Lucky Charms Rainbow

Saturday, January 12, 2013

ОЮУТНЫ ХЭЭРИЙН ДАДЛАГА 4


 ХӨТ: “МАРТАГДАШГҮЙ ЗУН” аян замын тэмдэглэл

/ таслал /
 
            ХӨТ: Эл тэмдэглэлийг бичигч би бээр ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн Үзэмчин хошууны малчин Бүрэнтэгшийн ууган охин Өнөрсувд билээ. Би СУИС-ийн РТВС-ийн сэтгүүлчийн 3-р ангид сурдаг. Сонсогч таны өмнө анхны тэмдэглэлээ өргөн барьж байна, хүлээн авна уу.
 
 / хөгжим /
 
ХӨТ: Хураар хөрсөө мялаалгаж, цэцэг навчаар газар нутгаа чимсэн өнөө зуны сайхныг бахдаад магтаад баршгүй. Усны хишгээр хурайлсан үзэмчин нутгийн минь зун тугалын бэлчээрт өнгөрүүлсэн бага насны минь дурсамжийг эрхгүй санагдуулна. Бага байхад манай нутаг энэ зун шиг хур бороо элбэг, өвс бэлчээр сайтай байсан болохоор хүүхдүүд бид өөрсдөөсөө өндөр өвсөн дунд нуугдаж тоглодог байв. Бага насны дурсамж сэргээж, аавын минь магнайг тэнийлгэж, царайд нь гэрэл нэмсэн энэ зуныг соргог бэлчээрийн дэргэд өөхөн цагаан хоньдоо бараадан талын монгол охины жаргалд хөвж, агь тааных нь үнэрт согтуурч өнгөрөөлөө, би.


/ хөгжим /
 
ХӨТ: Хүлээлт...
            ХӨТ: Хөх Монголын уугуул бууч халхын сайхан нутгаас Их сургуулийн маань хэсэг нөхөд айсуй гэх халуун чимээнээр би Шилийн гол аймгийн төв Шилийн хотод тэднийгээ угтаж авахаар ирсэн юм. Найз нар маань Хятад гүрний дунд буй монгол үг хэл, үсэг бичиг, нүүдэлчин соёлтой мах цусны тасархай монголчуудыгаа үзэж харах гэж газрын холоос халшралгүй нутаг орноор минь айлчлах болсонд би баяраар бялхана. Монголчууд бид мохошгүй зоригтой, мөхөшгүй соёлтой, мөрөөдөл бүхнээр цалгин мөнхийн итгэлцлээр бие биенээ дэмждэг тэнгэрлэг хүмүүс билээ. Онон мөрний хөвөөнд нөж атгаж төрсөн тэр нэгэн их хүмүүний хойчис нь болж энэ Монголынхоо элгэнд тэврүүлсэндээ би бахархдаг юм.                


8-р сарын 24-ний өдрийн орой Шилийн хотод найзууд минь өртөөлөх болж, аймгийн радио хорооны хүмүүс “Монгол улсын зочдоо баярлан угтъя” гэсэн бичиг  барьчихсан үдшийн бүрэнхийд ялаа, шумуулыг ч үл хайхран холын зочдоо сэтгэл дүүрэн хүлээж байлаа. Би ч бас тэд нартай хамт тэсэн ядан догдолж зогслоо.
            Эрээн хотоос Шилийн хот хүрэх зам засвартай байснаас зочид маань удаж удаж орой тэрэгний өртөөнд бууж, ирэгсэд угтагсад бүгд баяр хөөртэй уулзалдлаа. Олон ч ачаатай ирж дээ, тосохоор ирсэн автобус пиг дүүрэв. Шилийн голын Радиогийн орлогч дарга Гэрэлцогтын дагуулгаар Шилийн хот дахь Зам харилцааны асар хэмээх зочид буудалд зочдоо байрлуулав. Алсаас ирсэн найзууд маань “Гэрэлт сувд хэмээх Шилийн хотын шөнийн үзэмжид согтуурсаар ирлээ” хэмээн хөгжилдөн хөөрсөөр буудалдаа бууж, дараа нь Шилийн голын Радио хорооны халуун дайллагыг хүлээн авч зочлууллаа. Найз нар  маань монгол хоол ундандаа дассан учраас ширээн дээр өрсөн зүсэн бүрийн ногооны зуушийг их л сонирхон асууж байв. Гэрэлцогт дарга Шилийн гол аймгийн талаар товч танилцуулж, амар түвшнийг анхаарах чухалтай хэмээн дахин дахин сануулж байлаа. Багш, нөхөд халуун дотно яриа дэлгэж, бэлэг дурсгалаа гардуулснаар “Үхэр соёлын мөрөөр” аяллын нээлтээ эхлүүлсэн юм. 

            
            Орой нь багш нар маргаашийн төлөвлөгөөг танилцуулж, нэг сэтгүүлч, нэг найруулагч, нэг зураглаачийг нэг баг болгож, баг тус бүр хийх бүтээлийн сэдвээ сонгов. Анх удаа багаар ажиллах болсон нь надад сонирхолтой ч бас амаргүй санагдаж байлаа. Гэвч мэргэжлийн багшаасаа чадахгүй мэдэхгүйгээ асуугаад болчихно биз дээ хэмээн өөрийгөө тайтгаруулав.
 
/ хөгжим /
 
ХӨТ: Анхны ярилцлага...
            ХӨТ: Маргааш өглөөний нарнаар бид Шилийн хотын хойморт сүндэрлэх Эрдэнэ овооны энгэр дэх бээсийн сүмийн уудам талбайд хүрч Зан үйл судлаач Доржсүрэн гэдэг хүнтэй уулзалт хийж, шарын шашнаас улбаатай бээсийн сүмийн тухай мэдээлэл авах  болов. Доржсүрэн гуайг хүлээх зуураа бид сургуулийнхаа туг далбаагаа дэлгэж хамтаар зураг авахуулж жаал бужигналдав. Найзууд маань Эрдэнэ овоо орчмын үзэмжинд согтуурч оргимол булаг, цэцэг хуар бүхий дүрс шуумлыг ихэд бахархаж, овооны энгэрт байрлах монгол гэр бүхий худалдааг сонирхож, дуртай бахтай зүйлээ худалдан авч байлаа. Төд удалгүй Доржсүрэн гуай Монгол улсаас зочид ирсэн гэх чимээнээр яаран ирж, бид ч анхны ярилцлагаа хийж, Бээсийн сүм, Эрдэнэ овооны үүх түүх, үлгэр холбоог яриулж, тайлбар тодотгол хийлээ.                            
            13 овоогоор бүрдсэн Эрдэнэ овоодоо мөргөж, зураг авалт, сурвалжлагаа дууссаны сүүлээр сүмийн энгэрийн баруун жигүүрт буй Монгол хувцас заслын оёдлын өргөөгөөр орж “Үзэмчин нутгийн хувцас, засал чимэглэл” сэдэв сонгосон багынхан зураг авч, ярилцлага хийж, сурвалжлага бэлтгэлээ. Элбэг уужим хэв янз болон гоёмсог өргөн эмжээрээрээ онцлог Үзэмчин нутгийн минь дээл хувцсыг ихэд сонирхож, бүгд өмсөж зураг татуулсанд би сэтгэл бахдам байсан.    
    
                                                                           /хөгжим /

              Үдээс хойш Гэрэлцог даргын дагуулгаар Шилийн голын Монгол-Юаний соёлын хүрээлэнд хүрэв. Дөрвөн том баганын дунд Чингис хаан хөсөг тэрэгтэй нүүдэл хийж байгаа морьтой шуумал хараанд тодорч шуумлын доор нь багын үеийн ах дүүсийн дүрсийг шууж, агт хүлгийн алмас туурайгаар Монголын эзэнт гүрний дэлхийг эзэлсэн газрын зургийг дэвсгэр болгож хажуу хавиар нь Чингисийн дөрвөн нохой, дөрвөн хатан, дөрвөн мэргэн зэрэг хамаа бүхий хүмүүсийн дүр бүхий шуумал байрлуулсан нь эзэн Чингисийнхээ ариун сургаалийг сонсон суугаа мэт харагдана.
Шилийн гол аймгийн Захар хошуугаар нутагтай Шилийн хотын хамааралтын товчооны албатан, гэрэл зурагчин Баатар гуай бидэнд музейн талаар товч танилцуулга өгсөн юм.














Энэ музей рүү ороход 99 шат дамждаг. Энэ нь монголчуудын биширч шүтэж ирсэн тэнгэр шүтээнтэй холбоотой буюу 99 тэнгэрийг билэгдсэн юм байна. Тус музейд Чингис хааны үүх түүх, эд өлгийн зүйл элбэг баян. Үүнд: Чингисийн морины эмээл, Тэмүүжин гэсэн нэртэй баруун азиас гаралтай үнэ өртөг өндөр хас аяга,Чингис хааны хөрөг зураг хараанд тодорно.
 
/ хөгжим /
 
ХӨТ: Шилийн нуурын хөвөөн дэх гайхамшиг...
ХӨТ: Бид Шилийн хотын шөнийн зураг авалтанд явж 20 түмэн хүн амтай энэ хотын амралт, сэлүүчлийн газар Шилийн уудам талбайд хүрч зураг авалтаа эхлүүлэх гэсэн боловч гэрэлтүүлгийн нөлөөллөөс болж зураг авч чадсангүйгээс Шилийн хотын баруун талд байрладаг хиймэл нуурын хөвөөнд хүрч зураг авалтаа үргэлжлүүлэв.
Энд хөгжмийн аялгуугаар нуурын ус янз бүрийн хэлбэр дүрс үүсгэн оргилж хурсан олныг баясгаж байв. Нуурын дэргэд ирэхэд холын холоос агаар тэнгэрт солонгон гүүр сүндэрлэж байна уу гэмээр харагдана. Өвөр Монголын алдарт дуучин Дэдмаагийн дуулсан Үзэсгэлэнт сайхан миний нутаг дууны аялгуун дээр нуурын ус оргилон боргилж, уянгат аялгуу сонор мялааж, нуурын үзэмж нүд хужирлах авай. Уудам талбайн дунд  усан оргилуурын ус гялтганан гэрэлтэж шөнийн тэнгэрт түм түмэн гэрэл цацраана. Энэчлэн нутаг орныхоо сайн сайхан бүхнийг үзүүлж харуулж байгаадаа өөрийн эрхгүй баярлаж, улам ч ихийг үзүүлмээр санагдаж байсныгаа нуух юун.


Орой нь бид буудалдаа хүрч гурван мэргэжлийн багш нарынхаа санал сануулгыг сонсож, яаж зураглах, яаж найруулах, асуултаа хэрхэн боловсруулж, хэрхэн бичих талаар хичээл сонслоо. Манай баг Үзэмчин уртын дууны талаар сурвалжлага хийх байсан боловч Баруун Үзэмчин явах төлөвлөгөө өөрчлөгдөж, бид “Сөнөд тэмээ” сэдвийг сонголоо. Шөнөжин нойр хулжиж, асуултаа яаж асуух, сурвалжлагаа яаж бичих тухай бодож хонолоо.

/ хөгжим /
 
ХӨТ: Миний нутгийн дагшин орон – тахирлан урсах Шилийн гол мину...

          
ХӨТ: “Шилийн голын хүн гэхээр хамгийн түрүүнд Шилийн гол хэмээх Монгол үсэг бүхий урсацтай, есөн нугалаа үүсгэн тахирлан урсах Шилийн гол нарны алтан цацраг дор болортон урсах нь харагддаг гэлцдэг юм билээ. Нэгэнт Шилийн гол аймагт ирсний хэрэг юу билээ, өвөрлөгчдийн маань нэгэн өвөрмөц “нэрийн хуудас” болсон Шилийн голын хөвөөнд очихгүйгээр, уснаас нь амсаж үзэхгүйгээр буцах учиргүй билээ” гэх Чука багшийн хүсэлтээр энэ онгон дагшин орондоо нөхдийгөө дагуулж ирлээ. Тиймээ, номин талын дундуур олон нугалаа үүсгэн урсдаг нь Шилийн голын давтагдашгүй нэгэн онцлог билээ. Шилийн голын Радио хорооны сурвалжлагч Сайнбилэг бидэнд Шилийн голын тухай үлгэр домог ярьж, бас газарзүйн онцлог хийгээд түүхэн үйл явдлаас сонирхуулав. Сайнбилэгийн хэлснээр 1690-ээд оны үед Манжийн хаан ар, өвөр монголыг буулгаж авсаны дараа Долон нуурын чуулганыг  энд чуулж Шилийн голын арван хошууг нэгтгэжээ. Шилийн голын арван хошууны ван, гүн, ноёд Шилийн голын хөвөөнд анх чуулж, бүх аймгийн учир явдлыг ярьж шийдвэрлэдэг болсон тэр цагаас хойш түүх сударт “Шилийн гол аймаг” хэмээн тэмдэглэж өнөөг хүртэл 300 гаруй жилийн нүүдэлчин соёлтой аймаг болон хөгжсөөр иржээ. “Усыг нь уувал ёсыг нь дага” гэдгээр халхаас ирсэн багш, нөхдүүд маань голын усаар магнайгаа мялааж, зөөлөн зүлгэн дээр нь эргэн дурсахуйн зургаа татуулж байна. Нутгийн минь ус зүрх нэгтэй монголчуудыг минь үеийн үед ивээх болтугай. Хурай...хурай...хурай...

/ Шилийн гол дуу орж ирнэ /


ХӨТ: Бид Шилийн голын хөвөөгөөр хийсэн аяллаа дуусгаад Шилийн хотод орж ирэх үед нартай бороо намжуун орж билээ. Энэ нартай бороо бидний уран бүтээлийн аян замд амжилт хурайлж байгаа мэт санагдаж байлаа. Оройн сэлүү цагаар оюутнууд гурван баг бүлэг болон хуваагдаж, зээл тойрч хоршоо дэлгүүр хэсэв. Шилийн хотод бас нэлээн хэдэн том дэлгүүр үүд, өрхөө нээж хөгжөөнт наймаагаа хийж байна. Манайхан үнэ боломжийн, таалагдсан хувцас хунар, бэлэг дурсгал сонгон авч,  “Улаанбаатарын үнийг бодвол нэлээд хямд юм” гэж ярьж байна. Бид тойрсоор орой аажимхан зээлийн гэрэл дагуу хөгжилдөн алхсаар буудалдаа буцаснаар нэгэн өдрийг үдлээ.

/ дуу тодорч ирээд дуусах /

 ХӨТ: Шилийн цуурай болсон Шилийн голын Ардын радио хороо...         
 ХӨТ: 27-ны өдөр бид Шилийн голын Ардын радио хорооны урилгаар Шилийн хотын Шинэ хот тойрогт буй Ардын Радио-Телевизийн хороонд зочилсон юм.Шилийн голын Ардын Радио Хороо хятад, монгол хэлээр нэвтрүүлэг явуулдаг юм. Шилийн голын Ардын Радио Хорооны монгол нэвтрүүлэг нь дунд долгионы 927 /AM927KHZ/ байраар явдаг бөгөөд Шилийн гол аймгийн цорын ганц монгол хэлний радио нэвтрүүлэг юм.
Сонин мэдээгээр нуруувч болгож нийгмийн хүмүүжил болон утга урлагийн нэвтрүүлгээр жигүүрлэсэн сонин мэдээ, тусгай хөтөлбөр, зугаа цэнгэл, үйлчилгээ гэсэн нэг цогц нэвтрүүлэгтэй. Шилийн голын радио нэвтүүлгийн хорооны монгол нэвтрүүлэг нь өдөр бүр 6:30 минутаас 23: 05 минут болтол явагдаж, долоо хоног бүр Шилийн голын сонин мэдээМэдээ нэг мөч зэрэг радиогын давуу чанарыг бадруулсан нэвтрүүлэг хийдэг ба малжих орон, малчдад зориулсан Шилийн цуурай нэвтүүлэг, хүүхэд залуучууд, настай буурлуудад зориулсан Буурал хайрханАлтан унагаМөнгөн дөрөөЗугаатай үдэш , “Аялгуу” нэртэй урсгал дууны шууд нэвтрүүлэг, Өгүүлэг, туужсын зохиол” зэрэг шинэ соргог нэвтрүүлэг бэлдэж, сонсогчдынхоо оюуны хүнсийг хангадаг юм. Би зуны амралтаараа тус радиод дадлага хийхдээ ард түмний танил, удаан жилийн хөтлөгч, нэвтрүүлэгч Сайнаа багшыг дагалдсан юм. Багшийгаа би өмнө нь олон удаагын уралдаан тэмцээн хөтөлж байхыг хараад намжуун дөлгөөн дуу хоолой, урсан гарах тод үг хэллэгийг нь биширч энэ хүнтэй уулзахсан гэсэн бодол минь өнөө зун биелсэн юм. Би багшийн бэлтгэдэг Буурал хайрхан шууд нэвтрүүлэг болон сонин мэдээний хөтөлбөр бэлтгэхэд дагалдан ажиллаж, хамтран хөтөлж ирсэн. Нэвтрүүлэг шууд хөтөлнө гэдэг үнэхээр амаргүй. Гэвч дадлага туршлагатай багштайгаа хамт хөтөлж байсан болохоор гайгүй байсан. Их ч зүйл сурч мэдэж авсан. Би Монгол улсын настайчуудын талаар ярьж, настайчуудад зориулж бичсэн шүлгээ уншиж байсан. Багш надад хаа явсан ч үзэмчин нутгынхаа үг хэллэгийг бүү орхигдуул. Манай нутгийн хэллэг бусад нутгийнхаас ялгаатайг санаж улам баяжуулж бай” гэж захиж хэлдэг юм. Хүн алдаж байж ухаардаг, хийж байж мэдэрдэг юм байна.


Шилийн голын ус шижир долгион шиг урссаар, шилийн голын радио айл гэрийн хойморын авдар дээр урилагагүй зочин болон залагдаж монгол түмнийхээ амьдралд зугаа цэнгэл, цагийн байдал зэргийг цаг ямагт дамжуулсаар мөнхийн монгол эгшиг болон агаарийн цэнхэр долгионоор цацагдана. Радиодоо би азаар монгол улсын багш, нөхдөө дагуулж ирлээ. Манай Шилийн голын Монгол радио Шилийн голын цуурай болж, шинэ
Би зуны амралтаар энэ радиод дадлага хийхдээ ард түмний танил, удаан жилийн хөтлөгч, нэвтрүүлэгч Сайнаа багшыг дагалдсан юм. Багшийгаа би өмнө нь олон удаагын уралдаан тэмцээн хөтөлж байхыг хараад намжуун дөлгөөн дуу хоолой, урсан гарах тод үг хэллэгийг нь биширч энэ хүнтэй уулзахсан гэсэн бодол өнөө зун биелсэн юм. Би багшийн бэлтгэдэг настайчуудад зориулсан Буурал хайрхан шууд нэвтрүүлэг болон сонин мэдээний хөтөлбөр бэлтгэхэд дагалдан ажиллаж, хамтран хөтөлж ирсэн. Нэвтрүүлэг шууп хөтөлнө гэдэг үнэхээр амаргүй. Гэвч дадлага туршлагатай багштайгаа хамт хөтөлж байсан болохоор гайгүй байсан. Би их зүйл сурч мэдэж авсан. Би Монгол улсын настайчуудын талаар ярьж, настайчуудад зориулж бичсэн шүлгээ уншиж байсан. Багш надад хаа явсан ч үзэмчин нутгынхаа үг хэллэгийг бүү орхигдуул манай нутгын хэллэг бусад нутгынхаас ялгаатайг үргэлжлүүлэн баяжуулж бай” гэж захиж хэлдэг юм. Хүн алдаж байж ухаардаг, хийж байж мэдэрдэг юм байна. Шилийн голын ус шижир долгион шиг урссаар, шилийн голын радио айл гэрийн хоймор дахь авдар дээр урилагагүй зочин болон залагдаж монгол түмнийхээ аж амьдрал, зугаа цэнгэл, цагийн байдал зэргийг цаг ямагт дамжуулсаар мөнхийн монгол эгшиг болон агаарийн долгионоор цацагдана. Радиодоо би энэ удаа азаар монгол улсын багш нөхдөө дагуулж ирлээ. Манай Шилийн голын радио Шилийн голын цуурай болж, шинэ зуундаа алхаа бат, төгөлдөр урагшилж байна.
 
/ хөгжим /
 
ХӨТ: Сурагч ахуй цагтаа эргэж очсон минь...
ХӨТ: Мөн өдрийн үдээс хойш бид Шилийн хотын Монгол дунд сургуулийг тойрон сонирхохоор болов. Энэ сургуульд би анх, дунд болон ахлах сургуулиа төгссөн юм. Зам зуур нөхөддөө сургуулийнхаа талаар ярьж танилцуулж, төрөлх сургуулийнхаа алтан босгонд Их сургуулийн багш болоод найз нөхдөө дагуулан ирэхэд сэтгэлд нэн таатай байлаа. Би энэ сургуулийг төгссөн ч гэсэн бодол сэтгэлээс минь энэ халуун дулаан орчин арилаагүй, дэгэж дэрвэж өнгөрүүлсэн гэнэн цайлган насны минь зургаан жилийн хонхон дуу дахин жингэнэн дуугарлаа.
Төрөлх сургууль маань гурван жилийн өмнөхөөс хувирал цөөн. Хувирснаас гэвэл хүрээн дэх зулзаган модод нь өтгөн сахлаг болжээ. Сайнаа багш дэд захирал болчихсон биднийг угтан авч, хичээл-хүмүүжлийн эрхлэгч Алтансүх багш сургуулийн талаар товч танилцуулав. Манай сургууль “Бие чийрэг, амьдрал борогжуун, суурь лавдуун, бусдад үнэнч” гэсэн уриан дор сурагчаа хүмүүжүүлдэг юм. Цул монголоор хичээллэдэг цор ганц сургууль билээ. Монгол улсын багш нар манай сурагчдыг хараад “Хараажаар монгол зүстэй, жинхэнэ монгол хүүхдүүд байна даа” гэж ярилцахыг сонсоод өөрийн эрхгүй догдлон баярлаж билээ. Тийм ээ, бид харийн дунд жинхэнэ монголоороо байж агуу их соёлоо дээдэлсээр байх болно. Амь биенд минь Монгол гэсэн халуун цус боргилж байгаа болохоор амьд яваа насандаа Монголоороо өнө үүрд амьдарна гэж бахархан бодож зогстол зургаан жилийн ангийн багш маань ирж, 9-4 гэх хуучин ангидаа орж багшийнхаа хичээлийг дахин сонслоо. Манай ангийн багшийг Эрдэнэ гэдэг. Багшийнхаа одоогийн ангийн хамт олонд сэтгэлийн бэлэг болгон “Анд найз нартаа” гэдэг шүлгээ уншихдаа ангийн нөхдөө санан дурсаж хоолойгоо зангируулан байж дуусгаад нулимсаа арчсан юм.







ХӨТ: Багш бид хоёрыг самбарын тайзан дээр хамт зогсоход эргээд ирэхгүй он тоолонгийн дурсамж сөхөгдөж “Үүрээ орхин ниссэн болжморын жиргээ энд тэнд дуулдах шиг болж, энэ хүний сайнаар бид алсын мөрөөдөлтэй нисэн дүүлсэн юм даа” хэмээн багшаараа бахархан зогслоо. Манай сургуулийн гол онцлог нь монгол онцлогоор засаж чимэглэсэн байдаг. Тухайлбал хичээлийн төв байрын дээврийг монгол гэрийн оройн хэлбэрээр засаж, эмээл хэлбэртэй сандал дээр сууж, мөн сургуулийнхаа хүрээнд оргимол булаг болоод хиймэл хад байршуулж, тамирийн талбайгаа зүлгээр дэвсгэрлэж, бөхийн зодгийн хэлбэртэй тамирийн ордон гээд гадна дотны хүний анхаарлыг эрхгүй татах зүйл олоон.  Манай сургууль дээр хийсэн сурвалжлага, зураг авалт дуусаж би багш нартайгаа салах ёс гүйцтгээд нүд дүүрэн нулимстай буцсан юм.
 
/ хөгжим /
  
ХӨТ: Тамчийн талыг зорьсон анхны өдөр...
            ХӨТ: Шилийн хотоос мордохын өмнөх орой Шилийн голын Радио хорооны үдэлтийн дайллагыг хүлээн авч хэдэн удирдлагын сайхан зочлого болон хоёр орны нөхөрсөг харилцааны гүүрийг итгэл бишрэлээрээ хэлхэж ая дуу, найраг шүлэг, сэтгэлийн үгээ хуваалцан хэдэн өдөр ар гэр, ажил төрлөө хамааралгүй алсаас ирсэн зочиндоо алив бүхнээрээ дэмжин тусалж, сурвалжлах хүмүүстэй нь харилцаа холбоо барьж зам дагуулсан тэр л хүмүүс бидний сэтгэлээс хэзээ ч мартагдахгүй ээ. “Орсон бороо арилж, ирсэн гийчин буцдаг” гэдэгчлэн маргааш өглөө эрт 06 цагийн автобусаар Сөнөд зүүн хошууг зорих тул бид оройн дайллагаа дуу хуураар өндөрлөв. 28-ны өглөө 06 цагийн үед Шилийн голын Радиогийн Гэрэлцог дарга тэргүүтэй хүмүүс биднийг тэргэн өртөөнд хүргэж салах ёс гүйцэтгэн мордуулсан юм. Алдаж, онож, сурч, судалж, сургаж, сурвалжилж яаруу байсан 4 хоног ийн шувтарч эртний цагаан буянаар Шилийн хотоос мордлоо. Найз нөхдөд маань энэ хот нэг л дасал болж эргэн эргэн ирмээр санагдаж буй нь илхэн. Өнөө ногоо цагаатай хоол будаанд нь дасахгүй, талхаа идмээр байна, махаа идмээр байна гэж хэлж ярьж байсныгаа хэдийн мартаж, зөвхөн энэ хотын гойд сайхан үзэмж, тусч зочломтгой хүн ард нь тэдний сэтгэлд үлджээ.
Энэ өдөр бид Сөнөд зүүн хошуунд нутагтай хамт сурагч Оюунсувдын хөдөө гэрт хүрэх болно. Туулаад баршгүй Тамчийн өргөн тал руу бид тэмүүлэн автобусан дотор зүүрмэглэж нойрмоглосоор Зүүн Сөнөд хошууны тэргэн өртөөнд ирж буулаа. Өртөөн дээр Оюунсувдын аав ээж нь гурван машинтай биднийг тосохоор иржээ. Бид тэдэнтэй уулзаж золгосны дараа Зүүн Сөнөдийн төв Мандалтаар тойрч, Үндэсний музейг үзэж сонирхож зураг авав. Дараа нь Сөнөд түмний уламжлалт аж амьдрал, зан үйлтэй танилцахаар Оюунсувдын хөдөө гэрийг зорилоо. Дардан замаар явсан болохоор бид удалгүй тэдний гэрт хүрч, биднийг хүлээж байсан ах эгч, төрөл садантай нь танилцаж, шинэхэн төхөөрсөн хонины мах, хурууд цагаа гээд амтат идээ дүүрэн өрсөн ширээнээ тухаллаа. Хэдэн өдрийн турш мах идмээр байна гэж үглэсэн хэдэн нөхдийн маань нар ёстой нэг гарч, түмпэн дүүрэн мах нэг мэдэхэд дундарчээ. Сайхан монгол идээгээр цадтал зочлуулсны дараа аяны чилээгээ гаргаж бүгдээр жаахан амарч, маргаашийн сурвалжлагандаа бэлтгэлээ.




Орой нь Оюунсувдын гэр бүлийнхэнд халуунаар угтан авсанд баяр талархлаа илэрхийлэн багш нар сэтгэлийн бэлгээ барьж, нөхөд ч дуу дуулан хамтаар баясав. Маргааш манай баг Тэмээчин айлд очиж сурвалжлага хийх учраас би ч асуултаа бэлтгэж, найруулагч зураглаачтайгаа ярилцаж суухдаа найруулагч, зураглаач, сэтгүүлч гэдэг нь 3 өөр ертөнц хэдий ч бас салшгүй нэгдэлтэй болохыг  ухаарч мэдлээ. Алхам дутамдаа нэгийг сурж, нөгөөг ухаарсаар явна.
 
/ хөгжим /
 
ХӨТ: Дэргэдээ тэмээтэй айл дулаахан харагддаг...


ХӨТ: 29-ний өдөр бидний нэг хэсэг нь Үзэмчин бөх, Сөнөд бөхийн ялгаа хийгээд өмсгөл зүүлтийн тухай ярилцлага хийх гэж, нөгөө хэсэг нь Сөнөд хонины тухай сурвалжлага авах гээд бужигналдаж байх зуур манай баг гурван саахалтын зайтай байх Мандах гэдэг тэмээчин айлыг зорьсон юм. Нуурын дэргэд цайран харагдах хоёр гэр тэмээчин Мандахынх байв. Биднийг очиход их л баяртай угтаж авлаа. Гэрийн гадаа байсан тэжээвэр өнчин ботго байсхийгээд гэрийн үүдээр цээжин биеэ цухалзуулан эрхлэх нь өхөөрдмөөр, ер нь ороод ирчих бололтой. Манай Зүүн Үзэмчинд тэмээ ховор болохоор энэ хайр хүрэм байдал тун сонин санагдаж байлаа.
Анх удаа теле-ярилцлага хийх болсондоо айж, догдлох зэрэгцээд нэг л жигтэйхэн. Камерийн гэрэл асахаар сандарч, ярилцлагаа яаж эхлэхээ мэдэхгүй тэвдэж эхлэв. Багш маань сурвалжлагаас өмнө ярилцагч хүнийнхээ сэтгэлийг нь онгойлгож, халааж өг гэдэгсэн. Гэтэл үг дуу цөөтэй би юу ярьж, яаж халаахаа мэдэхгүй сандарч байв. Бас дээр нь чимээ сураггүй гэнэт сурвалжлага авахаар ирсэн болохоор тэр үү зочдын маань яриа нэг л хөгжиж өгөхгүй, би ч яаж хөгжөөхөө мэдэхгүй хэцүүдлээ. Зураг авалт дуусаж сэтгэл дундуурхан буцлаа. Орой нь багш нар дүрсийг шалгаж үзээд зураг авалт болохгүй байна гэснээр маргааш дахин зураг авалтанд явах болов. Миний хувьд телевизийн сэтгүүлчийн уран чадвар хичээлийг хараахан үзэж амжаагүй болохоор камертай харьцах энэ тэр гээд нэг л хэцүү байсан. Надаас гадна бас зураглаач хүү, найруулагч охин алдаа гаргажээ. Ер нь ажил бүхэнд хянамгай хандахгүй бол сүйрнэ гэдгийг бид энэ сурвалжлагаасаа ухаарлаа.

               
ХӨТ: Тэмээний эрэлд дахин мордсон минь...
            ХӨТ: Өчигдрийн зураг авалтад алдаа гарснаас өнөөдөр дахин тэмээчин айлдаа очихоор манай багийн дөрөв багш нартайгаа хамт мордлоо. Зам зуурын зураг авалт дуусч тэмээчин Мандахынд хүрлээ. Дахин ирж байгаадаа ичих шиг болж байсан шүү. Багш нар ийм зүйл олон тохиолдоно. Гагцхүү нэг гаргасан алдаагаа давтахгүй байх хэрэгтэй гэж зоригжуулж байв. Бид ч дахин ирэх болсон шалтгаанаа хэлж тайлбарлаж, гэрийн эзэгтэй Нарангоо цай цүй аягалж өгөөд яаран хувцас хунараа өмсөөд камерын өмнө дахин суулаа. Өчигдрийн сэдвээ дахиж байгаа болохоор тэр үү сандрахаа больж аль аль нь тун дажгүй ярилцлаа. Би ч дахин алдахгүйг хичээж хянамгай байлаа. Ямартаа ч миний анхны теле-ярилцлага амжилттай дуусаж, баяртай буцлаа. Гэвч баярлах болоогүй ээ, дадлагын тайлан хамгаалалт дээр олон багш нар бидний ажлыг дүгнэх болно. Уг нь бид өглөө эрт Эрээн рүү мордох төлөвгөөтэй байсан ч манай багийн алдаатай ажлаас болж хойшилсан тул үд өнгөрөөж байж малчин Гэрэлбилэг гуайн гурван машиныг хөлөглөн хөдөлж, үдэш наран шингэхтэй уралдан Эрээнд орж ирлээ.
Арван өдрийн шуугиант мөчүүд хэзээ ч мартагдашгүй дурсамж болон үлдлээ. Энэ зун мартагдашгүй зун боллоо. Бас энэ аялал бидэнд шинээр суралцах, шинээр таниж мэдэх зүйл ихийг өгснөөр барахгүй, айл хөрш хоёр орны найрамдал нөхөрлөлд тодорхой хувь нэмэр үзүүлсэн гэж бодож байна. Нэн яалангуяа найз нөхөд маань өвөрмонголчууд бидний талаар зөв ойлголттой болж, биднийг монгол үүх түүхээ, соёл уламжлалаа хэрхэн нандигнан тээж явааг нүдээр үзэж, биеэр танилцсанд би туйлаас баяртай байна. Багшийн хэлснээр манай хүүхдүүд Эрээн, Шилийн хотод ирснээр өнө эртний түүхт Хятад улстай танилцах нэгэн үүдийг нээж, нэг алхлаа. Тиймээ, энэ зам мөр, энэ ойлголт цааш цааш улам өргөжин тэлэх болно. Учир нь бид ирээдүйн сэтгүүлчид шүү дээ. Ингээд би эл тэмдэглэлээ өөрийн бичсэн Эх орон минь шүлгээрээ өндөрлөе.

   
ЭХ ОРОН МИНЬ
Уудам хорвоод есөн сар тээсэн эхээсээ төрөхөд
Уулсынхаа энгэрт намайг тосож авсан
Ээжийн цаана ээж эх орон байдгийг мэдэрсэн
Нялхын дуу энэ л бууцыг цочоон байхад
Ээжээс минь тасарсан хүй нь хүртэл
Эх орны минь чулуунд шингэсэн
Би эх орондоо хайртай
Үр минь гэж өхөөрдөн өсгөсөн ээж минь байхад
Өрцөөн дэлгэн элгээн уудлан
Өнөр байгалийнхаа хад чулуу, цэцэг навчис бүхнээ
Өрөөлийн үрсэд харамгүй шагнадаг эх орон минь
Хөдөөгийн нусгай охин намайг тугалчин байхад
Чи бид хоёулхнаа хэл хэлээ ойлголцон тоглодог
Хөл алдан чулуунд чинь бүдрэн уйлсан ч
Хүү минь гэж салхи нь хүртэл нулимсыг минь арчдаг
Хөрст дэлхийд наддаа ганцхан эх орондоо би хайртай
Тугалчин алдараа халж хот бараадан сургуульд явахад
Томоогүй жаалхан үрээ та туналзан урсдаг нуураа мэлтэлзүүлэн үдсэн
Өндөрт гарахыг хүссэндээ унуулж тоглуулдаг 
Өвгөн модныхоо навчисаа хийсгэн үдсэн
Эхээс минь агуу эх орондоо би хайртай
Сурагчын ширээнд зургийн цаастай ноцолдохдоо ч
Харцанд шингэсэн эх орноо би зурдаг
Оюутны амьдралд тэмдэглэлийн дэвтэр дээрээ эрээчихдээ ч
Унаж туссан эх орноо би шүлгэлдэг
Найрын ширээнд хундага өргөн босохдоо ч
Намайг эрхлүүлсэн эх орноо би дуулдаг
Сараар мануулсан шөнийн нойрон дундаа ч
Сүүмэлзэн харагдах эх орноо би зүүдэлдэг
Надад өндөр сүрлэг асар тагттай өнгө гэрэлтсэн хот хэрэггүй
Надад хотын хүүхдүүдийн баян тансаг ертөнц хэрэггүй
Надад зөвхөн агь таанын үнэртэй эх орон минь үнэтэй
Надад зөвхөн надтай хамт нас нэмдэг эх орон минь хэрэгтэй 
 
/ хөгжим /
 
            ХӨТ: Та СУИС-ийн РТВС-ийн Сэтгүүлчийн ангийн оюутан Зүүн Үзэмчин хошууны   
            Өнөрсувдын аян замын тэмдэглэлтэй танилцлаа.

No comments:

Post a Comment

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив