/ Сонсож болно /
НЭВТ: “Өвгөдийн сургаал өв, хуучны үг хууль” хэмээх ардын ёс заншлын тухай цуврал
нэвтрүүлгийн энэ дугаараар “Замд болсон
яриа” радио зохиомж хүлээн авч сонсоно уу.
/ уртын дууны аялгуун дээр
галт тэрэгний чимээ орж ирээд /
НЭВТ: Уудам шаргал талын дундуур галт тэрэг өмнөөс хойд зүг рүү
дохиогоо хангинуулан хурдална. Хол газраас нутаг руугаа тэмүүлэх олон
зорчигчдын дунд арваад насны нэг хүү, залуухан эр эм, бас ээж нь бололтой
эмгэний хамт урт нарийн гудманд эгнэн зогсож галт тэрэгний цонхоор энэ тэрийг
харж явна.
/ Галт тэрэгний
чимээ тодорч ирээд намсах фон дээр яриа өрнөнө /
Бэр: Ээжээ, дотогшоо орж халуун цай уух уу даа. Та ядарч
байгаа байх.
Эмгэн: Гайгүй дээ, охин минь. Ээж нь жаал салхи амьсгалъя.
Нутгийн үнэртэй салхи юугаар ч сольшгүй
эрдэнэ юм даа.
Хүү: Ээж минь үзэж сонирхоод байх юм алга байна шүү дээ, юуг
нь ингэтлээ харна вэ? Даарчихна...
Эмгэн: Эх нутгаас илүүтэй юм энэ орчлонд үгүй. Сар шахам олон
сайхан газраар явлаа. Ээж нь нутгийн салхиа их санажээ.
Хүү: Та чинь явсан газрынхаа хөгжлийг магтаад, байшин барилга,
энэ машин тэрэг, тэр зам гүүр гээд л гайхаж бишрээд байсан биз дээ?
Эмгэн: Хүү минь, хүний нутаг сайхан ч эх нутаг шиг минь яаж байх
билээ. Энэ уудам талыг хараад ч уйдамгүй, салхийг нь амтлаад ч ханамгүй...
Хүү: Уйтгартай юмаа, ээжээ. Хаа нэг тааралдах адуу малаас өөр
үзэгдэж харагдах юмгүй...
Эмгэн: Уйдна... гэдгийг хүн өөрөө л бий болгодог юм даа. За
тэгвэл би, энэ талд харагдаж байгаа үзэгдэл юмсын тухай, оньсого хэлье. Харин
та нар таагаарай.
Ач хүү: Өө гоё, гоё... эмээ хэлээд байгаарай, би таагаад байя...
Эмгэн: Сайн байна, миний хүү. Анхааралтай сонсоорой. “Матмал
мод. Өлгөмөл мод. Хэлхмэл мод.
Хавтгай мод. Хонины ноос. Томсон дээс” тэр юу вэ...?
Ач хүү: Тэр үү.. тэр үү..? /таах гэж
хичээнгүйлэн бодох/
Эмгэн: Та нарын нүдний өмнө гараад ирлээ шүү дээ...
Ач хүү: Аа мэдлээ, мэдлээ. Гэр... гэр... Эмээ, гэрийг бас “хүнхэр
заан хүнээр дүүрэн” гэдэг ш дээ.
Эмгэн: Сайн байна, миний хүү л тааж чадлаа шүү дээ.
Ач хүү: Эмээ дахиад хэлээрэй
Эмгэн: “Цэнхэр торгон
цамц захгүй...” тэр юу вэ...?
Ач хүү: Тэнгэр...
Эмгэн: Сайн байна. Тэгвэл “Хөлгүй байж явдаг...” тэр юу вэ...?
Ач хүү: Мм... /давтан хэлээд
бодоод л байна. Гэсэн ч тааж чадахгүй/
Эмгэн: Үүнийг бас “Тээр дээгүүр чимээгүй нүүдэл явна” гэж хэлдэг юм даа
Бэр: /баяртайгаар/ Үүл...
Ач хүү: /гомдолтойгоор/ Өө, би хэлэх гэж
байхад чинь... Ээж хэлчих юмаа.
Эмгэн: “Бөн бөн гүйдэлтэй. Бөөр зүрхгүй шаргачин. Дэн дэн
гүйдэлтэй дэл сүүлгүй шаргачин” тэр юу
вэ...?
/ Бүгдээрээ таах гэж оролдоод чадахгүй /
Эмгэн: Үүнийг бас “Шур шур гүйдэлтэй шулуун хөх морь” гэдэг
юм. Бод бод... Сайн бод...
Бэр: Юу юм дээ хэлээд өг дөө...
Эмгэн: Зэрэглээ шүү дээ
Хүү, бэр: /нэгэн зэрэг/ Өө, нээрэн тийм байна шүү дээ...
Эмгэн: “Хүзүүгүй
тэмээ хүрээ орно” тэр юу вэ...?
/ Өнөө хэд давтан хэлээд бодоод бодоод байна /
Эмгэн: Яг... та нарын өмнө харагдаж байна даа...
Бүгд: /нэгэн зэрэг/ Зам... зам...
Ач хүү: Эмээ, эмээ замыг бас “Уулнаас урт, өвснөөс намхан” гэдэг
ш дээ...
Эмгэн: За тэр, тэр... “Түмэнд алдартай. Төмөр биетэй. Тосон
хоолтой. Толгой дээгүүр явдаг. Том
хар баатар” гараад ирлээ дээ...?
Бүгд: /бүгд нэгэн зэрэг/ Онгоц... онгоц...
Хүү: Хүүе, та нар хар даа. Тэр, тэр... “Алтан өндөг агаараар аялж
байна...?
Ач хүү: Өө, ааваа
наадах чинь нар, би мэднээ...
Бэр: Манай монголчууд ямар гайхамшигтай хүмүүс вэ. Ердөө
энэхэн зуур харагдаж байгаа бүхнийг оньсогоор илэрхийлчихэж байна гэж бодохоор үнэхээр гайхалтай юмаа?
Хүү: Хөдөө
хээр адуу мал хариулж явахдаа уул ус, тал хээр... гээд байгаль дэлхийгээ ажиж
шинжиж явдгийн нэг илрэл юм даа, тийм ээ...?
Эмгэн: Тийм нь ч тийм. Гэхдээ монгол ардын оньсого таавар гэдэг
чинь дандаа байгаль дэлхий, ан амьтан, жигүүртэн шувууд, юмс үзэгдлийн тухай
байдаг гэж бодож болохгүй ээ.
Хүү: Тэгвэл бидний энэ сууж яваа галт тэрэгний тухай оньсого
бий гэж үү, ээжээ...?
Эмгэн: Сонсож бай. “Хар усан ундтай. Хад чулуун идэштэй.
Биеийг нь явахаас өмнө мөр нь гардаг” гэдэг юм даа.
Хүү: /бүр үнэн
сэтгэлээсээ инээд алдаад/ Ээж ёстой
зохиочихлоо. Би таныг ийм оньсого хэлнэ гэж ёстой бодсонгүй.
Эмгэн: Тэгвэл галт тэрэгний тухай өөр нэг оньсого хэлье л дээ.
Сонсож бай... “У- дэ У-дэ дуутай. Урт бүдүүн биетэй. Онц арвин хөлтэй. Онцгой их
хүчтэй. Аян замд гарахдаа ард олон нөхөдтэй. Алс хол асар түргэн гүйдэлтэй.
Тоглож тоглож ядарвал, толгой бие нь салдаг. Духаараа ууж доогуураа урсгадаг”
Бэр: /гайхан/ Ээжээ, та ямар олон оньсого мэддэг юм бэ?
Эмгэн: Хуучин цагт оньсого мэддэггүй хүн, тэр дундаа оньсого
мэддэггүй эх хүн гэж байдаггүй байсан юм. Яагаад гэвэл ээж бүхэн үр хүүхдээ
хүмүүжүүлэх гэж оньсого хэлнэ...
Ач хүү: Эмээ, эмээ... Тэгвэл унадаг дугуйны тухай оньсого бий юу?
Эмгэн: Байлгүй яахав. “Хоёр хүрдтэй. Хавтгай биетэй. Чихийг нь
гишгэвэл гүйдэг. Цээжийг нь залвал явдаг” гэдэг юм хүү минь...
Ач хүү: Тэгвэл... машины тухай оньсого бий юу?
Эмгэн: Зөндөө зөндөө. Тун олон оньсого бий. “Гал хоёр нүдтэй. Гархин дөрвөн
хөлтэй. Хүндийг үүрэгч. Гүрнийг тойрогч” гэдэг юм. Бас “Хатирахад
хөлсгүй, хатгахад цусгүй” ч гэж хэлдэг.
Хүү: /сонжсон маягтай/ Тэгвэл миний энэ барьж байгаа утсыг монголчууд
оньсогондоо юу гэж хэлсэн байх юм дээ, ээжээ...?
Эмгэн: /их л эгдүүцэн/ Наадахыг
чинь... “Холыг ойртуулдаг. Хоёрыг уулзуулдаг. Ховч хар” гэдэг юм даа...
Хүү: /тэсгэлгүй инээд
алдаад/ За, за...би бүр ойлгохоо байлаа.
Манай монголчууд ийм баялаг оньсоготой юм уу, аль эсвэл манай ээж зохиогоод
байна уу...?
Эмгэн: /их л уцаарлангуй/ Одоогийн та нар
телевиз, элдэв компьютер тоглоом энэ тэр гээд ардынхаа уламжлалт сайн сайхан
бүхнийг мэдэхээ байгаад, ардын гэсэн бүхнээ харь гаригийн юм шиг бодддог болж.
Ингэж хэлж байхын оронд чи заримыг нь тогтоож аваад үр хүүхэддээ хэлж өгмөөр юм
даа. Монголчууд бид зүгээр нэг зугаацаж наадах, цаг нөхцөөх гэсэндээ оньсого
хэлдэг юм биш. Үр хүүхэддээ байгаль ертөнцийн юмс үзэгдэл болоод ахуй амьдралын
бүхий л зүйлийг оньсогоор дамжуулан таниулж, оюун ухааныг нь задалж, ургуулан
бодох сэтгэлгээг нь хөгжүүлж ирсэн уламжлалтай юм шүү.
Бэр: За ээж минь, одоо дотогшоо орж халуун цай ууцгаая.
Эмгэн: Тэгье дээ.
/ Тэдний цай ууцгаах чимээ /
Ач хүү: Эмээ, эмээ... одоо би нэг оньсого таалгах уу...?
Эмгэн: Тэгээрэй,
миний хүү хэлээрэй...
Ач хүү: “Өглөө дөрвөн хөлтэй, өдөр хоёр хөлтэй, орой гурван хөлтэй” тэр юу вэ...?
/ Эмгэн ач хүүгээ өхөөрдөн инээнэ. Бүгд энэ оньсогыг сайн
мэддэг ч мэдэхгүй дүр үзүүлэн хүүг өхөөрдөн тааж ядан байгаа янз үзүүлнэ /
Ач хүү: /хүү их л
баясгалантайгаар/ еэ... та нар мэдэхгүй байгаа
юм уу. Эмээ хүртэл мэдэхгүй байгаа юм уу? Тэгвэл би хэлээд өгөх үү...?
Бүгд: Тэг, тэг бид таахгүй юм байна.
Ач хүү: Энэ оньсого хүнийг хэлж байгаа юм. Хүн жаахан байхдаа
мөлхдөг ш дээ. Түүнийг дөрвөн хөлтэй гэж байгаа юм. Дараа нь том болохоороо
хоёр хөлөөрөө явдаг биз дээ?
Аав, ээж: Нээрэн тийм юм байна. Үгүй тэгээд орой гурван хөлтэй
гэдэг нь ямар учиртай юм бэ?
Ач хүү: Хүн хөгшин болохоор таяг тулдаг биз дээ. Энэ эмээг хар л
даа, таягтай байгаа биз дээ...?
/ Бүгдээрээ хөгжилдөн инээнэ /
Аав, ээж: Ээжээ,
цөмөөрөө хөзөр тоглох уу...?
Эмгэн: Шагайтайсан бол шагай тоглож явбал сайхан даа.
Хүү: Нээрэн хол замд явж байхдаа шагай авч явмаар юм байна
шүү. Хүүхэд хөгшидгүй бүгд тоглодог сайхан тоглоом. Шагайг манай ээж “Өсөхөөс
сурсан үндсэн тоглоом. Өвөртлөөд
үхдэг мөнхийн дагуул” гэж хэлдэг юм ш дээ.
Эмгэн: Наадах чинь миний ч үг биш, өвгөдөөс минь уламжилж ирсэн
үг юм шүү. Шагай монгол хүний манцуйд хадаж, өлгий дээр нь зүүгээстэй нялх
балчир настайд нь хамт байж, өлчир настайгаа золгоход нь алганд нь шилжиж
наадам зугаа болж, оюуны оньс, ухааны учиг нь байсаар нэгэн насаа элээж, ханат
гэрээ орхиж хадан гэртээ очиход нь хамт явдаг тоглоом. Ер нь ийм тоглоом биднээс
өөр улс үндэстэнд байхгүй байх шүү. Шагай гэдэг чинь нүдний хараа хурцалж,
гарын ур дүйг төлөвшүүлж, хурууны налархайг биежүүлж, оюуны бөглөөг онгойлгож
өгдөг шидтэй тоглоом доо.
Бэр: Ээжээ “Аргай шагай” гэж ямар шагайг хэлдэг юм бэ?
Хүү: Аргалийн шагайг хэлдэг юм...
Эмгэн: Тиймээ. Аргалийн шагай тийм ч элбэг биш л дээ. Тэгээд ч
тэр үү, хүнд бэлэг болгож өгдөг байлаа. Учир нь аргалын шагай хадгалсан айлд
хонь тогтдог, хонь өсдөг гэдэг болохоор дээр үед айлууд гэртээ аргалын шагай
хадгалдаг уламжлалтай байсан юм. Бас зээрийн шагайг их хүндэтгэж үзнэ.
БЭР: Яагаад...?
Эмгэн: Зээрийг
“тэнгэрийн хонь” гэдэг болохоор шагайг нь эрхэмлэдэг байж...
Хүү: Ээжээ, мөсөн дээр тоглодог шагай чинь үхрийн шагай биз
дээ?
Эмгэн: Тийм ээ үхрийн шагай...
Бэр: Өнөө цагт шагайгаар тоглодог хүүхэд бараг байхгүй болж
дээ...?
Эмгэн: Тийм юм гээч. Танай энэ хүү гэхэд л шагай тоглож мэдэхгүй
биз дээ. Уг нь хүүхэд шагайгаар тоглож байвал, тоо бодож сурах, гарын багцаа,
нүдний баримжаа сайжрахаас гадна ухаажиж хэрсүүждэг юм даа.
Хүү: Би бага байхдаа шагай шүүрэхдээ мундаг байсан. Тийм ээ,
ээжээ?
Эмгэн: Тийм шүү. Миний хүү шагай их уран шүүрдэг байсан юм.
Шатрын уран нүүдэл гэдэг шиг, шагайн
уран шүүрэлт гэж бий...
Ач хүү: Эмээ, тэгвэл би аав шиг шагай уран шүүрдэг болноо...
Хүү: Тэгээрэй, аав нь хүүдээ шагай цуглуулж өгнөө. Тэгээд
цөмөөрөө хааяа тоглож байя...
Бэр: Нээрэн тэгнэ шүү. “Махан дотор яс эрдэнэ. Ясан дотор
шагай эрдэнэ” гэдэг шүү дээ.
Эмгэн: Тэгэлгүй яахав. Монгол хүн шагай хаях цээртэй. Шагай
хаядаг айлд буян тогтохгүй, шагай цуглуулсан гэрт буян тогтдог гэдэг юм. За
тэгээд нүүхдээ буурин дээрээ шагай хаявал шагай нь гурван жил эзнээ хүлээдэг
гэдэг юм. Хэрэв шагай таарвал заавал авна. Авахдаа, хөлөөрөө өшиглөөд морь
буувал бүр ч бэлэгшээж авдаг юм.
Хүү: Тийм шүү.
Бэр: Ээжээ цай уу... юм ид...
Эмгэн: Бэр минь, өнөө урд газраас авсан “Тогоо биш байгаад устай. Торго
биш байгаад өнгөтэй”-гээс
чинь одоо идмээр байна даа...?
Бэр: Юу... тэр юу вэ, ээжээ...?
Эмгэн: Харин юуг хэлээд байна даа, тайл даа...?
Хүү: За байз... юу байх билээ? Лав иддэг юм байх нь дээ...
/ бүгдээрээ тайлах
гэж дор бүрнээ бодно /
Эмгэн: Тайлдаггүй юу хүүхдүүд минь... тэгвэл арай өөрөөр хэлье
дээ. “Ногоон
торгон дээл нь улаан торгон дотортой. Үзэм сайхан амттай, хоргол хар нүдтэй”
Бүгд: /нэгэн зэрэг/ Аа... шийгуа байна шүү дээ /бүгдээрээ хөгжилдөн инээлдэнэ/
Хүү: /бахархалтайгаар/ Манай ээж ёстой
оньсогоны мастер юмаа...
Бэр: Нээрэн тийм юмаа
Эмгэн: Миний мастер гэж юу байх вэ. Өвгөдийн маань бидэнд
үлдээсэн өв шүү дээ, хүүхдүүд минь.
/ Галт тэрэгний
чимээн дээр уртын дуу орж ирээд /
НЭВТ: Та бүхэн “Өвгөдийн сургаал өв,
хуучны үг хууль” цувралаар “Замд болсон яриа” радио зохиомж хүлээн авч сонслоо. Дараагийн дугаар
хүртэл баяртай.
No comments:
Post a Comment