Lucky Charms Rainbow

Tuesday, January 8, 2013

ХҮҮХДҮҮДЭЭ, ХАЙРТАЙ ЭМЭЭ НАРТАА ЗОРИУЛЖ 108 “ЭРХЭН ХЭЛХЭЭ” БҮТЭЭЕ...



    1   Зөөлөн гар...
Хамгийн дотны найз, хамгийн сайн асрагч, хамгийн гэгээн сэтгэл... Энэ бүхэн эмээ гэдэг хүний тодотгол. Би эмээгийн өглөө бүрийн амттай цай, хайраар цадсан дотно яриа,  халамжаар бялхсан хайрыг үзээгүй. Унтахынхаа өмнө үлгэр яриулж, айж цочихоороо хурайлуулдаг их тайвшрал, өглөө бүр үнэрлэж сэрээдэг бүлэээн амьсгалыг, сүүнээс ч цагаан сэтгэлийг мэдэрч өсөөгүй. Гэсэн хэдий ч надад “эмээ” гэдэг үг сэтгэлийн минь угт мөнхөд хадагджээ.
   Хатсан навчис газарт унах тэр чимээ тодоос тод сонсогдном. Эмээгийн хайртай зүйрлэдэг халуун дулаан сэвэлзүүр салхины оронд бие жиндүүлэх хүйтэн агаар сэтгэл дааруулна. Энэ бүгдээс зугтах гэсэн шиг нүүдлийн шувуудын далавчаа дэвэх нь хүртэл нэг л уйтай. Намрын ийм нэгэн өдөр би хүүхдийн тоглоомын талбайн хажуугийн сандал дээр ганцаараа сууна.
   Гүйж яваад бүдэрч унаад өвдгөө шалбалчихав, тэр жаал... Гэтэл хүрэн бор таягаа газар ч хүргэхгүй шахам гүйх нэгэн буурай өнөө жаалыг өргөж босгоод шороог нь гөвж, өвдөгний нь шалбархайг үлээлээ. “Энэ жаалд ямар ч эм хэрэггүй бололтой...” Бодолтой минь зэрэгцээд хэмжээлшгүй их атаархал төрж байлаа.
   Гэвч дахиад навчис нахиална, шувууд ч ирнэ. Тэр л бүлээн зөөлөн салхи хацрыг минь дахин илбэнэ. Хамгийн зөөлөн гар... эмээгийн минь гар...
 3а ангийн С. Од-Эрдэнэ
           
1  2     Эмээ ээж...
Би өдөржин байрныхаа гадаах элсэн дээр хүүхдүүдтэй тоглож өнжинө. Манай байрны урд талын тоглоомын талбай дээр өдрийн наранд халсан бүлээн элс, нэг ногоон гулсуур, бас нэг том янзага бий. Тэр янзган дээр гарч сууна гэдэг миний хувьд тунчиг хүнд даваа. За тэгээд эмээгийнхээ тусламжтай нэг гараад авбал ч ёстой гайхамшиг. Өндөр дээрээс бусад хүүхдийг бахдалтайгаар хараад л... Тэр жижигхэн тоглоомын талбайн хажууд уртаа гээчийн ногоон өнгөтэй модон сандал байх. Түүн дээр бидний эмээ нар зэрэгцээд л сууна. Ногоон, цэнхэр, шар, улаан хүрэн гээд өнгө өнгийн дээлтэй жижигхэн эмээ нар үүрэгт ажил болох ач зээгээ саатуулж суугаа нь тэр. Тэдний дунд хамгийн содон, хамгийн хөөрхөн нь шар таягтай, улаан хүрэн дээлтэй миний эмээ ээж.
    Эмээ ээжид шүд гэж бараг үлдээгүй болохоор юм зажлахдаа уруул нь дотогшоо орчихож  байгаа юм шиг харагдаад инээд хүрдэгсэн. Би эмээ ээжийнхээ өмнө зогсчихоод: “Эмээ ээж та юу идээд байгаа юм бэ, уруулаа идээд байгаа юм уу?” гээд уруул амаа янз бүр болгон шоолж зогсдог байсан минь хар цагаан кино үзэж байгаад өнгөт кино үзсэн мэт тодоос тод үлдэж дээ. Эмээ ээж өглөө бүр шар таягаа тог тог тулаад сүүнд явахаар гарах үед хаалга онгойж хаагдах чимээ унтаж байгаа надад тод сонсогдоно. Тэгээд нэг нүдээ нээгээд харахад орны дэргэдэх жижигхэн ширээн дээр час улаан помидор, аягатай хөөрүүлсэн сүү байдагсан. Хажууд нь жижигхэн буурал эмээ ээж минь эрхээ эргүүлээд амандаа ямар нэг юм бувтнан намайг сэрэхийг хүлээгээд шомбойгоод сууж байдагсан.  Эмээ ээж бид хоёрын өглөө ингэж эхэлдэг байсан. Нэг өглөө сэрээд харсан чинь эмээ, сүү, помидор гурав байсангүй. Ямар сонин юм бэ, яах аргагүй таягных нь чимээ, хаалга онгойгоод хаагдах чимээ гарсан л юм даа гэж бодоод “Эмээ ээж, эмээ ээж...” гэж дуудвал чимээгүй. Гэтэл хэн нэгэн хаалга пад пад хийлгэн нүдэх чимээнээр гүйж  очоод сандал тавиад үүдээ нээтэл хажуу айлын Баяраа ах зогсож байна. Тэр: “Эмээ ээж чинь бүдэрч унаад сүүгээ асгаад, бас хацраа шалбалчихаж...” гээд тал сүүтэй бидон, нэг помидор гарт бариулчихаад яваад өглөө. Удалгүй Баяраа ах эмээг хөтлөн оруулж ирэхэд миний гар дахь улаан помидор шиг өнгөтэй цус хацрыг нь дагаад урсаж байлаа. Эмээ ээжийгээ хараад  би өөрийн эрхгүй уйлж билээ. Чухам цус хараад айсандаа уйлсан уу, эсвэл сэрэх бүр дэргэд минь сууж байдаг эмээгээ байхгүй байсанд гоморхож уйлсан уу, бүү мэддээ.
   Тэр цагаас хойш хэдэн жил өнгөрч би сургуульд орлоо. Энэ үед эмээ ээж өглөө бүр юун сүүнд явах. Өөрийнхөө жижигхээн орныхоо хавьцаа эргэлддэг болсон байв. Би том болсноо мэдэхгүй эмээ ээжтэйгээ унтана гэж нонжирно. Тэр жижигхэн орон дээр хүүхэд өвөртлөөд ирмэг дээр нь шахуу унтах хэцүү ч эмээ ээж ер төвөгшөөхгүй, намайг өвөртлөөд л унтана. Нэг өглөө би хачин их даараад эмээ ээжийгээ тэвэртэл жижигхэн бие нь хүйтэн болчихсон байлаа. Ээж намайг татаж босгоод, хүмүүс ч уйлалдаад, эмээ ээжийг цагаан даавуугаар бүтээчихлээ. Эмээ ээжийгээ эцсийн амьсгалаа хураах хүртэл нь хамт байсан надад ийм хэдэн дурсамж үлджээ. Ой гаруйтай байхдаа соскоо өвсөнд гээчихээд дахиж олоогүй шигээ эмээ ээжийнхээ дуу хоолойг, бусад дурсамжыг дахин санахгүйгээр гээчихэж дээ.
   Олон жил гадаадад байж байгаад ирсэн чинь өнөө тоглоомын талбай эмээ ээжгүйгээр нэг л гунигтай. Өнгө өнгийн дээлтэй хөөрхөн эмээ нарын суудаг байсан ногоон сандалны будаг нь халцарч өнгөө алдаж, өнөө том янзага өвдгөөр татахаар тийм жижигхэн болчихжээ. 
4б ангийн Г. Уянга

2  3     Эмээгийн дээл
Манайд нэг “хөгшин дээл” байдаг юм. Намайг мэдээ орох үеэс л манай арслантай авдарт  нямбайлж  эвхсэн хоргой эмжээртэй, хүрэн даалимбан тэрлэг байдаг байв. Хэний дээлийг мэдэхгүй ч тэр хуучин дээлийг би “хөгшин дээл” гэдэг байсан юм.
   Зуны адаг сар, бас цагаан сар бүрийн битүүний орой ээж өнөө “хөгшин дээл”-ийг гаргаж ирээд гөвж сэгсрээд нямбайлан эвхээд буцаагаад хийчихнэ. Хачин юм шүү, эмжээр нь сэмэрч, өөх тос үнэртсэн, бас тэгээд энд тэндээ нөхөөстэй, байдаг л нэг дээл.
   Намрын жиндүү салхитай нэг орой аав адуугаа хураахаар мордсон байлаа. Ээж лаа авах санаатай авдраа нээтэл хоёр ч том хулгана гүйж харагдав. Ээж ч дуу алдан элий халаг болон нямбайлж эвхсэн өнөө дээлээ дэлгэтэл хормой, ханцуйнаас нь сэмэлчихсэн байсан юм. Тэр шөнө хүйтэн болоод ч тэрүү ээж: “Миний охин энэ дээлээр хучаад унтдаа, эмээгийн чинь дээл...” гэлээ.
   Эмээ... эмээгийн дээл гэхээр хачин их уяралтай сонсдож байсан ч надад даан ч хол санагдаж байв. Учир нь би айлын эмээг харж, хийцтэй сайхан цайг нь ууж явсан болохоос биш өөрийн эмээгийнхээ барааг харж, цайг нь ууж явсангүй. Нагац эмээ намайг төрөхөөс өмнө бурханы орон руу явчихсан, харин авга эмээ минь намайг дөнгөж юм ойлгохдоо үгүйтэй байх үед бас явчихсан болохоор эмээгээ айлынхаа эмээгээр төсөөлдөг байсан юм. Харин тэр шөнө ховдог хоёр хулганы ачаар эмээгийнхээ дээлийг нөмөрч, эмээгийнхээ өвөрт анх удаа унтсан юм даа. Эмээгийн өвөрт хоносон үүрээр би зүүдэллээ. ...Эмээгийнхээ цайг хөлсөө цувтал ууж байх юм гэнэ. Бас тэгээд нууж хадгалдаг байсан ноён сахарыг нь тарганд хутгаж идээд л тун жаргалтай байнаа. Ингэж л би эмээгийнхээ дээлийг нөмөрч унтахдаа зүүдэндээ эмээтэйгээ уулзсан юм.  Тэр зүүд зүүд зүүднээс хамгийн сайхан нь байж билээ. Ганц удаа зүүдэнд ирэхдээ тийм их аз жаргал хайрласан болохоор энэ хорвоод хамгийн сайхан хүн эмээ л юм даа.
   Хаа байдгийг мэдэхгүй ч эмээгийнхээ очсон тэр газарт би атаархаж байна. Эмээ дэргэд минь  байхгүй ч арслантай авдарт минь бий. Ингэж л би эмээтэйгээ уулзах гэж үе үе дээлийг нь нөмөрч унтдаг болсон юм.
3а ангийн Д. Болорцэцэг
3  4     Дээлэндээ багадсан буурал ижий минь
Нас насны хөлд дарагдаж цаг хугацааны буурал сор санчиганд нь буусан  эмээ минь,  биднийхээ төлөө бурхнаас гуйсан түмэнтээ залбиралыг тань мэднээ. Эмээ таныхаа дэргэд байж л байвал амар амгаланг мэдэрдэг болохоороо зээ охин чинь таныгаа үгүйлэн санах юм. Намрын шувууд өдөржин шөнөжин ганганан гунганан нуур усандаа хорогддог шиг буурал эмээ тандаа улам бүр хорогдох юм даа.
   Миний эмээ тэртээ 1929 оны шаргал намраар орчлонд дуу хадаан ирж, хонгорхон насандаа айлын бэр болж, 11 навчисийг биедээ нахиалуулжээ.
   Мөсөнд би дургүй. Үүгээр түүгээр явж, ундуй сундуй бүхнийг засаж, ер зүгээр суудаггүй эмээ минь тэр нэг өвлийн өглөө мөснөөс болж орноос салдаггүй хэвтрийн хүн болсон юм. Хийхээ хийж, бүтээхээ бүтээсэн болохоор үрсээрээ хөлөө хучуулаад хэвтэж л байна. Хөөрхий дөө эмээ минь, зүүдээ бодит амьдралтай хольж хутгаж яриад бөөн инээд ханиад болно. Заримдаа таг дуугүй үе үе санаа алдаад суучихна. Хүн өтлөхөөрөө хүүхэд шиг болдог гэдэг үнэн юм билээ. Эмээ минь одоо чихэрнээс ер салахгүй. Шүдгүй хирнээ өдөржин л чихэр хүлхэнэ.
   Буурал эмээгийн минь ганц л зүйл он цагийн тоосонд бүдгэрээгүй юм. Дуран шиг хар нүднээс нь цог бадарч байдаг юм. Гэхдээ хорвоо бас харамч юмаа. Жаахан биенээс нь илчийг нь аваад зогссонгүй соргог сонорыг нь бас муутгачихаж. За тэгээд өнөө цагийн эрээ цээргүй үгс, элдэв дуу чимээ сонсохгүй байсан нь ч дээр дээ. Тиймдээ ч эмээ минь илүү амар амгалан тайван нойрсдог биз дээ.
   Шувууд ганганан ирэх цагаар охин чинь таныхаа дуртай чихрийг өвөртлөөд очноо. Он цагийн мөр магнайд нь улам бүр тодорч, ная гарсан эмээ минь орчлонг гийгүүлэх наран саран хоёртой нэгэн урсгалд орж элэгдэж хорогдсоор...
 3а ангийн А. Мөнхцэцэг
4  5     Эргээд хүүдээ ирээрэй эмээ минь
Миний уг гарал Баянхонгор аймгийн Баянбулаг. Хангай хээр хосолсон энэ нутагт миний хэдэн үеийн элэнц хуланц амьдарч аж төрсөөр ирсэн гэдэг. Харин сүүлчийн голомтоо сахиж эх нутагтаа мөнхөрсөн нь миний хайртай эмээ.
   Олон жилийн өмнө дүү бид хоёр аавыг дагаад Баянбулагийг зорисон юм. Машин машин дамжиж суусаар үдшийн бүрий гэхэд нэг айлын гадаа ирж, нохой хорихоор нэг хүн гарч ирсэн нь миний эмээ байсан юм. Эмээ дүү бид хоёрыг тэвэрч үнсээд гэртээ оруулж, баярлаж хөөрсөндөө эргэнэг дээрээс аяга авч сандран будилан байж тараг хийж өгөөд орон дээрээ тухтай гээч сууж аваад эрхээ эргүүлэн дулаан зөөлөн харцаар биднийг ширтэн сууж билээ. Эмээгийн минь тэр дулаахан харц яг л тэр янзаараа сэтгэлд минь үлдэж дээ. Тэр цагаас хойш эмээ манайд ирэх болж дүү бид хоёр хамаг гоё хувцсаа өмсөөд тэсэн ядан хүлээлээ. Эмээ ч ирлээ. Хүрэн улаан хамбан дээл, хуучин шар модон таяг, улаан өнгийн дугуй малгай тавьчихсан нь одоо ч тодхон. Хөгширч дээ хөөрхий эмээ минь. Хурдан шаламгай хөдөлгөөн нь хумигдаж, хэд гурав алхаад л ядарна. Дүү бид хоёр яахав хүүхэд юм болохоор аав, ээжийг ажилд явсан хойгуур тоглохоор гарч одно. Хөөрхий эмээ бид хоёрын хөлийг гүйцэх биш цонхоор л харуулдана. Харин өглөө бүр эмээ намайг дагуулан салхинд гарахдаа байрны гадаах модон сандал дээр үеийн хөгшчүүлтэй жаал хуучилна. Эмээ олон ач зээтэй ч хамгийн хайртай ач нь би. Орныхоо толгойноос өлгөсөн “баян” цүнхээ уудлаад чихэр жимс гээд амттай гэсэн бүхнээ надад нууцаар өгөхдөө нүүрэндээ гайхалтай сайхан мишээл тодруулан орчлон хорвоо дээр хоёулхнаа юм шиг жаргана.
   Нэг удаа эмээ аав ээж хоёрт “эрэгтэй хүүхдээр 00-ын өрөө цэвэрлүүлж, хог асгууллаа. Эр хүнд сүлд хийморь гэж юм бий” гэж ирээд нэг их сүрхий уурлаж билээ. Эмээ ухаантай буурьтай юм шиг атлаа дүү бид хоёрыг харахаараа яг л хүүхэд шиг болно. Хамт тоглож, хууч хөөрнө.
   Тэр нэг өвөл эмээ нутаг буцах болж надад өврөөсөө зайрмагны мөнгө аминчлан өгөөд үнсэхэд нь дагаж явмаар санагдаад мөн ч их уйлж билээ. Хэдэн жилийн дараа Баянбулагаас цахилгаан ирж эмээг минь бурхан болсныг дуулгаж, ээж уйлаад л дүү, аав хоёр аргадаад л... Харин би зургийн дэвтэр дээрээ байрны гадаах тоглоомын талбай, түүний дэргэд байдаг эмээгийнхээ суудаг сандлыг уйлан байж зурж билээ. Тэр гашуун нулимс одоо ч сэтгэлд минь амтагддаг юм. Гадаа гарах бүрдээ  эмээгийнхээ суудаг байсан сандлыг хараад л уйлна, уйтгарлана.
   Эмээ бид хоёр орчлон дээр хоёулхнаа юм шиг жаргалтай
   Эргээд олдохгүй эмээгээ ач хүү нь мартаагүй ээ
   Таньтайгаа байсан цаг богинохон ч сайхан дурсамж нь уртаа
   Танхил хүү чинь таныгаа наддаа л ирнэ гэж хүлээдэг шүү...
 4а ангийн Б. Бэгзсүрэн

6.      Буурал ээж
“Амьдрал гэдэг сайнтай, муутай ч аяийг нь тааруулаад явбал жаргадаг юмаа, миний охин” гэж буурал ээж минь надад хэлсэн юм. Миний ээж намайг 3 настай байхад өвчний улмаас бурхан болсон. Учир мэдэхгүй жаахан байсан ч буурал ээж минь намайг өвөр дээрээ суулгаад өмөлзсөн хошуугаараа үнэрлэн гунигтай харцаар ширтэж байсныг би тодоо санадаг юм.
Одоо би 20 хүрсэн том бүсгүй болжээ. Гэхдээ л буурал ээждээ бол гурван настай жаахан охин шиг эрхэлж нялхарч явдаг юм. Өнгөрсөн амьдралдаа би өөрийгөө хэзээ ч өнчин өрөөсөн гэж бодож явсангүй. Учир нь буурал ээж минь бүхэл амьдрал, хамаг л сайн сайхан бүхнээ ганцхан надад зориулж, юугаар ч дутаалгүй өсгөж хүмүүжүүлсэн болохоор тэр. Хөөрхий дөө, буурал ээжийн минь тэгш сайхан, чанга хөл суларч майжийгаад, урт сайхан үс нь шингэрч цайгаад миний төлөө л хамаг сайн сайхан бүхнээ гээж дээ.
Хорвоо надад “Ээжээ, орчлонд төрүүлсэнд тань баярлалаа” гэж хэлэх боломж олгоогүй ч ээжийн минь ээж эмгэн буурал эмээг нь үлдээсэн юм. “Буурал ээжээ” гэж дуудах бүрийд  “Яасан, миний эрх цагаан” гээд инээмсэглэн ширтэх эмээдээ  би дэндүү хайртай. Бурхан гэж байдаг бол буурал ээжийнхээ ачийг хариултал  надаас бүү аваарай, танаас гуйя...
3б ангийн Буянхишиг
7.      Буцааж болдоггүй цаг хугацаа
Эмээтэйгээ өнгөрүүлсэн цаг хугацааг надад даан ч богино заяажээ. Эмээгээ санаж дурсахыг хичнээн хичээвч сэтгэлд минь үлдсэн тэр нэг харамслаас өөр юм санаанд орохгүй юм. Тэр үед би хэдэн настай, бас хэддүгээр ангид байснаа ч санадаггүй хэрнээ тэр нэгэн харамсал санаанаас ер гарахгүй.
Эмээгийн бие өвдөөд нэг өвөл хөдөөнөөс манайд ирж өвөлжсөн юм. Аав, ээж хоёр ажилдаа яваад эмээ бид хоёр гэрээ сахиж үлдэнэ. Эмээ их эрт босно. Тэгээд сайхан цайгаа чаначихаад намайг босохыг хүлээгээд дэргэд минь сууж байдагсан. Бодохоос дэндүү сайхан. Нэг удаа эмээ өвдөж хэсгийн эмч өдөр бүр ирж тариа хийдэг байлаа. Гэтэл нэг өдөр өнөө эмч ажил гарчихлаа, эмээгээ дагуулж ирээд тариаг нь хийлгэчих гэж утсаар хэлэв. Тэгээд эмээ бид хоёр тариагаа хийлгэхээр гарах гэтэл би гэрийнхээ хаалгыг түгжиж чадахгүй байсан болохоор гэрээ онгорхой орхихгүй та ганцаараа яваад тариагаа хийлгэчих гэлээ. Хөөрхий бие нь муу эмээ минь өвлийн халтиргаатай замаар ганцаараа явж тариагаа хийлгээд таван давхарын шат өөд их л ядарч, амьсгаадан гарч ирэхэд нь би юу ч бодож саналгүй сууж байсан.  Одоо бодох тусам харамсах сэтгэл эрхгүй төрж, сэтгэл огшоод ирдэг юм. Эмээгийнхээ сүүтэй цай, гарынх нь боорцогыг идэх дуртай хэрнээ хааяахан салхинд хамт гарья гэхэд нь мөн ч их хойрго байдаг байж дээ. Би үнэхээр муу хүүхэд. Эмээгээ санаж дурсах гэхээр энэ бүхэн бодогдоод байх юм. Учир нь тэр жилийн өвөл эмээтэйгээ хамт байх цаг хугацаа эргэж ирэхгүйгээр одсон юм. Болдогсон бол цаг хугацааг буцааж, эмээгийнхээ ачийг нэг хариулахсан даа...
3б ангийн Пүрэвпэлжээ

8.       Эмээгийн чихэр
Цаг урсаж, ногоо нахиалаад ирэхээр эмэг эжий минь санагдана. Миний эмээ Архангай аймгийн Өндөр улаан сумын  хүн. Эмээ өндөр туранхай болохоор үе тэнгийнх нь “ганган яс” гэж хочилно. Ер нь хүний хүндэтгэл хүлээсэн сайхан хөгшин байсан даа. Нүүрээ янзлахдаа эжийгээс ч сайхан будна. Эмээ ирэх бүрд л агаа бид хоёр ёстой нэг чихэр жимсэнд умбаж өгнө. Миний эмээ идээний сайныг шилж, эдийн сайныг хэрэглэнэ. Нэг удаа ээж аавд үсний тос авчирсныг эмээ үзчихээд сонирхоод байхаар нь ээж: “Бямбаад авсан юм. Үс шингэрүүлдэг тос” гэж хэлэхийг сонсоод би учиргүй их инээж билээ. Манай эмээ ийм л сониуч хүн дээ. Эмээ бид хоёр илүү дотно. Агаагаас нууж надад амттай юм өгч байгаад ээжид загнуулна шүү дээ. Та чинь балайрчихсан хүн үү, хоёр хүүхдийг ялгаад гээд эмээ бид хоёр буруутна. Эмээгийн ач зээ гээд их олоон. Эмээгийнд очиход тэрэнд энэнд гээд бөндгөр бөндгөр юм боогоод тавьчихсан байдаг юм. Авдарнаасаа бүр хиам гаргаж ирнэ гээч, инээдтэй. Эмээгийн өгсөн чихрийн амттайг яана. Эмээгийнхээ чихрийг дахиад нэг идэхсэн. Даан ч бурхан эмээтэйгээ байх хугацааг дэндүү богино заяах юм даа.
 3а ангийн Ганцолмон

9.      Эмээгийн нөмөр
Цасан цагаан талын дундах Бурхантай уулын өвөрт үсэн буурал эмээ минь бий. Өглөө бүр цайныхаа дээжийг Бурхантай ууландаа өргөж, маань мэгзэм бувтнан зогсдог жаахан эмээгийн минь дүр төрх нь сэтгэлд минь тодоос тод.
Би өглөө бүр эртлэн босож тоодон дээл, ялимгүй томдсон бамбагар цагаан эсгий гутал, хурган малгайгаа өмсөөд эмээгээ дагаад ажилдаа гарна. Үхрийн хороо цэвэрлэх, хөрзөн малтах, тугалд өвс тавьж өгөх, тэжээл зуурах гээд эмээ бид хоёрын ажил барагдахгүй. Нэмнээ, бээлий оёх, өвөөд цай хийж өгөх гээд эмээгийн ажил гэрт залгаад үргэлжилнэ. Жаахан амс хийхээрээ хурган дотортой хүрэн дээлийнхээ урьд хормойг эргүүлчихээд зуухны аман дээр хөдөөгийн ажилд нухлуулж моонийсон гараа ээсэн шиг аяганы ёроолд дэвтээсэн ааруулаа бувар бувар идэж суудагсан, миний хөөрхөн эмээ.
Эмээгийн эрээн авдарт их зүйл бий. Юу ч юм бүү мэд нямбай гэгчийн баадагнасан боодолтой зүйлс байх. Эмээ торгон уутнаасаа бурамтай чихэр гаргаж өгөөд толгойг минь үнэрлэдэгсэн. Гэхдээ энэ нь тийм ч их биш. Хүүхдүүдээ ховорхон эрхлүүлдэг эмээгээсээ хааяа ингэж  чихэр авч үнсүүлэхээрээ би жигтэйхэн онгирдог байж билээ. Таргийг чихэргүй уу, ууж дуусаад аягаа долоо, унтахдаа бурхандаа мөргөөрэй, томчуудын ярианд оролцов, гол ус руу хог хийв, Бурхантай уулнаас цэцэг ногоо таслаж болохгүй гээд үглэнэ. Хүүхдийн гэнэн зангаар тэр үед гомддог байсан ч одоо бодохнээ монгол эмээгийн хүмүүжил, монгол ухаан байж дээ. Ер нь миний эмээ их айхтар хүн байсан шиг.  Дөнгөж 4-р ангийн боловсролтой байтлаа их олон зүйл зааж сургажээ, надад. Би эмээгийнхээ ачаар сургуульд орохдоо тачигнатал уншдаг, тоо сүрхий сайн боддог ангидаа л онц сурлагатан байлаа. Эмээ аргалд явахдаа надад цэцэг ногооны нэр цээжлүүлж, ажлаа дуусахаараа авдрын өмнө зогсоож байгаад дуу, шүлэг зааж өгнө.
Ногоон торгон дээр сууж байгаа юм шиг
Ногоон талдаа хургаа бэлчээнэ дээ
Хурга минь өсөөд хонь минь нэмэгдэнэ
Харин би өсөөд малчин болно... Энэ дуу ер санаанаас гардаггүй юм. Хэрвээ эмээ минь хот газар бараадаж, эрдэм номын мөр хөөсөн бол нэлээд юм дуулгах толгойтой хүн байжээ гэж заримдаа боддог юм. Гэхдээ миний эмээ их хөдөлмөрч, орсон гарсанд дуутай шуутай, ундтай устай хүн. Эмээ минь  мал сүрэг, хөдөө нутагтаа дэндүү хайртай болохоор нэгэн насны амьдралаа Бурхантай уулынхаа өвөрт өнгөрөөсөн дөө. Хөдөөгийн  эмээгийнхээ монгол ухаанаар өссөн надад хотын хүүхдүүдийн дэргэд бахархах зүйл их бий. Алдсан зүйл л гэж үгүй, харин оносон нь олон доо. Энэ бол эмээ таныхаа нөмөрт өссөний л ач. Эмээгийн минь өглөө бүр өргөдөг цацал одоо сүүн далай болсон бизээ.
..............................................

10.  Ухааны мэлмийтэй миний эмээ
Он цагийн хүрдэнд өтгөн үс нь шингэрч, үрсийнхээ хайранд өлгийдүүлж яваа энэ агуу хүн бол миний эмээ Баасанжав. Эмээ хар багаасаа өнчирч, аав ээж гэх нандин нэрийг ах гэдэг үгээр орлуулж, амьдралын хатуу бүхэнд тэмцэн тэнцэж, 18 насандаа айлын бэр болж, жаахан биендээ баймгүй их ачаа үүрч, 9 үрийнхээ төлөө сэтгэлээ чилээж, саалинд дэрийсэн дээлээ ч солих завгүй хөдөөгийн ажилд энэ биеэ нухлуулж иржээ. Гэлээ ч миний эмээ ганц удаа боловч шантарч, нулимс унагаж, амьдрал руугаа ус цацаж яваагүй гэдэг. Сэтгэлийн хадтай, хатуу чанга хүн гэвэл би эмээгээ л хэлнэ. Амьдрал эмээд минь дэндүү хатуу хандсан. Орчлонгийн нарыг харж “миний охин нар шиг хөөрхөн” гэж энхрийлж суудаг эмээгийн минь хоёр мэлмий нэг л өдөр хаагдсан юм. Тэр өдрөөс хойш эмээд минь таяг л  дотны нөхөр, хаа ч явсан хамтдаа байдаг хань нь болсон юм. Хөөрхий дөө, хадан гэртээ очитлоо харанхуйд амьдралаа өнгөрөөх болсондоо гутарч гуниж байна гэж огт хэлэхгүй, харин ч гал цогтой сэтгэл дүүрэн байдаг юм. Хөөрхий дөө, өөдсөн чинээ охиноо ямархуухан бүсгүй болж байгааг ганц удаа боловч харахсан гэж сэтгэлдээ уйлдаг л байхдаа. Хаана юу байгааг мэдэх гэж таяг тулан тэмтчин явах эмээгээ хараад хоёр нүдний нулимс өөрийн эрхгүй хацар даган урсана. Үүнийг мэдсэн эмээ: “Хараа алдах яах вэ, хүн ухааны мэлмийтэй байвал амьдарч болдог юм, охин минь” гээд дулаахан гараараа хацрыг минь тэмтчин нулимсыг минь арчиж билээ. Миний эмээ ийм л хүндээ. Одоо эмээ минь харанхуй орчиндоо хэдийн дасчээ.  80 насыг зооглосон ч хараатай юм шиг л амьдарч явна. Аргагүйдээ, эмээ минь ухааны мэлмийгээ алдаагүй юм чинь.
3б ангийн Х.Мягмаржаргал

11.   Сүүн цацалтай миний эмээ
Жилээс жилдээ дундарсан
Жирмийн цагаан далай минь
Жилээс жилдээ жижгэрсэн
Жаахан буурал эжий минь...
Энэ дууг сонсох бүр л жилээс жилдээ жижгэрсэн жаахан буурал эмээ минь бодогддог юм. Хэдийгээр би бусад хүүхдийн адил өдөр бүр эмээгийнхээ халуун дулаан өвөр дээр эрхэлж өсөөгүй ч ярьж дурсах сайхан эмээтэй. Миний эмээ 3 хүүхдийн ээж сайхан хүн бий. Залуу зандан насандаа ёстой эрчүүдийг хуйлруулж явсан байхдаа гэж би үе үе боддог юм. За, энэ хошигнол ч яахав. Би эмээгийн ганц хүүгийнх нь том охин. Тийм болоод ч тэрүү эмээ дүү, бид хоёрт дэндүү гэмээр хайртай. Даан ч манайх хотод байдаг болохоор үргэлж очоод байж чадахгүй. Зун болж хичээл тармагц дүү бид хоёр “эмээдээ очьё...” гээд аав ээжийг зогсоо зайгүй шалчихна. Тэгээд аав ээжид чөлөө гармагц шууд л “Эмээ рүү, урагшаа...урай...” гээд давхичихдаг байсан юм.
Гэрийн нь гадаа ирэх бүрд эмээ хазганан гарч ирээд “Эвий, эвий миний хүүхдүүд хүрээд ирлээ...” гээд дүү бид хоёрыг ээлжлэн үнсэж үнэрлэж сүйд болно. Эмээ биднийг дайлж цайлах зуураа ам хуурайгүй, сумандаа болсон бүх л үйл явдлыг урд хойно нь оруулж ирээд аавд урсгаж өгнө. Тэр үед би эмээ яагаад хов зөөгөөд байгаа юм бол доо гэж боддог байж билээ. Хүн өтлөхөөрөө хүүхэд шиг болдог гэдэг үнэн байх. Одоо бодохнээ, эмээ сонин хачин гэж бодсон бүхнээ хүүхэд шиг ярьдаг байж дээ, хөөрхий.
Миний санаанаас одоо ч гардаггүй нэг зүйл бол эмээгийн базаж өгдөг чихэртэй аарц. Их амттай. Дүү бид хоёр бүр амтанд нь орчихсон, тэрнээс сална гэж байхгүй. Хэдийгээр би эмээгийнхээ гар дээр өсөөгүй ч жилдээ ганц хоёр удаа цөөхөн хоногоор очих бүрдээ дэндүү жаргалтай. Очих бүрдээ л эмээгийнхээ амин хайр нь гэдгээ мэдэрдэг болохоор тэр. Эмээгийнхээ бөөрөнхийлж өгсөн чихэртэй аарцыг авч гараад тоглож байгаад газар унагаж шороотой хольчихоод уйлаад л ороод ирнэ. Тэр бүрийд эмээ аргадаж үнсээд дахиад л бөөрөнхийлөөд өгнө. Одоо бодоход хичнээн ч аарц шороотой хутгаж, хичнээнийг ч дахин бөөрөнхийлүүлж байсан юм дээ, бүү мэд. Уйлахад минь эмээ аргадаж үнсэхээр нь улам ч орилно. Учир нь  дахин дахин үнсүүлэх гэж тэр шүү дээ.  Эмээдээ тэврүүлэхэд энгэрээс нь сааль сүүний анхилам үнэртэй зэрэгцээд янжуурын эхүүн үнэр үнэртдэгсэн. Энэ нь эмээгийн маань нэг содон өнгө. Тоглож яваад орж ирэх бүрд эмээ аарц бөөрөнхийлөөд, хярам хийгээд тавьчихсан өнөө янжуураа донжтой гээч нь татаад сууж байдагсан.
Жил бүрийн цагаан сарын шинийн нэгэнд эмээ дээрээ очиж золгоно. Ирэх бүрд  гадаа тосож угтдаг эмээ минь гэртээ сууж угтдаг болчихож. Тэгш сайхан нуруу нь бага багаар бөгтийж, хөл нь улам бүр хазагнаж, хэд алхаад л амьсгааддаг болсон юм, миний муу эмээ. Гэсэн хэдий ч буцах бүр араас минь өргөдөг сүүн цацлаа орхиогүй юм шүү. Эмээгийн минь тэр л сүүн цацал буцах зам дээр минь сүүн бороо болон орж, зам мөрийг минь тэгшилдэг байж дээ. Сүү цацалтай эмээдээ би хайртай. Эмээ байхгүй байсан бол би энэ дурсамжыг бичиж суух байсан гэж үү?
3а ангийн Б. Амаржаргал

12.  Нэгэн гол усныхны эмээ
Абаа эмээ өдгөө ерөн насыг зооглож буй. Абааг төрөхөд нь эжий аав нь хайрласан нэр Лхамюм. Харин хүү, бэр, ач, гуч гээд бүх л хүн түүнийг ердөө Абаа л гэнэ. Амьдралаа гэж сонин юм шүү, эрээнтэй бараантай... Хүний амьдрал зассан зам шиг дардан байдаггүй нь хорвоогийн жам юм даа. Хүн төрсөн нутаг, уул усандаа ураг садныхаа дэргэд аж төрнө гэдэг хамгийн том аз жаргал гэдэг. Бурхан энэ л насан туршийн аз жаргалыг хүн бүрд тэгш заяадагүй нь гачлантай. Гэвч сайхан сэтгэл түүнийг нөхдөг юм билээ.
Абаа гэх нэг хөгшин дуу хуурын өлгий Дундговь нутгаас өргөмөл ганц хүүгээ дагаж одоогоос 30 жилийн тэртээ арын сайхан хангайд ирж байх тэр үед түүнийг таних хүн нэг ч үгүй байсан. Гэтэл өнөөдөр гол усаараа л Абаа эмээ гэж хүндлэн дуудна. Орсон гарсан бүгдэд ундтай устай Абаа эмээ хүн бүрийг хүү минь, эвий минь гэж дуудах нь цаанаа л нэг эерүү. Манай нутагт Абаад дургүй, Абааг муу хэлэх хүн нэгээхэн ч үгүй. Арга ч үгүй биздээ, Абаа хэнд ч муу санааггүй юм чинь. Абаа эмээ даалуу тавих тунчиг дуртай. Мод сайн ирэхийг нь яана. Атгасан арав дотроос нь хос үүлүү сална гэж үгүй. Ховор доо ховор. Тас хийлгээд л буулгана шүү дээ. Хүн ер нь зөв амьдрах, олонтой сайхан явахын үлгэрийг говийн эгэл нэгэн эмгэнээс би олж харсан юм.
Манай Абаа төрсөн үрийн зулай үнэрлэж яваагүй ч хэний ч хүүхдийг өөрийн юм шиг хайрлана, энхрийлнэ.  Тиймдээ ч Абааг манай нутгийнхан их багагүй цөм л Абаа эмээ гэж дууддаг юм. Ямартаа л айлын хүүхдүүд хоорондоо муудалцахдаа “чамайг Абаа эмээд хэлнэ дээ...” гэж байх билээ. Өө бас, дэггүй нэг нь хэрэг тарьчихаад эцэг эхийн хуралдаа Абаа эмээг суулгачихна. Ингэж л өргөмөл ганц хүүтэй Абаа нэг голын бүх хүүхдийн эмээ болсон хүн дээ. Энэ бол хүн бүр хүсээд ч олохгүй хүндлэл, хайр. Тиймээ, Абаа гэх энэ хүний нэрийг дуудах, дурьдах бүр л говийн хүний цайлган цагаан сэтгэл, хүнлэг энэрэнгүй чанар мэдрэгддэг юм. Абаа одоо сүү шиг цагаан сэтгэлээрээ цайгаа сүлээд л орсон гарсан бүхнийг хүү минь, эвий минь ид, уу гээд сууж байгаа даа. Хурдхан л нутгийн зүг хүлгийн жолоогоо залж Абаа эмээдээ үнсүүлж, цайг нь уухсан даа.
4б ангийн Мөнхбаяр
13.  Миний Маам
Цаг цагийн буурал хөлсийг магнайнаасаа арчиж, залуу насны эрчтэй бодлоороо өөрийгөө мялаадаг миний Маам. Яагаад ингэж авгайлдаг байсан юм болдоо. Бага насны олон олон яагаадын хариуг эмээ л тайлж өгнө. Нар уулсаа тэврээд нойрсох хүртэл эмээ минь үлгэр домог ярьж, залуу насныхаа адармаатай явдлуудаас хүүрнэнэ. Бага ахуйгаас эхлэн ухааны дөрөөн дээр гарах хүртэл орчлон хорвоог таньж мэдэх цор ганц нэвтэрхий толь нь миний эмээ байжээ. Байсаар ч байх болно.
Шаргал цайвар хамбан дээр хөх, яагаан цэцэгс ургасан мэт харагдах гоёмсог цамцандаа эмээ их дуртай. Нарны хурцад, насны тоогоор нугалаа суусан онигор нүд нь сүүмийвч “байдгаараа үрчийж намба алдахгүй шүү” гээд томоо хүрээтэй дугуй малгай тавьчихаад өдөржин юм нэхнэ. Өвөөгийн минь бэлэглэсэн бэлзэг хачин сайхан таардаг сүмбэн хуруу нь үл мэдэг моонийж,  тахимаа шүргэдэг үс нь санчигнаасаа бууралтсан нь таалагдаагүй юм болов уу халимаг болгосон ч эмээд хачин сайхан зохисон. 74 насыг зооглосон ч миний эмээ наснаасаа залуухан харагддаг юм. Эмээгийн минь инээмсэглэл яг л гэнэн томоогүй хүүхдийнх шиг.
Миний эмээ насаараа л Хүнсний 50-р дэлгүүрт худалдагч хийсэн гэдэг. “Нархамба, нанжин чавга, илжгэн чих гээд ховор сайхан амттан авчрахад бид гэр дүүрэн баяр хөөр болдог байсан” гэж ээж, нагац ах эгч нар үе үе дурсана. Эмээ ач, зээгээ ч амттанаар дутаана гэж үгүй. Бор тороо бариад гадагш гарахад нь бид хэд хүлээж цөхдөгсөн. Эмээ нэрсний варень мөн ч амттай хийдэгсэн. Бас талх барина. Эмээгийн барисан талхны үнэрээр хавь ойрын хүүхдүүдийн арааны шүлс бишгүй л асгарсан даа. Аргагүй шүү дээ шинэхэн талхаа хөргөнө гээд цонхон дээр тавьчихдаг байсан юм чинь. Эмээ гарын уртай. Нэхнэ, хатгана, оёно гэж жигтэйхэн. Миний эмээ 8 хүүхдийн ээж. Өвгөөгөөс хойш хэдэн хүүхдээ гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн хүн. Өнөө хэд нь амьдралын зам мөрөө хөөж хэдэн тийш явсан ч цагаан сар гэх их нэгтгэлийн баяраар цуглана. Үе үе ээж, ээж  гээд гүйгээд ирдэг ч ажил гэх тэнгэрийн зарлигтай албатай хойно дөрвөн зээ нь эмээгийнхээ ёстой найдвартай хамгаалагч, бас сонсогч-шавь нь байсан юм даа. Нэг нь би... Өвөөгөөс хойш бидэнтэй нөхөрлөх хүртлээ их л ганцаардсан байх даа, хөөрхий эмээ минь. Одоо тэгэхгүй ээ гэж дотроо бардах мундаг бодолтой хүүхэд нас  минь... Энгэрт нь тэврүүлж, зулайгаа үнэрлүүлэх нь өдөржин гадаа тоглож тоглож байгуулсан гавьяаны хамгийн том шагнал. Хааяахан гоморхлын нулимс унагасаар орж ирэхэд үгээрээ зэмлэж, улам сайн уйлуулж аваад дараа нь амттангаар аргадаж ухааны бурам хайрладагсан.
Өдөр хоног бие биесээ гишгэлсээр нэг л мэдэхэд бид найз нөхөд, үерхэл шохоорхол гэж гүйсээр Маам дээрээ очих нь цөөрсөөр. Утас гэж сэтгэл зогоох алсын холбоо гарч, олон очихын оронд залгаж мэндийг нь мэддэг болов. Гэнэтийн зүйл гэж юу болохыг тэр өдөр бидэнд хүчтэй мэдрүүлсэн юм. Цаг хугацаа гэдэг ямар богинохон, бас ямар исгэлэн байдгийг ухаараагүй явсан эмээгийн дөрвөн сахиус, сахиул нь байсан биднийг амьдрал анх удаа уйлах ч эрхгүй өөдөөс минь алгадсан нь тэр.
Дунд сургуульд байхдаа нэг удаа нөхөдтэйгээ ам мурийгаад сэтгэл тавгүйхэн харих замдаа эмээгийнхээ хэлсэн үгийг гэнэт санаж билээ. “Дуугүй байлаа гээд бүтэж үхдэггүй юм” гэж урьд нэг удаа дүүтэйгээ маргаж томоогүйтэж суухад эмээ минь хэлсэн үг. Эмээгийнхээ энэ үгийг өнөө ч нэхэн санаж амьдралдаа хэрэгжүүлж явна. Маамынхаа хэлж ярьж, сургаж байсан бүхнийг дөрвөн зээ нь мартаагүй, мартах ч эрхгүй. Зүү ороох оёдлоос эхлээд бууз банш яаж чимхэхийг хүртэл зааж өгсөн нь хэрэг болохгүй үе гэж үгүй. Дүү нар маань ч бас ингэж хэлэх дуртай. Хүн байх утга учир, амьдралын мөн чанарыг ойлгоход минь замчилж, ухааруулж өгсөн эмээгийнхээ ачийг дөрвөн зээ нь мундаг балетчин, эдийн засагч, дуучин, сэтгүүлч болж, хамгийн гол нь “хүн шиг хүн болж” хариулахаар зүтгэж явнаа. Энэ их итгэл, хүч, ухааныг эмээ минь бидэнд бэлэглэсэн. Балчир ахуйгаас эхлээд ухааны дөрөөнд хүрэх хүртэл орчлон хорвоог таньж мэдэх цор ганц нэвтэрхий толь миний эмээ байсан. Байсаар ч байх болно.
4а ангийн оюутан Тамир
           

14.   Хайрт эмээ Сугар тандаа...
Өнгө нь улаан цэцгийн үнэртэй, навч мэт зууван үзэсгэлэнт нүдтэй, хоолой хүзүү нь урт, тослог хар үстэй, хөх нь дал модны ур мэт, царай нь дэлгэрэнгүй Бадмаажин цэцгийн язгуур эх шингэсэн Монгол бүсгүй гэж таныгаа би өргөмжлөе.
Үнэн хайр, тогтворт сэтгэлийн ханьдаа эгшээх хосын хорвоог сүүн өнгөөр сүлэн нандигнасан гэргий ухаантан гэж таныгаа би дээдлэе.
Есөн алаг бөмбөл эрдэнээ бүүвэйн дууны эгшгээр торниулсан уянгалаг сэтгэлийн аугаа их ачтан гэж таныгаа би алдаршуулъя.
Үр хүүхэд, үе удам оршихуйн тойрогт эргэлдэх мянга мянган эрхэсийн хамгийн том агаад хамгийн тод од мөнөөс мөн гэж таныгаа би бишрэе.
Хилэнцэт хорвоогийн хатууд хоёргүй сэтгэлээр хандаж хонгорхон үрсээ хэрсүү ухаанаар хүн болгосон Өөүлэн эх гэж таныгаа би эрхэмлэе.
Бадамлан гэрэлтэх зулын шаргал туяагаар амьдралын замд гэгээ нэмж, унших маань мэгзмийн ид шидээр алхахын хэлтгийг залруулж, цайныхаа дээжээр бурхан умдаалах Дарь эх гэж таныгаа би шүтье.
Түүх нэмэх тоолонд санчигны нь үс бууралтаж, үе өнгөрөх тоолонд магнай нь үрчлээ нэмэгдсэн ч сэтгэлд минь залуухнаараа гэж таныгаа мөнхлөе.
Цэцэн ухаантай хатан тэвчээртэн, бат журамтай өрх гэрийн түшиг, гэгээрлийн эзэн гэрийн сайхан эзэгтэй та Монгол эх хүний зургаан эрдмийг энэхэн биедээ цоглоосон гэж танаараа би бахархая.
Цэцэгсийн рашаанаар нэрсэн гайхамшигт дарсыг тандаа сөгнөж чадаагүй ч сэтгэлийн сүүгээр нэрсэн үгэн цацлаа өргөн барья, хүлээн авна уу миний эмээ. Өршөөн энэрнэ үү, муу  зээгээ.
4б ангийн оюутан Х Наранхүү

15.   Эмээгийн одон
Би эмээгийн хүүхэд. Намайг ингэж хэлэхээр эмээ ямар их баярладаг гээч. Миний эмээ их уян хүн. Амархан гомдоно, бас амархан баярлана. Эмээ бид хоёрын хооронд хялгас ч орох зай байхгүй, тийм дотно. Хүмүүсийн хэлдгээр ёстой жинхэнэ “эмээгийн эрхийн балай” байлаа, би.
Намайг төрсний дараахан сувилагч: “та нар ийм хүүтэй болсон” гэж төрөхийн цонхоор харуулахад өвөө уйлж, эмээ инээсэн юм гэдэг. Сайхан дурсамж... Ингэж л уйлуулж, инээлгэж ирсэн би эмээгийнхээ энгэрт нь эрхлэн өсөж, энгэрийн нь  ганц гэрэлт “одон” нь болсон юм даа. Миний энгэрийн “ганц одон” гэж эмээ минь хүмүүст бахархан ярьж, тэр үе мөн ч сайхан байж дээ... гэж ирээд эмээ хуучлах дуртай.
Би угжны хүүхэд. Өвөөгийнхөө галын зээ нь болж төрсөн хувьтай хүн.
Галын халууныг манасан зээ гэж байдаг
Гаансны цог шиг гэрэлтэй хүү гэж байдаг
Хүний халуун сэтгэлд хайрын гал шатдаг
Хүсэл дуудсан орчлонд  таныгаа хайрлаж амьдардаг... гэж эмээ, өвөөгөө элгэндээ санаж, өчүүхэн бодолдоо ийн дурсан бичиглэв.
Амьдрал дэндүү сайхан ч  алга эргэхийн төдийд хувьсах юм даа. “Гадаа нартай ч гэрт хүйтэн нэг бус удаа тохиолдоно” гэж нэрт зохиолч Дашбалбар агсны хэлсэнчлэн ийм амьдрал намайг тойроогүй дайрсан нь саяхан. Өвөө маань уртын урт бодлын тэртээд  эргэж ирэхгүйгээр тэнгэрийн од болон одоход эмээ бид хоёр хоёулхнаа  тулгатай галынхаа дэргэд бүртийж хоцорсонсон.
            Орчлонгийн орон зайн бүдэгхэнд
            Олон хүн олон шаазгай шиг шагшраад
            Гэрийн тань гадаа эргэж эргэж
            Гэгээ зүйрмэглэхэд дайжлаа
                        Буцах  ирэхийн замбуулинд
                        Хорвоо хүртэл ёолоод
                        Буурал эжийн минь доголон нулимс
                        Хацрыг нь дагаж солгойроод
            Эвийн хоёр эгэлгүй хайрын
Элэг нь эмтэрлээ хорвоо минь... гэж эмээгээ өмөөрч хүү нь дотогшоо асгарч явна даа.  Эмээ минь та наддаа урт наслаж хайрлаарай...
...............................

16.   Бурхад түшсэн эмээ
Зуны нар дээр хөөрч эгээтэй л шатаачих шахсан тэр өдөр гандаж халтартсан ягаан тэрлэгтэй, өвлийн пөөнийсөн яажгий хар гутал чирсэн дал гарч яваа юу гэлтэй нэг хөгшин арвын бидонтой усаа дааж ядан алхана. Сульдаж ядарсандаа аахилан амьсгаадаж хамаг хар хөлс  нь цувчихжээ. Үр хүүхэд, ач зээ гэж байхгүй юм байхдаа, настай хүнээр ус зөөлгөөд яасан ичдэггүй амьтад вэ гэж бодоод “Алив, эмээ би дөхүүлээд өгье” гэлээ.
Хайш яаш шавардсан ханатай, төмөр лааз задалж, цаасан хайрцаг давхарласан дээвэртэй, хашаа хороо ч гэх юмгүй навсгар оромж намайг угтах нь тэр. Харваас идэр залуу насны хүн юм уу, ямар ч эр хүний гар хүрсэн шинж байхгүй тийм л гэр. Үүнийг хараад би гэрт орж төвдсөнгүй. “Эмээ энд тавьчихая...” гээд өнөө усаа үүдэнд нь цалгиулан байж тавиад эргээд гүйлээ. Хашааны булан тойроод амьсгаа даран хэсэг зогсохдоо: “Яагаад ийм амьдралтай болчихсон юм болдоо, хөөрхий. Залуу зандан насандаа ямар бүсгүй байсан бол. Хань ижил, үр хүүхэдгүй юм байхдаа?” гэж хэнээс ч юм бүү мэд олон асуулт нэхэж байсан юм.
Тэр өдрөөс хойш өнөө эмээ бодол санаанаас минь гарахаа болив. Тэгсэн байтлаа яагаад ч юм очиж чадахгүй, ярилцъя гэхээр зүрх алдраад нэг л болж өгдөггүй байв. Бороо шивэрсэн сэрүүн өдрүүд үргэлжилж хөгшин хүн даарч байгаа байхдаа гэж бодоод гэрийнхээ түлшнээс хэд гурваар нь зөөж үүдэнд нь тавьчихаад буцдаг болов.
Эмээ харагдахгүй гурав хонолоо. Санаа зовоод хэцүү байсан ч “эмээ найз нөхдийнхөөрөө зочилж яваа байх, хөгширсөн болохоос ямар үхсэн биш” гэсэн бодол тээсээр, хүлээсээр... Нэг орой дэлгүүрээс талх аваад гарах гэтэл малигар шар хүүхэн хар гүйхээгээрээ амьсгаадан орж ирээд, худалдагч бүсгүйд: “Хүүе, Бадамаа... нөгөө танайд орж ирээд... аяга хоол горидоод суудаг ганц бие эмгэн гэртээ өнгөрчихсөн байна. Бараг 2-3 хоносон бололтой юм. Зуны халуунд үнэр танар орчихсон сүйд байна гэнэ... Аймаар байгаа биз...? Ганц бие хүний амьдралаа...” гэж баахан юм дуржигнуулчихаад хариу ч сонсолгүй гараад явчихав.
“Эмээ, эмээ...” би итгэж чадахгүй нь, итгэхийг ч хүссэнгүй. Гэрт нь яваад очмоор санагдавч дэндүү өрөвдөлтэй тэр эмээгийн сэтгэлд минь үлдээсэн зөөлөн мишээл тэр чигтээ хоногшвол сайхан. Малигар шар хүүхний хэлдгээр  аймаар байдлыг нь харвал сэтгэл бүр ч дордож, амьдралыг хараан зүхэж, харамсаж гашуудахдаа асгаран гарах нулимс минь хөөрхий эмээгийн бурханы оронд очих замыг төөрүүлж мэднэ гээд очоогүй юм.
Эргээд бодоход хамгийн сүүлд эмээтэй нэг таарахад цэцэгтэй ягаан малгай донжтой нь аргагүй тавьчихсан, ягаан цүнх хослуулан мөрөвчлөөд, буузан хоншоортой бор ботинк өмсчихсөн их л ганган харагдсан юмдаг. Магадгүй тэнгэрийн оронд байдаг бурхадын дэргэд очихоо хэзээний мэдчихээд хэн нэгэнд сүүлчийн үгээ хэлэхээр ирээ юу даа гэхээр тийм л амар амгалан төрх нүүрэнд нь тодорсон байсан юм. Хөөрхий энэ насандаа жаргаж чадаагүй айлын эмээ ирэх насандаа сайхан амьдраасай билээ.
4б ангийн оюутан Х.Наранхүү

17.  Амин хайр-миний эмээ
Ерөөл буяны дээд ачтан, есөн үрийн энэрэлт эх эжийн минь эжий миний амин хайр. Эмээ өдгөө 80 насыг зооглож буй. Хүнээр хүн хийж мөр бүтэн өсгөж хүмүүжүүлнэ гэдэг үнэндээ амаргүй ажил.
Миний эмээ намайг бага байхын л мал дагаж, хэдэн малаа ёстой гарын хуруу шигээ мэддэг хүн байсан. Надад анх ямаа яаж саахыг, сүү яаж хөөрүүлэхийг зааж өгсөн юм. Намайг ишиг хургандаа явах бүрд орой таван цагийн үед ирээрэй гээд цай, боорцог хийсэн жижигхэн богц үүрүүлээд явуулна. Би ч бэлчээрт хүрэхээсээ өнөө боорцог, цайгаа идэж уугаад дуусгачихна. Тэгээд нар голлохын үед хэдэн ишгээ тоос манаруулан хөөсөөр, бөөн амьсгаа болсон хүн буцаж ирээд эмээдээ загнуулдаг байж билээ.
Хөдөөгийн агаар дэндүү сайхан хойно ах эгчийгээ дагаад гадаа унтах их дуртай. Тэд намайг жаахан болохоор захад нь унтуулна. Би нойрондоо тэнүүчилсээр гэрийн хаяанд ирээд унтчихдаг болохоор эмээ минь өчнөөн юм ивж ивж өгнө. Тэр шөнө хичнээн тухтай унтана гээч. Ингэж л зуны гурван сарыг эмээ дээрээ өнгөрөөдөг би анги дэвших тусам очих нь цөөрч, харин эмээ манайд ирдэг болсон юм. Би нэг их том хүн шиг эмээгээ дагуулаад мэддэг бүх газраараа явж өгнө. Нэг удаа Ганданд мөргүүлж эмээгээ мөн ч их баярлуулж билээ. Тэгэж явахдаа эмээтэйгээ авахуулсан зураг миний шүүгээн дээр одоо бий. Энэ зургаа харах тусам эмээтэйгээ өнгөрүүлсэн хөгжилтэй бага нас минь ээлж дараалан орж ирдэг юм.
Би 6-р ангид байхдаа эмээгээ дагуулаад Дэнжийн мянгын зах явж билээ. Эмээ хөл муутай л даа, гэхдээ алхах тун дуртай. Эмээгээ дагуулаад гудамж гудамж сүлжиж явсаар уул даваад зах орсон. Үнэндээ би зах руу яаж очдогыг мэдэхгүй л дээ, эмээтэйгээ явж л байвал болоо гээд алхаад байсан хэрэг. Одоо бодоход хөөрхий хөл муутай эмээгээ ямар ч хол газар алхуулсан юм дээ. Би хайлмагт, эмээ хиаманд дуртай. Хоёулаа дуртай юмаа аваад эргээд л гудамж сүлжсээр уулын орой дээр гарч зэрэгцэж суугаад өнөөхөө идчихээд гэр рүүгээ харилаа. “Ийм жаахан юм байж эмээгээ дагуулж яваад төөрвөл яана” гээд ээжийг загнахад, эмээ: “Миний охин харин том болсон байна. Намайг дагуулаад зах орчихоод ирлээ шүү дээ” гэхэд би ямар их баярласан гээч.
Жилээс жилд эмээгийн минь нас ахиж хөл нь улам дугуйрч, хараа нь муудаж, чих нь хатуурчээ. Харин чихэр жимс гэхээр яг л жаахан хүүхэд шиг болно. Ёстой нугасгүй гэж байгаа. Эмээ минь, та миний амин хайр шүү...
Далай их ачийг тань
Даан чиг омголон сэтгэлийг тань
Дандаа мөнх биш ч
Дэндүү их хайрыг тань
Дэггүй зээ нь нандигнаж явах болноо...
4б ангийноюутан Д.Оюунтөгс


18.  Дуугаар ухааруулж өсгөсөн миний эмээ

Ээжийн минь ээж
Эмгэн буурал ээж минь
Үрийн үр гээд
Үлтэрч элтэрч явна уу даа
Нар болсон хайраараа
Намайгаа гийгүүлсэн
Наслан жаргахын буянтай
Настан буурал эмээ минь... Тиймээ энэ дуу Сандуйжав гуайн шүлгээр төрж, Чулуунхүүгийн аяар торнож хүн бүхний зүрхэнд эгшиглэсээр буй гайхалтай сор бүтээлийн нэг төдийгүй, дуутай хууртай хорвоод настан буурал эмээ нарыг магтан дуулсан уянга эгшгийн нэгэн эрхэн хэлхээ билээ.

Эмээ минь мөнх бус хорвоод байх хугацаандаа ая дууны ертөнцөд амьдарч, уянга эгшгээр амьсгалж байж дээ. Миний эмээ ардын дууны сайхан бүсгүй Сүнжидмаа, Дүүриймаа, Эгиймаа нарыг дурсан хөөрч, Чулуунхүүгийн “Ээжийн бор аяга” -нд Жавхлангийн “Ээжийн чанасан цай”-г дүүргэн дүүргэн дуулж суудагсан. Хааяахан гурван мярайлаг хүүгийн дуугаар “Ижийгээ гомдоох учиргүй” хэмээн сургамжилна. Ингээд бодохоор дуу бүхэн эмээтэй минь холбоотой, эмээ минь дуу бүхэнтэй садан байж дээ. Үрийн үр намайг аялгуут сайхан дуугаараа бүүвэйлэн аргадаж өсгөсөн гэдэг. Тиймээс би дуу сонсохоор эмээгээ дурсаж, эмээгээ санахаараа дуулж л суудаг юм.
Миний эмээ монгол хэлний багш. Завхан аймгийн Дөрвөлжин суманд 30 гаруй жил багшлахдаа олон жил пионерийн удирдагч хийж, хүмүүсийг дагуулан хүмүүжүүлэх авьяастай, чадвартай хүн байсан юм. “Чимэдцогцол багш биднийг дуу хөгжмөөр ёстой нэг амьсгалууж байсан юм. Хичээлийн завсарслагаар хөгжим тавьж биднийг дуулж, бүжиглүүлнэ. Бид ч их дуртай. Энэ байдалд дургүйцсэн сургуулийн захиргаа сар шахам зогсоосон ч дахиад л сэргэсэн. Үймж шуугиж байснаас дуулж хуурдах сайхан шүү дээ...” гэж шавь нар нь ярих дуртай.
Эмээ тэтгэвэрт гарснаас хойш өвөөгийнх Завхан голын урд дэнж дээр З жил мал малласан юм. Тэр үед хавийн хүүхэд залуучууд голын хүйтэн ус туулан байж өвөөгийн гадаа очиж дуу хөгжим сонсож, бүжиглэж цэнгэлдэнэ. Би 1-р ангид ордог жилээ эмээгээрээ вальс бүжиг заалгаж билээ. Нэг хөгжилтэй явдал санаад тодхон. Нэг өдөр хавийн хүүхэд багачуул өвөөгийн гадаа дуулж, бүжиглэж байгаад малаа нийлүүлж сүйд болж билээ. Хөдөөгийн эгэл айлд юун хөгжим энэ тэр байх билээ гэж гайхаж байна уу? Эмээгийн дүү Орос улсад сурч байхдаа хөгжим, бас өч төчнөөн хит дууны хуурцаг авчирсан байсан юм. Өвөөгийн маань гэр тэр л гол усныхаа “соёлын төв” нь байж дээ. Би ийм л хөдөөд урлаг, соёл түгээн дэлгэрүүлэгч эмээтэй байсан хүн дээ. Энэ миний, бидний бахархал. Ураг удмын модны маань нэгэн хөгжимлөг мөчир нь бурхан эмээ минь та байжээ.
Эмээ багш болоод ч тэр үү их зарчимч,  цэвэрч нямбай. Одоо бодохнээ муу зээ охин нь их мунхаг байжээ. Суварган тахилт бурхан эмээ таныгаа бурууг минь зөвтгөж, хазайсыг минь тэгшитгэж байхад тань үглэлээ, яншлаа гээд уурлаж байсандаа өршөөл эрье... Таныгаа дэргэдээ байхгүй болохоор үгүйлэн санаж, яршигтай залхмаар гэж боддог бүхэн амьдралын амин чухал зүйл болохыг одоо л ухаарч сууна, мунхаг үр нь. Дуугаар үр хүүхэд биднийгээ хүмүүжүүлэх гэж өөрөө аялгуулан дуулдаг байж дээ. “Ардын дууны аялгуу нь аргадаж, үг нь ухааруулдаг” гэх сайхан үгийг санаж, ардын дуугаа дуулж яваарай...” гэдэг байж билээ, та. Таны минь инээмсэглэл их зөөлөн, одоо ч нүдэнд минь харагдах шиг. Хавар хаврын урт амралтаараа тань дээр очих бүр хоёулаа ном, сонин гарчиглан уншиж суухдаа,
“Яргуй нүдлэх цагаар таньдаа л очих гэж яардагсан
Ялдам зантай ижийдээ үнсүүлж нялхраад буцдагсан
Дэндүү давчуу орчлонд өтлөөд буцахыг тань мэдсэн бол
Дээлээ тайлаад өгөхөд тань дэрлээд унтах минь ч яав даа
Санчиг нь бууралгүй ижий минь
Сэтгэлд мөнхрөн үлдэж дээ...” гээд л дуулдаг байсан минь санагдаж, өөрийн эрхгүй самсай шархиран, мэлмийд минь таны сүүн дусал хурна. Хамгийн сүүлд хэзээ хамт дуулснаа санах гээд оролдовч үл дурсагдах юм. Төгсгөлөө үл хайхран та минь хүний хүүг хүртэл өөрийн үр шигээ хайрлахдаа ухааны гараа сунгаж, хайрын халуун дуун цайгаараа дайлдаг байж билээ.
Бурхан буурал эмээ минь та одоо сэтгэлд минь л мөнхрөн үлдэж дээ. Таныхаа гэгээн уламжлалыг зээ охин нь дурсан залгамжлах болно. Үгээр хэлж үзгээр сийлшгүй эрхэм дээд нандин шүтээн минь бурханы орондоо амгалан залрах болтугай. Таныгаа мөнхийн орон зай руу үдсэн ... хоног дээр ийн дурсан бичив.

2Б ангийн оюутан Орхон.

19.  Надаас урвасан эмээ
Би эмээгийн охин. Хайранд нь бөмбөрч өссөн. Гуравхан настай дүү минь хүртэл эмээ бид хоёрын хайрын холбоог мэдэрдэг байсан юм. Гараа далайгаад намайг цохих гэж байснаа эмээг харчихаад илээд өнгөрч байсан удаатай.
Өглөө босоход талхан дээр масло, варень түрхчихсэн, цай аягалчихсан, хоол халаачихсан ширээн дээр бэлэн. Өвдөхөөр эмчилнэ, асарна. Уйлахаар аргадна, тайтгаруулна. Гадуур дагуулж саатуулна, тоглуулна. Намайг магтана, шагнана. Ер нь зэмлэхээс бусдыг харамгүй өгсөн дөө.
Эмээтэйгээ байхад нэг их зовлон бий. Тэр нь бусдаас харамлах, өмчирхөх сэтгэл. Бүр дүүгээсээ хүртэл харамлана. Жаахан байхад нэг удаа ээж: “Энэ эмээ чинь намайг тоохгүй болчихлоо” гэж гоморход нь эмээгээ ямар их харамлаж байсан гээч. Эмээ эрхлүүллээ гээд бид буруутсангүй ээ. Эмээгийн хайр хүнийг жинхэнэ ээж болгодог юм байна. Гэхдээ нэг гэм бий. Тэр нь урвалт...
Эмээ намайг тоохоо больчихож. Эмээгийн хамаг л энэрэл хайр одоо өөр хүн дээр оччихсон. Тэр нэгэн цагт ээжийн хэлж байсан үгийг одоо эмээг минь урвуулсан тэр хүнд хэлэх болоод байна. Тэр бол миний охин...
Эмээгийн минь урвалт миний охин төрснөөс болсон хэрэг. Загнахаар өмөөрнө, дуртай болгоныг нь авч өгнө, хоолыг нь бэлдэж тавина, янз бүрийн зүйл зааж сургана. Нөгөө миний багадаа эдэлдэг байсан хамаг л аз жаргал, баяр хөөрийг миний  охин эдэлж байна.  Эмээгээ ээжээсээ харамлаж байсан бол одоо охиноосоо харамлах юм. Энэ эмээ нарын хайр ямар гээч ид шидтэй юм бэ. Эмээ өнөөдөр надаас урвасан ч цай бэлтгэдэг хэвээрээ. Харин тэр нь тураадаг цай болоод өөрчлөгдчихсөн.
Эмээгийн хайр ингэж л үрийн үрээс шилжиж явдаг онцлогтой юм даа. Хүмүүс ээжийн хайр л гэж  магтан дуулдаг. Тэгвэл эмээгийн хайр энэрэл эхийн хайраас ч илүү хүчтэй юм байна шүү.
Хайр нь урвадаг ч эмээтэй байх сайхан. Хүүхдүүдийг минь надаас илүү хайрлан өсгөж, бас намайг асарч өндийлгөсөн эмээдээ би хязгааргүй их хайртай.
Багш  Д.Одсүрэн

20. Миний хоёр эмээ
Би хэдтэй байснаа санадаггүй юм. Ээж ажилдаа явахдаа дүү бид хоёрыг цоожилчихно. Энэ хооронд нагац эмээ ирж бид хоёрыг цонхоор гаргаж аваад гэртээ аваачиж бантантай цай хийж өгнө. Би хоолонд муу байтлаа эмээгийн тэр цайг бүр 5 аяга уучихна, аймаар байгаа биз...? Бас зүгээр байхгүй ээ, эмээгийнхээ аягандаа дэвтээгээд тавьчихсан ааруулыг хулгайлаад идчихнэ. Бодвол мэддэг л байсан байх, огт юм хэлэхгүй.
Нагац эмээ бусад хүүхдийн эмээгээс их өөр. Айлын эмээ нар шиг мах, сүүнд яваад байхгүй.Эмээ залуудаа их ганган явсан шиг... Өндөр өсгийтэй алтан туфельтэй авахуулсан зураг манайд бий. Бас “Ганган Хандаа” гэж дуудуулж явсан гэдэг. Эмээд хүний нүдэнд тусаад байх зүйл байхгүй. Яагаад ингэж нэрлүүлж явсан бол доо гэж гайхдаг байлаа. Хүүхэд л хойно эмээгээ энэ л янзаараа байсан юм шиг санаж байж дээ.
Эмээ дэгжирхэг зантай ч, ухаалаг. Бас их дотогшоо хүн. Өвөөтэй чин сэтгэлээсээ яриа дэлгэж суух нь ховор. Өвөөг хайрладаг юм болов уу гэж боддог ч үе байв.  Өвөөг бурхан болоход “дусал ч нулимс унагаагүй” гэж хүмүүсийг ил далд муу хэлэхэд их дургүй хүрнэ. Дотогшоо хүн бусдаас хүнд гашууддаг гэдгийг мэддэггүй л юм байх даа.
Би дээд сургуульд орсон жилээсээ эмээтэйгээ хамт байж олон ч юм ойлгож, мэдэж авсан. Алхам дутамдаа бөөн онигооны эзэн болно. Буруу хэлж, эвгүй хөдлөх бүрд эмээ ончтой хорон үгээр голыг нь олоод хэлчихнэ. Эмээ сэтгэлээ нэг дэлгээд ярихаараа их бэлэн цэцэн. Би олон сайхан үг, хэллэгийг нь бичиж тэмдэглэж авсан. Эмээ минь бодож санаж байгаагаа тэр бүр гадагш гаргадаггүй болохоор их л ганцаарддаг байсан шиг. Заримдаа би: “Та засраачээ, хүмүүс таныг ойлгохгүй байна шүү дээ...” гэхээр, “Одоо өнгөрсөөн...” гэчихнэ. Нээрэн л энэ зангаа засчихвал Хандаа эмээ Хандаа биш болчихно шүү дээ. Ямар нэг төвөгтэй асуудал тулгарахад юу ч болсон янзгүй сууж л байна. Зүрх нь дэлсэж бие нь эвгүйтэхэд хүртэл надад мэдэгдэхгүй нууж чадна. Энэ бас л том чанар юм. Эмээтэйгээ хамт байх тусам би өөрийгөө эмээтэйгээ тун адилхан болохоо мэдэрсэн. Надаас бүр эмээгийн бүх шинж үнэртэж эхлэхээр би айсан. Гэхдээ зөв бурууг амьдрал хэлж өгнөө...
Авга эмээ Намжмаа бол яг л нагац эмээ Хандаагын эсрэг дүр. Ямарч их зан байхгүй, цайлган цагаан, санаж бодсоноо дэлгээд гаргачихна. Их уян, сав л гэвэл баяр, гунигийн нулимс мэлтэлзүүлж явна. Зуны амралт эхлэхээр Намжмаа эмээ дээр очно. Даан ч нутгийн аялгуутай болохоор заримдаа юу хэлээд байгааг нь ойлгохгүй будилна. Намжаа эмээ хашаандаа цэцэг тарина. Энэ нь бараг л хобби нь. Хорооноос “соёлч өрх”-өөр шалгаруулсан гэж байгаа. Сайхан сэтгэлтэй хүн цэцэг тарьдаг гэдэг болохоор би эмээгээ “цэцэгчин эмээ” гэж дуудах дуртай.
Миний хоёр эмээ ертөнцийн хоёр туйл шиг ч атлаа нэг л адилхан зүйл бий. Тэр нь намайг хайрлах сэтгэл, итгэл хүлээлгэж чаддаг чанар нь юм.
Өнөөдөр би Хандаа эмээгийнхээ ухаалаг, цэцэн үгээр дэгжирхэж, Намжмаа эмээгийнхээ  ажилсаг, уян сэтгэлээр өөрийгөө тэжээж явна. Миний хоёр эмээ хүний хоёр туйл ч надад аль алины нь зан байж л таараа. Учир нь би тэдний үргэлжлэл юм чинь.
3а ангийн оюутан Э. Мөнх-Уянга

21.    Азай буурал ачтан
Алс нутгийн барааг ширтэж
Аньсагаа чилээж суугаа   даа
Атгахан зүрхний амин уяа
Ачлал төгөлдөр буурай  минь
                        Эмээ минь эмээ минь
                        Энэ орчлонгийн ховорхон шүтээн
                        Эмээ минь эмээ минь
                        Эрхэс наадах эгэлхэн тэнгэр
Зэрэглээ үдэлсэн зээрийн бэлчээртэй
Зэгэстэй нуурын толин мэлмий минь
Зээ хүүдээ зээгдсэн  шаглаа
Зэмлэл зөөлөн буурай  минь
                        Эмээ минь эмээ минь
                        Энэ орчлонгийн ховорхон шүтээн
                        Эмээ минь эмээ минь
                        Эрхэс наадах эгэлхэн тэнгэр
Бурхан заяаны галаа тахисан
Бялхам хайрын гэгээн наран минь
Бүүвэйн эгшигт  өргөсөн аялгуу
Бүсгүйн  тэнгэр буурай минь
                        Эмээ минь эмээ минь
                        Энэ орчлонгийн ховорхон шүтээн
                        Эмээ минь эмээ минь
Эрхэс наадах эгэлхэн тэнгэр
 2А ангийн Мөнх-Оргил

22. Миний хоёр эмээ
Хүмүүс эмээгийн чанасан цай, эмээгийн хайрсан боорцог гэж ярихыг зөндөө сонссон. Гэхдээ би эмээгийн хүүхэд биш ч “эмээгийн хүүхэд” гэдгийг төрсөн эгчээрээ сайн мэднэ. Миний эгч нагац эмээ дээр өссөн жинхэнэ “эмээгийн хүүхэд”. Аав, ээж хар нялхад аваачаад орхичихсон эгчийг эмээ швед сүүгээр угжиж, энгэртээ тэвэрч хүн болгосон юм. Эмээ дээр өссөн болохоор тэрүү эгч бидэн дундаа цэвэрч нямбай, арвич хямгач, бас их ажилсаг. Хотоос очсон аав, ээжийн найзууд баавгайтай чихэр авч идээрэй гээд мөнгө өгүүт нь авч гараад хоршооноос барааны саван, гутлын тос, шүдэнз аваад ороод ирдэг гэнэ. Уг нь арваадхан настай охины толгойд чихэр жимс л орж ирмээрсэн. Ер нь “эмээгийн хүүхдүүд” цаанаа л нэг өөр. Хүнийг өрөвдөж хайрлана, тусалж дэмжинэ. Аав ээж заримдаа намайг тэгсэнгүй ингэсэнгүй энэ эчгийгээ хар гээд загнахаар, би ямар “эмээгийн хүүхэд” юм уу гэж биеэ өмөөрнө.
Эгч одоо гуч дөхөж, хэзээний хүүхэдтэй болчихсон байж  эмээг харахаараа яг л гурав дөрөвтэй хүүхэд шиг болчихно. Хэл амаа хазлаад, эгээтэй л сүүгээр угжуулах шахна. Үүнийг хараад эгдүү хүрдэг ч ямар их атаархал төрдөг гээч. Хэрэв би түрүүлж төрөөд эгчийн оронд эмээ дээр өссөн бол сайхан байх байж дээ гэж боддог юм.
Эгч дээд сургуульд орох болоод эмээ эгчийг дагуулаад ирэхэд нь би: “Эгч одоо манайд байх юм уу? гэхэд, ээж: “тэгэлгүй яахав, манай хүүхэд шүү дээ” гэхэд эмээгийн нүдэнд нулимс цийлэгнээд ирж билээ.
Үрийн үр хужир гэдгээр ээжээс минь илүү эгчид хайртай эмээгээ бодохоор инээдтэй ч юм шиг, өрөвдмөөр ч юм шиг. Олон ач зээтэй байж эгчид илүү хайртай, чихэр жимс түгээхдээ хүртэл заавал илүү өгнө. Хоёр биенээ харахаараа бүгдийг мартдаг энэ хоёр минь бие биедээ эрхлээд урт удаан жаргаасай билээ.
Надад бас нэг эмээ бий. Миний хурим дээр авга эмээ минь ирж, ерөөл хайрлахад би өөрийн эрхгүй уйлж билээ. Аав үргэлж эжийгээ ярина. Тэгэхэд нь “Эмээ яагаад ирдэггүй юм бэ?” гэхээр “Эмээ нь тэндээ байдаг хүмүүст илүү их хэрэгтэй байхгүй юу” гэдэг байж билээ. Авга эмээгийн минь үс нь бууралтаж, бие нь жижгэрчээ. Эмээ ханиа энэ хорвоогоос явахад нь мөр мөрөө дарсан найман хүүхэдтэй үлдэж, тэднийгээ өсгөж өндийлгөх гэж их зовсон гэдэг.
Хуримын зочид улаа бутарч, ам нь халаад ирэхийн үесд айл саахалт, нутаг нугаараа ялгарч суугаад хууч хөөрч гарлаа. Энэ үед аавынхаа бага байхдаа тарьсан нэг хэргийг сонсож билээ. Эмээ тэр үед сургуулийн үйлчлэгч хийдэг байжээ. Сургуулийн насны дөрвөн банди нь хичээлдээ явж, дөрвөн бага нь гэртээ үлдэж, хайрсан боорцог, хатсан талх мэрж хашаандаа өдрийг барна. Нэг өдөр гэрээ сахидаг дөрөв орон доогуур бөмбөгөө өнхрүүлчихээд түүнийгээ авах гэж лаа асааж мөлхөж яваад гэрээ юу ч үгүй шатаачихаж. Эмээ тэгэхэд дэггүй хэдэн хүүхдийнхээ хэнийг ч буруутгаагүй өнгөрсөн гэнэ. Гэр шатсанаас хойш сарын дараа сургуулиас нь албан шахалтаар 15 ширхэг сугалаа өгчээ. Хамгийн сонирхолтой  нь 4 ханатай гэр, зуух яндан, аяга шаазан, хөнжил гудас...гээд бүгд хонжвортой байсан гэнэ. Хөгшид энэ мэт хуучилсаар хурим өндөрлөхөд би эмээгээ өрөөндөө оруулж жижигхэн биеийг нь цээжиндээ тэвэрч, анх удаа үнссэн юм. Энэ үнсэлт залуу зандан насандаа наймын найман хүүхдээ өсгөх гэж зүдэрч элтэрч явсан эмээдээ өгсөн ач охин миний анхны чин сэтгэлийн бэлэг байсан юм даа.
4Б ангийн оюутан Г.Хонгорзул

23.  Эмээ
Оддын тоосоор ороолт нэхээд
Тэнгэрийн үүлсээр малгай урлаад
Ачдаа гэж хадгалсан бэлгийг нь
Авах үедээ би хацраа үнсүүлсэн билүү?
                        Өрөмний амттайг өөрөөсөө харамлаж
                        Үрчлээ дүүрэн магнайдаа зургийг минь тахиж
                        Хүүгийн минь амь, үрийн минь үргэлжлэл гэж
                        Хөмсгөн саранд гайхуулахад нь би анхаарч сонссон билүү?
Зэллэн одох жигүүртэн бүрд
Намайг захиж сүү өргөхөд нь
Зэрэглээ шиг мяралзаад
Сарнихыг тань даан ч мэдсэнгүй
                        Талын бор бялзуухай шиг
                        Таны өвөрт хөрвөж байхдаа
                        Тас харанхуй орчлонг мартаж
                        Тайгын толбот янзага шиг
                        Таны нөмөрт дэрвэж байхдаа
                        Түүдгийн гэрэл унтардагыг умартаж
Дал модны хугарах чимээнээр
Ээжийн нулимс урсах чиглэлээр
Дагаад гүйдэг намхан эмээ минь нуугдчихлаа
Эрээд эрээд овоолоостой хөрс би оллоо
                        Сувдан хэлхээтэй зүүлтийг
                        Шувуу шүүрээд нисчихлээ гээд
                        Шуугиан тарисан зүүдээ
                        Эмээдээ хэлэх гэсэн юм, явчихжээ
Сураг нь үгүй тэр шувуу
Сувдан зүүлтэй эмээг минь авчихаж
Уйллаа шүү гэхлээр аргадах гээд ирдэг юмсан
Уйлсан ч ирэхгүй хаачаа вэ, эмээ минь та?
                        Үерлээд халисан ус юм бол та
                        Үндсэнд нь шингэсэн мод нь би болноо
                        Өтлөх цагтаа эргээд эмээ болохдоо
                        Өрөвгөр ачдаа таныгаа шингээнээ, эмээ минь
Найруулагчийн 1-р ангийн оюутан Б. Нарантуяа
           
24.   Эмээ
Өлгийтэй балчир цагаас минь
Өхөөрдөн өсгөсөн миний эмээ
Өсөж том болсон охиныгоо
Өөдөсхөн юм гэдэг миний эмээ
                        Хайр энхрийлэл дүүрэн
Хамгаас хайртай миний эмээ
                        Хамаг бүхнээ миний төлөө гэж
                        Өөрийгөө мартдаг миний эмээ
Байгаа бүхнээ гаргаж дэлгээд
Бахархал дүүрэн суухад тань
Баярлуулж хөөргөөд орхихоор
Балчир хүүхэд шиг онгирно
                        Ажилтай байгаа миний охин гэж
Амьтан хүнээс тас өмөөрөвч
Амин зүрхэндээ бол та минь
Ай, охин минь ирээсэй гэж хүлээнэ
Удахгүй очноо охин нь гэх
Урамтай үгийг минь дуулаад
Мөдхөн хүү минь ирнэ гээд
Мөн ч их баярлаж суугаа даа
Үүдээр ороод очуут та
                        Үнсэх гээд ухасхийнэ
                        Үдлээд буцахын үесд
                        Үрчлээ нь улам ч тодорно
Эмээ... гээд дуудахаар
Энэрэлт харцаараа тосно
Ингээд охин нь явлаа гэхээр
Инээж байсан ч нулимстай
                        Төөрөг тавилан гэдэг
                        Төсөөлөшгүй хачин жигтэй
                        Тоодгор жаахан охин нь
                        Танаасаа өндөр болчих юм
                        Танагтай явсан эмээ минь
                        Тоодгороосоо жаахан болчих юм
Төөрөг тавилан гэж
Төсөөлөшгүй хачин жигтэй...
Найруулагчийн 1-р ангийн оюутан Э.Шинэцэцэг

25.  Эмээгийн хормойны зүүлт
Эмээ гэдэг энэ эрхэм хүндтэй, өндөр хайр энэрэлтэй хүнтэй би анх 17 жилийн өмнө танилцаж билээ. Энэ агуу хүнгүйгээр би өөрийгөө төсөөлөх аргагүй ээ.
Эмээ... Энэ үгийг сонсох, хэлэх бүр сэтгэлд минь нэг л зөөлөн, дотно мэдрэмж төрдөг юм. Би эмээгийнхээ өвөрт өссөн хүүхэд. Өвөө, эмээгийхээ гал дээр дэрвэж өссөн галзуу ганц зээ охин нь. Мэдээж эмээгийн хүүхэд болохоор эрх гэж жигтэйхэн. Муугаар хэлбэл “Эмээгийн эрхийн балай” гэсэн үг.
Эмээгийн гарын хоол, өрөмтэй талх нь юугаар ч сольшгүй амттан.Миний сахилгагүй шар охин босоорой. Эмээ нь өрөмтэй талхыг нь бэлдчихлээ...” гэх дуунаар би босдог байж билээ. Бага насаа дурсах бүр эмээгийн өрөмтэй талх хамгийн түрүүнд орж ирнэ. Яг одоо үүнийг бичиж суухад хүртэл аманд минь амтагдаж байна. Ийм л гайхалтай зүйл дээ. Би гэдэг хүн өдөр бүр наран ургахаас эхлээд наран жаргах хүртэл эмээгийнхээ явсан газар бүр хормойноос нь зүүлттэй. Ямартаа л айлын хүмүүс намайг “Дариймаагийн хормойны зүүлт” гэж өхөөрдөж байх билээ. Эмээ өндөр нарийхан хүн болохоор нээрэн л би хормойных нь зүүлт шиг харагддаг байсан байх. Миний эмээ Өвөрхангайн хүн. Залуу зандан насандаа цэцэрлэгийн багш хийж явсан гэдэг юм.
Манай өвөөгийнх үхэр, хонь, ямаа гээд мал малын захтай айл. Эмээгийнхээ хормойн зүүлт болсон би эмээгээ үхэр сааж байвал тугалтай нь ноцолдоод л, хонь ямаагаа сааж байвал хурга ишигтэй нь хөөцөлдөөд л явж байна. Эмээ хаана байна, би тэнд л явж байна.
Дөрөв билүү таван настай байсан шиг санаж байна. Нэг өдөр өнөө эмээгийн хормойн зүүлт, дэггүй шар ямаан дээр мордоод морь болгож тоглоод тун ч зугаатай байлаа. Гэтэл адаар зантай ямааны ааш хөдөлж намайг ганц годройтоод хүчтэй гээч нь унагачихав. Би өвдсөндөө юу, эсвэл эмээдээ загнуулахаас айсандаа юу уйлаад л байсан. Тэгэхэд эмээ хувинтай сүүгээ цалгиулан байж гүйж ирээд өчнөөн их аргадаж билээ. Эмээ маань долоо хоногтоо нэг удаа хот руу явдаг байсан юм.Эмээ нь хот яваад ирье, миний охин томоотой байж байгаарай. Зөндөө их амттай чихэр авчирч өгнө гэхэд нь нэг их сүрхий хүн толгой дохиод үлдэнэ. Тэгээд эмээгээ хаашааны хаалгаар гарав уу, үгүй юу араас нь хаалганы доогуур шургаж гараад уйлаад л гүйчихнэ шүү дээ. Ингэхлээр эмээ буцаж ороод намайг хувцаслаад дагуулаад явна. Энэ бол нэг удаагийн хэрэг биш л дээ. Ингэж би гэдэг хүн эмээгээ хот явах болгонд нь уйлахаараа айлгасаар дагаж явдаг болсон юм даа. Ер нь би эмээгээ нулимсаараа л айлгадаг хүүхэд байж дээ. Одоо бодохнээ тэр хашааны хаалганы доогуур яаж багтдаг байсан юм, сонин шүү...
Хорвоо дээр миний хамгийн хайрлаж, хүндэтгэж явдаг хүн бол миний хайртай эмээ. Би бурхан шүтдэггүй ээ. Яагаад гэвэл дэргэд минь амьд бурхан - миний эмээ байгаа учраас тэр.  Би эмээдээ л залбирч, эмээдээ л мөргөдөг.
Амьд бурхан тандаа сөгдөн мөргөмү...
Сэтгүүлчийн 1Б ангийн оюутан Батгэрэл

Үргэлжлэл бий...

No comments:

Post a Comment

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив