Lucky Charms Rainbow

Tuesday, January 8, 2013

МОД НОГООН ЭРДЭНЭ сэдэвт оюутны анхны бүтээлийн уралдаанд ирүүлсэн бүтээлээс 06



СУИС-ийн РТВС-ийн Сэтгүүлчийн 1а ангийнхан хамтаараа бүтээв.
            ХӨТ: Ногоон эрдэнэ-радио эвлүүлэг.
 / хөгжим /
ЭМ: Чш… чимээгүй, мод нахиалж байна...
ЭР: Тиймээ, мод нахиалж байна...
ЭМ: Хаврын урь орж, мод нахиалах цагаар хүмүүний сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй.
ЭР: Хүүхдүүдээ, цөмөөрөө энэ жилийн анхны нахиаг угтаж моддын тухай эрхэн хэлхээ бүтээе, тэгэх үү?
ОЛУУЛАА: Тэгье... Тэгээд түүнийгээ “Ногоон эрдэнэ” гэж нэрлэе...
/ хөгжилдөнө /
/ хөгжим фонлоод /
ЭР: Мөчир бүхэн чинь нахиалж хүн бүрийг баясгахад
           Мөнхийн юм шиг залуу нас хайрын бороонд норсон байна
           Сүүдэрт чинь болзсон хосууд жаргал дүүрэн инээхэд
           Салхины аяс даган найган ганхана
ЭМ: Насны хяруу суусан өвгөд тамхилан хууч хөөрөхөд
           Намар боллоо гэсэн шиг дээрээс нь навчисаа гөвнө
           Өтөл болсон хөгшид өнгөрүүлсэн амьдралаа дурсахад
           Өвөл боллоо гэсэн шиг анхны цас бударуулна
ЭР: Үндэс мөчир бүхэн чинь амьдралын тухай өгүүлж
           Өөр өөрийн өнгөтэй дурсамж бүхэн  мөнхөрнө
           Өдөр өдөр наран чамтай мэндлэн мандахад
           Өлгийн аьсны хэлхээтэй хүмүүний амьдрал үргэлжилнэ.
/ таслал /
ЭМ: Багаасаа сүүдэрт нь тоглож өссөн өвөөгийн минь буурин дээр ургасан тэр мод надад   үргэлж сайн сайхныг  хүсдэг. Яагаад ч юм өвөөгийн минь сүнс тэр модонд шингэж намайг түшдэг юм шиг. Үнэндээ би өвөөгөө ямар хүн байсныг мэдэхгүй ч тэр модны сүр жавхаанаас олж хардаг юм. Халууцсан үед минь сүүдэрлэж, даарсан үед минь нөмөрлөж, хэцүү үед үгийг минь сонсдог тэр мод миний амьдралын мод. Хэдэн жил эргэж тойроогүй болоод тэр үү өнөөдөр ирэхэд нэг л гундуу байлаа. Аргагүй биздээ, намайг ирнэ гэж зөндөө харуулдсан биз. Уужим амьсгаа аваад модоо тэвэрлээ. Халуун дулаан тэврэлтээр өвөө минь намайг эрхлүүлж байгаа юм шиг сайхан байнаа, сайхан байна. Салмааргүй сайхан байна.
/ таслал /
ЭР: Хааяа ганцаардсан үедээ моддыг харж зогсох сайхаан. Он цагийн хэлхээс, хүн төрөлхтөний хэдэн үеийн түүхийн гэрч болсон хөгшин моддыг хараад яаж ингэж он удаан жил нэг л байрандаа байдаг байнаа гэх гүн бодол төрнө. Тэгтэл би салхинд хийссэн хамхуул шиг ийшээ ч нэг дэрвэж, тийшээ ч нэг хийсэх юм даа...
/ таслал /
ЭМ:   Энэ хорвоо олон өнгөтэй
Эргэх улирал дөрвөн хязгаартай
Хар, ногоон, шар, цагаан
Хамгийн сайхан нь ногоон
           ЭР:    Ногоон өнгөт мод амин эрдэнэ
Навчис цэцэг жимс нь амин эрдэнэ
           ЭМ: Амьсгалах агаарыг цэвэршүүлдэг мод эрдэнэ
Усны ундрагыг бий болгогч мод эрдэнэ
Хүн биднийг тэжээгч мод эрдэнэ
Хөрст дэлхийн үндэс мод эрдэнэ
           ЭМ: Урсах амьдралыг тэтгэгч
           Удмаас удамд ирсэн
           Уудам ертөнцийн амь бологч
           Мод эрдэнэ, амин эрдэнэ
ЭР:  Амьдралын утга учир
           Аз жаргал хэмээх ургамлыг сэтгэлдээ би ургуулъя даа...
/ таслал /
ЭР: 3-р сарын 22 дэлхийн ойн өдөр гэдгийг та мэдэх үү?
ЭМ: Манай улсын ой модоор бүрхэгдсэн талбай бүх нутаг дэвсгэрийнхээ дөнгөж 8 хувийг эзэлдэг байна. Тиймээс Монгол улс НҮБ –ийн Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагаас гаргасан судалгаагаар ойн нөөцөөр хомс орны тоонд оржээ. Энэ нь дэлгэсэн тэрлэг шиг хэмээн дуулах дуртай бидэнд нэг л зохимжгүй санагдана, тийм үү...?
ЭР: Сүүлийн таван жилд дунджаар 14 аймаг, нийслэлийн 61 сум дүүрэгт 150 удаа ой, хээрийн түймэр гарч жилд дунджаар 340 мянган га талбай нэрвэгджээ. Бас  дэлхийн цаг уурын дулаарал, ой түймрийн давтамжаас шалтгаалан энэ хугацаанд 350-800 мянган га талбайд хөнөөлт шавь тархаж их хэмжээний ой мод дахин сэргэх боломжгүй гэсэн баримт бас байна.
ЭМ: Ийнхүү мод өсөн үржиж чадахгүй байгаагаар үл барам улам бүр хорогдож байгаад хүмүүн  бидний буруутай үйл ажил их нөлөөтэй.
ЭМ: Модны үндэс мөчир бүр өөр өөрийн гэсэн үнэ цэнэ, утга учиртай. Өчигдөр орсон борооны дусал бүрээр ундаалж, өнөөдрийн нарны илчийг өөртөө шингээн ургаж буй- ногоон эрдэнэ.
/ таслал /
ЭР: Би айж байна, миний дэлхий нимгэрэхвий гэхээс
           Би айж байна, миний эх орон ундрага усаа татахвий гэхээс
           Би айж байна, миний газар шороо хатаж цөлжихвий гэхээс
           Би айж байна... Би айж байна...
/ таслал /
ЭМ: Ногоон моддын чинь доор сөгдөн мөргөе
           Цэнгэг ус цэвэр агаараа бидэндээ хайрла
           Энгэртээ хатгасан цэцэг мэт модыг тань тахин шүтье
           Элээх амьдралын жаргалын эх-ус ундаа, сэлүүн агаараа бидэндээ хайрла...
/ таслал /
ЭР: Сайн морь эрийн чимэг
           Сайхан хүүхэн гэрийн чимэг
Сагсгар мод уулын чимэг... гэдэгчлэн эх дэлхийн нэгэн чимэг-мод эрдэнээ хайрлан  хамгаалья.
/ таслал /
ЭР: Тань шиг алхаж, тань шиг инээж чадахгүй ч цохилох зүрх, зовних сэтгэлтэй байгаль ертөнцийн амин эрдэнэ-модыг хайрлацгаая, хүмүүсээ.
ЭМ: Тиймээ, Амьдрахын тулд модоо огтолж сүйтгэх биш
           Амьд, эрүүл явахын төлөө модоо үржүүлье
           Мод бүгдийг өгч чадна. Гагцхүү түүнийг хайрла, хамгаал...
ЭМ: Энэ биений минь гуйлт бус эх дэлхийн мод, газар шороо, ус агаар бүхий чин сэтгэлийн гуйлт гэдгийг ойлго, хүмүүсээ. Энэ улсын уул нь нүцгэрч, ус нь булингартаж, өдөр ирэх тусам хүн таны өмнө сөхөрч байна.
/ таслал /
Бүгдээрээ: Хөрст дэлхийг ундаалдаг мод эрдэнээ хайрлан хамгаалах эрх, үүргээ санаж сэрцгээе, хүмүүсээ...     
/ хөгжим /
ЭР: Сэтгүүлчийн 1а ангийнхан бид хичээл дээрээ хэлхсэн “Ногоон  эрдэнэ” эрхээ танд өргөн барилаа.

No comments:

Post a Comment

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив