НЭВТ: “Бодьё, тунгаая, тайлья” үгэн наадам
/ хөгжим /
Хөтлөгч: Бяцхан найз нараа,
ардын аман зохиолын баялаг санг уудлан ардын оньсого болоод зүйр цэцэн үгээр
бэлтгэсэн “Бодьё, тунгаая, тайлья”
тааварт нэвтрүүлэг бэлтгэлээ, наашаа суугаарай... Одоо сонсгох тааварт зохиомжинд нийт 18 оньсого, 11 зүйр цэцэн үг орсон
байгаа шүү. Анхааралтай сонсоорой, найз нараа...
/ хөгжим /
Хөтлөгч: Үүр хаяарч уудам талд гурван “эсгий хувин, элсэн ёроолт” харагдана. Тэгтэл нэг эмэгтэй баруун
захын нэг том “хүнхэр цагаан заан хүнээр
дүүрэн”-гээс гарч ирээд тэнгэрийн байдлыг ажиглаж хэсэг зогсоноо “өдөр гурвалжин, шөнө дөрвөлжин”-гөө
татаад буцаж орлоо. Бүсгүй эргэнэг дороос тогоо авч “орой нь цоорхой, уушиг нь улаан” дээрээ тавиад “өвсгүй хонхорт үүлгүй бороо” оруулаад, “хөв дөрвөлжин, дөрвөн өнцөгт рашаан”-ныг
“хонхор дотор хийж ёнхор бөө бөөлүүлэв”
“Олон тэмээн
доторх онгорхой хар буур”-ын толгой дээр нар
тусах үед гэрийн эзэн бослоо. Эзэгтэй нөхрийнхөө өмнө “нуруугаараа ууж, нугасаараа шээдгийг” аягатай хамт дөхүүлж тавиад,
Эхнэр: Өглөө би
тэнгэрийн байдлыг ажлаа. Сайхан өдөр болох шинжтэй. Чи өнөөдөр “дэнж дээрх дэчин начин хоёр”-ынхоо
эрэлд гарна биз дээ?
Нөхөр: Тэгнээ хө...
Эхнэр: Өвгөн
минь “цаана чинь харагдах цагаан ямаа”- гаа
янзалчихаад мордоорой доо.
Нөхөр: За даа,
дараа болох уу даа. Өвгөн нь эртхэн нарны голтой дээр мордоод ирье дээ...
Хөтлөгч: Нөхөр нь “төмөр дэгээ, модон даваа”-гаа аваад
гарсны дараа эзэгтэй унтаж байсан хүүгээ дуудахад хүү уцаарлан ярдаглана.
Эх: “Үд болтол унтаж, үхрийн дуунаар сэрэх” муухай.
“Эртэч хүү эцэгтэй тустай, эрт босох өдөрт тустай” гэдэг юм. Хүү
минь бос бос...
Хөтлөгч: Эх ингэж хэлээд зүү утас аваад “хөх
ишиг хөгнөө чирээд”-ийг хийв. Удалгүй түнжин толгойтой бор хүү босож, цай
цүүгээ уучихаад “мэддэгт мэргэн цоохор,
мэддэггүйд эрээн цоохор”-оо өмнөө
тавиад суув. Үүнийг харсан ээж нь их л баярлан,
Эх: Сайн
байна, миний хүү. “Усан далай булгаас
эхтэй, ухаан далай номноос эхтэй”
гэдэг юм. Бас “үзсэн нь далай, үзээгүй нь
балай” гэдэг үг ч бий. Миний хүү үүнийг санаж ном их уншиж байвал эрдэмтэй
сайн хүн болно.
Хөтлөгч: гэж хэлээд
эх нэг зүйлийг санав бололтой босож “урт
хар хүн утсан дөрөөтэйд”
хавчуулсан том хүүгийнхээ ирүүлсэн “далавчгүй
байж нисдэг, хэлгүй байж ярьдаг”-ийг
хүүдээ авч өглөө.
/ хөгжим /
Хөтлөгч: Харанхуй
болж “өрхөн дээр өөхөн цөвдөл”
түгэхэд гэрийн эзэн “дэнж дээрх дэчин начин хоёр”-ыгоо тууж ирлээ.
Гэрийн эзэн хоол цайгаа идэж уун энэ тэрийг ярьж хөөрч сууснаа өглөө
эхнэрийнхээ хэлснийг санав бололтой “цаана
чинь цагаан ямаа”-гаа янзлахаар
ухасхийхэд,
Эх: Юу хийхэв өвгөн минь, “өдөр алдаж, шөнө тэмтрэх” гээч болж
байх шив...
Хүү: Ээжээ “өдөр алдаж,
шөнө тэмтрэх” гэдэг чинь юу гэсэн үг вэ...?
Эх: Аливаа
зүйлийг цагт нь хийх хэрэгтэй гэсэн үг. Үүнийг бас “Наранд эрээгүйгээ, саранд
хайх” ч гэдэг юм даа
Эцэг: “Өөрийн хожгорыг мэдэхгүй өрөөлийн халзанг
шоолох” гээчээр чи минь бас дээлээ оёж дуусаагүй байх шив дээ... /хөгжилтэй инээнэ/
Эх: /уцаарлангуй/
“Модоор цохивол мах өвдөнө, үгээр цохивол яс өвдөнө” гэдэг юм шүү...
Эцэг: “Үг сөрвөл хэрүүл, үүл сөрвөл бороо”
гэдэг дээ, одоо больё доо...
Эх: Зүгээр
дээ, өвгөн минь... “Санааны хирийг хэлцэж арилгадаг, савны хирийг угааж
арилгадаг” гэдэг юи. Чиний хэлдэг зөвөө зөв...
Эцэг: Тийм шүү. За одоо “үг олдож, үхэр холдлоо” цөмөөрөө унтаж
амарья даа.
/ таслал /
Хөтлөгч: Удалгүй “өндөр уулын орой дээр үзэсгэлэнт цагаан
шувуу удаан сууюу гэж байтал салхи ирээд аваад явчихлаа”
/ хөгжим /
Хөтлөгч: Найз нараа,
манай өнөөдрийн энэ бяцхан зохиомжинд нийт 18 оньсого орсон байгаа шүү. Та нар
эдгээр оньсогыг аав ээж, ах эгч нарынхаа хамт тайлж хариуг бидэнд ирүүлээрэй.
Баяртай...
No comments:
Post a Comment