Lucky Charms Rainbow

Sunday, January 13, 2013

ОЮУТНЫ ХЭЭРИЙН ДАДЛАГА 2



ХӨТ: “Миний нутагт өнгөрүүлсэн жаргалтай арван хоног” аян замын тэмдэглэл...

                                                                              / таслал /

ХӨТ: Эл тэмдэглэлийг бичигч би бээр ӨМӨЗО-ны Зүүн Сөнөд хошууны малчин Гэрэлбилэгийн отгон охин Оюунсувд билээ. Би Монгол улсын СУИС-ийн РТВС-ийн Сэтгүүлчийн ангид сурдаг. Анхны аян замын тэмдэглэлээ таны өмнө дэлгэж байна, хүлээн авна уу. 

/ хөгжим /

ХӨТ: “Болзоотын бор толгой  буюу цэцэгт Эрээн” хэмээх нэгэн бүлэг... 
ХӨТ: Дэлгэр зуны найртай сайхан наадмууд дэнж хотолзуулан өндөрлөж дэлхий ээж шинэ улирлын өнгийг нөмгөн дээлтэй угтлаа. Тогоотой сүүнд нь өрөм зузаарч, тугалын бэлчээрт нь өвс халиурч, манай нутагт хур бороо элбэг, дэлгэр сайхан зун болж өнгөрлөө. Би зуны амралтаараа улсдаа буцаж ирээд гэртээ ганц ч хонолгүй дадлага хийхээр Хөххотыг зорьж, хөл ихтэй хотынхны дунд их биш ч бага атугай зүйл сурч мэдэж авья хэмээн тэмүүлсээр зуны сарыг дүүргээд, хэдэн сайхан уран зохиол, шүлгийн номтой харьж ирээд ердөө 2 хонож байлаа. Манай танайхангүй хадландаа гарах гэж яарцагааж байтал би тушаал авсан цэрэг шиг юм хумаа баглаж боогоод гэнэт Эрээн рүү явах болов. Ээж минь дахиад хэд хоноод яваач гэж учирлахад нь би: “Монгол улсаас сургуулийн нөхөд маань айсуй тул би болзоот газар руугаа яаравчлах хэрэгтэй. Удахгүй тэдэнтэйгээ хамт хүрээд ирнэ. Харин та нар холын зочдоо хүлээж авахад бэлэн байгаарай” гэж үүрэгдээд ахынхаа хамт Эрээн рүү хөдлөв. Өдөр өдрийн бодол, шөнө шөнийн зүүдэнд мөнхийн аргамжаатай тал сайхан нутаг минь цэлмэг тэнгэр, цэнгэг  агаартайгаа хамт сэтгэлийн орон зайд минь саатаж, хайртай бүхний минь халуун дулаан үг надад өлгийн дуу аялж өгч байлаа. Үг хэлж, урам хайрлах нь аав, ээжийн нэгэн жаргал юм даа. Үр нь хичнээн том болж хичнээн хол явсан ч эжийнхээ элгэнд жижигхээн чулуу байдаг хойно доо.

/ хөгжим /

      
ХӨТ: Манай гэр Эрээн хотоос 70 гаруй км-ийн зайтай. Урд нь шороон замаар 2 цаг гаруй явдаг байсан бол одоо шинэ нийгмийн хөгжил, нам засгийн дэмжлэгээр орчин үеийн сайхан засмал замаар агаар хөлөглөж үүлэнд амилах мэт нэг цаг яваад очдог болжээ.
Холоос сүндэрлэсэн Холтын овоотой
            Хоймортоо хурайлах адууны тоостой
            Ихэр хоёр Сөнөдийн зааг
            Идээшилж дассан гүрний хил
            Хүсэл хурайлсан Эрээн хот зургийн биш үнэний сайхан төрхөндөө мишээл тодруулан хөгжлийн цэнхэр хадгаа дэлгэн алсын алсаас угтан бараална. Сайхан бүхэн энд байна гэх шиг салхи нь хүртэл уянга шивнэнэ. Эрээн хот гэж ёстой л нэрэндээ тохирсон сайхан хот. Замын хажуугаар өнгө булаалдан дэлгэрсэн улаан ягаан цэцэгс эрээлэн, бас зах зээл, хүн зон гээд юм бүхэн нь цэцэг шиг эрээлсээр, дэлбээлсээр...
Хотын бүтээн байгуулалт, ногооруулалтаа сайн хийснийх ч юм уу, эсвэл амжралын хүч хайрын хүч авсных ч юмуу Эрээн хот үнэхээр цэцэгт хот, дэгжин хот болж хөгжижээ. Яг л үзэсгэлэнт цэцгийн сүлжээ болон сэтгэлд буух авай. Тийм ээ, би цэцгэнд дуртай. Цэцэг шиг сайхан хотдоо ч хайртай. Цэцгэнд хайртай болохоор цэцэг таслахаас айдаг. Хотдоо хайртай болохоор магтахгүй байж чадахгүй нь. Өнөөдөр энэ сайхан цэцэгсийг хараад баясан дурлаж, хэн нэгэнд сэтгэлийн нандин бэлэг болгон хүргэмээр санагдана. Маргаашийн маргааш ч гэсэн сайхан бүхнийг дахин нэг харж хайрлаж, энэ л амьд цэцгээр төсөөлмөөр санагдана. Цэцэгсийн тухай бодлоосоо салж ахтайгаа тал нутгийнхаа сайн сайхныг, шинэ цагийн хөгжил дэвшлийг ам булаалдан ярьсаар нэг мэдэхэд  Болзоотын бор толгой - Эрээн хотод орж ирлээ.Эрээн хотын Монгол сургуулийн үүдээр өнгөрч Вень-жөү худалдааны төв  асрын үүдэнд ирж зогсоход хятад хүн атлаа монголоор ус цас шиг яриад сурчихсан өмнө орны наймаачин “Сайн байна уу, сайн найзаа?” гэж ирээд бараа таваараа хариу хэлэхийн завдалгүй хамрын нүхээр шургаж орчихмоор жигтэйхэн ярина. Би ахтайгаа зээл тойрч жаахан ядарсан боловч нүдээ аниад хэвтэхийн зуур л маргааш Монгол улсаас сургуулийн маань найз нөхөд, соёлын хөтөч-багш нар минь ирнэ гэж бодохоор сэтгэл догдлоод, зунжингаа хүлээсэн болзоот учрал минь биелэх нь гэхээс өөрийн эрхгүй бахдал төрж, байн байн цагаа харж хурдхан уулзахсан гэж яарна. Цагийн зүү зүрхний хэмнэлтэй хамт зэрэгцэн долгисож нэг секунд нэг минут өнгөрөх бүрт элэг нэгтэй ахан дүүс минь шинэ монголын хувилгаан хүлгээр довтолгон үхэр соёлын түүхт мөрийг эрж хайхаар бидэн зүг айсуй. Бид Эрээн хотод уулзахаар болзсон, болзоот өдөр  маргааш...
 
/ хөгжим /

ХӨТ: Ертөнцийн өнгө шижэртэн туяарсаар шинэ өдрийн наран мандахад өгөөмөр намрын чийглэг салхи сэр сэр үлээнэ.

/ Шум – вагон ирэх чимээ /

/ “Манайд ирээрэй” дуу орж ирэх /

ХӨТ: Тийм ээ, гэгэлзсэн сэтгэлдээ би энэ дууг аялж та нарыгаа ирэхийг зөндөө их хүлээсэн. Зуны амралт эхэлж та нараасаа салаад ирсэн ч гэрээ орхиод хүний нутагт ирчихсэн юм шиг та нарыг зөндөө их санасан. Утас дуугарах бүрийд ухасхийж, зүүд бүхэндээ уулзаж хүлээсэн. Өнөөдөр та нар зүүдэнд минь биш, дэргэд минь хүрээд ирлээ. Алсын алсаас уулс алгасаж нүүдлийн цагаан шувууд шиг улирлын өнгө дагуулсаар үүр шөнийн завсарт нутагт минь гэрэлтэн саатлаа. Тавтай морилно уу, найз нараа.

/ дуу тодорч ирнэ /
  
ХӨТ: Манай багийнхан эрдмийн өлгий Монгол улсын Радио-Телевизийн дээд сургуулийн багш оюутнууд. Манай сургуулиас монгол улсын нүүр царай болсон телевиз, радиогийн олон нэрт сэтгүүлч, зураглаач, найруулагч, нэвтрүүлэгч, хөтлөгч төрж гарсан. Бид үүгээрээ бахархдаг.


 Манайхан намрын галуудын мөр нь үлдээгүй газраас хүний хүү эрдэм өвөрлөөд ирнээ гэж аяны их замаа сүүгээр  мялаалган мордож, алсын харгуйгаа итгэлээр сүлэн ар халхын нутгаас өвөрлөгч нутгийг зорьсон нь энэ билээ. Бид бага үд гэхэд баяр баясгалантай уулзалдаж, Эрээний машин тэрэгний өртөөн хажуу дахь “Тайваны Юнхэ” буурцаган хоолны газар үдийн хоолоо идэж жаахан амарлаа. Манайхан хил давж аялан сурвалжлага хийх гэж байгаа болохоор хэрэг болох ном дэвтэр, камер гэрэл, аппарат хэрэгсэл гээд ачаа бараа ихтэй, бас дээр нь идэж заншсан хоол хүнс гээд хүний газар дутаж гачигдах зүйлгүй тансаг сайхан гэр бүл болон бүрджээ. Энэ удаагийн аялан сурвалжлагын баг 5 сэтгүүлч, 4 зураглаач, 4 найруулагч гээд нийт 16 гишүүнтэй. Манай содон багын ахлагч гэвэл сэтгүүлч-зураглаач-найруулагч гэсэн чандмань гурван мэргэжлийн 3 багш билээ. Намба сууж 50-ын давааг давсан ч сэтгэл нь дандаа залуу. Хүний газар хэн нэг нь төөрч будилахвий хэмээн биднийг сүүдэр шиг дагаж, мэдэхгүй чадахгүй  зүйлийг хэлж ярьж, зааж зөвлөнө. Ядарч зүдэрнэ гэж ер үгүй. Бидний ажил амжилт дүүрэн байвал сэтгэл амар, нойр бүтэн байх. Бүтэлгүйтвэл хатуухан үгээр зэмэлнэ. Гэхдээ л харц нь зөөлөн, үнэхээр эгэл боргожуун агуу хүмүүс дээ, манай багш нар.

/ хөгжим /

             ХӨТ: “Он цагийг урагшлуулан зорчив” хэмээх нэгэн  бүлэг...
ХӨТ: Шилийн хотод ирсэн анхны өдрөө бид тус хотын хамгийн хүндтэй газар болох “Эрдэнэ овоон” дээр гарч анхны сурвалжлагаа хийсэн юм. Эртнээс аваад домог түүхэнд мөнхөрсөн Эрдэнэ овоо бол эх дэлхийн газрын хөрсөн дээр аяндаа бий болсон нэгэн товгор толгой юм. Товгор толгойн эзлэх талбай нь 9000 гаруй м.кв байж. Энэ овоо нь 13 хошуу овоог багтаасан тул ард иргэдэд онцын их тахилга сүслэгтэй хэмээн биширдэг байна. Ер нь монголчуудын овоо тахилга бүр өөр өөрийн уул ус, навдаг савдагаа шүтэн бишрэх түүхээс үүдэлтэй. Ном сан уншдаг нь ч ихээхэн учир ухаантай ажээ.

         
Чингис хаан хүнд бэрх үедээ хоёр удаа Бурхан Халдун уулнаа нуугдаж амь мэнд гарсан болохоор “Бурхан Халдун уулыг өглөө бүр мялаая, өдөр бүр өчье, үеийн үед тахья” гэж сэржим өргөн залбиран даатгаж, энэ уулын ач энэрлийг хэзээд мартахгүйн төлөө жил бүр ирж тахилга тайлга хийдэг байжээ. Тэгвэл эдүгээгийн Эрдэнэ овооны тахилга тайлга нь Чингисийн Бурхан Халдун уулын тахих ёсноос улбаатай билээ гэж зан үйл судлаачид үздэг байна. Энэ 13 овооны тус бүрийн нэр, утга учир нэн гүн агуулгатай аж. Өвөг дээдсийн шүтээн болсон 13 эздийг төлөөлж, өөрөөр хэлбэл 4 зүг 4 зовхис, эцэг тэнгэр, эх дэлхий, өнгөрсөн одоо ирээдүй 3 галвын цагийг тус тус илэрхийлдэг юм байна. 13 овоо нь дугуй хэлбэртэй их бага, эрэл түүх адил бус өөр өөрийн ном уншлагатай. Дорнын зүг хандуулж барьсан 13 овооны гол дундахыг голийн овоо гэж орой дээр нь соргог үнэртэй арц, нарсан модны салаа мөчрийг хатгадаг нь ч маш сүрлэг харагдах юм билээ. Мөн хүсэлт зуны улирлын эх, хүн амьтан баясан цэнгэлдсэн жил бүрийн билгийн улирлын 5-р сарын 13-ны өдөр хүндэтгэлтэйгээр их тахилгын наадам хийдэг байна. Тийм ээ, яахын аргагүй алсаас барааг нь харахад нүнжиг сүр ихтэй. Их бээсийн сүмтэй хаяа нийлэн сүндэрлэсэн нь их учир жанцантай ажээ. Ер нь харь гаригаас очсон юм шиг харц үзүүрлэж юу бүхнийг нь сонирхох торгон агшинд нүдэнд өртсөн сайхан бүхэн нь үлгэр түүхээ хуучилж эхэлдэг нь ёс. Хэдийгээр авч яваа тэмдэглэлийн дэвтэр минь дүүрсэн ч  шунал ихтэй сэтгэлийн бор авдар минь дундуур шиг санагдаад илүү ихийг эрж хайж нэхэж сурсаар явлаа, бид. Эргээд дахин уулзах аяны болзоо минь хэзээ ч билээ, бүү мэд шүү дээ.
            Нэгэнтээ махыг нь идсэнээс хойш ясыг нь сайн мөлж гэдэгчлэн манай аялалын багийнхан цөмөөрөө ясыг нь сайн мөлжих байтугай долоохоор ховдог хүмүүс байлаа. Махнаас мах, яснаас яс хүртэл мөлжсөөр бас нэгэн сайхан идшэн дээр буусан юм.
Энэ бол Эрдэнэ овоон элгэнд бүүвэйлэгдэн энэрэн боссон “Бээсийн сүм”-ийн үүх түүх билээ. Энэ олз одоо үгүй ч хожмын нэгэн өдөр алт мэт хэрэг болох бизээ хэмээн соронзон хальснаа буулгаж авлаа. Сэтгүүлч хүн үзэж харсан, дуулж сонссон бүхнээ тэмдэглэж яв. Нэгэн цагт түүхийн чухал баримт бичиглэл болдог юм гэж багш хэлж байна. Тиймээс би Бээсийн сүмийн тухай бичиж тэмдэглэснээ тантай хуваалцах гэж байна.


 ХӨТ: Эрт үед “Арияа Жанлун Бандид Гэгээн хийд” гэж нэрлэдэг байжээ. Эрдэнэ овоогоор ар түшиг болгож, азын хотын өнгөт үзэмжээр харцны баясалаа болгосон Өвөрмонголын алдарт эртний барилга, Шилийн хотын бахархал ариун ордон билээ. Бандид гэгээн хийд бол Төвд уламжлалтай монгол маягийн сүм байж эртнээс аваад хол ойрдоо алдартай, удаан жилийн сурвалж түүхтэй томоохон хийд бөлгөө. Үүсэл гарал нь одоогийн Авхнар аймгийн Зүүн Гаран хошууны хошуу сум. Мөн Дундад улсын “Умардын нэрт хийд” гэсэн алдар цолтой.
Бандид гэгээн хийдийг 1723-1783 онд босгожээ. Түүхэн тэмдэглэлийг үндэслэвэл Бандид гэгээн хийдийг Чин улсын Найралт төв хаан ширээнд суусан анхдугаар он /1723/, харагчин туулай жилээс эхэлж байгуулсан бөгөөд одоо 280 гаруй жилийн түүхтэй, харин Чогжин их дуганыг нь анх Чин улсын Тэнгэр тэтгэгч хааны 8-р онд /1743/ босгосноос нааш одоо 260 гаруй жил болжээ. 
Чогжин их хүрээт сүм нь хийддээ хамгийн эртний сүм болно. Тэр үеийн Шилийн голын чуулганд том жижиг сүм хийд өдий төдий байжээ. Бандид гэгээн хийд бол том сүм хийдэд юм. 1712 онд байгуулагдсан Долон нуурын Хөх сүм, 1714 онд байгуулагдсан Сөнөд Зүүн хошууны Цагаан овоо сүмийн дараа орох хийд билээ. Тус хийдийг сурвалж бичигт “Жанлан гэгээн бандид хийд”, “ Бандид гэгээн хийд”, “ Авхнарын бандид ламын сүм” буюу “Бээсийн сүм” гэх зэрэг адил бус нэрээр тэмдэглэж байжээ. Үүнээс “Бандид гэгээн сүм” буюу “Бээсийн сүм” гэдэг нь тус газар орондоо хэвшсэн дуудлага болжээ. Харин Шилийн хотын суугуул ардууд “Хойд сүм” буюу “Да Мио сүм” гэж товчлон дууддаг гэнэ.
Бээсийн сүмийн Бээс гэдэг нь манж гаралтай үг. Бээс бол найман хошууны удам төрөл ба ноёд түшмэдийн  дотор зуураа хэрэглэдэг зэрэг жинс, тушаал хэргэмийн нэр бөгөөд ахлагч гэсэн утгатай аж. Бас түүхийн баримт тэмдэглэлийг үндэслэвэл чөлөөлөгдөхөөс өмнө Шилийн голын чуулганд 163 сүм хийд 1363 ламтай байжээ. Үүнд ганц Бээсийн сүмийн  ламын тоо нь 1149 байжээ. Бээсийн сүмийн ном судар эдлэл хэрэглэл нь уулаасаа элбэг баян, бурханы онол сургаалын нөлөө тусгал их. Чуулгандаа сүмт орон, баян хийд, шашин соёлын төв, шарын шашны сүм гэж нэрлэгдэж, шашин шүтлэгийн нэгэн том төв болж байжээ.
Сүм хийд байсан газар хот зээл бий болдог уламжлалтай билээ. 1949 онд хийдийг тойрсон айл өрх 107, хүн ам 750 орчим, эзлэх газрын хэмжээ 2 түм м.кв байсан бол одоогийн байдлаар 20 түм гаруй хүн амтай болж, том хотын тулгуур хүч болжээ.
            Физикийн шинжлэх ухаантны судалснаар ертөнцийн аливаа бүхэн өөрийн гэсэн тулах хүчтэй байж тэр тулах хүчээ тойрон эргэлдэж, оршин тогтнодог учиртай гэдэг. Тэгвэл  алтан төрийн гал голомтыг түшин дүрэлзэж ассан Шилийн хот Азийн хот болон хаяагаа тэлэн хөгжиж, цэцэглэх учиртай.

/ хөгжим /

ХӨТ: Сүүндээ цадсан тугал бялууран үдийн наранд нозоорон зүүрмэглэх зуур сүүнээс ч илүүг амталж сэтгэл бялуурсан оюутан залуус бид түүхэн их шүтээнд мөргөж сүслээд аяны жолоогоо битүүхэн сойж эргүүлээд амрахаар буцлаа. 

                                                                            / хөгжим /

ХӨТ:Түмний бахархал Шилийн гол” хэмээх нэгэн бүлэг...
ХӨТ: Навчис гундсаар намар саатахад талыг эвхэн давхиулсан манай машин дурдан тоосоороо уул талыг мялаан, Шилийн хотын Монгол Радиогийн дэд эрхлэгч Гэрэлцогт, сурвалжлагч Сайнбаяр нарын удирдлагаар зурсан биш ургасан байгалийн гоо, эвлүүлсэн биш эвийн хорвоогийн сайхан, түмний бахархал Шилийн голыг чиглэн явж байна. “Мянга сонсохоор нэг үз” гэдэг үгний үзүүрээс чангаасан манай аялал хийморьтой үргэлжилж байна. Шилийн голыг нүд сэтгэлээрээ үзэж, санаа заяа хоёртоо дурсамж болгон үлдээнээ гэдэг нь дээдийн дээд жаргалаа.
                           

               ХӨТ: Төрийн түшиг түмний бахархал болсон Шилийн голыг дагасан уугуул түмний ариун хөдөлмөр, авъяас билэг угалзран долгиолох алтан голын гэгээн мэлмийд нь эрт эдүгээгийн түүх өгүүлэн, сувдан хэлхээ үүсгэн гэрэл татан мяралзана. Хэдийгээр түүх хуучирч, домог арилсан ч монголын их тал үнэний цагаан хорвоогийн борхон зайд цэнхэр мандал цэнгэг усаараа ундлан хооллож, уртын дууны уянгат шуранхай морин хуурын цэгээн эгшгээрээ хөглөгдөн баясаж, ертөнцийн чихэнд соёрхсоор...    
Дууны сайхан эгшгээр итгэл сэтгэлээ хөглөн баясаж явахдаа, мөнхийн эгшиг нь хүслийн жигүүр ургуулж, сэтгэлийн анирыг хөндөж  энэ зүг хөлгийн жолоо зална гэж санасангүй явлаа. Манай машин дөрөө халсаар Шилийн голын хөвөөн дэх “Есөн тохой” амралтын газрын машины зогсоол дээр ирж зогслоо. Бид машинаасаа бууж голио царгисан талын өтгөн өвсийг туучсаар голын хөвөөнд хүрч ирлээ. Биднийг удирдан дагуулагч Сайнбаярын хэлснээр Шилийн голын төв урсгал нь есөн тохой үүсгэн угалзран нугаларч урсдаг гэнэ. Голын хөвөөн дээр байгуулсан үндэсний онцлогтой амралтын газрыг “Есөн тохой” гэж нэрлэсэн нь ийм учиртай байжээ. Шилийн гол нь ӨМӨЗО-ны дөрвөн их тал нутгийн нэг юм. Дөлгөөн урсгалт Шилийн голын төв урсац Шилийн хотоос урагш 15 км зайтай бөгөөд Улаан-хад хотын Хишигтэн хошуунаас эх авч Шилийн хотын баруун хэсгээр Булган уулын энгэрээр дайрч Эрдэнэ овооны баруун доогуур өмнөөс хойш суналзан урсаж Цагаан нуур хэмээх их нуурт цутгадаг дотоод урсгалтай гол билээ. Урсгалын нийт урт нь 175 км бөгөөд усны эзлэхүүн нь 11 111.9 куб/м. Усандаа  олон төрлийн загас жараахайнаас гадна шувууд олонтой. Энд лам шувуу, тогоруу, тоодог, халиа, улаан хошуут гээд улирлын өнгө дагаж нүүдлийн шувууд олноор ирдэг байна. Намар болоход уур амьсгал чийглэг сайхан болж алс холын жуулчид олширч голын эргээр монгол гэр майхан барьж амардаг гэнэ. Манай аялалынхан “Шилийн голын урсгал их дөлгөөхөн юм. Их мөрөн дөлгөөн гэдэг энэ юм даа” гэцгээж байна. Сониноос 1993 онд Хятад, Итали улсын хамтран бүтээсэн “Марко Поло” хэмээх түүхэн баримтат киноны зургийг Шилийн голын хөвөөнд авсан тухай Шилийн голын Телевизээр ярьж байсан. Энэ түүхэн хүнтэй холбоотой тосон баримал Шилийн хотын Түүхийн музейгээс та тухтай үзэж харж болно.
Шилийн гол гэвэл мэдэхгүй хүн гэж үгүй. Шилийн гол нь бүх Шилийн гол аймгийн хүн, амьтны амин сахиус. Алив хүнд унасан газар, угаасан уснаас илүү халуун дотно зүйл гэж хаа байх билээ. Хаана гэр минь байна тэнд сэтгэл минь бий. Хаана нутаг минь байна тэнд зүрх минь бий гэдгээр хүй дарсан чулуутай нутгаа би дуулж явнаа. Сэтгэлийн сайхнаа бахдал болгож, бахархалт сайхнаа эгшиг болгож, эгшгийн сайхнаа дурсамж болгон үлдээлээ. 

/ хөгжим /
                 

/ хөгжим /

ХӨТ: Ундлан хооллож ирсэн Монгол нутгийн минь рашаан
                        Омогшиж дуулж явсан миний нутгийн бахархал
                        Мөргөж шүтэж дээдлэх мөнхөд санах өлгий
                        Алхаж тоглож явсан аав ээжийн нутаг
                        Алгахан зүрхний сахиус ариун дагшин орон
                        Зүрхний хайртай – Шилийн гол
                        Зүүднээс аргамжаатай амин гол оо.

/ “Шилийн гол” дуу орж ирэх /

ХӨТ: Манай багийнхан зураг авалтаа амжилттай дуусгаад нартай борооны зөөлөн шиврээнд ирсэн замаараа баяртай буцлаа. Нутгийн минь ус холын ахан дүүсээ нулимс дуслуулан үдлээ.

                                                                             / хөгжим /

ХӨТ: “Миний зурах дуртай-Сөнөд нутаг” хэмээх нэгэн бүлэг...

/ хөгжим /

ХӨТ: Зураач хүн хамгаас илүү юунд хайртай байдгийг та мэдэх үү? Тиймээ, зураач хүн бодолдоо төсөөлж, сэтгэлдээ зурсан хамгийн сайхан зүйлээ эвэр зандан бийрээрээ цав цагаан цаасан дээр буулган зурж, зурснаа өнгийн будгаар будаж, будаснаа хамгийн сайхан жаазандаа хийж эрхэм нандин бүтээл болгодог. Тэр сайхан бүтээлдээ хамгаас илүү хайртай байдаг юм. Түүн лугаа би ч бас өөрийн зурсан зургандаа юунаас ч илүү хайртай. Ер нь би өөрийгөө зураач гэж боддог. Бага сургуульд байхад багш намайг “бяцхан зураач” гэж магтдаг байсан юм чинь зураач байлгүй яахав. Энэ доор байгаа зураг бол бяцхан зураач миний бүтээл юм шүү дээ.
Хонхон дуунаар соёлын танхимд анх орж саарьтай божгор гартаа харандаа бариад зурсан анхны минь бүтээл. 100 оноо авсан энэ “шилдэг бүтээл” бол миний төрсөн нутгийн зураглал. Бас миний хамгийн хайртай зураг. Тугалын бэлчээр, тоонот гэр хоёроосоо холдож ч үзээгүй, хамрын нусаа ханцуйдаа хатаасан халтархан миний хувьд төрсөн нутаг, гэр хоёроос минь өөр санах юм,  зурах юм гэж юу байх билээ дээ.



 -Үнэхээр гоё байгаа биз...?
Зурсан зурагныхаа дээд талд бахархан догдолж бичсэн “Миний сайхан Сөнөд” гэсэн гурван үгийг харж байна уу?  Энэ бол миний нутгийн даянд дуурсах дархан алдар юм. Уран яруугаар хэлбэл Уянгийн цэнхэр Зүүн Сөнөд.
            ХӨТ: Уянгийн цэнхэр зүүн Сөнөд мину
          Чингис богдын алтан өргөөний зандан унины нэг нь болж цацарсан
          Хар сүлдний дайчин хүчит хатуу нумын сум нь болж шуугисан
          Уянгийн цэнхэр зүүн Сөнөд мину
          Ухааны нартай саруулхан нутаг
          Унаж босох аяны дөрөөнд үйлсээ өргөсөн хийморийн цууриа ...
ХӨТ: Тиймээ, Монголын нууц товчоонд тэмдэглэснээр Богд эзэн Чингис хааны ерэн таван мянган өрхийн тавдугаарт байрласан өрлөг жанжин их Монголын эзэнт гүрний дархан баатар, мэргэн сайд, их төлөгч, яруу найрагч, Сөнөд аймгийн ахлагч Гэлэгүн баатрын үр хойчис, Алтан удмын залгамжлагч хойд үе - одоогийн Сөнөд нутгийхан бид бөлгөө.
 
                  
ХӨТ: Та Сөнөд гэдэг үгийн утгыг тунгааж нэг үзсэн үү?
ХӨТ: Тэгвэл “Сөнөд гэдэг нэр нь шөнөөр нүүдэллэж ирсэн хүмүүс буюу сониуч зантай хүмүүс гэдгээр нь Сөнөд гэж нэрлэх болжээ” гэж “Монголын нууц товчоо”-нд бичсэн байдаг юм. Итгэхгүй байвал та нэг  сөхөөд үзээрэй, 74-р тал дээр бий шүү...
Эрт дээр үед Сөнөдчүүдийн уугуул газар нутаг Сэлэнгэ мөрний доод бие Онон мөрний эх хэсэгт байжээ гэж бас тэмдэглэсэн байдаг юм. Ер нь түүхийн их аяны нухчаанаас аваад эдүгээ хүртэл алтан удмын голомтыг залгамжилж, тулгатай галыг нь өөд нь бадрааж тоонот гэрийг нь гэрэлтүүлж явна гэдэг бол агуу хүмүүсийхээ ухааныг өвлөж, бодлыг нь тольдсон зориг хатуу хүмүүс байхаас биш тооноороо тэнгэр харж, хаяагаараа алсыг бараалах мөхөс хүмүүс биш билээ. Түүх үргэлжилсээр...

/ хөгжим /

ХӨТ: Сөнөтчүүдийн энэ төгөлдөр чанар нь үеийн үедээ уламжлагдан хадгалагдаж шинэ хүн бүрдээ өлгийн дуу зохион аялгуулж Монголыгоо бүүвээлсээр авай.
Тиймээ, “Өөдлөх айлын санаа нэг, өсөх малын зүс нэг” гэдэг шиг Сөнөдчүүд харилцан бүлгэмдэн нягтралцаж, бие биеийн түшиг дэмийг жаргалаан болгодог уужуу сэтгэлтэй түмэн билээ. Монголчуудыг жижиглэн бутаргах гэсэн Чин гүрний бодлогоор Сөнөд нутгийг зүүн, баруун болгон хуваасан түүхтэй. Гэлээ ч өнөөдөр Сөнөдийн их талын хүн ард сэтгэлийн сайхнаар хаяагаа тэлж, хөгжлийн их шатанд мандан цэцэглэж байна.
Миний төрсөн нутаг Сөнөд зүүн хошуу нь одоогийн Өвөр Монголын Өөртөө засах орны Шилийн гол аймгийн төв Шилийн хотоос баруун хойшоо 230 км зайтай байх бөгөөд өргөн уудам нутаг дэвсгэрийг нь Сөнөдийн тал нутаг буюу Тамчын тал хэмээн дууддаг юм. Ардынхаа дуунд мөнхөрсөн Тамчын хурдан хүлэг болох Хөгшин хотоны өлгий нутаг гэж бас даянд алдаршсан нутаг.
Сөнөд гэхэд мэдэхгүй хүн үгүй. Нэн дурдууштай нь Сөнөд нутгийн өвсний шим онцгой сөлтэй. Өөр орон нутагт ургадаггүй ховор нандин хөмүүл, таана голдуу ургадгаараа Сөнөд хонины мах онцгой амт шимтэй билээ. Тиймээс Сөнөд хонины мах Хятад улсдаа тэргүүн байранд нэрлэгдэж, нэгэн зүйл брэнд болж нутгийхаа алдрыг өндөрт өргөж явнаа.

                       
Жилийн дөрвөн улиралд улирлын өнгө тэнцэж өнөтэй сайхан жил болж айл хотлоороо сүрэг тарган, бие амар сайхан өнгөрүүлдэг. Зуны улиралд найр наадам нижгэр өрнөж морь уралдах, бөх барилдах, нум сум харвах гээд эрийн гурван наадмаар буянт нутгийхаа хийморийг даллаж, уламжлалт монгол заншлаа дээдэлж нутгийн олноороо баясан цэнгэдэг уламжлалтай. Ер нь монгол өв уламжлалаа хадгалах, дээдлэх, өвлөх гэдэг нь ихэс дээдсээсээ аваад эгэл ардаа хүртэл гүйцэтгэвэл зохистой эрхэм нандин үүрэг нь байжээ. Үүний нэг илрэл бол  монгол бөх юм. Монгол бөхийн барилдаан нь Хүннү, Сүннүгийн үеийн барилдаанаас үүдэлтэй. Арван гуравдугаар зууны үеийн дэлхийд алдаршсан их Монгол гүрний байгуулсан монгол үндэстний тэргүүн соёлын нэг, мартаж болшгүй нандин соёл тул Сөнөдчүүд ч гэсэн дээдсээс үлдээсэн соёл заншлаа дэвсэж, гээж орхигдүүлалгүй хүндэтгэн өвлөн уламжилсаар эдүгээ хүртэл оршсоор байгаа билээ.


            Сөнөд нутгийн бөхийн хувцас засал гэвэл үзэмчин бөхийн хувцас засалтай нэлээд төстэй. Зодог, зангиа, шамба, банзал, туухуу, гутал гэж хуваадаг. Харин халх бөхийн хувцас засалтай харьцуулбал их зөрөөтэй. Бөхийн махшилт, дэвэлт, уриа, уухай гээд бүгд өөр өөр байдаг байна.

                
“Газар газрын зан, гүзээ гүзээний булан” гэдэг үг бий. Харин Сөнөдчүүдийн дээл хувцасыг халхтай харьцуулбал их ойр төстэй. Бас Сөнөд нутгийн аман аялага ч халхын аман аялагатай их төстэй. Энэ нь хаяа хаяагаа дэрлэж, сүвээ сүвээгээ тулж уул усаараа залгалдсантай холбоотой бизээ.
Үзэмчин аймаг угсааны дээл хувцас нь хээ хуар, угалз наалт ихтэй, оёдол ур их шаарддаг нарийн урлаг бол Сөнөд хувцас засал нь энгийн атлаа цэмцгэр, оёж урлах ажил багатай. Олонх Сөнөд бүсгүйчүүд дээлэн дээрээ үзүүрт нь өнгө өнгийн хатгамал урлаж гоёсон цагаан өнгөтэй толгойн алчуур хэрэглэдэг заншилтай.
 Өнө эртний түүхийн шаргал хуудастай Сөнөд нутгийн содон сайхан бүхнийг дурдаад дурдаад барах биш дээ. Иймээс эл тэмдэглэлээ энд өндөрлүүлж дараагийн хуудсаараа дахин уулзая.

       
Билгийн далай, шүлгийн амьсгал Сөнөд нутгийнхаа сайхан бүхнийг хүрэн зүрхнийхээ бор тольтонд би зурах дуртай. Хүнийх биш өөрийн юм болохоор би бахдан бахдан зурах дуртай.

/ хөгжим /

Аргалын галтай Монгол сайхан заншил
Адууны хиймортой Монгол сайхан зон
Туурайн хээтэй ногоон сайхан дэнж
Хурдны хийморьтой уухайн сайхан наадам
Би бүгдийг зурах дуртай
Миний зурах дуртай-Сөнөд нутаг сайхаан.

/ хөгжим /

            ХӨТ: Та бүхэн Г. Оюунсувьд миний аян тэмдэглэлийн эхний хэсэгтэй танилцлаа.

No comments:

Post a Comment

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив