Lucky Charms Rainbow

Tuesday, January 8, 2013

МОД НОГООН ЭРДЭНЭ сэдэвт оюутны анхны бүтээлийн уралдаанд ирүүлсэн бүтээлээс 02



СУИС-ийн РТВС-ийн Сэтгүүлчийн 1А ангийн оюутан Эрхэмбаяр
ХӨТ: Ирээдүйгээс ирсэн захидал
/ хөгжим /
ХӨТ: Хангал, Энхээ, Боргил нэг ангийн найзууд. Хаа ч явсан хамтдаа байдаг болохоор хүүхдүүд тэднийг “Шадар гурван цэрэг” гэнэ. Хичээл тарсан боловч “шадар гурван цэрэг” харих гэж яарсангүй, гэрийн даалгавараа хийхээр тухлан суулаа.
Боргил: Амьдралын эх үндэс юу вэ?
Энхээ: Ус... Усыг амьдрал тэтгэгч чандмань эрдэнэ гэдэг ш дээ.
Хангал: Тийм шүү...
Боргил: За, та хоёр боль доо. Агаар... учир нь хүчил төрөгчгүй бол бид хэдэн хором ч байж чадахгүй.
Найзууд: Бас тийм юмаа, тэгвэл аль нь хамгийн...
Боргил: Найзуудаа, ер нь өөр өөрсдийхөөрөө бичицгээе...
Энхээ: Тэгье. Боргил агаараа, би усаа бичье. Тэгээд хэнийх нь хамгийн чухал нь болохыг үзье.
Боргил: Тэгье, үзье... / хөгжилтэй инээлдэнэ /
Энхээ: Хангал аа, харин чи...?
ХӨТ: Хангал хариу өгсөнгүй харандаагаа хэмлэн дуугүй сууна. Хоёр найз нь түүнийг хэсэг харж сууснаа дэвтрээ аваад бичиж эхлэв. Энхээ дэвтэр дээрээ: “Ус бол амьтай бүхний эх юм. Грекийн их сэтгэгч Файльс “Амьдрал усанд үүсч, усаар бүүвэйлэгдэж байдаг гэж хэлсэн байдаг. Усгүй бол хүн долоогоос илүү хоног амьд явж чадахгүй. Хүний биеийн жингийн 70-80% -ийг ус бүрдүүлж, мөн хүний биеийн халууныг  ус зохицуулж байдаг. Тиймээс ус бол бидний орших уу, эс орших уу гэдгийг шийдэх, юугаар ч орлуулж боломгүй амин чухал хэрэгцээ юм” гэж бичлээ. Тэгвэл Боргил: “Агаар амин чухал зүйл. Хүн секунт дутамд агаараар амьсгалдаг. Насанд хүрсэн хүн хоногт 16 кг агаар амьсгалах шаардлагатай гэдэг. Амаар орсон агаар хүний идсэн хоолтой исэлдэж дулаан түгээсний хүчээр хүн хөдөлж явж чаддаг. Өнөөдөр агаарын бохирдолт хэрээс хэтэрч, аюулын харанга цохиж байна...” гээд бичиж эхлэв. Харин  Хангал бодсоор л сууна. Чухам юу бичих гээд байгаа юм бүү мэд. Сүүлдээ номоо дэрлээд унтаад өглөө.
/ зүүд илэрхийлсэн хөгжим /
ХӨТ: /зүүд/ Хангалын ширээн дээр “Ирээдүйгээс илгээсэн захидал” гэж хаягласан дугтуй байна. Хүү ихэд гайхан задаллаа. / шум /
Хангал: Сайн байна уу ? Чамд  энэ захиаг унших өдрийн мэнд хүргэе. Бид та нараас хэдэн зүйл тодруулах гэсэн юм. Эх дэлхий маань анхнаасаа шуугин найгах  мод, мяралзан урсах усаар хомс байсан юм уу, аль эсвэл бидний элэнц хуланц болох та нар ийм болгочихсон юм уу? Бид үзэсгэлэнт ой шугуй, гол мөрнийг зурган дээрээс хараад та нарт хичнээн их атаархдаг гээч. Бас маш их гомддог. Та нар яагаад тэр сайхан бүгдийг бидэнд үлдээсэнгүй вэ? Үе дамжин амьдрах хөвч их ойгоо түр зуурхан жаргах хэдэн төгрөгөөр арилжсан гэх юм. Энэ үнэн үү?
XXI зууны та нараас дахиад асууя. Та нарыг ургаа модоо огтлон түлж, ундны усаараа тоглодог байсан гэх юм, үнэн юм уу? Бид нэг л итгэхгүй байна. Уулын модонд нь араатан гөрөөс сүлжилдэж, зүйлийн шувууд жиргэдэг байсан гэх юм. Бас хүүхэд та нарыг номин цэнхэр тэнгэрийн дор цэнгэг агаартай нов ногоон төгөлд өдөржин тоглодог байсан гэх юм. Зүүд гэмээр энэ бүгдийг үлдээсэн түүхээс чинь уншлаа. Хаачсан юм бэ, тэр бүхэн! Яагаад бидэнд хатаж хувхайрсан ээрэм тал, элсэн говь, нүцгэн уулс үлдээсэн юм бэ? Бид өнгөрсөн үеийн та нарт атаархаж байна, бас гомдож байна.  Эх дэлхий ногоон модоор бүрхэгдсэн байсан гэдэгт итгэхгүй л байна. Хэрэв тийм байсан юм бол яагаад газар шороо хатаж цөлжих билээ. Үнэн худлыг хэлж өгөөрэй. Хариуг тань хүлээж байна. Баяртай.
/ хөгжим /
Найзууд: Хүүе, Хангалаа сэрээчээ, сэрээч...?
Хангал: Аа... Сая би их сонин зүүд зүүдлээ. Би ер нь бичих сэдвээ олчихлоо.
Найзууд: /зэрэг/ Юу... юу гэж...?
Хангал: Мод... мод...
Найзууд: /гайхан нэгэн зэрэг/ Модоо...?
Хангал: Тиймээ, бидний амьдралын үндсийн үндэс мод юм байна.
Найзууд: /зэрэг/ Яагаад...?
Хангал: За сонс... Мод байж гэмээнэ газрын гүн дэх усыг татна, мод байж гэмээнэ чи, би, бидний амьсгалдаг хүчилтөрөгчийг бий болгож, цэвэршүүлнэ. Тэгэхлээр амьдралд хамгийн чухал гэж үзээд байгаа ус, агаарыг модгүйгээр төсөөлөх аргагүй байгаа биз дээ? Хэдүүлээ интернет рүү орж харья.
Боргил: Тэгье...
Энхээ: /үл итгэх байдалтай сулхнаар/ Сонин л юм, би итгэхгүй байна.
/ таслал нет нээх шум орж ирэх /
Хангал: За тэр “Ой модны үүрэг, ач холбогдол” гээд гараад ирлээ... Хүүхдүүдээ, ойн баялаг нь дэлхийн хуурай газрын 1/3 орчим хувийг эзэлдэг боловч анхдагч цэвэр бүтээгдэхүүний бараг хагас хувийг дангаараа бий болгодог гэж байна.
Боргил: Хөөх... энэ хараачээ, байгаль дээр тохиолдох биетүүдийн атомын 99.6% нь зөвхөн устөрөгч, хүчилтөрөгч, нүүстөрөгчөөс тогтдог гэнэ. Тиймээс ус, хүчилтөрөгч, нүүрсхүчлийн хийн эргэлт нь шим мандлын хувьд амин чухал үүрэг гүйцэтгэдэг гэж байна.
Хангал: Тэгэхээр  ой мод нь хүн төрөлхтөнийг органик бодис, түлш, эрчим хүчээр хангаж, хүлэмжийн хий үүсэх нөхцлийг бууруулж, эх дэлхийг хүчил төрөгчөөр хангаж байдаг байх нь...
Боргил: Хүүхдүүдээ хараарай, энд бүр ч сонирхолтой мэдээлэл байна. Дөрвөн модноос нэг өдөрт ялгарч байгаа хүчилтөрөгч нь нэг хүний хоногийн хэрэгцээг хангадаг гэнэ. Бас ихэнх модлог ургамал нь агаарт байдаг өвчин үүсгэгч бактерийг устгадаг бодис ялгаруулдаг гэж байна.
Хангал:  Энэ хардаа, ой мод усны чанарыг сайжруулдаг гэнэ. Манай Сэлэнгэ мөрний усны 73% нь ой модноос эх авдаг юм байна.
ХӨТ: Өдий болтол дуугүй байсан Энхээ өөрийн эрхгүй тэр хоёрын ярианд татагдаж, нет рүү орж, шимтэн үзэж сууснаа гэнэт,
Энхээ: Хүүхдүүдээ, энд... энд... “Ой бол ус, ус бол ургац, ургац бол амьдрал” гэсэн маш товч бөгөөд тодорхой үнэлгээг Дэлхийн ойчдын бага хурлаас өгсөн байна.
Найзууд: Юу гэнээ, харья... харья...
Бүгд: /нэгэн зэрэг унших/ ОЙ БОЛ УС, УС БОЛ УРГАЦ, УРГАЦ БОЛ АМЬДРАЛ
Хангал: Тэгэхээр найзуудаа, байгаль дэлхий өөр хоорондоо ийм нарийн уялдаа холбоотой байдаг байх нь...
Энхээ: Тиймээ, хүмүүс бид ус, агаар гэж ярьдаг атлаа хамгийн чухал нь болох модыг мартчихдаг юм байна. /найзууд дуу нэгтэй дэмжинэ/
/ хөгжим байгалийн уран чимээ /
ХӨТ: Ийнхүү гурван хүү “Ирээдүйгээс ирсэн захидал”-аас үүдэн мод хэмээх ногоон эрдэнийн талаар тодорхой мэдлэгтэй болсон төдийгүй, сургууль дээрээ “Ирээдүйдээ ногоон эрдэнэ үлдээе” сэдэвт ажил өрнүүлэхээр шийдэж, бэлтгэл ажилдаа шаламгайлан орлоо.
/ шум тодорч ирээд дуусах /
ХӨТ: Та бүхэн СУИС-ийн РТВС-ийн Сэтгүүлчийн 1А ангийн оюутан Эрхэмбаярын бичсэн “Ирээдүйгээс ирсэн захидал” зохиомж хүлээн авч сонслоо.

No comments:

Post a Comment

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив