмынхоо адууг тэдний эдний адуу, тэр азрагатай адууны тийм байдас, ийм үрээ гээд л ялгана шүү дээ.
СУРВАЛЖЛАГЧ: Монголчууд адууг хийморьлог амьтан гэдэг. Юугаар нь тэгэж хэлдэг юм бол?
ОНОН: Адуу бол монгол хүн бүү хэл аль ч газар орны хүний сэтгэлийг татдаг тэнгэрлэг амьтан. Хоёр мянган хонь гаднаа хураачихаад байгаа айлд хүн яваад очихоос илүү, зуугаад адуу гаднаа хураачихсан, унага барьж байгаа айлд бол ёстой хөгшин хөвөөгүй цуглана шүү дээ. Ер нь европынхон хөл бөмбөгөө үзээд хөөрч байдаг шиг манай монголчууд адуугаа харан баясаж, морь малаа уралдуулж, үрээ даагатайгаа ноцолдож жаргадаг юм даа. Манай 6 настай хүү гэхэд л энэ жил наадамд хурдан морь унах гээд бөөн хөл хөөрцөг болж байна. Адуу ийм л сайхан амьтан даа.
ТОМОКО: Адуу бусад малаас илүү их тэжээл шаарддаг гэсэн. Ер нь яаж тэжээдэг юм бэ...?
ОНОН: /дахин тэсэлгүй инээд алдаад/ Манайд тэжээх гэдэг ойлголт байдаггүй юм шүү дээ. Монгол нутагт хүн, мал нь байгальтайгаа шүтэлцэж амьдардаг юм. Аль сайхан бэлчээр усаа даган малаа маллаж явахаас биш тэжээнэ барина гэж байхгүй...
           СУРВАЛЖЛАГЧ: Танайх жилдээ хичнээн удаа нүүдэл хийж байна даа?
           ОНОН: За даа, олон биш дээ. Жилдээ 8-9 орчим л нүүнэ дээ.
           СУРВАЛЖЛАГЧ: Адуунаас өөр ямар малтай вэ?
ОНОН: Мал малын захтай. 200-гаад хонь, гуч, дөчөөд үхэр, бас хоёр гурван тэмээ бий.
           СУРВАЛЖЛАГЧ: Тээр тэнд харагдаж байгаа хот айл танайх уу?
           ОНОН: Тиймээ...
           СУРВАЛЖЛАГЧ: Гадаа нь ГАЗ-53 ачааны машин байх юм, хэнийх юм дээ?
           ОНОН: Миний машин. Бид нүүж суухдаа хэрэглэдэг хөсөг гэх үү дээ.
СУРВАЛЖЛАГЧ: Тэгэхээр та 200 гаруй адуу, мөн тийм тооны хонь, гуч дөчөөд үхэр, гурав дөрвөн тэмээтэй. Тэгээд бас ч үгүй машинтай. Нэг үгээр хэлбэл өнөө цагийн хөдөөгийн нэлээд бэлжсэн айлын нэг байхнээ дээ?
           ОНОН: /инээгээд/ Юу шалих вэ?
           СУРВАЛЖЛАГЧ: Нас хэд хүрч байна даа?
           ОНОН: Жил орж байна даа, нохой жилтэй...
СУРВАЛЖЛАГЧ: Өнөөгийн зах зээлийн нөхцөлд бодож төлөвлөж байгаа юм бий л биз дээ?
ОНОН: Тэгэлгүй яахав. Урьд нь хэдэн малаа дагаад яваад байж болдог байсан. Одоо бол болохоо байжээ. Дор бүрнээ нэг юм сэтгэхгүй бол горьгүй нь. Тийм болохоор би адуугаа түшиглэж үйлдвэрлэл явуулах. Сайхан байгаль, өвөрмөц ахуйгаа түшиж аялал жуулчлал эрхлэх тухай бодож байна. Саяхан танай нэвтрүүлгээр гүүний сүү болоод айраг хатааж боловсруулах талаар гадаадынхан сонирхож байгаа тухай, бас монгол морь худалдан авч морин аялал зохиох бодолтой байгаа гадаадынхны тухай ярьж байхыг сонслоо. Хэрэвээ тийм хүмүүс байдаг бол би хамтраад ажиллая гэж бодож байгаа шүү. Тэгвэл морь малаа унуулж, айраг цагаагаа уулгаад, нүүдлийн ахуйгаа танилцуулж болох л доо.
СУРВАЛЖЛАГЧ: Эрхэм сонсогчид оо!  энэ зуур танд нэг зүйл сонирхуулья. Монгол улс адуугаараа дэлхийд эхний аравт ордог. Манай орны хүн бүрд нэг адуу ногддог юм. Одоогийн байдлаар бүх мал сүрэг бараг 100 хувь хувьчлагдаад байна.
           ТОМОКО: Та ийм олон адуу, бас тэгээд бусад мал сүргээ яаж хариулдаг юм бэ?
ОНОН: Би хоёр бандитай. Хүүхэд шуухад хонь, үхэртээ явчихна. Гэргий маань гэр орон гээд ойр зуурын ажлаа амжуулна. Адуугаа бол байгальтайгаа хамжаад хариулчихна. Ер нь монгол газар байгаль, хүн, мал гурав зохицож амьдардаг юм шүү дээ.
СУРВАЛЖЛАГЧ: За Томоко, манай хөдөөгийнхөн иймэрхүү аж амьдралтай байдаг юм даа. Ямар байна...?
           ТОМОКО: Сайхан юмаа, сайхан юм.
           СУРВАЛЖЛАГЧ: Томоко, чи морь унаж үзэх юм биш үү?
           ТОМОКО: Би морь унаж чадахгүй л дээ.
СУРВАЛЖЛАГЧ: Оноон, адууны дэргэд ирсэн хүмүүс байна даа. Бид хоёр морь унана байгаа...?
ОНОН: Миний унаж байгааг арай барахгүй байхаа. Номхон юм бариад авбал ч та хоёрт унах морь бий шүү.
           ТОМОКО: Тэгье, уная...
 
                                                    / морь унаж хөгжилдөх чимээ /
 
ОНОН: Монгол ёс байна даа. Та хоёр айлын гадаа ирчихээд яаж буцах вэ, манайхаар ороод гарахгүй юу?
           ТОМОКО: За тэгье...
СУРВАЛЖЛАГЧ: Томоко, хот айлын бараа харагдаж байгаа хойно хоёулаа мориор яваад хүрчих үү?
           ТОМОКО: Тэгье...тэгье...
 
               / Морьтой явах чимээ хэсэг яваад хот айлын чимээ залгана /
                              / Дөрвөн цаг хэмээх монгол аялгуу орж ирнэ /
 
            НЭВТ: Удаах хэсэг буюу Хүүхдийн тоглоомоос үүдсэн яриа... 
 
/ хөгжим дээр гэрийн гадаа нялх төлийн содон дуу, хаа нэг дуугарах                                   үхэр малын чимээ орж ирэх /


СУРВАЛЖЛАГЧ: Томоко бид хоёр зочны ёсоор гэрийн баруун хойно сууж байна. Гэрийн хойморт дэвссэн үндэсний хээ угалз бүхий ширдэг дээр хот, хөдөөгүй монгол хүүхдүүд тоглож байдаг модоор хийсэн оньсон тоглоом харагдана.      
 -Томоко, чи үүнийг мэдэх үү...?
           ТОМОКО: Мэдэхгүй, юу вэ?
           СУРВАЛЖЛАГЧ: Тоглоом...
           ТОМОКО: Тоглоомоо, яаж тоголдог юм...?
СУРВАЛЖЛАГЧ: Монгол хүүхдүүд тоголдог оньсон тоглоом. Одоо би задална. Харин чи маш хурдан хугацаанд буцааж эвлүүлэх хэрэгтэй.
           ТОМОКО: Өө тэгье, тэгье...
 
                                 / тоглоом задлаад эвлүүлэх гэж оролдох чимээ /
 
           ТОМОКО: Ээ, энэ эвлэнэ гэж үү? Би яагаад ч чадахгүй юм байна.
СУРВАЛЖЛАГЧ: Эвлэхээр барах уу даа. Бүр хэдхэн хоромын дотор эвлэх учиртай. Наад тоглоом чинь ердөө 3-6 настай хүүхдийн эвлүүлж, оньсолдог тоглоом. Миний дүү нааш ир дээ, чи хэдэн настай вэ?
           ХҮҮ: 6 настай...
           СУРВАЛЖЛАГЧ: Чи үүнийг эвлүүлж чадах уу?
ХҮҮ: Чадна, энэ чинь хамгийн амархан тоглоом байхгүй юу. Би өөр олон тоглоом оньсолж чадна. Надад бүр олон болж задардаг тоглоом байгаа. Би энэ тоглоомыг арав тоолох хооронд эвлүүлж чадна. Та тоолоорой...
 
                             / бид хоёр тоолж, хүүхэд тоглоомоо тайлбарлан хэлж задалж,  
                                                            эргүүлэн оньслох чимээ /
 
СУРВАЛЖЛАГЧ: Ёстой сайн хүү байна. Оноон, та нарын завтай цагтаа тоголдог тоглоом бий юу, сонирхоё?
ОНОН: Байлгүй яахав. Тэр бүү хэл, хүргэн бэрийн ухаан, авхаалж самбаа соридог тоглоом хүртэл бий шүү.
СУРВАЛЖЛАГЧ: Өө их сонин байна. Ингэхэд чи хадмынхаа сорилтыг хэр давсан хүргэн бэ?
           ОНОН: /инээгээд/ Алзаагүй шүү...
           ТОМОКО: Бэр, хүргэнийг сорих гэж юу гэсэн үг вэ?
СУРВАЛЖЛАГЧ: Монгол газар бэрийнхээ ухаан цэцнийг, хүргэнийхээ хүч чадлыг соридог ёс бий. Жишээ нь нас биенд хүрсэн охинтой айл хонины хоёр ширхэг шаант яс авч нэгийг нь мулз, нөгөөг нь дутуу чанаад шагайг нь мултлахгүйгээр хадгалдаг ёстой. Тэгээд бэр гуйх ёслолын үеэр “Хүргэн хүүгийн хүч чадлыг үзье” гээд өнөө бэлтгэж тавьсан шаант ясаа хүргэн хүүд өгнө. Хүргэн болох залуу шаантыг аваад нэг гартаа  атгаж байгаад зөвхөн эрхий хуруугаараа шагайг мултлах ёстой. Мулталж эс чадвал “Эр бие өсөж эхнэр авах цаг чинь болоогүй байна” гээд охиноо өгөхгүй. Гэхдээ би түрүүн хэлсэн дээ, хоёр янзаар чанадаг гэж... Хүргэн хүү таалагдаж байвал хялбар мултрахыг нь бодолцож өнөө мулз чанасан шаантыг өгнө. Эс таалагдвал өнөө дутуу чанасан шаантыг өгдөг юм даа. /инээнэ/
           ТОМОКО: Тэгвэл та шагайг мулталж чадсан уу?
ОНОН:  Шагай амархан мултарч байсан. Тэгэхээр би хадмуудтай таалагдсан шиг байгаа юм. /хөгжилтэй инээнэ/
 
                                        / хүмүүс цөм хөгжилдөн инээлдэнэ /
 
СУРВАЛЖЛАГЧ: Ер нь ухаантай, авхаалж самбаатай хүргэн гэдэг нь өнөө ч харагдаж байгаа юм биш үү. Монголын хамгийн олон адуутай айл болоод зогссонгүй, бас адуугаа түшиглээд айраг үйлдвэрэх, аялал жуулчлал эрхлэх гээд...
ОНОН: “Чи бидэнд таалагдсангүй ээ” гэж шууд хэлж байснаас сорих маягаар ингэж хариу өгдөг уламжлал манай монголчуудын бас нэгэн соёл юм даа.
 
                                           / хөгжилтэй чимээ үргэлжилнэ /
 
СУРВАЛЖЛАГЧ: Эрхэм сонсогчид оо!  Биднийг ийн хөгжилдөж байх зуур гэргийн эзэгтэй насанд хүрсэн хүмүүсийн тоголдог оньсон тоглоом авчирч, бид хүний өөрийгүй, том жижиггүй эвлүүлэх гэж оролдож, бөөн юм байгааг та бүхэн сонсож байна.
 
                            / хөгжилтэй шум дахин тодорч ирээд /
 
СУРВАЛЖЛАГЧ: Ононгийнхон оньсон тоглоом хэрхэн задалж, эвлүүлдэг аргыг Томокод танилцуулж байх зуур би монголчуудын оньсон тоглоомын талаар зарим нэг зүйлийг сонирхуулья. 
-          Монголчуудын оньсон тоглоом нэн эртнийх гэдгийг баталсан олон баримт бий. Хэрэвээ сонсогч та Улаанбаатарт ирвэл 2 мянга гаруй жилийн тэртээ амьдарч байсан монголчуудын өвөг Хүннүчүүдийн булшнаас олдсон оньсон тоглоомыг Улсын төв музейд үзэж болно.
-          “Хүнийг таних гэвэл нөхрийг нь хар, хүүхдийг таних гэвэл тоглоомыг нь хар” гэж монголчууд бид ярьдаг. Монголчууд бид үр хүүхдийнхээ оюун ухааныг уужим саруул болгон хүмүүжүүлдэг ардын тоглоомын бүхэл бүтэн соёлыг бий болгосон хүмүүс. Түүний дотор оюун ухаан задлах оньсон тоглоом нь дэлхийд тэргүүн байранд ордог юм.
-          1991 онд Англид болсон Олон улсын хүүхдийн тоглоомын үзэсгэлэнгийн үеэр нэгэн эгэл бор модон тоглоом эхлээд хэний ч нүдэнд торж, анхаарлыг татсангүй. Хэсэг хугацааны дараа өнөө тоглоом олныг шуугиулаад зогссонгүй, түүнд өндөр үнэ хаяж эхэлсэн юм. Эвлүүлсэн үедээ ердөө хүний нэг гарын атганд багтаж, задлахаараа 18 хэсэг болдог тэр тоглоомын гайхамшиг нь задалж, эргүүлж оньсолоход хүний оюун ухааныг яггүй соридогт байжээ.
-          Мөн 1988 онд Английн Экономик сэтгүүлд “Монголчуудын оньсон тоглоом бол хүний оюун ухааныг хөгжүүлэх чадвараараа Рубрикийн алдарт шооноос хол давжээ” гэж бичсэн байдаг.
-          1993 онд ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 27-р чуулганы үеэр гаргасан Олон үндэстний тоглоомын үзэсгэлэнд “Монголчуудын зуун зууны тэртээгээс тоглож ирсэн оюун ухааны гайхамшиг болсон оньсон тоглоом 21-р зуунынханд яв цав тохирч байгаа нь монголчууд  өнө эртний асар өндөр соёлтой болохыг харуулж байна” гэж үнэлжээ.
-          Ер нь монголчуудын оньсон тоглоом нь маш олон янз. Хэрвээ сонсогч та Улаанбаатарт ирвэл “Монгол наадгай” хувийн үзэсгэлэнгээс монгол оньсон тоглоом хичнээн төрөл байдаг хийгээд хэрхэн задалж эвлүүлдэг болохыг үзэж болно. Энд дахин давталтгүйгээр 2021 үйлдэл хийж байж оньслогддог эртний уламжлалт тоглоомоос эхлээд орчин үеийн сэдэвт “Сансрын хөлөг” нэртэй тоглоом бий. Энэ тоглоом 673 хэсэг болж задардаг юм. Энэ мэтчилэн энд байгаа бүх тоглоомын задлах, эвлүүлэх арга ухааныг тоочиж барахгүй билээ. Та ерөөсөө ирээд л хар.
-          Одоо энэ үзэсгэлэнд болсон нэгэн явдлыг сонирхуулья. Английн хэсэг хүмүүс тус үзэсгэлэнг үзэж байгаад  “Бэрх” гэдэг нэртэй нэг тоглоомыг сонгож авч л дээ. Нутагтаа очсон хойноо өнөө тоглоомоо задалчихаад буцааж эвлүүлж, оньсолж чадсангүй. Бүр копьюторын тусламжтай оролдоод ч дийлсэнгүй. Тэгээд алчууранд боож ирээд яаж эвлүүлэхийг хараад “Монголчуудын ухаан гэж ямар их гайхамшигтай юм бэ, та нар чинь ухаантайгаа мэддэггүй хүмүүс байна шүү дээ” гэж дуу алдаж байсан юм гэдэг.
-          За ингээд оньсон тоглоомын тухай мэдээллээ түр азнаж, нөхдийнхөө тоглоомонд анхаарлаа хандуулья.
 
                                     / шум тодорч ирнэ /
 
           СУРВАЛЖЛАГЧ: За та нар юу болж байна даа... өө энэ ямар тоглоом бэ?
ОНОН:  “Оюунтүлхүүр” гэдэг юм. Монголчуудын эртний уламжлалт тоглоом гэсэн. Яггүй хатуу тоглоом доо. Учир нь түмэн гогцоотой, давталттайгаар 681 үйлдэл хийж байж тайлагддаг юм. Бас энэ байна... Энэ нэлээд түгээмэл байдаг “модон зангилаа” гэдэг цуврал тоглоом. Үүнийг 24, 48, 120 модыг эвлүүлэн зангиддаг юм. Одоо би та нарт үзүүлье...
 
               / тоглоом задалж эвлүүлэн тайлбарлах хөгжилтэй чимээ /
 
ТОМОКО: Ёстой сонин юмаа. Ингэхлээр задалж, эвлүүлэх ухаанаас гадна бүтээхэд бүр ч илүү ухаан ордог байх даа?
СУРВАЛЖЛАГЧ:  Тэгэлгүй яахав. Эрт цагт хатуу хэцүү тоглоомыг оньсолж, тайлж чадсан хүн хаантай уулзах эрх олж авдаг гэсэн яриа байдаг юм. Ер нь монголчууд оньсон тоглоомоо  өөрсдөө л бүтээж, баяжуулсаар ирсэн түүхтэй. Сүүлийн үед уламжлалт энэ тоглоомыг улам баяжуулан хөгжүүлж байгаа хүний нэг бол Түмэн-Өлзий юм. Энэ хүн “Монгол наадгай” хувийн үзэсгэлэн-үйлдвэр байгуулсан бөгөөд өнөөдөр энэ үзэсгэлэн худалдаа дэлхийн арваад орны үзэгчидтэй хэдийн танил болжээ. Япон, Швед, Канад, Голланд, Швейцари, Англи, Герман, Америк зэрэг дэлхийн олон орноос захиалга хүлээн авдаг гэсэн. Энэ хүний бүтээсэн “Сансрын хөлөг” гэдэг тоглоом нь “Монгол гиннест” бүртгэгдсэн юм.
           ОНОН: Тийм шүү. Манай хүүхдүүдийн энэ тоглоомууд ч энэ хүний бүтээл ш дээ.
СУРВАЛЖЛАГЧ: Оноон, танд болон танай гэр бүлийнхэнд сонирхолтой сайхан тоглоом наадгай сонирхуулсанд гялайлаа. Одоо бид мордоё доо.
 
                            / хот айлын чимээ тодорч ирээд машин хөдлөх чимээ /
                                              / хөгжим орж ирээд фон дээр /
 
ТОМОКО: /бодол-японоор/ Монголд ирсээр бараг хагас жилийн нүүр үзэх гэж байна. Энэ орны тухай, энэ үндэстний тухай нутагтаа багагүй зүйл уншиж, үзэж харсан болохоор харьцангүй мэддэг гэж боддог байжээ. Гэтэл дунд нь ороод ирэхээр их өөр юм. Монголчууд гэж гаднаас нь харахад гүндүүгүй, бүр хэнэггүй юм шиг атлаа хүний санаж сэдээгүйг санаж, сэдсэн байх юм. Энэ удаа би хөх тэнгэр... тал сайхан нутаг... олон адуутай залуу... малчны хүүхдүүд... гайхамшигт монгол тоглоом гээд алхам дутамдаа шинэ шинэ сонин содон зүйлтэй учирлаа.
 
                                                               / хөгжим /
 
СУРВАЛЖЛАГЧ: Хот айлын гадаа гэрийн эзэгтэй монгол ёсоор холын гийчдийнхээ хойноос сүү өргөн үдэж байгаа харагдана. Энэ бол монгол ёс. Бид олон адуутай залуутай уулзаж ярилцана гэж зорьж ирсэн. Гэтэл малчин айлын хоймор дэлгэсэн монгол наадгай ийн төлөвлөөгүй сэдэв минь болж өрнөсөн юм. Бидний ярилцлага сунжирч, сонсогч таныг чилээгээгүй бол зорисон хэрэг минь бүтэж байгаа минь тэрээ.
 
                                                             / хөгжим /
 
НЭВТ: Та бүхэн “Редакцийн томилолт” холбоо тэмдэглэл хүлээн авч сонслоо.


                                                                                                                               1994 он

No comments:

Post a Comment

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив