Lucky Charms Rainbow

Tuesday, January 8, 2013

ОЮУТАН ТЕАТР-4



                                                               / хөгжим /
НЭВТ: СУИС-ийн РТС-ийн оюутан Бэгзсүрэнгийн бичсэн “Ихэр нүдэн” радио жүжиг хүлээн авч сонсоно уу.
                                                               / хөгжим /
                                               / утас дуугарах чимээ орж ирэх /
Бэгзээ:            Байна уу?
Эх:                  Байна уу, Бэгзээ юу?
Бэгзээ:            Тиймээ. Би байна, та...
Эх:                  Тиймээ, Нямаа эгч нь байна... /уйлна/
Бэгзээ:            Эгчээ яасан бэ, юу болоов...?
Эх:                  Хүү минь, Тэмка...Тэмка чинь...
Бэгзээ:            /цочин сандарч, үгээ давхцуулан/ Тэмка...Тэмка яасан гэж...Нямаа эгчээ, Тэмка 
                       яасан гэж...?
Эх:                  /Нэлээд тайвширсан байдалтай/ Хүү минь тайван байгаарай... Тэмка чинь 
                       осолд  орчихоод, маш муу байна. Чи уулзах хэрэгтэй байхаа...? / дахин уйлах/
Бэгзээ:            Нямаа эгчээ, би одоохон.... аль эмнэлэгт очих вэ?
Эх:                  /уйлах/  ................
Бэгзээ:            Нямаа эгчээ тайван байгаарай... Дүү нь одоохон очлоо... /хариу ч сонсолгүй
                       утсаа таслах/
   / гудамжны чимээ... машин давхин өнгөрөх, сигналдах чимээ... нэг машин огцом зогсох /
Эр:                  Хөөе залуу, чи эрүүл байна уу, эсвэл согтуу юм уу. Машин доогуур орчих гээд...
Бэгзээ:            Ахаа туслаарай... цаана чинь... найз минь болохоо байлаа...
Эр:                  Хурдан суу...
Бэгзээ:            Ээ гялай гэж... энэ жолооч нар яачихваа нэг нь ч зогсдоггүй шүү...
Эр:                  Хаашаа явах юм?
Бэгзээ:            Эмнэлэг, эмнэлэг... хурдлаарай ах минь...
Эр:                  Аль эмнэлэг вэ...?
Бэгзээ:            Би эмнэлэг гэсэн шүү дээ, хурдлаарай...
Эр:                  Хүү минь тайван,тайван... би аль эмнэлэг рүү явах юм бэ?
Бэгзээ:            Аа, тийм... байз, байз аль эмнэлэг гэлээ дээ... Аа тийм, Гэмтлийн эмнэлэг    
                       байхаа...  /машин хөдлөх чимээ/
Эр:                  Хүү минь чи их сандарчээ дээ, найз нь яасан юм дээ?
Бэгзээ:            Мэдэхгүй ээ, осолд орсон юм шиг байна. Маш муу байна гэнэ. Миний багын
                       ганц найз минь юм. Яачихсан юм бол оо...
Эр:                 Хүү минь, наад зүүсэн зузаан шилийг чинь харвал хараа тийм чиг сайнгүй   
                      бололтой. Ийм зузаан шилтэй хүн болгоомжтой явж байх хэрэгтэй. Чи сая золтой  
                      л машин доогуур орчих шахлаа шүү дээ...
Бэгзээ:           /явж байгаа машины чимээ дээр бодол /  Тиймээ... манай Тэмка бас ийм зузаан шил зүүдэг. Ямартаа л манай цэцэрлэгийнхэн бид хоёрыг Ихэр нүдэнгүүд гэхэв дээ.
                                                                     / хөгжим /
                                           / цэцэрлэгийн хүүхдүүдийн хөгжилтэй чимээ өгөх /
Тэмка:           Бабагаа,сайн уу?
Бабага:          Сайн... Хөөх, Тэмка чи ямар гоё пальтотой болчихоо вэ, ёстой гоё юмаа...
Тэмка:           Бабагаа, аяархан ярь л даа. Би хүүхдүүдээс ичээд байна. Ээж өчигдөр орос дэлгүүрээс авч өгсөн, гоё байгаа биз...?
Бабага:          Ёстой гоё юмаа... Чи юундаа ичдэг юм бэ. Би бол харин гайхуулна гээч... Найз нь хуучин пальтогоо дахиад л өмсөж байна. Ээж  мөнгөтэй болохоороо шинийг авч өгнө гэсэн.
Багш:            Хүүхдүүдээ, хувцасаа шүүгээндээ хийгээд өглөөний цайндаа ороорой...   /хоёр хүүд хандан өхөөрдөн хэлэх/ За, ихэр нүдэнгүүд минь бэлэн болсон бол гүйгээрэй...
Хүүхдүүд:      за... за багшаа... /гүйлдэн явах чимээ/
Тэмка ээж:    Үгүй тэр Бабагыг ээ, дээр дээр үсрээд л... танай Бабага сэргэлэн хүү шүү...
Бабага ээж:   Манай Бабагын хөдөлгөөн арай л дэндүү юм. Хөдөлгөөнтэй болоод ч тэрүү, зүүсэн шилээ ер тэсгээхгүй. Хэдийг ч хагалав даа. Уржигдархан хагарсан шилийг нь сольж өглөө шүү дээ. Харин танай Тэмка их тогтуун дөлгөөн хүү. Шилээ хагалдаггүй биз...?
Тэмка ээж:    Гайгүй шүү, анх л зүүсэн шил нь... Гэхдээ манай Тэмка дэндүү ноомой юмаа. Түүнтэй тоглох хүүхэд олдохгүй. Ганц найз нь танай Бабага шүү дээ. Бабагаас өөр хэнтэй ч дуугарахгүй, хачин хүүхэд шүү...
Бабага ээж:   Манай хоёр хоёулаа линз зүүдэг болохоор тэр үү, их төстэй шүү. Ёстой л ихэр нүдэнгүүд дээ.
Тэмка ээж:    Тиймээ, ихэр нүдэнгүүд... /хоёул хөгжилтэй инээнэ/
                                                                  / хөгжим /
/ Биеийн тамирийн зааланд сагсан бөмбөгийн тэмцээн болж байна /
Хүүхэд:          Бэгзээ, бариад аваарай... бариарай...
Олон:            9в...9в...9в...Бэгзээ, Бэгзээ, гоол...гоол...гоол...
                                                   /шийдэнд гоол оруулах чимээ/
Олон:            Гоол...гоол... урай... манайх хожлоо... 9в урай...урай...
Олон:            Манай Бэгзээ сайн байсан шүү. Манай анги дахиад цом авлаа. Бэгзээ чи шүү...
Бэгзээ:           /бахархалтайгаар инээгээд их л бардам өнгөөр/ Би оруулахгүй бол сагсан 
                      бөмбөгийн тэнгэр гомдох байлгүй дээ...
Ангийн хүү:   Тийм шүү. Бэгзээ байгаагүй бол манай анги цомоо алдах байлаа. Бэгзээ чи шүү...
Олон:             Тийм шүү, одоо цөмөөрөө явцгааж алтан медалиа, бас цомоо угаацгаая...
                                                    / хүүхдүүд дэмжин шуугилдана /
Тэмка:           Бабагаа, хүүе Бабагаа... Баяр хүргье, чи ёстой сайхан байлаа шүү...
Бэгзээ:           Аяархан л даа... Юун Бабага вэ, хүн сонсчихно ш дээ...
Тэмка:           Чи надад бол Бабага шүү дээ... /инээнэ/
Бэгзээ:           Балай юм. Наадах чинь аль амбасан үеийн нэр ш дээ. Хүн сонсчихвол намайг  
                      шоолно ш дээ. Одоо тэр Бабага, Замбагаа болиорой...
Тэмка:           /гомдолтойгоор/ Өө за, за... би чамайг Бэгзээ гэхээс илүү Бабага гэж дуудах дуртай юмсан...
/ тэр хоёрын хажуугаар хүүхдүүд явж өнгөрөх чимээ үргэлжилсээр /
Бэгзээ:           /чангаар/ Одоо бид хоёр том эр хүн болсон. Бага нас бол бага нас. Өнгөрсөн баларсан цагийн юм ярьж дурсаж байхаа больж үз. Тэгэхгүй бол чамтай найз биш болж чадна шүү. Надад чамаас илүү олон сайхан найз байна.
Тэмка:           /гомдолтойгоор/ За, за. Бамбага... үгүй ээ, Бэгзээ найзыгаа уучлаарай...
Бэгзээ:          За зүгээр, мэдсэн л бол болоо. /Тэмка явах гэнэ/ Хүүе Тэмка... өнөө орой манай ангийнхан, бас найз нар маань миний алтан медалийг угаана гэсэн. Чи ирнэ биз 
                      дээ?
Тэмка:           Үгүй юу л даа... Математикийн олимпиадад бэлтгэж байгаа юмсан...
Бэгзээ:           Өө за, одоо найздаа их зан гаргах нь уу. Өнөө чиний яриад байдаг багын найз, энэ
                      тэр яасан бэ? Тэр олимпиад чинь багын найзаас чинь  үнэтэй байна уу, Аа.   Найзыгаа сонгох уу, тэр толгой эргүүлсэн тоогоо сонгох уу, өөрөө мэддээ, анд минь...
                                                                / таслал-хөгжим /
Тэмка:           /бодол/ Нээрэн... Газар дээрх ганц найзынхаа баярыг хуваалцахгүй бол муухай юм болно. Бабага өнөөдөр ямар их баяр хөөртэй байваа. Хөөрхий минь, гаднаа жаахан тийм ч дотроо цайлган юм шүү дээ. Бас хүнд тусархаг, сайн хүү шүү. Харин надад гомдчихоогүй байгаа даа. За, тэр тоо ч яахав. Багшид учрыг нь тайлбарлаад хэлчихнэ. Нээрэн тоо гэснээс Бабагын физикийн бодлогыг бодчихсоноо хэлэхээ мартчихаж, тэр ч баярлаж хөөрсөндөө асуухаа мартсан байх. Ер нь эртхэн харьж ээжээс мөнгө авч Бабагадаа бэлэг авья, байз. Харин юу бэлэглэх вэ...? /фауз/  Аа тийм, Бабага бага байхдаа дарвуулт завь авахуулна гээд бөөн юм болж байж билээ. Ер нь түүнийг нь аваад очвол их баярлана даа. За эртхэн дэлгүүр явья...
                                                                     / хөгжим /
                                                   / Бэгзээгийн гэрт... олны шум.../
Бэгзээ:          Манай багынхны амжилтыг тэмдэглэхээр ирсэн бүх найзууддаа баярлалаа. Найзуудаа, бидний бэлтгэсэн зүйлийг голж шилэлгүй сайхан  найрлаарай...                   /хөгжилтэй инээнэ/
Найз-1:          Алтан медаль зүүсэн багын нөхдүүдтэй час халуун баяр хүргэе...
Найз-2:          Найзуудаа, энэ сайхан алтан цомыг барууныхны таашаан хүртдэг энэ   
                      гайхамшигтай дарсаар угаацгаая...
                                                  / олны чимээ урай, 9в-гийнхэн мандтугай... /
Охин:            Охидууд бид хөвгүүдээс дутахгүй шүү. Энэ бөмбөгийг хар даа... /бүгд дуу алдана/ Энэ бөмбөгөөр ирэх жилийн цомыг аваарай хэмээн ерөөгөөд багын ахлагч Бэгзээдээ барья...
Найзууд:        Ерөөл бат оршиг... 9в мандтугай... 9в мандтугай... Бэгзээ чи шүү...
/хөгжим дуугарч хүүхдүүд хөгжилдөн байх үед гаднаас Тэмка орж ирнэ /
Тэмка:           Сайн байцгаана уу...? Ба... Ба... үгүй ээ, Бэгзээ чамд болоод танай багынханд
                      баяр  хүргэе...
Хүлгээ:          Юу гэнээ, Ба...Ба... гээд энэ ээрч муурсан “дөрвөн нүдэт” хэн гээч вэ? /фауз/ Аа таньлаа, таньлаа... /ха ха ха инээгээд/ 9а-гийн гавал байх шив дээ. Бэгзээ,  энэ эрдэмтэн царайлсан нөхөр, арай чиний дотны найз юм биш биз дээ? Ядаж байхад юун ч адилхан юм дээ, ихэр нүдлээд... /дахин чангаар инээнэ/
Бэгзээ:          За, Хүлгээ зүгээр байгаарай... Би юу гэж энэ ноомойтой найзлах вэ дээ. Ээж нь манай ээжтэй хамт ажилладаг юм. Би ээж, аавыг хөдөөнөөс утсаар ярих үед Тэмкатай хичээл хийж байна гээд наадахыг чинь яриулчихдаг юм. Тэгээд бүх юм окей ш дээ... /сулхан инээх/
Хүлгээ:         Тийм байлгүй дээ. Би бүр гайхлаа ш дээ... Миний найзын ухаан гэж уулын цаадах юмаа. /ха ха ха инээх/
Охин:            Хүлгээ, чи арай дэндэж байна. Энэ хоёр яагаад найз байж болохгүй гэж. Нэг нь манай сургуулийн спортын хаан, нөгөө нь математикийн хаан... харин ч сайхан юм биш үү...
Хүлгээ:          За охидууд ингээд балайраад байдаг юм шүү. Спорт, математик хоёр найз гэж би л лав дуулаагүй юм байна.
/ хүүхдүүд ийн маргалдаж байх хооронд Бэгзээ Тэмкаг дагуулан өөр өрөөнд орно /
Бэгзээ:          Тэмка, чи сая миний хэлсэн үгэнд гомдоогүй биз дээ. Багын анд минь, найзыгаа ойлгоорой. Чи эдний дэргэд миний багын найз, энэ тэр гээд ярих хэрэггүй... Ер нь хэнтэй ч, юу ч ярилгүй дуугүй байгаарай, за юу?
Тэмка:          За ойлгож байна, дуугүй байнаа... Чамаас өөр хэнтэй ч ярих билээ дээ... /инээх  
                     аядана/
Бэгзээ:          За сайн байна. Чамайг гомдоосон бол уучлаарай, анд минь. Би хэлье гэж хэлээгүй юм шүү... Спортын багынхан гэж бас нэг ертөнц байх юм.
Тэмка:           Би мэднээ, чиний буруу гэж юу байхав дээ...
                     / цаанаас хүүхдүүд Бэгзээ, Бэгзээ... гэж дуудах чимээ /
Тэмка:           За цаадуул чинь дуудаад байна. Оч доо, миний найз...
Бэгзээ:           Миний найз ухаантай шүү. За би явлаа, чи наанаа идэж уугаад, зурагт үзээд сууж  бай... Өө, эртээд чиний үлдээгээд явсан ном чинь ч байгаа, түүнийгээ уншсан ч болно ш дээ... /Бэгзээ гүйж одно/
Тэмка:           /цаасан боодол задалж байгаа чимээ орж ирээд/ Энэ хөөрхөн дарвуулт завь... Бамбага найз минь, чи үүний хойноос амиа тавих шахан байдагсан. Авч чадахгүй ч харж баясах гэж намайг дагуулаад дэлгүүрт гүйж очдогсон. Хоёулаа дэлгүүрийн лангуун дээр эрүүгээ тавьчихаад далбааг нь тоолж эхэлнэ. Тоогоо алдчихаад дахиад л тоолно... Худалдагч эгч ирээд: “За, ихэр нүдэнгүүд минь дарвуулт завиныхаа далбааг тоолж зогсоно уу...” гэхээр гараад гүйдэгсэн. Найз нь өнөөдөр чинийхээ багын тэр баяр хөөрийг дахин харах гэж. Тэр сайхан цагаа дурсан ярих гэж үүнийг авсан юмсан. Одоо энэ чамд хэрэггүй бололтой. Тэр цаг ч бас өнгөрсөн бололтой... /санаа алдах/
/ бүжгийн хөгжим дээр хүүхдүүд бүжиглэх чимээ орж ирээд намсах /
                                                                 / хөгжим /
Бэгзээ:            /гүйсэндээ амьсгаадан хэлэх/ Нямаа эгчээ, Тэмка...Тэмка... яаж байна?
Нямаа:           Чамайг л хүлээгээд байх шиг байна, ор доо...
Бэгзээ:            Тэмка, Тэмка... Бабага нь байна...
Тэмка:            /зовиуртай/  Аа, Бабага...
Бэгзээ:            /хоолой нь цахиртан/ Тэмка минь, яачих нь энэ вэ...?
Тэмка:            /амьсгаадан, арай ядан хэлэх/ Зүгээрэй, найз нь чамаас... чамаасаа... /уучлал эрэх
                       үг хэлэх гэсэн ч гүйцээж чадахгүй/
Бэгзээ:            /уйлан,уйлан/ Тэмка... Тэмка...
Тэмка:            /үгээ арай ядан хэлэх/ Миний найз битгий уйл даа. Бабагаа... Үүнийг чамд өгөх  
                       гэсэн юм. Намайг... намайг санахаараа үзэж байгаарай...
Бэгзээ:            Тэмка...Тэмка... /ихэр татан уйлна/
                                                               / гунигтай хөгжим /
Бэгзээ:           Тэмка минь, чи яагаад намайг орхиод явчихаж байгаа юм бэ. “Хоёулаа хэзээд хамтдаа” гэж хэлдэг байсан биздээ, чи... Ингээд явчих байсан юм бол яах гэж надтай найзалсан юм дээ, тэнэг хүүхэд. Чи миний дэргэд байж надад зөвлөж, алдааг минь засаж, бас намайг ямар эхнэр хүүхэдтэй болохыг харж, ямар амжилтанд хүрэхийг, яаж хөгшрөхийг минь үзэх байсан шүү дээ. Бид хоёрт хамтдаа хийх олон зүйл байсан... /уйлна тэгснээ өнөө боодолтой зүйлээ санав бололтой шажигнуулан задална/
                     Ээ тэнгэр минь... Бид хоёрын мөрөөдлийн дарвуулт завь... Хоёулаа том болоод
                     их мөнгөтэй болохоороо авна гэж ярьдаг байсан дарвуулт завь... Тэмка, найз минь 
                     том болоогүй байж их мөнгөтэй болоогүй байж, яах гэж үүнийг авав даа.
                     Багын минь мөрөөдлийн дарвуулт завь ийм үнэтэй байсан юм гэж үү...
                     Үерхэл нөхөрлөлийн үнэ цэнийг тэнэг Бамбагадаа ухааруулсан, ихэр нүдэн 
                     минь дээ... 
                                   / хөгжим /
НЭВТ:     Та бүхэн СУИС-ийн РТС-ийн оюутан Бэгзсүрэнгийн бичсэн Ихэр нүдэн радио жүжиг сонслоо.

No comments:

Post a Comment

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив