Lucky Charms Rainbow

Monday, February 11, 2013

ШУУРГА...

/ Сонсож болно /



НЭВТ: Эрхэм сонсогчид оо, манай нэвтрүүлгийн нэр....
 
/ шум-хүчтэй цасан шуурга, шуурганд  хүүхдийн уйлах чимээ /
 
НЭВТ: Сэтгэлд таагүй дуу чимээгээр нэвтрүүлгээ нэрлэх болсны учир гэвэл байгалийн энэ үзэгдэлд хүний амь, тэр дундаа хүүхэд өртөж байгаа тухай яриа өрнүүлэх гэсэн юм. 
 
                                                                          / хөгжим /
 
НЭВТ: Нүүр нүдгүй шавхуурдах цасан шуурга хамгийн сүүлд хаана, хэдийд болсныг та сайн мэдэж байгаа байх. Тийм ээ, энэ цасан шуурга намрын шар нар газар дэлхийг ээж, амьд бүхэн цэнгэн жаргаж байдаг 9-р сард Сүхбаатар аймгийн нутагт болж эрдэнэт хүний алтан амь, олон мянган мал сүрэг өртсөнийг бид мартаагүй ээ.
Малаа дагаж явсан арван хэдхэн настай охин энэ аюулт гамшигт өртөж чимээ алдарсан нь өнөө ч олон хүний сэтгэлд шуурга татуулсаар байна. 
 
                                                      / шуурга дахин гарч ирээд намсах /
 
НЭВТ: Монголд нутгийн цаг агаарын нэг онцлог бол шуурга буюу хүйтэн юм. Мянга мянганы турш монгол газар шороон дээр хүн, мал, байгаль гурав харилцан шүтэлцээтэй оршин, бие биедээ нөлөөлсөөр ирсэн. Энэ талаар УЦУЭШХ-ийн захирал дэд доктор Нацагдоржийн ярихыг сонсоё.
СОРОНЗОН БИЧЛЭГ:
НАЦАГДОРЖ: Монгол орон их хүйтэн газар. Ер нь Якутын хүйтний дараа л монголын хүйтнийг ярих байх. Манайд хүйтэн сэрүүний улирал 6 сар орчим үргэлжилж байна. Хүйтний үеийн цаг агаарын хэмийг аваад үзвэл дээд тал нь дунджаар 30 хэм орчим, Хамгийн их хүйтэн нь 40-55 хэм хүрч хүйтэрдэг байна. Хүйтнээсээ гадна салхи ихтэй байдаг. Салхи хүний биеийн гадаргуугын дулааныг  авчихдаг болохоор хүн илүү хурдан, илүү их даарна гэсэн үг. Салхи ихтэй хүйтэн, салхигүй хүйтэн хоёр амьд амьтан тэр дундаа хүнд мэдрэгдэхийн хувьд шал ондоо. Ер нь салхи, хүйтэн хоёр хавсарснаас л хүн амьтны осгож, энддэг. Монгол оронд жилдээ дунджаар хээрийн бүсэнд 15-20 удаа, говийн бүсэнд 30-аад өдөр хүчтэй салхи шуургатай байдаг. Хамгийн сүүлд гэхэд Сүхбаатар аймагт өнгөрсөн 9-р сарын 21-25 хүртэл үргэлжилсэн хүчтэй цасан шуурганаар 8 хүн, олдоогүй  нэг хүүхэдтэй нийлээд 9 хүний амь нас осолдлоо. Дараахан нь 10-р сарын 29-30-нд 4 хүн шуурганд төөрч, хоёр нь осолдлоо. Энэ бол жил бүр байнга гарч байдаг асуудал. Ялангуяа сүүлийн үед шуурганд төөрч байгаа, осгож хөлдөж байгаа, тахир дутуу болж байгаа, амь нас нь эндэж байгаа хүмүүсийн дунд хүүхдийн эзлэх хувь улам их болж байна. Гэнэт салхи шуурга боллоо гэхэд мордоод давхиж яваа хүмүүсийн ихэнх нь залуучууд. Хүүхэд, настай хүн хоёр хонь малтайгаа цасан шуурганд төөрч хээр гадаа хонолоо гэхэд настай хүн нь бараг амиа хамгаалаад үлдэж байх шиг. Ийм учраас хүүхэд залуучуудыг нийгэм хамгаалах цаг болсон юм биш үү. Сум орон нутгаас, Улсын иргэний хамгаалалтын газраас, Хүүхдийн байгууллагаас байгалийн аюул гамшиг, салхи шуургатай үед хүүхэд яах ёстой талаар бүр сургалт явуулмаар байгаа юм. Би энд ганцхан жишээ хэлье л дээ. Америкийн Хүүхдийн телевиз, ШУ-ны фонд хоёроос сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийг байгалийн аюул гамшгаас хэрхэн биеэ хамгаалах тухай Үндэсний хөтөлбөр боловсруулж, сургалт явуулдаг байна. Хүйтэн салхи шуурга боллоо гэхэд чи яаж биеэ хамгаалах, гэр оронтойгоо яаж холбоо тогтоох, хэн ирж авах гээд бүр нарийн дүрэм журам гаргасан байх жишээтэй. 
НЭВТ: “Тэвнийн чинээ нүхээр, тэмээн чинээ жавар” гэсэн үгийг өвгөд маань зүгээр ч нэг хэлээгүй бизээ. Энэ бол хүйтний хорыг дээд зэргээр илэрхийлсэн үг юм. Гэтэл өнөөдөр бид ямар байнав? Намрын сар шувтраагүй байхад түрүүч нь осгож, бүр хөлдөж эхэллээ. Одоо хамтдаа Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлгийн хөлдөлт, түлэгдэлтийн тасгаар ороод гаръя 
 
СОРОНЗОН БИЧЛЭГ:
СУРВАЛЖЛАГЧ: Тулгаа эмчээ, саяын хэдэн удаагийн цочрол хүйтрэлтээр танай эмнэлэгт осгож бээрсэн хүн ирэв үү?
ЭМЧ: Өнөөдөр 11-р сарын 11. Манайд 10-р сарын эхээр, бас сарын сүүлээр гэр оронгүй тэнэмэл гэгддэг хэд хэдэн хүүхэд осгож ирсэн. Тэдний хөл гар нь хөлдөж гэмтээгүй байсан болохоор хэдэн хоног хэвтүүлж, осголтоос гаргаад явуулсан. Яагаад гэвэл тэдэнд хаяг байхгүй, даатгал байхгүй. Гэсэн ч энэ байдал ингээд үргэлжилнэ. Бид эмчилж эдгэрүүлээд гаргадаг боловч тэд өвлийн дулаан хувцасгүй болохоор осгож хөлдөөд эргээд ирэх тохиолдол их бий. Энэ хүйтэнд тэднийг гаргах хэцүү, байх ч хэцүү. Юм бүхнийг даатгал руу түлхэж болохгүй ээ. Ер нь энэ талаар анхаарах хэрэгтэй байна. Гэмтлийн эмнэлэгт гэнэтийн ослоор ухаангүй ирсэн гэр оронгүй хүмүүст зориулах үүднээс Нийгмийн халамжийн сангаас тодорхой хэсгийг өгч болох шүү дээ.
Энэ жилийн 6 дахь хөлдөлтөө өчигдөр аваад байж байна. За энэ залуу хүү хөлийнхөө бүх хурууг тайруулах болчихоод байна. Энэ бол дохио. Хүйтэн ирж байна, хүн осгож хөлдөж  болзошгүй гэсэн дохио өгч байна. Цаашилбал нийгэмд нэг тэжээвэр хүн бий болох нөхцлийг бүрдүүлж байна гэсэн үг.
СУРВАЛЖЛАГЧ: Миний дүү энд хэдийд ирэв. Яаж яваад хөлчихөв дөө?
ХҮҮ: Найманд ирсэн. Багануураас хот руу ирж яваад...
СУРВАЛЖЛАГЧ: Юугаар явж байсан юм, арай явган биш биз дээ?
ХҮҮ: Үгүй л дээ, морьтой явж байсан. Сүүлдээ машинд суусан л даа. Бакалтай байсан болохоор хөл хайрагдчихсан байсан...
СУРВАЛЖЛАГЧ: Тийм их хүйтэн байсан уу?
ХҮҮ: Нэлээн хүйтэн байсан...
ЭМЧ: Энэ хуруунууд угаараа тайрагдана. Үүнийг тавхайн урд хэсэг гэдэг юм.
СУРВАЛЖЛАГЧ: Тавхайн хэсэг гишгэлтэнд нөлөөлөх үү?
ЭМЧ: Урд хэсэг болохоор энэ хүүхдийн гишгэлтэнд нөлөөлөх нь гайгүй ээ...
СУРВАЛЖЛАГЧ: Миний дүү гэртээ олуулаа юу?
ХҮҮ: Ээжтэйгээ хоёулаа амьдардаг...
 
НЭВТ: Сонсов уу, та!  Ердөө хоёрхон хоногийн өмнө 17-хон настай сайхан хүү хоёр хөлөө хөлдөөснөөс бүх хуруунуудаа тайруулахаар мэс засалд орох гэж байна. Хэдийгээр бакалан гуталтай байсан ч морь унаад хүйтэн салхинд давхихад л хөлдөлт үүсэж байна. Ингээд бодохоор монгол орны цаг ямар хатуу болох нь харагдаж байна. Өвлийн сар дөнгөж ургаж байхад хөлдөнө гэдэг аймшиг биш үү? Хайртай эжийнхээ өтлөх насанд ганц хүү нь ийн тахир дутуу болох гэж дээ. 
 
                                                                                      / таслал /
 
НЭВТ: Сүүлийн жилүүдэд осгож хөлдсөн хүний тоо хэдэн зууд хүрээд байна. зөвхөн Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэгт гэхэд  93 онд 102 хүн осгож хөлдөж ирснээс 43 нь тахир дутуу болж, 94 онд 96 хүн ирснээс 47 нь аль нэг эрхтнээсээ салжээ. Эдгээрийн дотор хөдөөгийн малчид, хүүхдүүд нэлээд хувийг эзэлж байна. Орон гэрээсээ дайжиж гудамжаар гэр хийж, чулуугаар дэр хийж яваа хүүхдүүд ирэх хүйтэнд осгохгүй, хөлдөхгүй гэх баталгаа алга байна. Өнөөдөр З000 ийм хүүхэд Улаанбаатар хотын гудамжаар явж байна. Мөн орон гэртэй ч оромжийн төдий, гутал хувцастай ч тамтаг төдий хүүхдүүд бас байна. 
 
                                                                        / хөгжим гунигтай /
 
НЭВТ: Навсгар, сэгсгэр ээжтэй, халтар хултар таван хүүхэд Туулын голыг өгсөж, Сэлбийн голыг уруудан амьдран суудаг гэнээ. Халтар хултар тавын иддэг хоол нь гэвэл өдөрт ганц олддог тавгын чинээ дугуй талх, өнжөөд ганц хүртдэг хар гурилын зутан шөл. Орон гэр нь гэвэл үлгэрт гардаг “Дээвэр туургаар нь нар, сар гэрэлтсэн” умгар хар овоохой гэнэ. Халтар хултар тав түлэх түлээгүй болохоор өвлийн хүйтэнд осгохгүйн тулд өглөөнөөс үдэш болтол, үдшээс өглөө болтол их нь багаа, бага нь удаахаа, удаах нь дараахаа тэврэн бие биедээ шахан хэвтэж ноорхой хэдэн хөнжлөө давхарлан хучиж унтдаг гэнэ. Өглөө болохоор халтар хултар тавын ээж нь “Орноосоо босов осгоно шүү, гэрээсээ гарав даарна шүү”  гэж захиж хэлээд тамхи ширхэглэн зарах ажилдаа явж одно. Үлдсэн хэдийн бор ходоот хор...хор... хоржигнохын эрхэнд “Ээжээс олон хүн тамхи аваарай, орой хоёр том талхтай ирээрэй” гэж дуулж, даарахын эрхэнд ноорхой хэдэн хөнжлөө тамтаг болтол ноцолдож өнжинө. 
 
                                                                                       / хөгжим /
 
НЭВТ: Ийм нэгэн орчин цагийн үлгэрийн баатрууд Улаанбаатар хотод 80 шахам мянга байна. Хамгийн сүүлийн баримт сөхөн хэдэн зүйл хэлье. Өнөөдөр улсын хэмжээнд ядуу өрх 68,1 мянга байгаагаас 21,1 мянга нь нэн ядуу өрхөд тооцогдож байна. Ядуу өрхийн 18 мянга нь нийслэл хотод байгаагаас 24,2 хувь нь 4-өөс дээш хүүхэдтэй, 50 хувь нь 16-гаас доош насны хүүхэдтэй байна.
Хүйтэн сэрүүн уур амьсгалтай орны хүмүүсийн хувцасны өртөг нь тааламжтай уур амьсгалтай орны хүмүүсийнхээс 3-5 дахин өндөр байдаг гэсэн олон улсын судалгаанаас үзэхэд, 10 өрх тутмын нэг нь ядууд тооцогдох монгол орны өнөөгийн нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдийн гутал хувцасны асуудал хамгийн бэрхтэй зүйлийн нэг болох нь тодорхой. 
 
                / хөгжим-гунигтай залгаад хонь ямаа майлах чимээорж ирнэ /
 
НЭВТ: Өнөөдөр Монгол оронд 80 мянга шахам хүүхэд сургуулиас завсарджээ. Өөрөөр хэлбэл 100 хүүхэд тутмын 18 нь сургуулийн гадна гүйж явна гэсэн үг. Эдгээрийн дийлэнх хувийг хөдөөгийн хүүхдүүд эзлэж байна. Тэр бүү хэл хөдөөд хүн хүч дутуугийн улмаас арваадхан настай хүүхэд мал дагаж явна. Үүнийгээ бидний малчин заяа, бид хар багаасаа мал малладаг гэж бахархах ёстой юм гэж үү...?
Хүүхдийн эрхийн асуудал монголд тэр дундаа хөдөө орон нутагт зөрчигдөж байна. Эн тэргүүнд тэдний сурч боловсрох асуудал хөсөрдөж, хүнд хүчир хөдөлмөрт дэндүү багаас нь оруулж эхэллээ. Улмаар хүүхдийн эрүүл мэнд, бүр амь насны асуудал хөндөгдөж байна. Өглөөний сайханд малаа дагаад гарсан хүүхэд гэнэтийн шуурганд өртөж үдэш нь эргэж ирэхгүй тэнгэрт хальж байна. 
 
СОРОНЗОН БИЧЛЭГ:
СУРВАЛЖЛАГЧ: Эрхэм сонсогчид оо, би эмч Тулгаа, сэтгүүлч Сумьяа нартай уулзаад байна.
ЭМЧ: Жишээлбэл өнгөрсөн жилийн 10 сарын сүүлчээр манай эмнэлэгт 15 настай эрэгтэй хүүхэд хоёр гар нь хөлдөж ирээд тайруулсан. Энэ хүүхэд өөрийн буруугаас биш, тэнэмэлээс биш. Малаа дагаж яваад гэнэт цасан шуургатай таарсан байгаа юм. Тэгээд мориноосоо буугаад хунгарласан цас ухаж дотор нь орж амь гарсан хэдий ч цас ухсанаас ч болсон уу, хоёр гар нь хөлдчихсөн байсан.
СУРВАЛЖЛАГЧ: Иймэрхүү эмчилгээний зардалд хичнээн хэмжээний эм тариа, эмчилгээ үйлчилгээ зарцуулдаг бол?
ЭМЧ: Тэр хүүхэд хоёр сар гаруй хугацаатай хэвтээд гарсан байна. Манай нэг хоногийн үйлчилгээний дундаж зардал 1800 төгрөг байдаг юм.
СУРВАЛЖЛАГЧ: Сумьяа,  үүн шиг нутаг орны байгаль, цаг уурын онцлогоос шалтгаалан хүүхдэд нөлөөлөх зүйл олон байх уу?
СУМЬЯА: Олон байлгүй яахав. Өмнө нь би хүүхдийн сонинд ажиллаж байхад иймэрхүү баримт байн байн нийтлэгдэж байсныг санаж байна. Би одоо аль аймгийг нь санахгүй байна. Нэг ах дүү хоёр малынхаа араас явж байгаад  цасан шуургатай тааралдаж. Ах нь 6, 7-р ангийн хүүхэд, дүү нь арай бага байж л дээ. Тэгээд дүүгээ дааруулахгүй гэж ах нь тэвэрсэн чигтээ осгоод, дүү нь ахынхаа илчэнд амьд үлдсэн байгаа юм. Ийм баримт их олон байдаг.
СУРВАЛЖЛАГЧ: Сонсогчид оо, бид энд эмнэлэгт бүртгэгдсэн баримтыг түшиж ярьж байгаа болохоос биш эмнэлэгт ирж амжаагүй маш олон эмгэнэлт тохиолдол бий гэдгийг санах хэрэгтэй.
СУМЬЯА: Тийм шүү. Сүүлийн хэдэн жил олон мянган хүүхэд сургууль завсардлаа. Дийлэнх нь хөдөөгийн жаалууд. Тэд мал дагаж явна. Тэдэнд дээр үеийнх шиг зузаан гутал хувцас нь алга, азарган нэхий дээл нь алга. Намар орой гэхэд л хөвөнтэй дээлгүй даалимбан тэрлэгтэй, ханзархай гуталтай малын хойноос гүйж явна. Тэгэж яваад гэнэт цасан шуургатай таарч байна. Энэчлэн хөдөөгийн хүүхдүүд аюулын ирмэг дээр байна гэсэн үг. Энэ талаар анхаарах цаг болжээ. Ер нь чих хамраа хайруулж үзээгүй, хацар нүүрээ час хийлгэж үзээгүй монгол хүүхэд гэж ер нь бий болов уу даа. Өөр газар оронд ийм байдал бий болов уу, үгүй л байх. Хүйтэнд осгож хөлдөдгүй юмаа гэхэд өвчин зовлон гэж бий шүү дээ. Үүнээс үүдээд хэлэхэд монголчууд бид “Дулаан мянган лан” гэж ярих дуртай. Тэгэхлээр хүүхдүүдийнхээ төлөө “Дулаан мянган лан” гээд төсөл яагаад боловсруулж болохгүй гэж. Үнэндээ мал дагаж яваа хүүхэд тэр малынхаа арьсаар хийсэн дээл өмсөх ч эрхгүй байна. Хүүхэддээ дээл хийж өгснөөс зах дээр гаргаж зарахыг илүүд үздэг хүмүүс байгаа шүү гэдгийг хэлье.
 
НЭВ: Буянт малаа орхиод амиа гээд эргээд ирж байсан монгол хүн нэгээхэн үгүй. Энэ бол цор ганц монгол хүнд байдаг эрхэм чанар билээ. Тэгэхлээр монголчууд бидний малчин заяа эцэст нь эмгэнэлд хүрэх ёсгүй баймаарсан даа.
Бид энэ газар шорооноосоо нүүгээд явахгүйгээс хойш, энэ цаг агаараа өөрчлөхгүйгээс хойш хүйтний эсрэг, шуурганы эсрэг  бодох цаг болжээ. Наад зах нь гэхэд малчдад зориулсан сэрүүн хүйтний улиралд тохиромжтой гутал хувцас, шуурганд төөрлөө гэхэд яах ёстой тухай мэдлэг, радио богино долгионы холбоо, чиг заагч хэрэгсэл гээд олон зүйл хэрэгтэй байна. Мөн монголчуудын зуун зууны турш хуримтлуулсан байгаль орчноо урьдчилан таних уламжлалт арга ухаанд суралцах, хоол хүнсээ зөв зохицуулах гээд олон асуудал шил дараална. Энэ бүгдийг хэрэгжүүлэх “Шуурга” юм уу “Хүйтэн” гэсэн төсөл яагаад боловсруулж болохгүй билээ?  Бид энэ л газар шороондоо шингэж, энэ л газар шорооноосоо гарч ирнэ шүү дээ!
 
                                                                              / шуурганы чимээ орж ирэх /
 
            НЭВТ: Эрхэм сонсогчид оо, “ШУУРГА” асуудал дэвшүүлсэн нэвтрүүлэгт УЦУЭШХ-ийн захирал, дэд доктор Нацагдорж, Улаанбаатар хотын Гэмтлийн эмнэлгийн Хөлдөлт, түлэгдэлтийн тасгийн эрхлэгч, их эмч Тулга, сэтгүүлч Сумъяа нар оролцлоо. 
 
                                                                                                                                                   1997 он
 


No comments:

Post a Comment

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив