Lucky Charms Rainbow

Tuesday, January 8, 2013

МОД НОГООН ЭРДЭНЭ сэдэвт оюутны анхны бүтээлийн уралдаанд ирүүлсэн бүтээлээс 03



РТВС-ийн Найруулагчийн 1-р ангийн оюутан Бүрэнцэцэг
НЭВТ: Морин толгойт мод...
/ хөгжим /
НЭВТ: Цэнхэр зэрэглээ цэлэлзүүлэн тоглох эх говийн элгэнд түмэн мөчрөөрөө тэнгэр огторгуйг тэвэрсэн ганц модны үндэснээс нүдэн чинээ рашаан ус оргилдогыг амьд амьтан бүхэн андахгүй.
/ ус ундрах чимээ /
НЭВТ: Жилийн аль ч улиралд Баатар өвгөнийх ганц модны дэргэдээс холдож нүүнэ гэж үгүй. Айлууд зусландаа гарахад “Би ч эндээ үлдэе дээ” гээд алсын барааг саравчлан шүүрс алддагсан.
/  шум- шуурганы чимээ алсаас орж ирнэ /
НЭВТ: Тээр жилийн шуурганаар хэдэн азрага адуу нь сураггүй болж унах унаа, маллах малгүй болсондоо ч тэр үү, хүмүүсээс дөлж ганц гэрээр нутагладаг болоод олон хаврыг үдсэн дээ. Хааяа нэг халамцахаараа хэдэн адуугаа л ярьж сувдан хэлхээ бөмбөрүүлнэ.
/ морь давхих чимээ илэрхийлсэн  хөгжим /
НЭВТ: Налгар намрын нэгэн өдөр “Хилэн хар гүйгээд иржээ...” гэх хачин жигтэй сураг хүн бүрийн чихийг дэлсэж, Баатар өвгөний сэтгэлийн хүлээс ч тайлагдав.
/ шум /
НЭВТ: Хурдны угшилт “хилэн хар” өргөн талыг тэгнэн унасан нарны шаргал улаан туяан дор унасан газраа үнэрлэж, торгон үсээ салхиар самнах төдий шилгээн, нуухадсан нүдээрээ говь нутгаа гунигтайхан ажин гурван хөл дээрээ тогтож ядан зогсоно.
/ харууслын хөгжим /
НЭВТ: “Хилэн хар” удсангүй ээ. Хэдхэн хоноод хөндий талынхаа зэрэглээн дунд хөгшид өвгөдийнхөө буурин дээр хөрвөөх гэж хэвтээд дахиж өндийсөнгүй. Эмгэнэж гашуудсан нутгийн ардууд эх говийнхоо элгэнд буй шархтай амьтан намагт нь хэвтэж хоноод сорвигүй эдгэрдэг шанд булгийн эх туг шиг босоо ганц модонд домогт ажнайн молор толгойг нь залж, “нутгаа гэж зорьж ирсэн ажнай хүлэг минь дээ” хэмээн цай сүүнийхээ дээжийг өргөж сүслэн залбирдаг болжээ. Тэр цагаас хойш он жил өнгөрч “Морин толгойт” ганц модны хөндийд говийн Баянбүрд цогцолжээ.
/ хөгжим-Баян бүрдийн чимээ цухуйлгах /
НЭВТ: Хүлэг нь хүртэл харийн нутгаас тэмүүлж ирдэг домогт нутгийн хөгшид жилээс жилд цөөрч, залуус нь хот хүрээ бараадаж, зарим нь бүр харь орон руу тэмүүлж эзэнгүй шахам говьд ганц мод ижлээ хайн өндөлзсөөр...
/  хөгжим /
НЭВТ: Харийн тэнүүлчид хөрсөн доорх эрдэнэсэд нь шунаж ган дөрвөн туурайгаараа  ширүүхэн ч дэлдэж чаддаггүй эмзэг хөрсийг нь яран хаяж, сэглэж зэрэмдэглэхийн цагт “Морин толгойт мод”-ны рашаан ус татарч, баян бүрднийх нь ургамал ногоо нь гандаж, элс шороонд дарагдаж, хатаж омголдсон ээрэм талд Морин толгойт мод гунигтай бөхөлзөх нь цэвүүн цагийн дохио гэлтэй.
/ хөгжим /
Ганц ижийгээ хүү нь гомдоох шиг
Газар шороо уйлж байна
Голын хайртай охиноо эцэг нь занчих шиг
Газар шороо уйлж байна
Өвгөдөө онголохдоо л хэвлийд нь гар хүрдэгсэн
Өстөн дайснаасаа амиараа хамгаалан үлдээсэнсэн
Өгөөмөр өгөөмөр гэмээнэ нутаг усаа бид
Өрлөж юунд сүйтгэнэ вэ?
Өвдөж шаналсан эх дэлхий уйлж байна
Бүү хүр, бүтэн үлдээ...
/ хөгжим /
НЭВТ: Мод хэмээх нэгэн бодис газар дээр ганц мэт харагдавч газар дороо амьд бүхний эх ундрага болж байдаг юм, хүмүүсээ.
Унасан газар, угаасан усаа гэж адгуус нь хүртэл тэмүүлэн ирдэг газар шороогоо орхиж, харьд очоод сураг алдардаг өнөө цагийн эмгэнэлийг “Морин толгойт” модны домог ийн сануулах авай.
/ хөгжим /
НЭВТ: Та бүхэн РТВС-ийн Найруулагчийн 1-р ангийн оюутан Бүрэнцэцэгийн бичиж, найруулсан “Морин толгойт мод” уран сайхны нийтлэл сонслоо. Уншсан оюутан Болорцэцэг.

No comments:

Post a Comment

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив