Lucky Charms Rainbow

Thursday, January 10, 2013

ХӨРӨГ



ХӨРӨГ-1
 
            НЭВТ: РТВС-ийн Сэтгүүлчийн 4Б ангийн оюутан Эрдэнэтуяагийн бичсэн “Морьтой хүн” холбоо гурван таталбар хөрөг хүлээн авч сонсоно уу.
  
                                                                   / хөгжим /
 
НЭВТ: Дуулсаар л туусаар л явна... Адуугаан Гэндээ...
НЭВТ: Гэндэнсүрэн бидэнтэй цуг ширээ тохойлдон эрдмийн далайд сэлж яваа ч адуугаан бол зүрхэндээ бодож, зүүдэндээ харж, сэтгэлдээ дүрсэлж, шүлгэндээ зурж явдаг нэгэн. Өнгөрсөн өвөл юмдаг. Тэр хичээлдээ нэг л гундуу ирлээ. Юу болсныг асуувал:  “Хайртай морь минь сөхөнд үхэж  гэнэ. Тэгээд найз нь нэг ийм шүлэг бичлээ” гээд:   Хэрэв хүнд хойд нас гэж байдаг бол би
            Хөл доороо унасан хүүхдийг хэзээ ч хишигдэггүй
            Туурайндаа мэлмийтэй хүлэг л болно
            Нар шингэхээ умартдаг төрийн наадамд түрүүлдэггүй ч гэлээ
            Наадмын өмнөх өдөр тоосноосоо тасарсан хүлэг л болно... гэж уншсанаа,  “Тэнэг байна уу хөө. Адгуус болно гээд байхдаа ч яахав, тиймээ...? ” гээд ураад  хаячихсан нэгэн.
Гэндээ Радио-Телевизийн их, дээд сургуулиудийн дунд зохиодог “Анхны бүтээл” наадамд Радиогийн шилдэг бичвэр номинацид “Тавьлийн найр” зохиомжоороо тэргүүн  байр эзэлсэн ч шагнал гардуулах ёслолд ирээгүй гэж байгаа. Учир нь тэр замын унаанд дайгдаад адуугаа харах гээд явчихсан байж.
“Горьдох нь ч горьдож байсан л даа. Гэхдээ  түрүүлнэ гэж бодоогүй ээ” гээд захирлийн өөдөөс тайлбар тавиад зогсож байсан, хэнэггүй нэгэн.
Эрдэнэ засгийн унага, Эр бор харцгыг нэг их сайхан биш ч, эвлэгхээн аялчихна. Тэр энэ хоёр дуугаараа их зүйлийг мөрөөдөж, морин дэл дээр давхиж явна гэж төсөөлдөг биз. 
 
                                      /Эр бор харцага-дуу /
 
НЭВТ: Гэндээ нэг зүйлд туйлаас дургүй гэж хаяа нэг ярина. “Үс задгай бол Төр задгай” гэж ардын үг байдаг юм байна лээ. Хөөе, тамхи татаж байгаа эмэгтэй хүнээс эрүүл хүүхэд төрөх үү? ” гэж асууна. Маргаашын төлөө санаа зовдогтоо тэр...
Гэндээ өнгөрсөн зуны дадлагаа хийгээгүй. Учир нь морь уяж, наадам сахиад зав гараагүй гэнэ. Тэр таван настайдаа унааны, долоон наснаасаа хурдны морь унаж, 15 хүрмэгцээ өвөөгөө дагаж хурдны морь уях болсон гэдэг. 
 
                              / морьд үүрсэн янцгаах чимээ /
 
            НЭВТ: Үеийн залуусынх нь хэтэвчинд найз охин, аав ээжийх нь зураг байхад Гэндээд харин охиных биш морины зураг байх. Зүгээр л морь...
Энэ зураг нь түүнд юугаар ч сольшгүй эрдэнэ. Тэр адууг дуулсан, бичсэн, уясан, хайрласан.  Оюутан Гэндээ яахын аргагүй морьтой хүн дээ. 
 
                                                         / хөгжим /
 
НЭВТ: Бас нэг Морьтой хүн...
                     / хурдны морьдын уралдааны шум орж ирэх /
 
НЭВТ: Хөөвөр нь буурцагласан хаврын даага, шүдлэнгээс эхлээд түмний эх азарган дээр хийморийн дарцаг шиг гийнгоолон дэрвэлзэж, ташуур эргүүлэх хүүхдийг хараад хэн ч байсан тогтож зогсоно. Аягүй л бол нулимсаа хэн нэгнээс нууж арчихвий.
Энэ бол адуутай, морьтой, айрагтай, монгол хүний зан. Өнгөрсөн зуны дунд сарын эхээр гол усны уяачид морьдоо тун саяхан барьсан байлаа. Бага байхаасаа л Бүрднийхээ наадамд морь унаж уралдаж эхэлсэн Ховго миний мэдэхийн л ахын минь морийг хэдэн жил унавдаа. Тэр хоёр сайдахдаа сайдаж, муудахдаа муудсаар зун зуны хурц нарыг үл ажран морьтой л ноцолдоно.
 Ховго... уг нэр нь Дашдагва л даа. Бид  түүнийг Ховго л гэдэг юм. Тэр айлын бага нь. Дулаанд айлын хонь хариулж, өвөлд нь айл айлын ус зөөж, түлээ мод хагалан гэрийнхнийхээ бор ходоодыг цайруулаж явдаг түүний ганц дуртай ажил нь ахтай минь хамт зуны наран дор хурдны уяа тойрч, хээр талаар гүүглэн давхих. Үүнээс илүү жаргал гэж түүнд үгүй. 
 
                                                   / хөгжим /
 
НЭВТ: Ховго унасан морь нь давхисан ч, давхиагүй ч инээж л явна. Зарим ярдаг, шартай хүүхдүүдийн адилаар жолоог нь үл дугтарна. Харин ч эвий минь гэж ирээд л хондлой зоог нь илбэнэ. Бага сунгааны дараахан юмдаг. Ах түүнийг уяан дээр байхад нь “одоо чи моринд хүнддэж байна. Чамаар морь унуулахаа болидог юм уу даа” гэж хэлжээ. Хэрэг ч мандваа...
Ховог өдөр, бас орой ч хоолоо иддэггүй. Асуувал дуугардаггүй. Аашилбал бүр ч дордоно. Харин эвтэйхэн асуувал: “Ах морь унуулахаа болъё гэсэн. Би жингээ барих гэж байгаа, бөхчүүд жингээ бариад байж болдог л биздээ” гэх нь тэр. Ингэж л  тэр морио унаж чадсан юм. Ирэх зун хэдлэхийг бүү мэддээ. Морь унаж л байвал хамаагүй гэнэ. Энэ түүний алтан теором. Ер нь Ховгын алтан теором олондоо. Гэхдээ дандаа морьтой холбоотой.
Хөдөөгийн Ховго ч тэр, хотын оюутан Гэндээ ч тэр алдар нэр нь хотол даяар дуурссан уяачид болох байх. Гэхдээ эхлээд сумандаа, дараа нь аймагтаа, эцэст нь улсдаа... Магадгүй бүр дэлхийд нэрээ гаргасан уяачид ч болох биз. Учир нь саяхан манай улс Азийн Морин Спортын Холбоонд нэгдсэн билээ.
                                                         / хөгжим /
 
НЭВТ: Дахиад нэг Морьтой хүн...
           НЭВТ: Сайн уяач болохын тулд сайн морьд, сайн хөдөлмөр хэрэгтэй. Аймгийн алдарт уяач Намжил яг л энэ зарчмаар хөдөлсөн. Намжилыг хүмүүс “гийнгоо” гэж хочилно.
           Учир нь тэр давхиж магадгүй гэж горьдсондоо өөрийнхөө адуунаас харагдсан болгоноо уядаг байж. Түүнийгээ хөтлөөд хүүхэдтэйгээ уяагаа тойроод гийнгоолоод дэргэчих нь... Эцэст нь тэр ганцхан зүйлийг ухаарсан. Тэр нь адууныхаа цусыг сайжруулах, хурдны угшилтай азарга, гүүтэй болох. Ингээд Намжил өөрт байгаагаа хурдны угшилтай үрээ морьдоор арилжиж эхэлсэн.
Нэгийг гурваар, хоёрыг таваар жишин худалдан авч, бүр намар орой агтны адуунаас онд орох орохгүй нь үл мэдэх шүдлэнг тарган мориороо арилжив. Хүмүүс зарим нь гайхаж, зарим нь дооглож байлаа. Харин одоо бол үгүй ээ. Ойрын хэдэн жил морьд нь айраг түрүү алдахаа байсан. Хаана ч очсон Намжилын морьд давхиж л байна. Өнгөрсөн цагаан сараар түүнд аймгийн алдарт уяач цол өгсөн. Ингэж л тэр зорьсондоо, тэмүүлсэндээ хүрсэн. Гэхдээ түүнд дахиад нэг хүсэл бий. Тэр нь улсын хэмжээний, бас дэлхийн хэмжээний уяач болох.
Ганц нэг балгаж улаан зээрд болохоороо “хонгор халзан минь л...” гэж амнаасаа унагана. Аягүй л бол хонгор халзан нь түүнийг улсын наадамд  хөтлөх байхаа даа. 
 
                             / хөгжим дээр адуун сүргийн чимээ орж ирэх /
 
           НЭВТ: Морь унаж, уралдаж, сүүлдээ уяж хорвоог элээх нь монгол хүн бүрийн жаргал нь, жам нь... Хүн бүр хотруу зүглэх болсон энэ цаг дор агуу их нүүдлийн соёл дундаа дөрөө харшуулан дэргэж, уяа тойрон гийнгоолох нэг голын энэ гурван хүн торгон эр нь таарч жолоо дугтрах морьдын эзэд ажгуу. Тэд монголын, дэлхийн морьтой хүмүүс...
                                                                        / хөгжим /
 
           НЭВТ: Та бүхэн “Морьтой хүн” холбоо гурван таталбар хөрөг хүлээн авч сонслоо.



ХӨРӨГ-2
 
            НЭВТ: СУИС-ийн РТС-ийн оюутан Болорцэцэгийнбичсэн “Дэрэн дор адуу дор адуу янцгаахад аавыгаа би санадаг” хөрөг тэмдэглэл хүлээн авч сонсоно уу.
 
                                           / хөгжим- адуу давхих чимээ орж ирэх /
 
НЭВТ: Хуйларсан олон адуун сүргийн тоосон дунд уран чихтэй хүлгийн зоон дээр уурга суналзуулсан хөнхөр бор нүдтэй, жавхаалаг эр “Намайгаа жаргаасан насны баясгалан морь мину зээ...” хэмээн дуулан давхина. Хазгай гишгэж маажийсан бакалных нь түрийд хөлсөнд дагтаршсан хусуур харагдах нь их л содон. Адуучин эр хатируулсаар дэргэд минь ирээд дөмбөн шаргал мориноосоо тэвхийн буухад хүрэн даавуун тэрлэгнээс нь хээрийн салхины үнэр ханхийх нь сэтгэлд нэг л дотно.
 
                                                       / таслал /
 
БЦ: Тиймээ, энэ бол зүүдэнд ирсэн миний аав... Ийм л жавхлантай явсан аавын минь сайхан хар үсэнд нь насны хяруу унаж, өргөн магнайд нь амьдрал мөрөө гүн үлдээжээ. Аав өнөөдөр 50 хүрч байгаа юм байна, үүнийг сануулах гэж зүүдэнд минь ирж шүү дээ
 
                                                                / хөгжим /
БЦ: Аав минь дуу цөөтэй хүн. Бодолдоо өөрөө өөртэйгээ өвөлжиж, хаваржиж, зусаж, намаржиж суудаг байж дээ. Хааяа надтай нарийн нандин юмаа хальт хөөрнө. Тэгээд хониныхоо захад тамхиа ороож нэг сайн нэрж аваад дээш харан тэнгэр алдлан хэвтээд өгдөгсөн.
Заримдаа би аавыгаа их өрөвддөг юм. Нэг удаа аав надад: “Наадам болж байхад түрийвчиндээ мөнгөгүй, түрийндээ хусуургүй явж байна даа” гэж билээ. Үүнийг сонсоод газар дайвалзаад явчих шиг болсон. Хөөрхий дөө, бидний төлөө амьдралаа үрж яваа хүн шүү дээ.  Аав жаахан уух дуртай. Эр хүн хойно уулгүй ч яахав. Заримдаа согтчихоод бурхан болсон жаахан хүүгээ санадаг юм болов уу даа, буруу хараад суучихна. Тэгснээ “Дунд эгч чинь намайг Америк үзүүлнэ гэсэн. Ээж бид хоёр чинь удахгүй Америк явна” гээд учиргүй хөөрнө. Тагш юманд хорхойтой аав минь юу хүсэж мөрөөддөг юм болдоо, хөөрхий.
Аав их хөгжилтэй ээ. Радио сонсох тун ч дуртай, түүнийгээ бүр ажил болгочихсон хүн. Хаа л явна өнөө муу транзистортойгоо... Ээжийн чанасан будаатай цайг том модон аягандаа хийж аваад, гэрийнхээ хаяанд адуу малаа харсан шигээ, радио сонсож хэвтэхдээ дэндүү жаргалтай. Тэгснээ гэнэт дуу алдан сайшаан магтана. Заримдаа ийм ч юм ярьж байх гэж ирээд бухимдана. Удалгүй радиогоо дэрлээд унтаад өгнө. Аавыг баярлуулж хөөргөдөг, заримдаа бухимдуулдаг “дотны анд” радиогоор нь одоо би яриад сууж байна. Намайг сонсоод аав баярлаж байгаа даа, эсвэл муу золигийг дээ... гэж суугаа болов уу.
Миний аавыг Дамдинсүрэн гэдэг. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын малчин Банзрагчийн гуравдахь хүү нь. Аавыг ах дүү, нутаг усныхан нь Бөвөө гэж авгайлна. Аав эх орныхоо торгон хилийг манаж явахдаа “Хүү нь мэнд сайн...” гэсэн захидал аав, ээждээ тоотойхон явуулдаг байтлаа “Хайрт минь намайгаа хүлээгээрэй
                                          Хугацаат цэргийн албаа хаагаад
                                          Хонгор чамдаа яваад очно... гээд цэрэг эрийн сэтгэл шингэсэн захидлыг нутгийнхаа хоёр салаа гэзэгтэй хөөрхөн бүсгүйд өдөр алгасахгүй илгээдэг байж. Тэр захидлын эзэн нь миний ээж Сугар. Армийн гурван жил харавсан сум шиг өнгөрч, өөрийн гэсэн бүхнээ багтартал санасан “цэргийн хар” нутагтаа ирж тооноо өргөж, галаа бадрааж, анхны үрээ үнэрлэсэн гэдэг. Ингэж аав, ээж хоёр минь заяа тавилангаа холбож, гурван үрийн эцэг, эх болсон юм. Цэргийн албанаас ирсэн 22 настай шижигнэсэн залуу сумандаа нярав, музейн тайлбарлагч, кино механикч гээд олон ажлыг залуу насны ааг омгоор яралзуулж байсан гэдэг.
                           / Малчин заяа дуу-цухас орж ирэх /
 
БЦ: Энэ дуу аавын минь ганц амин дуу. Аав томоо угалзан хээтэй цэнхэр торгон дээл өмсөж, нүүрэндээ оо энгэсэг хайш яйшхан тавьчихаад сумынхаа соёлын төвийн тайзан дээрээс царгисан хоолойгоор “Малчин заяа” дууг дуулахад, танхим тэр аяараа нүргэлж, сэтгэл халгиад л явчихна. Миний аав дэндүү гоё дуулна.
Гурван жилийн өмнө сэтгүүлч болохоор сумаасаа мордоход аав надад: “Охин минь, сайн сураад радиогоор ярьдаг хүн болоорой” гэж билээ. Би багаасаал шүлэг уншиж, бичдэг хүүхэд байсан юм. Бичсэн шүлгийг минь аав: “За, нэг үзээдхэе” гээд “Энэ үг арай л тохирохгүй байна. Ингэвэл яасан юм, тэгвэл яасан юм” гээд засаж залж өгнө. Миний мэдэхгүй монгол үгийг хэлж тайлбарлаад өгнө. Ингээд бодохоор аав бас ч гайгүй редактор байжээ.
                                          / хөгжим дээр/
Буурал нөмөрсөн аавынхаа өвөр дээр суухад
Бодолд нухлуулсан амьдрал ханхалдаг юм
Дэрэн дор адуу нүргэлэн хоноход
Дэлхийн зулай чичигнэж аавын өвөрт шургадаг юм
                                             / хөгжим /
БЦ: Ааваа, урьд шөнө таныгаа зүүдэлж хонолоо. Уурга бариад морин дэл дээр хийсгэж явсан идэр залуу дүрээр тань зүүдэллээ. Чин сэтгэлийн үгээ охин чинь таныхаа сонсох дуртай радиогоор хүргэж байна. Өдөр өдрийн наран дор биеэ бодож яваарай, таньдаа хайртай шүү.
                                            / хөгжим /
 
НЭВТ: Эрхэм сонсогчид оо, РТС-ийн оюутан Дамдинсүрэнгийн Болорцэцэг “Дэрэн дор адуу янцгаахад аавыгаа би санадаг” хөрөг тэмдэглэлээ дуулгалаа.
                                                   

ХӨРӨГ-3

                               Тэнгэр нурж байсан ч түшээд авах аавтай хүн
 
Эмээ аавыг “Багын л их яриа. Их иддэг, тарган хүүхэд байсан. 4 ах 2 эгчийнхээ дэргэд эрх танхи, бусдын өмсөөгүйг өмсөж гангарч явсан юм даа, миний бондгор бор” гээд өхөөрдөж суудагсан. Аавын тэр байдал одоо ч бий. Надтай барьцаж байгаад ээжид эрхлэнэ... Заримдаа аав миний хүүхэд  юм шиг ааш гаргана. Ер нь аав бусдад гомдож, уурлаж мэддэггүй гэнэн цайлган хүн. Ямартаа ч уужуу тайван, дуу султай, даруу хүн огтхон ч биш. Магадгүй зарим нь эцэг хүний шинжгүй гэх байх л даа. Аав хүн гэж заавал дуу цөөтэй, тогтуун байх ёстой юм гэж үү. Миний аав яриасаг, хэнийг ч гололгүй яриа өрнүүлж чаддаг. Бас их хөгжилтэй. Манай найзуудтай “ах нь цагтаа...” гэж ирээд ярьж гарна. Би багадаа дээс, чиртаа тоглох их дуртай. Тэр үед аав надтай яг л үеийн юм шиг тоглодог байсансан. Заримдаа ааваасаа ичихэд, найзууд минь харин ч эсрэгээрээ. “Танай аав их хөгжилтэй юмаа, бидний аав ийм байдаггүй ш дээ” гэхэд нь би тайвширна. Ямарч байсан миний аав өөрийнхөөрөө байж чаддаг хүн.
            Миний аав тэр бүр хүн хүсээд ч эзэмшиж чадахгүй мэргэжилтэй. Аав балетчин. Заримдаа би багадаа тийм тарган байсан хүүхэд яаж балетчин болсон юм бол гэж гайхдаг юм. Сонгодог урлаг, тэр тусмаа эрэгтэй хүн балет бүжиглэнэ гэдэг үнэхээр гайхалтай. Тайзан дээр эмэгтэй хүнийг ганц гараараа өргөөд бүжиглэж байгаа аавыгаа хараад их  бахархана. Эргэн тойрны хүмүүс яаж байгаа бол гээд сэм сэмхэн харж суудагсан. Тэгээд дэргэдээ сууж байгаа хүнд “энэ миний аав ш дээ” гэж хэлмээр санагддаг байж билээ. Бага байхдаа аавынхаа мэргэжлийг нь өвлөнө гэж их боддог байсан юм. Нэг удаа бүжгийн тэмцээнд орох гээд гэртээ давтаж байхыг аав хараад их инээж билээ. Мэргэжлийн хүний нүдэнд би дүй муутай харагдсан байх л даа. Эсвэл намайг өхөөрддөг байсан байх.
Аавыгаа балетчин гэж хүмүүст хэлэх их дуртай. Одоо ч хэвээрээ... Театрт тоглолт бүрийг нь алдахгүй үзнэ. Гоцлол бүжигчин эмэгтэйг өөрийгөө гэж төсөөлөн бодох их дуртайсан. Дараа нь үзсэн бүжгэн жүжгээ найзууддаа нүдэнд нь харагдтал ярьж өгнө. За тэгээд сонгодог урлаг, тэр дундаа балетийн урлаг бол жүжгийн утга агуулга, дүрийн үзэл санааг биеийн хөдөлгөөнөөр илэрхийлдэг онцлогтой. Эрт цагт хаад, хатад гээд ихэс дээдэс үзэж сонирхдог урлаг байсан болохоор их эрхэмсэг, тансаг. Дээд зэргийн чадвар шаарддаг урлаг учир баргийн хүн хийж чаддаггүй... гэж ирээд өөрийнхөө ухаанаар тайлбарлаж танилцуулж өгнө. Үүнийхээ хажуугаар энэ гайхалтай урлагийг монголд хөгжүүлэх үйлсэд миний аав зүтгэж яваа... гээд сайрхаад авчихна. Нээрэн л миний аавд очиж үзээгүй газар бараг байхгүй дээ. Монголынхоо балетийн урлагийг Орос, Хятад, Солонгос, Япон, Унгар гээд л олон улс оронд сурталчлан таниулахаар явж өгнө ш дээ. Аав минь олон газар орноор явж байсан болоод тэр үү, эсвэл сонгодог урлагийн нөлөө юу их соёлтой. Намайг эмэгтэй хүүхэд байж цэвэрхэн ид, аятайхан суу, хэл яриагаа зас, зөв ярьж сур... гээд засаж зааж гарна. Бас явсан газар орныхоо бүсгүйчүүдийн талаар ярьж сонирхуулж өгнө.
Нэг удаа аав UBS-ийн “Алтан хонх” нэвтрүүлэгт оролцож байх үеэр багш нар сурагчиддаа оноо авч өгөхийн тулд дээс тоглох болов. Гэтэл эмэгтэй багш алдаж, аав огт алдалгүй хамгийн олон оноо авахад хөтлөгч ихэд гайхаж: “Та эрэгтэй хүн байж эмэгтэйчүүдээс илүү сайн дээс тоголлоо” гэхэд, би “Аргагүй шүү дээ, наад хүн чинь охинтойгоо дандаа дээс тоглодог байсан юм. Дасгалжуулагч нь би...би байна” гээд дуу алдаж билээ. Үнэндээ гэртээ байгаа миний үгийг хөтлөгч яаж сонсох билээ дээ. Энэ хөгжилтэй дурсамжийг би лав мартахгүй ээ.
Аавыгаа хааяа өөрөөр төсөөлөх гэж үзнэ. Хар костьюм, цагаан срочик өмсөөд ажлын цүнх барьчихсан их чухал царайтайгаар төсөөлөх гэж оролдоно. Даан ч нүдэнд буухгүй. Харин ч бүр инээдтэйгээр төсөөлөгдөнө. Ээж аав хоёр Орос улсад суралцаж байхдаа танилцаж, ханилж суугаад 20-иод жил болжээ. Миний ээжийг Пэрэнлэйн Байгалмаа, аавыг Цэрэндоржийн Мөнхдэлгэр гэдэг юм. Ээж лав урлагын хүн нарийн мэдрэмжтэй, бас соёлтой болохоор аавтай танилцсан байх. Үгүй ээ, ер нь аавын өтгөн хар үс, том алаг нүд, гоё инээмсэглэлд нь татагдсан байх шүү. Аав одоо 50 хүрч байгаа ч наснаасаа хамаагүй залуу харагддаг юм. Магадгүй урлагийн хүн болохоор тийм байж болох. Ямартаа ч их залуу сэтгэлгээтэй, бас орчин үетэйгээ хөл нийлүүлж яваа хүн дээ. Тийм болохоор аавтайгаа ойлголцох их амар. Надад ямарч асуудал учирсан аав л хамт байна, тун түшигтэй.  Би тэнгэр нурж байсан ч түшээд авах аавтай хүндээ...
Аав минь 30 гаруй жил сонгодог урлагт зүтгэж явна. Одоо ХБК-ийн сонгодог бүжгийн багшаар ажиллаж,  ирээдүйн урлагынхныг бэлтгэж байна. Хүн сургана гэдэг том алдар гавъяа болохоор би ааваараа бахархдаг. Ааваа, таныг урлагийн Янжинлхам бурхан ивээх болтугай, таньдаа хайртай шүү.
Тэнгэрт гялалзах од шиг
Тэртээгээс харах солонго шиг
Алсаас харах нар шиг
Амгалан тайван сар шиг миний аав...        
                                                                    
                                                                        Сэтгүүлчийн 2-р ангийн оюутан М.Уянга


ХӨРӨГ-4
 
ХӨТ: Оюутан Амаржаргалын бичсэн “Миний аав тракторчин хүн” хөрөг тэмдэглэл хүлээн авч сонсоно уу.
 
                       / Шум - өвс хадаж байгаа тракторын чимээ орж ирээд дээр нь /
 
ХӨТ:  Жил бүрийн намар хадлангийн үеэр аав охин хоёрын ажил ид буцлана. Өглөөний сэрүүнд гараад өдрийн халуун наранд цохигдон унтсан жаахан охин тракторын цонх мөргөөд цочин сэрж, том алаг нүдээ дүрлийлгэн хэсэг харж сууснаа дахин нүд нь анилдан нойрмоглоно.
 
Аав: Хүүе, миний охин яаж байна... унтаад байгаа юм уу?
Охин: Үгүй ээ, ааваа цонхоор юм харсан юм. Ааваа миний ам цангаад байна...
Аав: Өглөөний авч гарсан цай боорцог нь яасан юм, миний охин?
Охин: Би түрүүн таньд цайнаасаа өгсөн биз дээ. Тэгээд та ихэнхийг нь ууцан ш дээ. Тэгээд дуусцан...
Аав:(инээгээд) за за... одоохон, миний охин. Жоохон газар үлдсэн энийг дуусгаад хоёулаа харина аа. Миний охин боорцгоо идэж бай...
Охин: За ааваа...
 
ХӨТ: Энэ бол аав бид хоёр. Бага насны минь олон сайхан дурсамж аавын трактор дотор өнгөрсөн дөө. Бага байхад аавын минь трактор шиг сайхан юм байдаггүйсэн. 
 
                                    / тракторын шум хэсэг тодорч ирээд /
                                          / залгаад намуухан ая орж ирэх /
 
ХӨТ: Миний тракторчин аавыг Батчулуун гэдэг. Одоогоос 49 жилийн өмнө Төв аймгийн Борнуур суманд Шонхор гэх айлын бага хүү болон миний мэндэлсэн юм.
Миний өвөө Шонхорын анхны амьдрал бүтэлгүйтэж эхнэр Таня нь том охиноо аваад хот явж, ой гарантай хүү нь аавтайгаа Борнуур сумандаа үлджээ. Удалгүй өвөө өөр бүсгүйтэй гэрлэсэн. Тэр бол миний эмээ Пүрэвсүрэн. Пүрэвсүрэн эмээ бас нэг охинтойгоо иржээ. Ингэж миний өвөө эмээ хоёр гэрлээд 4 хүүхэд төрүүлж, ам бүл наймуулаа өнөр өтгөн болж, миний аав айлын бага хүү байсан бол том хүү нь болсон гэдэг. 
Аав дунд сургуульд байхдаа дэггүй жаал байжээ. Химийн багш нь харшилтай болохоор байнга бээлий өмсдөг байж. Аав түүнийг нь мэддэг хэрнээ нэг удаа “Багшаа та яагаад бээлий өмсөөд байдаг юм, муухай байна” гэж хэлээд багшийгаа уйлуулаад гаргачихсан гэдэг. Энэ нь хичээл оруулахгүй гэсэн нэг арга байсан шиг... Нээрэн сахилагагүй хүү байж дээ, аав. За тэгээд энэ бол юу ч биш. Бүр 7, 8-р ангид байхдаа ангийнхаа хөвгүүдтэй нийлээд тамхи татнаа. Одоо бодоход их танхай сурагч байсан шиг санагддаг юм. Харин аз болоход тамхинд ороогүй аж. Одоо бол тамхийг ёстой нэг үзэхгүй ш дээ. “Тамхинаас архи нь дээр...” гээд инээд хүргэчих нь. Аав хааяахан нэг балгачихна. Тэр үедээ солгой хоолойгоор “Хөөрхөн борлог морийг дуулж өгнө дөө. Ямартаа л би бага байхдаа “Хөөрхөн борлог морийг согтуу хүн дуулахаараа солгой дуулдаг юм” гэж хэлээд амьтан хүнийг инээлгэж байх билээ. Аав 8-р ангиа төгсөөд ЗХУ-ын Омск хотод тракторчин мэргэжлээр суралцаж ирээд, дараа нь цэргийн албанд морджээ. “Эр хүн цэрэгт явж байж жинхэнэ эр хүн болдог юм даа” гэж ярих дуртай. Цэргээс ирээд 1985 онд миний ээжтэй танилцжээ. Ээжийг Мягмарсүрэн гэдэг. Залуу цагийн зургыг нь харахад хэний ч харц булаахаар нүдэнд дулаахан инээмсэглэлтэй шар хүүхэн. Аав анх ээжтэй танилцах гэж өөрөө хэлж чадахгүй хүнээр хэлүүлж уулзаж байсан гэдэг. Тэдний үерхэл нь гэрлэлт болж анхны хүү, охиноо төрүүлж, 1992 онд бага охин намайг төрүүлжээ.
Хүмүүс аавыг цав цагаан залуу байсан гэцгээдэг юм. Харин би итгэдэггүй юм. Миний аав бов бор царайтай, давхраагүй бор нүдтэй, духандаа бага зэрэг үрчлээтэй эгэл энгийн нэгэн. Аавыг цагаан гэхээр инээд хүрдэг ч харин хөлийг нь харвал нээрэн хүмүүсийн хэлдгээр цав цагаан.
                                                                  / хөгжим /
 
ХӨТ: Миний аав тракторчин хүн. Нэлээд хэдэн жилийн өмнөөс хувиараа газар тариалан эрхлэх болж ногоо тарьж эхэлсэн юм. Намайг бага байхад манайх жил болгон хадланд гардаг байлаа. Би аавыг хаашаа л явна дагадаг, ааваасаа ер салдаггүй хүүхэд байж билээ. Авч явахгүй л бол уйлж орилж, газар унаж сүйд болно. Ямартаа л хар үүрээр үдэш болтол аавынхаа трактор дотор өнжих билээ дээ. За тэгээд албатай юм шиг хамт явчихаад тачигнаж түчигнэсэн трактор дотор нь бөхөөс бөх гэгч нь унтаж төвөг болно. Сэрээд идэж уух юм нэхнэ. Харин орой харих замдаа аав намайг өвөр дээрээ суулгаад трактороо бариулна. Би далийгаад л явж өгнө ш дээ, их хөгжилтэй. Аав бид хоёр амь нэгтээ. Нэг удаа ангийнхаа охины төрсөн өдрийн баярт гэрийнхэндээ хэлэлгүй явснаас бөөн эрэл сурал болсны эцэст нь намайг олж, аав нэг их уйлж билээ. Би аавын амин хайртай охин нь...
Аав хар залуугаасаа л трактортой амьдралаа холбосон болохоор тэр юмуу  тракторыг ёстой арван хуруу шигээ мэднэ. Эр хүмүүс сайн нөхөр, сайхан морио магтаж ярьдаг бол миний аав трактороо л магтана. Хоёрхон хүний суудалтай тракторт нь гэр бүлийн таван ам бүл нь суучихаад хаашаа л бол хаашаа сүнгэнэнэ шүү дээ. Энэ бол миний аавын аз жаргал, баяр баясгалан.
/ тракторын чимээн дээр гэр бүлийн хүмүүсийн баяр баясгалантай   чимээ орж ирэх /
ХӨТ: Одоо манай гэр бүл бүр ч өнөр өтгөн болсоон. Хүргэн бэр, ач зээ гээд аавын тракторт багтахгүй болсон. Миний залгамж халааг аавын ач зээ авч, миний суудаг суудал дээр эзэн нь болчихсон, мөнөө л над шиг нойрмоглон цонх мөргөж сэрээд, эргэж унтсаар явдаг гэсэн. Үүнийг сонсоод би хорь хүрсэн ч гэсэн хоёр дүүгээсэээ аавыгаа харамлах сэтгэл төрдөг юм, нуугаад яахав.  Заримдаа бүр миний суудлаас бууцгаа... гээд хөөж гаргана, инээдтэй байна уу...? Аав ер нь урд насандаа цэцэрлэгийн багш байсан байх шүү. Хүүхдүүд ааваас ер салахгүй, аав ч дандаа хүүхэд дагуулж явна.
 
                                                               / тракторын чимээ /
 
ХӨТ: Тэр нэгэн цагт тракторчин Батчулууных гэр бүлээрээ  трактортоо багтаж суугаад сумаа тойрчихдог байсан бол одоо ээж аав бид гурав ч багтахааргүй болжээ. Ингэж бид өөрсдийгөө том болсныгоо аавынхаа улаан тракторын кабинаар  хэмжиж мэдсэн юм даа. Аавыгаа дурсах бүр трактор ярихгүй өнгөрөх аргагүй. Яагаад гэвэл миний аав тракточин хүн.
 
                                                                    / хөгжим /

                                                                                 Сэтгүүчийн 3В ангийн оюутан Амаржаргал



            ХӨТ: Аавдаа бичсэн захидал...
                                                                        / хөгжим /
 
            ХӨТ:   Амар байна уу? Ааваа...
Нутагт минь өвлийн тэргүүн сар орж жавар тачигнаж, хүйтэн байна. Таны яаран яаран мордсон тэр диваажинд ямар байна. Манай эндэхээс хүйтэн юм уу. Та минь арай даарч жиндэж яваа юм биш биз дээ? Ааваа та санаж байна уу, хүйтэн өдөр бүр та надад “Үр минь даарав, дулаан хувцаслаарай...” гэдэг байсан шүү дээ. Таны энэ үгийг би дандаа санадаг юм. Арай ухаарч том болсон бол илүү олон сургаалыг тань авч үлдэх байсандаа гэж боддог юм. Ээжийн бие сайн. Харин охин чинь таныхаа эзгүйд хорвоотой эвлэрч нэг, тэрсэлж нэг  явна даа. Таныгаа эргэж ирэхгүйн орчлон руу явсныг чинь мэдэхгүй ээжээсээ байн байн асууж, сураглаж эмтэрсэн зүрхний нь шархийг мөн ч их хөнддөг байж дээ.
Уучлаарай ааваа,  эргээд ирэхгүйг чинь эрт ухаарч мэдсэн бол ээжийгээ тэгж зовоохгүй байсан. Ааваа, охин чинь таныгаа ямар их санадаг гээч...
 
                                                              / хөгжим /
 
             ХӨТ: Ааваа, урд шөнө тантай бөгцөг нясалж байна гэж зүүдэллээ. Та минь надтай дандаа бөгцөг нясалж тоголдог байсан шүү дээ. Би шөнө бүр л таныгаа зүүдлэх юм. Хааяа бүр эрхэлж, үнсүүлж, бас зэмлүүлж байна гээд л... Харин одоо зүүдэндээ биш, сэрүүндээ ганц удаа боловч үнсүүлэхсэн гэж бодох юм.
 
                               /“Аавдаа үнсүүлэхийн жаргал” дуу орж ирэх/
 
              ХӨТ: Айлын хүүхдүүд аавдаа зэмлүүлж, эрхлэхэд нь би хичнээн их атаархдаг гээч. Тэр болгонд “Би сайхан аавтай, миний аав удахгүй ирнэ...” гэж өөрийгөө хууравч, хэзээ ч ирэхгүй шүү дээ гэж бодохоор өөрийн эрхгүй уйлчихдаг юм. Тийм үедээ би сэтгэлийн нууцаа дэвтэр дээрээ бичиж, өөрийгөө тайвшруулдаг. Ааваа, би танд энэ дэвтрээсээ нэг шүлэг уншиж өгье.
  
                                                             / хөгжим /
Үхэж болохгүй тушаал авсан цэрэг шиг
Үр биднийгээ хөлөө олтол  цоо эрүүл болж жүжиглэжээ та
Амьдрал үзээгүй охин чинь таныхаа
Ачийг тань хариулна гэж мөн ч их худал амлажээ, өршөө
Хазайлгаж үл болох хаан алдраар тань овоглолоо
Халуун сэтгэл, хайрын ухаарлыг хамтад нь өвлөхийг хүслээ
Өнгөт орчлонгийн эрээн бараанаас таныгаа нэхэж
Өнгө нь хувирахгүй нулимсаа мөн ч их арчлаа
Өрөөлийн ааваас таныгаа илүү гэж боддог болохоор
Өр зүрхэндээ нандигнаж явна даа, охин чинь...
                                                           / хөгжим /
 
              ХӨТ: Таныхаа хайр энхрийллийг амсаж явсан он жилүүд энэ хорвоогийн түмэн жаргалийн дээдийн дээд нь байж дээ. Таныхаа гэрэл дор бид жаргаж байжээ, ааваа. Өнөөдөр охин чинь таныгаа дуулж л явна даа. Ааваа та бол миний бурхан тиймээс би бурханы хайртай охин...
                                                         
                                                                      Сэтгүүлчийн 4-р ангийн оюутан  Наранцэцэг

No comments:

Post a Comment

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив