Lucky Charms Rainbow

Tuesday, February 12, 2013

Сөхөрч болдоггүй амьдрал - 4



/ сонсож болно /


НЭВТ: Тэргэнцэртэй хүний хүний түүх буюу “Өөрийгөө чангалж, өрөөлийг хурцалж амьдарья” хэмээх нэгэн бүлэг.
 
                                                                       / хөгжим /
 
                               / Радио дуугарах... айл гэр ахуйн шум орж ирээд
                              Төмөрийг тэргэнцэр дээр суулгах гэж оролдож байна /
  
Төмөр:           /их л уцаарлангуй/ Ёо ёо... болохгүйнээ болохгүй нь... больёо, больё...
Сувд:              Төмөр өө, хүлээж бай л даа. Яараад байхийм даа...
Төмөр:           Юу яарах гэж... болохгүй байна шүү дээ. Би орон дээр хэвтэж байх заяатай юм байна, яршиг зүгээр...
Эх:                  Тэргэнцэр дээр суунаа гэдэг амаргүй гэж эртээдийн ирдэг хүмүүс хэлж байсан шүү дээ, миний хүү юундаа бухимдаад байгаа юм дээ. За алив... үгүй чи, яагаад гар түлхээд байгаа юм  дээ... 
 
                       / Төмөрийг орон дээр нь хэвтүүлж байгаа бололтой /
 
Төмөр:           Ёох... орон дээрээ гарч нэг амарлаа. Ядаж та хоёр ямар ч эв дүйгүй юм дээ.
Сувд:              Төмөрөө, ингээд халшраад байх юм бол яаж тэргэнцэртэй явж сурах юм бэ?
Эх:                  Харин тиймээ... Тэвчээргүй гэдэг нь...
Төмөр:           /тэр хоёрын үгэнд бүр ч уур нь хүрэв бололтой чангаар/ Тиймээ, тийм. Би тэвчээргүй. Ингээд орон дээрээ хэвтэж урагдаж цоорч байхдаа таарсан хүн... Наад тэргэнцэрээ гаргаж хая... надад хэрэггүй. 
 
                                      / Тэргэнцэрийг гараараа түлхэх хүчинд нь ширээн дээр байгаа
                                                           аягатай зүйлс унаж хагарах чимээ /
 
Сувд, эх:        /зэрэг/ Төмөөр... Төмөрөө...
Эх:                  /нэлээд зандрангуйгаар/ Үгүй чи чинь, яаж байнаа...
Сувд:              Миний найз юундаа бухимдаад байгаа юм дээ... За тайвшир, тайвшир...
Төмөр:           /ууртайгаар Сувдыг түлхэж/ Цаашаа... далд орж үз... би үхмээр байна...
Эх:                  /тэсвэр нь бүр алдагдаж.../ Тэгээ, тэг... үх, үх... Би ч бас ядарч гүйцлээ. Яасан хүний сэтгэл ойлгодоггүй юм, чи. Өглөөнөөс үдэш болтол чамтай ноцолдож, шөнө ч чиний төлөө бүтэн нойртой хонодоггүй. Гэтэл чи...
Сувд:              Эгчээ...
Төмөр:           Үхээд өгье, үхээд өгье. Над шиг хүн амьдрах ямар хэрэгтэй юм. Тэргэнцэртэй болоод ч би хүнтэй адил байж чадахгүйгээс хойш... Ингэж хэвтэж байгаад дуусья... /хэлсэн үгэндээ бүр ч бухимдаж/ Үхсэн минь шулуухан. Та нарыг ч зовоохгүй... Би ерөөсөө Болдтой хамт үхэх байсан юм. Ямар үйлээ эдлэх гэж амьд үлдэв ээ. Ингэж үхсэн ч биш, амьд ч биш болчихвоод... /их дуугаар уйлна/
  
                                            / Төмөрийн уйлах чимээ фонлоод хөгжим тодроод                                                                 радиогийн  нэвтрүүлэг орж ирнэ /
 
НЭВТ: Эрхэм сонсогчид оо. Манай нэвтрүүлэг үргэлжилж байна.
Одоо “Бид бусадтай адил хүн” сурвалжлага хүлээн авч сонсоно уу. 
 
/ХАЛЬС/ Сурв: Манай улсад тэргэнцэртэй хүн хэр олон байдаг бол?
Эр: Юу л их байв гэж дээ. Бараг л харагддаггүй шүү дээ. Хаа нэг харагддаг. Тэгэхлээр нэг их биш байхаа...
                        Сурв: Ер нь хэд гэж хэлэх вэ?
                        Эр: За арав хорь л биз...
                        Сурв: Манайд тэргэнцэртэй хүн хэр олон байдаг бол?
                        Эм: Мм мэдэхгүй ээ...
НЭВТ: Өнөөдөр улсын хэмжээнд 13 мянган тэргэнцэртэй хүн байдаг юм байна. Сонсогч та энэ тоонд итгэж ядаж байна уу? Тиймээ 13 мянган тэргэнцэртэй хүн байдаг гэсэн судалгаа байна. 
 
                                                                        / харанга өгөөд /
 
Сувд, эх:        /зэрэг/ Хүүе, ямар олон байдаг юм бэ. Төмөрөө сонсов уу...?
Төмөр:           Алив, та хоёр чимээгүй бай л даа, сонсоё...
 
                                                                               / таслал /
 
НЭВТ: Саяхан Улаанбаатар хотноо нэгэн өвөрмөц уулзалт-ярилцлага боллоо. Сонирхолтой нь тус уулзалт ярилцлага хотын төвийн өндөр өндөр байшингуудын дунд байх нэг эсгий гэрт болсон юм. Гэрийн эзэд бүгд тэргэнцэртэй иргэд байх бөгөөд тэд зовлон жаргалаа хуваалцахыг хүсэж, анх удаа хэвлэл мэдээллийнхнийг ийнхүү ажлын байр гэртээ урьжээ.
Хүмүүс бид ядарч зүдэрч яваа нэгэндээ хэр тусалж байдаг юм бол? Энэ үг тус уулзалт- ярилцлагын гол санаа байсан юм.“Өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг” хойно доо. Энд цугларсан тэргэнцэртэй иргэдийн хамгийн залуу нь болох Ариунбат хүүгийн ээж: “Хүү маань багадаа яслийн орон дээрээс унаад хагас хүн болчихсон юм. Хэдийгээр хөндлөнгийн хүний буруугаас болсон ч миний хүү нэг насаараа хохирсон” гэж ярьж байхад, Цолмонгийн ээж “Миний охин 10-р ангид сурч байхдаа биеийн тамирын хичээлийн үеэр тархиндаа гэмтэл авч, улмаар суугаа болсон. Уг нь миний охиныг босох магадлал тун өндөр гэдэг юм. Даанч охиноо гадаадад эмчлүүлэх эдийн засгийн боломж алга” гэж ярьж байлаа. Ийн хонгор үрсийнхээ төлөө зовж шаналсан эцэг, эхчүүд төр засаг, түмэн олонд үгийг минь дуулгаач гэж сэтгүүлчдэд ярьж байлаа. Манай улсад тэргэнцэртэй иргэдэд зориулсан зам, шат, гарц, унаа хөсөг гээд дэд бүтцийн наад захын зүйл огт байдагггүй. Тэгвэл энэрэнгүй, хүмүүнлэг, ардчилсан нийгмийн нэг гол үзүүлэлт нь тахир дутуу болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэрхэн хандаж байгаагаар нь дүгнэдэг юм байна.
Одоо Монголын тахир дутуу иргэдийг дэмжих “Төмөр сан”–гийн тэргүүн Төмөрбаатарын хэлэх үгийг сонсоё. Төмөрбаатар нь авто ослын улмаас гэмтэж бэртээд 24 жил болж байгаа нэгэн. Тэрээр 10 жил хэвтэрт байж, сүүлийн 14 жил тэргэнцэр дээрээ ажиллаж, амьдарч байна. “Өөрийгөө чангалж, өрөөлийг хурцалья” гэж бодсондоо өглөө бүр ажилдаа ирэхийн тулд 6 км замыг тэргэнцэрээрээ туулж ирдэг гэнэ.
/ХАЛЬС/ ТБ: Тэргэнцэртэй хүмүүс тэр болгон гудамж талбайд элбэг харагдаггүй болохоор бидний зовлонг хүмүүс сайн ойлгодоггүй байх. Энэ нь манай улсад тэргэнцэртэй хүмүүст зориулсан дэд бүтэц байдаггүйтэй холбоотой болов уу. Бид группын дэвтрээ сунгуулахад 2-3 хүнтэй хамт явдаг. Яагаад гэвэл эмнэлэг үйлчилгээний газрын шат, довжоо их өндөр байдаг. Үүнд: 2 хүн өргөөд нэг хүн нь туслах жишээтэй. Ер нь биднийг асарч, сувилахын тулд ар гэрийн маань хэн нэгэн ажил, амьдралаа золиослоод бидний төлөө л байдаг. Иймээс ч бидний ар гэр хүндрэлд орж, ядууралд маш амархан өртдөг.
НЭВТ: Тэргэнцэртэй иргэдтэй хийсэн сэтгүүлчдийн уулзалт ярилцлага 2 цаг гаран үргэлжилсэн хэдий ч тэдэнд хэлэх үг, дамжуулах санал их байсан юм. Арга ч үгүй биз. Судалгаанаас үзэхэд тэргэнцэртэй хүмүүсийн 70-80% нь 18-35 насны залуучууд байна. Олонх нь автын ослоор гэмтсэн нь бас хүмүүст нэгийг хэлж, хоёрыг сануулах шиг.
Тус уулзалтыг “Тахир дутуу иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх төсөл”-өөс зохион байгуулжээ. Одоо тус төслийн ажилтан Мэндсайхан, Энхтуяа нарын яриаг сонсоё.
/ХАЛЬС/ ЭТ: Манай төслийн гол зорилго нь хөдөлмөрийн чадвартай тахир дутуу иргэдийг хөдөлмөрийн зах зээлд өргөнөөр хамруулах, тэдэнд тэгш хөдөлмөрлөх боломжийг нь бүрдүүлэх замаар ядуурлыг бууруулахад чиглэгдэж байна. Бизнес эрхлэгч тахир дутуу иргэдийн бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэх, тэдний үйлдвэрлэл, үйлчилгээг суртчлах, борлуултанд нь тус дөхөм үзүүлэх зорилгоор “Бидний чадвар” үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан нь нилээд үр дүнтэй болжээ. Яармаг худалдааны үеэр нийт 4 сая төгрөгийн борлуулалт хийж, 100 гаруй ажил, үйлчилгээний захиалга авч нийлүүлэх гэрээ хэлэлцээр хийжээ.
НЭВТ: Олон хүн тэргэнцэртэй иргэдийн боловсрол эзэмших, хөдөлмөр эрхлэх, нийгмийн дунд орох боломж маш их хязгаарлагдмал байдаг нь манай орны дэд бүтэцтэй холбон ярьж байлаа. Тэргэнцэртэй хүмүүст зориулсан дэд бүтэц байхгүйгээр тэд орон гэрийн хүрээнээс гарч нийгэмд оролцож чадахгүй байна. Нийгэм нь тэднийгээ мэддэггүй ч бололтой. Гэхдээ тэдний дунд Төмөрбаатарын хэлснээр “Өөрийгөө чангалж, ерөөлийг хурцалж амьдрая” гэсэн өөдрөг бодол сэтгэлтэй залуус олон байлаа.
/ХАЛЬС/ Б: Тэргэнцэртэй бидний зургаан залуу тус марафонд оролцох гэж 340 км  газрыг ес хоног тэргэнцрээр явж ирлээ.Энэ нь бидэнд маш том бэлтгэл болсон юм. Удахгүй Японд болох газрын  теннис-ний тэмцээнд оролцох гэж байгаа. Бид долоо хоногт гурван удаа бэлтгэлд хийдэг. Олон удаа уйгагүй хичээллэж байж амжилтанд хүрнэ гэж боддог. Ер нь болохгүй юм гэж байхгүй шүү дээ. Бид ирээдүйгээ маш өөдрөгөөр харж байна даа” гэж ярьж байлаа.
НЭВТ: Та бүхэн сая тамирчин залуусын яриаг сонслоо. Энэ залуус “Бид бусадтай адил хүн” хэмээн өөрсдийгөө зоригжуулж, ирээдүйгээ өөдрөгөөр харж байна.
 
                                                  / дээрх нэвтрүүлгийн фон дээр ярилцана /
 
Эх:                  Сонсов уу, хүү минь... Энэ залуус цөм л чам шиг байж. Одоо хар.... бас тэр хэлж ярьж байгаа үгийг нь сонсоо биз. Гэтэл чи яаж байна...?
Сувд:              Тэр Төмөрбаатар гэдэг хүн арав гаран жил тэргэнцэртэй ажиллаж, амьдарч байна. Тэгээд зогсохгүй “ Төмөр сан” гэж байгуулаад зовлон нэгтнийхээ төлөө зүтгэж яваа юм байна.
Төмөр:           Харин тийм... Ажилдаа очихын тулд өглөө бүр тэргэнцэртэйгээ 4 км зам туулж хүрдэг гэнэ. Бэртэл аваад 24 жил болсон гэв үү...?
Эх:                  Тийм гэнэ. “Хүн болж төрсөн нь олдошгүй хувь заяа, хүсэл хясал учрах нь орчлонгийн мөнх бус заяа” гэсэн үг байдгийм, хүү минь. Ээжийнхээ үгийг санаж, бас энэ залуусын зориг хүчээр амьдрах хэрэгтэй...
Төмөр:           Ээж ээ... би буруутай. Та хоёр минь намайг уучлаарай.
Сувд:              Тэгэхлээр найз минь хоёулаа тэргэнцэр дээр суух сургалтанд явья.
Төмөр:           Тэгье, тэгье. Тэр сургалтанд нь явахгүй бол өөрсдөө суучих нь ч гэж байхгүй юм байна. харин хаашаа хэнд хандах билээ...? 
 
                                                                / Фауз харанга /
 
/ХАЛЬС/ Цэцэгмаа: Тахилтын сувиллын тухай ярих....................
 
                                           / Бүгд зэрэг талархалтайгаар дуу алдах /
 
Төмөр:           Ээжээ... Сэтгэл минь онгойх шиг боллоо. Надтай адилхан ямар олон хүмүүс байдаг юм бэ? Энүүхэндээ гэж хэлэхэд, би ганцаардаж байна шүү. Одоо л учираа олж байх шиг. Тэр Тахилтын сувилалд явна. Бушуухан л ...
Эх:                  За тэр адгаж яараад л... тэгээд дараа нь... Би ер нь чамтай хамт явна... Асрамжлагч нарт нь бас сургалт явуулдаг гэж байна шүү дээ.
Сувд:              Эгч та гэртээ байж бай. Би Төмөртэй хамт явья. Хэдэн хоног болтугай амрах хэрэгтэй шүү дээ.         
Эх:                  Тэргэнцэр дээр сууж сурах нь хүүхэд хөлд орж байгаатай адил гэж байна шүү дээ, хүү минь. “ Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдгийм. Миний хүү хичээгэрэй дээ.
Сувд:              Тэр сувилал Төв аймгийн Өндөр довд байдаг гэв үү?  Тахир дутуу иргэдийн “Төмөр сан” нийгэмлэгт хандаж, “Тахилт” сувилалын талаар дэлгэрэнгүй мэдэж авья.
Эх, Төмөр:    Нээрэн тэгье... 
 
                                                                            / хөгжим /
 
НЭВТ: Та бүхэн тэргэнцэртэй хүний түүх буюу “Өөрийгөө чангалж өрөөлийг хурцалж амьдарья” хэмээх нэгэн бүлгийг хүлээн авч сонслоо.


No comments:

Post a Comment

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив