НЭВТ: Захидлаас
үүдсэн сэдэв...
НЭВТ: Эрхэм сонсогчид оо, монгол нохойн талаар сонирхуулж өгнө
үү гэсэн захидлыг Японы Чиба мужийн сонсогч Судо Микио ирүүлсэн юм. Энэ удаа
бид МОНГОЛ НОХОЙ сэдвээр ярилцах гэж
байна, наашаа суугаарай...
/ хөгжим /
НЭВТ: Эхний хэсэг буюу
Хүчирхэг нэрт нохойнууд...
/чоно улих чимээ
орж ирээд залгаад фон дээр /
НЭВТ: Чоно ульж байна. Сонсогч та гайхаж байна уу? Тиймээ,
монгол нохойг Түвдийн “Гарз” нохойноос, Түвдийн “гарз” нохойг Энэтхэгийн хар
чононоос гаралтай гэж судлаачид үздэг юм. Тиймээс монгол нохойг хамгийн эртний
үүлдрийн нохой гэж үзэх үндэстэй. Өөрөөр хэлбэл монгол нохой шиг нохой дэлхий
дээр бараг байхгүй ээ гэсэн үг.
/ монгол нохойн
хүчтэй хуцах чимээ орж ирэх /
НЭВТ: Монгол нохой холч бүдүүн дуутай, бие галбирийн хувьд
лагс, толгой хошуу томтой, чих унжуу, нүд дугираг болоод суусан. Хүзүү том,
сэрвээ махлаг, цээж өргөнтэй, хүчирхэг өсгөлүүн биетэй. Сүүл хонгорцог өтгөн,
хөл тавхай том, цөс их. Монгол нохойд зүрх цагаан хар, дөрвөн нүдтэй улаан
халтар гээд ердөө хоёр зүс байдаг юм. Юутай ч судлаачын яриаг сонсоё.
СОРОНЗОН БИЧЛЭГ:
ТӨМӨРЖАВ: Бид их олон нохой дээр судалгаа явуулсны үр дүнд монгол
нохойн гарал үүсэл, тархалт, тоо, түүний бие цогцос, өнгө зүсний онцлог, зан
араншин,албаны шинж, үржил болоод биологийн онцлог зэрэг олон зүйлийг
тодруулсан.
СУРВАЛЖЛАГЧ: Зарим нэгээс нь
сонирхуулбал...?
ТӨМӨРЖАВ: Монгол нохой дунд зэргийн чимээг 300 метрийн цаанаас,
хүчтэй чимээг километрийн цаанаас сонсож хариу өгдөг. Энэ шинжээрээ европын
шилдэг нохдоос хавьгүй илүү юм. Тухайлбал, дорнод европийн овчарка нохой дундаж
чимээг 250-300 метрийн цаанаас сонсож чадахгүй байхад монгол нохой километрийн
цаанаас, гүйж яваа хүн болоод амьтны чимээг 230 метрийн цаанаас сонсдог.
Түүнээс гадна монгол нохойн харах чадвар онцгой сайн. Монгол нохой 500-700
метрийн зайд аливаа зүйлийг тод хардаг байхад европийн ноход 300 метрийн
цаанаас харж чаддадгүй. Зан араншингийн хувьд маш тайван. Юм сурахдаа сайн,
мартахдаа удаан. Тэсвэр хатуужил сайтай. Эрс тэс уур амьсгалд ямарч байр
савгүйгээр амьдарч чаддаг.
СУРВАЛЖЛАГЧ: Монгол нохойн
хараа хурц, чих сонор юм байна. Харин мөр
хөөхдөө ямар бол...?
ТӨМӨРЖАВ: Харин мөр хөөхдөө төдий л сайн биш. Энэ нь сул тал нь юм
даа. Гэхдээ энд чиглэлд анхаарал тавьж хандвал муугүй болох нь судалгаагаар
ажиглагдсан.
НЭВТ: Сая
ХААДС-ийн захирал, академич Төмөржав ярьлаа.
/
хөгжим орж ирээд нохой хуцах чимээ /
НЭВТ: Монголчуудын түүхийн баримт бичигт тэмдэглэснээс үзвэл
лавтайяа 12-15 мянган жилийн тэртээ нохойг анх гэршүүлжээ. Нүүдэлчдийн өвөрмөц
ахуйд нохой маш чухал үүрэгтэй. Монголчууд
нохойг ан авд хэрэглэхээс гадна мал хариулах, хот хороогоо мануулах зэрэг ажилд
хэрэглэж, үнэнч хань нөхрөө гэж үзсээр иржээ. Мөн нохойг ханилгаа муутай хүнээс
илүү үнэнч нөхөр гэж үнэлдэг юм. Үнэхээр ямарч монгол нохой эзнээ ядарч
зүдэрсэн ч хаяж явдаггүй онцлогтой. Тиймээс монголчуудын дунд “нохой шиг үнэнч”
гэсэн хэлц үг гарсан юм.
Монголчууд нохойгоо дөрвөн хүчтний шинж бүрдмэл хэмээн
үлгэр домогтоо бичсэн байдаг. Тухайлбал, арслан мэт сүрлэг, барс лугаа гавшгай,
луу адил догшин өндөр дуутай, хангарьдтай зүйрлэм хурдан шаламгай гэсэн байдаг.
Тиймээс ч нохойгоо хүчтэний нэрээр нэрлэдэг юм.
Хоточ нохой хонь хариулж, хот манахаас гадна хөдөө хээр
хурга, ишиг хаядаггүй, бас тэр нялх амьтадыг махчин амьтад, хэрээ шувуунд
алдана гэж ер үгүй. Нүүр нүдгүй цасаар шуурч байсан ч хонь мал, эзнээ замчлан
дагуулсаар гэрт нь авчирдаг ач тустай амьтан. Шөнө малчны хотонд үргэж цочсон
мал хоточ нохойн дуунаар тайвшран хэвтэртээ буцаж хэвтнэ. Хоточ нохойн дуу
хүрэх газар чоно ирдэггүй, нохойтой айлын хот руу ч өнгийж эргэдэггүй гэдэг.
Монголчууд хоточ нохойгоо эцэг малаас дутуугүй эрхэмлэн үзэж, эртэй, ээлтэй тэр
амьтны сүр хүчийг улам бадраан тод улаан өнгийн даавуугаар хэл цацаг хайчлан
хүзүүвчинд нь зүүж, мөн уяандаа бухимдаж, хоолой нь сөөхвий гэхдээ цээжээр нь
хударгалж уядаг заншилтай. Мөн хатингарч давжаа биетэй болохоос болгоомжлон
давстай халуун шөл, хоол өгдөггүй уламжлалтай. Хоточ нохой насны тоо нь гүйцвэл
гаднаа хэвтэж үхдэггүй, цагаа болохоор гэр малаас холдож нүд аньдаг. Монголчууд
үхсэн нохойгоо зөнд нь хаядаггүй. Ач буяныг нь санаж сүүлийг нь огтлон онголж
оршуулна. Энэ нь нохойгоо хүн болж төрөхийг бэлгэдэж байгаа нэгэн зан үйл юм.
/ Банхар хуцах
чимээ /
НЭВТ: Эрхэм сонсогчид оо, одоо монгол нохойн тухай эрт цагийн
биш саяхны нэгэн баримт сонирхуулья. 1993 онд гурван монгол эр Банхар гэдэг
монгол нохойтой хамт Америк хүртэл аялсан юм. Миний дэргэд тус аяллын ахлагч
Батзориг, аяллын нэг гишүүн болох Банхар байна. /банхарын чимээг өгөх/
СОРОНЗОН БИЧЛЭГ:
СУРВАЛЖЛАГЧ: Батзоригоо, та
нар алдарт Сибирийг бүтэн таван сар, алсын Америк хүртэл дахиад таван сар явган аялахдаа 8200 км зам туулжээ. Энэ
урт аяллын нэг гишүүн-үнэнч нөхөр нохойныхоо талаар сонирхуулна уу?
БАТЗОРИГ: Монголчууд хэзээнээсээ холын замд гарахдаа нохой дагуулж
явдаг уламжлалтай байжээ. Тиймээс бид холын аялалдаа үнэнч туслагчаа болгож
монгол нохой дагуулж гарсан юм. Урт удаан аяллынхаа явцад монгол нохойн талаар
олон сайхан зүйл шинээр мэдэж авсан. Жишээ нь манай Банхар дандаа нутгийхаа зүг
харж хуцна. Мөн толгойгоо нутгийн зүг хандуулж унтна. Бид байрлалыг өөрчлөх гэж
оролдоод чадаагүй. Монгол нохой үнэхээр чадал ихтэй, тэсвэр хатуужилтай юм
билээ. Сибирийн тайгад явж байхад ульж байсан чоно Банхарын хуцах чимээнээр нам
болно. Холдоод явчихдаг шиг байгаа юм. Манай Банхар баавгай хараад бас дайрах
санаатай. Үнэндээ баавгайг яаж дийлэх вэ дээ, угийн зориг цөсөөрөө л дайрч
байгаа хэрэг. Үнэхээр цөс ихтэй амьтан. Оросын нутагт зам зуур хүмүүс манай
Банхарыг их сонирхож байсан. Чукоткад монгол нохойг Лайка нохойтой ноцолдуулья
гээд байхаар нь бид ноцолдуулж үзлээ. Тэр хүчтэй нохойг манай Банхар тун ч
хэцүүдүүлсэн дээ. Эзэд нь тэмцээн дуусаагүй байхад нохойгоо татаж авсан.
СУРВАЛЖЛАГЧ: Аян замд хамгийн
сэтгэл хөдөлгөсөн зүйл юу байв?
БАТЗОРИГ: Америкийн нутагт хүрэхийн үед нохойныхоо гаалийн татварт
өгөх мөнгөгүйгээс болоод аргагүй эрхэнд нэг айлд Банхараа үлдээх болсон. Тэгсэн
чинь бүү үзэгд! Нохой маань гинжээ тасчих шахан үсэрч, гасалж гангинаж байлаа.
Онгоцон дотроос нохойгоо харахад тал тал тийшээгээ үсчин, бидний суусан онгоцыг
дагаж давхиад үнэхээр өрөвдмөөр байсан. Өөрийн эрхгүй хамар шахирч, нүдний
нулимс гарч байсан. Аялалаа дуусаад
нохойгоо авахаар очиход биднийг тосож ирээд сүйд болсон. Бөөн баяр хөөр. Гэрийн
эзэн ч тун ч гонсгор үлдсэн дээ. Тэд монгол нохойнд дассан болохоороо уйлж байсан.
Үүнийг харсан Банхар ч бас хэцүү байсан. Гэсэн ч дахиад орхиод явчихвий гэсэн
шиг биднээс түрүүлэн онгоцны хаалга руу орсон гэж байгаа. Тэгэхэд нь бид “Хүний
хүү хүрэн бөөртэй гэж энэ дээ...” гээд инээлдэж байлаа.
СУРВАЛЖЛАГЧ: Зам зуур хүмүүс
нохойгоо зараач гэвэл яах байсан бэ?
БАТЗОРИГ: Яалаа гэж, монгол хүн нохойгоо зарах билээ...
НЭВТ: Сүүлийн жилүүдэд жинхэнэ монгол нохой ховордож байгаа
тухай яриа үнэн бололтой. Статистикийн тоо баримтаас үзвэл, манай оронд хорин
хэдэн мянган нохой байдаг юм байна. Гэхдээ бүгд монгол нохой биш. Үзэмчин,
Тайган... гээд янз янзын үүлдрийн эрлийз нохой олширсон гэнэ. Харин жинхэнэ
монгол нохой Говь-Алтай, Баянхонгор, Ховд, Увс, Өмнөговь, Дорноговь,
Баян-Өлгий, Архангай аймгуудад нэлээд байдаг юм байна. Гэсэн хэдий ч монгол
нохой нийт нохойны ердөө 30 хувийг эзэлж байна. Харамсмаар байгаа биз? Дэлхийд
ховорт тооцогдох зүрх цагаан хар, дөрвөн нүдэт улаан халтар Банхар, Барс,
Хүдэр, Хойлог, Хасар, Басарууд ингэтлээ цөөрлөө гэж үү?!
/ таслал хөгжим дээр нохой гомдолтой хуцах чимээ орж ирэх
/
НЭВТ: Удаах хэсэг буюу Захидлаас
үүдсэн сэдэв цааш өрнөсөн нь...
НЭВТ: Эрхэм сонсогчид оо, би энд академич Төмөржав, “Монгол
бадарчин-93” аялалын гишүүн Батзориг, оюутан Түмэннаст нартай монгол нохойн
тухай яриагаа улам өрнүүлээд сууж байна.
СОРОНЗОН БИЧЛЭГ:
ТӨМӨРЖАВ: Өнөөдөр нутгийнхаа монгол үүлдрийн нохойг өсгөж үржүүлэх
цаг нэгэнт болжээ. Хасар, Басар, Банхар, Хойлог гээд нэрэндээ зохицсон сайхан
монгол нохой цөөрч, учир нь мэдэгдэхгүй эрлийз нохой их болж байна. Энэ нохдод
угаас хоточ чанар байхгүй. Тэр бүү хэл малаа барьж байна. Малчны хотыг сахидаг
хоточ нохой цөөрч байгаа тул монгол нохойны талаарх судалааг улам өргөжүүлж,
сурталчилгаа хийх цаг болсон гэж үзэж байна.
СУРВАЛЖЛАГЧ: Нохойг гадаад
орны жишгээр аж ахуйн чиглэлээр өсгөн үржүүлэх боломж бололцоо бий юу?
ТӨМӨРЖАВ: Сэтгэл байвал бүх боломж бий. Уг нь нохойн аж ахуй гэж
байсан. Одоо юу болсон мэдэхгүй. Бас нохой судлалын нийгэмлэг гэж байсан, мөн
таг болсон доо. Нохойн үзэсгэлэн хүртэл гардаг байлаа. Нохойн ноос, ноолуур,
арьс хөрсийг ашиглах, нохойн ходоотны шүүс болоод өөх махаар нь янз бүрийн эм
бэлдмэл бэлтгэх гээд эдийн засгийн чиглэлээр хөгжүүлэх бүх боломж бий. Гагцхүү
санаачилга дутаад байна.
СУРВАЛЖЛАГЧ: Тэгвэл Батзориг
юу хэлэх вэ?
БАТЗОРИГ: Монгол нохой хүч тэнхээ ихтэй, тэсвэр
хатуужил сайтай тул жинхэнэ монгол нохойг дэлхийн нохойн спортын тавцан дээр
яагаад гаргаж болохгүй гэж. Дэлхийн хэмжээний тэмцээнд нохой багаараа оролцдог
юм билээ. Доод тал нь 10 нохой орно. Түрүүлсэн нохой маш өндөр шагналтай. Монголчууд
бид “Монгол нохой” клуб байгуулаад түүний дэргэд спортын чиглэлээр тамирчин
нохой яагаад бэлтгэж болохгүй гэж. Монгол нохойн нэрийг дэлхийд гаргах цаг
болсон.
СУРВАЛЖЛАГЧ: Оюутан
Түмэннастын хэлэх үгийг сонсоё?
ТҮМЭННАСТ: Монголчууд эр хүний чимэг сайн морь, хурц
хутаг гэж үздэг байсан. Түүн лугаа сайн нохой эзэн хүний чимэг гэж яагаад үзэж
болохгүй гэж. Монгол нохой дэлхийн сайн үүлдрийн нохойтой эн зэрэгцэж болмоор
санагдаад байдаг юм. Яагаад гэвэл 18-р зууны үед Английн эзэн хаан IY Георги
Түвдийн “гарз” нохойг нутагтаа авчирсан нь тэр үед нэлээд шуугиан тарьжээ.
Бараг л бүх язгууртнууд “гарз” нохой тэжээж эхэлсэн гэдэг. Үүнээс үзэхэд үүсэл
гарал нэгтэй “монгол нохой” дэлхийд сонирхогдоно гэж боддог. Ер нь дэлхий дээр
цэвэр цусны нохой ховор гэдэг юм. Тэгвэл монгол нохой цэвэр цусных шүү дээ. Би
“гарз” гэдэг үгийн утгыг хөөж үзлээ л дээ. Монголчууд үзэмж төгс, хүч чадал
ихтэй, ер нь өв тэгш нохойг ингэж нэрлэдэг юм байна. Иймээс би энэ хүмүүсийн
нэг адил нохойн спортод, олон улсын яармагт монгол нохойг оролцуулах саналыг
дэмжиж байна. Хэрэв нохойн клуб байгуулбал их ач тустай зүйл болно. Монгол
нохойн удмын санг хадгалж, хамгаалахын зэрэгцээ бас өнөөдөр хүмүүс гэртээ нохой
ихээр тэжээх болсонтой холбогдуулаад тэдэнд нохойтой яаж харьцах, яаж сонгож
авах, яаж эмчлэх, тэжээх гээд олон талын
зөвөлгөө өгч болно шүү дээ.
НЭВТ: Ийнхүү гадаадын сонсогчийн захидлаас олсон сэдэв монгол
нохойн тухай санаж сэрэх цаг ирснийг бидэнд ийн санууллаа. Цааш үргэлжлэх
хэсгийг сонсогч танд үлдээгээд нэвтрүүлгээ өндөрлөе.
1993 он
No comments:
Post a Comment