Lucky Charms Rainbow

Friday, January 11, 2013

ДЭМБЭЭН ДУУ ТАСРАХГҮЙ



                                                     

                                                                / хөгжим /

НЭВТ: Эрхэм сонсогч таныг монгол нутгийн хээр талын хот айлд саатан морилохыг урьж байна.
НЭВТ: Та бүхэн энд монголчуудын нэгэн зүйл ундаа - айргийг хэрхэн зооглодог хийгээд чихнээ эгшиглэнт “дэмбээ” хэмээх аялгуут наадам сонсон сонирхох болно.
НЭВТ: Сонсогч таныг монголын хээр талд аваачих нэвтрүүлгийн маань нэр...
НЭВТ: ДЭМБЭЭН ДУУ ТАСРАХГҮЙ...
 
                        / Монголын хээр талыг дүрсэлсэн уянгын хөгжим /
 
НЭВТ: Монгол нутагт зундаа цас нь сэвтдэдгүй их уулс бий. Монгол нутагт өвөлдөө хэвлий нь хөлдөдгүй их говиуд бий. Бас хангай, говийн завсарт нэгэн хэвээр цутгасан мэт харагдах жижигхэн бор толгод бүхий хээр тал байдаг юм. Чухам тэр л тал хээрийг бид зорьж явна.
 
                                / хөгжим тодорч ирээд фон дээр /
 
НЭВТ: Хөх цэнхэр тэнгэрийн дор нам гүм эзэгнэсэн их талыг харсан хүний сэтгэл эзэнгүйдэж магадгүй ээ. Ихэр юм шиг толгод ар араасаа залгах нь нэг л газраа эргээд байна уу даа гэлтэй. Хаа нэгтээ бэлчих хэсэг бусаг мал... Энэ газар эзэнгүй мэт...
 
/ царцаа шувууны алдаг оног жиргээ... гэнэт нам гүмийг эвдэж олон адуу ойртон буй төвөргөөн,  морьдын тургилах чимээ, адуучин эрийн хангинатал  исгэрэх чимээ орж ирнэ /
 
НЭВТ: Үгүй байжээ. Толгодын оройгоос хараахан тасраагүй том улаан нарны наагуур олон адуу гүвэлзэн гарч ирлээ. Адууны хөлөөр боссон нарийн цагаан тоос нарны цацрагаар тоглон суунаглана. Ойрхон айл байх нь. Адуучин эр адуугаан туугаад гэртээ харьж унагаа барина. Зуны тэргүүн сар гармагц айл бүр унагаа барьж, гүүгээ саадаг юм.
Хөдөөгийнхөн тун эртэч. Ялангуяа адуу хураах хүн нар битүүнээр адуундаа мордоно. Ер нь монголчууд “Эрт босвол нэгийг үзнэ, орой унтвал нэгийг дуулна” гэлцэж, эртэч хүнийг ихэд үнэлдэг юм. Адууг тэнгэрлэг амьтан гэнэ. Тэнгэрлэг амьтныг хийморьлог хүн л маллана. Тэгэхээр цөмөөрөө золбоо хийморьтой адуучныг дагаад үзье.
 
            / адуун сүргийн төвөргөөн тодроод хот айлын чимээ орж ирэх /
 
НЭВТ: Мал малын захтай, малаа хариулдаг нохойтой байх нь хөдөөгийн нийтлэг зураг. Эднийх тийм л айл санж. Адуу ирж унагаа барьлаа. Дөч, тавиад унага зэлэндээ жирийнэ.
 
                          / унага барьж, гүү сааж байгаа чимээ /
 
НЭВТ: Монгол нутагт адуутай айл айрагтай байдаг. Айрагтай айл найртай, найртай газар дуу хууртай байдаг нь ёсоо. Айраг гэдэг аандаа олдох ундаа биш. Нохой гаслам жин үдийн цоргисон халуунд ч зэлэн дээр л байх болдог. Бас тэгээд ялаа шумуул нь хүн малын үйлийг үзэхийг яана. Нүгэлт тэр амьтдад хазуулж амь тээрсэн адууны хөлд үрэгдэн алдан байж гүүгээ саана. Өдөртөө гэхэд л 7-8 удаа саалинд гарна. Айраг гэдэг амар олдодгүйдээ амт орсон мэт сайхан ундаа даа. Уруул чимчигнүүлж, хамраар сэнгэнэх хөөсөрсөн цагаан айраг хуландаа үсчин шуугина.
 
                                  / айраг бүлэх, шуугих чимээ /
 
НЭВТ: Сонсов уу, та! Айраг бүлж байна. Айраг ингэж л шуугидаг ундаа даа. Айргийг хүн биш бурхан бүтээсэн байх гэж бишрэн шүтэх нэгэн ч бий. Кока-кола, Пепси-кола гээд дэлхий даяараа андахгүй мэдэх тансаг ундаа бий. Ай даа, айраг гэдэг түүнээс ч илүү ундаа гээд зориглон хэлж орхиё. Айраг уух нь бүү хэл, нэрийг нь сонсоогүй харийн хүмүүс амсаад л амтанд нь ордог шидтэй ундаа даа.
СОРОНЗОН БИЧЛЭГ - японоор:
-          Та хаанаас ирсэн, хэн гэдэг хүн бэ?
-          Япониос ирсэн. УБ хотод сурдаг, оюутан Нишимура.
-          Танаас нэг зүйл сонирхоё. Та айраг ууж үзсэн үү?
-          Уухаар барах уу даа, бүр дуртай гээч. Ай мөн сайхан ундаа даа. Газар газар нэрд гарсан олон сайхан ундаа бий. Тэд ердөө тансаг сайхан амттай бол монголчуудын айраг исгэлэн сайхан амттай төдийгүй хүний эрүүл мэндэд эм болдогоороо давуу талтай. Айраг уух тусам улам их уумаар санагддаг юм. Сэтгэл ханана гэж ер үгүй, ёстой ид шидийн ундаа. Уушигны өвчтэй хүн айраг уусаар байгаад эдгэрдэг гэж би сонссон. Ер нь монголчуудын эрүүл чийрэг бие бялдар, оюуны их чадал, бяр тэнхээ нь айраг хэмээх энэ ундаатай холбоотой байж болох юм шүү.
-          Баярлалаа, монгол нутагт минь дахин дахин ирж айраг ууж байгаарай.
-          Тэгэлгүй яах вэ, амтат сайхан айраг уухын тулд л монголд дахин дахин ирж баймаар...
 
           / айраг шуугих чимээ дэмбээн аялгуугаар солигдоно /
 
НЭВТ: Сонсогч та харилцан дуулаад ч байх шиг, яаж байгаа юм бол гэж гайхаж байна уу? Учрыг нь одоохон тайлна. Юутай ч сайн сонсоод чихэндээ дасгаад аваарай.
 
                                                  / дэмбээн аялгуу тодорч ирнэ /
 
НЭВТ: Айргыг залгиад суугаад байж болдоггүй. Аандаа найр цэнгээнийг үгүйлнэ. Монголчууд айргаа уухдаа дуулж хуурдахаас гадна, олон янзын тоглоом наадам тоглодогийн нэг нь та биний сонсож байгаа энэ аялгуут наадам. Нэрийг нь ДЭМБЭЭ гэдэг юм.
 
                                                       / дэмбээ явсаар дуусна /


СОРОНЗОН БИЧЛЭГ:
  - За, та хоёрын хэн нь хожив доо?
                                       - Энэ Зориг хожлоо...
-          Дэмбээ наадмын учрыг мэдэхгүй хүн бас бий. Чухам яаж тоглодог юм бэ?
-          Тун амархан. Манай хөдөөгийн хүүхдүүд чулуу таалцаж тоглохдоо тус тусдаа адил тоотой чулуу аваад, тэр чулуунаасаа нуун авч ээлжлэн таалцана. Өөрийн атгасан чулуун дээрээ нөгөө хүнийхээ атгасан чулууг нийлүүлж тоог таана гэсэн үг. Ингэж хөдөөний хүүхэд тоо сурна, сэтгэхүйгээ хөгжүүлнэ. Үүний дараа нэг алхам ахиж дэмбээ сурдаг юм.
-          Тэгвэл яаж дэмбээддэгийг тайлбарлаж өгөхгүй юу?
-          Арга нь сая ярьдаг чулуу таалцахдаа яг адил. Дээр нь аялгуу нэмэгдэж байгаа хэрэг. Ингэхэд чи дэмбээдэж үзээгүй юм уу?
-          Огт үзээгүй. Мэддэг бол таныг сорьж байгаа биш дээ, юу гэж ингэж асууж суух билээ?
-          За би чамд зааж өгье...
-          Би ая дан болоод үгийг нь мэдэхгүй шүү?
-          Тэр яах вэ, хожмоо болно. Юуны өмнө хуруугаа гаргаж сураатах. Миний таван хуруу, чиний таван хуруу гээд ердөө энэ арван хуруунд хожил бий дээ.
-          Тэгвэл гайгүй юмаа...
-          За, чи хэдэн хуруу ч гаргаж болно. Ингээд нэг юм уу, хоёр, гурав, дөрвөн хуруу... Хэрэвээ таван хуруу гаргана гэж бодвол цаад хүнээ хэдэн хуруу гаргахыг бодох хэрэгтэй. Нөгөө хүн хоёр хуруу гаргана гэж бодвол долоо гэж хэлбэл чи нэг удаа тааж байгаа хэрэг. Тэгэхдээ зүгээр долоо гэж хэлэхгүй. Монгол хэлний холбоо, хоршоо үгээр “данагар долоо” ч гэх юм уу, “долоогоор таанаа” гэдэг ч юм уу, тухайн тоогоо урнаар нэрлэх болно. Тухайлбал “Найзын-8”, “Талын-5”, “Холбоо-2”  гэхчилэн хэлнэ. Ингээд түрүүлж тав таасан хүн нь хождог юм даа.
-          Ердөө энэ үү...?
-          Ердөө л энэ. Гэхдээ эрхий хуруугаа ямагт гаргаж байдаг ёстой.      Дээр нь үг бий, ая ч бий шүү дээ.
 
НЭВТ: Дэмбээ гэж авхаалж, сэтгэлгээ шаардсан тоглоом. Аялгуулаад агшин зуурт тоо таанаа гэдэг амаргүй. Хожигдсон нь айраг уух болно. Хожигдохын тоолонгоор айраг ууж, айрганд шахагдаад ирэх ч амаргүй дээ. Бүсээ тайлахаар амрах шиг санагддаг гээд боддоо. Хамгийн гол нь хожих хэрэгтэй. Хожихын тулд дэмбээ сайн сурах хэрэгтэй. 
 
                                              / хүүхдүүд алдан барин дэмбээдэнэ /
 
НЭВТ: Монгол ёсоор томчуудын тоглоомд хүүхдүүд тэр бүр оролцохгүй. Тэгээд хүүхэд бол хүүхэд шүү дээ. Хорин жил дэмбээдсэн хүнтэй хоёр жил оролдсон хүүхэд дүйхгүй л байх. Тэгтэл хожигдоо бол уух л болно. Арав, хорин литр айраг суудал дээрээ уучих эрчүүд цөөнгүй. Гэтэл хүүхэд барахгүй. Тэгэхлээр хоорондоо л дэмбээдсэн нь дээр. Гайгүй ээ, цаг нь ирэхээр хожвол ч хожиж, хожигдсон ч хотойхгүй уучихдаг болох вий.
 
                                                        / хүүхдүүд дэмбээдсээр /
 
НЭВТ: Гэрийн сүүдэрт дэвсгэр дэвсээд, дундаа савтай айраг тавьсан хүүхдүүдийн тэмцээн үргэлжилсээр... Хүүхдүүд хонь хургандаа явсан ч мориндоо айраг ганзаглаад явна. Хөдөө хээр морьдоо тушиж тавьчихаад дэмбээднэ. Дэмбээ гэдэг их багагүй, эр эмгүй нааддаг их дэлгэрсэн тоглоом доо.
 
                                                       / Бүсгүйчүүд дэмбээдэх /
 
НЭВТ: Эмэгтэй хүн дэмбээнд тун адтай. Ая дан ч сайтай. Эрчүүдийг бодвол уух нь бага ч, хожих нь их. Бурхан бололцоог нь харсан юм болов уу даа. 
 
                                                    / шогшоо дэмбээ орж ирэх /
 
НЭВТ: Дэмбээдэхэд шогших гэж бий. Энэ нь морины явдлаар зүйрлэсэн хэрэг. Алахуулахаас арай түргэн явахыг шогших гэдэг юм. Сонсогч та анзаарч байгаа бол ая дан нь илт түргэсэж байгаа биз? Ингэж хугацаа хожих юм уу, авхаалж сорих нь элбэгээ.
 
                                         / шогшоо дэмбээ тодорч ирээд дуусах /
 
            НЭВТ: Одоо цөмөөрөө нэрт эрдэмтэн, угтсаатны зүйч Нямбуу гуайн яриаг сонсоё.
СОРОНЗОН БИЧЛЭГ: 
НЯМБУУ: Монголчууд эртнээс нааш айргаа уухдаа ямагт найр цэнгээн үүсгэдэг уламжлалтай билээ. Том найр наадам дээр дуу хуур болно. Харин багахан хэмжээтэй бол хуруу гаргаж тоглох буюу дэмбээддэг юм. Өөрөөр хэлбэл дэмбээ наадмыг бага цэнгээн гэж ойлгож болно. Дэмбээ бол түвд үг юм. Тэгвэл энэ тоглоом түвдээс гаралтай юу гэвэл тийм бишээ. Дэмбээ нь язгуурын монголчуудын аравцах буюу хуруу гаргах тоглоомоос гаралтай юм. Хуруу гаргах тоглоом нь үг дуугүй хуруу таалцаж тоглодог бол дэмбээ нь аялгуутай, уран сайхан үг хэллэгээрээ ялгаатай. Монголчуудын дэмбээтэй төстэй тоглоом Хятад зэрэг азийн зарим оронд байдаг ч тэдгээрээс уран гоё үг хэллэгээрээ ялгаатай. Дэмбээ гэдэг үг нь түвдээр “үнэн хэлнэ шүү”, “булхайцахгүй шүү” гэсэн утгатай юм. Магадгүй анх манайд сүм хийдийн банди нар тоглож эхэлсэн байж болох юм.
 
                           / Өмнөговь аймгийн ХДТ-ынхан Дэмбээ дуулсныг оруулна /
 
НЭВТ: Монгол газар адуу бий болоод хэдэн мянганы нүүр үзсэнийг бүү мэд. Ямартай ч мөрөндөө хэдрэх хувцасгүй өвгөд маань хаданд сийлж үлдээжээ. Түүхийн сурвалж бичиг “Монголын нууц товчоо”-нд цэгээ уух, гүү саах тухай тов тодорхой өгүүлсэн нь бий. “Сорхон шарын гэрээс үдшийн бүрийгээс үүр цайтал айраг бүлэх дуун тасрахгүй” хэмээн бичсэн байдаг.
 
                                                                         / хөгжим /
 
НЭВТ: Үлгэр домогт айргийн тухай өгүүлсэн байдаг. Эрт урдын цагт ганц гүүтэй айл нуурын захад нутаглан байжээ. Гүү нь нэг өдөр унагалтал унага тэлчилсээр байгаад нууранд уначихжээ. Эхийх нь хөх чинэх учир эзэн нь саагаад хураагаад байж. Нэг өдөр хураасан сүүгээ асгах гээд амстал жигтэйхан сайхан амттай байжээ. Айраг ингэж үүссэн тухай домог байдаг юм.
 
                                                          / дэмбээ дахин орж ирэх /
 
НЭВТ: Монгол орон адуугаараа дэлхийд арвын дотор багтдаг. Монгол нутагт адуу байсан цагт айраг тасрахгүй. Айраг байсан цагт дэмбээн дуу тасрахгүй ээ.
            Хот айлын гадаа адуун сүрэг багширсаар үлдлээ...
 
                                                                         / хөгжим /
 
НЭВТ: Эрхэм сонсогч таныг монгол нутгийн хээр талаар  хэсэгхэн хугацаанд дагуулан явахад энэ буюу. Та монгол нутагт ирж гэмээнэ айраг хэмээх ундааг заавал ууж, аялгуут наадам дэмбээгээр тоглож үзээрэй.

                                                                                                                                      1993 он

No comments:

Post a Comment

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив