Lucky Charms Rainbow

Friday, January 11, 2013

Үгийн зангилаа


 
/ Сонсож болно /

НЭВТ: Ардын ёс заншлын тухай “Өвгөдийн сургаал өв, хуучны үг хууль” хэмээх цувралын энэ дугаараар “Үгийн зангилаа” радио зохиомж хүлээн авч сонсоно уу. 
 
                                           / уртын дууны аялгуу тодорч ирээд фон дээр наадмын чимээ.../
 
Настай эр:                 Үгүй, Орломжав уу даа?
Настай авгай:          Хүүе, Данигай. Сайн байна уу, сайхан наадаж байна уу?
Данигай:                    Сайн, сайн. Сайхан наадаж байна. За тэгээд танайхан сайн биз дээ?
Орломжав:               Сайн, сайн. Нутаг орноор зуншлага сайхан уу...?
Данигай:                   Ярих юмгүй сайхан. Хур бороо жигдрээд тун сайхан байна. Танай энд ч бас газрын өнгө сайхан байна шүү.
Орломжав:               Юүхэв, юүхэв. Энэ жил нартай, хуртай сайхан зуншлага болж байна. Алив, хоёулаа ийшээ суугаадхая.
Данигай:                    Тэгье хө...
Орломжав:               За тэгээд нутаг орноор сонин сайхан юу байна даа...?
 
                                                                                 / таслал хөгжим /
 
                                              / хоёр залуу маргалдаж муудалцаж байгаа чимээ орж ирэх /
 
Данигай:                   Энэ хүүхдүүдийн хэлж ярьж байгааг...  Хэрэлдэж муудалцаад байнаа даа, янз нь... Нэгийгээ ямарч хайр найргүй үгээр дайрах юм дээ.
Орломжав:               Одоогийн хүүхдийн үг яриа гэж... /гэснээ дуу алдаад/ Үгүй тэр... нэг нь миний зээ хүү байна шүү дээ. Алив очьё... Хөөе Төгсөө чи юу болоод байнаа, айн...
Төгсөө:                       Эмээ, энэ тэнэг дургүй хүргээд... хачин балай юм яриад байхым... /гээд нөгөө залуу руу хандан/ хэзээ байтлаа би тэгэж хэлсэн юм. Чи хэнээс юу дуулчихаад над руу агсраад байгаа юм?
Билгээ:                      Чамайг л тэгэж хэлж ярьж явсан гэж байна даа...
Төгсөө:                       Хэн тэгэж байна. Чи үгээ олж хэлээрэй...
Орломжав:               “Хүн хэлээрэй, мал хөлөөрөө” гэдэг юм. Ингэж толхилдож байхаар та хоёр хэлэлцэж яриад учир зүйгээ олцогоо.
Данигай:                   Тийм шүү хүүхдүүд минь, “Дамын үг далан худалтай, Зуурын үг зуун худалтай” гэдэг юм. Тайвшир...
Төгсөө:                       Энэ нэг юм, ховч авгай шиг хэрүүл өдөөд байгаа юм. Тийм биздээ, чи...?
Билгээ:                      Чи өөрийгөө хэлэхгүй...
 
                                                             / шум - хоёр залуу харилцан давшилсаар /
 
Орломжав:               Үгүй эднийг дээ, больцгоо... Төгсөө наашир гэм...
Данигай:                   “Гахайн хоншоор газар эвдэнэ, хүний хоншоор хэрэг эвдэнэ” гэдэг энэ дээ...
Орломжав:                Та хоёр болиоч ээ, Хөөе Төгсөө...
Данигай:                   Үгүй энэ хүүг, “Дээлээ даахгүй бяртай мөртлөө, дээвэртэй багтахгүй ууртай” юм гээч...
Билгээ:                      Ах хүү, доромжлоод байна уу, үгүй юу...?
Орломжав:               “Үнэн үг чихэнд хатуу, үхрийн шил шүдэнд хатуу” гэдэг юм. Наашир, та хоёр...
Билгээ:                      Үгүй ерөө, их цэцэн цэлмэг хүмүүс байхнээ...
Орломжав:               Цэцэнсээд байх юу байхав. Ардын маань үг хэллэг. Монголчууд бидний ярьж хэлцдэг үг. Харин та хоёр юу гээд хэлчихэв гэж үгийн утга учир, гоцоо зангилааг тайлж, ухаарахын оронд ингэж хэлж байх гэж дээ. Чи сая “ах хүү” гэв үү...? Хөгшин настай хүнийг ингэж хэлдэг юм уу?
Данигай:                   Энэ өдөр сайхан үг хэлэлцэж, наадах ёстой байтал та хоёр яаж байгаа нь энэ вэ. Ер нь хэдүүлээ тэр ногоон ширгэн дээр суугаад үг гээч гайхамшгийн тухай ярьцагаая.
Орломжав:               Тэгье, хүүхдүүд минь. Данигай ахыгаа дагаад яв... Алив явья...
 
                                                       / хоёр залуу зөвшөөрч, тэд тухлан суух чимээ /
 
Данигай:                   Хүүхдүүд минь “Эртний үгийг шинжил, эрдэмтний үгийг чагна” гэдгийг санаж, цөмөөрөө эхлээд нэг эрдэмтний үгийг сонсох уу даа.
 
СОРОНЗОН БИЧЛЭГ: 
                                     Монголчууд бараг л яруу найргаар хэлэлцэж байгаа юм шиг байдаг. Тухайлбал, нутаг хаана вэ? гэхэд, Анхайн мухар, Авдрын гол, Арван гурван хужиртаар... гээд газар усныхаа нэрийг толгой холбоод шүлэглээд хэлчих жишээтэй. Хүнтэй мэндлэхдээ нас намбаны эрэмбэ дэгийг айхтар барина. Үгийн зэрэг дэвийн ялгаа гэж бий. Энэ зэрэг дэвийн ялгааг онохгүй хэлчихвэл хүндэтгэх биш харин бүр ёжилсон болчихож мэднэ. Үг бол их хүчтэй зүйл. Тиймээс монголчууд “Муу үг тэр өдрийн дараа. Сайн үг сарын хүнс” гэж ярьдаг. Тиймээс хүнд муу үг хэлж гомдоохгүй, сайн үг хэлж урам хайрлаж байх хэрэгтэй. Сайхан үг хэлцэж сэтгэлийн цэнгэл эдэлж байх хэрэгтэй. Бидэнд сайхан бэлгэ дэмбэрлийн үг байна, зүйр цэцэн үг байна. Ер нь монголчууд “Зүйргүй үг байдаггүй,  зүүдэлгүй дээл байдаггүй” гэж хэлээд мэндлэх хүндлэх үг хэллэг нь хүртэл яруу найраг байж дээ. Нэг ёсондоо аман яруу найргийн сайхан сургаалын үг урсаад гарч байдаг. Санаад орсноосоо хэлбэл, урт насалж удаан жарга, сайн явж санаагаараа жарга, Энх явж мөнх жарга, тэнгэр үзэж, тэгш жарга гээд... Бид чинь ийм л бэлэн зэлэн сайхан үг хэллэгтэй ард түмэн. Хэл маань цэгцтэй, эвдээргүй баян тансаг байж дээ. Үг гэдэг хүчтэй эд шүү дээ. Одоо үгийг хэмнэх, хайрлахаа больжээ. Одоогийн хүүхдүүд монгол ахуйгаасаа айхтар хол хөндий өсөж байна. Хэлний талаар айхтар анхаарахгүй бол болохоо байжээ. Хэл ядуурвал сэтгэхүй ядуурна шүү дээ.
Төгсөө:                       Энэ хэн гэдэг эрдэмтэн бэ, ахаа?
Данигай:                   Хэл бичгийн ухааны доктор Цэрэнсодном гэдэг хүн. Тэгэхлээр хоёр хүү минь, “Арван үгнээс нэгийг тогтоо, арван хүнээс нэгийг тань” гэдэг ардынхаа үгийг санаж энэ хүний хэлсэн ярьсныг санаж яваарай.
Хоёр залуу:               /зэрэг/ За... тэгнээ...
Билгээ:                      Мм... Ахаа манай айлын эмээ, өвөө  бас та нар шиг хэлж яриад байдаг юм. Маяглаад байгаа ч юм шиг...
Орломжав:               Юу гэсэн үг вэ, хүү минь... Манай монголчууд хэзээнээсээ уран цэцэн үг хэллэгтэй, утга гүн үг яриатай хүмүүс. Харин өнөө цагийн та нар сайхан монгол хэлээ бараг л мэдэхээ больж. Ингэж хэлж ярьж байхын оронд асууж лавлаж баймаарсан даа.
Төгсөө:                       Энэнээс л болж байгаа байхгүй юу...
Данигай:                   “Үүсэн шарх эдгэрдэг, үгийн шарх эдгэрдэггүй” гэдэг үгийг санаж, бие биедээ хатуу үг битгий хэлж бай, хүүхдүүд минь.
Төгсөө:                      Та нар яагаад үг хэлэх болгондоо ийм мундаг үг хэлээд байдаг юм бэ, яаж сурсан юм?
Орломжав:               Хуучин цагт манай монголчууд  зүйр үгээр хэлцдэггүй үг яриа гэж бараг байдаггүй байсан юм. Дээр доор, баян ядуу гэлтгүй бүгд л ингэж ярьдаг байсан болоод, энэ шүү дээ. Ямартаа л “Зүйргүй үг гэж үгүй, зүйдэлгүй дээл гэж үгүй” гэсэн үг гарах билээ.
Данигай:                   Тэгэхлээр сайхан монгол хэлээ цэвэр ариунаар нь авч явах ёстой хүмүүс та нар. Гэтэл та хоёрын яриаг сонсоод байхаар нэг л бишээ...
Орломжав:               Бидний багад  үр хүүхдээ зандарч загнахдаа хүртэл өөр байлаа шүү дээ. Манай ээж гэхэд л үргэлж уран цэцэн үгээр биднийг загнаж зэмлэдэг хүн байсан юм. Одоо байсан бол 90 гарсан хүн байх байсан даа.
Төгсөө:                       Эмээ, буурай эмээ яаж загнадаг байсан гэж...?
Орломжав:               За даа...олондоо олон. Нэг удаа биднийг “Та нар гарахдаа бөгс ураад, гарсан хойноо өр ураад, гараад явахаараа чих ураад” гэж ирээд загнаж байсан нь ер санаанаас гардаггүй юм.
Хоёр залуу:                /зэрэг инээлдээд/ Яалаа яалаа гэнээ, ямар инээдтэй юм бэ...?
Данигай:                   /их л эгдүүцэн/ Та хоёр инээхээсээ өмнө учир утгыг нь олохыг хичээмээр юм даа.
Хоёр залуу:                Ойлгохгүй байна шүү дээ.
Орломжав:               Тэгээд... Ойлгоогүй юм бол юунд  нь инээлдээв?
Төгсөө:                      /гэмшингүй/ Эмээ битгий уурла даа, тайлбарлаад өгөөч?
Орломжав:               Та хоёрын инээснийг би мэдэж л байна. Тэр... ганц үгнээс болж инээж байгаа хэрэг. Та хоёр уялдаа холбоог нь бодоод үз дээ. Хүүхэд эхийгээ урж төрдөг жамтай. Үүнд инээгээд байх юу байна?
Хоёр залуу:                Тэгвэл өр ураад гэдэг нь...?
Орломжав:               Мэдээж... та нар өсөж том болсон ч эхийнхээ сэтгэлийг зовоохгүй гэж хаа байлаа даа. Үргэлж л сэтгэл зовооно.
Хоёр залуу:                Тийм шүү...
Данигай:                    Монгол хүн өр сэтгэл, өр зүрх гэж ярьдаг биз дээ?
Хоёр залуу:               /зэрэг их л бишрэнгүй өнгөөр/ Гарсан хойноо өр ураад, гараад явахаараа чих ураад... Нээрэн тийм байна ш дээ, ямар мундаг юм бэ?  Дахиад ярьж өгөөч...?
Орломжав:               За тэгээд, нэг удаа манайд хотоос хүмүүс ирсэн байсан юм. Тэд ярилцаж суухдаа Долгор гуай, танай хэд хаачаа вэ? гэхэд, ээж: “Дээврээ даах болсныг нь цэрэг аваад явсан, дээл оёх болсныг нь нөхөр аваад явсан, дээлээ даах болсныг нь сургууль аваад явсан” гэж байсан юм даа. /хоёр залуу давтан хэлэх/
Данигай:                   За ямар байна. Хөдөөгийн жирийн нэг эмэгтэй ингэж л цэцэн цэлмэг үгээр ярьж хэлдэг байж шүү дээ. Үгийн утга, холбоо, зангилаа ийм баялаг байгаа биз?
Хоёр залуу:                /зэрэг шахуу/ Гайхамшигтай юмаа...
Төгсөө:                       /хөгжилтэйгээр/ Манай буурал эмээ өнөө цагт бол яруу найрагч байх байжээ...?
Орломжав:               Цөг гэм... Тэр цагийн хүмүүсийн олонх нь уран яруу, утга төгс ярьдаг байсан юм. Дөнгөж сая та хоёр бидний цэцэн цэлмэгийг дуудаад байсан биз дээ? Үгийн нүдийг олж хэлсэн хэлц хэллэг шиг ончтой үг байдаггүй юм даа.
Данигай:                    Ингэхэд хоёр хүү ардынхаа зүйр үг, хэлц хэллэгээс хэр мэдэх вэ?
Билгээ:                      Бараг мэлэхгүй дээ. Уг нь арван жилд байхад цөөн ч гэсэн заадаг л байсан. Амьдралд хэрэглэхгүй болохоор тэгээд мартчих юм байна ш дээ.
Данигай:                   За тэгэхээр  хэдүүлээ энэ сайхан өдөр монгол сайхан үг хэллэгээрээ ярьж, үгийн зангилааг тайлж наадья даа, тэгэх үү?
Хоёр залуу:                Тэгье, гоё юм байна ш дээ...
Данигай:                   Юуны өмнө хүүхдүүд минь үгийг тун бодож хэлэх хэрэгтэй. Ямартаа л “Ганцаараа байхдаа биеэ шинж, олуулаа байхдаа үгээ шинж” гэсэн үг гарах вэ.
Орломжав:               Монгол хүн хэзээнээсээ “Хараалын үзүүрт цус, ерөөлийн үзүүрт тос” гэж хэлцэж ярьдаг байсан болохоор  харааж загнасан ч муу үг хэлэхгүйг хичээдэг байсан юм.
Билгээ:                      Нээрэн манай айлын эмээ “Ээ тосоор гоож...” гэдэг юм шүү. Уг нь загнаж байгаа нь тэр...
Данигай:                   Тийм шүү дээ. За тэгээд “Хийсэн ажлаа эргэж хар, хэлсэн үгээ эргүүлж бод” гэсэн үг бий. Та хоёр сая юу болоод байлаа...?
Хоёр залуу:               /их л саймшрангүй/ Харин тиймээ... Тэр муу Доржоос болж байхгүй юу, тиймээ...?
Орломжав:               За тэр... “Ханилаад нөхрөө бүү муул, халтираад замаа бүү муул” гэж үг бий юм шүү, хүүхдүүд минь.
Данигай:                   “Хоёр нохойн хооронд яс битгий хая. Хоёр нөхрийн хооронд хов битгийн зөө” гэдэг үгийг санасан бол та хоёрын хооронд маргаан гарахгүй л байсандаа. Тиймээ, Билгээ...?
Билгээ:                      /гэмшингүй/ Харин тиймээ... Би жаахан юм балгачихсан болоод...
Орломжав:               “Цээлийн туулайг нохой босгож, цээжний үгийг архи гаргадаг” гэдэг энэ шүү дээ.
 
                                                 / хоёр залуу их л талархалтайгаар зөөлөн инээгээд /
 
Билгээ:                      “Эм гашуун ч өвчинд тустай, үг хатуу ч явдалд тустай” гэдэг. Баярлалаа, ахаа...
Орломжав:               /дуу алдан/  Хүүеэ... бас хэлж байна гээч, хө. Сайн хүү байна, сайн хүү байна... Хүүгийн нэр хэн билээ?
Билгээ:                      Би Төгсөөгийн сургуулийн найз нь... Намайг Билгээ гэдэг. Та хоёртой яриад суусан чинь бас үг гараад байх бололтой...
Данигай:                   Ах нь чамайг эхлээд “Үггүй мөртөө заргасаг, өмдгүй мөртөө ихэмсэг” залуу юу даа гэж бодож байсан чинь, харин ойртож халдаад ирвэл ярьвал ч ярьж, хэлэлцвэл ч хэлэлцчих хүү байна шүү.
Билгээ:                      /инээд алдан/ О ёо ёо... “Үнэн үг чихэнд хатуу, үхрийн шил шүдэнд хатуу” гэдэг үг ёстой энэ байна даа.
Төгсөө:                       Аа, Билгээ ёстой хошгирчихдог байна ш дээ...
Орломжав:               Төгсөө чи... хошгирох  гээд юу яриад байнаа. Та нарын өнөө хачин үг хэллэг биз? Ёстой өнөө “Идээг амтлах гээд давс хийх, үгийг чимэх гээд худал хэлэх” гээч болж байх шив. Барагтайхан байгаарай чи... Чамд Билгээгээс сурах юм их байна шүү.
Төгсөө:                      Эмээ, би дахиад ийм үг хэлэхгүй дээ. Уг нь би Билгээгээс илүү юу гэхээс дутахгүй шүү...
Билгээ:                      /нэлээд ширүүсэх  аястай/ Төгсөө, “Өөрийгөө барст тооцвол, бусдыг арсланд тооц” гэдэг үг бий юм шүү.
Төгсөө:                      За болилоо, болилоо... “Үүл сөрвөл бороо орж, үг сөрвөл хэрүүл болдог” гэдэг юм. Чи мундагаа, мундаг. Би бууж өглөө...
Билгээ:                      “Муур хулганыг өрөвдөж уйлав” гээчээр чи бас булзах санаатай юу?
Орломжав:               /Бахархалтайгаар/ Үгүй, энэ хоёрыг ээ, одоо бүр биднээс дутахгүй уран цэлмэг ярьж эхэллээ.
Данигай:                   Эрийг бүү бас гэдэг. Одооны хүүхдүүдийг “Санаа нь дэлхий, явдал нь мэлхий” гэж бодож болохгүй юм байна шүү.  Эрийн хугархай, эрийн хугархай... /тун бахархалтайгаар инээнэ/
Орломжав:               За чи битгий хүүхэд догиогоод бай. Арай “Хөвөнд боосон чулуу” хүүхэд рүү шидээд байгаа юм биш биз...?
Данигай:                   За хаанаас даа, “Аав ээжтэйгээ муудалцвал ачлалаа барна, ах дүүтэйгээ муудалцвал хүндээ барна” гэдэг юм. Хүүхдүүдийн дэргэд больёо. /гээд өврөө уудалж мөнгө гаргаж ирээд/ Алив хоёр хүүхэд минь дэгдэж очоод наадмын хуушуур аваад ир...
Хоёр залуу:               За ахаа... Нээрэн наадмын хуушуураа мартчихсан байна шүү дээ... 
                                    / гээд хөгжилтэй инээлдээд гүйж одно/
 
                                                                 / наадмын чимээ тодорч ирнэ /
 
Билгээ:                      Ахаа, эгчээ... бид хоёр зөндөө их хуушуур аваад ирлээ...
Төгсөө:                       Халуунаараа байгаа... ёстой гоё хуушуур байна...
Данигай:                   “Эр хүний хээгүй сайхан, эхнэр хүний өглөгч нь сайхан” гэдэг юм даа. Идээд байдаг хэргээ хө...
 
                                           / цөм инээлдэн хөгжилдөөд... хуушуураа амтархан идэх чимээ /
 
Төгсөө:                       Давс нь их юм уу даа...
Орломжав:               Манай Төгсөө саяхан л амттайг нь гайхаад байсан чинь одоо голж эхлэх шив. Сайхан л хуушуур байна шүү дээ.
Данигай:                   “Цадахад цагаан хурганы сүүл хатуу, өлсөхөд өлөн бугын эвэр зөөлөн” гэдэг энэ дээ.
 
                                                             / цөмөөрөө хөгжилдөн инээлдэнэ /
 
Билгээ:                     Ах, эгч хоёроос олон сайхан үг дуулж мэдлээ. Ингэж ярьж хэлцэх сайхан юм байна шүү. Бүр сэтгэл сэргээд явчих шиг...
Төгсөө:                      Одоо би эмээгээсээ үгийн зангилаа, утга учрыг нь асууж байнаа. Монголчуудын зүйр үг ёстой гайхамшиг юмаа.
Данигай:                   Зөв хүүхдүүд минь, “Авах хүнд нэг үг ч эрдэнэ, орхих хүнд мянган үг ч улиг” гэдэг юм.
Орломжав:               Тийм шүү, хүүхдүүд минь. Үүнээс хойш “Гомдол хувилбал өс болдог, гол бялхвал үер болдог” гэдэг үгийг санаж эв найртай явж байгаарай.
Хоёр залуу:               За... тэгнээ...
Орломжав:               Тэгээрэй. Утга гүн, яруу тунгалаг монгол хэлээ та нар л цэвэр ариунаар нь авч явах учиртай юм шүү.
Данигай:                   Тийм шүү, хүүхдүүд минь. Өвгөдийн сургаалаа өв, хуучны үгээ хууль болгож яваарай. 
 
                                                                                    / хөгжим /
 
НЭВТ: Та бүхэн “Үгийн зангилаа” радио зохиомж хүлээн авч сонслоо.

                                                                                                                                                   


No comments:

Post a Comment

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив