Lucky Charms Rainbow

Thursday, January 10, 2013

Хэлэлцүүлэг



ХАРЬ ХЭЛНИЙ ДОВТОЛГООНООС ЭХ ХЭЛЭЭ ХАМГААЛЬЯ - хэлэлцүүлэг
Нэгэн хичээл дээр өрнөсөн халуун хэлэлцүүлэг... РТВС-ийн Редакторлах арга зүй хичээлийн нэг удаагийн хэлэлцүүлэг тун чиг халуун болж өнгөрлөө. “Унших сонин сэтгүүл, үзэх телевиз, орж гарах зоогийн газар, саатаж цэнгэх диско, кароке гээд баргаараа гадаад нэртэй, гадаад үсэгтэй болчихжээ. Тэр байтугай жаахан дүү нарын маань сурдаг сургууль, цэцэрлэг хүртэл гадаад нэртэй... Юу болж байнаа, та минь ээ...” гэж нэг охин халаглан хэлэхэд, “Нээрэн тийм шүү, бид яагаад анзаардаггүй байваа, ёстой өнөө “нүд дасвал сэтгэл дасна” гээч нь болжээ. Хүүхдүүдээ, сэтгүүлч-редакторыг “эх хэлний манаач” гэж зүгээр ч нэг хэлээгүй байх. Тэгэхлээр цөмөөрөө эх хэлээ харь хэлний далайд живэхээс нь өмнө аврая...” хэмээн санал гаргаж, хэлэлцүүлэг цааш улам өрнөсөн юм.
Оюутнуудын маргааныг товчлон сийрүүлбэл: “Энэ бол даяарчлалтай холбоотой хаа ч байдаг нийгмийн үзэгдэл” гэж нэг нь хэлэхэд, тэндээс нэг нь: “даяарчлал юм бол Англи, Америк, Орос гээд бусад улс оронд монголоор бичсэн бичиг байдаг юм уу? ” гэлээ. Тэгтэл нэг охин: “Англи хэл өөрөө дэлхий нийтийн хэл болохоор тэр...” гэж зүтгэлээ. “Англи хэлээр халуурах явдал хаа ч байдаг үзэгдэл” гэж нэг нь дуугарч байна. “Тиймээ, нийгмийн ийм үзэгдэл байдаг гэж дуулсан. Гэсэн ч монголчууд бид дэндүү удаан халуурч байгаа юм биш үү! Энэ халуурал хэтэрвэл хэцүү юм болно” гэж нэг хүү ууртай хэлэхэд, “Тийм шүү, нийгмийн энэ гаж үзэгдлийг хожмийн сэтгүүлч, редактор болох бид хүлээн зөвшөөрч яагаад ч болохгүй. Тэр дундаа ХМХ нийгмийг гэгээрүүлж, хүмүүжүүлэх үүрэгтэй, бас олон нийтэд зориулагдсан байх ёстой гэж бид хичээл дээр үзсэн биз дээ? ” гэж нэг охиныг хэлэхэд, цөм дуу нийлүүлэн “Харь үг хэллэгээс эх хэлээ хамгаалцгаая” хэмээн санаа нэгдэж, судалгааны ажилдаа гарцгаасан юм. Оюутнуудын судалгаа кафе, диско-клуб, сурталчилгааны самбар, сургууль цэцэрлэгийн нэртэй хөөцөлдөхгүй. Зөвхөн ХМХ дээрхи гадаад үг хэллэг, тэр дундаа өдөр дутмын нөлөө бүхий хэвлэл, радио, телевиз дээр ажиглалт судалгаа хийх болсон юм. РТВС-ийн 2-р дамжааны бүх оюутны санаачилсан энэ
хөдөлгөөнд бусад оюутныг нэгдэхийг уриалж байна.
Сонирхуулахад манай оюутнуудын судалгаагаар одоогийн байдлаар UBS буюу “Улаанбаатар ТВ” хамгийн их гадаад үг хэрэглэдэг “лут” телевизээр шалгараад байна.
Сэтгүүлчийн 2Б ангийн оюутан Б.Наранжаргалын бичиж ирүүлсэн зүйлийн хэсгээс та бүхний өмнө дэлгэж байна.
Дэлхий дээр маш олон хэл байдаг байна. Тэр л олон мянган хэлний нэг нь аялгуут сайхан монгол хэл минь билээ. Хэдэн зуун саяар тоологдох хүн ярьдаг хэл байхад хэдэн арван хүн хоорондоо харилцдаг отог омгийн хэл ч бас бий. Гэхдээ том жижгээс үл шалтгаалан хэл бүхэн үнэт зүйл юм. Хэл бүрийн цаана тухайн ард түмний соёл, түүх, урлаг, ёс уламжлал, сэтгэлгээ, эрх чөлөө бүгд байдаг болохоор тэр. Тиймээс улс үндэстэн бүр өөрийн онцлогт тохирсон хэлний бодлоготой байдаг байна. Судалгаанаас үзвэл, 14 хоног дутамд нэг хэл мөхөж байдаг гэнэ. Хэл мөхвөл түүнийг дагаад нэг соёл, нэг ахуй, нэг ёс уламжлал устаж байна гэсэн үг. Аймшигтай... Хүн ам цөөтэй монголчууд бид тусгаар тогтнолын нэгэн бэлгэдэл болсон эх хэлээ хайрлан хамгаалья.    
Сэтгүүлчийн 2В ангийн оюутан Т.Сугарсүрэнгийн судалгааны ажлаас дэлгэе...
“Өнөөдөр”, “Өдрийн сонин”, “Үндэсний шуудан” сониноос:  Сэтгүүлч Баатарын бичсэн “Азийн хөрөнгийн биржүүдэд савлагаа их байна” гарчигтай эдийн засгийн багшаархан мэдээлэлд англиар бичсэн үг нийт 16 байх юм. Эдгээрийн олонх нь компаны оноосон нэр боловч ядаж монгол үсгээр буулгаж болмоорсон. Учир нь уншигчдын олонх нь англи хэл мэдэх нь бүү хэл үсгийг нь ч танихгүй шүү дээ. Мөн нефт, фъючерс гэх мэт үг олон байна. Үүнийг орчуулж болох байхад яагаад ангилаар бичээд байгааг ойлгохгүй юм.
            Ажиглаад байхад спортын мэдээнд гадаад үг дэндүү их байна. Тухайлбал спортын мэдээнд Лиг, FIFA, FITA, UEFA, IJF гэх зэрэг үг олон. Үүнийг спортын хүрээнийхэн ойлгодог юмаа гэхэд мэдээллийн хэрэгсэл олон нийтэд зориулагдсан байх ёстой. Ядаж л эдгээр үгийг хэрэглэхдээ ард нь хаалтан дотор орчуулга буюу утгыг нь бичвэл олон нийтэд илүү ойр байхсан. Бас “Олимпийн бамбарын маршрут тодорхой боллоо” гэсэн гарчиг байх юм. Яагаад “Олимпийн бамбарын тойрох зам тодорхой боллоо” гэж бичиж болохгүй гэж. Маршрут гэдэг үгийг баргаараа мэдэх боловч ганц үгнээс болтугай ч салах юмсан. Цааш нь уншиж байтал “Чонон сүлд” номын борлуулалт тэргүүлсэн тухай мэдээ байна. Бас л өнөө гадаад үгнүүд. Бестселлер боллоо... Уран зохиолын бус бестселлерийг “Оксфорд-english-mongolian” толь бичиг тэргүүллээ... гэжээ. Гэтэл Бестселлерийг орчуулаад шилдэг борлуулалттай номын жагсаалтыг “Чонон сүлд” тэргүүллээ. Мөн Оксфорд-англи-монгол толь бичиг гэж болмоор доо. Уг нь эдгээр үгийг олон дахин хэлж, бичсээр хэвшүүлсэн нь тодорхой. Гадаад үгийг ингэж хэвшүүлж болсон юм чинь эх хэлээрээ дахин дахин хэлж, бичээд байвал бас хэвших бусуу. Сэтгүүлчдийг эх хэлний манаач гэдэг шүү дээ.
Сэтгүүлчийн 2в ангийн оюутан Амаржаргал би ажиглалтаа та бүхний өмнө дэлгэж байна. “Өнөөдөр” сонины нэгэн дугаарт дуучин Алтанцэцэгтэй хийсэн ярилцлагыг өнгөц харахад: “Making the Band Утгыг нь ч мэдэхгүй энэ “чамин үг” өнөө 25-р суваг ТВ дуучин Алтанцэцэгтэй хамтарч тодруулсан охидын хамтлагын нэр шүү дээ. Энэ реалити шоу гарах /өөрийн эрхгүй ингээд биччихлээ. Өнөө фен, поп гэдэг шиг монголжсон үг болохоор/ бүр л ээж: “Юу гээд байгаа юм дээ, огт мэдэхгүй хэлээр шулганачих юм. Монгол хүн ойлгохгүй нэрээр яана даа” гэж ирээд халаглаж суудаг юм.    
...Охидын хоёр дахь клип  болох “You win” дуу YouTube” сайтад тавигдсан...  Lemon студи, “Pro sound” студи... гээд цааш нь аав ээж, эмээ өвөө, айлын ах эгч ч ойлгохгүй үгс цувна. Хамгийн сонирхолтой нь сурвалжлагч өөрөө “Хүмүүс “Eхtacy”-гийнхнийг “Anymone” хамтлагийн охидтой харьцуулаад олонд хүргэсэн дуу хийхгүй байна гээд байх шиг байна? ” гэж асуух юм даа.
Хүүе, би наад дуучин Болдтой хийсэн ярилцлагыг чинь “Өдрийн сонин”-ноос уншаад ийм дүгнэлт гаргаад сууж байна. Үзэх үү...?
Энэ ярилцлагад арав шахам гадаад үг хэллэг, зарим нь гадаад ч гэж хэлэхэд бэрх хольж хутгасан эрлийз үг хэллэг хэрэглэсэн байх юм. Мэдээж хамгийн олон нь фен, поп, шоу... За энэ ч яахав хэдийн олны танил болж монголжсон үг. Бараг монголоор нь хэлбэл ойлгохгүй болчихсон үг, инээдтэй байгаа биз?  Үүнийг “өршөөгөөд” цааш үзье.  “Хайрын хүч”, “Bold central stadium” тоглолтоо хийсэн...  “440 герц”,  Onli you” , “My duet” цомог... On’n off  продакшн...  Монгол попEmporio Armani–тай хамтран ажиллаж байна... гээд ахмадууд бүү хэл бид ч уншихад төвөгтэй хольж хутгасан үг дэндүү олон байх юм. Энэ нь сонины буруу гэхээс илүү манай дуучидтай холбоотой.  Гэхдээ л ХМХ хэнд зориулагддаг билээ...?
Нээрэн тийм шүү. “Үндэсний шуудан” сонин ч мөн дуучин Болдтой хийсэн ярилцлагадаа гадаад үгийг бусдаас илүү мэддэгээ харуулах зорилт тавьсан бололтой. “Миний фенүүд, найз нөхөд, гэр бүлийнхэн  fasebook, fan page-үүдээр төрсөн өдрийн мэндчилгээ хүргэсэн...”,  “Реппер “G” хүртэл монгол реп гэж дуулсан...”, “Boys2man” хамтлаг... гээд гадаад үгийн тоогоо “Өдрийн сонин”-оос давуулжээ. За тэгээд “Өдрийн сонин” ганц Empire Armani”-ийг мэддэг бол “Үндэсний шуудан” сонин George Armani”, Lous Vuitton” зэрэг брендийг мэддэгээ бичиж гайхуулав. Дашрамд хэлэхэд залуу дуучид нэрээ гадаадаар, бүтээлээ хүртэл гадаадаар нэрлэж гангарах юм даа. Энэ нь ХМХ-д ингэж нөлөөгөө үзүүлж байна. Цомог дууных нь нэрийг солилтой биш, оюуны өмчид халдлаа гэх байлгүй.
“Миний дуунууд” 13 дахь жилдээ болно гэсэн мэдээг авч үзье. “My sоngs” гээд бичээгүйд нь баяр хүргье. Учир нь өнөө гадаад үг хэллэгийн хэнээтэн “Улаанбаатар ТВ”  энэ жилээс “My songs 2011” гээд гангараад байсан юм. Энэ мэдээнд “UB Palace” –ын концертын их танхимд...  Монголын рок попын төлөөллүүдээс гадна “Universe Best songs” наадмын шилдэг оролцогчид, “Мemory pop orchestra” Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, “Премьер-Министр” хамтлагийн дуучин Амархүү, “Sweetymotion оролцож ая дуугаар мэндчилгээ дэвшүүлнэ гэжээ. Хэдхэн мөр мэдээнд арав гаран гадаад үг орсон байгаа биз дээ? Монгол хэл аргагүй л гадааджижээ.
 “Өнөөдөр” сонинд нийтлэгдсэн “Хамгийн дур булаам залуугаар Бредли Купер тодров” гэсэн мэдээнд “The Hangover”, “The Areas of darkness зэрэг кинонд тоглож нэрд гарсан жүжигчин Бредли Купер энэ оны жагсаалтыг тэргүүлжээ гэсэн байна. Энэ хоёр киноны нэрийг орчуулж чадаагүй юм болов уу? Уг нь Англи, Америк хүнд биш монгол хүнд сонирхуулсан мэдээ баймаар. Харин жүжигчний нэрийг танихгүй үсгээр бичээгүй нь яамайдаа. Харин ч жүжигчний нэрийг уншиж чадаж байнаа гэж ээж олзуурхаж байлаа. Аргагүй шүү дээ, сонин уншиж, телевиз үзэх бүрдээ хүүхдүүдээсээ өнөөх олон гадаад үгний учир утгыг асуух гэж зүдэрдэг юм чинь...
За тэр ч яахав орчин үеийн урлаг өөрийн гэсэн онцлогтой, уншигч нь залуус юм гэж бодоод олон улсын мэдээ, мэдээлэл рүү өнгийе.  Тоймч Т.Элисагийн /Элиса лав аав ээж нь өгсөн нэр биш байх/ бичсэн “Их гүрнүүд хямралаас сэргийлэхээ мэдэхгүй байна” нийтлэлийн эхний хэсгийг харахад л “Евро бүсийнхэн “LEHMAN BROTHERS”-ыг дампуурлаас гаргахаар хичээж байна” гэсэн жижиг гарчгийн дотор “Moody’ s хөрөнгө оруулалтын газар... “Lloyds TSB”,  RBS”, Nationwide and Santander зэрэг томоохон газрууд энд багтжээ... гэж бичсэн байх юм. Олон нийт үүнийг лав цааш нь уншихгүй дээ. Яагаад гэвэл уншиж чадах үгээр нь, үсгээр нь бичээгүй юм чинь. Монголоор ч гэсэн түгээмэл биш товчилсон үгийг хаалтан дотор задалж бичдэг ёстой шүү дээ.

Үргэлжлэл бий...
                                                                                                                         2011 оны 11 сар

No comments:

Post a Comment

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив