Lucky Charms Rainbow

Friday, January 11, 2013

МОНГОЛ НҮҮДЭЛ



/  Сонсож болно /                                                            
                                                                        / хөгжим /
РЕДАКТОР: 1995 оныг Монгол улс “Монголын соёлын жил” болгон зарласан. Энэ сэдвээр ямар нэвтрүүлэг бэлтгэх билээ гэж удаан бодож, олон зүйлийг эрж хайв. “Айлаас эрэхээр авдраа уудал” гэсэн үг орой руу орж, хувийн лавлахаа сөхлөө. Бөөн баяр... бөөн олз... Хэдэн жилийн өмнө Францын Үндэсний Телевизийн найруулагч Жиль Коэмбэтэй  хийсэн ярилцлага хайж байсан сэдвийг  минь хэлж өглөө.
 
СОРОНЗОН БИЧЛЭГ-францаар:
 КОЭМБЭ: Чингэс хааны үр сад дэлхийн ямар ч улс үндэстнээс ялгаатай өвөрмөц соёлтой хүмүүс юм. Энэ нь нүүдэлчдийн соёл бөгөөд байгаль дэлхий, газар нутгаа шүтэх ухаан юм. Хөдөөгийн малчид байгаль орчин, өвс ургамалаа эвдэхгүйгээр хэдэн зуун жилийн турш нутаг сэлгэн нүүсээр ирсэн нь тун сонин санагдлаа. Би монголчуудыг байгальтайгаа дээд зэргээр зөв харьцаж чаддаг энэ дэлхийн цор ганц үндэстэн гэж хэлнэ. Эцэст нь нэг зүйлийг нэмж хэлье. Хөдөөгийн малчид үеэс үед уламжилж ирсэн ном судраа эх орныхоо тусгаар тогтнолын бэлгэдэл болгон тахиж, дээд зэргийн хоргой торгоор баринтаглаж, авдар савандаа залсан байхыг хараад үнэхээр сэтгэл хөдөллөө...
РЕДАКТОР: Ингээд би эрхэм Коэмбэгийн ярианаас үүдэн нэвтрүүлгээ МОНГОЛ НҮҮДЭЛ хэмээн нэрлэлээ, та бүхэн хүлээн авна уу.
 
                                                                           / хөгжим /
 
НЭВТ: Монгол хэмээх нэгэн угсаатан бий болсон цагаасаа нүүсээр эдүгээ хүрсэн. Тиймээс монголчуудыг нүүдэлчид гэдэг. Овог аймгийн нүүдэл, аян дайны нүүдэл, нийслэл хотын нүүдэл, малчны нүүдэл... гээд олон нүүдлийг монголчууд түүхэндээ бий болгожээ. Эд бүгд өөр өөрийн онцлогтой. Монгол нүүдэл нэгэн соёл, бас урлаг юм. Сонсогч та юугаараа соёл юм бол гэж сонирхож байгаа бол бидэнтэй хамт хөдөөгийн нэгэн айлын нүүдэл даган явахыг урьж байна.
 
                                                               / хөгжим /
 
НЭВТ: Малчин монголчууд цагийн өнгийг даган өвөлжөөнөөс хаваржаанд, хаваржаанаас зусланд, зуслангаас намаржаанд, намаржаанаас өвөлжөөнд гэж дөрвөн том нүүдэл хийх бөгөөд нэг улиралдаа хэдэн ч удаа нүүж болно.
Малчин Дорж ная шүүрч яваа хэдий ч ануухан, тэнхлүүн өвгөн. Дорж хүү Цэнгэлийнхтэйгээ хоёр гэрээрээ 700-гаад хонь ямаа маллах боловч саалийн үнээ, уналга эдэлгээнд хэрэглэх морь, тэмээ, шар үхэр, модон тэрэг гээд ер дутуу юмгүй хөдөөгийн эгэл айл. Хоёр гэрийн том жижиг нийлсэн 6 ам бүл нүүдэлд бэлтгэж гэрээ буулгаж эхэллээ. Нүүх айлын нэг гол ажил бол гэр буулгаж, ачих явдал байдаг. Тэднийг гэрээ буулгах зуур сонсогч танд монголчуудын гэр ямар хэв маягтай, ямар онцлогтой сууц болох талаар танилцуулья.
 
                                                    / гэр буулгах чимээ орж ирээд /
 
НЭВТ: Монгол гэр бол нүүдэлчдийн мянга мянган жилийн амьдралаар шалгагдаж боловсронгуй болсоор ирсэн эвхэж хураахад эвсээрхэн, барьж буулгахад маш бага хугацаа зарцуулдаг, агаарын солилцоо болоод нарны тусгал сайтай, эрүүл мэндийн хувьд хүмүүст нэн тохиромжтой өвөрмөц сууц.
Өнөөдөр монголчууд 4 ханат, 5 ханат, 6 ханат, 8 ханат, 10 ханат гэр хэрэглэж байна. Хамгийн түгээмэл хэрэглэдэг их 5 ханат гэрийн ашигтай талбайг сонирхуулбал 30 метр хавтгай дөрвөлжин талбайтай тэнцэх бөгөөд багтаамж нь 50 метр куб юм. Сонсогч та 1,5 метр өндөр цлиндр ханан дээр 27 градус орчим налсан конус залгаж гэрийн дүрсийг төсөөлж болно. Энгийн үгээр хэлбэл монгол гэр нь бөмбөгөр хэлбэртэй юм шүү дээ. Харин хаалганы өндөр хэдэн ханатай ч байсан тогтмол байдаг уламжлалтай. Монгол гэрийн 60 гаруй хувийг модоор хийдэг бөгөөд эсгий бүрээстэй. Иймээс “Эсгий гэр” гэж нэрлэх нь ч бий. Гэрийн унь, тооно, хаалга болоод гэр доторх эдлэлийг үеэс үед уламжилж ирсэн хээ угалзаар чимсэн байдаг. Эдгээр хээ угалз маш олон янз байх бөгөөд аливаа билэг дэмбэрлийг илтгэдэг юм.
Монголчууд гэртээ нарны гэрэл бүрэн тусаж байхыг бодож хаалгаа чанх өмнө зүг хандуулж гэрээ барьдаг уламжлалтай. Гэрийн тооноор туссан нарны тусгалыг эрт үеэс эдүгээ хүртэл цаг болгон ашигласаар байдаг нь монгол гэрийн нэгэн өвөрмөц шинжийг илтгэх бизээ.
 
  / гэр буулгах чимээ тодорч ирээд залгаад хөгжим / 
 
НЭВТ: Эрхэм сонсогчид оо, монголчууд гэр хэмээх сууцаа хэдий үеэс хэрэглэж ирсэн талаар түүхийн баримт сөхье.
НЭВТ: Монгол гэрийн хамгийн анхны баримт гэвэл МЭӨ 3-р зууны хагасаас 2-р зууны хагаст оршин тогтнож байсан Монголын анхны төрт гүрэн Хүннү нарын эсгий гэрийн талаар Хятадын түүхчид бичиж үлдээсэн тэмдэглэл бий. Үүнээс үзэхэд монгол гэр 2-3 мянган жилийн түүхтэй сууц ажээ. 12-14-р зууны үеийн монголчуудын нэлээд түгээмэл хэрэглэж байсан гэр бол “тэрэгтэй гэр” юм. Алдарт жуулчин Марко Пологийн тэмдэглэлийг сөхөж үзвээс, хааны гэрийг 22 үхэр хөллөсөн тэргэн дээр байрлуулдаг байжээ. Энэ гэрийн диаметр нь 10 метр. 14-р зуунаас монголчуудын аян дайны ажил багассантай холбоотойгоор алс газар нүүж суухад зориулсан “гэр тэрэг”-ийг ашиглахаа больж, зөвхөн тэрэг болж үлдсэн түүхтэй. 16-р зуунаас монголд шарын шашин хүчтэй орж ирсэнтэй холбоотойгоор монгол гэрийн барилгын онолын үндэслэлд өөрчлөлт гарчээ. Энэ үед буддын шашны барилгын ухааны үндсэн дээр монгол гэрийн өндрийн хэмжээ багасаж, эзлэхүүн болоод талбайн хэмжээ нь дээд цэгтээ хүрсэн байна. Ийнхүү өнөөгийн монгол гэрийн дүр төрх 17-р зууны үед бүрдэж тогтсон гэж судлаачид үздэг юм. Монгол гэр бол нүүдэлчин овог аймгийн дэлхийн уран барилгын санд оруулсан маш том бүтээл.
Өнөөдөр манай улсад монгол гэрт амьдарч байгаа хүмүүсийн 95 хувь нь хөдөөд, 42 хувь нь нийслэл Улаанбаатарт байна. Судлаачдын үзэж байгаагаар энэ бүтэц ойрын 15 жилд өөрчлөгдөхгүй аж. Монголчууд нүүсээр байсан цагт монгол гэр устаж үгүй болохгүй бизээ.
 
                                                / гэр буулгах чимээ тодорч ирнэ /
 
НЭВТ: За тэр шүү, хүмүүс гэрээ буулгаж ачаалахад бэлэн болчихжээ. Алив цагаа хар даа, хэдэн минут болж вэ? Ердөө 15 минут. Энэ бол гайхалтай хурдан хугацаа...
 
                                                    / ачааллах чимээ орж ирэх /
 
НЭВТ: Малчин Доржийн хот айл цомхон тул 3 тэмээ, 4 шар үхэрт ачаалж хөдлөхөд бэлэн болжээ. Нүүдэлчдийн хувьд бас нэг гол зүйл бол тэрэг юм. Сонсогч та дэлхийд анх хаана, хэн тэрэг зохиосон тухай бодож үзсэн үү? Тэгвэл нүүдэлчин монголчууд гээд хэлчихье. Мэдээж үүнийгээ баримтаар нотлолгүй яахав.
 
/ хулсан хуурын аялгуу, модон тэргэний чимээ орж ирнэ /
 
НЭВТ: Монгол нутагт тархсан чулуун номон дээр энэ тухай өгүүлсэн байдаг юм. Монгол орны Хэнтий, Өмнөговь, Хөвсгөл, Говь-Алтай, Төв гээд олон аймгийн нутагт байдаг хад чулуун дээр сийлсэн тэрэгний зургийг эрдэмтэд МЭӨ 3-1 мянган жилийн өмнөх үеийн бүтээл гэж үздэг юм. Тэрэгний зургийн талаар эрдэмтэд санал нэгдээгүй хэдий ч 3-5 мянган жилийн тэртээ малын хүчийг тэргэнд хөллөн ашиглаж байсан тухай баримт мянга мянган жилийн байгалийн хатуу ширүүн үзэгдэлд баларч усталгүй ирснээрээ дэлхийд анх түрүүн тэрэг зохион бүтээсэн ард түмэн бол монголчуудын өвөг дээдэс гэдгийг баталж байна.
 
                                           / модон тэрэгний чимээ тодорч ирээд холдох /
 
НЭВТ: Нүүдэл хөдлөхөд бэлэн болжээ. Малчид аль хэдийн хуучин бууриа бүртийх ч хоггүй цэвэрлэж цэмцийлгэжээ. Өгөөж буянаа өгсөн бууцаа нар зөв тойроод нүүдэл шулуудлаа. Нүүдлийг гэрийн эзэгтэй хөтөлсөн байна. Малаа туухдаа хүртэл учиртай аж. Гэр бараагаа хүртэл эрмбэ дараалалтай ачжээ. Юутай ч гэрийн эзэнтэй ярилцья.
 
СОРОНЗОН БИЧЛЭГ:
СУРВАЛЖЛАГЧ: Дорж гуай, энэ нутаг тунгалаг устай, соргог бэлчээртэй сайхан л газар байна шүү дээ. Малчин та нар нэг газраа тогтохгүй байн байн нүүгээд байдгийн учир юу вэ?
ДОРЖ: Энэ тухай хэлбэл олон зүйл бий. Юуны өмнө усны тунгалаг, өвсний сөлтэйг хөөн нүүж малаа таргалуулах хэрэгтэй. Хэдийгээр энэ нутаг сайхан мэт харагдаж байвч мал өөхлүүлэх ургамал хомс юм. Иймээс бид малаа өөхлүүлж, таргыг нь тогтоох нарийн өвс ургамалтай нутаг руу нүүж байгаа нь энэ. Ер нь малчин бид хэзээнээсээ бэлчээрээ хуваарьтай ашигласаар ирсэн хүмүүс. Түүнээс гадна монгол нутгийн хөрс нимгэн тул нэг газраа удаан байвал хөрс эвдэрч, улмаар байгалийн унаган төрх алдагдах болно. Газар нутаг уудам гээд хамаа замбараагүй нүүгээд байвал малын хөлөөр байгаль дэлхий эвдэрч дуусна шүү дээ. Ингэхэд монголчууд бид байгалиа онгон төрхөөр нь хадгалахын тулд нүүдэг ч болсон ч юм билүү?!
СУРВАЛЖЛАГЧ: Нүүхдээ хуучин бууриа хамгаас илүү цэвэрэж харагдах юм?
ДОРЖ: Тэгэлгүй яахав. Өчүүхэн төдий хог үлдээвэл түүнийг тойроод муу өвс ургана. Хөдөөгийн бид буурин дээрээ хог үлдээсэн айлыг нэг насаар нь муу хэлнэ шүү дээ.
СУРВАЛЖЛАГЧ: Та нар бууриа цэвэрлэж байхдаа морины шон болоод гадасыг сугалж, нүхийг нь шороогоор дүүргэж харагдсан...?
ДОРЖ: Монгол хүн буурин дээрээ шон, гадас үлдээж явахыг цээрлэдэг юм. Сугалж авсныхаа дараа шороогоор дүүргэж байгаа нь хөрсийг хуучин хэвд нь оруулж байнаа гэсэн үг. Удахгүй тэр газар өвс ургамал ургаж тэгшрээд ирнэ. Алга дарам газрыг ч эвдэхгүй гэсэн өвгөдийн маань үзэл өнөө ч байгаагийн нэг илрэл энэ шүү дээ. Энэ ажлыг ихэвчлэн хүүхэд багачууд хийдэг юм. Эргээд ирэхэд нь бөглөсөн нүх нь олдохгүй байвал тэд их баярлана шүү дээ.
СУРВАЛЖЛАГЧ: Нэг үе малчид машин техникээр их нүүдэг байлаа. Харин одоо уламжлалт хөсгөө эргээд хэрэглэдэг болоо юу даа?
ДОРЖ: Машин тэргээр нүүдэг айл байгаа байгаа. Тэр бүү хэл том, жижиг машинтай айл олон болсон шүү дээ. Манайх ядарч зүдсэндээ үхэр, тэмээгээр нүүж байгаа юм бишээ. Би хувьдаа ойр зуурын нүүдэлд ердийн хөсөг тохиромжтой гэж үздэг хүн. Үгүй наанадаж газрын хөрс эвдрэхгүй шүү дээ.
СУРВАЛЖЛАГЧ: Та ачаалж байхдаа ном судартай ачаагаа эхний тэмээн дээр ачаарай... гээд онцолж анхааруулаад байсан. Ингэж чухалчлаад байгаагын учир юу вэ?
ДОРЖ: Монголчууд бид ном судраа юу юунаас илүү хүндлэн биширдэг хүмүүс. Нүүдэлчид хамгийн хүндтэй ачаагаа эхний тэмээн дээр ачдаг юм. Эхний тэмээн дээр ном судраас гадна гэрийн тооно, тулгаа ачна. Энэ нь гал голомтоо дээдлэн хүндэтгэж байгаагын илрэл юм даа.
СУРВАЛЖЛАГЧ: Танайх ном судар олонтой юу?
ДОРЖ: Эцэг өвгөдөөс уламжлагдаж ирсэн ном судар бий.
СУРВАЛЖЛАГЧ: Нүүдлийн зам урт хойно, та ном судрынхаа талаар сонирхуулахгүй юу?
ДОРЖ: Үгүй хө, тун сайхан байна. Би энэ тухай ярих их дуртай. Энэ бол манай гэрийнхний бахархал юм. Учир нь надад З үеийн өвгөдийн маань ном судар байдаг юм. Миний мэдэхээс төвд, монгол, тод бичгээр бичсэн ном бий. Миний элэнц эх Мядаг гэж нутаг усандаа зартай уран эмэгтэй байсан гэдэг юм. Эмэгийн маань өнгө өнгийн утсаар хатгаж бүтээсэн торгон номын нэг хуудас бий. Би удмынхаа энэ соёлоор бахархаж, нандигнаж явдаг хүн дээ.
НЭВТ: Эрхэм сонсогчид оо, малчин Дорж гуайн яриан дээр монголчуудын бичиг номын талаар хэдэн зүйл нэмэрлэе.
 
                                                                      / хөгжим /
 
НЭВТ: Монголчууд түүхэндээ арав гаруй бичиг үсэг зохион хэрэглэж иржээ. Түүхчдийн судалгаагаар МЭӨ 3-2-р зуунд оршин тогтнож байсан Хүннү, түүний дараа үеийн Тоба нар цөм өөр өөрийн бичиг үсэгтэй байжээ. 12-р зууны үед монголчууд “Монгол бичиг”, “Дөрвөлжин бичиг” хэрэглэж байж. Дөрвөлжин бичгийг Пагва лам зохиож, Монгол төрийн бичиг болгосон байна. Үүний дараа 16-р зууны үед бурхан шашны ном судар орчуулах үүднээс “Галиг үсэг”-ийг бий болгож, 17-р зуун буюу 1648 онд “Тод монгол” үсгийг үүсгэж, 1686 онд “Соёмбо” үсэгтэй болжээ. Энэ соёмбо үсэг өнөө ч Монгол улсын төрийн далбаа дээр туяарсаар байна. 1930 онд латин, 1940 онд крилл үсгийг засан найруулж хэрэглэснээр өнөөг  хүрсэн. Ард түмнээ бүх нийтээр бичиг үсэгтэй болгов гэж 1970 онд ЮНЕСКО Монгол улсыг шагнасан юм. Сүүлийн жилүүдэд “Монгол бичиг”-ээ сэргээж, хоёр бичигтэй улс орон болох зорилт дэвшүүлээд байна.
НЭВТ: Сонсогч та монголчууд түүхэндээ чамлахааргүй олон бичиг үсэг хэрэглэж иржээ. Харин бичиж үлдээсэн ном судар нь хэр юм бол доо гэж сонирхож байна уу?  Тэгвэл бид түүхэндээ шавар ном, үйсэн хуудастай ном, чулуун номноос эхлээд эрднийн чулуу, торго хоргойгоор ном бүтээж ирсэн хүмүүсээ. Алт, мөнгө, оюу, сувд, тана, зэс гээд есөн эрднээр цоолборлон бүтээсэн олон ном эдүгээ Улсын төв номын санд хадгалагдаж байна. Мөнгөн хуудсан дээр алтан үсгээр бүтээсэн “Сандуйн жүд” хэмээх сударт 52 кг алт, 460 кг мөнгө оржээ. 1496 хуудастай “Жадамба” судрыг ачиж нүүхэд маш олон тооны тэмээ хэрэглэдэг байжээ.
НЭВТ: Ном бүтээх бүх боломжийг ашиглаж байсан монголчууд хүн төрөлхтөн цаас зохион бүтээхэд ч оролцсон бөгөөд цаасан хуудастай ном барлах хэвлэх ажлаас бас хоцорсонгүй. Британы болон Орос, Францын нэвтэрхий толь бичиг төрж гарахаас  хэдэн зуун жилийн өмнө 1628 онд 108 боть Ганжуур, 226 боть Данжуур хэмээх их хөлгөн судрыг энэтхэг, төвд хэлнээс орчуулан барлан гаргаж байжээ. Энэ хоёр хөлгөн судрын эхнийхэд нь 1161 зохиол, удаахад нь 3458 бүтээл багтсан байдаг. Энэчилэн олон баримт дурдахад л тухайн үедээ монголчууд ном хэвлэх, бүтээх талаар бусдаас нэг их хоцорч байгаагүйг гэрчлэх буйзаа. Харин орчин үеийн ном хэвлэх нарийн арга ухааны хувьд сүүл барьж явааг нуух юун.
 
                                                         / нүүдлийн чимээ орж ирнэ /
 
НЭВТ: Нүүдэл үргэлжилсээр. Одоо цөмөөрөө малчин Дорж гуайтай үүсгэсэн яриандаа эргэж оръё.  
         
СОРОНЗОН БИЧЛЭГ:
СУРВАЛЖЛАГЧ: Дорж гуай! Нүүдлийн замд энэ жаахан хүүхдүүд ядардаг байх даа?
ДОРЖ: Хаанаас гэм. Монгол хүний заяа хойно юу гэж ядрах вэ. Хөдөөгийн хүүхдүүд нүүдэл гэхээр бөөн баяр хөөр болно. Учир нь тэд нүүдэл бүхэндээ шинэ шинэ зүйлтэй танилцаж байдаг юм. Үгүй наанадаж байгаль дэлхийтэйгээ зөв харьцаж сурна шүү дээ.
 
                                                    / нүүдлийн чимээ тодорч ирээд /
 
НЭВТ: Эрхэм сонсогчид оо, би хамгийн залуу нүүдэлчний дэргэд ирээд байна. Тэр ердөө ой өнгөрч байгаа бололтой юм. Бяцхан нүүдэлчин маань тэмээн дээр тэгнэсэн араг дотор таатай нь аргагүй тухалжээ. Монголчууд бургас модоор сүлжиж хийсэн нэгэн зүйл савыг араг гэж нэрлэдэг юм. Үдийн халуунд хоёр хацар нь улаа бутарч, жижигхэн хамар дээр нь хөлс бурзайжээ. Одоо цөмөөрөө бяцхан нүүдэлчинтэй мэндлэе.

СОРОНЗОН БИЧЛЭГ:
СУРВАЛЖЛАГЧ: Сайн явж байна уу, яасан муухай хүүхэд вэ...?
      /шум-хүүхэд ямар нэгэн юм шулганаж байснаа гэнэт уйлна/
СУРВАЛЖЛАГЧ: Бяцхан нүүдэлчин та бүхэнтэй тун ойлгомжтой хэлээр мэндчилж байна. Хүүхэд л юм хойно микрофон авах гэж булаацалдаад өгөхгүй болохоор уйлчихлаа. Одоо яанаа, ээж нь ирж явна... Ууртай охиныг тайвшруулахаар ээж нь хамгаас дуртай мөөмийг нь өглөө. Залуу эх газар тухалж суугаад биш, морин дэл дээр үрээ хөхүүлж явна. “Монгол хүн морин дэл дээр өсдөг” гэдэг энэ байжээ.
 
                       / нялх хүүхдийн баясан хөөрөх чимээ нүүдлийн чимээгээр солигдоно /
                                                                                                                                                                              
НЭВТ: Нүүдэл зогслоо. Очих газраа хүрэв үү гэтэл үгүй бололтой. Тэгвэл юун учир нүүдэл зогсов оо! Өө, алсад хот айлын бараа харагдаж байна. Тэгвэл ойлгомжтой, нүүдэл тосож хүмүүс иржээ. Монгол газар нүүдэлтэй таарсан айл идээ, цай барин тосож уулздаг уламжлалтай. Энэ бол зөвхөн нүүдэлчид л баримталдаг харилцааны нэгэн соёл юм. За хамтдаа урагш дөхье...

СОРОНЗОН БИЧЛЭГ:
-          Сайн явж байна уу, нүүдэл тухтай сайхан уу?
-          Сайхаан, сайхан. Та бүхэн амар сайн сууж байна уу, зуншлага сайхан уу?
-          Сайхан зусаж байнаа, мал тарган биз дээ?
-          Мал тарган сайхаан...
-          За энэ... идээ, цай зоогло доо. Өнөөдөр нүүдэл таарсанд бид бэлэгшээж байнаа...

                           / хүмүүсийн ярианы цааш үргэлжлэх фон дээр /
 
НЭВТ: Хэзээ ч юм бүү мэд “Нүүдэл” хэмээх нэгэн үйл бий болсон цагаас эхлэн эдүгээ хүртэл баримталсаар буй энэ эрхэм ёс магадгүй монголчууд бидэнд л байдаг бизээ.
Амьдрал тарчигхан юм ховор живэр болж, хувь хувиа хичээх үзэл ноёлсон энэ цаг дор цайны сүү, тавагны өрмөө хөдөөгийнхөн харамлаагүй хэвээр байгаа юм байна. Магадгүй “монгол нүүдэл” байсан цагт энэ эрхэм ёс устаж үгүй болохгүй буйзаа.
 
                                        / нүүдлийн чимээ дахин орж ирнэ /
 
НЭВТ: Нүүдэл цааш хөдөллөө. Хэзээ мөдгүй монголчуудын уламжлалт баяр- наадам болох гээд хөдөөд хөл хөдөлгөөн ихтэй байгаа нь илт.
 
                                           / морьтны чимээ орж ирэх /
 
НЭВТ: Үе үехэн морьтон зөрөн өнгөрнө. Тэд хэдий яарч яваа ч баруун хөлийн дөрөөг мултлан амар мэнд асуугаад өнгөрнө. “Дөрөө мултлах” гэдэг нь монгол газар том хүндэтгэл юм. Ялангуяа нүүдэлтэй таарсан морьтон заавал дөрөө мултална. Энэ нь “Би танай нүүдлийг хүндэтгэн бууж мэндэлж байна” гэсэн утгатай эрхэм үйл юм.
 
                                         / нүүдлийн чимээ тодорч ирнэ /
 
НЭВТ: Монгол нүүдэл үргэлжилсээр. Хүрэх газар хараахан болоогүй байна. Гэвч нэвтрүүлгийн цаг өндөрлөх болжээ. Энэ удаа би МОНГОЛ НҮҮДЭЛ НЭГЭН СОЁЛ хэмээлээ. Юутай ч хот суурин газрын соёлт амьдралаас хол хөндий хөдөөгийн монголчуудын талаар нүүдэл дагасан эрхэм сонсогч та эрх биш нэгийг тунгаасан буйзаа.

                                                                                                                       1995 он

No comments:

Post a Comment

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив