Lucky Charms Rainbow

Tuesday, January 8, 2013

МОД НОГООН ЭРДЭНЭ сэдэвт оюутны анхны бүтээлийн уралдаанд ирүүлсэн бүтээлээс 05



СУИС-ийн РТВС-ийн Сэтгүүлчийн 3б ангийн оюутан Тэмүүлэн.
НЭВТ: Сүүлчийн үг...
/ хөгжим /
МОД: Өнөөдөртөө би мод ч маргааш хог болох гэж байна. Учир нь сая хэдэн хүн газар хэмжиж байгаад намайг авч хаях зурганд оруулчихаад яваад өглөө. Түүнээс өмнө хүн танд хэлэх үг надад байна.
/ хөгжим /
МОД: Мод бид ах дүү өнөр олуулаа билээ. Төрөл төрөгсдийн маань тоо 100 мянгаас хол илүү давна. Оршин суудаг газар нутаг минь өргөн уудам. Энэ дэлхийн гуравны нэгийг эзлэн байдаг юм. Үүсэл гарал минь гэвээс 280 сая жилийн тэртээгээс эхтэй гэдэг. Харин өнөөгийн төрхөө 60 сая жилийн өмнө олжээ. Бидний хамгийн хөгшин нь 9550 жилийн настай. Харин бидний хамгийн өндөр нь 115 метр. Энэчлэн мод бидэнд сонин содон зүйл олон бий. Бид эх дэлхийн хуурай газар оршин байдаг амьтан, ургамалын 80 илүү хувийнх нь амьдрах орчныг нь бүрдүүлж өгч байдаг буянтай үйлстэн. Үүгээрээ ч бахархдаг юм.
Харин би болбоос монголын өргөн уудам газар нутгийн 8 хүрэхгүй хувийг эзлэн суурьшдаг 140 гаруй төрхтөнийхөө зөвхөн нэг нь.
/ мод шуугин найгах чимээ байгалын уран чимээ орж ирэх /
МОД: Би салж хагацамгүй ийм сайхан нутагт мэндэлж, түрүү зууны 70-аад он шиг санаж байна, үеийн олон нөхдийнхөө хамт УБ хотын Хүүхэд-залуучуудын парк-д баяр хөөртэй ирж билээ. Тэр цагаас хойш 40 гаруй жил өнгөрчээ.Хүүхдийн ертөнцөд ирснээрээ олон жил аз жаргалтай байсан. Харин сүүлийн хэдэн жилээс хамт ирсэн зарим нөхөд минь шинэ обьект барих, зам өргөтгөх ажлын зурагт орж эндэх болсондоо, хөөрхий. Олон арван жил Улаанбаатар хотын өнгө зүсийг засаж, нийслэлчүүдийн эрүүл энхийн төлөө зүтгэчихээд харамсалтайгаар өнгөрсөн нөхдөө бодох бүр даанч хэцүү.
Маргааш миний ээлж... Байгаль эх мод бидэнд хэдэн зуун жилийн нас заяасан ч хүн таны уршгаар хэдэн арван жил, тэр бүү хэл хэдэн сарын нас эдлэх нь юутай гачлантай, юутай эмгэнэлтэй. Харин сүүлийн жилүүдээс хотын агаар бохирдож, тоос шороо нь хэрээс хэтэрч, өвөлдөө утаа тортог нь дийлдэхээ болив. Сүүлдээ нүх сүв минь бөглөрч өөрсдөө ч амьсгалж чадахаа байлаа. Бас их цангах юмаа. Өдөр бүр хажуугаар өнгөрөх хүмүүс утаагаар амьсгалж, хогоор шуурч, шороогоор салхилж, бохир устай байгаа тухай гомдлох юм. Үүнийг сонсоод би их гайхдаг. Энэ гамшгийг шийдвэрлэх ганц зүйл бол мод тарих явдал байтал хүн та нэмж тарих нь бүү хэл байгааг нь устгаад байх юм даа. Үгүй ядаж тарьсан хэдийгээ арчилж чадахгүй үхүүлчихнэ. Хүн та цэвэр ус, цэнгэг агаарын эх үндэс болсон мод биднийг хайр гамгүй түлшинд хэрэглэж үнс болгон хийсгэж, заримдаа хөлд орох гэж тэнцэн ядан байгаа нялхсыг минь хугачиж цагаас нь өмнө явуулдаг шүү. Дам сонсвол сүүлийн таван жил жил дараалан төрөл төрөгсөд минь 100-200 мянган га газраар хүн таны буруутай үйл ажлын улмаас устаж сүйдэж байна. За тэгээд ойн түймэр гэж бөөн аюул бий. Эх газрын цунами л гэсэн үг.
/ таслал /
МОД: Хүн төрөлхтөн биднээс 20 гаруй мянган төрлийн бүтээгдээхүүн гарган авч, өдөр дутмын амьдрал ахуйдаа хэрэглэдэг ч та нэг л зүйлийг мартаад байх юм. Өмсөх зүүх, идэж уух, гоёл чимэглэл, ширээ сандал гээд дуусашгүй хүсэл шунал чинь та нарт сайхан ирээдүйг өгч чадах юм болов уу даа. Би лав эргэлзэж байна.
Бүх зүйл бие биетэйгээ салшгүй холбоотой энэ ертөнцөд бид нэг л гэр бүл, нэг л ээжийн үр хүүхэдсэн. Гэтэл хүн та биднийг төрж өссөн нутгаас минь хэрэг болгож авчирчихаад “нүдэнд орсон шороо, шүдэнд орсон мах” мэт үзэж тайрч хаях ёстой юм гэж үү?  Нярай модыг дөрөв тавхан сар наслуулаад асарч чадахгүй үхүүлчихдэг та нарт  над шиг 40,50 жил насалсан мод олдохгүй л эрдэнэ юмсан даа.
/ таслал /
МОД: Хүн таны эрүүл мэнд, физиологийн хэвийн үйл ажилд хүчил төрөгчийн хөнгөн ион чухал үүрэгтэй гэдгийг мэдэх үү? Тэгвэл би хүчилтөрөгчийн молекулыг задалж ионжуулах үүрэг гүйцэтгэдэг юм шүү. За тэгээд, агаарт байдаг өвчний нянг устгадаг бодис надад байдаг гэдгийг та лав мэдэхгүй биз дээ. Үнэндээ мод бид амьд бодис бүхний төлөө өдөр шөнө,  өвөл зунгүй ажиллаж байдаг. Бидний үндэс газрын хөрсийг бэхжүүлж, хөрсний элэгдлээс хамгаалж, үерийн аюулыг багасгаж, борооны усыг хөрсөнд нэвчихэд тусалдаг. Та нарын хөвх гэж нэрлэдэг ойн ногоон ургамал хүртэл хөрсний гадаргуугаар урсах борооны болон хайлсан цасны усыг шингээж, гол горхины ундрагыг тогтмол тэжээж, бас усыг бохирдохоос хамгаалж байдаг. Бас хүн таны үхсэн гээд ад үзэн огтлох гэж яардаг мод хүртэл ойн чийгийг хадгалж шинэ залуу өвс ургамал ургах нөхцлийг бүрдүүлдэг юм шүү, мэдээд аваарай. Ингэж л мод бид хүн таны төлөө хамаг хүчээ зориулдаг. Энэ бол бидний үүрэг. Харин оюунт хүн гэж өөрсдийгөө нэрлэдэг та нарт эх дэлхийн өгсөн үүрэг юу билээ...? сайн бод.
/ хөгжим  баяр баясгалантай ирж яваа хүмүүсийн чимээ /
МОД: За тэр, намайг огтолж хаяхаар хөрөө, сүх  барьсан хүмүүс ирж байна.         Амьтны амь таслах гэж байж ийм ч баясгалантай байх гэж дээ. Эсвэл намайг амьгүй гэж боддог юм болов уу. Хүмүүсээ, мод бид амьд бодис шүү дээ. Хүн таны нүдэн дээр нахиалж, цэцэглэж, найган ганхдаг биз дээ?
Ууландаа байсан бол дор хаяж хэдэн зуун жил наслах байсан мод би тавьхан жил наслаад анхны нахиагаа гөлөглөх цагаар орчлонгоос явах гэж байна. Эвий дээ, бултайн ядан буй нахиа минь чи ямар ч азгүй юм дээ. Орчлон хорвоотой танилцаж амжсангүй. Хүний ертөнц ямар сайхан гээч... дэндүү сайхан...
/ мод хөрөөдөх чимээ /
МОД: /амь нь тасрахын өмнөх байдлаар/ Эх дэлхийгээ мөхөл рүү түлхэж байгаа та нарыг би өрөвдөх юм. Биднийг ингэж хайр найргүй устгаснаар бидэнтэй хамт төгсгөл рүүгээ алхаж байгаагаа мэддэг үү?
/ мод хөрөөдөх чимээ тодорч ирээд /
МОД: /эцсийн хүчээ шавхан хэлэх/  Ёо, ёо... амь минь тасарч байна. Хүн та сүүлчийн минь үгийг санаж яваарай... Монголчууд та нарын өвөг дээдэс тарьсан модоо ингэж устгах нь бүү хэл, мод тарихыг дээдийн дээд буян гэж үздэг байсан юм шүү. Яагаад ингэж хэлснийг тунгаан бодоорой... Баяртай... /энэ үгийг давт/
/ хөгжим /
НЭВТ: Та бүхэн РТВС-ийн Сэтгүүлчийн 3б ангийн оюутан Тэмүүлэнгийн бичсэн “Сүүлчийн үг” зохиомжит нэвтрүүлэг хүлээн авч сонслоо. Уншсан сэтгүүлчийн 1а ангийн оюутан Жамсран, найруулсан найруулагчийн 1-р ангийн оюутан Гэрэлт-Од.

No comments:

Post a Comment

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив