Lucky Charms Rainbow

Tuesday, February 12, 2013

СЭТГҮҮЛЧИЙН БОР ДЭВТЭР - 1


/ сонсож болно /


НЭВТ: СЭТГҮҮЛЧИЙН БОР ДЭВТЭР...
 
                                                                            / хөгжим /
 
ХӨТЛӨГЧ: Сэтгүүлч, сурвалжлагч бүрийн өврийн дэвтэр дээр нийтлэгдсэн, нийтлэгдэж амжаагүй, бас нийтлэгдээгүй ч нэгэн цаг үе, үйл явдлын гэрч тэмдэглэл болон үлдсэн зүйл олон байдаг. Нэг үгээр хэлбэл сэтгүүлчийн өврийн дэвтэр цаг үе үйл явдал төдийгүй, хүмүүний намтар, улс үндэстний түүхийн бичиглэл болж үлддэг. Иймээс би манай мэргэжилтэн, сэтгүүлч Чулуунцэцэгийн тэмдэглэлийн дэвтрээс та бүхэнд сонирхуулж эхлээд байгаа билээ. Чука эгч энэ дэвтрээ сэтгүүлчийн "бор дэвтэр" гэж хэлэх дуртай юм билээ. Он цагийн уртад шив шинэхэн шажигнасан цагаан цаас нь зөөлөрч, бас өнгөө хувиргаж бор шаргал хуудастай болдог болохоор ингэж хэлсэн байх. 
 
ХӨТЛӨГЧ: За, Чука эгч “бор дэвтэртэй”-гээ ороод ирлээ. /дэвтрээ эргүүлэх чимээн дээр/  Таны дэвтэр дээр сүүлийн үед Өвөрмонголын нутгаар хийсэн замын тэмдэглэл их байна даа?
ЧУКА: Тийм шүү, миний хувьд хамгийн том аялал байсан болохоор бичиж тэмдэглэх зүйл их байлгүй яахав...
ХӨТЛӨГЧ: За, энд... /дэвтэр дээрээс унших/  Их Хянганы нурууны шувтарга уулсын хамгийн өндөр нь болох Хонгын давааг би тун ойрхноос харж байна. Энэ орчмын газар нутагт ёстой модны тариалан хөгжүүлжээ. Таримал мод, байгалийн мод хоёр залгаж нийлээд бараг тайг гэж хэлмээр болчихож. Аль нь таримал, аль нь зэрлэгийг нь ялгахад бэрхтэй. Үгүй ээ, жагссан юм шиг эгнэх мөрөөр нь таримлыг зэрлэгээс ялгаж болох юм байна гэж бичсэн байна. За цааш нь харъя...  Эргэн тойронд минь өнгийн цэцэг алаглаж, эрвээхий нь хүртэл над дээр буудаг байсан бага насыг минь энэ нутаг өөрийн эрхгүй санагдуулна гэж бичжээ. За энд...Шувууны бууц Далай нуураар аялсан нь... гэж бичсэн байна.
/ хуудас эргүүлэх чимээ тодорч ирээд / За энд
Чулуун ойд таталбар... гээд гараад ирлээ. Энэ таталбарыг харъя... Ямар сонин юм бэ, энд их олон газар зурж тэмдэглэсэн байх юм. Та бас зураач шиг зургаар тэмдэглэл хийдэг хэрэг үү?
ЧУКА: Таталбар гэдэг бол богино, хөнгөн бичлэг. Нэг үгээр уран бүтээлчийн хамгийн анхны бичлэг юм даа. Дараа нь үүнийгээ баяжуулж, улам тод томруун болгож болно. Би давтагдашгүй сонин содон дүрсийг ингэж зурж тэмдэглэдэг зуршилтай болчихсон юм. Ингэх нь үгээр тэмдэглэж бичихээс илүү хурдан, бас тодорхой байдаг болохоор дараа нь сурвалжлага, тэмдэглэлдээ дүрслэл бичихэд хэрэг болдог юм.
ХӨТ: Энэ зурган дээр эртний бололтой өндөр малгай, бас өндөр мөр бүхий дээлтэй бүсгүй ямар нэг зүйл түшээд зогсож байх шиг... Тэгэхлээр ийм дүрстэй чулуу байсан хэрэг үү?
ЧУКА: Яг ийм ч биш л дээ. Миний нүдэнд ингэж буусан юм. Би байгалийн бүтээлд засвар хийгээд арай гоё болгочихсон байж магадгүй. Анх энэ чулууг хараад мод түшээд болзоонд зогсож буй бүсгүйн дүр сэтгэлд буусан юм. Тайлбарлагч энэ чулууг амраг хосууд гэж тайлбарласан. Тэгэхлээр миний анхны төсөөлөл алдаагүй байгаа биз дээ? Миний нүдэнд бүсгүй нь их тод харагдаж байсан.
ХӨТ: За энд нэлээд наалдаж зогссон эр эм хоёрын дүрс, бас хажууд нь өндөр өндөр чулуу дүрсэлж зурсан байна. Энэ ямар учиртай зураг вэ?
ЧУКА: Эмэгтэй нь хоёр талдаа унжсан урт чихэвчтэй малгай өмссөн, ер нь гоё бүсгүй байгаа биз...?
ХӨТ: Харин тийм байна. Харин эрийг нь бие бялдар, царай зүсээр тийм ч таатай бишээр илэрхийлсэн байх юм. Энэ бас таны засварласан сэтгэмж үү?
ЧУКА: Үгүй, үгүй. Харин энэ зураг нэлээд бодитой болсон шүү. Эдгээр чулуун дүрсийг “Долоон дагина, Лохань бурхан гэж нэрлэдэг гэсэн. Би тайлбарыг сонсохоос өмнө энэ таталбар зургийг зурсан юм. Тэгээд бусад үзэсгэлэнт зургаан дагина миний нүдэнд төдий л тод буугаагүй болохоор тод буусан энэ хоёр дүрийг зурсан юм. Ер нь аливаа уран зургийг хүн хүн өөр өөрийнхөөрөө харж, цааш ургуулан бодож үнэлж дүгнэдэг биз дээ?
ХӨТ: Энд том ор зурсан байх юм. Ийм ор тэр чулуун ойд байна уу?
ЧУКА: Үүнийг жанжны ор гэдэг гэнэ. Уг нь яг энэ дүр төрхөөрөө байсан юм байна. Нэг удаагийн газар хөдлөлтөөр эвдэрч дундуураа хугарч доошоо суучихсан байсан. Үүнийг би фото зураг дээрээс зурж авсан юм. Энэ орыг Мухулай баатрын ор гэдэг юм байна. Мухулай баатар аян замд явах зам зуураа энэ чулуун ойд ирж энэ орон дээр амарч тухлах дуртай байсан гэсэн хууч, домог ярианаас үүдэж жанжны ор гэж нэрлэсэн юм байна.
            ХӨТ: Энэ... Юу гэнэ ээ... "Нүд баясаж, сэтгэл бадрав" гэж бичсэн байна...?
 ЧУКА: Тийм ээ, Хишигтний энэ чулуун ойд бичсэн таталбараа би ингэж нэрлэсийм.
            ХӨТ: Та үүнийгээ уншиж сонирхуулахгүй юу?
ЧУКА: Бүрэн төгс боловсруулаагүй ч тэмдэглэлийн дэвтэр дээр бичсэн анхны таталбараа сонсогчиддоо дуулгая. Дараа нь боловсруулж баяжуулаад дахин хүргэх болно. 
 
                                                                               / хөгжим /
 
ЧУКА: Байгаль эхийн бүтээсэн чулуун ойгоор зугаалж нүд баясаж, сэтгэл бадрав. Байгаль эхийн гайхамшигт бүтээл энэ орчлон хорвоогоор дүүрэн. Тэр бүгдийг дуулснаас биш ямар нүдээр үзэж харсан биш. Харин Хишигтэн хошууны нутагт буй Их Хянган нурууны төгсгөл хэсэг болох Хонх уулаас хойш зүгт орших Асгат хэмээх үзэсгэлэнт газар чулуун ойгоор аялах завшаан тохиож, яг одоо би байгалийн гайхамшгийн дунд зогсож байна. Миний эргэн тойрны хад чулууны хэлбэр дүрс нэн өвөрмөц. Маш олон ном судар, дэвтэр цаас өрж хураасан мэт содон өнгө төрхтэй юм. Асар том хавтгай хавтгай хуудас чулууг хэн нэгэн аварга биетэн давхарлан өрж тавьсан шиг. Зарим хэсэгтээ бүр 10-20 метрийн өндөртэй. Бараг л нураад ирчих вий дээ гэж бодогдмоор. За тэгээд чулуун ой дундуур явбал олон зүйлийн хэлбэр дүрстэй хад чулуу олж харна. Заримаас нь сонирхуулбал европын хот л гэнэ. Сарны хүн, малгайтай хүн л гэнэ. Усан онгоц, мэлхий л гэнэ. Сарны чулуу, нисэж яваа чулуу л гэнэ. Тэнгэрийн дагина, болзоот хос л гэнэ. Бас Чингэсийн морины уяа, Мухулай баатрын ор гээд эртний түүхт хүмүүстэй холбоотой содон сонин чулуу байх юмаа. Өмнөх үеийн хүмүүс олж харж, дүрсэлж тогтоосон нь энэ шүү дээ. Харин цааш ахиулан харж, ургуулан сэтгэвээс илүү олон дүр дүрс тодрох бололтой юм. Даан ч аялал маань шуурганд хөөгдсөн юм шиг байсан нь харамсалтай. Хонон өнжин байж, наана цаана нь гарч, ахин дахин харж ажиглавал илүү сонин содон зүйл нээж болмоор шиг. Үнэхээр байгалийн баялаг үзмэр энд байна.
Энэ сонин тогтоц бүхий чулуун уул нийт 15 квт км газар нутгийг эзлэн байдаг гэнэ. Энэхүү байгалийн өвөрмөц тогтцоороо ЮНЕСКО-д тэмдэглэгдсэн юм байна. Тэмдэглэгдэхээс ч аргагүй газар нутаг юм. Байгалийн гайхамшигт энэ тогтоц яаж бий болсон юм бол...? гэж сонирхлоо. Их Хянганы нурууны энэ хэсэг тэр нэгэн цагт их цаст уул байжээ. Тэр их цас мөс нь аажмаар хайлж шингэрэхдээ уулын чулууг дээрээс дарж хавтгайлахын хамт, чулууны завсар зайгаар нь ус урсан урссаар ингэж ном, номын хуудас мэт болгожээ. Хэчнээн ч цаг хугацаа, хэдэн ч он жилийн уртад энэ хувиралт үргэжилснийг хэн мэдлээ. Ямар ч байсан цас мөс хуримтлагдсан цаг үе, цас мөс хайлж нүүдэл болсон цаг үе, анхны чулуун дүрс үүссэн цаг үе, чулуун ой өнөөгийн дүр төрхөө олсон цаг үе гэж байгалийн энэ хувирал өөрчлөлтийг 4 үе шат болгож үздэг юм байна.
Монголчууд бид "зөөлөн нь хатуугаа иддэг", бас "чулууг ус л дийлдэг" гэдэг үгийн үнэнийг чухам энэ газар ирж байж жинхэнэ утгаар нь мэднэ, мэдэрнэ. Ингээд бодохоор байгаль эхийн урласан бүтээл урт настай юм шиг атлаа мөнхийн гэж байдаггүй бололтой. Хүмүүн бид хүртэл мөнх биш, хувирч өөрчлөгдөж байдаг эд эс. Яг одоо миний харж байгаа энэ гайхамшигт урлал хожмын нэг цагт хэрхэн яаж ч хувирах юм билээ, хэлж мэдэхгүй. Хоромхон зуурын настай бүтээл гэж бас байх юмаа. Хүүхэд байхдаа усны хөвөөн дээр хэвтчихээд цэв цэнхэр тэнгэрт хөвөн нүүх үүлсийн нүүдэл ямар сонин сайхан дүрс үүсгэдгийг харах дуртайсан. Энэчлэн усны долгио, элсний хээ гээд дэндүү богино настай ч, дахин давтагдашгүй гайхамшигт бүтээл олоон олон. Ургамал цэцэгс, эрвээхий, цох, зөгий гээд хорхой шавьжны өнгө хээ ямар тансаг билээ дээ.
Хүмүүс бид "уран байгаль" гэж баргаараа шахуу хэлдэг атлаа яагаад ингэж нэрлэснийгээ ухаж бодохгүй өнгөрөх нь олон юм даа. Чухам тэр л хэлж заншсан, харж ханашгүй сайхан бүхнийгээ би энэ ойд эргэн дурслаа. Мэлмий минь төдийгүй, оюу бодол минь гийх шиг болов. Нүд баясаж, сэтгэл бадрахын учир энэ байжээ.
  
                                                                  / хөгжим /
 
ЧУКА: Цаг ч болчихож. Бор дэвтрээ ингээд хаах уу даа?
ХӨТ: Тэгье дээ. Тантай хамт байгалийн сайхнаар аялах шиг боллоо. Явсан газрын сонин сайхнаас дуулгасанд баярлалаа.

                                                                                                    2009 он. Бээжин.

No comments:

Post a Comment

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив