Lucky Charms Rainbow

Tuesday, January 8, 2013

ОЮУТАН ТЕАТР-2



/ хөгжим /
НЭВТ: РТВС-ийн Сэтгүүлчийн 4-р ангийн оюутан Амарзаяагийн бичсэн “Амьдралын тойрог” радио зохиомж хүлээн авч сонсоно уу.
/ хөгжим /
ЭХ: Охины минь ирэх цаr хэдийн болчихож. Давтлагатай юм болов уу. Юм    хэлээгүй л юмсан. Хоол нь хөрчихлөө... яая даа, гарч хардаг юм билүү...
 / хонх дуугарах /
ЭХ: Ашгүй, охин минь ирлээ... Яагаад оройтов, ээж нь санаа зовоод...?
ОХИН: Юундаа санаа зовдог юм...
ЭХ: Охин минь гараа угаагаад хоол цайгаа идэж уу, ядарсан байлгүй дээ... /эрхлүүлэн үнсэх гэнэ/
ОХИН: /дургүйцэн цааргалах/ За, за... яршиг, яршиг...
ЭХ: Миний охин яагаад урвайчихав... Юу болоов?
ОХИН: Юу болдог юм байдгаарай л байна. Маргааш аавуудын хуралтай гэнэ. Манай ангийнхан сүйд  болцгоож гэнэ... хн...
ЭХ: /санаа зовсон байдалтай/ Яахав... Ээж нь очих уу...?
ОХИН: /ихэд уцаартайгаар/ Та ямар аав юм уу...? /уйлна/
/ хөгжим /
НЭВТ: Гал тогоонд эх охиныхоо дуртай хоолыг бэлдэж байна. Дараа нь ширээ засаж аль амттан бүхнийг өрж тавьлаа.
ЭХ: /бодол/ Миний охин цовоо цолгиун өсөж байна. Мөдхөн 8-р ангиа төгсөнө, одоо том болжээ. Өнөөдөр бүгдийг хэлэх хэрэгтэй. Амьдралын минь аз жаргал болсон үр минь, намайг ойлгоноо. Эцэг эхийн хурал бүр дээр магтаал сонсох шиг жаргал эх хүнд хаа байх билээ. Тэр нэг удаа багш нь хурлын дараагаар тантай аминчилж ярих зүйл байна гээд Амраагын аавын тухай асууж, охин чинь аавын тухай ярих бүр дуугаа хураагаад суучихдаг юм. Нэг удаа “Аав” сэдвээр зохион бичлэг хийхэд хоосон цаас өгсөн. Ийм насанд хүүхдийг анхаарах хэрэгтэй байдаг юм шүү гэж билээ. Тэгэхлээр охиндоо одоо л бүгдийг хэлэх цаг болсон...
/ хонх дуугарах /
ЭХ: Өө, миний охин... /үнсэнэ/
ОХИН: /их л баяртай, дуу алдан/ пөөх, миний ээж ямар гоё тансаг ширээ засаа вэ? Ингэхэд өнөөдөр ямар өдөр болж байнаа? /хөгжилтэй инээнэ/
ЭХ: Өнөөдөр ээж охин хоёр дотно яриа өрнүүлнээ...
ОХИН: А мэдлээ, мэдлээ. Миний ээж сургаал айлдах нь л дээ.... Ээжээ тоглож байгаа юм. Би таныхаа үгийг сонсолгүй яах вэ. Та минь наддаа юугаар ч сольшгүй үнэт эрдэнэ юм шүү... /ээжийгээ үнсэнэ/
/ хоол цай идэж уух чимээ буюу  аяга таваг харшин дуугарах /
ЭХ: Ээж нь охиндоо нэг чухал зүйл хэлэх гэсэн юм. Миний охин сайн сонс...
ОХИН: Ээжээ, та аавын талаар хэлэх гэж байгаа бол хэрэггүй дээ. Би тэр хүний тухай мэдэх албагүй. Би таныгаа зовоохгүй гэсэндээ тэр хүний тухай огт асуудаггүй байсан юм. Эртээд миний гаргасан аашийг уучлаарай. Би ганцхан тандаа л хайртай.
ЭХ: Ээж нь чамайг аавынхаа тухай яагаад асуудаггүй юм бол доо гэж боддог байлаа. Одоо миний охин том болж, ухаан суужээ. Бүгдийг мэдэх цаг чинь болсон. бүгдийг... /санаа алдана/
ОХИН: /гайхан/ Бүгдийгээ...
ЭХ: Тиймээ... Ааваасаа өмнө нэг зүйлийг мэдэх хэрэгтэй...
ОХИН: /гайхсан хэвээр/ Юуг...?
ЭХ: Ээж нь охиныгоо хөдөөгийн нэг сайхан эмэгтэйгээс өргөж авсан юм...
ОХИН: /цочирдон/ Үгүй, үгүй... Би таны охин, ээжээ... Би ганцхан таны л охин... /уйлна/
/ хөгжим /
НЭВТ: Нэг мянга есөн зуун ерээд оны эхэн үе. Шинэ цагийн тэргүүн баячуудын нэг Шагдарыг Баянцагааныхан их багагүй мэднэ. Мал хуйг нь хамжилцагч нэртэй олон зарцтай, гунхсан сайхан эхнэртэй... гээд баян Шагдарыг тойрсон яриа олоон. “Итгэлт баян царайлчихаад энэ муу намхан хөх залуу яаж ийм сайхан эхнэртэй болдог байнаа, мөн ч зайтай эр юмаа” гэж сайлах муулахын хооронд ярицгаана. Шагдарын сайхан эхнэр угаас бэл бэгчин муутай, ах дүү олонтой борог айлын охин. Тиймдээ ч ядарсан нэгнээ яаж ийгээд чирээд явахыг бодно. Бүсгүй нагацынхаа өнчин охин Ганааг өөртөө туслуулах нэрээр дэргэдээ авчрав. Ганаа охин баян Шагдарын нэргүй зарц болж, алив сайн муу бүгдийг үүрийн гэгээнээс үдшийн бүрий тасартал борив бохисхийх чөлөөгүй хийсээр хэдэн жилийн нүүр үзжээ. Өнчин охин нас биед хүрэхийн үесд нутгийн залуусын харцыг булааж, сэтгэлийг гижигдсэн сайхан бүсгүй болжээ.
/ хөгжим /
/ Хонины бэлчээр дээр хос морьдын амгаа харших чимээ /
ЭМ: Баасансүрэн, урьд шөнө чамайг зүүдэллээ...
ЭР: /хөгжилтэй/ Тэгээд яаж байх юм дээ...?
ЭМ: Бид хоёр нэг хөөрхөн охин хөтлөөд явж байх юм...
ЭР: Чи минь жаахан хүлээчих. Би юутай ч өөрийн гэсэн гэрээ бариад авья. Тэгээд аав, ээждээ хэлж байгаад чамайгаа аваачна.
ЭМ: Чамтайгаа байвал би жаргалтай... Ирэхгүй удахаар чинь аргаа барах юм байна шүү...
НЭВТ: Мянгат малчин Пагаагын их хүү Баасансүрэн хэдэн саахалтын газраас довтолгон ирж, хайртай бүсгүйтэйгээ хээрийн бэлчээрт ийн сэтгэлийн жаргал эдэлсээр жил шахам болсныг энэ л хонин сүрэг, нутгийн бүлээн салхинаас өөр хэн ч мэдэхгүй. Ганаа бүсгүйн хувьд мянгатынд бэр болж очихоос илүүтэй хэнээс ч нууж хаалгүй Баасансүрэнтэйгээ хамт байж, хүүтэй болж, жаргалтай амьдрахыг л хүснэ. Бүсгүйн сэтгэл юунд ч хазаарлагдахгүй тийм хүчтэй байлаа.
/ хөгжим /
НЭВТ: Сүүлийн үед Баасансүрэнтэйгээ уулзах нь бүү хэл барааг нь харах ч хүндхэн болжээ. Юу болсныг бүсгүй эс ойлгоно. Ядаж байхад Шагдар хөгшин Дамбатай суулгах гээд улайраад байдаг. “Тэр муухай хөгшинтэй амьдарснаас үхсэн нь дээр” гэж бүсгүй бодно. Шагдарын хувьд залуу бүсгүйг ганц бие хөгшин баянд өгөөд худ ураг болоод авчихвал алсад хожоотой тул улайрна. Нэг удаа хөгшин Дамба, Шагдар хоёр чухам л сайн найзууд болж өдөржингөө нэрмэл шимж, элдвийг бурж өнжлөө. Шагдар бүсгүйг Дамбад үйлчил хэмээн шахаж, Дамба шүлэнхтсэн жоотгор нүдээр бүсгүйг байн байн цоо ширтсээр үдэш болгов.
Шагдар: Алив, Ганаа миний хүү Дамба ахынхаа хажууд суучих...
Дамба: Тэгэлгүй яахав. Наашаа суу... май үүнийг тогтоочих... Май...
Ганаа: Дамба гуай би ууж чаддаггүй юмаа...
Дамба: Юу гэсэн үг вэ, өдий хорь хүрчихсэн хүн татаж суралгүй яадаг юм... май...уучих...
Ганаа: Шагдар ахаа хонь хотлох цаг болчихжээ, ажил хэцүүдлээ...
Шагдар: За тэр яах вэ, цаана чинь хүмүүс байна. Тэгээд ч ах нь чамайг өнөөдөр чөлөөлж байна. Бид хоёрын дэргэд жаахан сууж байгаад эртхэн амар...
Дамба: Тийм шүү, алив суучих...
НЭВТ: Одод түгэж нутгийн шаргал талыг тас харанхуй нөмрөн авлаа. Шагдар, Дамба хоёр хөлчүүрхэж дуусав бололтой.
Дамба: За, Шагдар минь сайхан суулаа. Одоо амаръя даа, чи өвгөндөө амалснаа мартаагүй биз, хө... /хэ хэ хэ хэмээн нууцлаг инээнэ/
Шагдар: Мм... Алив Ганаа, миний дүү илүү гэрт очиж Дамба ахдаа ор засаад өг...
/ таслал /
НЭВТ: Ганаа илүү гэрт дэнлүү бариад ор засаж байтал Дамба орж ирээд “Өө, ах нь ингэсхийгээд унтаад өгнө. Харин миний дүү ахтайгаа хамт жаахан хэвтэж байгаад гараач” гээд бүсгүйн араас тэврэн авлаа... Тэр шөнө хэн ч, юу ч сонсоогүй, мэдээгүй юм шиг өнгөрлөө. Харин залуу бүсгүйн гэгээн хүсэл мөрөөдөл нь ор мөргүй унтарч, гомдол харууслын хүлээсэнд орсноо л мэдэрч байлаа.
/ хөгжим /
НЭВТ: Нутгийн жихүүн өвөл, цаг үеийн тогтворгүй байдалтай зэрэгцэн Ганаа бүсгүйн төрөх өдөр ойртсоор байв. Цаг хугацаа өнгөрч олон зүйл өөрчлөгдсөн ч бүсгүйн хувьд Шагдарынд нэргүй зарц хэвээр үлдэж, хөгшин Дамба цэцэг цэврүү шиг залуу бүсгүйг бузарлаж орхиод, авч суух нь битгий хэл энэ хот айлаар ч үзэгдэхээ болиод бараг 9 сар болжээ. Эхнэрийнхээ дүүг ийм байдалд хүргэсэн Шагдар хулгай хийсэн нохой шиг Ганааг харуутаа хоолой засан буруу харж өнгөрнө. Бүсгүй Шагдарыг үзэн ядах сэтгэл төрөвч нэгэнт энэ газраас явж чадахгүйдээ арга тасран, үхэж ч чадахгүй ингэж амьдарч яваадаа улам бүр гутарна.
/ таслал /
НЭВТ: Баян Шагдарын гадаа нарлаг зун гурвантаа айлчлан иржээ. Гэрийн үүдэнд бор шувуугаа унжуулан зогсох сайран хацартай бор хүү өнөө хөгшин Дамбын үлдээсэн үр аж. Ганаа бүсгүй нэгэнт хүүтэй болсон болохоор урьдын харамслаа бага боловч мартаж, хүүгээ өхөөрдөн саатуулж, өнөө л нэргүй зарцын ажлаа хийсээр...  Мянгат малчин Пагаа “удам судар, нэр төрөө бодсонгүй айлын зарцтай амьдралаа холбох гэлээ” гэж хүүгийнхээ саналыг тас эсэргүүцэн зоо-техникч болгохоор хот руу явуулсан тухай сонссон боловч хөөрхий бүсгүй, яалтай ч билээ.
/ таслал /
НЭВТ: Ганаа саяхан сумын сунгаан дээр сураг алдарсан Баасансүрэнтэйгээ гэнэт тааралдаж, мэнд усаа мэдэлцэхдээ бие биенээ гэх сэтгэлийн гал нь бөхөөгүйгээ хоёул тэрхэн агшинд мэдэрчээ. Сургуулиа төгсөөд нутагтаа ажиллахаар ирсэн Баасансүрэн хайртай бүсгүй нь ямар их зовлон амсныг хараад тэсэж чадалгүй хүний үр ч гэлээ өөрийн хүү шиг өсгөе хэмээн шийдэж, Шагдарын хот айлаар бууж мордох болов. Энэ удаад Шагдар Пагаад мэдэгдэлгүй энэ хоёрыг хурдхан шиг суулгаад явуулчих юмсан гэж адгана. Ингээд бүх юм бүтэдгийн даваан дээр Баасансүрэнгийн ижийн бие гэнэт муудаж, хүүгээ дуудуулжээ.
Ээж: Хүү минь, чи энэ өрх гэрийн голомтыг залгаж, нэр төрийг өргөж явах учиртай долоон хүүгийн минь том нь билээ. Гэтэл юунд халхын сайхан хүүхнүүд дундаас айлын зарц, дорой буурайг сонгож, нэр төр, удам угсаагаа уландаа гишгэв.
Хүү: Үгүй дээ, ээж минь... Ганаа...
Ээж: Дуугаа тат, битгий тайлбар хэлэх гээд бай. Ямартаа ч би тэр дагавар хүүхэдтэй зарц эмэгтэйг энэ айлын босгоор алхуулахгүй... /уурандаа уйлна/
/ хөгжим /
НЭВТ: Угаас ядуу бүсгүй амьдралд элэглүүлж дахин нэг эрийн үр хэвлийдээ тээж үлдлээ. Айлын хаяа түшиж амьдардаг бүсгүйд хоёр үр нь эрдэнэ гэхээсээ илүүтэй зовлон болж, арга тасрахдаа өөрийгөө дэмий л зүхнэ. Шагдарын садангийн хүн болох тээврийн жолооч өвгөн жонш ачиж явах зам зуураа тэднийхээр бууж цайлдаг байжээ. Нэг удаа ирэхдээ: “Манай охин ойрд хүүхэд өргөж авах тухай яриад байх боллоо. Охин минь хүнтэй суугаад тав, зургаан жил болж байгаа боловч үр заяадаггүй ээ. Танайх энэ жоохноо манайд...” гээд таг болчихов. Энэ үед охиноо хөхүүлж суусан Ганаад үрээ харамлах сэтгэл төрж байсан хэдий ч охин үрээ хайрлах сэтгэл нь дийлж, “Миний охин хожим над шиг айлын хаяа бараадаж, эрийн царай харж амьдрах ёсгүй. Эртхэн сайн айлд өгөх нь дээр биз дээ” хэмээн эрс шийдэж, бодлоо өөрчлөв. Ингээд хэдэн өдрийн дараа охиныг нь авахаар хотоос хүмүүс ирэхэд дөрвөн сартай охиндоо сүүлчийн удаа ангир шар уургаа амтлуулаад, шинэ ээжид нь тэврүүлэн үдэж өгөхдөө нүд дүүрэн нулимстай зогсож байлаа.
/ хөгжим /
ЭХ: Чамайг аав бид хоёр чинь өргөж авснаар манайх гэдэг айл ёстой тэгш дүүрэн болсон юм даа. Чиний уйлах дуу, ход ход инээх чимээ тав зургаан жил хоёр биенээ харан амьдарч ирсэн бид хоёрт үртэй байхын жаргалыг мэдрүүлж, чиний Баярмаа нэрийг сольж, хосын заяаг бэлгэдэн аавын чинь Амар, ээжийн нь Заяаг оруулан Амарзаяа нэр хайрласан юм. Гэвч энэ аз жаргал тийм ч удаан байсангүй. Чамайг ганц нэг үг шулганан, паацганан алхах үесд аав чинь ажил ихтэй энэ тэр гээд хонон өнжин явдаг байснаа нэг удаа бүр яваад өгсөн юм даа.
ОХИН: Ёстой муухай хүн юмаа...
ЭХ: Ээж нь тэгэж боддоггүй юм. Эр хүн төрсөн үрийнхээ зулайг үнэрлэж чадахгүйд хүрвэл хичнээн хайр халамж байгаад ч тэр хөрсөн сэтгэлийг нь эргүүлж болдоггүй юм билээ. /санаа алдах/ За тэр яахав, миний баяр баясгалан бол ганц чи юм шүү дээ. Хэрэв ээж нь төөрсөн охиноо олж аваагүй бол ёстой яаж амьдрах байсан юм, бүү мэддээ...
ОХИН: Үгүй дээ ээж минь, та миний төөрсөн ээж биш, заяасан ээж минь юм шүү...
ЭХ: Ээж нь сүүлийн үед их бодох болсоон. Хүн амьдралд ганцаардаж болохгүй. Ганцаардал гэдэг хэцүү. Надаас хойш охиныгоо ганцаардахвий гэж айдаг байлаа. Гэтэл төрсөн ээж аав, ах дүү чинь чамайг сураглаж байгааг сонсоод сэтгэл уужрах болсон.
ОХИН: /эгдүүцэх/ Тэд яахаараа намайг сурагладаг юм. Ёстой гайгүй байнаа... Надад энэ орчлонд ганц л ээж бий. Тэр бол та...
/ хөгжим /
НЭВТ: Энэ явдлаас хойш удалгүй охин ээжийнхээ хамт Мааньт өртөөн дээр амьдардаг төрүүлсэн ээжтэйгээ уулзахаар төрсөн нутаг Баян сумыг зорьсон юм. Үнэндээ түүнд хайртай ээжээс нь өөр ямарч ээж төсөөлөгдөхгүй байлаа. Гагцхүү ээжийнхээ гуйлтаар явсан хэрэг. Харин төрүүлсэн эх Ганаа нь сандрал, догдлол зэрэгцүүлэн охинтойгоо уулзсан юм. Тэрээр төрүүлсэн охиноо сайн сайхан явааг хараад сэтгэл уужравч, зүрхэндээ өөрөө ч ойлгохгүй нэгэн харуусал тээн үлдсэн юм. Тэр уулзалтаас хойш хэдэн жилийн дараа охин дахин төрсөн нутгаа зорилоо. 21 жилийн өмнө 4 сартай нутгаасаа гарч байсан охин энэ удаа хайртай ээжээсээ гадна ханиа, үрээ дагуулжээ. Чухам хэнийг зорьж яваа юм бол...?
/ машинны чимээн дээр /
Бүсгүй: /бодол/ Хэдэн жилийн өмнө ээжтэйгээ уулзсан уулзалт минь нэг л хөндий хүйтэн байсан. Тэр үед би бас л бага байж дээ. Харин одоо бол өөр. Аав намайг яаж хүлээж авдаг бол...? Аавыг надтай адилхан л гэх юм. Гэхдээ ямаршуухан ааш зантай хүн юм бол доо. Хэрэв... За, за тийм юм хаанаас болох вэ, сайхан хүлээж авбал намайг өдий зэрэгтэй өсгөж өндийлгөсөн эжийгээ, хайртай ханиа, охиноо танилцуулнаа... Аав хоёр хүү, нэг охинтой гэсэн. Гэхдээ надтай уулзах юмсан гэж их ярьдаг гэсэн. Үнэн л байгаа даа...
НЭВТ: Бүсгүй зам зуур ийн уртын урт бодол хөврүүлсээр хүрэх газраа ирлээ. Гаднаа арваад гүү барьсан хөдөөгийн эгэл нэг айл харагдана.
/ хөдөөгийн шум-гүүн зэл.../
НЭВТ: Тавь эргэм насны  нэг эмэгтэй, бас тийм насны гүзээтэй бор эр тэднийг угтан авлаа. Газарчилж ирсэн аманцар байрын авгай “За аав чинь гэртэй байгаа юм байна. Бууцгаая...” гэлээ.
Авгай: /шулуун шийдмэг өнгөөр/ За, Баасансүрээн, хүсээд байсан охиныг чинь дагуулаад ирлээ. Энэ сайхан охин өөрийг чинь гэж зорьж ирлээ ш дээ...
НЭВТ: Сандарч тулгамдсан мөнөөх эр “За гэрт орцгоо доо...” гээд эхнэрийнхээ хамт гадаа хэсэг саатсанаа орж ирээд гэрийн хоймор тухлан сууж, гэрийн эзэгтэй идээ будаа тавьж, цай барилаа. Гэнэтийн уулзалт болохоор хэн нь хаанаас юу ярихаа мэдэхгүй хэсэг зуур нам жим сууцгаалаа. Гэрийн эзэгтэй эл байдлыг эвдэхээр шийдэв бололтой:
Эзэгтэй: Эцгээ гэж зорьж ирдэг сайн охин байна даа. Манай энэ ч сүүлийн үед охинтойгоо уулзахсан, үгүй ядаж барааг нь болтугай нэг харахсан гэж их ярьдаг болсон. Эгч нь ч айлын өргөмөл хоёр хүүхдийн нэг болохоор ойлгоноо, ойлгоно...
НЭВТ: Эзэгтэйн энэ ил тод, цайлган үг гэрт байгаа хүмүүсийн сэтгэлийн хүлээсийг тайлж, эхнэр хүүхэдтэй хүн дээр гэнэт охин нь гээд огт танихгүй хүн хүрээд ирэхээр эхнэрт нь ямар байх бол гэж аймсаж суусан эх, охин хоёрын сэтгэл ч цэлмээд явчихав. Тэдний яриа бага багаар өрнөсөөр уур амьсгал их л халуун дулаан болж ирэв. Холоос зорьж ирсэн хүүхдүүддээ ямааны боодог хийж, айргаар дайлж байснаа Баасансүрэн авдрынхаа араас ганц шил юм гаргаж хүмүүст тойруулан бариад, өөрийнхөө ээлжин дээрээ овоо хэд угсруулан татаж аваад сэтгэл дотроо байсан бул чулууг гаргаад хаясан аятай, зориг ч орж:
Эцэг:  Аав нь тэр жил хүүхнээ өөр дээрээ авах санаатай очиж явах зам зуур нутгийн хүн тааралдаж, Ганаа охиноо холын хүмүүст үрчлүүлсэн. Тэд дөнгөж сая охиныг чинь хот руу аваад явчихлаа гэхээр замаасаа буцсан юм. Тэр үед миний зол дутсан даа. Ямар айлд үрчлэгдсэнийг мэдэхгүй ч, миний охин сайхан хүн болжээ. Одоо аав нь баярлахаас өөр яах билээ. Миний охиныг өсгөж хүмүүжүүлсэн энэ эмэгтэйд баярлалаа гэж хэлэх ч багадах биз дээ. Аав нь ээжтэй нь амьдрах гэж их оролдсон. Болдоггүй юм, болдоггүй юм билээ. Хамтдаа хол яваад сураггүй болоод өгье ч гэж боддог байсан. Гэвч бүтээгүй ээ /санаа алдах/ /фауз/ Охин минь, чамтай уулзах гэж бөөн хүслэн болсон хоёр хөгшин бий. Миний охин өвөө, эмээтэйгээ уулзаад явна биз дээ. Аав нь охиныгоо өвөө эмээ, бас ах дүүтэйгээ танилцуулна...
/ хөгжим /
/ хөдөөгийн найрын чимээ /
НЭВТ: Хорин нэгдүгээр зууны арван нэгэн оны намрын дунд сар. Баянцагааны цөлөрхөг тал нутагт намрын налгар өдрүүд ирснийг илтгэх мэт засваргүй үргэлжлэх алтан шаргал дэрс салхины аясаар ганхана. Сумын сайн малчин Пагаа өвгөний уяан дээр олон морьд, гэрийн гадаа машин, мотоцикль гээд ёстой нэг олны хөлд дарагджээ. Учир нь Пагаа өвгөн бага хүүдээ шинэ гэр бариад найр хийж байгаа нь энэ. Цугласан олны анхаарлыг холын гийчид юу юунаас илүү татаж байв. Энэ бол нөхөр хүүхэд, ээжийнхээ хамт хотоос ирсэн бүсгүй байв. Их багагүй олон хүн бүсгүйг сонирхон сонжиж, нүд салгахгүй шохоорхон харахын зэрэгцээ: “Мөн байна, яах аргагүй мөн байна. Тэр нүд, шүдийг нь хараач, яг л манай Мийеэ... Үгүй тэр чихийг нь хараачээ, ингэж дуурайх гэж...” хэмээн өөр хоорондоо шивнэлдэнэ. Харин Пагаа өвгөн бүсгүйг чийг даасан нүдээрээ ажин суухдаа,  “...Ээ дээ, хүний хувь заяа гэж ямарч гайхалтай юм дээ. Тэр цагт хөөрхий муу эхийг нь ад шоо үзэж, хүүгээ холдуулаагүйсэн бол бас нэг сайхан хүүхэнтэй байх байж дээ. Хөөрхий минь, бага жаахан ч гэсэн бидний муухай занг өршөөгөөд хүрээд ирж... Явсан хүн ирдэг гэдэг энэ дээ...” гэж өөрөө өөртөө хэлснээ чулуун соруултай гаансаа түрийнээсээ сугалан тамхи хийгээд урт гэгч сорлоо.
Саяхан хүртэл айлын ганц явсан Амарзаяа бүсгүй ингэж төрсөн эхээсээ нэг ах, хоёр дүү, ааваасаа гурван дүү, дээр нь хөндий дүүрэн ахан дүүстэй болчихно тэр. Амьдралын тойрог оо гэж...
/ хөгжим /
НЭВТ: Та бүхэн СУИС-ийн РТС-ийн оюутан Амарзаяагийн бичсэн “Амьдралын тойрог” радио зохиомж хүлээн авч сонслоо.

No comments:

Post a Comment

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив