Lucky Charms Rainbow

Tuesday, January 8, 2013

Хүүдүүдээ, та нарын ирүүлсэн эхний хорин нэгэн дурсамжаар ХОРИН НЭГЭН ДАРЬ ЭХ-ийн дүр бүтээлээ.



Нэгэн Дарь эх
Бадамлан гэрэлтэх зулын шаргал туяагаар амьдралын замд гэгээ нэмж, унших маань мэгзмийн ид шидээр алхахын хэлтгийг залруулж, цайныхаа дээжээр бурхан умдаалах Дарь эх гэж таныгаа би шүтье.
Түүх нэмэх тоолонд санчигны нь үс бууралтаж, үе өнгөрөх тоолонд магнай нь үрчлээ нэмэгдсэн ч сэтгэлд минь залуухнаараа гэж таныгаа мөнхлөе.
Цэцэн ухаантай хатан тэвчээртэн, бат журамтай өрх гэрийн түшиг, гэгээрлийн эзэн гэрийн сайхан эзэгтэй та эх хүний зургаан эрдмийг энэхэн биедээ цоглоосон гэж танаараа би бахархая.
Цэцэгсийн рашаанаар нэрсэн гайхамшигт дарсыг тандаа сөгнөж чадаагүй ч сэтгэлийн сүүгээр нэрсэн үгэн цацлаа өргөн барья, хүлээн авна уу миний эмээ. Өршөөн энэрнэ үү, муу  зээгээ.
Нэгэн Дарь эх...
...Гүйж яваад бүдэрч унаад өвдгөө шалбалчихав, тэр жаал... Гэтэл хүрэн бор таягаа газар хүргэхгүй шахам гүйх нэгэн буурай өнөө жаалыг өргөж босгоод шороог нь гөвж, өвдөгний нь шалбархайг үлээлээ. Тэр жаалд ямар ч эм хэрэггүй бололтой...
Нэгэн Дарь эх...
Олон жил гадаадад байж байгаад ирсэн чинь тоглоомын талбай эмээ ээжгүйгээр нэг л гунигтай. Өнгө өнгийн дээлтэй хөөрхөн эмээ нарын суудаг байсан ногоон сандалны будаг нь халцарч өнгөө алдаж, харин эмээгээрээ өргүүлэн байж дээр нь гардаг том янзага жижигхэн болчихжээ. 
Нэгэн Дарь эх...
Тэр шөнө ховдог хоёр хулганы ачаар эмээгийнхээ дээлийг нөмөрч, эмээгийн өвөрт хоносон үүрээр би зүүдэллээ. Эмээгийнхээ цайг хөлсөө цувтал ууж байх юм. Бас тэгээд нууж хадгалдаг ноён сахарыг нь тарганд хутгаж идээд тун жаргалтай. Ингэж л би зүсийг нь үзээгүй эмээгийнхээ дээлийг нөмөрч унтахдаа зүүдэндээ эмээтэйгээ анх уулзсан юм.  Тэр зүүд зүүд зүүднээс хамгийн сайхан нь. Ганц удаа зүүдэнд ирэхдээ тийм их аз жаргал хайрласан болохоор энэ хорвоод хамгийн сайхан хүн эмээ юм байна.
Нэгэн Дарь эх...
Мөсөнд би дургүй. Үүгээр түүгээр явж, ундуй сундуй бүхнийг засаж, ер зүгээр суудаггүй эмээ минь тэр нэг өвлийн өглөө мөснөөс болж орноос салдаггүй хүн болсон. Хөөрхий дөө, эмээ минь зүүдээ бодит амьдралтай хольж хутгаж яриад бөөн инээд ханиад болно. Хүн өтлөхөөрөө хүүхэд шиг болдог гэдэг үнэн юм билээ. Эмээ минь одоо чихэрнээс ер салахгүй. Шүдгүй хирнээ өдөржин л чихэр хүлхэнэ.
Нэгэн Дарь эх
Би зургийн дэвтэр дээрээ байрны гадаах тоглоомын талбай, түүний дэргэдэх эмээгийнхээ суудаг сандлыг уйлан уйлан зурж билээ. Тэр гашуун нулимс одоо ч сэтгэлд минь амтагддаг юм. Гадаа гарах бүрдээ эмээгийнхээ суудаг байсан сандлыг хараад л уйлна, уйтгарлана, санана.
Эмээ бид хоёр орчлон дээр хоёулхнаа юм шиг жаргалтай
Эргээд ирэхгүй эмээгээ ач хүү нь мартаагүй ээ...
Таньтайгаа байсан цаг богинохон ч дурсамж нь дэндүү сайхан
Танхил хүү чинь таныгаа наддаа л ирнэ гэж хүлээдэг шүү...
Нэгэн Дарь эх
Хорвоо надад “Ээжээ, орчлонд төрүүлсэнд тань баярлалаа” гэж хэлэх боломж олгоогүй ч ээжийн минь ээж эмгэн буурал эмээг минь үлдээсэн юм. “Буурал ээжээ” гэж дуудах бүрийд  “Яасан, миний эрх цагаан” гээд инээмсэглэн ширтэх эмээдээ  би дэндүү хайртай. Бурхан гэж байдаг бол буурал ээжийнхээ ачийг хариултал  надаас бүү аваарай, танаас гуйя...
Нэгэн Дарь эх
Эмээгийнхээ сүүтэй цай, гарынх нь боорцогыг идэх дуртай хэрнээ хааяахан салхинд хамт гарья гэхэд нь мөн ч их хойрго байж дээ. Би үнэхээр муу хүүхэд. Эмээгээ санаж дурсах гэхээр энэ бүхэн бодогдоод байх юм. Учир нь тэр жилийн өвөл эмээтэйгээ хамт байх цаг хугацаа эргэж ирэхгүйгээр одсон юм. Болдогсон бол цаг хугацааг буцааж, эмээгийнхээ ачийг нэг хариулахсан даа.
Нэгэн Дарь эх...
Эмээ бид хоёр илүү дотно. Агаагаас нууж надад амттай юм өгч байгаад ээжид загнуулна. Та чинь балайрчихсан хүн үү, хоёр хүүхдийг ялгаад гээд. Эмээ бид хоёр буруутна. Эмээгийн ач зээ гээд их олоон. Тэрэнд энэнд гээд бөндгөр бөндгөр юм боогоод тавьчихсан байдаг юм. Авдарнаасаа бүр хиам гаргаж ирнэ гээч, инээдтэй. Эмээгийн өгсөн чихрийн амттайг яана. Эмээгийнхээ чихрийг дахиад нэг идэхсэн. Даан ч бурхан эмээтэйгээ байх хугацааг дэндүү богино заяах юм даа.
Нэгэн Дарь эх...
Эмээгийн эрээн авдарт их зүйл бий. Эмээ торгон уутнаасаа бурамтай чихэр гаргаж өгөөд толгойг минь үнэрлэдэгсэн. Өөрийн хүүхдүүдээ ховорхон эрхлүүлдэг эмээгээсээ хааяа ингэж  чихэр авч үнсүүлэхээрээ би жигтэйхэн онгирно. “Таргийг чихэргүй уу, ууж дуусаад аягаа долоо”, “унтахдаа бурхандаа мөргөөрэй”, “томчуудын ярианд оролцов”, “гол ус руу хог хийв”, “Бурхантай уулнаас цэцэг ногоо таслаж болохгүй” гээд үглэнэ. Хүүхдийн зангаар тэр үед гомддог байсан ч одоо бодохнээ монгол эмээгийн хүмүүжил, монгол ухаан байж дээ.
 Нэгэн Дарь эх...
Өөдсөн чинээ охиноо ямаршуухан бүсгүй болж байгааг ганц удаа боловч харахсан гэж сэтгэлдээ уйлдаг л байхдаа, эмээ минь. Хаана юу байгааг мэдэх гэж таяг тулан тэмтчин явах эмээгээ хараад хоёр нүдний нулимс өөрийн эрхгүй хацар даган урсана. Үүнийг мэдсэн эмээ: “Хараа алдах яах вэ, хүн ухааны мэлмийтэй байвал амьдарч болдог юм, охин минь” гээд дулаахан гараараа хацрыг минь тэмтчин нулимсыг минь арчиж билээ.
Нэгэн Дарь эх...
Очих бүрд  гадаа тосож угтдаг эмээ минь гэртээ сууж угтдаг болчихож. Тэгш сайхан нуруу нь бага багаар бөгтийж, хөл нь улам бүр хазагнаж, хэд алхаад л амьсгааддаг болжээ. Гэсэн хэдий ч буцах бүр араас минь өргөдөг сүүн цацлаа орхиогүй ээ. Эмээгийн минь тэр л сүүн цацал буцах зам дээр минь сүүн бороо болон орж, зам мөрийг минь тэгшилдэг байж дээ. Сүү цацалтай эмээдээ би хайртай.
Нэгэн Дарь эх...
Абааг манай нутгийнхан их багагүй цөм л Абаа эмээ гэж дууддаг юм. Ямартаа л айлын хүүхдүүд хоорондоо муудалцахдаа “чамайг Абаа эмээд хэлнэ дээ” гэх билээ. Бас дэггүй нэг нь хэрэг тарьчихаад эцэг эхийн хуралдаа Абаа эмээг суулгачихна. Ингэж л өргөмөл ганц хүүтэй Абаа нэг голын бүх хүүхдийн эмээ болсон хүн дээ. Абаа одоо сүү шиг цагаан сэтгэлээрээ цайгаа сүлээд орсон гарсан бүхнийг хүү минь, эвий минь ид, уу гээд сууж байгаа даа. Хурдхан нутгийн зүг хүлгийн жолоо залж Абаа эмээдээ үнсүүлж, цайг нь уухсан даа.
Нэгэн Дарь эх...
Бага насны олон олон яагаадын хариуг эмээ л тайлж өгнө. Нар уулсаа тэврээд нойрсох хүртэл эмээ үлгэр домог ярьж, залуу насныхаа адармаатай явдлуудаас хүүрнэнэ. Балчир ахуйгаас эхлэн ухааны дөрөөн дээр гарах хүртэл орчлон хорвоог таньж мэдэх цор ганц нэвтэрхий толь нь миний эмээ байжээ. Байсаар ч байх болно.
Нэгэн Дарь эх...
Би эмээгийн хүүхэд. Намайг ингэж хэлэхээр эмээ ямар их баярладаг гээч. Миний эмээ их уян хүн. Амархан гомдоно, бас амархан баярлана. Эмээ бид хоёрын хооронд хялгас ч орох зай байхгүй тийм дотно. Хүмүүсийн хэлдгээр ёстой жинхэнэ “эмээгийн эрхийн балай” байлаа, би. Намайг төрсний дараахан сувилагч: “та нар ийм хүүтэй болсон” гэж төрөхийн цонхоор харуулахад өвөө уйлж, эмээ инээсэн юм гэдэг. Сайхан дурсамж... Ингэж уйлуулж, инээлгэж ирсэн би эмээгийнхээ энгэрт нь эрхлэн өсөж, энгэрийн нь  ганц гэрэлт “одон” нь болсон юм. Миний энгэрийн “ганц одон” гэж эмээ минь бахархан ярих дуртайсан.
Нэгэн Дарь эх...
Тэр нэг өдрөөс хойш айлын ядарсан эмээ бодлоос минь гарахаа болив. Тэгсэн байтлаа яагаад ч юм очиж чадахгүй, ярилцъя гэхээр зүрх алдарна. Бороо шивэрсэн сэрүүн өдрүүд үргэлжилж хөгшин хүн даарч байгаа байхдаа гэж бодоод гэрийнхээ түлшнээс хэд гурваар нь зөөж үүдэнд нь тавьчихаад буцдаг болов. Эмээ харагдахгүй гурав хонолоо...
Эмээ, эмээ... би итгэж чадахгүй нь, итгэхийг ч хүссэнгүй. Гэрт нь яваад очмоор санагдавч дэндүү өрөвдөлтэй тэр эмээгийн сэтгэлд минь үлдээсэн зөөлөн мишээл энэ чигтээ хоногшвол сайхан. Асгаран гарах нулимс минь хөөрхий эмээгийн бурханы оронд очих замыг төөрүүлж мэднэ гээд очсонгүй. Энэ насандаа жаргаж чадаагүй айлын эмээ минь ирэх насандаа сайхан амьдраарай.
Нэгэн Дарь эх...
Миний эмээ намайг бага байхын л мал дагаж, хэдэн малаа ёстой гарын хуруу шигээ мэддэг хүн байсан. Надад анх ямаа яаж саахыг, сүү яаж хөөрүүлэхийг зааж өгсөн юм. Ишиг хургандаа явах бүрд орой таван цагийн үед ирээрэй гээд цай, боорцог хийсэн жижигхэн богц үүрүүлээд явуулна. Би ч бэлчээрт хүрэхээсээ өнөө боорцог, цайгаа идэж ууж дуусгачихаад нар голлохын үед хэдэн ишгээ тоос манаруулан хөөсөөр, бөөн амьсгаа болсон хүн буцаж ирээд эмээдээ загнуулдаг байж билээ.
Нэгэн Дарь эх...
Эмээ минь мөнх бус хорвоод байх хугацаандаа ая дууны ертөнцөд амьдарч, уянга эгшгээр амьсгалж байж дээ. Миний эмээ ардын дууны сайхан бүсгүй Сүнжидмаа, Дүүриймаа, Эгиймаа нарыг дурсан хөөрч, Чулуунхүүгийн “Ээжийн бор аяга” -нд Жавхлангийн “Ээжийн чанасан цай”-г дүүргэн дүүргэн дуулж суудагсан. Хааяахан гурван мярайлаг хүүгийн дуугаар “Ижийгээ гомдоох учиргүй” хэмээн сургамжилна. Ингээд бодохоор дуу бүхэн эмээтэй минь холбоотой, эмээ минь дуу бүхэнтэй садан байж дээ. Үрийн үр намайг аялгуут сайхан дуугаараа бүүвэйлэн аргадаж өсгөсөн гэдэг. Тиймээс би дуу сонсохоороо эмээгээ дурсаж, эмээгээ санахаараа дуулж суудаг юм. Үгээр хэлж үзгээр сийлшгүй эрхэм дээд нандин шүтээн минь бурханы орондоо амгалан залрах болтугай. Таныгаа мөнхийн орон зай руу үдсэн ... хоног дээр ийн дурсан бичив.

 Нэгэн Дарь эх...
Эмээтэйгээ байхад нэг их зовлон бий. Тэр нь бусдаас харамлах, өмчирхөх сэтгэл. Бүр дүүгээсээ хүртэл харамлана. Эмээ эрхлүүллээ гээд бид буруутсангүй ээ. Эмээгийн хайр хүнийг жинхэнэ ээж болгодог юм байна. Гэхдээ нэг гэм бий. Тэр нь урвалт... Эмээ намайг тоохоо больчихож. Эмээгийн хамаг л энэрэл хайр одоо өөр хүн дээр оччихсон. Тэр нэгэн цагт ээжийн хэлж байсан үгийг одоо эмээг минь урвуулсан тэр хүнд хэлэх болоод байна. Тэр бол миний охин...  Миний багадаа эдэлдэг байсан хамаг л аз жаргал, баяр хөөрийг миний охин эдэлж байна. Эмээгээ ээжээсээ харамлаж байсан бол одоо охиноосоо харамлах юм. Энэ эмээ нарын хайр ямар гээч ид шидтэй юм бэ?
Нэгэн Дарь эх... 
Миний хоёр эмээ ертөнцийн хоёр туйл шиг ч атлаа нэг л адилхан зүйл бий. Тэр нь намайг хайрлах сэтгэл, итгэл хүлээлгэж чаддаг чанар нь юм. Өнөөдөр би нагац эмээгийнхээ ухаалаг, цэцэн үгээр дэгжирхэж, авга эмээгийнхээ  ажилсаг, уян сэтгэлээр өөрийгөө тэжээж явна. Миний хоёр эмээ хүний хоёр туйл ч надад аль алины нь зан байж л таараа. Учир нь би тэдний үргэлжлэл юм чинь.
Нэгэн Дарь эх...
Алс нутгийн барааг ширтэж
Аньсагаа чилээж суугаа та минь
Атгахан зүрхний амин уяас
Ачлал төгөлдөр буурал эмээ минь
                        Эмээ минь эмээ минь
                        Энэ орчлонгийн ховорхон шүтээн
                        Эмээ минь эмээ минь
                        Эрхэс наадах эгэлхэн тэнгэр
Зэрэглээ үдэлсэн зээрийн бэлчээртэй
Зэгэстэй нуурын толин мэлмий минь
Зээ хүүдээ зээглэж шагласан
Зэмлэл зөөлөн буурал эмээ минь
                        Эмээ минь эмээ минь
                        Энэ орчлонгийн ховорхон шүтээн
                        Эмээ минь эмээ минь
                        Эрхэс наадах эгэлхэн тэнгэр
Бурхан заяаны галаа тахисан
Бялхам хайрын гэгээн наран минь
Бүүвэйн эгшигт аялгуу өргөсөн
Бүсгүйн тэнгэр буурал эмээ минь
                        Эмээ минь эмээ минь
                        Энэ орчлонгийн ховорхон шүтээн
                        Эмээ минь эмээ минь
Эрхэс наадах эгэлхэн тэнгэр

Энэ хорин нэгэн ДАРЬ ЭХ-ийг дэлгэрүүлэн уншихыг хүсвэл эмээ нартаа зориулан бүтээж байгаа 108 ЭРХЭН ХЭЛХЭЭ –г уншаарай.

No comments:

Post a Comment

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив