РТВС-ийн Сэтгүүлчийн 3А
ангийн оюутан Болорцэцэг
ХӨТ: Хонхтой мод
/ хөгжим /
ХӨТ: “Босоорой, босоорой... хичээлдээ явах цаг
боллоо шүү. Бос, бос...” гэж байрны жижүүр авгайн хангинах дуу амттай
сайхан зүүдийг нь тасалсанд хүү дурамжхан өндийн суугаад нуухтай нүдээ онийлгон
цаг руу харвал өглөөний 7 цаг 10 минут болж байв. Тэрээр үсрэн босож, оо сойзоо
шүүрэн аваад угаалын өрөө рүү ухасхийлээ. Тэнд хувцсаа буруу зөрүү өмссөн
нойрмог хүүхдүүд урт дараалал үүсгэн зогсчээ.
Энэ бол сумын төвийн 10 жилийн
дунд сургуулийн дотуур байр. Хүү давжаа биетэй ч бас их донжтой. Үсээ норгож
байгаад мөлчийтөл нь хажуу тийш самначихаад толиныхоо өмнө хэд эргэлдсэнээ цахилгаан нь дандаа эвдэрчихдэг ч яаж ийгээд болгочихдог өнөө муу цүнхээ үүрээд
“Сэсээр улсаас ирсэн сэмжин цагаан цаасан дээр...” гээд цангинатал дуулаад гарч
одлоо.
/ шум- хүүхэд
шуугиж хонх дуугарах /
ХӨТ: Энэ хүүг Төгөлдөр гэнэ. Түүнд өглөө бүр цамцаа индүүдсэн
үү, үгүй
юу? Цайгаа уусан уу, үгүй юу? гэдгийг харж зогсдог нэг
дотны найз бий. Төгөлдөр ганц төмөр ор тавиад бараг дүүрчихдэг умгар өрөөндөө
хамт амьдардаг ханьтай. Тэр найз нь хичээлээ тараад хурдхан ирээсэй гээд цонхон
дээр нарлаж суудаг юм. Заримдаа оройтохоор нь хүлээсээр байгаад үүрэглээд
сүүлдээ унтаад өгнө. Одоохон ороод ирнэ дээ... гээд хүлээж суухад нь Төгөлдөр
хаалгаар мишээсээр орж ирүүтээ цүнхээ ор руугаа чулуудчихаад шууд түүн рүү явж
очно. Найз нь чухам үүнийг л хүсэн хүлээдэг бололтой.
Энэ бол Төгөлдөрийн цонхны өмнө
байдаг залуу мод билээ. Төгөлдөрт цөөхөн хайртай зүйл байдгийн нэг нь энэ мод.
Тэрээр 5 жилийн өмнө дотуур байранд
ордог жилээ цонхныхоо өмнө нэг зулзган мод тарьж, түүнийгээ “Миний модхон” хэмээн нэрлээд өдөр бүр
усалж, хичээнгүйлэн тордож, бараг хажуугаар нь өнгөрсөн бүхнээс харамлах шахна.
/ дурлалын вальс /
ХӨТ: Модхонд ер бусын нэг мэдрэмж төрдөг болжээ. Түүний
үндэс... мөчир... навч бүрээс хайр ялгарч, Төгөлдөрийг харах бүр, дэргэд нь
ирэх бүр аз жаргалтайгаар мишээн гэрэл цацруулна. Заримдаа салаа мөчир нь хэсэг
хэсгээр нийлэн зүрхэн хэлбэр үүсгэж байснаа аажимдаа энэ хэлбэр өөрчлөгдөлгүй
тогтож үлдсэн юм. Байрны хүүхдүүд Төгөлдөрийн зүрхэн хэлбэрт мод гэдэг болов.
Үүнийг сонссон модхон улам ч цовоо цолгиун болж, яг л насанд хүрсэн эмэгтэй хүн
шиг уяхан, хайр булаам болсоор. Өглөөний наранд улам ч үзэсгэлэнтэй туяарч,
үдшийн бүрэнхийд анхны болзоонд ирсэн бүсгүй хайрын үгээ шивнэх адил навчсаа
сэржигнүүлнэ. Тэнгэрт саран тэргэлэх бүр Төгөлдөрийн цонхон дээр дурлалын вальс
бүжнэ.
Өвөл болохоор Төгөлдөр бүлээн
амьсгалаараа цонхныхоо цанг үлээн байж цоорхой гаргаад зүрхэн хэлбэрт модхоноо
байн байн харахад хариуд нь баярлаж хөөрсөн модхон мөчир дээрээ тогтсон цасаа цацруулан бүжнэ.
/Шум-хонхны баярын
дуу, залуусын инээд хөөр/
ХӨТ: Төгөлдөр 10-р ангиа төгсөж, хонхны баяраа тэмдэглэж
байна. Гэнэн цайлган сурагч насны сүүлчийн өдөр. Сумын сургуулийн
үүдэнд догдолж хөөрсөн хүүхдүүдийн дунд үе үе үзэгдэх Төгөлдөрийг хараад
модхон “Чамдаа, баяр хүргэе”
хэмээн навчисаа сэржигнүүлэн шивнэнэ.
/ шум тодорч ирээд
хөгжим /
ХӨТ: Үдэш нь Төгөлдөр модхоныхоо дэргэд ирж өврөөсөө нэг
хуудас гаргаж үзүүлээд: “Харж байна уу, модхон минь. Энэ... их
сургуульд элсэх миний томилолт. Хавар ирсэн шувуу намартаа буцдагийн адилаар,
хайрлаж өсгөсөн чамаасаа холдох цаг болжээ. Би чамайг мартахгүй ээ, зуны
амралтаараа ирж байнаа. Миний өрөөнд суух хүн чамайг сайн усалж, тордож байх
болно” гээд зүрхэн хэлбэрт мөчир дээр нь төгсөлтийн хонхоо зүүхэд
модхоны навчис огтхон ч салхигүй атал хүчтэй сэржигнэн хийсэж, зүүсэн хонх нь
уйлах мэт жингэнэн дуугарлаа./хонхны чимээ өгөх/
/ хөгжим /
НЭВТ: Төгөлдөр хоёр жилийн дараа нутгийн зүг хүлгийн жолоо
заллаа. Сумын төвд хамаатныхаараа хальт орчихоод модхон руугаа явлаа.
/ хөгжим /
ХӨТ: Хатаж, мөчир бүр нь хугарч ёрдойсон танихын аргагүй дүр
өөдөөс нь угтлаа. Гайхаж мэлэрсэн Төгөлдөр: “модхон минь, модхон минь яачих нь
энэ вэ, юу болох нь энэ вэ...” хэмээн дуу алдав. Хайртай модхоноо хараад
өрөвдөж шаналсан Төгөлдөр хатаж хувхайрсан мөчрийг нь зөөлөн илбэхэд тэр нэгэн
цагт зүүж үлдээсэн мөнгөн хонх алган дээр нь жингэнэн уналаа. Төгөлдөр харцаа
өргөн харвал зүрхэн хэлбэртэй мөчир хугараагүйгээр үл барам хэлбэрээ алдаагүй
байх агаад түүн дээр хатаж амжаагүй үлдсэн сүүлчийн хэдэн навчис чухам түүнийг
хүлээж байсан мэт тасран уналаа. Энэ модхоны эцсийн амьсгал байв.
/ хөгжим дээр /
ХӨТ: /цуурай өгөөд/ Модыг хайрлаж байгаарай. Мод хайраар ургадаг юм шүү, хүмүүсээ!
ХӨТ: Та бүхэн Сэтгүүлчийн 3А ангийн оюутан Болорцэцэгийн
бичсэн “Хонхтой мод” зохиомж хүлээн
авч сонслоо.
No comments:
Post a Comment