Lucky Charms Rainbow

Tuesday, January 8, 2013

МОД НОГООН ЭРДЭНЭ сэдэвт оюутны анхны бүтээлийн уралдаанд ирүүлсэн бүтээлээс 10


СУИС-ийн РТВС-ийн Сэтгүүлчийн 2а ангийн оюутан Болор.
ХӨТ: Ганц модны дууль...
/ хөгжим /
/ байгалийн уран чимээ орж ирэх /
ХӨТ: Ойн цоорхойд давирхай үнэртсэн жижигхэн дүнзэн байшинд ойн хамгаалагч өвгөн амьдарна. Тэр өсөх наснаасаа эхлээд бүх л амьдралаа энэ л ойд өнгөрүүлжээ. Тиймдээ ч  мод бут, ургамал цэцэгсийг ёстой арван хуруу шигээ мэднэ. Түүнийг таван настай байхад нь аав нь үе үе номхон бор морио унаад, хүүгээ сундлаад өдөржин ойгоор хэсдэг байжээ. Нэг өдөр аав нь хүүгээ нэг нялх модны дэргэд дагуулж ирээд “Хүү минь, энэ зулзаган мод чамтай чацуу. Хөөрхөн байгаа биз, хайрлаж яваарай” гэж захисан гэдэг.
/ шум тодорно /
ХӨТ: Одоо тэр мод нь мод моддын дундаас онцгой үзэсгэлэнтэй, сүрлэг өндөр болжээ. Түүний мөчир дээр шувууд үүрээ засаж, тухлан жиргэх дуртай. Бяцхан хэрэмхэн хүртэл мөчрийг нь дамжин дүүлж эцэж цуцахаа мэдэхгүй хөгжин цэнгэнэ. Ойн бяцхан амьтад халуун нартайд сүүдэр ихтэй гэж тойрно, хүйтэн жавартайд нөмөр нөөлөгтэй гэж бараадана. Ер нь түүнийг мэдэхгүй амьтан энэ ойд үгүй ээ. Саран мандсан тунгалаг шөнө модод байгаль эхийн бүүвэйн аялгуунд нойрсож байна.
/ аз жаргалтай шум тодорч ирээд гэнэт түгшүүрт хөгжим залган орж ирнэ /
Модод гүн нойрноосоо цочин сэрлээ...
/ түгшүрт шум тодорч ирнэ /
-                             - Хэн бэ, хэн бэ...?
-                             - Юу хүмүүс вэ...?
-                             - Модны хулгайч шиг байна...
-                             - Ойн хамгаалагч хаа байнаа?
-                             - Ажил гараад хот явчихсан шүү дээ, одоо яанаа...
/ шум-мод хөрөөдөх, хэсэг үргэлжлээд дуусах /
/ мод унагах чимээ /
/ модны мөчир цавчих чимээ орж ирэх /
/ ямар нэгэн юм амьсгаадан чирэх, мод машинд ачих чимээ гараад машин 
хөдлөх. Машины чимээ залгаад галт тэрэгний чимээ орж ирээд морин 
хуурын аялгуу дэвсгэрлэнэ /
ХӨТ: /мод/ Би хөх тэнгэрээ харж байна. Уудам талаа харж байна. Цэнгэг агаар, сэвэлзүүр салхитай эх нутаг минь, чамаасаа сэтгэл минь урваагүй билээ. Хүйтэн сэтгэлтний гарт өртөж хүний газрыг зорьж явна. Баяртай газар шороо минь...
/ шум тодорч ирээд галт тэрэг зогсох /
ХӨТ: Монгол улсын дархан хил дээр ирлээ... Та аян замдаа сайн яваарай...
/ галт тэрэгний шум үргэлжлэх боловч дэвсгэр хөгжим нь хятад аялгуугаар 
солигдсон байна /
/ галт тэрэгний чимээ үргэлжлэх /
ХӨТ: /мод/ Бүгчим байна, бүгчим байна... Амьсгалж чадахгүй байна... Энэ газар намайг ямар хувь тавилан хүлээж байгаа юм бол доо. Хүнд хэрэгтэй эд юм болж урт удаан он жилийг өнгөрөөх юмсан. Одоо хүсэх хүсэл минь гэвэл ердөө энэ. 
Модны үйлдвэр гэнэ үү...?
/ үйлдвэрийн чимээ орж ирэх /
/ шум - суурь машиний чимээ, хөрөөдөх, цавчих, хуулах, таслах зэрэг чимээ /
ХӨТ: /мод/ Урт сайхан биеийг минь метр метрээр огтолж,  хальсыг минь хуулчихлаа. Би ингэхэд юу болох юм болоо...?  Бяцхан хүүхдүүдийн ширээ сандал болохсон, эсвэл номын тавиур, ер нь  хүнд ашигтай л юм болохсон доо...
/ таслал - шум /
ХӨТ: /мод/ Юу болох нь энэ вэ, хамаг биеийг минь цаас шиг нимгэлэн элдэж, урт уртаар нь зүсээд хуйлаад тавьчихлаа. Би юу болох гээд байнаа...? 
/таслал - шум /
ХӨТ: /мод/ Цаас шиг нимгэн болгож, урт урт хуйлсан намайг тэнийлгэж эхэллээ. За тэр нарийхан нарийхан зүсэж байна.
/ таслал -шум /
ХӨТ: /мод/ Хүүеэ, энэ чинь юу вэ... Би эцсийн эцэст шүдний чигчлүүр болчихлоо гэж үү...?  Хэсэгчилсэн биеийг минь зуу зуугаар нь савлаж, ахин дахин хайрцаглаж ийш тийшээ явуулахаар ачиж байна. Шүдний чигчлүүр хүнд хэрэгтэй ч ганц удаа хэрэглээд л хог болно. Ээ, хайран чиг сайхан бие минь... даан чиг яав даа...
/ шум: галт тэрэгний чимээ хятад хөгжим дэвсгэрлэнэ /
ХӨТ: Монгол улсын дархан хил дээр ирлээ... Тавтай морилно уу...
/ галт тэрэгний чимээ морин хуурын аялгуу дэвсгэрлээд /
ХӨТ: /мод/ Сайн байна уу, сайхан эх нутаг минь? Хээрийн хонгор салхи чамайг ямар их үгүйлэв ээ. Дотор минь уужирч, ухаан минь цэлмэх шиг болж байна. Харамсалтай нь одоо би атаархмаар сайхан биш болжээ. Өглөөний нар үзэх нь бүү хэл шөнийн сартай ч уулзаж чадахгүй болсон. Борооны ганцхан дусалд норж, салхины аясаар өнхрөх болжээ. Тэвэрт багтахгүй уулын сайхан ургаа мод байсан би одоо ганцхан удаа хэрэглээд хогын саванд хаядаг шүдний чигчлүүр болсоон.
/ шум: цайны газрын чимээ /
ХӨТ: Ойн хамгаалагч өвгөн цайны газар сууж байна. Тэрээр өмнөө байгаа хайрцагтай шүдний чигчлүүрийг авч сонирхож үзлээ. “Хөөрхий, хайртай мод минь ингээд шүдний чигчлүүр болчихсон юм биш байгаа даа” гэх ер бусын совин татлаа. Тэгснээ сэгсэрч үзэв.
/ шүдний чигчлүүртэй хайрцаг сэгсрэх чимээ /
ХӨТ: Найз эзнийхээ гар дээр байгаадаа хязгааргүй баярласан мод “Би байна, би байна... Таньж байна уу... Би байна, би байна... гэж өөрийнхөөрөө дуу алдан хашгирч байлаа. Гэсэн ч түүний дууг хэн сонсож, хэн ойлгох билээ?
/ шум дахин тодорж ирэх /
/ хөгжим /
ХӨТ: Ойн амьдрал гэж хүний амьдралаас дутуугүй сонин байдаг юм. Мод өөрийн хэл, өөрийн дуутай. Төрөх, үхэх, тэмцэлдэх байгалийн жамтай билээ.
/ хөгжим /
ХӨТ: Та бүхэн “Ганц модны дууль” дуу чимээгээр бэлтгэсэн радиогийн онцлогтой нэвтрүүлэг хүлээн авч сонслоо.
Зохиолыг бичиж, дуу чимээ бэлтгэсэн РТВС-ийн Сэтгүүлчийн 2в ангийн оюутан Болор, уншсан оюутан Өлзийхишиг.

No comments:

Post a Comment

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив