Lucky Charms Rainbow

Friday, January 11, 2013

МОНГОЛ АЙЛД АМИЛСАН ЯПОН ТОГОРУУ



/ Сонсож болно /

НЭВТ: Захидлаас үүдсэн сэдэв...
 
                                  / “Хойд нутгийн хавар” япон аялгуу /
 
РЕДАКТОР: Бид японы сонсогчдоос “Монголчууд японы цаасан тогорууны тухай мэдэх үү...” гэсэн асуултыг нэг биш удаа хүлээн авдаг билээ. Тиймээс энэ нэвтрүүлгийг дээрх асуултын хариу болгож байна.

СОРОНЗОН БИЧЛЭГ-1
-          Сайн байна уу, залуучуудаа? Япон тогоруу буюу цаасан шувууг мэдэх үү?
-          Мэдэлгүй яахав, япончуудын үндэсний тоглоом гэж боддог.
-          Би 13 настай  япон охиноор мэднэ...
-          Та нар Садоко Сасоког мэддэг  юм уу?
-          Түүний тухай Цаасан шувуу гээд дуу манайд бий шүү дээ. Би дуулах уу...?
Өвчинд шаналсан бяцхан охин
Өрөвдөм хүслээр шувуу хийжээ
Хийсний тоогоор нас нь уртсах
Хуучны домгийг итгэн биширчээ... /дуулцагаана/
-          Энэ дуу хэдийд гарсан юм бол?
-          Би бүр жаахан байхдаа дуулдаг байсан
-          Ямартаа ч арваад жил дуулагдаж байгаа байхаа...
-          Баярлалаа, залуусаа...

                                   / таслал /

СОРОНЗОГ БИЧЛЭГ-2
-          Сайн байна уу? Та япон тогоруу буюу цаасан шувууг мэдэх үү?
-          Мэднэ... дуугаар нь мэддэг болсон. Манайхан их дуулдаг ш дээ.
-          Тэгвэл цаасан тогоруу эвхэж чадах уу?
-          Харин түүнийг чадахгүй шүү... /инээнэ/

                                 / таслал /

СОРОНЗОН БИЧЛЭГ-3
-          Сайн байцгаана уу, хүүхдүүдээ? Цаасан тогоруу аль улстай холбоотой билээ?
-          Япон... Японтой...
-          Домгийг нь мэдэх үү?
-          Атомын бөмбгөнд хэлмэгдсэн охины түүхээр бол мэднэ... Энэ тухай дуу байдаг ш дээ. / дуулцагаана/
-          Та нар тогоруу яаж эвхдэгийг мэдэх үү?
-          Мэдэхгүй... мэдэхгүй...
РЕДАКТОР: Эрхэм сонсогчид оо, эд бол нааш цааш зөрөн өнгөрөх олон хүний зөвхөн нэг хэсэг нь. Ингээд та бүхэнд МОНГОЛ АЙЛД АМИЛСАН ЯПОН ТОГОРУУ сурвалжилсан тэмдэглэлээ сонсгоё.

                                                                       / хөгжим  /

РЕДАКТОР: УБ хотын баруун хэсэгт орших орон сууцны нэгэн хороололд Мөнхбаярынх гэж айл бий. Гэрийн эзэн Мөнхбаяр УБИС-ийн зургийн багш, гэргий Сумъяа нь сэтгүүлч, том хүү нь энэ жил цэргийн албанд мордсон, охин Энхтуяа нь оюутан, бага охин Бүжинханд нь 2-р ангид сурдаг 5 ам бүлтэй ийм нэгэн айл байна.
Би яг одоо энэ айлын хамгийн сонирхолтой зүйлийн дэргэд зогсож байна. Зочдын өрөөний нэг ханан дээр томоос том тогоруу байрлуулжээ. Холхноос харвал ганц том тогоруу, ойртоод үзвэл маш олон жижиг тогоруу байх юм. Үнэхээр энд түмэн тогоруу байх шиг. Тогоруу бүтээсэн цаас нь бас түмэн янз. Газар газрын чихэр шоколодны цаасаар бүтсэн энэ тогоруу эх дэлхийг тойрон нисэж дээ гэж бодохоор. Юутай ч энэ гэр бүлийнхэнтэй ярилцая.

СОРОНЗОН БИЧЛЭГ:
СУРВАЛЖЛАГЧ: Эрхэм сонсогчид оо,  миний дэргэд гэрийн эзэгтэй Сумъяа байна. Би түүнээс япон тогоруу гэрт нь орж ирсэн түүхийг сонирхсон юм.
ЭХ: Бид үр хүүхдээ бага жаахан байхад нь үлгэр ярьж, ном уншиж өгдөг шүү дээ. Тэр үе юмсан. Хүү, охин хоёр минь 5-6 настай байсан шиг санана. Нэг удаа би тэр хоёрт Хирошимагийн атомын хорт цацрагийн улмаас өвдөж шаналсан бяцхан охин Садоко Сасоки түмэн тогоруу хийвэл аюулт өвчнөөс ангижирдаг гэсэн ардынхаа домогт итгэж тогоруу хийдэг тухай уншиж өгсөн юм. Тэгээд нэг өдөр ажлаасаа ирсэн чинь хүү, охин хоёр маань бөөн цаас, хутга хайч болчихсон сууж байна. Учир нь тогоруу хийж япон охинд өгөх юм гэнэ. Ингээд би тогоруу яаж эвхдэг тухай эрэлд гарч, эцэст нь нэг орос сэтгүүл дээрээс олж мэдсэнээр манайхан том жижиггүй тогоруу эвхэж сурсан юм даа. Энэ бол 12-13 жилийн өмнөх явдал. Нэг удаа бага охин минь өвдөж эмнэлэгт хэвтэхэд нь эгч нь зөндөө их тогоруу эвхэж билээ. Тэр цагаас хойш япон тогоруу эвхэх нь манай гэр бүлд итгэл үнэмшил болсон юм даа. Ер нь хүүхэд байхдаа итгэж үнэмшиж байсан зүйл нас ахих тусам улам ч хүчтэй болж, учир холбогдол өгдөг юм билээ. Манай гэрт энэ тогоруутай холбоотой олон зүйл бий. Одоо тэр сууж байгаа охин минь “Ээжээ, би олон тогоруу хийвэл онц сурах уу?  Гадаад хэлний хичээлээ амархан хийдэг болох уу?” гэхчлэн асууна шүү дээ. Ер нь тогоруу эвхэх амаргүй. Хүүхэд тогоруу эвхээд сууж байх даа эвхээс бүрд нь нандин сайхан зүйл боддог. Тогоруу эвхэж байгаа хүн хэзээ ч муу юм боддодгүй, дандаа сайн сайхан зүйл хүсэж мөрөөдөж байдаг онцлогтой. Үүнийг би их олзуурхдаг юм. Хүүхдүүдийн маань хүмүүжилд ч нөлөөлсөн гэж боддог доо.
СУРВАЛЖЛАГЧ: Цаасан тогоруу танай гэр бүлд Япон орны талаар илүү их мэдлэгтэй болоход лав нөлөөлсөн дөө?
ЭХ: Өө тэгэлгүй яахав. Тогоруу манай гэрт орж ирснээс хойш бид өөрийн мэдэлгүй Япон орныг сонирхох болсон. Орой галын өрөөнд хоолоо бэлтгэж байхад хүүхдүүд: “Ээжээ, ааваа хурдлаарай, Японы тухай ярьж байна...” гээд хашгирна. Бид хоёр ч энд тэндээс гүйж ирээд үзнэ шүү дээ. Энэ хавар Кобэ хотын газар хөдлөлтийн  тухай мэдээг маш сэтгэл эмзэглэн хүлээж авсан. Тэгээд ч бага охин маань Кобэ хотын хүүхдүүдэд явуулна гээд зөндөө их тогоруу эвхснийг та сая харлаа. Чухамдаа тогоруугаа хэзээ, яаж явуулахаа мэдэхгүй л байгаа хүн шүү дээ. Тийм атлаа эвхээд л байдаг юм.
СУРВАЛЖЛАГЧ: Сайхан мэдээ байна шүү. Магадгүй бидний яриаг Кобэ хотынхон сонсож суугаа ч юм билүү. Тэгвэл 8 настай монгол охин өөрсөд нь зориулан тогоруу эвхэж суугааг олж  мэдэх болноо.
ЭХ: Ээ, тэгвэл мөн сайхнаа. Сэтгэлээр минь, үгээр минь биднийг ойлгоно гэдэг тогоруу хүлээж авснаас ялгаа юу байнаа...

                                                          / таслал хөгжим /

РЕДАКТОР: Эрхэм сонсогчид оо, тогоруу эвхсээр байгаад Япон оронд очиж мөрөөдлөө биелүүлсэн Энхтуяа охинтой ярилцахаас өмнө  түүний тухай бага зэрэг тодруулга өгөх хэрэгтэй болов уу. Энхтуяа жил гаруйн өмнө “Япон орон миний бодлоор” зохион бичлэгийн уралдаанд 3-р байранд шалгарсан тул Япон орноор аялаад иржээ. Түүнээс гадна өнгөрсөн хавар тогоруугаа улам ч их эвхсэн байх. Учир нь тэр их сургуулийн уралдаант шалтгалтанд тэнцээд, одоо уран зургийн ангийн оюутан болсон байна шүү дээ... 
 
                                               /бүгдээр хөгжилдөн инээлдэнэ/

СОРОНЗОН БИЧЛЭГ:
СУРВАЛЖЛАГЧ: Энхтуяа, Япон орноор аялж явахдаа хамгийн түрүүн юуг нь илүү их сонирхож байв даа?
ЭНХТУЯА: Мэдээж тогоруугаа л хайж явлаа. Япон улсын хилээр гарах үед би нэг ахад тогоруу эвхэж өгсөн. Тэр ах тун их баярлаж, билетээрээ надад тогоруу эвхэж өгсөн. Би ингэж Япон оронд хамгийн түрүүн уулзсан хүнтэйгээ тогоруугаар мэндчилсэн. Дараа нь Хиромшиа хотод хүсэл болсон Садоко Сасоки охины хөшөөн дээр очсон.
СУРВАЛЖЛАГЧ: Ямар янзтай хөшөө байх юм?
ЭНХТУЯА: Тогоруу гартаа барьсан охин байсан. Хажуугаар нь ундрага ус урсаж, түүнийг тойрсон асар том цагирган дотор ёстой түмэн тогоруу байсан даа. Энэ бүхнийг хараад би Япон орон аргагүй л тогорууны нутаг юм гэж бодсон. Би тэнд өөрийнхөө эвхсэн тогорууг тавьсан. Тэр тогорууны цаасан дээр “Садоко Сасоко чи үүрд мөнх” гэж монгол, японоор бичсэн.
СУРВАЛЖЛАГЧ: Их сонин байна. Тэгэхлээр тэр хөшөөний дэргэд монгол охины эвхсэн тогоруу бий болсон байхнээ?
ЭНХТУЯА: Тэгэлгүй яахав. Үүндээ ч их баяртай байдаг. Учир нь би бүр жаахан байхдаа Садоко Сасокод зориулж тогоруу эвхдэг байсан юм. Хэзээ нэгэн цагт япон охинтой уулзана гэж мөрөөддөг байсан. Үнэхээр миний мөрөөдөл биелсэн шүү.
СУРВАЛЖЛАГЧ: Япон хүмүүс чамд ямар сэтгэгдэл төрүүлэв?
ЭНХТУЯА: Япон, монгол хүмүүс ямар их адилхан юм бэ? Биднийг япончууд хүртэл ялгахгүй байсан шүү.  Япон хүн гэж боддог бололтой японоор яриад эхэлнэ. Би япон хүн биш монгол хүн гээд японоор ярьж байгаад үг олдохгүй болохоороо ЦИБАЗРУ гээд хэлчихдэг юм. Тэгэхлээр тэдний баярлаж байгаа гэж жигтэйхэн. Ой... гэж ирээд бөөн дуу шуу болно. Ойр орчны хүмүүс эргэж хартал баяр хөөр болно. Бодвол гадаадын хүн япон тогорууг мэдэж байна гээд баярлаж байгаа хэрэг байх л даа. Үнэхээр цаасан тогоруу япон хүний хувьд ариун нандин бэлгэдэл юм билээ.

                                                    / таслал хөгжим /

СОРОНЗОН БИЧЛЭГ:
СУРВАЛЖЛАГЧ: Эрхэм сонсогчид оо, одоо би энэ айлын отгон охин Бүжинхандын дэргэд ирээд байна. Бүжээ маань тогоруу эвхээд тун чиг завгүй байна.
-          Бүжээ, чи энэ тогоруугаа хэнд зориулж эвхэж байгаа юм бэ?
-          Кобэ хүүхдүүдэд...
-          Чи Кобэ хотыг мэддэг юм уу?
-          Мэднэ, зурагтаар харсан. Тэнд газар хөдлөөд... байшин нураад... хүүхэд уйлж байсан.
-          Энэ тогоруугаа яаж явуулна гэж бодож байна?
-          Онгоцоор... таньдаг хүнээрээ явуулна.
-          Чиний таньдаг хүн ямар хүн байдаг юм?
-          Япон хүн... / бүгдээрээ инээлдэнэ /
 
РЕДАКТОР: Бидний халуун яриа сунжирч сонсогч таныг чилээгээгүй байгаасай билээ. Одоо та бүхэнд сонин байж болох нэгэн мэдээлэл дуулгах гэж байна.
“Монголчуудыг Японы бага сургуулийн сурах бичиг дээр байдаг морин хуурын домгоор мэддэг болсон” гэж цөөнгүй япон хүн манай редакцид захидал ирүүлснийг би санаж байна. Морин хуураар биднийг мэддэг болсон шиг монгол хүүхдүүд япончуудыг тогоруугаар нь мэдэх боломж бий болж байна. Учир нь хэзээ мөдгүй хэвлэлтээс гарах гэж байгаа бага сургуулийн “Дүрслэх урлаг” сурах бичигт цаасан тогоруу яаж эвхдэг тухай хөтөлбөр оржээ. Энэ номын зохиогч нь энэ айлын эзэн Мөнхбаяр юм. Одоо түүний хэлэх үгийг сонсоё.

СОРОНЗОН БИЧЛЭГ:
ЭЦЭГ: Япон бол урлаг, соёлын гайхамшигт орон гэдгийг бид эртнээс мэднэ. Миний анхаарлыг татдаг нэг зүйл бол хуудас цаасаар гайхамшгийг бүтээх урлаг буюу оригими юм. Хүүхэд бол их бүтээлч сэтгэлгээтэй байдаг. Үүнийг би хүүхдүүдээ тогоруу эвхэж байхад нь олж харсан юм. Тиймээс бага ангийн сургалтанд япон тогорууны эвхээсийг оруулахаар шийдсэн. Тогорууны эвхээс хүүхдийг олон төрлийн эвхээс хийж сурахад нь, бас оюун сэтгэхүйг нь хөгжүүлэхэд нь нөлөө үзүүлнэ гэж найдаж байна. Дашрамд хэлэхэд, монгол хэлээр гардаг “Өнөөгийн Япон орон” сэтгүүлийн нэг дугаарт япон тогорууны эвхээс гарсан байсан. Тэгэхлээр олон монгол айл тогоруу эвхэж эхэлсэн гэж бодож байна.

                                                                 / таслал хөгжим /

СОРОНЗОН БИЧЛЭГ:
СУРВАЛЖЛАГЧ: Эрхэм сонсогчид оо, япон тогорууны тухай яриагаа гэрийн эзэгтэйтэй дахин үргэлжлүүлье! Сумьяа, бидний ярианд оролцох ёстой нэг хүн энд алга. Танай хүү хайчсан юм бэ?
ЭХ: Миний хүү яг одоо эх орныхоо дархан хилийн манаанд зогсож байна. Хэрэв тэр энд байсан бол бидний ярианд хамгийн идэвхтэй оролцох хүн дээ. Гэхдээ бас хоосонгүй ээ, хүүгийн маань захиа энэ байна, та сонирхооч...? Дүү нар нь ахдаа бичсэн захиандаа тогоруу хийж явуулжээ. Түүнийг харсан цэргийн нөхөд нь: “Яахаараа чамд дандаа ийм тогоруу ирдэг юм?” гэж л дээ. Хүү маань япон тогорууны тухай, гэр бүлээрээ тогоруу эвхдэг тухай ярьжээ. Тэгээд тэд тогоруу эвхэх гэж өдөржин бөөн юм болсон гэнэ. Зарим нь гэртээ бичсэн захиандаа эвхсэн тогоруугаа хийж явуулсан гэнэ. Ингэж манай гэрээс нисэж гарсан тогоруу өсөж үржээд хөдөөгийн малчин айлд очсон байж болох шүү дээ.
 
/онгоц нисэх... буудах, бөмбөгдөх чимээ залгаад тогорууны чимээ орж ирэх/
 
РЕДАКТОР: Тавь гаран жилийн тэртээ улсын маань дорнод хил дээр япон, монгол хоёр хүн өөд өөдөөсөө буу барин зогсож байсан. Дайны тэр жилүүдэд цэргийн нуувчин дотор япон залуу хайртай эжийгээ санан дурсахын эрхэнд дайн түргэн дуусаасай... эжийтэйгээ эсэн мэнд учран золгохсон гэж шивнэн шивнэн тогоруу эвхэж суусныг хэн үгүйсгэх билээ. Цэргийн хүүгийн захиаг үзэж суухад “Нэгэн цагт өөд өөдөөсөө буу барин зогсож байсан хүмүүс цэцэг барин золгож байна” гэсэн яруу найрагчийн үг өөрийн эрхгүй санаанд орж ирсэн юм.
 
                                                          / хөгжим /
 
РЕДАКТОР: Монгол айлд санамсаргүй орж ирсэн эртний домгийн япон тогоруу ийн амилан өргөн уудам монгол орны зүг зүгт жигүүр дэлгэн нисэж эхэлжээ.
 
                                         / хөгжим дээр тогоруун чимээ орж ирэх /
 
РЕДАКТОР: Япон тогорууны тухай бодлоо тээсээр Мөнхбаярынхаас гарч ирэхэд өөдөөс намрын сэрүүн амьсгал угтан авлаа. Дээр шувуудын ганганаан сонсдлоо...
 
                                                  / тогоруун чимээ тодорч ирэх /
 
РЕДДАКТОР: Ямар сонин хэрэг вэ? Өмнийг зорин нисэх тогоруун цуваа бодлын минь үргэлжлэл болох гэсэн шиг зэл татуулан алсалж харагдана. Дөнгөж сая Кобэ жаалаа битгий уйлаарай, нэг тогоруу... Кобэ жаалаа битгийн уйлаарай, хоёр тогоруу... гэж шивнэн шивнэн тогоруу эвхэж суусан Бүжин охины цаасан тогоруу ариухан гэнэн сэтгэлийн нь хүчээр амилан нисэж байх шиг...
Нэг тогоруу... хоёр тогоруу... гурван тогоруу... Монгол охины хүслийг тээсэн тогоруун цуваа баяртай. Кобэ хотын хүүхдүүдэд мэндийг минь дамжуулаарай.
 
                                              / тогоруун цувуу алслан холдох чимээ /
 
РЕДАКТОР: Эрхэм сонсогчид оо, та бүхэнд би “Монгол айлд амилсан япон тогоруу” сурвалжилсан тэмдэглэлээ сонсголоо. Эл тэмдэглэлийнхээ эцэст надад ч гэсэн Япон оронд очиж үзэхсэн гэсэн бодол өөрийн эрхгүй төрснийг нуух юун.

                                                                                                                                                   1995 он

No comments:

Post a Comment

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив