Lucky Charms Rainbow

Monday, February 11, 2013

БАЙГАЛЬ ЭХИЙН БЭЛЭГ...

/ Сонсож болно /



НЭВТ: Та бүхэн УГЖ, нэрт найраг баян хуурч  Гончигийн Тэрбишийн тухай БАЙГАЛЬ ЭХИЙН БЭЛЭГ хөгжимт хөрөг хүлээн авч сонсоно уу. 
 
                                                                             / хөгжим /
 
НЭВТРҮҮЛЭГЧ: Жаал хүүд хотоос ирсэн ах нь аман хуур бэлэглэжээ. Хачин жижигхэн, бас жигтэйхэн гоё дуугардаг өнөө хөгжмийг хүү зөнгөөрөө л тоглож сурч. Тэгээд бүр Нурамт уулынхаа цуурайтай хоршиж тоглодог болсон нь хожмын нэрт хөгжимчний авьяасыг нээжээ. Хүүгийнхээ авьяасыг ажиглаж мэдсэн эцэг нь 200 гаруй төгрөгөөр жижиг гарын “баян хуур” хөгжим авч өгч тухайн цагтаа амьтан хүнийг гайхшруулжээ. Авьяслаг хүү аавынхаа урмыг хугалсангүй ээ, улам ч сайн хөгжимдсөөр дунд сургуульд байхдаа “найраг баян хуур” хөгжим авахуулсан гэдэг.
Хожмын нэрт хөгжимчний бага насны түүх ингэж эхэлдэг. Өнөөдөр манай хүмүүс хөгжимчин Тэрбишийн  найраг баян хуурын гоцлол, зохиомжууд мөн түүний зохиосон “Галшир”, “Тольтой мөнгөн эмээл”, “Наадмын морьтны тоос” гээд олон сайхан дууг андахгүй мэднэ.
СОРОНЗОН БИЧЛЭГ:
СУРВАЛЖЛАГЧ: Ямар ч хүнд, тэр дундаа урлагийн хүнд удам судар их нөлөөтэй шиг санагддаг юм?
ТЭРБИШ: Би Говь-Алтай аймгийн Жаргалан сум, Завхан голын эрэгт төрж өссөн хүн. Миний удам бол Сарлагт говийнх. Олон сарлагтай гэсэн үг юм. Би нутаг усандаа “гозгор” Гоёо гэж нэрлэгдэг хүний долоон хүүхдийн хамгийн бага нь...
СУРВАЛЖЛАГЧ: Айлын отгон хүү болохоор эрх гэж хачин л байсан байх даа?
ТЭРБИШ: Тэгэлгүй яахав. Харин эрхэлсний гайгаар миний хэл жаахан хазгай, тультраа болсон доо./инээв/
СУРВАЛЖЛАГЧ: Гэхдээ эрхлэсний сайн үр нөлөө бас байх шигээ. Яагаад гэвэл аав тань отгон хүүдээ тухайн үедээ тэр бүр хүн авчихаж чадахгүй хөгжим авч өгсөн байна шүү дээ?
ТЭРБИШ: Тийм шүү. Ер нь аав миний гар хөл, бие бялдрыг их хайрладаг байсан юм. Хар бор, хатуу хөтүү ажил хийлгэдэггүй байсан. Мал хард явуулахгүй. Гэхдээ миний сурч боловсроход их анхаарна. Нэг удаа би “Миний энэ хүү л нэг өөр хүн болно доо” гэж хүмүүст ярьж байхыг сонссон юм. Тэр үед сахилгагүй хүүхдүүдийг “Энэ... хүн болохгүй нээ” гэж хэлдэг байсан болохоор тийм л үг  гэж боддог байж. Одоо бодохнээ миний зам мөрийг эрт олж хараад хэлж байж дээ, аав минь.
 
                                                             / Тэрбишийн найраг баян хуурын тоглолтоос /
 
НЭВТ: Тэрбишийн аав Гончиг сайхан дуулдаг, бас мэргэн цэцэн үгтэй, алиа хошин зантай хүн байжээ. Бэлэн цэцэн үгтэй хүн заргач байдаг хойно, тэрээр нутаг усандаа гайгүй сайн заргач гэгдэнэ. За тэгээд бариач илээч, Завхан голдоо олон хүний “авсан аав” болсон гэнэ. Гончиг гэж ийн гартаа уртай, тархиндаа оюунтай, бас элдэвтэй нэгэн байжээ. Гончиг дуучин байсан болохоор хэдэн хүүхэд нь уртын дуугаа сайхан дуулна.
СОРОНЗОН БИЧЛЭГ:
ТЭРБИШ: Аавын удам төдийгүй ээжийн удамд нэр цуутай хүмүүс бас байдаг юм. Нутаг ус төдийгүй улс эх орондоо зартай сайн дархан, сийлбэрч Лосол гэж хүн бий. Тэр хүний дархалсан ээмэг бөгж, эмээл хазаар, үнэт эдлэл зөндөө зөндөө. Говь-Алтай аймаг битгий хэл монгол даяар тархсан байдаг юм билээ. Бас ээжийн эгч дүүсийн хүүхэд болох дархан аварга Батсуурь ахыг би дурсах дуртай. Суурь ах нэг удаа хотоос машинаараа ирэхдээ ээж бид хоёрт “Бөөн цагаан” нуур үзүүлснийг би ер мартадгүй юм. Энэ нуурыг машинаар тойроход 2 цаг болдог юм гэж ах ярьж байсан нь санаанд тод үлдэж дээ. Одоо бодоход Суурь ах байгаль дэлхийгээ их сайн мэддэг хүн байжээ. Миний бодлоор байгаль эх биднийг хөглөж янз бүрийн авьяас билэг заяасан юм болов уу. Ер нь манайх чинь жилийн дөрвөн улиралдаа Завхан голыг гаталж өвөлжиж, хаварждаг байв. Нэг удаа ээж намайг үүрээд гол гатлах үедээ: “Миний хүү ус руу битгий хараарай” гэсийм. Тэгэхэд нь би нүдээ аньж байгаад яг морины хөлөөр ус дуугарч, бие дайвалзаж хазайгаад ирэхээр нь харчихдаг байж билээ. Завхан голын хархираа миний чихийг хөглөж өгч байж дээ. Завхан голын дээхнэ талд Нурамтын уул гэж бий. Тэнд би хурга ишгээ хадны цуурайтай хамт хариулж явлаа. Нурамтын цуурай, Хүнхэр зуслангийн рашааны хархираа, ой моддын чимээ чихийг минь хөглөж, байгаль эх надад урлагийн авьяас хайрласан юм даа.
                                                                    / Эрээн нуур дууг Жанчивын дуулснаар /
 
НЭВТ: Та бүхэн Тэрбишийн “Эрээн нуур” дууг УГЖ Жанчивын дуулснаар сонсож байна. Тэрбиш сайн хөгжимчин төдийгүй бас сайн хөгжмийн зохиолч болохыг энэ дуу харуулдаг юм. Тэрээр: “Би төрүүлсэн бүтээл бүхэндээ хайртай ч “Эрээн нуур” дуундаа бүр ч илүү хайртай” гэж ярьж байлаа. Магадгүй энэ дуу нутгийн уул, ус нь түүнд хайрласан нэг бэлэг ч юм билүү. 
 
                                                                        / дуу тодорч ирээд дуусна /
 
НЭВТ: Тэрбишийг хүмүүс чадварлаг хөгжимчин, сайн хөгжмийн зохиолч гэдгийг андахгүй. Харин мэргэжлийн ямар сургууль дүүргэснийг тэр бүр мэдэхгүй болов уу. Тэрээр өөрийгөө “ Ардын Их сургууль” дүүргэсэн хүн гэж хэлэх дуртай юм билээ. “Хөгжимчин болох замд сэтгэл шулуудахад олон зүйл нөлөөлсөн хэдий ч миний анхны багш болох хөөрүү зантай, жаахан дүрсгүй ч сайхан сэтгэлтэй Жаргалан сумын кино механикч Осоржамц, бас сумын клубын эрхлэгч, “Алтай” чуулгын гоцлол хөгжимчин Чойдог нарыг би мартаж чадахгүй. За тэгээд байгаль эх хүн бүрд авьяас заяах боловч өөрийгөө дайчилж хөдөлмөрлөхгүй л юм бол тэр сайхан хишгийг олж танихгүй өнгөрнө шүү дээ” гэж Тэрбиш ярьсан юм. Түүний энэ үгийг орос, монгол тэр бүү хэл өөрөө ч мэдэхгүй олон хэлээр бичсэн найраг баян хуур хөгжмийн сурах бичиг нь батлах бизээ.
                                                       / Тэрбишийн найраг баян хуурын зохиомж /
 
СОРОНЗОН БИЧЛЭГ:
СУРВАЛЖЛАГЧ: Хөгжимчин болсон зам мөр ийм байдаг байж. Тэгвэл хөгжмийн зохиолч яаж болов оо?
ТЭРБИШ: Аккардион гэх “Найраг баян хуур” бол дэлхийн хөгжим шүү дээ. Энэ утгаараа аль ч оронд байдаг нийтлэг хөгжим. Энэ хөгжим хөгжимдөгчөө заавал өндөр мэдлэг боловсролтой болгодог онцлогтой. Зүүн гар талд аккардионы багцалсан окордууд байдаг. Хөгжимдөхийн тулд дуугаа судалдаг. Баруун, зүүн гарын даралтуудыг судална. Өөрөөр хэлбэл орчин үеийн хөгжмийн мэдлэгтэй болж байна гэсэн үг. Энд бас жааз хөгжмийн даралтууд байдаг учир хөгжмийн зохиолч болох эх үүсвэрийг тавьж өгдөг юм. Тийм учраас манай анхны аккордиончид болох Сайнбаяр гуай, Гончигсумлаа багш, Чимэддорж, Түмэнжаргал гуай, Дарьхүү гээд бүгдээрээ хөгжмийн зохиолчид болсон байдаг. Ер нь монголын хөгжмийн зохиолчид аккардион, баян хуураар дамжилгүйгээр хөгжмийн ертөнцөд хөл тавьсан нь тун цөөхөн дөө. Тиймээс би энэ хөгжмийн зэмсгийг эзэмшснийгээ их хувь заяа гэж боддог юм. 
 
                                     / найраг баян хуураар монгол ахуйг дүрсэлсэн тоглолтоос нь өгөх /
 
/ХАЛЬС/ СУРВАЛЖЛАГЧ: Энэ хөгжимгүй нэг ч улс орон байхгүй ч улс орон бүр өөрийн гэсэн арга барилтай байж таарна даа. Тэгвэл монгол арга гэвэл юу байж болох вэ?
ТЭРБИШ: Тийм шүү. Монгол юм болгоно гэдэг л монголын онцлогыг харуулж байгаа хэрэг л дээ. Ер монголчуудын зан эзэмшсэн зүйлийнхээ цаана нь гардаг онцлогтой шиг. Тухайлбал хөгжим эзэмшихдээ гадаадынхан ингэж хөгжимддөг юм байна гээд түүнийг дуурайх биш, харин монгол болгох гэж их оролддогт байдаг шиг. Миний хувьд гэвэл гадаадын дуу хуурыг хөгжимдөхөөс гадна монгол дуу хуураа яаж хөгжимдөх вэ, морин хуурыг аккардионоор яаж илэрхийлэх вэ гэдэг дээр голлож ажилласан. Тиймээс ч аккардионоор монголын утсан хөгжим болон морин хуурын темп гаргаж байна. Лимбэ дуугаргах, тэмээ буйлуулах, нохой хуцуулах гээд монгол ахуйн дуу чимээ гаргадаг гэж гадаадынхан намайг үнэлдэг юм билээ. Дээр үед манай гавьяат Дамбийжанцан гуай 2 хүнийг хооронд нь яриулж хөгжимддөг байсан. Харин би үүнийг илэрхийлэх шинэ техник гаргасан юм. Үүнийг бас гадаадынхан: “Та өөрөө хөгжимдсөн үү, эсвэл цэвэр илбэ үү? гэж асуухаар нь би: “Энэ бол цэвэр техник” гэж хариулдаг юм. Хаана хэн танд зааж өгсөн бэ? гэхлээр: Монгол орны Говь-Алтай аймагт байдаг “Гэрийн дээд сургуульд”заадаг гэдгийм. Өөр юу хэлэх билээ. Магадгүй энэ л монгол арга байж болох юм даа.
СУРВАЛЖЛАГЧ: Дөч гаруй жил нөхөрлөсөн найраг баян хуур хөгжмөө юу гэж хэлэхсэн бол?
ТБ: Найраг баян хуураар аль ч улсын үндэстний дуу хөгжим, уртын болоод сонгодог дуу, симфони найрал хөгжим гоцлож болно. Симфони хөгжим баян хуурд парад бичигдсэн байдаг. Манайхан хэрэглэдэггүй болохоос биш баян хуур жааз хөгжимд их оролцдог. Америкийн анхны жааз хөгжимд акортын үүрэг гүйцэтгэдэг. Дундад азид тэр их халуун цуст хүмүүсийн хөгжим болоод Кавказын аль ч улсын хөгжимтэй хамт оршин тогтнож байна. Энэ бол бахархууштай.
 
                                                                         / Тамсгийн цэнхэр хязгаар /
 
НЭВТ: “Өнөөдөр гитар тоглож чаддаггүй залуус ховор шиг 20, 30 жилийн өмнө залуу хүн бүр л баян хуур тоглож сурдаг байсан шиг. Та яг тэр үед энэ хөгжимтэй нөхөрлөжээ. Гэтэл цаг өөр болж найраг баян хуурд зориулсан олон агуу бүтээл байдаг ч нэг л хуучирсан шиг, та ч бас...”  гээд цааш нь ярих гэтэл, тэрээр миний үгийг шууд таслан “Би хөгжмөө орхиогүй ээ, орхих ч үгүй. Тэрбиш гэдэг хүн байсан цагт миний аялгуу тасрахгүй. Миний бүтээл оршсоор, улам баяжсаар байх болно” гэж билээ. Үнэхээр энэ хүн хөгжим шигээ оргилуун юм билээ.
 
                                                                       / Увс нуур дуу орж ирээд /
 
СОРОНЗОН БИЧЛЭГ:
СУРВАЛЖЛАГЧ: та нуур усны тухай олон дуу зохиожээ. Увс нуур дууг зохиох болсон тухайгаа яриач?
ТЭРБИШ: Увс аймагт 1990 онд айлчлан тоглолт хийчихээд онгоцоор буцаж явтал, нутгийн нэг хөгшин:“Миний хүү Эрээн нуур гэж нэг сайхан дуу хийсэн шигээ манай Увс нуурын тухай дуу хийж өгөөч” гэсэн юм. Тэгээд би онгоцны цонхоор Увс нуур луу хартал дэлгээд тавьсан бодын арьс шиг харагдаж, нэг их сайхан сэтгэгдэл төрж, шууд л үзэг цаас аваад бичсэн юм. Ингэж “Увс нуур” дуу онгоцон дотор төрсөн түүхтэй юм.
НЭВТ: Уул ус, ургамал цэцэгс жигдэрсэн сэрүүн сайхан нутагт хаяаг нь шуусан гэрийн сүүдэрт арав гаран настай жаал хүү нойрсоно. Хүүгийн улаа бутарсан царайд баяр гийж жаргалтай байна. Зүүдэнд их усны өнгө, үнэр, их усны мяралзан долгилох чимээ тэр чигээрээ аялгуу үүсгэх ажгуу. 
 
                            / Усны давалгаалах чимээ орж ирээд Дэлгэр мөрөн-дуу /
 
СОРОНЗОН БИЧЛЭГ:
 СУРВАЛЖЛАГЧ:Та яагаад Увс, Хөвсгөл аймгийг өөрийнхөө хоёр дахь нутаг гэж хэлдэг юм бэ?
ТЭРБИШ: Увс нуур, Хөвсгөл нуурын хажууд очиход дууны ая, айзам өөрийн эрхгүй урсан гарч ирдэг юм. Тэр л нутаг усны хөг аялгуунд тохируулж хийсэн болоод ч тэр үү Увс, Хөвсгөлийн ард түмэн Дэлгэр мөрний Тэрбиш ирлээ... гээд  сүйд болж, дайлж цайлж гарна шүү дээ. 
 
                                                                / дуу дахин тодорч ирээд дуусах /
 
НЭВТ: Байгаль эх хүмүүн бидэнд ийн буян хишгээ илгээдэг аж. Гагцхүү тэр илгээсэн хишгийг нь тогтоон авч, билэг авьяасаа нээж  чадваас алдар суу өөрөө ирнэ. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг чухам энэ буюу.

                                                                                                                                                 2004 он

No comments:

Post a Comment

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив