Lucky Charms Rainbow

Thursday, January 10, 2013

ШИНЭ БУЛАН



Хүүхдүүдээ! уран зургийг радиогийн хэлээр буулгасан манай зочидтой танилцаарай...

1.



          Зураач Ц.Цэгмэдийн бүтээл  “ЕРТӨНЦИЙН ЦУУРАЙ”   зургийг радиогийн
                                                            хэлээр буулгасан  нь...

                     / шум- ер бусын цуурай алсаас ирэх бөгөөд дахин алсран одох /
                          
Ертөнцийн гүнээс над руу  ямар нэгэн цуурай айсуй... Зөөлөн агаад тааламжтай мэдрэмж төрүүлнэм...
                           
                 / шум- ус урсаж, мод найгаж, шувууд жиргэх байгалийн уран чимээ /
                               
Мод амьд байгалийн төгс илрэл. Энэ арван мод газраас агаар мандлын нэгээхэн хэсэг болон урган гарч ирсэн нь хүмүүн бидний  арван хурууг илэрхийлэх авай.
  
                                                   / шум тодорч ирээд /
 
Ертөнц надад ингэж шивнэлээ...
Аав ээжээс чинь заяасан
Арван хуруу та нарт бий
Амьдралын эрээн барааныг бүтээдэг
Арван нөхөр та нарт бий
Хар цагаан хамаагүй ээ
Хамаг бүгдийг эд л хийдэг
Хайрлаж энэрэх, бас хатуурхахад
Хуруу л үүрэг гүйцэтгэдэг
Өнгө өнгийг хослуулсан өргөн хорвоог бүтээ...
 
                                                             / цуурай /
 
Ээдрээтэй  бартаатай амьдралд олох тэсвэр тэвчээр. Өнцөг ирмэг нь адил ч ижилгүй олон дүрс.  Энэ бүхэн хүмүүн бидний олон хэлбэртэй агаар нэгэн бусуу. 
 
                                                               / цуурай /
 
Ертөнц надад ингэж шивнэлээ...
Шулуун, гурвалжин  бол геометрийн хэмжүүр
Шударга үнэн бол  хүн төрөлхтөний хэмжүүр
Дугуй, дөрвөлжин гээд  олон янзын дүрс
Даруу, дэврүүн гээд хүний олон чанар
 
                                                                  / цуурай /
 
                                    / байгалийн уран чимээ залгаж орж ирнэ /
 
Байгаль ертөнцийн бүхий л зүйл хүмүүн бидний амьдралтай салшгүй холбоотой болохоор амьд байгалийн хатуу үнэнийг ертөнц надад дахин дахин сануулах шиг цуурайтан цууриалсаар...
 
                                                                   / цуурай /
 
                                                                                           Сэтгүүлчийн 2А анги. Норовсүрэн


   2.              
 


                                           ГАНЦ Л УДАА ХАРАХСАН...
 
                   / хийлийн намуухан аялгуу орж ирээд далайн зөөлөн давалгаа /
 
Хөх тэнгэр хүмүүний амьдрал шиг зах хязгааргүй үргэлжилнэ. Доор нь өргөн цэнхэр далай зүйрлэшгүй гэгээн бүхний охь дээд гэлтэй мэлтэлзэн мэлмэлзэнэ. Ертөнцийн хоёр хязгааргүйг би зааглан зогсож байна.
 
                                                    / хийлийн аялгуу /
 
Бодохуй минь... Энэ байгаль дэлхий юутай үзэсгэлэн төгс вэ... Энэ биеийн минь эд эс бүхэн дээр алтан нарны шаргал туяа уусан шингэж, салхины аяс, долгилон шуугих шинэ давалгаа бүрээр би амьсгалж байна.
 
                                                        / хөгжим /
 
Зураач намайг бүтээхдээ байгалийн сайхныг мэдрүүлж, тансаг бүхнийг шингээж зурсан. Бүсгүй хүний уян зөөлөн сэтгэл, нимгэн даашинзны цаана нуугдах төдий цэвэр ариун бие цогцосыг өнгө будаг хослуулан далайн эрэг дээр алсыг ширтэн буйгаар зурсан. Байгаль дэлхийн үзэмж, бүсгүй хүний гоо үзэсгэлэн  хослохоор ямар яруу, ямар тансаг байдгийг харуулах гэж миний мэдэрч буй мэдрэмжийг хүмүүсийн оньсого тайлах мэт сониуч харцанд хариу болгож намайг зурсан.
 
    / хийлийн намуухан аялгуу төгөлдөр хуурын ширүүн аязсаар солигдоно/
 
Гэхдээ миний ард юу байдаг бол...? Би хорвоо дэлхийд бий болсон цагаасаа л энэ тансаг байгалийг харсан. Би хүний ертөнц рүү ар нуруугаа харуулан далай дээгүүр алсын алсыг ширтэн зогсдог.  Ер нь миний ард юу байдаг бол...?
 
                                        / хүний амьдралын дуу чимээ /
 
Энэ л тайлагдашгүй ер бусын дуу чимээ, янз бүрийн үзэл бодол, ааш араншинтай хүмүүсийн яриа... зүйл бүрийн өнгө будаг холилдсон хүний ертөнц рүү эргээд нэг харахсан... хүний амьдралыг нэг үзэхсэн.
 
                                         / хийлийн намуухан аялгуу /
 
Намайг сонжин харах, шүүн хэлэлцэх хүмүүс тун олон. Гэхдээ тэдний дунд нэг л хүн намайг бүтээсэн зураач шиг мэдэрч надтай ярьдаг юм. Тэр надад хүний ертөнцийн тухай, өнгө будаг, хэлбэр дүрс, гэрэл гэгээ, харанхуй хоосны тухай өгүүлдэг юм. Магадгүй тэр хүн зургийн ертөнцөд амилсан бидний мэдрэмжээр амьдардаг юм болов уу даа. Тэр дандаа ирнэ, би ганцхан түүнийг хүлээдэг болчихож...
 
                                         / их хийлийн намуухан аяз /
 
Хүмүүний оньсого мэт амьдрал түүний ирэх бүрд тайлагдаж байдаг.  Тэрнийг ирэх бүрд би хүний амьдралыг сэрж мэдрэх шиг болдог. Гэхдээ тэр яагаад өдөр бүр дэргэд минь ирж, надтай ярилцдагыг харин ойлгодогүй юм. Хэдийгээр би амьд махбодь биш гэсэн надад хүсэл мөрөөдөл бий болжээ. Цор ганц түүнийг л мэдэрч амьдрахсан.
 
                                         / төгөлдөр хуурын аяз /
 
Удахгүй намайг өөр газар шилжүүлнэ гэж тайлбарлагч ярьж байна. Хаашаа явуулах юм бол доо. За хаашаа ч яахав дээ, тэртээ тэргүй очсон газраа харж чадахгүйгээс хойш. Би энэ танхимд гучин жил болохдоо амар тайван далайн тэнгэсээс өөр юу ч хараагүй ээ. Тийм болохоор хаана очих нь хамаа юу байна. Гэхдээ... гэхдээ...
 
                                            / хийлийн аялгуу /
 
Би хаана байнаа...?  Нэг л дулаахан тайван мэдрэмж төрөөд байна. Нам гүм... Байзаарай, танил дуу хоолой...  Үгүй, би өнөө хүний гэрт байна гэж үү...?  Би ил зуухны дээд талд өлгөөтэй байх шиг. Доор гал ноцох бүдэг чимээ сонсдож байна.  Намайг өдөржин ширтэж, надтай ярилцаж зогсдог өнөө хүн мөн байна, мөн байна. Түүний ярьж байснаар би эхнэртэй нь тийм адилхан гэж үү...  Зуурдаар өнгөрсөн эхнэрээ зургаар орлуулах гэж  намайг гэртээ авчирсан юм болов уу... Ямарч байсан би дэндүү жаргалтай байна. Намайг мэдэрч хүмүүний ертөнцийн талаар бага боловч төсөөлөлтэй болгож өгсөн түүнтэй хамт байна гэдэг ямар их аз жаргал вэ. Он жил улиран өнгөрсөөр эцсийн цэг хүртлээ бид хамтдаа байх болтугай.
 
                                                      / хөгжим /
 
                                                                                        Сэтгүүлчийн 2Б анги  Ичинхорлоо

3.


                                                         
                                                    СЭТГЭЛИЙН ДАВАЛГАА

Сэтгэл зүрхний минь гүнд орших ертөнц хуйлран давалгаалсаар... Давалгаа нэг хэмийн бус хүчтэй, бүр ширүүн. Тэгснээ зөөлрөн зөөлөрсөөр намуухан давалгаална. Яг л зүрх минь надаас ямар нэгэн юм нэхээд байх шиг. Хайр... хайр...
 
                           / хайрын вальсийн аялгуун дээр далайн давалгаа орж ирэх /
 
Надтай учирсан хайр бүхэн эхлээд дулаан зөөлөн, нэг л дотно, гэгээн тунгалаг байдаг атлаа цаг хугацаа өнгөрөх бүр хүйтнээр үлээж, бүр жихүүцүүлнэ. Энэ үед сэтгэлийн гүнд давалгаа үе үе ширүүсэж, эсвэл намуусна. Сэтгэлийн давалгааг минь тогтоон барих эрэг бараа ч үгүй. Нэг өглөө сэтгэлийн гүнд нар дээр мандаж, халуунаар төөнөж давалгаа намуусан эргийн зөөлөн элсийг илэн таалж байлаа. 

                                                  / хайрын вальс  /

Би яг л энэ мөчийг хүлээж байсан шиг. Сэтгэлийн давалгаа улам улам намууссаар уулын оргил өөд өгсөх нарны туяанд шижиртэн нэн үзэсгэлэнтэй харагдана. Сэтгэл зүрх тайвшран урт гээчийн амьсгаа аван нүүрэндээ инээмсэглэл тодруулан ямар их жаргалтай байгаагаа мэдэрч байна. Энэ жаргалтай агшин өнгөрсөн бүхнийг мартуулж, итгэл, урам зориг хайрлаж, хүслийн цагаан морьд сэтгэлийн минь давалгаанд дунд давхин айсуй.

                                                      / хөгжим /

Гэтэл... гэтэл аз жаргалтай алтан мөчийг минь нэг л орой далайн хар шуурга нөмрөн авч одсон юм. Тэр хар шуургыг тогтоож, хүслийн цагаан морьдоо эргүүлэх гэж хичнээн оролдовч чадсангүй ээ, улам ч догширч уудам далайг чичиртэл шуурч сэтгэлийн эргийг минь сэт татаж хаясан юм. Тэр цагаас хойш сэтгэлийн давалгаа өдөр бүр шуурч, тэр догшин чимээ нь зүрхэнд минь хоногшин үлдсэн юм.
                                                                                                        
                                                                                    Сэтгүүлчийн 2А анги. Учрал

4.

 

                                                           ЧИМЭЭГҮЙ ЦАХИРМАА

                                                                       / хөгжим /

ХӨТ: Урлаг хэмээх нэгэн зүйлийн тухай эргэцүүлэхүй...
ХӨТ: Хорвоо ертөнц баялаг уудам, хүний амьдрал сонин хачин.  Нууцлаг хирнээ бас ил тод энэ амьдралыг юу илүү чимдэг вэ? Тэр бол урлаг. Хүн гэдэг амьтанд сэрэл мэдрэмж хэмээх гайхалтай содон бэлгийг байгаль эх заяажээ. Хүмүүн бид энэ хосгүй сайхан бэлгээрээ гоо сайхан болоод бие сэтгэлийн таашаал авч байдаг. Яг л чихэнд сонсогдохоороо өөр ертөнцтэй холбодог хөгжим шиг, нүдэнд харагдахаараа төсөөлөгддөг зохиол шиг, бүхий л зүйлийг өөрийн сэтгэл оюунтайгаа холбохоороо тодорч ирдэг уран зураг шиг. Тэд өөрсдийн таашаал, сэрэл мэдрэмжээ урлагийн эх болсон энэ гурван амин сахиустай холбож улам илүү хөгжүүлсний дүнд маш олон янзын урлагийн урсгал гарч ирдэг билээ. Хүний бүтээсэн хөгжим, зурсан зураг, бичсэн зохиол харж байгаа болон сонсож буй хүний дотоод сэтгэл рүү нэвтэрч чадаж гэмээнэ тэр жинхэнэ бүтээл мөн болой. Ганц хүн мэдэрдэг байсан ч хамаагүй тэр бол урлагийн бүтээл. Хүн хардаггүй байлаа ч сонсож болно, сонсдоггүй байлаа ч харж болно. Харин энэ хоёр чадвар нэгэн зэрэг заяаснаараа хүмүүн бид яах аргагүй азтай биш гэж үү? Яагаад бид ганцхан удаа чин сэтгэлээсээ мэдрээд үзэж болохгүй гэж. Хэрэв та ямар нэг хөгжим сонсоод, эсвэл зураг хараад, зохиол уншаад уртаа гээчийн санаа алддаг бол, хаяадаа нэг нулимс дуслуулдаг бол та урлагийг мэдэрдэг, түүгээр амьсгалж чаддаг гэсэн үг биш гэж үү?

                                                                / хөгжим /

ХӨТ: Агуу хүний гунигт түүхээс цухас өгүүлсү...
ХӨТ: Голландын суут хүн Vincent Willem van Gogh нь 1853 оны 3-р сарын 30-нд төржээ. Залуудаа урлагийн бүтээл худалддаг пүүст ажиллаж байсан тэрээр 1880 оныг хүртэл уран зургийн чиглэлээр ажилласан гэдэг. Эхэндээ даруухан өнгөөр зурдаг байсан van Gogh Парист импрессионизм, нео-импрессионизмтай танилцсанаар өөрийн өвөрмөц бүтээлдээ хурц тод өнгө, будалтын хэв маягийг тусгаж эхлэв. Амьдралынхаа сүүлийн арван жилийн хугацаанд нийт 2000 гаруй бүтээл туурвисан van Gogh-ийн бүтээлүүд хурц өнгө, сэтгэл хөдөлгөм нөлөөгөөрөө 20-р зууны урлагт хүчтэй нөлөө үзүүлж чадсан юм. Хамгийн их алдаршсан бүтээлүүдээ амьдралынхаа сүүлийн хоёр жилд бүтээсэн хэдий ч тэр л үеэс сэтгэцийн өвчин нь үе үе хөдөлж, 37 насандаа өөрийгөө буудан хороосон юм. Тэр нас бараад хэдэн жил өнгөрсний дараа түүний нэр алдаршиж эхэлсэн билээ. Дэлхийн түүхэн дэх хамгийн агуу зураачдын нэг Vincent van Gogh нь сүүлд экспрессионизм гэгдэх болсон урсгалыг үндэслэгчдийн нэг болсон бөгөөд орчин үеийн урлагт асар их нөлөө үзүүлсэн хүн юм.  Ван гог-ын зураг бүр нь гүн бодлогшронгүй харагддаг. Түүний зургууд яагаад? Гэсэн асуултыг агуулж байдаг. Хэний ч нүдэнд үл харагдах гунигтай байдал, амьдралын хатуу хөтүү бүхнийг тэр зураг бүхэндээ илэрхийлсэн байдаг. Түүний зураг яг л хүний амьдралын сүүлчийн амьсгал шиг,  нам гүмхэн үдшийн бүрий шиг, тэнгэрт мандсан сар шиг, яг л Ромео Джулетта хоёр шиг... Тайван намуухан, гунигтай, бас бодлогшронгуй...
Vincent van Gogh нас барахаасаа нэг жилийн өмнө зурж үлдээсэн “Irises буюу “Цахирмаа цэцэг” зураг нь дэлхийн хамгийн үнэтэй арван зургийн жагсаалтанд ордог бөгөөд 1987 онд тухайн үеийнхээ хамгийн үнэтэй уран зургийн нэгэнд  багтжээ. Энэ зураг эдүгээ Калифорн мужийн Лос Анжелс хотын Брентвүүд музейд хадгалагдаж байна.

                                                                  / хөгжим /

ХӨТ: Ван Гогын Цахирмаа цэцгээс үүдсэн бодрол...
ХӨТ: Винсент ван гог энэ зурган дээрээ өргөн уудам хээр талын өчүүхэн хэсэгт байх цахирмаа цэцэгсийг шар, цагаан, цэнхэр, ногоон, бор өнгөөр дүрсэлжээ. Тэрээр цахирмаа цэцгийн цаагуур шар, цагаан гээд өнгө алагласан өчнөөн олон цэцэг байхад зөвхөн цахирмаа цэцгийг тодоор дүрсэлсэн нь сонирхол татна. Магадгүй тэр олон цэцэг дундаас зөвхөн энэ хэдэн цахирмаа түүний анхаарлыг татсан байх. Цахирмаа цэцэг холоос харагдах усны долгио шиг гүн цэнхэр өнгөтэй, тэр цэнхэр дэлбээ нь гол хэсгээрээ цас шиг цав цагаан. Гэхдээ дэлбээ нь нар өөд тэмүүлсэн биш нарны гэрлээс нуугдах мэт доош бөгтийж, зарим нь бүр хажуу тийш налсан харагдана. Цахирмаа цэцгийн цаагуур байгаа бүх цэцэг нар өөд дэлбээгээ нээж яг л нарны гэрлийг харах гэж гараа саравчлан зогсож буй хүн шиг харагдах боловч зөвхөн цахирмаа л маш гунигтай харагдана.
Зургийн зүүн доод буланд байгаа тав, зургаан ширхэг цахирмаа бусдын хөлд гишгэгдэн газар налан унажээ. Хүн зураг зурахдаа өөрийн дотоод сэтгэлийг илэрхийлэн гаргадаг гэдэг. Харин зураач хүн зураг зурахдаа өөрийн сэтгэл зүрх, бодол санаагаа бүхэлд нь гар болон нарийн бийрэнд шилжүүлж өөрийн дотоод ертөнцийг бусдад нээдэг ажээ. Ван гог-ын цахирмаа цэцгийн зураг дуу алдан бишрэх байгалийн гоо үзэсгэлэнгийн тухай биш харин хэдэн хатаж буй цахирмаа цэцгийн тухай өгүүлсэн байх юм. Гунигтайхан хэдэн цахирмаа “энэ амьдралд их л удаан байлаа” гэсэн шиг доош бөгтийж, гашуун дарсанд хөлчүүрхсэн хүн шиг найган ганхаж, дэлбээ бүр нь тэнгэр өөд хараад сүүлчийн амьсгалаа хүлээн хэвтэх мэт, гэгээн өдрийн цэнхэр тэнгэрээс өөрийн шалтгааныг асуух мэт, дүүлэн нисэх шувуудыг хараад ганцхан удаа ингэж нисэх юмсан гэх атаархал мэт... Магадгүй хальт харвал их сайхан зураг шиг санагдах байх. Учир нь ард нь буй байгалийн үзэмж танд илүү сэтгэл төрүүлснийх. Харин хэн ч тэр тодоос тод зурсан цахирмаад анхаарлаа хандуулахгүй, хэн ч түүний гишгэгдсэн байгааг анзаарахгүй. Гаднаа бүх юм болоод байгаа юм шиг байтлаа сайн ажвал дотроо гуниг дүүрэн ертөнцийг Ван гог олж харсанд энэ зургын гол санаа орших бизээ.  

                                                       / хөгжим /

ХӨТ: Винсэнт Виллиам Ван гог-ын “Цахирмаа” зургаас сэдэвлэн бичсэн “Чимээгүй Цахирмаа” бодролоо хүргэлээ. Анхааран уншсан танд баярлалаа.
                                            
                                                                          Сэтгүүлчийн 2Б анги. Оюунсүрэн

5.

                                                                                            

                                                           УЙЛАНХАЙ ЦОНХ

                                          / хөгжим дээр бороо орох чимээ орж ирэх /

ХӨТ: Цонх уйлдаг гэдгийг та мэдэх үү?  Тэр уйлдаг юм. Маш гаслантай, бүр хорсолтой уйлдаг юм. Нулимс нь шорвог гашуун биш ч харж суугаа хүний дотрыг хутгаар сийчих мэт тарчлаан  уйлдаг юм. Та анзаарч байсан уу, уйлж буй цонхон дотрох хүнийг?  

                                               / бороо орох чимээ тодорч ирээд /

ХӨТ: Та бороо орж байвал цонхныхоо өмнө очоод зогсоорой. Тэгээд анхааралтай хар. Та тэндээс нэг хүнийг олж харах болно. Таны олж харсан тэр хүн ганцаардлаасаа залхсан  хүн байх вий. Би тэр хүнийг харж байсан. Тэр надтай их адилхан. Уйлж буй цонхны цаана зогсоод бас надтай адилхан уйлж байсан юм. Тэр хүйтэн бороонд нүдүүлж цөхрөнгөө барсан уйланхай цонхноос ч илүү гунигтай байсан.  Үсээ задгаа тавиад унтлаганы хувцастай зогсож байгаа түүний хоёр мөр доош унжиж, нүүр нь ямар ч хувиралгүй, хэзээ ч инээж үзээгүй яг л зүрхгүй хүн шиг байсан. Яагаад ч юм би түүнийг их өрөвдсөн. Тэврээд нулимсыг нь арчмаар санагдсан. Гэвч би хөдлөөгүй ээ. Харин өөртөө тохиолдсон бүх гунигаа уйланхай цонх шиг урсгаад гаргаасай гэж хүссэн. Цонх хичнээн уйллаа ч нулимс нь зүгээр л ус. Борооны дараа юу ч болоогүй мэт гэрэлтэж, тэнгэрийн нарыг өөрийн бие дээрээ ойлгон бүхнийг гэрэлтүүлж бусдын нүдийг гялбуулдаг. Харин тэр охин ингэж чадах болов уу? Түүний нулимсны дусал бүр зүрхийг нь цоочих мэт, амьдаар нь шатаах мэт, яг л тарчлалын аяз сонсогдох мэт байсан. 

                                                                     / хөгжим /

ХӨТ: Би түүнээс чи яагаад ийм гунигтай байгаа юм бэ? гэхэд, тэр: “Чи энэ өдрийг бүү март. Өөрт олдсон боломжоо битгий алд. Энэ хөгийн амьдралаас салах замаа өөрөөсөө болж алдаснаа эргэн сана” гэж хариулав. Энэ үед би тэр охины нулимс гунгийн нулимс биш болохыг мэдсэн юм. Тэр гунигласандаа биш, шаралхахсандаа, өөрийн бурууг яс махандаа шингэтэл мэдэрч байгааг олж харсан юм. Тэр дахиж алдахгүйн тулд уйлж байгааг, өөрийн гунигийг уйланхай цонх, аянгат тэнгэртэй хамт хэнд ч мэдэгдэлгүй гаргаж байгааг би анзаарсан юм. Тэр уйланхай цонхны өмнө дахиж зогсохгүйн тулд, энэ цонх шиг “уйланхай” нэр зүүхгүйн тулд зөвхөн энэ өдөр л уйлсан байжээ

                                               / бороо орох чимээ тодорч ирээд /

ХӨТ: Уйланхай цонх хаяа нэг уйлж байдаг юм. Харин би тэр охиныг дахиж хараагүй ээ
Хаяадаа нэг уйланхай цонхны өмнө очсон ч өнөө охин биш, харин түүнтэй усны дусал шиг адилхан хирнээ нүдэнд нь оч гялалзсан охиныг хардаг болсон. Тэр охины нүд яг л тэнгэрийн од шиг. Инээмсэглэл нь уйланхай цонхыг нэвт гэрэлтүүлж, цонхны нулимсыг зүгээр л бороон дусал болгож хувиргадаг юм.
                                                                                                               
                                                                                       Сэтгүүлчийн 2Б анги. Оюунсүрэн



6.



              Эдвард Мүнкийн “Хашгираан” зургаас сэдэвлэн бичив.

                                                           / хөгжим /

НЭВТ: Нар жаргаж байх үеэр би Энхтайвны гүүрэн дээр явж байлаа. Тэнгэр гэв гэнэт цусан улаан өнгөтэй болчихов. Би үгээр хэлэхийн аргагүй ядарч сульдаад өөрийн эрхгүй  хашлага түшлээ. Найзууд маань цаашаа яваад л байх юм. Тэднээс хоцорсон би айдаст автан хамаг бие минь чичирч эхлэв. 

                                        / ер бусын дуу чимээ орж ирэх /

НЭВТ: Гэнэт ер бусын хашгираан сонсдов. Үйл явдал ингэж эхэллээ. Толгойд минь эцэс төгсгөлгүй асуулт эргэлдсээр... Байгаль дэлхий миний зүг давалгаалах мэт хүчтэй салхилан, мод чулуу, өвс ургамал шуугин исгэрч хязгаар үгүй анир чимээ... Энэ эцэс төгсгөлгүйн дунд би гурван асуултанд хариу өгөх ёстой гэнэ. 

                                                           / таслал /

НЭВТ: Миний амьдралын өнгө? Хорвоо ертөнц өнгө будаг алаглан байдаг ч миний амьдралын өнгө саарал. Олон  хүн энэ л өнгөнд оршин байдаг. Амьдрал гашуун ч бай, чихэрлэг ч бай тэр л амт, аз жаргал, баяр баясгалан бүхнийг өөртөө шингээсэн цагаан өнгө. Уйтгар гуниг, зовлонт бүхний үргэлжлэл болсон хар өнгө. Хүний амьдралд цагаан, хар хоёр өнгө ээлжлэн байх явцдаа уусан нэгдэж “саарал” өнгийг бий болгодог аж. 
Тэгвэл би хэн бэ? Дөч гаруй жил өөрийн бүтээсэн амьдралаар явж ирэхдээ би хэн байсан юм бэ? Ноён нуруутай халамжит хань нөхөр, эцгийн хайраар дутаагаагүй үр хүүхэд, үнэнч найз нөхөд, байгууллагын сайн ажилтан гээд намайг тодотгох олон зүйл цувж гарна. Энэ тодотголуудыг яаж ч өөрчилж, хааш нь ч эргүүлж болно. 
Харин “би” гэдгийг илэрхийлэх зүйлийг хэн ч яаж ч өөрчилж чадахгүй. Тэр бол миний үзэл бодол, амьдралын филисофи юм. Сайн муу, ухаантай ухаангүй, гавьяатай гавьяагүй гээд  олон янзын хүн бий. Тэдний дунд өөрийгөө олоогүй ч хүн бий. Би хүн хоёр янз байдаг гэж үздэг. Амьдралд дурлагч, амьдралыг үрэн таран хийгч гэж. Бусдын санаа бодол, үзэл үнэлэмжээр явж ирсэн сайхан тодоголтой хүмүүс бий. Тэд бол амьдралд дурлагч биш, харин үрэн таран хийгчид юм. Харин би амьдралд дурлагч. Үүнийг би өөрийн мятаршгүй үзэл санаа, үнэлэмжээр бусдаас хүлээж авсан.

                                                              / хөгжим /

НЭВТ: Байгаль дэлхийн эцэс төгсгөлгүй хашгираан дунд би хүсэж байсан бүхэндээ хариулт өгч чадлаа. Эцэс төгсгөлгүй энэ аймшигт хашгираан бол үхэл...

                                                            / хөгжим /

                                                                 Сэтгүүлчийн 2А ангийн оюутан Д.Наранханд


7.
  

  


                                Зураач Э.Номундарийн ЗҮҮД зургаас сэдэвлэн бичив.

                                                            ЗҮҮДНИЙ ЕРТӨНЦ

                                                                  / хөгжим /

НЭВТ: Мария борив бохисхийхгүй өдөржин ажилсны дараа сая нэг өөрийнхөө хамгийн их суух дуртай  сандал дээрээ суув. Тэр хэсэг бодлогоширч сууснаа зүүрмэглэв.

                               / ус урсаж, шувуу жиргэж байгалийн уран дуу чимээ орж ирэх /

НЭВТ: Эргэн тойронд өнгө өнгийн цэцэг, мод, ойн амьтад, ус гээд нэн үзэсгэлэнтэй газар. Цасан цагаан даашинзтай, намирсан урт бор үсээ маш гоё янзалсан Мария ойн амьтадтай тоглож байх юм. Гэтэл танил дотно дуугаар Мария гэж дуудах сонсдов. Мария эргэж хартал өндөр туранхай, царайлаг залуу зогсож байлаа.
НЭВТ: Залуу хосууд уран байгалийн дунд хөөцөлдөн тоглож хязгааргүй их аз жаргалтай...

                                                                         / таслал /

НЭВТ: Хаалга зөөлөн тогших чимээнээр Мария сэрлээ.
-          Хэн бэ?
-          Танд захидал ирсэн байна... гэхэд Мария үүдээ нээв. Гэтэл дөнгөж сая зүүдэнд нь хөөцөлдөн  тоглож  байсан залуу захидал бариад зогсож байлаа.

                                                      / хөгжим /

НЭВТ: Зүүд гэж юу вэ?  Сонсогч та мэдэхийг хүсэж байвал наашаа суугаарай. Би энэ тухай сонирхолтой зүйл хэлэх гэж байна.

                                                                     / хөгжим /

НЭВТ: Монголчууд зүүдийг “Шөнийн мөр” гэж нэрлэдэг байна. Тэгээд “Шөнийн мөр”-ийг  3 үе шат болгон хуваадаг байна. Дөнгөж дэрэн дээр толгой тавиад нойрсож эхлэх үеийн зүүдийг “Харанхуй бүрийн зүүд” гэх бөгөөд үүнийг өдрийн үзсэн зүйлийн үргэлжлэл гэдэг байна. Тэгвэл дараагийн шатны зүүдийг “Шөнө дөлийн зүүд” гэх бөгөөд энэ үеийн зүүдийг “Чөтгөр шулам үймүүлж буй” зүүд гэдэг байна.  Гурав дахь шатны зүүдийг “Үүр шөнийн зүүд” гэх бөгөөд үүнийг хамгийн мэргэнд тооцдог юм байна.

                                                                     / хөгжим /

НЭВТ: Хүн амьдралынхаа гуравны нэгийг унтаж өнгөрүүлдэг бөгөөд бүгд л унтаж байхдаа зүүдэлдэг. Хараагүй хүн ч зүүдэлдэг. Тэр бүү хэл амьтад хүртэл зүүдэлдэг гэнэ шүү. Харин хүн бүр өнгөтөөр зүүдэлдэггүй гэнэ. Сонирхолтой нь тамхинаас гарсан хүн маш тод зүүдэлдэг гэнэ. Тэд бүр дарсны өнгө амтыг мэдэрдэг гэнэ.
Хүн зүүдэндээ л үнэн төрхөөрөө байж чаддаг. Энэ ертөнцөд бид нэрэлхэж, хуурамч дүр эсгэж амьдрах болдог. Харин зүүдэндээ бол айж, үзэн ядаж, догдолж, дурлаж байгаагаа нүүрэндээ ил гаргаж,  үг яриа нь ч бодлоосоо төдий хол зөрдөггүй гэнэ. Зүүдний үйлдэл бүхэн үнэн голоосоо байдаг байна. Тэгэхлээр зүүд бол өөр хаана үгүй, өөр хэний ч эзэмшлийн бус гагцхүү таны л ертөнц гэсэн үг юм.
                                                                                             
                                                                           Сэтгүүлчийн 2Б ангийн оюутан Б.Мяасүрэн


  8.



                  Зураач Густав Климтын бүтээл Адель Блох Бауэрын 1-р хөрөг хэмээх 
                                                      бүтээлээс сэдэвлэн бичив.

НЭВТ: Дэлхий ээж...
                                                                       / хөгжим /

НЭВТ: Цог золбоогоо гайхуулан анивчих од эрхсийн дунд дэлхий ээж зөөлөн харцаараа хүмүүн биднийг уяралтай ширтэх авай.

                                                  / бүүвэйн дууны аялгуу орж ирэх /

НЭВТ: Түүний судсаар сая сая хүнийг бүтээсэн алт эрднэстэй зүйрлэшгүй ариун ус урсаж байна
            Тэр нэн үзэсгэлэнтэй
            Мишээхэд нь нар цацарч,
            Гуниглахад нь сүүдэр тусна
            Үснээс нь цэцэгсийн үнэр анхилж
            Өвөрт нь ертөнц тэр чигээрээ багтана
            Уян зөөлөн гар нь амьтай бүхнийг энхрийлнэ
            Харин даашинзан дээрх түмэн нүд юу илэрхийлнэ вэ
            Тэр түмэн нүд юу хүсэж, юу бодож буйг хэн ч мэдэхгүй, хэн ч таашгүй
            Дэлхий ээж юу хүсэж, юу хэлэх гээд байгааг хүн бүр өөр өөрийн ертөнцдөө тунгаамуй...

                                                                           / хөгжим /

                                                                                                             ................................


9.
                                                

                                                           ӨНЧИН ХАШГИРААН
                                                 АМЬДРАЛ зургаас сэдэвлэн бичив.

                                                                           / хөгжим /

НЭВТ: Хорвоо ертөнц дээрх төгс төгөлдөр хосгүй нэгэн үндэс гэдгээ хүн та мэддэг үү...?     Гэгээн ариун сэтгэлээр хайрлаж дурлалцсан хос хорвоод нэгэн цул цогц болон бүрэлдэхийн үесд АМЬДРАЛ хэмээх нэгэн мод тэдний хамтын жаргал дундаас ургаж эхэлдэг юм. Нахиалж амжаагүй ч тэдний хайрын үндэс намар, хавар, өвөл, зунгүй тэсвэртэй байж чадсаны үрээр олон салаа мөчиртэй сүрлэг том мод болон ургадаг. Он цаг улиран одох бүрд мод улам саглагар, улам сүрлэг болж, салаа бүрээс нь бяцхан мөчир нэмэн ургаж нахиалдаг.
            Энэ бол амьдралын хууль...

                                                                          / хөгжим /

НЭВТ: Хатахдаа хатаж, гандахдаа гандаж байдаг ч зарим модод тэсвэр тэвчээр, итгэл найдваргүй байсныхаа үрийг амсаж салаалан нахиалж ч амжилгүй хатаж хугарч унадаг.  Байз...! Хугарч унасан тэр модны голоос цөхрөл ганцаардлын гаслант дуун сонсдох шиг... Өнчин хашгираан...  Нялх балчир мөчрүүд нь салхинд туугдан дутуу амьдралын замаар бүдчин хийснэ, хөөрхий дөө.
Гэтэл атаархал төрүүлэм саглагар моддын мөчир бүр аз жаргалын дуу дуулж, өнөө дутуу амьдралтай нялх мөчрүүдэд тэжээл хайрлаж, хөөрхий тэдэнд гэрэлт нар, гэгээн хайр нь болж байв. Гэсэн хэдий ч эцэг эхийн хайр энэрэл гэдэг хэн ч хэзээ ч нөхөж үл чадах хүчирхэг тэжээлийг яахан гүйцэх билээ дээ.
Тэсгэм хүйтэнд ганхан найгах өнчин ганц нүцгэн модны гүнээс өнчин хашгираан сонсдсоор л...
                                                               / хөгжим /

                                                           Сэтгүүлчийн 2А ангийн оюутан М.Ариунжаргал

No comments:

Post a Comment

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив