Lucky Charms Rainbow

Thursday, January 10, 2013

ОЮУТАН ТЕАТР-6


НЭВТ: Та бүхэн оюутан Мөнхбаярын бичсэн “Хүлээлт” радио жүжиг хүлээн авч сонсоно уу.
                                                                  / хөгжим /
                      /Хөдөөгийн байдлыг илтгэх, нохой хуцах, үнээ мөөрөх, шувуу жиргэх чимээн 
                                                     дээр хэн нэгний  алхах чимээ.../
Эмгэн:         Өвгөөн энэ муу дүнжин халзан эргэж буцаад, тугалаа л авах гээд байнаа даа, айн ?
Өвгөн:         Аа эргээд ирж байна уу? Би нэг мордож урд толгойг давуулах уу даа. Тэгэхгүй бол өөрийн чинь хуруу орой болохоор загатнаад амрахгүй байхаа хэ хэ хэ /доогтой нь аргагүй инээх/
 /Хүний алгуурхан алхах чимээ, ханиалгах, морины шогшиж буй чимээ/
Өвгөн:           /Морины явдал дээрх бодол/ Насаараа ханилсан болоод тэр үү, зан зангаа дэндүү сайн мэдэх юм даа. Энэ муу халзан үнээгээ л сааж байж сүүтэй цайны бараа хардаг байж... Хөөрхий, муу хөгшнөө арай л дэндүүлчихэв үү дээ. Залуу зандан цагийх шигээ тунихаа ч байж дээ. Хөгшин минь сүүлийн үед ядраад байх болж, бие нь базаахгүй л байгаа бололтой. Бид хоёрын сэрүүн тунгалаг дээр хүү минь ирж үзэгдээсэй билээ дээ. Байз... гэрийн гадаа тэрэг байх чинь... Арай хүү минь... /гээд мориндоо ташуур өгөн ухасхийх/
                        / морьтон давхих чимээ орж ирээд хөгжим залгах /
Олон:             Сайхан зун болж, зуншлага сайхан болж байгаа талаар
Жолооч:         Ногооны униар ч сайхан байна шүү хөшилдөж униартаад л /инээх/
Дорж дарга:   /хоолойгоо засаад /Дэлгэр цаг хойно сайхан байлгүй яахав. Чи юундаа инээгээ вэ?  /гэж зандрангуй шивэгнэж хэлээд нудрах/
Дорж дарга:   Ханд гуай, өвгөн хаашаа мордоо вэ?
Ханд эмгэн:   Үхэр тугал эргүүлчихээр... өө энэ ирж байна...
                                           / гаднаас хүн орж ирж байгаа чимээ /
Дорж дарга:    Амархан сайн байна уу, та?
Жолооч:          Сайн байна уу?
Өвгөн:             Мэндээ мэнд, амархан сайн байна уу? За тэгээд хүүхдүүд сайхан зусацгааж 
                        байна уу?
Залуус:            Өө сайхан, сайхан...
                                    /ахуйн чимээ аяга шаазан харшиж, цай хийх чимээ/
Өвгөн:             /Цай оочих/ За тэгээд шинэхэн залуу дарга чийчаанаа хөлөглөөд хаа хүрч явна?
Дорж дарга:     Өө, энэ зуураа. Лувсан гуайнхаар орчихоод голоо өгсөөд гараад ирлээ. 
                        За, та хоёр маань энэ муу раажаваараа сонсоо л байлгүй дээ...?
Эмгэн:             Юуг тэр вэ, хүүхээ? Зай нь дуусчихаад таг болсон шүү дээ.
                                                  / таслал - түгшүүртэй /
Дорж:               Батаагийн маань алба хааж байгаа Дорнод хилийн застав дээр базаахгүй 
                         юм болжээ.../түгдрэн ээрэх/
Эмгэн өвгөн:    /сэтгэл түгшин ам уралдан/ Юу...?   Юу гэнээ... Тэгээд хүү маань...?
Эмгэн:              /дуу алдан / Насны бөгсөнд гарсан ганц үр минь, юу болох нь энэ вэ? 
                                                                       /хэнгэнтэл орилох/
Дорж дарга:      Ээ, та хоёр минь жаахан тайвшир. Дарга  нар нь хоорондоо зөрөлдсөн 
                          юм байхаа. Цэрэг байлдагч нар нь гайгүй юм гэсэн...
Өвгөн:              Уул нь халагдах цаг нь болсон юмсан. Үхэрийн сүүлэн дээр хутга гэдэг. 
                         Юу болох нь энэ вэ? За хүүхээ, чи сум орон нутгийн дарга хүн байна даа, 
                         очоод нэг сайн лавлаж сураад хэл дуулга. Замын хүнээр ч болов энэ 
                          араажаванд минь зай дайгаадах...
Эмгэн:              Хүү минь, чи нэг л юм нуугаад байнаа даа. Ойрд муу хүүгээ зүүдлээд
                          байсан юм.  /цурхиран уйлна/
Дорж:                эргэлзэнгүй/ Ханд гуай минь тайвшир, гайгүй байхаа... Би сайн лавлаад 
                          хэл дуулгая. За бид мордоё доо.../ босох чимээ, гадаа нохой хуцна /
                                                         / хөгжим /
                                         / Монголын радиогийн мэдээ явж байна /
Өвгөн:               Хөгшөөн, сумын дарга Лувсангийн  дэлчгэр хөхөөр зай дайсан байна.
Эмгэн:               /сулхан бие нь тааруу дуугаар/ За тэгээд юу болж гэнэв...?
Өвгөн:               Дарга өөрөө аймаг явсан сурагтай байна. Ирээд нэг хэл дуулгах байхаа...
Эмгэн:               /их л сэрдэнгүй / Яах гэж явсан юм бол...? Арай...  /мэгшин уйлна/
Долгор:               Иш Ханд гуай минь, та тайвширч үзээч дээ. Ядаж энэ аяга шөлийг 
                           уугаадах.  Бие тань хэцүүдлээ шүү дээ... /хоолой нь зангирав/
                                                        / түгшүүртэй ая /
Нэвтрүүлэгч:       Дорнод аймгийн хилийн застав дээр өнгөрсөн долоо хоногт гарсан 
                            буудалцааны үеэр нэг дэд дарга, нэг офицер, хоёр байлдагч нас барсан 
                             гэж албаны хүн...................... /бүдгэрэх/
                                                    / түгшүүртэй ая тодорно /
Эмгэн:                Ээ... лам гурван эрдэнэ минь... /ухаан алдах/
Долгор:               /сандран/ Ханд гуай... Ханд гуай...  Яадаг билээ таминь, ухаан алдчихлаа 
                            шүү дээ. Хүн дуудаарай. Лувсан, Лувсанг дууд... Миний хүү аавыгаа 
                            дуудаарай хурдал /чангаар орилно/
                                             /Гэрийн гадаа машин ирэх, нохой хуцах чимээ /
Дорж дарга:         За сайн байцгаана уу? Үгүй, энэ чинь юу болж байнаа... яагаа вэ...?
Долгор:                Ээ дарга минь сая араажаваар базаахгүй юм дуулаад Ханд гуай минь 
                            уначихлаа шүү дээ. Юу болоод байнаа цаана чинь...?
Өвгөн:                 /их л тэвдэнгүй/ За хүү минь, ямар хэл сураг дуулав? Үнэнээр нь шууд хэл...
Дорж:                   Ээ харин би та хоёртоо базаахгүй юм дуулгачихсандаа санаа зовоод, 
                             яаж байгаа бол гээд яарч яваа нь энэ. Бат маань сайн, сайн сайндаа бүр саяны
                             болсон хэрэг дээр том гавъяа байгуулж, нөхцөл байдал улам 
                             хүндрэхээс сэргийлж чадсан байна. Халагдах тушаал нь гарсан гэнэ. 
                             Удахгүй ирэх байх.
Долгор:                 /уулга алдан /Тэгэлгүй яах вэ, ямар сайхан мэдээ вэ...?
Өвгөн:                  Ээ, бурханы минь аврал. Нутгийх нь уул ус л хүүг минь түшиж...
Дорж:                    За Лувсан гуай, би бушуухан сум орж, эргээд машинаараа 
                              эмч явуулья...
Долгор:                 Тэгэж үз дарга минь... хүү минь...
Дорж:                    Батыгаа ирэхээр танайхаар ирнээ...
Өвгөн:                  Тэгээрэй хүү минь, тэгээрэй...
                                                / машин хөдлөөд холдох чимээ /
                                                            / гэгээлэг хөгжим /
Эмгэн:                 Хүү минь одоо аймгийн төвөөс гарч байгаа байх. Чи гарч ганц шөлний 
                             юм төхөөрнө байгаа...
Өвгөн:                 Тэгэлгүй яах вэ, хө
Эмгэн:                 Ай төрийн минь сүлд өршөө. Манай Лувсангийн охин Алтжин байдгаараа
                            гоёчихсон гарч ороод л байна. Өвгөн минь ирэх намраас бэр гуйж магадгүй 
                            нь байна шүү...
Өвгөн:                 Харин тийм бололтой, намар хүлээх юу байнаа, одооноос бэлтгэдэг 
                            хэргээ хө.../хоёул жаргалтай инээлдэнэ/
                                                                   / хөгжим /

Сэтгүүлчийн 4б ангийн оюутан Г.Мөнхбаяр

No comments:

Post a Comment

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив