Lucky Charms Rainbow

Tuesday, February 12, 2013

Тэмээ миний найз...


/ сонсож болно /


НЭВТ: "Монголын дуу хоолой" радио ярьж байна.
НЭВТ: Манайд ирээрэй...
 
                                                           / хөгжим /
 
РЕДАКТОР: Эрхэм сонсогчид доо, би та бүхнийг говийн жаахан хүүхдүүдтэй  уулзуулахаар шийдэж аяны богцоо задалж, ТЭМЭЭ МИНИЙ НАЙЗ тэмдэглэлээ гаргаж ирлээ. Тоодон дээлтэй, улаахан хацартай бяцхан найз нарыг минь хүлээн аваарай...
 
                                / хөгжим дээр тэмээ буйлах чимээ орж ирэх /
 
ХҮҮХЭД: Тэмээ миний найз... 
 
РЕДАКТОР: Энэ үг сонсогч танд сонин байж магадгүй юм. Учир нь газар газрын хүүхдүүд хайртай нохой, муураа миний найз гэж хэлэх дуртай. Хайртай нохойныхоо нэрийг бичээд энэ бол миний найз гэсэн захидал ч бидэнд ирдэг юм. Тэгвэл монгол газар тэр дундаа говь нутагт бяцхан хүүхдүүд “тэмээ миний найз” гэж хэлдэг юм. 
 
                                                            / хөгжим /
 
РЕДАКТОР: Өмнөговь аймгийн Сэврээ сум УБ хотоос 800-гаад км-ийн алсад оршдог юм.  Энэ нутаг өндөр өнлөр уул, үргэлжилсэн их элсэн манхан, урт урт хөндий хоолой гээд байгалийн өвөрмөц тогтоцоороо нэн гайхалтай.
Сонсогч та бидний илгээсэн хөхрөн харагдах өндөр уулсын наана алтран үргэлжлэх элсэн манхан, түүний хормойд  нов ногоон ширэг, цэв цэнхэр ус, бас тэгээд тэмээн цуваа гээд байгалийн ер бусын үзэсгэлэн нэг дор цогцолсон ил захидлыг санаж байна уу...? “Хонгорын гол” нэртэй тэрхүү ил захидал дээрх элсэн уулын цаана хөхрөн харагдах сүрлэг өндөр уулыг Сэврээ гэх бөгөөд энэ нутгийг тэрхүү уулын нэрээр нэрлэсэн юм.
Сэврээ сум говийн нутаг хойно тэмээтэй, хүн ард нь тэмээндээ хайртай. Тэд хүүхэд байхаасаа л тэмээн сүргийн дэргэд өсөж өндийдөг болохоор тэмээндээ хайртай байхаас ч яах билээ. Сэврээ суманд болсон Тэмээний баярын үеэр сумын сургуулийн хүүхдүүд “Тэмээ миний найз” сэдэвт гар зураг, дуу шүлгийн уралдаан зохион байгуулсан юм. Сумын сургуулийн заалны нэг тал нь тэр чигээрээ тэмээ, тэмээн сүргийн зураг, нөгөө талд нь тэмээний тухай бичсэн дуу шүлэг дүүрэн байна. Энэ бүгдийг үзэж хараад явж байхад тэмээгүй газрын хүнд тэмээ үнэртэх шиг, тэмээтэй газрын хүний сэтгэл сэргэх шиг болно.
 
                                                            / хөгжим /
 
НЭВТ: Миний өмнө говийн нэгэн нүүдэл үргэлжилнэ. Тэмээн дээрх арган дотор гурван жаахан хүүхдийн толгой дөнгөө цухуйж харагдана. Энэ гурав шиг жаргалтай хүн байхгүй бололтой...
 
                                                           / таслал /
 
НЭВТ: Өндөр нарийхан хөлөн дээрээ тэнцэн ядан байгаа бяцхан ботго... Тэр үнэхээр хөөрхөн харагдах боловч эх нь голчихжээ. Гологдсон ботгыг эхэд нь авахуулах гэж жаал хүү морин хуур татаж сууна...
 
                                               / таслал /
 
НЭВТ: Үргэлжилсэн элсэн манханы хормойгоор тэмээн цуваа хөвөрнө. Унасан эзэд нь монголчууд биш зургийн аппарат зүүж, камер мөрөвчилсөн өндөр хамартай, шар үстэй харийн жуулчид байх...
 
                                                                       / таслал /
 
РЕДАКТОР: Нүдний өмнө хөврөх олон арван зургаас ердөө гурав нь энэ. “Тэмээ миний найз” сэдэвт гар зургийн уралдаан, бас дуу шүлгийн уралдаанд Сэврээ сумын 300 гаруй хүүхэд цөмөөрөө оролцсон гээд боддоо. Говийн хүүхдүүд тэмээндээ хайртай төдийгүй, тэмээ тэдний хувьд аргагүй л найз нөхөр нь байдаг юм байна. Одоо Сэврээ сумын 8 жилийн дунд сургуулийн захирал Ганбатын яриаг сонсоё.
            СОРОНЗОН БИЧЛЭГ:
ГАНБАТ: “Тэмээ миний найз” сэдэвт өдөрлөг манай сургууль дээр зохиогдсоор 4 дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ өдөрлөгийн гол зорилго бол жилээс жилд тоо толгой нь хорогдсоор байгаа тэмээн сүргээ хайрлан хамгаалах хүмүүжлийг хүүхэд багачуудад олгох явдал юм. Манай сум цагтаа тэмээн сүргийн тоогоороо улсдаа дээгүүр ордог төдийгүй “Мөнгөн буйл” шагнал хүртэж явсан юм. Гэтэл сүүлийн арваад жилд тэмээн сүрэг ихээр хорогдох болсон. Харин өнгөрсөн жилээс бага боловч нэмэгдэж ирсэн. “Тэмээ миний найз” тэмцээнд оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Энэ жил манай сургуулийн 1-8-р ангийн З00 гаруй хүүхэд бүгд оролцож, тэмээний талаар өөр өөрийн бодол сэтгэгдлээ илэрхийлсэн нь энэ тэмцээн улам бүр хүрээгээ тэлж байгаагын нэг илрэл юм. Сэврээ сум тэмээний нутаг болохоор тэмээ манай хүүхдүүдэд хамгийн ойр сэдвийн нэг. Энэ удаагийн  үзэсгэлэнгийн бүтээлийг 4 жилийн өмнөхтэй харьцуулбал тэмээний талаарх хүүхдүүдийн үзэл бодол эрс өөрчлөгджээ. Тухайлбал тэмээг хүнсэнд ихээр хэрэглэж байгааг буруушаасан “Тэмээг бүү хүнсэл” гэсэн шүлэг байна. Одоо та бид хоёрын өмнө байгаа энэ “Тамирчин тэмээ” зурган дээр гар бөмбөгний торны нэг талд нь хүүхэд, нөгөө талд нь тэмээ зогчихсон тоглож байгаа биз дээ. Энд бас “Тэмээн поло” гэсэн зураг байна. Бас тэмээн аялал хийж байгаа жуулчдыг зурсан байна. Говийн хүүхдүүдэд тэмээ бол яах аргагүй нэг найз нь юм гэдгийг энэ өдөрлөг харуулж байна.
 
                                                                / хөгжим /
 
ХҮҮХЭД: Тэмээ миний найз...
 
                                                           / хөгжим дээр /
 
СОРОНЗОН БИЧЛЭГ:
ХҮҮ:   Тэмээг бүү хүнсэл...
            Аварга амьтан тэмээний махыг
            Арвинд нь болж ихээр хүнсэлвээс
            Бөөр сульдана, нүд цэлхэрнэ
            Давсаг суларна, бөгс жиндэнэ
            Нойр хулжина, бие сэлгэнэ
            Сэтгэл уймарна, даралт хөвсөлзөнө
            Тэнгэрийн хөлөг тэмээг бүү хүнсэл
            Тэнгэрлэг заяаг нь гомдоож болохгүй
            Алуулахаар заагдсан тэмээдэд
            Аврал өршөөлийн сэтгэл үзүүлж
            Барж дууссаны эцэст амаа барьж харамсахгүй тулд
            Бахархал болсон энэ амьтны аюулын үүдийг хаая.
 
                                                                 / хөгжим /  
 
ОХИН: Тэмээ миний найз...
            Суман хүрэн ингээ унаад
            Сувд шиг олон хонио хариулаад
            Уудам талд өнжихдөө би
            Уянгат дуугаа аялдаг юм
            Тэмээ бид хоёр ингэж танилцсан юм
            Түүгээр ч барахгүй найзууд болсон юм
            Дуунд минь тэр уярдаг юм
            Дөлгөөхөн харцанд нь би хайлдаг юм
            Торомгор хоёр нүдээ эргэлдүүлж байх нь
            Тоглоом наадамд дуртай ч гэмээр
            Тогдгор сүүлээ шоволзуулж байх нь
            Тоогүй аальгүй зантай ч гэмээр
            Тэмээ манай говийн эзэн
            Тэмээ дэлхийн динзавор
            Тэмээ тал сайхан нутгийн минь чимэг
            Тэмээ таван хошуу малын минь нэг
            Тэмээ миний найз...
 
                                                           / хөгжим /
 
ХҮҮ:   Нийгмийн гунж...
            Манайх нэг тэмээтэй болох гэж
            Нэгдлийн даргад өргөдөл өгч
            Ахлах нягтлан зөвшөөрснөөр
            Нэг гунж авчирсан юм
            Ач гуч хөөрч, амрааж түр зогсоолгүй
            Нэг харахад мордож, ахин харахад бууж
            Тоглоомын талбайн модон тэмээ шиг
            Тун чиг номхон хүрэн гунж минь
            Өслөө хөөрхий том боллоо
            Тогтож түүнийгээ унадаг боллоо
            Тэр үед зурагчин ховор
            Хурал болохоор барааг нь нэг харна
            Аз тохиож хурал боллоо
            Аав харин зурагчин авчирлаа
            Нэг нэгээрээ мордож зургаа авахууллаа
            Нэрээ дуудуулж ээлжлэн гарлаа
            Удаж удаж зураг минь ирлээ
            Хачин том улсууд болсноо харлаа
            Одоо харин хүрэн гунж минь алга
Унаж авахуулсан зураг нь үлджээ
 
РЕДАКТОР: Та бүхэн “Тэмээ миний найз” сэдэвт шүлгийн уралдааны эхний гурван байранд орсон шүлгийг зохиосон эзэд нь өөрсдөө уншихыг сонслоо. 8-р ангийн хүү Доржмижид “Тэмээг бүү хүнсэл” шүлгээрээ тэргүүлж, 8-р ангийн Түвшизаяа охин “Тэмээ миний найз” шүлгээрээ удаалсан бол 5-р ангийн сурагч Мөнхбат “Нийгмийн гунж” шүлгээрээ 3-р байранд орсон юм. Одоо шүлэгч хүүхдүүд маань тэмээний тухай юу ярихыг сонсоё.
            СОРОНЗОН БИЧЛЭГ:
СУРВАЛЖЛАГЧ: Тэмээний дэргэд өссөн хүүхдүүд тэмээнийхээ тухай юу ярих бол...?
МӨНХБАТ: Тэмээ сүрлэг сайхан амьтан. Сүүлийн жилүүдэд манай нутагт ган гачиг, зуд турхан болсноос тэмээн сүрэг цөөрч байна. Иймд тэмээгээ хайрлан өсгөх хэрэгтэй. Өнөөдөр хүмүүс машин, мотоцикль их хэрэглэж байна. Харин би тэмээн хөсгөө илүү хэрэглээсэй гэж боддог.
ДОРЖМИЖИД: Тэмээ бол их уян зөөлөн амьтан. Хүнээр бол сайхан сэтгэлтэй хүн гэсэн үг. Тэмээ манай говийнхны хувьд хэзээнээсээ гол унаа хөсөг нь болсоор ирсэн. Харин сүүлийн үед тэмээгээ хайр найргүй хороож байгаад би санаа зовдог. Монголчууд бид дэлхийд ховорт тооцогддог хоёр бөхт тэмээгээ хайрлан өсгөөсэй гэж хэлье дээ.
ТҮВШИНЗАЯА: Тэмээ эрт цагт эвэртэй байсан, түүнийгээ буганд алдчихсан гэдэг домгийг би хааяа үнэн юм болов уу гэж боддог. Яагаад гэвэл тэмээний хажууд байхад тэмээ ийш тийшээ хараад хэн нэгнийг хүлээгээд байгаа юм шиг санагддаг. Бас ингэн тэмээ ботгоо хөхүүлж байхдаа ийш тийшээ хараад ботгоо байн байн үнэрлээд байдаг юм. Үүнийг манай эмээ  хэлэхдээ “Ингэ миний хөөрхөн ботгыг хэн нэгэн авчихвий гэсэндээ ингэдэг юм гэсэн. Нээрэн л ингийг ботгоо хөхүүлж байхад дэргэд нь очихоор бүр хөөдөг гээч. Ингэ ботгондоо тун их хайртай. Ботгоноосоо хол явахаараа бөөн бөөн нулимс унагаад их уян амьтан шүү дээ. 
 
                                                                   / хөгжим /
 
            ХҮҮХЭД: Тэмээ миний найз...
 
                                                                / хөгжим /
 
РЕДАКТОР: Тэмээний баярт зориулсан Сэврээ сумын хүүхдийн концерт мөн л говийн хүрэн тэмээгээ магтан дуулсан дуу хөгжим, бүжиг наадмаар дүүрэн байлаа.

                                                  / Тэмээн сүргийн говь-дуу дуулах /
 
РЕДАКТОР: Дуучин хүү Аюуш “Тэмээн сүргийн говь” дууг ийн дуулахад Норовсүрэн охин би ч бас сонсогч олондоо “Ботго” дуугаа дуулж өгье гэсэн юм.
 
                                                                  / Ботго- дууг дуулах /
 
РЕДАКТОР: Бяцхан дуучид маань тэмээний тухай шүлгийн уралдаанд амжилт үзүүлж чадаагүй боловч тэмээний тухай дуу дуулж дутуугаа ийн гүйцээж чадсан юм. Бяцхан дуучидтай хийсэн бидний яриа мөн л тэмээний тухай байсан.
            СОРОНЗОН БИЧЛЭГ:
Сурв: Одоо тэмээний тухай ярилцах уу, яагаад гэвэл гадаадын зарим сонсогчид тэмээний талаар сайн мэдэхгүй байх?
- Ботго бол тэмээний үр төл, их хөөрхөн амьтан...
- Та нар тэмээ унадаг уу?
- Унадаг. Гэхдээ онгирч сагсуурч болохгүй. Учир нь тэмээ
                                                      булигдаг болохоор уначихаж мэднэ.
                           - Ингэ хөөслөх тухай ярьж өгөөч?
- Ботгоо голсон ингэнд ботгыг нь авахуулах гэж     уянгалуулахыг    хөөслөх гэдэг юм. Ингэж уянгалуулан хөөслөх юм уу, эсвэл морин хуур татахаар ингэний нүднээс бөөн бөөн нулимс унаад голсон ботгоо үнэрлэж долоож эхэлнэ. Их өрөвдмөөр шүү дээ...
 
                                                                      / хөгжим /
 
РЕДАКТОР: Ийнхүү би “Тэмээ миний найз” өдөрлөгөөс багагүй олзтой гарч явтал тоодон дээлтэй, улаахан хацартай жаал хүү намайг дагаж явснаа, “Эгчээ та түрүүн миний шүлгийг уншаад байсан даа...” гэлээ. Нээрэн би самбар дээр хадсан шүлгүүдийн заримыг уншиж тэмдэглэж авч байсан юм. Тэр үед шүлгийн эзэн намайг дагаж явсныг мэдээгүй байж. “За тэгээд миний дүү яах гэсийм” гэхэд, “Миний шүлэг байранд ороогүй л дээ. гэ...гэ... гэхдээ...” гээд түгдрэх нь та надтай ярилцаач гэж байгаа нь илт. Ингээд би шудрага хүүтэй хөөрөлдсөн юм.
            СОРОНЗОН БИЧЛЭГ:
 -      Миний дүүг хэн гэдэг вэ?
-          Намайг Нямдорж гэдэг. Би З-р ангид сурдаг.
-          Тэмээ унаж чадах уу?
-          Чадалгүй яахав...
-          Тэмээ ер нь ямар амьтан бэ?
-          Их сайхан амьтан... Тэмээний тухай миний шүлэг байранд ороогүй л дээ. Гэхдээ би түрүүлнэ гэж бодож байсан...
-          Тэгвэл эгчдээ шүлгээ уншаад өг дөө?
 
            / ярианы цаанаас хөгжим орж ирээд /
 
                                                ХҮҮ:   Тэмээ таван хошуу малын маань нэг
                                                            Тэмээ тал сайхан газрын чимэг
                                                            Тэмээ тансаг сайхан говийн минь эзэн
                                                            Тэмээ бидний унаа
                                                            Тэмээ хоёр сайхан бөхтэй
                                                            Тэмээний үрийг ботго гэдэг
                                                            Тэмээ тансаг сайхан говийн минь эзэн
                                                            Тийм болохоор тэмээ бид хоёр найз...
 
                                                                         / хөгжим /
 
РЕДАКТОР: Ийнхүү Сэврээ уулын хормойд говийн жаахан хүүхдүүд тэмээгээ ярьж, тэмээгээ магтан шүлэглэж, дуулсаар үлдсэн юм. Хэрэв сонсогч та миний монголд ирвэл говийн жаахан хүүхдүүдтэй хэрэг болгож уулзаарай. Тэд “Тэмээ миний найз” гээд хархан нүдээ гялалзуулан ярьж эхлэх вий.
 
                                                                                                                           200З он
 

No comments:

Post a Comment

Хайх

Loading...

Цаг

Календар

Архив