Lucky Charms Rainbow

Tuesday, January 8, 2013

ОЮУТАН ТЕАТР-5



НЭВТ: РТВС-ийн сэтгүүлчийн 4-р ангийн оюутан Жавхлантуяагийн бичсэн “Цаг хугацааны алдаа” радио жүжиг хүлээн авч сонсоно уу.
                                                            / хуримын дуу /
Найз-1:         За, ингээд өнөөдөр хуримаа хийгээд амьдралынхаа хамгийн үнэ цэнэтэй мөчийг угтаж  байгаа хоёр найздаа аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье.
Найз-2:         Та хоёр минь үргэлж хамт байж насан туршдаа яг л өдөр шигээ баяр хөөрөөр дүүрэн амьдраарай...
Найз-3:         Бас хөнжлөөрөө дүүрэн хөөрхөн шар, бор алагласан хүүхэдтэй болоорой...   
                                                / Бүгд хөгжилдөн инээлдэнэ /
Нөхөр:          Өнөөдөр бидний хуриманд хүрэлцэн ирж, сайхан ерөөл тависан найзууддаа баярлалаа. Та нарынхаа итгэлийг алдалгүй бид хоёр үүрд хамтдаа байж, инээд цалгилсан сайхан амьдрал босгохын төлөө хичээх болно. Харин та нар тэр олон хүүхдээс минь харж өгнө шүү.
Найз-3:         Тэгэлгүй яахав. Харнаа, харна...
                               / Хос залуус гэдэг аз жаргалтай... гээд залуус дуулалдах /
                                      / залгаад машин хөнгөн давхих чимээ орж ирнэ /
Нөхөр:           Хайрт минь, би чамд нэг зүйл амлаж байсан даа, санаж байна уу?
Эхнэр:           Тиймээ олон зүйл амласан, эхнээсээ биелж байгаа биш үү...
Нөхөр:           Өнөөдрөөс зөвхөн чи бид хоёрын л амьдрал эхэлж байгаа болохоор аав, ээжээс тусдаа гарах нь дээр гэж бодлоо.
Эхнэр:           Одоохондоо тийм боломжгүй шүү дээ.
Нөхөр:           Чи хаана ирснийг хардаа?
Эхнэр:           Шинэ хороолол байна ш дээ... /гайхсан өнгөөр/ Үгүй чи... ?
Нөхөр:           Тиймээ, шинэ байр...
Эхнэр:           Яанаа надад хэлэхгүй яасан юм бэ? Ёстой санаанд оромгүй гайхмаар бэлэг байна. Баярлалаа хайрт минь. /залуус үнсэлцэх... энэ үед машины хаалга нээх чимээ  гараад/
Найз-2:          За, залуу хосууд минь машинд нялуураад яахав. Өргөө гэртээ орцгоо, тэгээд ханатлаа үнсэлц...
Эхнэр:           За яршиг, нялуураад байх даа яахав дээ. /ичинүйрэн инээх/
                                 / хос залуу машинаасаа гарч машины хаалга хаагдах чимээ /
Найз-1:         Хосоо минь гэр рүүгээ зүгээр ч нэг орохгүй шүү. Хэр зэрэг эр хүн болохоо харуулж, эхнэрээ гар дээрээ өргөж орно шүү дээ... /бусад нь дэмжиж шуугилдах/
Нөхөр:           Тэгэлгүй яахав. Алив, Нандиа...
Эхнэр:            /ичингүйрэн/ Яах нь вэ...?
                                    / Нөхөр нь гар дээрээ өргөж алхах зуураа ярилцах /
Эхнэр:            Нээрээ чи бид хоёр тусдаа байртай болчихлоо гэж үү, итгэмээргүй юмаа?
Нөхөр:            Тэнэгхэн минь дээ, юу гэж чамаараа тоглохов. Чамдаа барих гэнэтийн бэлэгний  
                       ердөө л эхлэл нь.  Харин нэг өрөө байр ш дээ?
Эхнэр:            Нэг өрөө ч гэсэн бидний гэр шүү дээ. Хамтдаа байх шиг жаргал хаа байнаа. Гал  
                       голомтоо өнөөдрөөс эхлэн бадрааж, аз жаргалтай амьдралынхаа эхлэлийг ийм  
                       сайхан тавьж байгаадаа одоо ч гэсэн итгэхгүй нь ээ. Яг л зүүд ч шиг...
Нөхөр:            Сэрдээ хонгор минь. Энэ бүхэн зүүд биш...
Эхнэр:            Би ч гэсэн чамдаа нэг бэлэг баринаа, харин одоо хэлэх үү, байх уу...?
Нөхөр:            Харин тэр чинь сонин байна, хэлчих... Ямар бэлэг юм?
Эхнэр:            /эрхлэнгүй/ Хэлэхгүй ээ, тэр бол энэ байрнаас ч үнэтэй...
Нөхөр:            Өнөөдөр бид хоёрт байрнаас өөр үнэтэй зүйл бий гэж үү...?  За хэлчих...?
Эхнэр:            Чихэнд чинь хэлье...
Нөхөр:            /гэнэт бөөн баяр хөөртэйгээр / Юу... хүүхэд гэнээ... Бид хоёр удахгүй хүүтэй  
                       болно гэнээ... Ёстой итгэмээргүй зүйл чинь энэ байна даа? /жаал тайвширснаа/  
                       чи яагаад одоо хүртэл  хэлээгүй юм бэ?
Эхнэр:            Хуримынхаа анхны шөнө хэлье гэж бодож байсан юмаа. Харин баярласандаа  
                       одоо  хэлчихлээ...
Нөхөр:            Чи минь наддаа хамгийн үнэтэй бэлэг өглөө. Би нэг хүн өргөж яваа биш, хоёр
                       хүн  өргөж яваа юм байна шүү дээ... /баярласандаа улам ч хурдтай гүйх/
Эхнэр:            Хүүеэ, болгоомжтой. Хүүхэд гэмтээчихэв ээ...
Нөхөр:            Одоо би өөрийгөө хүчирхэг, бас хамгийн аз жаргалтай эр болсноо улам ч
                       мэдэрч байна.
                                                                        / хөгжим /
ХӨТ:              Арван жилийн дараа...
/ хөгжим /
Үүрээ:            Уучлаарай, орж болох уу?
Нөхөр:            За... Ор, ор...
Үүрээ:            /аальгүй өнгөөр/  Намайг оруулахгүй бол чи өөр хэнийг оруулахав дээ, айн...
Нөхөр:            Мм. Чи байсан юм уу? Тэгвэл ч  харин өөр шүү...
Үүрээ:            Цонхоор ингэтлээ юу ширтээ вэ?
Нөхөр:            Юу ч биш ээ. Зүгээр л жаахан юм бодоод. Ядарч байна шүү.
Үүрээ:            Тэгвэл манайд очих уу. Чамайгаа тэврээд хэвтмээр байна?
Нөхөр:            Тэгсэн ч яахав. Нээрэн шинэ байр чинь таалагдав уу?
Үүрээ:            Тэгэлгүй дээ. Маш их... Баярлалаа хайрт минь...
Нөхөр:            Зүгээр дээ. Чинийхээ төлөө илүү ч ихийг хийнэ. Маргааш тавилгаа сонгоорой.
Үүрээ:            Тэгье л дээ. Хамт явж сонгоё.
Нөхөр:            Би амжихгүй ээ. Чи минь өөртөө тааруулаад л сонгочих. Компани дээр ажил их  
                       байна.
Үүрээ:            За, за. Ингэхэд чи эхнэртээ салах тухайгаа хэлсэн үү?
Нөхөр:           Өчигдөр орой хоолон дээр “Хэрвээ бид салвал чи яах вэ?” гэсэн чинь над руу  
                      хэсэг гайхаж харснаа юу ч хэлээгүй.
Үүрээ:            Яагаад...?
Нөхөр:           Мэдэхгүй ээ. Түүний хувьд салалт гэдэг төсөөлөхийн аргагүй зүйл л дээ. Би  
                      нухацтай хэлсэн бол чухам яах байсан юм, бүү мэд...
Үүрээ:            Нэгэнт л тодорхой зүйлийг хурдхан хэлэх хэрэгтэй ш дээ.
Нөхөр:            За за. Удахгүй дээ, удахгүй. Хонгор минь жаахан л хүлээчих.
/ Хаалга тогшино /
Нарийн бичиг: Уучлаарай, захирлаа. Эхнэр тань ирж байна.
Нөхөр:              За ойлголоо. (Хаалга хаана)
Нарийн бичиг: Сайн байна уу, та? Захирал уулзалттай байгаа. Гэхдээ одоо дуусч байна.
Эхнэр:              Аан, за. Чиний ажил сайн биз дээ?
Нарийн бичиг: Сайн. Захирлын даалгавараар ийш тийш гүйгээд л байж байна.
Эхнэр:              Миний нөхөрт сайн туслаж байгаарай. Ойрдоо ажлаас болоод тэрүү бухимдуу   
                         байх шиг байна. /хаалга онгойлгох/
Үүрээ:               За ойлголоо, захиралаа...
Эхнэр:              Сайн уу, хайрт минь?
Нөхөр:              /Хайнга байдлаар/ Хм, бид хоёр өглөөхөн салаа биз дээ? Ажилдаа дарагдаад л  
                         байж байна.
Үүрээ:               Сайн байна уу, та?
Эхнэр:              Сайн сайн. Чиний ажил сайн биз дээ?
Үүрээ:              Дажгүй ээ. За за захирлаа би гарлаа. Дараа яриагаа үргэлжлүүлье дээ. Баяртай   
                         Нандиа эгчээ.
Эхнэр:              За баяртай. /Хаалга хүчтэй хаагдана/
                                                                / хөгжим /
ХӨТ:                Орой...
                                                                / хөгжим /
Эхнэр:            /эелдгээр/ Өнөөдөр чинийхээ дуртай хоолыг хийчихлээ. Ядраа байлгүй. Сайн  
                       идээрэй.
Нөхөр:            /уцаартай/ Хоол хоол л гэх юм. Чи ер нь хоолноос өөр юм мэддэг юм уу?
Эхнэр:            Яасан бэ, хайрт минь. Ойрдоо яагаад л бухимдаад байна даа. Ажил нь бүтэл  
                       муутай байна уу?
Нөхөр:            Дан ганц ажил ч биш байх аа...
Эхнэр:            За за, ажилдаа ядарч байгаа байлгүй. Гэхдээ битгий их уурлаарай. Наад биед
                       чинь муу шүү. Хүү чамайг хүлээж чадсангүй унтчихлаа.
Нөхөр:            Харин тиймээ, ядарч байна.
Эхнэр:            Хүү хичээл нь хүндрээд жаахан хэцүү л байх шиг байна. Бид хоёр түрүүн  
                       даалгавраа хийх гэж бөөн юм боллоо ш дээ.
Нөхөр:            Хэсэг хугацаа өнгөрвөл дасчих байлгүй дээ. Харин чиний ажил яаж байна?
Эхнэр:            Гайгүй дээ. Төрийн албаны ажил ямар барагдах биш...
Нөхөр:            Сайн л байгаа бол яамай даа. Цаашид чамд л хэрэгтэй дээ.
Эхнэр:            Чи минь юу л яриад байна даа?
Нөхөр:            /шийдэмгийгээр/ Одоо боллоо. Ингэж байх ч надад хэцүү байна. Чамд хэлэх 
                       юм байна.
Эхнэр:            /гайхсан байдалтай/ Юу...?
Нөхөр:            Би чамаас салмаар байна...
Эхнэр:            Яагаад...?
Нөхөр:            Юу ч гэмээр юм бэ дээ. Чи гадарлаж л байгаа шүү дээ.
Эхнэр:            /Хэсэг чимээгүй сууснаа халбагаа шидэхэд аяга тавга жингэнэн дуугарна. 
                       Уйлж байгаад тайвшрав бололтой/  Яагаад салах сарних дээрээ тулав гэдгийг   
                       чинь мэдмээр байна?
Нөхөр:            /Ширүүнээр/ Мэдсээр байж юугийг нь асуудаг юм. Би Үүрээд хайртай...
                                                                   / хөгжим /
ХӨТ:              Дараа өдөр...
                                                                   / хөгжим /
Үүрээ:            Сайн уу, хайрт минь?
Нөхөр:            Сайн, чи минь сайн биз дээ?
Үүрээ:            Царай чинь яачихаа вэ, жигтэйхэн барайчихаж...?
Нөхөр:            Өчигдөр орой Нандиад салах тухайгаа хэлсэн.
Үүрээ:            Өө, ашгүй дээ. Тэгээд цаадах чинь юу гэж байна?
Нөхөр:            Юу гэхэв дээ. Хэцүү л байна лээ. Олон жил хамтдаа амьдарч бүх л зүйлээ хүү  
                      бид  хоёрын төлөө зориулсан хүн чинь яаж ийм юм болно гэж бодох билээ дээ...
Үүрээ:            /эгдүүцэн/  За яршиг, тэгээд чи сонин царайлаад байгаа юм уу?
Нөхөр:            Хм... Яг ч үгүй л дээ. За тэр яахав. Чи тавилгаа сонгоо юу?
                                                                      / хөгжим /
ХӨТ:              Орой...
                                                        /ахуйн чимээ орж ирээд /
Нөхөр:            Энэ миний салах өргөдөл.
Эхнэр:            Аль хэдийнээ биччихээ юу?
Нөхөр:            Өдөр бичсэн юмаа. Энэ өргөдөл дээр би чамд байшин, машин бас компанийхаа  
                       30%-ийг эзэмших эрхийг оруулсан байгаа.
Эхнэр:            Алив... /үзэж байснаа/ Би энүүгээр чинь яах вэ дээ...
                                            / урж хаяна. Цаг цохилох чимээ орж ирнэ.../
Нөхөр:            Чи унтахгүй шөнийн 02 цагт юу хийж байгаа юм бэ?
Эхнэр:            Чиний хүслийг л гүйцээж байна.
                                                     / Цаг явах чимээ үргэлжилнэ.../
ХӨТ:              Өглөө...
/ таслал /
Эхнэр:            Нэгэнт чи ингэж шийдсэн бол чинийхээр болъё доо. Энэ миний салах өргөдөл.
Нөхөр:            Аан. Шөнөжин сууж өөрийгөө ядрааж яах нь вэ?
Эхнэр:            Юу вэ, гэхээр... Надад чиний машин, байшин, компаний чинь 30% хэрэггүй ээ.
                       Би чамаас зүгээр л сална.
Нөхөр:            Юу гэсэн үг вэ? Чи миний өгч байгаа зүйлийг авах хэрэгтэй. Тэгэхгүй бол
                       миний сэтгэл амрахгүй...
Эхнэр:            Би чамаас юу ч авах гээгүй ээ. Харин энд нэг болзол бичсэн байгаа. Хоёулаа 
                       энэ өргөдлөө сарын дараа шүүхэд өгцгөөе. Тэр болтол юу ч болоогүй юм 
                       шиг амьдарья.
Нөхөр:            Мм. Хүүг зусланд явтал юу ч мэдэгдэхгүй байя гэж үү? Тэгье...
Эхнэр:            Хуримын өдөр чи намайг гэртээ яаж оруулж ирж байснаа санаж байна уу?
Нөхөр:            /өөрийн эрхгүй баярлан/  Саналгүй яахав дээ...
Эхнэр:            Чи намайг хоёр гар дээрээ өргөн оруулж ирж байсан шигээ салах үедээ ч бас
                       хоёр гар дээрээ өргөөд, гэрээсээ гаргах ёстой. Өнөөдрөөс эхлэн чи намайг 
                       бүтэн сарын турш өдөр бүр унтлагын өрөөнөөс үүд хүртэл өргөж явна.
Нөхөр:            /хөгжилтэйгээр / Тэгье, яагаад болохгүй гэж...
                                                                      / хөгжим /
ХӨТ:              Өдөр...
                                                                      / хөгжим /
Үүрээ:            Яасан? Цаадах чинь өргөдлөө бичээ юу?
Нөхөр:            Бичсээн...
Үүрээ:            Ашгүй дээ. Тэгээд чамаас юу нэхэж байна?
Нөхөр:            Юу ч авахгүй гэсэн. Харин өдөр бүр унтлагын өрөөнөөс үүд хүртэл тэвэрч яв
                       л гэнэ.
Үүрээ:            /Инээнэ/ Ямар тэнэг санаа вэ?
Нөхөр:            Харин л дээ...
Үүрээ:            Тэр шар авгай юу сэдэж байгаа бол доо. Ямар ч заль хэрэглэсэн ч чи түүнээс  
                       сална шүү. Ашгүй дээ, удахгүй чамтайгаа цугтаа байх нь. Алийн болгон
                       хүний нүднээс нуугдаж явах билээ. Бөөн ядаргаа...
Нөхөр:            Удахгүй ээ, удахгүй...
Үүрээ:            Тэгээд чи өнөө өглөө тэвэрч гаргаа юу?
Нөхөр:            Тэгсээн. Нэг л эвгүй байсан шүү.
Үүрээ:            /эгдүүцэн/ Хм... таарсан ч хоёр юм даа.
                                                                   / хөгжим /
ХӨТ:              Хоёр дахь өдөр...
                                                                   / хөгжим /
Хүү:                /Алгаа ташин баярлан хөөрч / Аав ээжийг өргөж байна. Ямар гоё вэ?
Эхнэр:             Миний хүү гоё байна уу?
Хүү:                Тийм ээ, их гоё байна.  Аав надаас илүү ээжид хайртай юм байна ш дээ.
Нөхөр:             Юу гэж дээ. Хүүдээ илүү хайртай байлгүй яахав.
Эхнэр:            10 метр ингэж алхахад хэцүү байна уу?
Нөхөр:            Өнөөдөр харин ч гайгүй байна. Өчигдөр хэцүү байсан шүү.../инээнэ/
Эхнэр:            Тийм бололтой. Өчигдөрийнхийг бодвол эвтэйхэн өргөж байна. Хүүд л битгий  
                       мэдэгдээрэй.
Нөхөр:            Тэгнээ, тэгнэ...
                                                                     / хөгжим /
ХӨТ:              Дөрвөн хоногийн дараа...
                                                                     / хөгжим /
Хүү:                Ааваа, ааваа. Ээжийг өргөх цаг болчихжээ...
Нөхөр:            /инээгээд/ Өө тийм байна. За эхлэе.
Эхнэр:            Гадаах цэцэрлэгийг засварлаж байгаа болохоор болгоомжтой яваарай.
Хүү:                Аав аа, та ээжийг өдөр бүр ингэж тэвэрч явж байгаарай. Манай найзуудын  
                       хэнийнх нь ч аав ээжийг нь тань шиг ингэж өргөж явдаггүй гэсэн.
Эхнэр:            Тийм үү...? Тэгвэл ээж нь их азтай юм аа.
                                                                      / хөгжим /
ХӨТ:               Зургаан хоногийн дараа...
                                                                      / хөгжим /
Эхнэр:            Индүүдсэн цамцаа хаана байгааг мэднэ биз дээ?
Нөхөр:            Мэднэ ээ...
Эхнэр:            Хоол хийхдээ болгоомжтой байгаарай, гараа түлдэг шүү.
Нөхөр:            За...
Хүү:                Ааваа. Та ээжийг хаалга хүргэж өгөөд намайг бас өргөнө шүү...
Нөхөр:            Тэгнэ ээ. Аав нь хүүгээ сургууль хүртэл нь тэврэе.
Эхнэр:            Таргалчихсан чинь надад таарах даашинз байдаггүй ээ.
Нөхөр:            Юу гэж дээ. Инээдтэй юм ярих юм.
                                                                      / хөгжим /
ХӨТ:              Өдөр...
                                                                     / хөгжим /
Үүрээ:            Яасан...? Өнөө өглөө ч бас эхнэрээ тэвэрч үүд хүргэж өгөө юү?
Нөхөр:            Тэгсээн. Анх амаргүй байсан ч хүч чадал ороод тэр үү өргөх гэж ядаад байхгүй  
                       болсон гээч... /инээнэ/
Үүрээ:            /эгдүүцэн/  Тэгэж баярлаж хөөрч байгаад гэртээ үлдчихэв дээ. Бусад нь ч яахав...
Нөхөр:            За юу гэж дээ. Хурдан чам дээрээ ирэх гэж яараад л тэр байхгүй юу даа.
Үүрээ:            Тийм байлгүй дээ. Нээрэн эхнэр чинь тураад бүр өнгө зүс орчихсон байна лээ.
Нөхөр:            / бодол / Би өөрийгөө хүчтэй болчихлоо л гээд байсан чинь хөөрхий эхнэр минь  
                       турснаас л өргөхөд амар байж шүү дээ. Ямар их сэтгэлээр шаналахаараа ингэж  
                       турах вэ дээ. Өнөөдөр түүний гар миний хүзүүг зөөлөн илбэхэд, хуримын өдөр  
                       санаанд буугаад хэцүү байсан шүү. Гэсэн ч сүүлийн мөчид санаагаа хувиргахгүй  
                       юм шүү.
                                                                       / хөгжим /
ХӨТ:              Сүүлийн өдөр...
/ хөгжим /
Нөхөр:            Хүү сургуульдаа эрт явжээ...?
Эхнэр:            Харин тийм ээ. Бэлтгэлтэй гэсэн...
Нөхөр:            Ингээд тэврээд явсан чинь анх чамайг хоёр гар дээрээ өргөөд гэртээ оруулж  
                       байсан минь санаанд орчихлоо.
Эхнэр:            Би чамайг насан туршдаа миний түшиг тулгуур болж явна гэдэгтээ итгэсээр л  
                       байгаа шүү.
Нөхөр:            Чиний минь төрх яг л анх харж байсан тэр хэвээрээ, жаахан л үрчлээ л  
                       нэмэгдчиэж. Хайр чинь бас л тэр янзаараа.
Эхнэр:            Хүн гэдэг нэгэнт л төгс биш хойно доо...
Нөхөр:            Бид хоёрт нэг л зүйл дутаад байж. Ажил гэсээр бие биедээ ойр байлгүй ямар ч их  
                       удаа вэ?
Эхнэр:            Би ч бас өөр зүйлд хамаг цаг хугацаагаа үрж иржээ. Энэ их цаг хугацааны алдааг  
                      чамдаа тэврүүлж явах хэдэн хоногт ухаарч, ойлгож байна.
Нөхөр:            Хайрт минь. Яг эндээ намайг хүлээж байгаарай. Би одоохон нэг асуудал шийдэх  
                       хэрэгтэй байна.
Эхнэр:            Тэг дээ. Чамайгаа яг л өмнөх шигээ үүдэн дээрээ хүлээж байя.
                                              /Машин хөдлөх чимээ гараад алсрах /
                                              / Хаалга тогших, үүд онгойлгох чимээ /
Үүрээ:            Хайрт минь, юу болоо вэ...?  Ямар их сандраав...?
Нөхөр:           Уучлаарай, Үүрээ... Би ханиасаа салахаа болилоо. Чамаас уучлалт гуйх гэж ирсэн юм. Би эхнэрээсээ салмааргүй байна. Бидний амьдрал уйтгартай болж, би чам руу татагдсанаас биш би чамд хайртай биш, харин эхнэртэй хайртай юм байна. Амьдралын энгийн атлаа  хамгийн эрхэм нандин зүйлийг анзаардаггүй байж. Анх би түүнийгээ гэртээ өргөж орж ирсэн цагаас хойш Нандиа минь надад бүхий л амьдралаа зориулсан. Бид бие биендээ хайргүй биш хэтэрхий хол хөндий байжээ. Би түүндээ өгсөн амлалтандаа хүрч эхнэртэйгээ үлдсэн амьдралаа туулмаар байна. Уучлаарай.../энэ үгийг цуурайн дээр 3 давт/
                                                       / Хаалга тас хийн хаагдана /
                                                                      / хөгжим /
НЭВТ: Та бүхэн “Цаг хугацааны алдаа” радио жүжиг сонслоо. Жүжгийг бичсэн РТВС-ийн оюутан Жавхлантуяа, найруулсан...оролцон тоглосон...

No comments:

Post a Comment

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив