Lucky Charms Rainbow

Tuesday, January 8, 2013

МОД НОГООН ЭРДЭНЭ сэдэвт оюутны анхны бүтээлийн уралдаанд ирүүлсэн бүтээлээс 08



СУИС-ийн РТВС-ийн Сэтгүүлчийн 3б ангийн оюутан Амаржаргал, Сэнжидмаа.
НЭВТ: Ирээдүйгээс илгээсэн захидал
/ комьютор нээх, дохиолох чимээ орж ирэх /
НЭВТ: Жаргал охин е-мейлээ нээж үзтэл ИРЭЭДҮЙГЭЭС ИРСЭН ЗАХИДАЛ гэж хаягласан захиа байлаа. “Ирээдүйгээс ирсэн захидал” гэнээ... ямар сонин юм бэ? гэснээ уншлаа.
/ намуухан хөгжим  /
ТАРЬЦ: /хүүхэд унших/ Сайн байна уу?  Намайг тарьц гэдэг би одоо 6 настай. Миний овог Заг. Нэр Загийн Тарьц. Бид тэсвэр тэвчээрээрээ тэмээнээс илүү гэдгээрээ алдартай өнөө Загийнхан шүү дээ. Манайхан өнөр олуулаа. Бид цөлийн бүсэд үргэлжилсэн их заган ой үүсгэдэг бол цөлөрхөг хээрийн бүсэд хэсэг хэсгээрээ ургаж, тусгаарлагдмал заган ой үүсгэдэг. Нийтдээ бараг 50 сая га талбайг эзэлдэг гэж эмээ хэлдэг юм. Гайхаж байна уу? Миний захиа та нарын амьдарч байгаа цаг хугаацаанаас яг 100 жилийн дараа буюу 2112 оноос очиж байгаа юм шүү. Миний эмээ 100 жилийн өмнөх та нарын тухай зөндөө их ярьдаг юм. Та нарын өвөг дээдэс Загийнхан биднийг хэрхэн хайрлаж хамгаалдаг байсан тухай, түүний дараа үеийнхэн биднийг хайрлах нь бүү хэл хайр найргүй устгаж эхэлсэн тухай гээд олон зүйл ярьж өгдөг юм. Гэхдээ эмээ 21-р зууны 11-12 оныхныг онцгойлон ярих дуртай. Яагаад гэвэл та нар байгаль дэлхий болоод тэр дундаа мод бидний төлөө маш их санаа тавьж, их аян өрнүүлснээр өнөөгийн бидний сайн сайхан амьдралыг эхлэл тавигдсан гэсэн. Иймээс би та нарт талархаж, энэ захиагаа бичиж сууна.
/ хөгжим /
ТАРЬЦ: Өнөөдөр Загийнхан бид үнэхээр аз жаргалтай байна. Одоо өөрсдийнхөө тухай танилцуудъя. Жил бүрийн 10, 11-р сард заг үрээ гөвж эхлэх үеэр хүмүүс даавуу дэвсэж үрийг нь тосон авч хадгалаад, дараа жилийн хавар 4, 5-р сард хөрсөнд суулгаснаар бид өсөн үрждэг юм. Би Тарьц нэр аваад 6 жил болж байна. Ээж минь жилдээ бараг сая гаруй үр гөвдөг юм. Тэдгээр үрийг нь Замбага гэдэг. Замбагууд нэг нас хүрээд соёолж эхлэхээрээ Тарьц нэртэй болно. Бид замбага байх үедээ жаахан арчилгаа шаарддаг л даа. Бидэн шиг таримал загийг  4-5 жил малын хөлөөс хол байлгаж, хамгаалахын зэрэгцээ муу ургамалыг нь түүж, хөрсийг нь сийрүүлж өгдөг. Тарьцууд  6 нас хүртлээ найзуудаасаа өөр нэг ч хамаатныхаа барааг харахгүй байж байгаад сая нэг гэр бүлийнхэн дээр очдог юм.
Эрт цагт танай өвөг дээдэс, хашир малчид заг мод үрээ гөвөх үеэр салхины доод талаар нь хонь ямаа, үхэр адуугаа бэлчээдэг байжээ. Энэ нь унасан үр малын хөлөөр хөрсөнд тогтож, хийсэхгүй байх сайн талтай юм байна. Дараа нь тэмээний зөөлөн тавхайгаар гишгүүлж булж өгдөг гэнэ. Энэ бол монгол ухаан гэж эмээ бахархан ярих дуртай. Ер нь монгол ухаан гайхамшигтай гэсэн. Энэ дэлхийд уул усаа дархлан хамгаалах хуулийг Чингэс хааны үед гаргасан нь дэлхийн анхны хууль гэж манай үеийнхэн их бахархдаг юм. Бид хэдий шинэ үеийнхэн ч гэсэн монгол ухааныг судалж, хэрэгжүүлдэг юм шүү дээ. Монголчууд загийг хэрхэн ургуулж, хамгаалж байсан уламжлалыг мэдэх гэж энэ цагийн эрдэмтэн мэргэд манай өндөр настай хөгшин загуудыг судалж шинжилнэ шүү дээ.
 / хөгжим /
ТАРЬЦ: Та нарын үед  хатаж хувхайраад, сүүлдээ бараг байхгүй болсон говийн баянбүрд яасан бол гэж сонирхож байна уу?  Тэгвэл бүр тоогоо алдсан шүү дээ. Та нарын үед элсээр шуурч байдаг говь танигдахгүй болсон доо, танигдахгүй болсон. Бас элсний нүүдэл гэж нэг айхтар аюул байсан тухай эмээ, өвөөгөөсөө л дуулсан болохоос биш бид төсөөлөх ч үгүй.
Алтран тунарах элсэн манхны хормойгоор нов ногоон төгөл найган ганхаж,  хөх уст нуур ус цэлэлзэн, түүний дунд зүйлийн шувууд цэнгэн байдаг гэж боддоо. Зөвхөн монголын говийг үзэж сонирхох гэсэн газар газрын зүс зүсийн жуулчдын хөл ер тасрахгүй. Энэ сайхан бүхний эхлэлийг тавьсан та нарт баярлах ёстой гэж эмээ бидэнд захидаг юм. Баярлалаа...
/ Шувууд жиргэж, мод найгах байгалын уран чимээн дээр хүүхэд залуусын баяр хөөртэй чимээ орж ирэх /
ТАРЬЦ: Манай эмээ нас сүүдэр 280 шүүрч явна. Эмээгийн яриагаар бол 2012 оноос байгаль орчноо хамгаалах, мод тарих, арчилж ургуулах их аян өрнөж, монголчууд зүлэг мод тарих тэргүүний арга технологи эзэмшиж, модыг зөв арчилж тордож сурснаар сульдаж доройтсон байгаль эхийн бие тэнхэрч эхэлсэн гэдэг. Манай үеийнхэн та нарын алдаа эндэгдлийг давтахгүйн тулд  эрүүл мэндээ анхаарахаас гадна маргаашаа харж амьдардаг болсон. Ганцхан жишээ хэлэхэд л жил бүрийн 10, 11-р сард дунд сургуулийн хүүхдүүд хамт олноороо замбага түүж, хавар нь түүнийгээ тарьдаг болсон. Ингэж л монголын говийг заган ой бүрхэж эхэлсэн юм даа.
/ түгшүүртэй хөгжим /
ТАРЬЦ: Гэхдээ би нэг зүйлд  ер итгэж чаддаггүй юм. 20-р зууны 50-70-аад он  хүртэл 30 шахам жил загийг түлшинд хэтэрхий хавтгайруулж хэрэглэснээс болж 130 гаруй мянган га заган ой бүрмөсөн устаж, 400-гаад мянган га заган ой нөхөн сэргэх чадвараа бүрмөсөн алдсан эмгэнэлт явдал болсон гэсэн. Эмээ минь энэ тухайгаа ярихаараа  өөрийн эрхгүй уйлдаг юм. Аргагүй шүү дээ. Тэр хядлагын үеэр олон зуун төрөл төрөгсөд, найз нөхөд, тэр дундаа миний өвөөг алдсан болохоор уйлахаас ч яах билээ. Гэхдээ би тун их гайхдаг юм. Учир нь дэлхийд хамгийн түрүүн байгаль дэлхийг хайрлан хамгаалж, дархлан цаацалж байсан ард түмний үр сад тийм хэрцгий байсан гэдгийг ухаад ухаад ойлгохгүй л байгаа юм. Энэ тухай тодорхой бичээрэй. Яагаад гэвэл энэ талаар ярих бүрдээ эмээ уйлаад байдаг болохоор би олон зүйл асууж чаддаггүй юм.
Ер нь заган ойг төдийгүй бүхий л модыг хайр найргүй устгахад нь байгаль эх ихэд хилэгнэн уурсаж, гол мөрнийг нь хатаан ууршуулж, асар их цөлжилт үүсгэж, хүн байгаль хоёрын хооронд дайн болж байна уу гэмээр байсан гэдэг. Гэхдээ тэр дайн байгаль эхийн ялалтаар дуусаж хүн гэмээ ухаарснаар өнөөгийн бидний амар амгалан ертөнц бий болжээ. Тэр хатуу ширүүн цаг үед цөөн хэдэн заг эсэн мэнд үлдсэний нэг нь миний эмээ юм шүү дээ. Та нарын үед ухаантай мэргэн хүмүүс бас байжээ. Тухайлбал, А.И.Герцен гэдэг хүн  “Хүн байгалийн хуулийг зөрчихгүй бол байгаль хатуурхахгүй” гэж хэлж байжээ. Энэ үнэн шүү. Тэр аймшигт дайн бүү давтагдаасай.
/ гэгээлэг хөгжим /
ТАРЬЦ: Танай монгодчуудын өвөг дээдэс заг биднийг их зөнч мод гээд “Ногоон гэзэгт хонгор заг” гэж нэрлэдэг байжээ. Учир нь бидний биеийн доод хэсэг өгөршин хонгор болж, мөнх ногооноороо байдаг мөчир нь гэзэг үсээ сэгсийлгэсэн эмэгтэй хүн шиг харагддаг болохоор ингэж нэрлэсэн юм гэж эмээ хэлсэн.  Малчин монголчууд заг бидний ургах төлөв байдлаар нь  цаг улиралыг тодорхойлж, тод ногоон өнгөтэй бол цаг сайхан болохын шинж, загийн мөчир цайраад байвал хур бороо татуу ган болохын шинж гэдэг байжээ. Бас “Заган шугуй цаг хатуурахад нөмөр, зуданд хоол, зутрахад гал болдог” ээлтэй мод гэж хүндлэн хайрлаж, зулзган загтай газар руу мал бэлчээдэггүй, ургаж байгаа заг түлэхийг цээрлэдэг байсан гэсэн. Энэчлэн эмээ бидэнд олон сонин сайхан зүйл ярьж өгдөг ч бас мартсан зүйл байж магадгүй гэж би та нарт энэ захидлыг бичиж сууна.Яагаад гэвэл би эмээ шигээ болохын цагт ач зээгээ тойруулж суулгаад сонсож дуулснаа ярьж өгөх болно. Тиймээс надад бидний тухай сонин хачин зүйл бичиж ирүүлээрэй. Үл таних хүн таныг хүндэтгэн ёсолсон Загийн Тарьц.
Миний хаяг 2112 он. Монголын ЗЗ говийн их заган шугуй... Баяртай.
/ хөгжим /
НЭВТ: Та бүхэн Ирээдүйгээс илгээсэн захидал” радио зохиомж хүлээн авч сонслоо.

No comments:

Post a Comment

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив