Lucky Charms Rainbow

Tuesday, January 8, 2013

ОЮУТАН ТЕАТР-3



НЭВТ: РТВС-ийн Сэтгүүлчийн 4Б ангийн оюутан Г.Уянгын бичсэн “Америк нарийн бараа” радио жүжиг хүлээн  авч сонсоно  уу.
/ хөгжим /
/айл гэрийн шум...радиогоор мэдээ явж байгаа чимээ/
Эмээ:         Хөгшөөн, хүүхдүүд юу юугүй ирэх нь... чи наад радио сонсохоо болиод хувцсаа солиж өмссөн нь дээр байх шүү...  Ганбаа тосоод авчихсан гэнэ үү?
Өвөө:       Түрүүн л наашаа ирж явна гэсэн шүү дээ. За хө, өнөө хүүхдүүдийн явуулсан сорочкон цамцаа өмсчих үү?
Эмээ:         Тэг, хө. Муу ачийгаа харна гэхээс сэтгэл догдлоод байнаа. Үгүй ээ, бид хоёр шиг өвөө эмээ байдаг болов уу...? Муу бэр минь Америкт таван жилийн өмнө төрлөө л болсон. Муу ачийгаа нярайгаас нь эхлээд өдий том болтол нь зураг сэлтээр  нь л харлаа шүү дээ.
Өвөө:          Яахав дээ, эсэн мэнд өсөж торниод ирж байгаа нь ерөөлтэй хэрэг. Хүүхдүүд яваад хэдийн 10 жил болчихсон байна шүү. Цаг хугацаа ч харвасан сум шиг байх юм даа.
/ Шум-хаалганы хонх дуугараад, хүмүүс орж ирэх /
Аав, ээж:       /баярлаж хөөрөн, сандчих/  Өө хүүхдүүд минь... хүрээд ирлээ...
Хүү:              Сайн сууцгааж байв уу, ааваа ээжээ...?
Бэр:              Сайн байцгаана уу?
Эмээ:            Иш муу хүүхдүүд минь ингээд хүрээд ирэх гэж, алив ээж нь үнсье... /уйлах/
Өвөө:           За, миний хүүхдүүд ийшээ сууцгаа. Баяр хөөр болж байхад энэ самган хүүхэд шиг уйлаад л...
Бэр:              Ааваа, ээжээ энэ Төгөлдөр, өнөө дайсны цэрэг чинь шүү дээ. Өвөө эмээ дээрээ
                     очиж золго миний хүү.
Өвөө:        Алив өвөөдөө хүрээд ир. Энэ чинь аав ээждээ түшиг болохоор том залуу болсон байна шүү дээ.
Эмээ:            Эмээ нь ач хүүгээ харна гээд шөнө ч олигтой унтаж чадсангүй хонолоо.
Төгөлдөр:      Hi... юу байна даа, миний өвөө нь, миний эмээ нь...?
Бэр:              Хүүе... миний хүү юу байна даа гэж хэлж болдоггүй юм. Тэр дундаа
                  ахмад хүмүүсийг. Би чамд юу гэж хэллээ... Сайн байна уу та? Сайн сууж байв уу? гэж хэл гээ биз дээ?
Хүү:             Энэ маань жаахан иймэрхүү яриатай хүн. Англиас шууд монгол руу орчуулж яриад байдаг юм. Бид хоёр хэрэндээ л монголоор нь яриулах гэдэг юм.
Өвөө:            /инээгээд/ За, америкчууд чинь юу байна даа? гэж мэндэлдэг улсууд уу...?
/Бүгд инээлдэнэ/
Өвөө:            Үгүй ээ, хөгшөөн хүүхдүүдэд цай, хоолыг нь өгөхгүй юм уу...?
Эмээ:            Ээ, тэнэг толгой хүүхдүүдээ хараад бүр мартаж орхиж. За одоохон, одоохон...
Хүү:              Аав, ээж хоёр ч ануухнаараа, сайхан байнаа...
/ цайлах чимээ орж ирнэ /
Эмээ:       За май... сайхан шинэ хонины мах... идэцгээ. Гайгүй идчихнэ биз дээ... Галуу шувууны мах идэж байсан хүмүүст хурцдах юм болов уу?
Бэр:               Зүгээр ээ, ээжээ. Бид нар чинь тэнд хонины мах иддэг байсан. Гэхдээ манай хонины махыг бодвол арай л сул... амттай муутай...
Өвөө:            Төгөлдрөө миний хүү май, энэ... мах ид... Өвөө нь бороос нь огтлоод өгье.
Төгөлдөр:     /Эхлээд ангилаар хэлээд дараа нь/ Баярлалаа, өвөө... /амталж үзээд/ Пөөх энэ   чинь ямар хачин амттай юм бэ. Сонин юм байна. Би зүгээр л кола уумаар байна.
Хүү:            Миний хүүд аргагүй... хурцдах байх. Манай Төгөлдөр чинь ёстой ээжийн хэлдгээр галуу шувууны мах иддэг хүн дээ. /инээв/
Төгөлдөр:      Ааваа би кола уумаар байна...
Эмээ:            Ээ, Кола гэж өнөө айхтар хар өнгөтэй, түлэгдсэн юм шиг амттай ундаа мөн биз дээ. Одооний хүүхдүүд кола л гэдэг болж. Биенд их муу гэх юм байна шүү, хүүхдүүд минь...
Бэр:               Кола чинь бараг Америкийн үндэснийх нь цай шүү дээ. Хүн болгон л уудаг юм.
Эмээ:          Ээ бурхан минь, ходоод дотор нь яаж тэсцгээдэг байнаа. Одоохон эмээ нь  гараад колаг нь аваад ирье.
/Хааалга онгойгоод хаагдах чимээ... Эмээ гаднаас колатай орж ирнэ/
Эмээ:        Төгөлдрөө, май энэ хар ундаагаа уудаа... /хүүдээ хандаж хэлэх/ Миний хүү өнөө хажуу айлын Дулмаа эгчийгээ санаж байна уу...?
Хүү:              Саналгүй яахав дээ. Тэднийхэн сайн уу...?
Эмээ:       Сайн сайн. Чамтай нэг ангид байсан өнөө том охин нь хүүхэдтэй болсон. Одоо Төгөлдөрийн хэрийний охин бий. Тэр охин эрэгтэй хүүхэд шиг айхтар сахилгагүй моньд бий дээ. Сая гадаа бас л хэрэг хийчихсэн бололтой ээжээсээ “таван салаа боов” авч байна. Бөөн уйлаан майлаан... Харин миний Төгөлдөр хажууд нь их томоотой юмаа.
Төгөлдөр:      Таван салаа боов гэж юу юм бэ, амттай юу ааваа...? /Бүгд инээлдэнэ/
Өвөө:         /өхөөрдөн/ Тийм ч амттай зүйл бишээ. Болохгүй юм хийсэн хүүхдийг үг хэлээд ойлгохгүй бол зодож ойлгуулна гэсэн үг.
Төгөлдөр:      Ааваа, ээжээ... тэгвэл цагдаа дуудаарай. Хүүхдээ зодчихсон гэж байна ш дээ.
Эмээ:            Үгүй, энэ чинь юун цагдаа яриад байна аа, айн...
Бэр:               Үгүй дээ, миний хүү ээж нь юу гэлээ. Монголд зарим зүйл нь Америкаас их 
                      өөр гэж хэлээ биз дээ...?
Төгөлдөр:       Ээжээ та тэгвэл энд байхдаа надад тэр “таван салаа боов” өгч болохгүй шүү.
Бэр:                Юу гэлээ гэж тэгэхэв...
Эмээ:             Үгүй энэ хүүхдийн хэлж ярьж байгааг... Одоо байтлаа аав ээжийгээ 
                      цагдаад хэлэхнээ... /инээнэ/
Хүү:              Харин тиймээ Америкт чинь хүний эрхийг хэтэрхий дээдэлсэн учраас хүүхэддээ гар хүрлээ л бол хүүхэд нь цагдаад утасдаж мэдэгдэх эрхтэй. Тэр ч байтугай ингэхийг хичээл дээр нь хүртэл заадаг юм.
Өвөө:           Үгүй тэр, мөн айхтар улс байдаг юм байна даа. Тэгвэл манайхны аав ээж, эмээ өвөө нар өдөр бүр цагдаа дээр дуудагдахнээ дээ, айн... /цөм хөгжилтэй инээнэ/
/ хөгжим /
Хүү:               Миний хүү... Төгөлдрөө, босоорой. Өнөөдөр хэдүүлээ аялалаар явна ш дээ.
Төгөлдөр:       /нойрмог дуугаар/ Өвөөгийн төрсөн газар луу юу...?
Хүү:               Тиймээ, миний хүү. Үүнээс хойш төрсөн газар биш, төрсөн нутаг гэж
                    хэлж байгаарай. Төв аймаг өвөөгийнх нь төрсөн нутаг шүү дээ. Аав нь ч бас тэнд   төрж, өссөн юм.
Төгөлдөр:      За...
/машины чимээ орж ирэх/
Өвөө:            За тэр... газар сайхан ногоорсон байгаа биз?
Эмээ:            Энэ жил ч хур бороотой, сайхан жил болж байна даа...
Хүү:              Хөдөө нутаг сайхан шүү. Би энэ сайхан үнэрийг ямар их санасан гээч...
/ Голын чимээ орж ирээд машин зогсох /
Төгөлдөр:      Ааваа та далайн эрэг дээр очно гээд байсан. Энэ чинь нарийхан л ус урсаж байна   шүү дээ?
Бэр:               Миний хүү аав нь тоглож л байхгүй юу даа. Монголд хаанаас далай байхав.
Төгөлдөр:      Тэгвэл би хаана элсэн ордон хийж тоглох юм бэ?
Хүү:               Миний хүү энд чинь элсэн ордон барихаас ч илүү олон гоё юм бий. Аав нь багадаа чулуугаар айл гэр хийж, бас морь унаж тоглодог байсан юм даа...
Төгөлдөр:       Хөөх, жинхэнэ морь уу?
Хүү:               Үгүй ээ, модон морь... гэхдээ сүүлд нь жинхэнэ морь унадаг болсон. Миний 
                       хүү тэр Жааяа ахынхаа хүүхэдтэй  явж тогло. Аав нь хүмүүст хорхог хийхэд
                       нь тусалъя.
Төгөлдөр:        За, ааваа...
/хүмүүсийн инээлдэж хөгжих чимээ/
Төгөлдөр:        Hi... Сайн уу? би чамтай тоглож болох уу...?
Бат:                 Бололгүй яахав. Чи Америкаас ирсэн гэл үү...?
Төгөлдөр:         Тийм...
Бат:                 Тэгээд чи монголоор ярьдаг юм байна ш дээ?
Төгөлдөр:         Аавын хэлснээр бол би жинхэнэ монгол хүн. Америкт л төрчихсөн байхгүй юу.
Бат:                  аан.
Төгөлдөр:         Би чамтай тогломоор байна, тэгэх үү?
Бат:                 Тэгье, би шагайгаа авчирсан. Хоёулаа шагай тоглоё...?
Төгөлдөр:         Шагай гэж юу юм бэ?
Бат:                  Хөөх, монгол хүн  байж шагай мэддэггүй юм уу...? 
                                                   /үнэн сэтгэлээсээ шоолж инээнэ/
Төгөлдөр:          Уучлаарай... Мэдэхгүй хүнд тайлбарлаж өгөх хэрэгтэй шүү дээ...
Бат:                   Шагайг малын чөмөг яснаас салгаж авдаг юм. Хүнээр бол... за энэ... хардаа,
                          энийг шагай гэдэг биз дээ?
Төгөлдөр:          Пөөх, чи ямар муухай хүүхэд вэ... Би үхсэн амьтны ясаар тоглохгүй...
Бат:                  Өө, чи айгаад байгаа юм уу, ямар сонин хүүхэд вэ...? За за, тэгвэл хоёулаа гол
                         руу очиж жараахай барья. Гутлаа тайлчих...
Төгөлдөр:          Хүүеэ... чи чинь яагаад гутлаа тайлчихваа?
Бат:                   Гуталгүй байсан нь хамаагүй дээр ш дээ.
/ шум-гутал хувцсаа тайлах/
Өвөө:               Төгөлдрөө, миний хүү Бат найз шигээ гутал, хувцсаа тайлчих. Ийм сайхан
                         зүлгэн  дээр хөл нүцгэн яв. Хөлний чинь чийг арилдаг юм. Дандаа пүүз өмсөх
                         муу шүү дээ...
Төгөлдөр:         Үгүй ээ, өвөө... би тайлахгүй. Энд тэндгүй шороо байна. Миний хөл халтар
                         болчихно...
Эмээ:               Төгөлдөр миний хүү, ядаж наад дээгүүрхи цамцаа тайлчих. Их халуун 
                        байна. Нүцгэн цээжтэйгээ л байж байхгүй юу.
Төгөлдөр:         Эмээ би тэгээд хүмүүсийн дэргэд хувцсаа тайлаад нүцгэн явах юм уу. Эмээ 
                         болохгүй ээ... Манай багш Ричардсон хадагтай болохгүй гэж заасан юм.
Эмээ:                Ишш миний хүү, хэн юу гэж заасан гэнээ? Энэ чинь хөдөө нутаг... 
                         тааваараа сайхан байж болно шүү дээ. Ямар танай тэндэх шиг бөөн хууль дүрэм
                         гэж байх биш...
Төгөлдөр:         Эмээ ам цангаад байна...?
Эмээ:               За тэгвэл хоёулаа булгийн усанд явъя. Ам чинь цангаж байгаа байх. Сайхан
                         хүйтэн байдаг юм.
Төгөлдөр:         За эмээ...
/ булгийн ус ундрах чимээ орж ирэх /
Эмээ:               Алив миний хүү, энэ дээд хэсгээс нь зөөлөн аваарай. Шанагаа ёроолд нь 
                         хүргэж шороо босгож болохгүй шүү.
Төгөлдөр:         Эмээ энэ ус чинь газар доороос гарч байгаа юм уу?
Эмээ:               Тиймээ хамгийн цэвэр ус даа. Хүний биенд маш сайн. Алив май энийг уучих...
Төгөлдөр:         Юу гэнээ... Үгүй ээ, би уухгүй.
Эмээ:               Үгүй, чи чинь ам цангаад байна гэсэн биз дээ?
Төгөлдөр:         Би аавын авч яваа ариутгасан уснаас ууна. Энэ чинь газраас шууд авч байгаа
                        бохир ус шүү дээ. Бохир юм идэж уувал гэдэсний өвчин тусна гэж Ричардсон  
                        хадагтай хэлсэн.
Эмээ:              Хадагтай Ричсан, Ричсан л гээд байх юм. Тэр Ричсан гэж хүүхдийг тааваар нь
                       байлгадаггүй хүн бололтойдогоо. Тэгээд чи эмээгийнхээ үгийг биш, тэр Ричсаны
                       үгийг дагадаг хүн үү, аан...
/ Төгөлдөр чангаар уйлах /
Төгөлдөр:      Би савтай цэвэр ус уумаар байна. Бас гамбургер, шарсан тахиа идмээр байна. Тэр ааруул гээд байгаа гашуун юмыг чинь идэхгүй, за юу....
Бэр:               Үгүй, та хоёр чинь юун уйлаан, майлаан болоод байнаа?
Эмээ:            Онц юм биш дээ. Миний ач хүү юманд их л болгоомжтой ханддаг бололтой. Танай тэр Америк чинь хүүхдийг тааваар нь байлгахгүй, хайрцганд хийчихсэн юм шиг байлгадаг газар юмаа даа, аан...
Бэр:            Харин тиймээ. Анхнаасаа энд өсөөгүй болохоор Төгөлдөрт маань хэцүү байх шиг байна. Онгоцны буудлаас ирж явах замдаа, Монгол чинь ийм ядуу юм уу гэж байсан. Хажуугаар усны тэрэг түрсэн халтар хувцастай хүмүүс яваад, их онцгүй санагдсан бололтой...
Эмээ:           /их л бухимдан/ Юу гэнээ хүүхээ, хүн хаана төрсөн нь гол биш, судсаар нь хэний цус урсаж байгаагаа зөнгөөрөө мэддэг юм. Хн... өдий болж ирээд хачин юм үзэж, сонсохнээ...
Бэр:               За миний хүү битгий уйл. Ээж нь чамд ариутгасан савтай ус өгье.
Эмээ:             /бухимдсан хэвээр/ Үгүй ер хаана төрж, хэний үр сад болчихоод монгол ахуйгаасаа хүүхдээ холдуулж байдаг байнаа?
/ хөгжим /
/ онгоцны буудал дээр /
Өвөө:        За миний хүүхдүүд сайн явж хүрээрэй. Ямар ч байсан хөгшин бид хоёрын амьд сэрүүн дээр ирж уулзлаа, та нар минь...
Хүү:              Аав минь дээ, одоо бид гурав байнга та хоёрыгоо эргэж тойрч байх болно. Урьдных шиг хараар биш, Төгөлдрийнхөө ачаар ногоон карттай болсон болохоор одоо чөлөөтэй ирж очиж байна. Бас та хоёрыгоо ч Америкт аваачиж газар үзүүлнээ.
Эмээ:            За больё доо, тэнд очиж хадагтай... нөгөө хэн билээ Ричсоны командад 
                      ороод яахав... юүхэв, хүүхдүүд минь... /инээнэ/
Төгөлдөр:      Эмээ тэр чинь Ричсон бишээ, Хадагтай Ричардсон байхгүй юу... / Бүгд инээлдэх /
Эмээ:         За, хүүхдүүд минь “сэгсгэр ч гэсэн эжий минь, сиймхий ч гэсэн гэр минь” гэдэг үгийг санаж яваарай. Өсөж төрсөн газар шороо, монгол ахуй, хэл яриагаа дээдэлж яваарай. Муу хүүг минь хаанахын ч биш хачин хүн болгочихов доо...
Өвөө:            Тийм шүү, хүүхдүүд минь хаана ч байсан монгол хүн монголоороо л байх учиртай
                      юм шүү...
Хүү, Бэр:       Ээж, аавын үгийг хүүхдүүд нь санаж явнаа. Та нар минь сайн сууж байгаарай...
Төгөлдөр:       Миний өвөө нь, миний эмээ нь баяртай...
Эмээ, өвөө:    /шүүрс алдан/ Манай Төгөлдөр энэ үгээ засаж хэлж амжилгүй буцлаа даа,   
                       хөөрхий...
/ Онгоц нисэх чимээ /
/ хөгжим /
Эмээ:       Хөөрхий... өнөө муу сөөсгөр шар хүүгээ санаж байна шүү. Эмээ би ингэхгүй, тэгэхгүй, энийг ч идэхгүй, тэрийг ч уухгүй гэж зөрүүдлээд л өдрийг хамтдаа бардагсан...
Өвөө:           Чи ч бас хачин хүн шүү, тэгэх тусам нь л өөрийнхөөрөө зүтгээд л... Хөөрхий минь, сүүлдээ чиний үгэнд ордог болчихсон байсан шүү...
/ Утас дуугарах /
Бэр:               Сайн байна уу ээжээ? Оюунаа байна аа...
Эмээ:             /баярлан/ Сайн сайн, өвгөөн хүүхдүүд ярьж байна... За та хэд минь ажил төрлөө  
                      хийгээд завгүй л байна уу?
Бэр:          Тиймээ бид бүгд сайн, завгүй л байна. Харин Төгөлдөр хэл ам татлаад болохоо байлаа...
Эмээ:             Яах нь тэр вэ...?
Бэр:               Үгүй дээ ээж минь, Монгол явснаасаа хойш цэцэрлэгтээ очоод хамаг
                      хувцсаа тайлаад халуун байна биеэ наранд шарна гээд шалдан нүцгэн 
                      гүйгээд багшийнхаа үгэнд ордоггүй гэнэ. Тэгээд байсхийгээд л ааруул идье,
                      эмээгийн хуушуур идье гээд шаналгах юм.
Эмээ:         /их л бахархалтайгаар/ За би юу гэж хэллээ, хүн өөрийнхөө судсаар хэний цус урсаж байгаагаа мэддэг юм гэж... Миний хүү чинь нэг сар болоод буцахдаа бүгдэд нь дассан байгаа биз...? Энд төрөөд очсон бол тэгж  америк болчихгүй л байсан болов уу. Охин минь хүүгээ нааш нь явуулчих. Өвгөн бид хоёр наадхыг чинь харж дөнгөнөө.
Бэр:            Бид бас энэ тухай ярих гээд утасдаж байна. Гэхдээ та хоёрыг ядраачихвий дээ гэж бодох юм.
Эмээ:            Бид хоёр ч хүүгээ үгүйлээд хэцүү байсан юм. Сайн юм боллоо...сайн боллоо...
Бэр:               За тэгвэл би онгоцны билет энэ тэрийг нь авчихаад ярья...
Эмээ:             За тэг тэг, юун сайн юм. Баяртай...
Эмээ:             /Их л баяртай/ Өвгөөн, манай Төгөлдөр удахгүй ирэх нь бололтой...
Өвгөн:          /Мөн баяртайгаагаар/ За одоо “Америк нарийн бараа” чинь ирж чиний нар гарахнээ. Жаахан хүүхэд шиг баярлаж байгааг нь ээ. Одоо тэгээд шувуу, загасны махаар нь хоол хийж сурах болж дээ, хөгшин минь...
Эмээ:          /хөгжилтэйгээр/ Чи ч хүнд нэр хоч өгөхдөө сайн шүү. За тэгвэл “Америк нарийн бараа”-тайгаа гурвуулаа амьдраад байнаа, хө.
/ хөгжим /
НЭВТ:           Та бүхэн “Америк нарийн бараа” радио жүжиг сонслоо.

No comments:

Post a Comment

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив