Lucky Charms Rainbow

Tuesday, February 12, 2013

Цасан далайд өнгөрүүлсан дөрвөн хоног...



/ сонсож болно /


            НЭВТ: Монголын дуу хоолой радио ярьж байна.
НЭВТ: Манайд ирээрэй...
 
                                                            / таслал /
НЭВТ: “Цасан далайд өнгөрүүлсэн дөрвөн хоног” сэтгүүлчийн аян замын тэмдэглэлээс...
НЭВТ: Эхний өдөр буюу  Улаанбаатараас Сэврээ хүрэх замд...
 
                                                            / хөгжим /
 
РЕДАКТОР: Өмнөговийн Сэврээ суманд болох Тэмээний баярт оролцохоор бидний хэдэн хүн хотоос мордох тэр өглөө Буянт-Ухаагаас гадаад дотоодын чиглэлд  хөөрөх  бүх нислэг хойшилж, өглөөний 8 цагт нисэх ёстой байсан бид үд өнгөрөөж байж онгоцондоо суусан юм. Улаанбааараас Даланзадгад хүртэлх 600-гаад км газар бин битүү цас, эгээ л цасан далай мэт харагдана. Бид тэрхүү цасан далай дээгүүр цаг гаруй нисэж, Даланзадгад хотод буусан даруйдаа УАЗ-469 машинаар баруун хойш 200 гаруй км-т орших Сэврээ сум руу хөдлөв. Зам битүү цас, бас үе үе шуурч, тэнгэр газар ялгарахгүй. Сэтгэл нэг л таагүй.
“Танай нутагт цас бараг ордоггүй, орсон ч хоёр хонохгүй хайлчихдаг гэж дуулсан юм. Гэтэл хангай газраас дутах юмгүй их цас унажээ” гэхэд, нутгийн жолооч залуу: “Энэ жил онцгой их цас орж байна. Миний мэдэхээр 20 жил ийм их цас үзсэнгүй” гэлээ. Бидний зорьж яваа Сэврээ сум  өндөр өндөр чулуун уул, бас элсэн уул, уртын урт хөндий хоолойтой, ер нь байгалийн сонин тогтоцтой нутаг юм. Монгол Алтайн үргэлжлэл тул ирвэсийн нутаг Сэврээ уул, Зөөлөнгийн уул, гүрвэлийн өлгий Нэмэхт уул гээд гайхалтай сайхан уул энэ нутагт бий. Эндээс .... км-ын зайд оршдог Өвөрхангайн Богд, Арц богд, Баянхонгорын Их богд, Дулаан богд уул харагддаг гэнэ. За мөн энэ нутагт тэсэг шар шаваг, бударгана, суль сулихар, зэгс, хулс, хөмүүл, лавай, таана гээд олон зүйлийн ургамал ургадаг. Ингээд цасан далайд хийсэн анхныхаа ярилцлагыг та бүхэнд дуулгая.
            СОРОНЗОН БИЧЛЭГ:
 - Сэврээ уул хаахантаа байна аа?
- Үгүй, тээр харагдаж байна шүү дээ...
- Хаана, хаана... Өө за,за сая харлаа. Говийн хүний нүд яасан айхтар юм бэ. Би ер ялгаж харахгүй байна шүү... Сэврээ гэдэг нэр ямар учиртай юм бэ?
- Угтаа бол Сэврээ биш Сэврий  гэж и-гээр дууддаг байж. Үүнийг араас нь тонгоруулаад үзвэл ирвэс гэсэн үг болно.
- Нээрэн, тийм юм байна...
-Ирвэс ихтэй учраас ирвэс уул гэсэн байгаа юм. Бас Зөөлөнгийн уулыг хатуугын хяр гэдэг байж. Сэврээ ууланд цөөвөр чоно, саарал чоноос гадна шилүүс, ирвэс их байжээ. Тэгээд ирвэс мал бариад байхаар нь лам нар нэрийг нь Сэврий болгож дууддаг болсон гэдэг.
- Ирвэс одоо байна уу?
- Байгаа, байгаа. Гэхдээ үзэж харсан хүн ховор ч мал барьчихаад байдаг юм. Тиймээс ирвэсийг мал иддэг гээд агнаж байна. Сүүлийн үед арьс үсийг нь гадагшаа гаргах гээд ихээр агнаад байна. Уг нь ирвэс байсан газар экологийн тэнцвэр сайн байдаг гэж үздэг юм билээ.
РЕДАКТОР: Цааш явах тусам цас улам ихсэж, машин байсхийгээд цасанд суух болов. Ингэж явсаар бид 200 шахам км газар туулсаар Сэврээ суманд дөхөж очлоо. Алсад ямар нэгэн баяр наадам болж байгаа мэт бөөн машин тэрэг, хүн амьтан харагдлаа. Би Тэмээний баярын бараа юу? гэж асууснаар инээдэм болов. Дөхөж очтол өч төчнөөн машин цасанд суучихсан, цас ухаж бие биенээ татаж гаргах гэж бөөн юм болж байна. Зарим нь бүр хонон өнжин байгаа гэнэ. Ингээд бид цааш 10-аад км газар туулахдаа цасанд сууж, цас ухсаар, шуурга сөрсөөр шөнө хугаслах үед Сэврээ сумын төвд хүрч очлоо.
 
                                                                / хөгжим /
 
НЭВТ: Удаах өдөр буюу цасан шуурган дундах тэмээний уралдаан...
 
                                                  / цасаар шуурах чимээн дээр /
 
РЕДАКТОР: Эрхэм сонсогчид оо, би та бүхэнд тэмээний баяр, тэмээний уралдаан гэж юу байдаг тухай, бас монгол газар шинэ дутам хөгжиж байгаа тэмээн поло тэмцээний тухай танилцуулах гэж уртын урт цасан зам туулж ирсэн билээ. Ингээд бид тэмээний уралдаан үзэхээр ургах нартай уралдан бослоо. Урд өдөр эхэлсэн цасан шуурганы эрч жаал суларсан боловч шуурсаар л байна. Шуургатай болоод тэр үү, говийн жавар ёстой тасхийж байна. Хүйтэн гэж хангай нутгаас ялгарах юм алга. Лав хасах 30 хэм хүрсэн байх. Бидний машин цасанд сууж, татуулж чирүүлсээр уралдааны зам тосон зогслоо. Алсын бараа харагдахгүй бин битүү. Энэ жилийн тэмээний уралдаанд говийн аймгууд бүгд оролцох ёстой байсан ч байгалийн энэ хүндрэлээс болоод Өмнөговь аймгийн Ноён, Гурван-тэс, мөн Сэврээ сумтай ойролцоо хэдэн газраас тэмээчид иржээ. Өмнө нь тэмээний уралдаанд зуу гаруй тэмээ оролцдог байсан бол энэ удаа 40 шахам тэмээ уралдах юм байна. Бас цас ихтэй, зам хөлдүү байгаа тул уралдах замыг богиносгосон гэнэ. Биднийг ийн ярилцаж зогстол цасан шуурган дундаас тэмээний түрүүч үзэгдэж, тэмээчдийн уралдаан улам бүр тодорсоор. Говь нутагт, тэр дундаа тэмээний уралдааны үеэр хэзээ ч тохиож байгаагүй байгалийн ховор үзэгдэл, магадгүй дахин хэдэн арван ондоо ч тохиохгүй байж болох тийм сонин содон дүр зураг нүдний өмнө улам бүр тодорсоор. Уучлаарай, энэ гайхамшигт агшныг сонсогч танд үзүүлэх боломжгүйдээ би фото сурвалжлагчдад ёстой дээд зэргээр атаархаж байлаа. Гэхдээ тэдний илэрхийлж чадахгүй нэг давуу тал радиогийн сурвалжлагч надад байсаан. Тэр бол энэ...
 
         / Цас манаруулан орж ирэх тэмээний уралдааны сүрлэг чимээ орж ирэх /
 
РЕДАКТОР: Хажуугаар салхи татуулан өнгөрөх тэмээний нүд сормос төдийгүй үс ноос нь хүртэл битүү цан хүүрэг. Хөмсөг сормуус, үс сахал нь хүртэл мөстөж цантсан тэмээчид нүдээ байн байн арчин, тэмээгээ ташуурдан давхиж өнгөрлөө. Бид ч барианд амжиж хүрэх санаатай цасан хунгарт унан тусан гүйсээр машиндаа сууж хөдөлсөн боловч бидний машин шил дараалан цасанд сууж, түүнээс гарах гэж мунгинасаар байгаад түрүүчийн байтугай сүүлчийн тэмээг ч барианд орохыг харж чадсангүй. Энэ удаа говийн тэмээ ямартаа ч хүчит техникээс давуу болохоо харуулж чадлаа. Жил бүрийн цагаан сарын өмнө болдог говийнхны энэ уламжлалт тэмцээн төлөвлөсөн ёсоор өргөн дэлгэр болж  чадаагүй ч жинхэнэ өвлийн өнгөөр, цасан дунд болсон нь их сонирхолтой байна гэж олон хүн ярьж байсан юм. Тэмээний уралдаанд Сайншандын малчин Нямхүүгийн улаан тэмээ түрүүлж, Баатарын бор тэмээ удаалжээ.
Одоо тэмээний уралдаанд магнайлсан Сэврээ сумын малчин залуу Нямхүүгийн сэтгэгдлийг сонсоё.
            СОРОНЗОН БИЧЛЭГ:
Нямхүү: Тэмээ уралдахад маш хүнд байлаа. Цас ихтэй, ядаж байхад чанх өмнөөс шуураад их хэцүү байсан. Урд өдөр уралдах газраа үзэж харсан тулдаа хунгар цасанд орж энэ тэр болсонгүй ээ. Гэхдээ л их хэцүү байлаа.
Сурв: Тэмээний уралдаан хурдан морины уралдаанаас их ялгаатай юмаа. Морийг уяачид уяж, хүүхэд унадаг. Харин тэмээг...?
Нямхүү: Тэмээг бол өөрөө гардаж уяад, өөрөө унаж уралддаг онцлогтой. Уг нь уралдааны зам 20 км байдаг юм. Энэ жил цас ихтэй, шуургатай байсан болохоор замыг богиносгож, 7 км газар уралдлаа. Гэсэн хэдий энэ уралдаан тун амаргүй байлаа. Олон тэмээний хөлөөр боссон цас бургиж босоод юу ч харагдахгүй болсон. Бид байтугай тэмээ ч юу ч харахгүй ёстой зөнгөөрөө давхисаар байгаад орж ирлээ. Энэ 7 км өмнөх жилүүдийн 20 км-ээс лав илүү гарахаар хурд, хүч зарсан гэж бодож байна.
                                                                           / хөгжим /
РЕДАКТОР: Тэмээн уралдааны дараа бид түр үдлээд Сэврээ сумын наадмын талбай руу явсан юм. Энэ үед цасан шуурга намдсан боловч хүйтний эрч буураагүй л байв. Талбай дээр “Түмэн тэмээ” аялалын холбооны  бэлгэдэл олон тэмээ дүрсэлсэн шар торгон туг, “Говийн гурван тэмээ” аялал жуулчлалын компаны бэлгэдэл гурван тэмээний зураг бүхий хөх эмжээртэй цагаан торгон туг, “Адал явдал” аялал жуулчлалын компаны бэлгэдэл далбаа, Намадин экспедишн аялал жуулчлалын компаны бэлгэдэл гээд олон туг далбаа салхины аясаар дуутай шуутай дэрвэн хийснэ. Одоо та бүхэн газар дээрээс нь бэлтгэсэн сурвалжлагад анхаарлаа хандуулна уу.
СОРОНЗОН БИЧЛЭГ: 
Сурв: Эрхэм сонсогчид оо, “Монголын дуу хоолой” радиогийн сурвалжлагч Чулуунцэцэг би УБ хотоос 700-гаад км-ийн алсад орших Өмнөговь аймгийн Сэврээ сумын нутгаас ярьж байна.
Та бүхэн энэ дуу чимээг сонсоод юу болохыг тааварлах гэж оролдож байгаа байх. Энэ бол Тэмээн поло тэмцээний чимээ. Сонсогч та “Тэмээн поло” тэмцээнийг үзэх нь бүү хэл сонсоо ч үгүй байх. Учир нь өнгөрсөн жил Өмнөговь аймагт анхныхаа тоглолтыг хийсэн Тэмээн поло монголчууд бидэнд ч хараахан танил болж амжаагүй тэмцээн.Энд тоглож байгаа тамирчин-тэмээчдийн олонх нь анх удаа тоглож байгаа гэхэд тун дадамгай байна. Арга ч үгүй биз дээ, поло тэмцээн тэдний хувьд шинэ ч тамирчид нь хар багаасаа тэмээн дээр өсөж өндийсөн хүмүүс. Цаг хугацаа өнгөрөх тусам тамирчин-тэмээчид улам бүр байрлалаа зөв сонгож, оновчтой цохилт хийж тун ч өрсөлдөөнтэй байна. Байгаль дэлхийн таагүй байдал тамирчдад ер нөлөөлөхгүй байгааг онцлон хэлье. Ингэж тэмээтэй бөмбөг тоглох нь монголд төдийгүй дэлхийд анхных гэж болох шинэ спорт учир тэмээн поло тэмцээний  тоглох зарчмаас сонирхуулья. Хоёр баг тав таван хүнтэй байх бөгөөд нийт 30 минут тоглохдоо 15, 15 минутаар тоглоно. Хэрэв тэнцэх буюу аль аль нь эсрэг хаалгандаа бөмбөг хийж чадлахгүй бол хугацааг 10 минутаар сунгана. Энэ бүгдийн эцэст бас хожилцож чадахгүй бол таван тамирчин хурдаараа ирж бөмбөгийг хаалганд оруулах бөгөөд аль олон бөмбөг оруулсан баг түрүүлнэ. Эрхэм сонсгчид оо, өнөөдрийн тэмцээнд  Сэврээ сумын Буйлсангийн “Түмэн нас” баг, Сайншандын “Хонгор” баг,  Ноён сумын “Ноён богд” багууд маш хүчтэй өрсөлдөж, Буйлсангын “Түмэн нас” баг түрүүлж, алтан цомын эзэн боллоо. Ийнхүү монгол газар шинэ дутам хөгжиж байгаа тэмээн поло тэмцээн цаашид монголчууд төдийгүй гадаадынхны сонирхлыг татаж, зөвхөн “тэмээн поло” үзэхийн тулд мянга мянган жуулчин монголын говийг зорин ирэх бизээ.
                                          / тэмцээний шум тодорч ирнэ /
Сурв: Тэмцээний дараа алтан цом хүртсэн Буйлсангын багийнхантай уулзаад байна.
Эр: Түрүүлсэн болохоор сэтгэл их өндөр байна.Тэмээн поло-г цаашид улам боловсронгуй болгох хэрэгтэй шиг. Одоогоор бол тэмээг зовоосон л тэмцээн болж байна даа. Миний бодлоор арай боловсронгуй, тэмээндээ хал багатай болгох хэрэгтэй. Тийм болохоор тэмээг бүр ботго, тором байхаас нь эхэлж сургаж, амархан эргэж тойрдог уян хөнгөн болговол  бөмбөг тоглоход илүү амар байх гэж бодож байна даа.
РЕДАКТОР: Та бүхэн газар дээрээс нь бэлтгэсэн сурвалжлага сонслоо. Тэмээн поло тэмцээнийг жилээс жилд тоо толгой нь хорогдож байгаа тэмээн сүргээ хайрлан хамгаалж, өсгөн үржүүлэх үйлсэд залуучуудыг идэвхтэй оролцуулах үүднээс УИХ-ын гишүүн  Оюунбаатар  санаачилсан юм. Энэ тэмцээнийг зөв хөгжүүлж, дэлгэрүүлж чадвал манай говийн залуус чөлөөт цагтаа тоглож байх нэг наадамтай болох төдийгүй монголд ирэх жуулчдын тоог нэмэх болно гэж олон хүн ярьж байсан юм.
 
                                                                       / хөгжим /
 
НЭВТ: Аяллын гурав дахь өдөр буюу Малчин айлд...
 
РЕДАКТОР:  Энэ өдөр бид бага үдийн алдад Сэврээ сумын төв Сайншандаас хөдөллөө. Зам зуур шуургагүй ч хүйтний эрч буураагүй л байв. Бид Зөөлөнгийн уул, Сэврээ уул хоёрын дундах уудам хөндийг туулсаар алдарт Хонгорын элсний урд өвөрт өвөлжиж байгаа тэмээчин Шатарбатынд очсон юм.
Шатарбат гэх дунд эргэм насны эр “Түмэн тэмээ” аяллын холбооны гишүүн гэнэ. Бид тэднийд говийнхны амттай сайхан хоол цайгаар дайлуулж, нутаг орны тухай яриа өрнүүлсэн юм. Шатарбатын охин бидэнд цай буцлах зуур тэмээний ноосоор ногт хийж сонирхуулав. Дараа нь хангал тэмээ хэрхэн сургаж номхуулахыг, бас тэр бүр аялагчдад тохиогоод байхгүй орсон буур, “буурын явдал” харсан маань манай фоточдод том олз болов. Сонирхолтой нь буур гээч амьтан дүнхийгээд байдаг нь сонин, сониноор барахгүй бүр жигтэй. Радиогийнхан өт хорхойн чимээг хүртэл авчих санаатай өдөржин хэвтэж чаддаг хүмүүс. Гэхдээ би хоосонгүй ээ, би тэмээ унаж зураг татуулж амжсанаараа овсгоотой аялагч болсон.
Бид Шатарбатынхаас цааш хөдөлж, Хонгорын элсний зүүн үзүүрт тэмээн жингийн цуваатай таарч, жинчдийн майханд түр саатаж, тэдний замын хүнс болох адууны мах, цагаан тос зэрэг илчлэг хоол хүнснээс нь амсаж, ирсэн буцсан жуулчдад сонирхуулдаг хуучин цагийн жинчид хийгээд тэдний тухай сонирхолтой сайхан хууч яриа сонслоо. Эдгээр жинчдийн өмссөн гутал хувцас гоёмсог, үндэсний хээ хуар бүхий  майхан сав нь дэндүү тансаг юм билээ.
 
                                          / жинчдийн ачаагаа ачиж хөдлөх чимээ /
 
РЕДАКТОР: Жинчид ч, бид ч тус тусын замаа хөөлөө. Үдэш гэхэд бид Булагтайн ууланд байх “Говийн гурван тэмээ” аялал жуулчлалын бааз дээр очих ёстой. Манай аялагчид  ойр тойрныхоо уул усыг харж, цагаан зээрийн сүрэгтэй таарч зургийг нь дэргэдээс шахуу татаж, тун чиг зугаатай явж байлаа. Гэтэл налайж байсан байгаль дэлхий гэнэт зангаа хувиргаж, цасан шуурга тавьж бид урагш ахихаа болив.
 
                                   / түгшүүртэй хөгжим залгаад цасан шуурга /
 
РЕДАКТОР: Удалгүй харанхуй болж зам төөрөхгүй ч цасанд суух нь олширч хээр хоноход хүрвэл яана гэсэн айдас хүн бүхэнд төрж эхлэв. Гэтэл алсад нохойн дуу сонсдож, удалгүй шуурган дунд айлын бараа харагдахад сэтгэл уужирч, бүр дуу шуу орлоо. Манайхны нэг нь одоо дахиад суусан ч яахав, түгших юм алга гэж бардаж байна шүү. Нээрэн л эзгүй талд төөрсөн хүнд айлын бараа ийм их хүч, зориг оруулдаг байх нь. Удалгүй гаднаа сэнстэй, машинтай, бас мотоцикльтэй,  гэртээ телевизтэй говьд хаа ч байдаг нэгэн малчин айлд тухаллаа. Үндэсний телевизийн ММ агентлагийн мэдээний хөтөлбөр эхэлж, манай ерөнхийлөгч Дэйбосын эдийн засгийн чуулга уулзалтанд оролцож байгааг мэдэв. Уулын аглагт буй малчид шинэ мэдээллээс хоцордоггүй л юм байна. Гэрийн эзэн Дагвасамбуу, гэргий Цэрэнчимэд хоёр биднээс хотын сонин сайхныг сонсох зуураа тогоо дүүрэн мах, бас зөндөө их бууз жигнэж өглөө. Говийн нэг малчин бэлтэйхэн хөдөлж, арваад хүнийг цатдал дайлахыг үзвээс хөдөөгийн малчид монгол ёсоо алдаагүй л байгаа юм байна. Харин манай гадаадын хэдийн нүд ёстой бүлтийж байна лээ. Халуун хоол цай идэж уугаад жаал амсхийсэн манайхны зарим нь өнөө айхтар шуурганыхаа аюулыг мартсан бололтой хөдлөх гэж байна шүү. Бүсгүйчүүд бид үхэж байсан ч цасан шуурганаар мордохгүй гэж тас зөрөв. Гэрийн эзэд ч цасан шуурга бол тоглоом биш хоноод яв гэж ятгаснаар бид тэднийд хоног төөрүүлэх болов. Арваад хүн газраар эгнэн унтаж, гадаадын хэддээ монгол гэрийн гайхамшгийг жинхэнэ ёсоор харуулав. Сэтгэл байвал алган чинээ газар ч багададгүй юм билээ.
 
                                                                     / хөгжим /
 
НЭВТ: Сүүлчийн өдөр буюу Дөчин таван км газрыг 6 цаг туулсан нь...
РЕДАКТОР: Малчин Дагвасамбуугынхаас өглөө эрт хөдөлсөн манай аялагчид цасан замаа хөөлөө. Урд шөнийн шуурганаар зам бүрмөсөн арчигдсан байв. Нутгийн хүн жолоо мушгиж яваа тулдаа л урагшаа ахиж байлаа. Магадгүй аяллын маань оргил хэсэг энэ ч байж болох юм. Яагаад гэвэл тэмээн аялал буюу өвлийн аяллыг адал явдалд дуртай хүмүүс л сонгоно шүү дээ.
СОРОНЗОН БИЧЛЭГ:
/ шум – машин цасанд сууж цас ухаж гаргаж байгаа чимээ /
 Сурв: Шаварт суух цасанд суух хоёрын аль нь хэцүү вэ?
Жолооч: Шавар хэцүү ш дээ...
Сурв: Нээрэн шаврыг бодоход цас ухахаас эхлээд гайгүй бололтой юмаа. Энэ цас ямар гүн байнаа... Бараг 80 см, үгүй ээ бүр метр орчим гүн байна. Тий тий... ямар хүйтэн байнаа, удвал осгож мэдэх нь байна шүү... Шаварт суусан бол үгүй ядаж ингэж даарахгүй дээ. Ингээд бодохоор цасанд суух нь илүү хэцүү юм бишүү...
/ шум - машин цаснаас гарч байна /
 
РЕДАКТОР:  Манай аяллынхан Уужим гэх уудам талыг туулж Баянбор нуруунд хүртэл нэг хэсэг мөн ч их суусандаа. Бүр тодруулбал 45 км газрыг бүтэн 6 цаг туулсан гээд боддоо.  Эхлээд бид тоолж явлаа, тэгээд 30-40 хүргээд хаялаа. Яагаад гэвэл цасанд суух юу ч биш. Харин эрэг ганга таарч машинаа эвдлэхгүй байх нь чухал. Хаана эрэг ганга судаг байдгийг Ганаа гэх нутгийн жолооч залуу ёстой далдыг харагч шиг мэдэх нь үнэхээр гайхалтай. Учир нь хүүхэд наснаасаа энэ хөндийг туулж өссөн нэгэн. Харин энэ өдөр шуургагүй байсан нь бидний аз байсан юм. Бид цасан далайн дунд урагш зүтгэсээр гэгээтэйд Өөдийн давааг давж, Арц Богдын өвөр хоолойг туулан Булагтайн талаар давхисаар оройн 10 цаг гэхэд Булагтайн ууланд байх “Говийн гурван тэмээ” жуулчны баазад дээр ирсэн юм. Байгаль цаг уурын саад бидний аялалд учраагүйсэн бол бид энэ сайхан бааз дээр эрт ирж, холгүй орших Баян-загаар аялж, дэлхийд нэр алдар нь түгсэн үлэг гүрвэлийн олдвортой танилцах байсан юм.
Ингээд бид аяллынхаа сүүлчийн буудал болох энэ баазын тохилог гэрт Түмэн тэмээ, тэмээ аяллын холбооны тэргүүн нартай тэмээн баяр, тэмээ аяллын тухай яриагаа үргэлжлүүлсэн юм. Тэд бол Говийн гурван тэмээ компаны захирал Түмэндэлгэр, “Адал явдал” аялал жуулчлалын компаны захирал эмэгтэй Батжаргал нар.
            СОРОНЗОН БИЧЛЭГ:
Түмэнбаяр: 2000 онд Түмэн тэмээ, тэмээ аяллын холбоогоо байгуулсан. Бидний гол зорилго бол тэмээн аяллыг өргөжүүлэн хөгжүүлэх, Тэмээн аяллын гол хэрэгсэл болсон тэмээг өсгөн үржүүлэх, хамгаалах асуудал юм. Тэмээ сүүлийн жилүүдэд маш ихээр хорогдож байна. Арваадхан жилийн өмнө 800 гаруй мянга байсан тэмээ өнөөдөр 280-аадхан мянга болчихоод байна. Тэмээнээс малчинд ашиг ордог байх хэрэгтэй. Ямаа өнөөдөр өгдөг ашгийнхаа төлөө маш их өсөж байна. Түүн шиг тэмээ ихээр өсөх хэрэгтэй. Өнөөдөр янз бүрийн байгууллагаас тэмээ өсгөж, хамгаалах талаар ажил хийж байгаа боловч үр дүнд хүрэхгүй л байна. Манай холбооноос Тэмээний баяр зохион явуулж эхлээд байна. Үүнийгээ улам сонирхолтой болгохоор Тэмээн поло тэмцээн, Тэмээн жин, Тэмээтэй сайхан хос гээд олон зүйл бодож төлөвлөж байна. Тухайлбал Тэмээн жин бол гадаадынханы сонирхолыг татах үзүүлбэрийн нэг гэж бодож байна.
Батжаргал: Энэ жилийн тэмээний баярын нэг онцлог яг өвлийн өнгөөрөө болж чадлаа. Тэр салхи шуурга, цас, уур цан, цасан шуургатай тэмээний уралдаан. За тэгээд уур цан савсуулан яваа тэмээн жингийн цуваа... Энэ бүгд хүмүүсийн сонирхол татахаар байлаа.
РЕДАКТОР: Аяллынхаа сүүлчийн өглөө мандах улаан нарыг угтан Даланзадгад хот руу хөдөллөө. Өмнөөс гийх нарны туяанд нүд алдам цагаан тал гантиг чулуун мэт очис татуулан жирэлзэнэ. “Говийн гурван тэмээ” баазаас аймгийн төв хүртэл 70 км газрыг ямарч саадгүй туулсаар 2 цагийн дараа онгоцны буудал дээр ирж, дахиад цаг гаруйн дараа УБ-т газардсанаар бидний цасан далай туулсан аялал өндөрлөсөн юм.

                                                                                                                         2003 он

No comments:

Post a Comment

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив