Lucky Charms Rainbow

Tuesday, January 8, 2013

ОЮУТАН ТЕАТР-1

                                                                      / хөгжим /  
НЭВТ: Гарын таван хуруу-радио жүжиг
                                                                      / хөгжим /
                                             / Шум- эмэгтэй хүний дуулж байгаа чимээ /
Эгч:              /зандрангуй өнгөөр/ Хөөе Ундрах аа, чи миний гоо сайхны бараанаас битгий хэрэглээд байгаарай. Үнэтэй эд шүү, мөнгөө төлөөрэй... Худалдаж авахгүй байж сэм хэрэглээд байх юм.
Ундрах:         За юун сүртэй юм дээ. Тэгээд ч гаднаас нь харахад мэдэгдэхгүй л байгаа биз дээ. Би цэвэрхэн наагаад тавьчихсан. Ойрд хичээл ном, дипломийн ажил энэ тэр гээд ядарч байгаа юм байлгүй, арьс хуурайшаад байна.
                                                         / Шум-Бөөгийн хэц дэлдэх чимээ /
Том ах:          Та хоёр наад хэрүүлээ дараа нь бол. Би бөөлөх гэж байна.
Ундрах:         За ахаа. Эгч чинь би л орифлэймчин гэсэн шиг  байх юм. Хэдэн юмаа харамлаад л....
Эгч:              За, барагтайхан байгаарай. Тэгэж яривал хэн энэ гэрийг авч явж байна, хэн чиний наад өмсөж, зүүснийг чинь авч өгч байна, аан?
Том ах:          За дуугай байцгаа. Тэгэж ярьвал хэдэн өвөө маань л биднийг сайн сайхан авч яваа байх шүү.
Эгч:              тхх... Тийм шүү. Үнэн үнэн...
                                                       /утас дуугарах чимээ орж ирнэ/
Ундрах:         Байна уу...? Байна байна.... Хэн  гэнээ...?  Өө, Агаа юу... сайн уу Агаа?  Бид сайн, сайн... Энд дулаахан байна... Аа, Томоо юу... Томоо одоо бөөлж өвөө нарыг буулгах гээд л... Ээж ажлаасаа ирээгүй байна. Эгч зурагт үзээд сууж байна.  Батаа ах яасныг мэдэхгүй ээ. Өчигдөрөөс хойш алга л байна ш дээ. Мэдэхгүй ээ, мэдэхгүй... За за тэр яах вэ, танай наана чинь хэр байна даа? Аан, ашгүй дээ... За мэдлээ... Та тэгээд ажлаа сайн хийгээрэй, хамгийн гол нь биеэ бодоорой. Аанха... аанха... Та эгчтэй ярих уу?
Эгч:              За сайн уу? Жоожхоноо. Бие данги уу? Өө би нөгөө сүлжээндээ л явж байна. Аанха.... Нээрээ, танай наана чинь байдаг солонгос хүүхнүүд орифлэйм гэж мэдэх болов уу...? Аан... Үгүй яахав дээ... Гоо сайхны юм хум авахаар бол надад хэлчихээрэй. Авахгүй ээ... За за... Дандаа эмээ нар гэнээ….? Аан, ойлголоо, ойлголоо. Тариа будаа хэр тарьж байна даа... За за... Чи тэгээд биеэ сайн бодоорой. Хүний газар өнхрөөд өгөв дөө. Чи ерөөсөө ирэх зунаас ирээ, ир... Өө эгч нь энд энэ хэдийгээ болгоод болж л байна. Аанха... аанха... За бака, жоожхоноо.
Ундрах:         Эгчээ, миний сургалтын төлбөрийг хэзээ төлөх юм бэ?
Эгч:              За удахгүй төлнө ш дээ. Чи ер нь төлбөр, төлбөр гэхээс өөр нэг гавьтай 
                     юм дуулгахгүй хүн юмаа. Яажшуухан сурч байгаагаа цухуйлгах шинжгүй шүү.
                     Жил болгоны намар л нэг юм төлбөр мөнгө гэж дуугарах юм.
Ундрах:         За яршиг даа. Би тэгээд байнга л өнөөдөр ийм юм үзлээ, ингэлээ тэглээ гэж орой болгон тайлан тавих болж байна уу? Төлбөр өгөхгүй гээд байгаа юм бол болио боль... / явж одох хөлийн чимээ гараад хаалга хүчтэй хаах чимээ/
Эгч:              /хойноос нь чангаар орилж хэлэх/ За дэмий шүү, Ундрахаа... Өөдөөс хар яр гээд байгаарай, чи. Хорь хүрлээ гээд ах захаа хүндлэхээ болино гэсэн үг биш байх шүү. Барагтайхан байгаарай...
                                          /Шум: Хэц, хэнгэрэгний чимээ гарч байснаа зогсох/
Том ах:          Та хоёр ам муруйхгүй байна гэж ер үгүй юм аа. Яах гэж ингэж ялих шалихгүй юман дээр маргалдаж байдгийм дээ. Ингэж байхын оронд онго тэнгэртээ сайн сайхан байгаагаа дуулгаад, талархаж явах ёстой юм биш үү...
Эгч:              Тийм ш дээ. Энэ Ундрах л байхгүй юу. Хүн таван үг хэлэхэд заавал өөдөөс нэг юм дуугарч байх юм. Ер нь би л энэ гэрийг авч яваа биз дээ? Чамайг угтай гэж мэдээд онго тэнгэрээ залахад чинь хэн бүх юмыг чинь бэлдэж өглөө. Хэн энэ Ундрахын төлбөрийг хийж байна. Муу сүлжээчин гэж... амьтан хүнд адлагдсан ч Орифлэймийнхоо хүчинд өдий зэрэгтэй явж байна. Энэ бүхнийхээ хариуд... би бага ч болтугай хүндлэл хүлээх ёстой биз дээ...?
Том ах:          За, наад ам хэлээ тад. Онго тэнгэрүүд дуулвал хилэгнэхээр л байна шүү. Таныг яаж зүтгэж, биднийг өдий зэрэгтэй хүргэснийг мэднэ. Гэхдээ та бүгдийг ч хийгээд байгаа биш байх шүү. Оюунбат Солонгост боол болж хэдэн цаас хурааснаа нааш нь явуулсны хүчинд бид паартай байшин, паалантай жорлонтой дулаан сууцанд амьдарч байна. Жаахан наанатай цаанатай байсан нь дээр байх шүү...
Эгч:                За, за эгчийгээ уучил. Чи намайг мэдэхгүй  биш ажлаасаа болж стрессдэх юм байна ш дээ. Таван үгний солиогүй өөдөөс мөнгө, төлбөр нэхэхээр уурлана биз дээ...?
                                                  /Шум: гар утас залгаад дуудах чимээ/
Ундрах:         Байна уу, байна уу? Агаа юу...? Та надаа мөнгө явуулаач, тэхүү... Аниа чинь өөдөөс олон юм яриад, өгөх өгөхгүй нь мэдэгдэхгүй байнаа... Харин тиймээ... За, за... Та тэгээд хэдэн цаас явуулахыг бодоорой, за юу... Агаа, Агаа... /дуугаа намсгаад/ жоохон илүү байвал зүгээр шүү... За найдсан шүү.... Аанха... За, Аниа дуулчих байх, тасаллаа шүү...
                                                                /Шум: ахуйн шум/
Том ах:          Өнөөдөр ер нь бөөлөхөө больё доо. Жаахан ядраад байна. Маргаашнаас бөөлье дөө...
Эгч:              Яасан...  Яагаад байна...?
Том ах:         Өчигдөр нэг их “хар юм”-тай хүн ирсэн дээ...?
Эгч:              Аан тийм.... Нэг туранхай, намхан шар хүүхэн... Тэр үү...?
Том ах:          Тиймээ, тэр хүүхний “хар юм”-ыг гаргасны дараа их ядарсан. Одоо болтол толгой өвдөөд байна.
Эгч:              Аргагүй ээ, ямар л олиг байв гэж. Үгүй нээрээ, одоо хаа сайгүй л эрхи зүүсэн хүмүүс байх юмаа. Миний нөгөө танил доголон Ганбаагийн дүү бас эрхи зүүчихсэн байсан. Лам болох гээд байгаа юмуу, бөө болох гээд байгаа юм уу. Бүү мэд ээ...
Том ах:          Ер нь бол... тэр эрхи чинь их учиртай юм шүү дээ. Мэдсэн мэдээгүй, болсон болоогүй амьгүй эрхи зүүж яваа хүмүүс өөрсдөө л сэвтэнэ дээ.
Эгч:              За тэр яах вэ. Цаад Ууганаа хаагуур юу хийгээд явнаа...? Чи том ах нь байж нэг алгадаад авмаар юм даа. Айлд нэг болдоггүй хүүхэд байдаг гэсэн. Тэр нь энэ Ууганаа юм байна л даа. Чи нэг арга л даа...
Том ах:         Би бодоогүй биш боддог, хийгээгүй биш хийдэг. Ер нь архинаас гарна гэдэг хүний ухамсар шүү дээ. Тэрнээс биш би хийхээ хийж үзсэн. Ядаж цаадах чинь онго тэнгэрүүдэд итгэхгүй юм байна шүү дээ. Хатуу засал хийе гэхээр архи амсахгүй байх хэрэгтэй. Уучихвал аминд нь цөвтэй. Цагаа тулахаар “хутга ишиндээ мохоо” гэж үнэн юм. Ах нь бөө байтал дүү нь архичин гээд хүмүүс ярьж байгаа даа. Наана цаанаа учир их байна шүү...
Эгч:              Хэлээд юу гэхэв, хэлээд юу гэхэв. “Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргино” гэдэг шиг Ууганаагийн эгч гэдгээрээ би ч бас хүмүүсээс сонсох сонсохгүй юм дуулж л байна. Төрсөн гарсан юм болохоор санаа зовохгүй байж чадахгүй юм. Санаа зовлоо гээд юу ч хийж чадахгүй юм даа. /санаа алдана/
Том ах:          За, тайвшир. Болно доо, болно...
                                           /Шум: Хаалга түлхүүрдэж онгойлгох чимээ/
Ундрах:         Өө ээж...
Ээж:              мммм миний муу бор охин. Гадаа бороо ороод хүйтэн байна. Маргаашнаас дулаан хувцаслаж гараарай. Ер нь бороо орсон, ороогүй их жиндүү байдаг болж шүү.
Ундрах:         За, ээжээ... Алив наад цуваа, наашаа...
Том ах:         Өө, ээж ирээ юу...?
Эгч:              Мама минь ээ,  даараа юу... Гадаа бороо орж байна уу? Тэгнээ тэр ойрд нэг л дүнсгэр байсан юм. За хувцсаа солиод халуун цай уу...
Ээж:               Ууганаа яасан, бас ирээгүй юу...?
Ундрах:         Мэдэхгүй ээ. Хаагуур тэнээд яваа юм, бүү мэд... Өчигдрөөс хойш алга л байна  ш   дээ...
Том ах:          Тэр яахав, мөнгө нь дуусчихаар ирэх биз...
Ээж:              За та нар больж үз. Муу ч сайн ч та нарын ах чинь, дүү чинь. Яав ийв гэж санаа зовохын оронд ингэж ярьж байх гэж...
Эгч:             /эгдүүцэх/ зсссс. Ээж тэгээд л архичин хар юмаа өмөөрөөд байдаг юм. Өдий  25 хүрчихээд... хар залуугаараа ууж, дэмий тэнэхээс өөр шидгүй юмыг юунд нь тэгэж өмөөрдөг юм, яршиг л байна...
Ээж:              /зандрах/ Юу гэнээ чи... Өшөө юу гэмээр байна, аан... /нудраад авах/
Эгч:              ёоё л доо. Та яахаараа дандаа тэр муугаас болж бид хэдийг зовоож байдаг юм. Тэгэж яривал, хуруу хумсаа хугалчих шахан ажиллаж байгаа нь би л байх шүү. Ёстой юу ч хийж гийгүүлдэггүй тэр муу хүүг чинь бодвол бид л таныг гэдэг байх шүү...
                                 /Шум: Хөлийн чимээ холдож, өрөөний хаалга савах чимээ/
Том ах:          За ээж... тайвшир тайвшир...
Ээж:              Юу тайвшир гэж. Би та нарыг төрүүлж өсгөх гэж зовлоо. Тэгтэл та нар шуудайд хийсэн үхрийн эвэр шиг нэгнээ адлаад сууж байх гэж... Та нарыг хүн шиг хүн болгосон гэж бодож явсан юмсан. Хүнээ алджээ, та нар...  /уйлах/ Ингэж ч сэтгэл рүү минь ус цацах гэж дээ...
Ундрах:         Эгчийн хэлдэг зөв ш дээ. Ууганаа ах хэзээ юу хийж гийгүүлсэн юм. Дандаа хар ус гудраад  ирнэ...
Том ах:          Чи ядаж байхад дуугай байл даа.
Ундрах:         Яадаг юм...?
Том ах:          Ээж...  одоо тайвшир, за...
Ээж:               Хойно урдаасаа төрүүлээд нэг гэрт нийлүүлчихсэн юм шиг. Та хэд, арай ч дээ. Манай гэрт бөө, орифлэймчин, оюутан байхаас биш хүн гэж байна уу, аан...?  Миний зовж тээж төрүүлсэн хүүхдүүд энд байна уу...? Би бөө төрүүлээгүй, би орифлэймчин төрүүлээгүй... Та нар хүн шиг л байгаарай... Би гарч  хүүгээ олж ирнээ...
                                           /Шум: Хаалга хаагдаж, шатаар буух чимээ/
Том ах:         Та нар одоо яасан ээжийг боддоггүй юм бэ? Өдөржин энэ хүн өвчтэй хүмүүстэй зууралдаж, эм тарианы үнэр танарт толгой тархи нь өвдөж, ядарч зүдэрч байгаа гэж боддоггүй юм уу?
Эгч:              Зүгээрээ, зүгээр. Ээж  уураа гарахаар ороод ирнээ...
Ундрах:         Ер нь Ууганаа ахаас л болж байгаа юм. Оюунбат ахын оронд Ууганаа ахыг л Солонгос явуулах байсан юм.
Эгч:              Тэнд очоод нөгөө сөжү мөжүг нь уугаад энд тэнд “Ким ду-хан” царайлж ойж буусаар байгаад хөөгдөөд ирэх байлгүй. Цаадахыг чинь бодвол харин Оюунбат ах чинь ёстой “Жангум” л гэсэн үг. Юм юманд авъяастай, хөдөлмөрч...
Том ах:         Оюунбат одоо ирмээр юм дөө...
Эгч:              Яах юм. Харин ч тэндээ хэдэн жил болоод цаашаа америк явсан нь дээр. Ээжийг хар... Насаараа эмч хийлээ гээд улс ямар ганц өрөө байр өгсөн үү...?
Том ах:         За за... тэр яахав. Ээжийг уурлуучихдаг л...
Эгч:              За зүгээрээ, удахгүй ороод ирнэ...
                                                        /Шум: цаг цохилох чимээ/
Том ах:          12 болж байна. Ээж яачихваа. Би гарч хайлаа. Утсаа ч авахгүй байна...
Эгч:                Нээрэн яачихваа... Арай л удаж байна даа...
                        /Шум: хаалга түлхүүрдэх чимээ. Хүүхдүүд нь гүйлдэн ээж, ээж 
                                               хэмээн ам амандаа хэлэх чимээ/
Ууганаа:       Ээж ээ... Хүү нь ирлээ... Ээжээ...
Том ах:         Чи ер нь яасан хүн гэхээрээ ийм байдаг байнаа. Бас уучихаа юу...?
Эгч:              Хүний үр хүүхэд алдартан гавьяатан болж гийгүүлэхгүй юмаа гэхэд ядаж архи уухгүй амьдарч болмоор доо. Чи юу дутлаа, яалаа гэж ингэж явдаг хүн бэ?
Ууганаа:       Би архи уугаагүй ээ, эрүүл байна. Надад цэргийн зарлан ирсэн байхаар нь өчигдөр өглөө цэргийн комисс дээр очоод жингээр тэнцээгүй юмаа.
Том ах:         Тэгээд...
Ууганаа:       Тэгээд тэндээсээ гарч явах замдаа их юм бодсон. Эх орондоо ч хэрэггүй хүн болсон шиг л санагдсан. Ааваас хойш сэтгэл эзгүйрээд өөрийгөө тайтгаруулах гэсэндээ хар ус уусаар... сүүлдээ живж байгаагаа ч ойлгосон. Тэгээд Багануурт нэг хүн архинаас гаргах эмчилгээ хийдэг гэж дуулсан юм. Онго тэнгэрүүдийн хэлсэн үг ч санаанд орж сэтгэл шулуудаад очтол тэр газар их хүнтэй байдаг юм байна. Би хүлээж хүлээж байгаад оройтохоор нь арван жилийнхээ өнөө шар Болдоогийнд хоночихоод, өнөөдөр өдрийн хэрд уулзлаа. Маргааш ойр зуурын юм бэлдээд очих санаатай. Замаараа аавын газар дээр очоод ирлээ. За тэр яах вэ, ээж хайчсан юм бэ?
Ундрах:         Таныг хайна гээд гарсан ш дээ...
Ууганаа:       Энэ харанхуй шөнөөр намайг хаанаас олно гэж гараа вэ...? Алив цөмөөрөө гарч хайя... Гадаа их хүйтэн байна...
                        /Шум: хаалга хааж, олуулаа шатаар буух чимээ залгаад салхи хүнгэнэх, машин
                                                                   сигналдах гэх мэт/
Том ах:          За би автобусны буудал хавиар хайя. Эгчээ, та байрны энэ хавиар хай. Ундрахтай  хамт яваарай... Ууганаа чи хойд талын цэцэрлэгт саадаар үз...
Тус бүрнээ:    За... за тэгье
Ууганаа:        Тэгье ээ, ахаа...
                                        /Шум:  Борооны усан дундуур гишгэлэх чимээ/
Ууганаа:       Ишшш ээж минь дээ, ээж минь...  Та энд юу хийж суугаа юм дээ...?
Ээж:              Чамайг хаагуур хайя даа гээд арга ядахдаа л... Энд тэнд хүнд зодуулаад хэвтчихсэн юм биш байгаа гэж бодогдоод... /уйлж байснаа/ Чи гэж ямар үйлийн үртэй хүн гэхээрээ хүн ингэж  зовоодог байнаа. Намайг үхүүлж байж санаа чинь амрахнээ... /дахин уйлна/
Ууганаа:       Яалаа гэж дээ ээж минь... Хүүгээ уучлаарай. Ахиж архи ууж таныг зовоохгүй ээ. Таныг элдвийн юм болчихоогүй байгаа гээд эгээтэй л зүрх зогсчихсонгүй. Бид хэд  таныг хичнээн хайв аа... Ээж минь, хүүгийн нь буруу...
Ээж:             Үхчихсэн бол дээр байж дээ, би...
Ууганаа:       За яалаа гэж... Битгий ийм юм ярь даа. Хүү нь дахиж ээжийгээ зовоохгүй ээ. Хүү нь хичээнээ, ээжээ. Ишшш та минь бүр даарчихаж... Гэгээ орох дөхөж байна одоо гэртээ оръё. Ах, эгч, дүү гурав бас таныг хайж яваа...
                      / Энэ үед бусад нь ирж ээж, ээжээ гэж сандран шуугилдах /
Ээж:              Иш миний хэдэн хүүхэд... Ээж нь та нарыгаа зовоочихов уу даа. Ууганаагаа хараад дотор уужраад сууж байна. Та нар минь эвтэй байвал ээж нь сайн сайхан байна шүү дээ.
Хүүхдүүд:     /өөр өөрийнхөөрөө/ Ээж минь, таны үгийг сонсоогүй биднийгээ уучлаарай...
Эгч:              Бид дахиж толхилдохгүй ээ, та санаа амар бай...
Ээж:              Тэгээрэй, хүүхдүүд минь. Нэг гарын таван хуруу шиг байцгаа л даа. Гарын таван хуруунд их бага гэж байдаггүй юм. Бүгд л дэм дэмэндээ байж, үүргээ гүйцэтгэдэг юм. Тиймээс ч нэг гарын таван хуруу шиг эе эвтэй... гэсэн үг гарсан хэрэг шүү дээ...
Хүүхдүүд:      За ээжээ, үүнээс хойш энэ үгийг санаж явна...
Ээж:              Тэгээрэй гарын  таван хуруу минь. Одоо цөмөөрөө гэртээ харья даа...
Хүүхдүүд:      / их л хөгжилтэйгээрээ/ За... тэгье...
                                      /Төрийн дуулал монголын радиогоор эгшиглэнэ/
НЭВТ:           Та бүхэн РТС-ийн 4а ангийн оюутан Тамирын бичсэн “Гарын таван хуруу” радио жүжиг хүлээн авч сонслоо.

                                                                                     Сэтгүүлчийн 4-р ангийн оюутан Тамир

No comments:

Post a Comment

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив