Lucky Charms Rainbow

Tuesday, January 8, 2013

МОД НОГООН ЭРДЭНЭ сэдэвт оюутны анхны бүтээлийн уралдаанд ирүүлсэн бүтээлээс 04



РТВС-ийн Сэтгүүлчийн 2б ангийн оюутан Сэвжидмаа
ХӨТ: Халх голын сакура
/ хөгжим /
/Онгоцны буудал дээрх шум- Анхаараарай... Дорнод аймаг руу нисэх зорчигчид бэлтгэлээ хангана уу.../
ХӨТ: Зорчигчдын дунд нэг япон өвгөн, охин хоёр цав цагаан даавуугаар бүтээсэн том сагстай зүйлийг их л нандигнан авч явна. Харваас хөнгөнхөн ч овор ихтэй болохоор авч явахад амаргүй байгаа нь илт. Би тэр хоёр руу дөхөж очоод: -Сайн явж байна уу, та хоёрт туслах уу? гэхэд, тэд япон хүний ёсорхог зангаар эелдгээр тонгойн мэхийгээд баярлалаа, зүгээр зүгээр” гэлээ. Япон хүний занг мэдэх тул би охины гараас том сагстай зүйлийг аваад “Та хоёр намайг дагаад яваарай” гэлээ. Онгоцонд ороод суудлаа эзлэх үед бидний суудал зэрэгцээ байсанд, холын гийчид маань тун чиг олзуурхаж байгаа бололтой.
/ онгоц нисэж байгаа чимээ /
ХӨТ: Хэдийн танил болсон бид зам зуур юу эсийг ярьж явах билээ. Тэд Сайтамо мужаас яваа гэнэ, нандигнан авч яваа зүйл нь сакура модны үрсэлгээ гэнэ. Үүнийгээ Халхын голд тарих юм гэнэ. “Яагаад заавал Халхын голд тарих гэж, нийслэл хотод тарьж болно шүү дээ” гэхэд, өвгөн: “Халхын голыг зорьж яваа минь их учиртай. Бүсгүй минь сонс, би нэг түүх хэлж өгье” гэлээ.
/ хөгжим дайны чимээ, онцгоц нисэж бөмбөг хаях /
ӨВГӨН: Намайг Акихито гэдэг, энэ бол миний ач охин. Аав минь Халх голын дайнд яваад эргэж ирээгүй юм. Халхын голын сүүлчийн тулалдаанд амь эрсдэж, тэр өдөр би мэндэлсэн гэдэг. Гашуудаж шаналсан ээж минь энэ хорвоогоос яван явтлаа монголчуудыг хараан зүхдэг байж билээ. Би ч мөн адил бага жаахан байхдаа ээжтэйгээ адил монголчуудыг үзэж  яддаг байсан юм. Хожим нь Халх голын дайн бол гаднаас цэрэглэн халдсан дайсны өнгөлзлөгийг улсынхаа хил дээр тогтоон барьж, нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолоо хамгаалахын төлөө хийсэн шудрага дайн байжээ гэдгийг ухаарч мэдсэн. Тиймээс үр хойчдоо үнэн байдлыг ойлгуулах үүднээс  ач охинтойгоо хамт Халхын голын Ханан хөшөөн дээр энэ сакура модыг суулгах гэж явна. Учир нь монголчууд мод тарихыг дээдийн дээд буян гэж үздэг тухай дуулсан юм. Бас манай Японид ч гэсэн хийсэн алдааныхаа төлөө мод тарьдаг ёс бий.
ХӨТ: Тиймээ, тэр нэгэн цагт өөд өөдөөсөө буу барин зогсож байсан хүмүүс өнөөдөр ийн цэцэг барин золгож байна. Энэ бол шинэ цагийн түүх. 
/ хөгжим /
ХӨТ: Би Япон өвгөн Акихито, түүний ач охин Томоко хоёрын хамт Халх голын Ханан  хөшөөний дэргэд зогсож байна. Эх нутаг минь яг одоо зүрх амирлах газрын хөрсийг тогтоон барих чулууны ширхэг бүр нь амьсгал бүдрээж хөдлөх шиг тийм их сэтгэл аргадам байдал нүднээ үзэгдэнэ. Япон өвгөн нэгэн цаасан уутнаас жил бүр сакура дэлбээлэх цагаар хурааж цуглуулсан сакура модны навчсыг талаар гүйн явж цацаж дуусаад 73 жилийн тэртээ хүсээгүй дайнд оролцож, энэ л газар шороонд амь насаа гээсэн цэл залуухан эцэг нь хаа нэгтэйгээс гараад ирэх юм шиг жижигхэн нүдээ сүүмийлгэн зэрэглээ татан мяралзах их талыг хэсэг ширтэж зогссоноо эцгээ хүлээсэн хүүгийн сэтгэлээ дотогш хүчлэн залгив. Дараа нь Халх голын хөрснөө сакура модоо суулгаж дуусаад, сөхрөн суулаа.
ӨВГӨН: Ааваа, 73 жилийн өмнө энэ газар шороон дээр унаж, эцсийн амьсгалаа татаж байх үед таныхаа амьсгалын үргэлжлэл болон би мэндэлсэн билээ. Аав минь ээ, төөрч будилж явсаар тандаа ирээгүй удсаныг минь өршөөгөөрэй. Хүний нутгийн хил рүү зөвшөөрөлгүй алхсан алдааны тань төлөө хүү нь өнөөдөр төрсөн нутгийн тань сакура модыг суулгалаа, хүлээн авна уу.../уйлах/
ХӨТ: 73 жилийн тэртээ Халх голын хөрсөнд шингэсэн япон эрийн цогцос зүсийг нь харж амжаагүй хүүгийнхээ цурхиран уйлах чимээнээр сэрж, нутгийнхаа сакура модны газар унах навчисны ширхэг бүрийг мэдэрч үнэрлэсэн бизээ. Энэ мөчид би сурагч ахуй насандаа Халх голын 70 жилийн ойд зориулан бичсэн нэгэн дуугаа нэхэн саналаа.
/ дуу орж ирээд хэсэг яваад фон дээр /
            Чамайг амьдруулсан он жилүүд дэндүү тайван амгалан
            Чамайг өлгийдсөн халуун газрыг яагаад хайрлах ёстойг
            Чанад олон жилийн гунигт түүхийг гэрчлэх
            Хөшөөдийн хүүрнэлийг сэтгэл тогтоон сонсоорой...
/ дууны хэсгээс өгөх /
ХӨТ: Тэр үед би зөвхөн монгол, орос хоёр цэргийг магтан дуулж байжээ. Акихито хожим Халх голын дайны үнэн мөнийг ухаарсан шиг би ч бас япон цэрэг бүр өс өвөрлөж ирээгүйг ухаарч ойлголоо. Тэд монгол, орос цэргүүд шиг бас л ээж аавын хайртай хөвгүүд нь байжээ.
Одоо надад  дахин нэг дууны сэдэв  орж ирлээ. Дайсны амь ч  бас үнэ цэнэтэй. Тэднийг мартаж гээгдүүлэх учиргүй гэдгийг Халх голын хөрснөө тэнцэн ядан өндийх сакура модны анхилам үнэр,  япон өвгөний зүрхний үгнээс ухаарлаа. Тэр нэгэн цагийн түүхийн алдаа эндэгдлийн төлөө бидний тарьсан энэ сакура мод нэгэн цагт төгөл болон ургаж үнэн түүх хүүрнэх болно.
/ хөгжим /
ХӨТ: Чимээгүй...! Энд эх нутгаа харийн халдлагаас өмгөөлөн хамгаалж, газар шороогоо тэврэн унасан монгол цэрэг нойрсож байна.
Чимээгүй...! Энд цэл залуу насандаа өөрийн хүслээр биш тулалдаанд оролцож эх нутагтаа очиж чадалгүй амь насаа гээсэн япон цэрэг нойрсож байна.
Чимээгүй...! Энд гэрлэж амжаагүй, хайртай ээждээ очиж чадаагүй монгол, орос, япон залуус нойрсож байна. Тиймээ, сакура модны төгөл ийн түүх хүүрнэн шуугин найгах цаг ирнээ...
/ хөгжим /
НЭВТ: Та бүхэн РТВС-ийн Сэтгүүлчийн 2в ангийн оюутан Сэвжидмаагийн бичсэн “Халх голын сакура” радио зохиомж хүлээн авч сонслоо.

No comments:

Post a Comment

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив