Lucky Charms Rainbow

Tuesday, January 8, 2013

Танилцуулга


    Өөрөө өөртэйгээ хийсэн ярилцлага

    Сайн байна уу, танилцая...
Баярлалаа...

Хэний хэн билээ?
Долгорын Чулуунцэцэг

Нас...?
1952 оны усан луу жил төрсөн

Мэргэжил...?
“Хятад хэлний орчуулагч, хэл-уран зохиолын багш” гэсэн хос мэргэжлээр МУИС-ийг 1977 онд төгсөж, мөн жилээ Монголын радиогийн Гадаад нэвтрүүлгийн Хятад хэлний редакцид ирсэн. Орчуулагч мэргэжил минь намайг сэтгүүлч мэргэжил рүү хөтөлж оруулсан юм.

Одоо багш биз дээ...?
Тиймээ, багш. Сурснаа бусдад түгээ гэсэн сэтгэлийн тушаалаар багш болсон.

Багш болох ямар байна?
“Орчлонгийн хамгийн сайхан мэргэжил ганцхан багш хүнд заяажээ” гэсэн үг байдаг. Энэ үгийг хэдий мэддэг байсан ч бие сэтгэлээрээ мэдэрдэггүй явжээ. Одоо сэтгэл зүрхээрээ мэдэрч, мэдрэх тусмаа баярлаж бахархаж явна. Сургуулийн эргэн тойронд, ер нь хаана ч явсан нэрний минь ард “багш” гэж заавал дуудна. Эхлээд санаа зовдог байлаа, одоо дасчихжээ.

Хэдэн жил багшилж байна?
Хэдэн жилээ.../инээв/ Танхимд багшилсан хугацаа минь богино ч радиодоо бол дадлагажуулагч багшаар бараг арваад жил болсон.

Ингэхэд та Радиод хэдэн жил ажилласан хүн бэ?
Радиод 35 жил ажиллахдаа орчуулагч-редактороор 10 жил, сурвалжлагч-редактороор 25 жил ажилласан.

Та ер нь ямар чиглэлээр бичдэг байв?
За даа, бараг бүх сэдвээр гээд хэлчихвэл онгирсон болчих болов уу. 35 жилийнхээ 30 шахам жилийг гадаадын сонсогчдод хандаж нэвтрүүлэг хийж ирсэн. Монголчуудын үүх түүх, ёс уламжлал, соёл урлаг, хүмүүс гээд олон сэдвээр бичдэг байсан. Сүүлийн жилүүдэд дотоодын чиглэлд бичиж ирсэн.

Тэгэхлээр гадаадын чиглэл, дотоодын чиглэлд бичих өөр байхнээ?
Өөр байлгүй яахав, их өөр. Ялангуяа гадаадын чиглэлд бичих их өвөрмөц. Монгол, монголчуудын талаар муу мэддэг буюу бүр огт мэдэхгүй хүмүүст зориулж бичдэг болохоор олон нэмэлт тайлбар шаардана. Ном шиг тайлбар зүүлт хийж болохгүй. Эвийг нь олж тайлбар өгөхгүй бол нэвтрүүлгийн өнгө төрх алдагдах талтай. За тэгээд товч, тодорхой, чигжүү атлаа сонирхолтой хийх гээд олон асуудал бий...

Энэ бүхнийг таны бүтээлээс харж болохнээ?
Болно...
ххх

Та яагаад блог нээх болов?
Олон шалтгаантай гэж болноо. Бүтээлээ нэгтгэж ном болгохоос өмнө блог нээх нь зөв юм гэж үзсэн. Ном гэдэг их зардалтай шүү дээ. Өнөөдөр онлайн сэтгүүл зүй хүчээ авч байгаа нөхцөлд энэ чөлөөт орон зайг  бид ашиглах хэрэгтэй.  Хүн бүр өөрийн блогтой болж байна. Хоорондоо чөлөөтэй харилцах боломж бүрдэж байна. Нөгөө талаар ажлын шаардлага гэх үү дээ. Оюутнуудад гарын авлага болгох гэсэн юм.

Та хичнээн бүтээлээ энэ блог дээр байрлуулсан бэ?
Амьд байгааг нь цуглууллаа. Ор мөргүй алга болсон нь дэндүү олон юм даа. Үнэндээ шилж сонгосонгүй ээ, өөрт үлдсэн бүтэн бүтээлээ л дэлгэлээ. Сонин сэтгүүлийнхэн бичсэн бүтээлээ эрж хайгаад, аль эсвэл номын санд ороод цуглуулж, шилж сонгож болно. Гэтэл Радио-Телевизийн бидний бүтээл нэвтэрч өнгөрөөд арчигдаад алга болчихдог, бүр ор мөргүй шүү. Зарим үлдсэн нэгийнх нь амьд яриа байхгүй, зөвхөн холбоос бичлэг бүхий текст байх жишээтэй. Телевизд дүрс үгүй бол ямар ТВ- бүтээл байх билээ, түүн шиг амьд яриа, хөгжим, дуу шумгүй бол радиогийн бүтээл гэхэд хэцүү шүү дээ. Ямартаа ч нийт 600-гаад хуудас буюу ойролцоогоор 200 шахам бүтээл, 100 шахам соронзон бичлэг орсон. Шилж сонгож үнэлж дүгнэхийг  блог хэрэглэгчид мэдэг. Аливаа уран бүтээлчид бүтээл бүхэндээ хайртай байдаг. Яг л төрүүлсэн үр шигээ бүгдэд нь хайртай. Санаанаас үл гарам зарим бүтээл минь ор мөргүй болсонд сэтгэл гонсгор байна, бүр гунигтай байна. Залуугын л гай юм даа...

Тэгвэл энэ талаар залууст хандаж хэлэх үг бий дээ?
Хүн заавал нас ахиж байж ухаажих ёстой биш. Төрүүлсэн бүтээлээ чи өөрөө л хайрла! Тиймээс анхнаасаа нягт нямбай байж, бүтээлээ хадгалж, хямгадаж яваарай. Тэгвэл нэгэн цагт би өчнөөн олон жил ажилласан гэж суух биш, би ийм тийм зүйл хийж явжээ гэж үзүүлж харуулах юмтай сууна шүү дээ.

Нээрэн тийм юм байна шүү. Ингэхэд таны бүтээлийн онцлог...?
Дээрээсээ доошоо, доороосоо дээшээ радио, баруунаас зүүн тийш, зүүнээс баруун тийш радио... эхнээсээ дуустал радио... Нэг үгээр тэр чигээрээ радио гэсэн үг.

 Таны блогын нэр “Тэнгэрийн гүүр” гэсэн байх юм. Энэ бас радиотой холбоотой биз...?
Тэгэлгүй яахав. Миний блогын онцлог бол тэр чигээрээ радио байх учиртай. Радио нэвтрүүлэг агаарын долгионоор түмэн олонд хүрдэг. Тиймээс хүмүүс бид “тэнгэрийн гүүр”-ээр нааш цааш зорчиж, харилцана гэсэн санаа юм.

Дотроо хэд хэдэн булантай юм. Үүнээс “Радио клуб” нь...?
Дээрх санааны үргэлжлэл, хамгийн чөлөөт булан. Радио клубын үндэслэгчид нь манай оюутнууд юм. Энэ талаар манай хүүхдүүд сонирхолтой төлөвлөгөө боловсруулж байна, удахгүй тодорхой болох байх. Юутай ч энд манай клубын гишүүдийн бүтээл, мөн радио хэлэлцүүлэг зэрэг булан байх юм. Оюутны анхны бүтээлтэй багш нар танилцаад өнгөрдөг. Гэтэл бусдад үзүүлчихмээр, сонсгочихмоор бүтээл байх юм. Иймээс би тэдэндээ гарц гаргаж өгч байна. Удахгүй хүүхдүүд маань бие даагаад тасраад явна биз дээ.

Тэгвэл “Радио бүтээл” гэсэн хэсэгт юу байх вэ?
Энд радио нийтлэл, радио сурвалжлага, тэмдэглэл, радио хөрөг, радио зохиомж... гээд радиогийн бүх төрөл жанраар бичсэн миний бүтээл байх юм. 

“Радио хичээл” гэсэн сонирхолтой булан байна. Энэ ямар учиртай юм бэ?
Гол нь радио-сэтгүүлчийн уран чадварын хичээл байх юм. Сонирхолтой хийх талаар бодож байна. Нэг үгээр радио сэтгүүлч болох хүсэлтэй залуус миний энэ онлайн-хичээлд сууж болно гэсэн үг. Би радиод ажиллаж байхдаа хэд хэдэн сэдвээр радио хичээл хийж байсан. Тэр маягаар хийнэ гэж бодож байна. Нухацтай хийхийн тулд их бодож боловсруулж, айвуу тайвуу хийх хэрэгтэй. Гэрийн даалгавар, бие даалт гээд булантай. Радио хичээлээ бичгээр байхаас гадна сонсохоор хийнэ. Өнгөрсөн жил фейсбүүкээр хэлэлцүүлэг хийж, туршиж үзсэн, болох юм билээ.  Ер нь сэтгүүл зүй гэж явцуурахгүй ээ. Бусад олон сэдвээр радио хичээл явуулна.

ххх

Ингэхэд та аль нутаг усны хүн бэ?
Мм...нутаг ус гэвэл үү...

Яагаад ээрч түгдрээд байна...?
Үгүй дээ. Хүмүүсийн хэлдгээр унасан газар, угаасан ус гэвэл Увс аймгийн Сагиль сум... Одоо ч Увсынх гэхээс цаашгүй болж дээ. Учир нь нутаг усанд маань намайг таних мэдэх хүн бараг л байхгүй дээ. Хэрэв би алдар цуутай хүн байсан бол “манай Увсынх” гэж ирээд сураглаж, эрж хайж сүйд болно доо. Тэгэхээр би нутгаараа овоглохын тулд нэрд гарах хэрэгтэй болоод байгаа юм. /инээх/

Сагиль суманд дөрвөдүүд суудаг байхаа?
Тиймээ, би дөрвөд...

Хэл ярианаас чинь дөрвөд гэж таних юм алга, халх хүн шиг...?
Төрсөн нутаг минь Увс ч хөлд орж, хэлд орсон газар минь Улаанбаатар...

Дөрвөдөөрөө хэр ярих вэ?
Хн... хэр ярих вэ гэнэ шүү, ямар харь хэл биш дээ...

Уучлаарай, гэхдээ шууд ойлгоход амаргүй шүү дээ?
Тийм нь ч тийм. Нутгийнхаа аялгаар ярина гэвэл ёстой барахгүй ээ, харин дөрвөд, баяд, торгуудууд яаж ч  ярьсан харин чиг нэг ойлгоно шүү.

Увсынханыг ямар онцлогтой хүмүүс гэж боддог вэ?
Их хэлэмгий... бас дууч гээд ер нь тал бүрийн авьяастай. Сэтгэлийн хөөрөл ихтэй, халуун цустай хүмүүс шиг санагддаг.

Хэдийгээр та нутаг уснаасаа хол хөндий ч сэтгэл огших юм бий биз?
Байлгүй яахав. “Дөрвөн ойродын уриа” хуурын татлага сонсохоор зүрх хөөрөөд ирдэг юм. Сонин юм шүү...

Та олон хүүхэдтэй юу?
Олоон олон. Хоёр охинтой, хоёр хүргэнтэй, хоёр зээ хүүтэй, хоёр  зээ охинтой. Хоёр хоёрын дөрөв байсан. Одоо хоёр дөрвийн найм болчихоод байна, олон байгаа биз дээ?


ххх

1 comment:

  1. Сайн байна уу. Эрхэм таны энэ өдрийн амгаланг эрэн мэндчилэхийн ялдамд танай радиогийн ардын дуугаар хийсэн радио зохиомжуудын эхийг энд (http://forum.asuultserver.com/viewtopic.php?f=4&t=169863&start=156)ашиглах зөвшөөрөл эрж байна, эс гэвэл зөвхөн домгийн хэсгийг ашиглахыг хүснэ. баярлала.

    ReplyDelete

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив