Lucky Charms Rainbow

Monday, February 11, 2013

УХААН ТЭЛСЭН ҮЙЛ...

/ Сонсож болно /



НЭВТ: Авъяас... үүнийг тэнгэрээс заяадаг гэнэм. Өөрт заяасан тэр тэнгэрийн хишгийг олж харалгүй, нээж чадалгүй өнгөрдөг нь цөөнгүй ээ. Нууцын нууцад байдаг тэр хишгийг гагцхүү уйгагүй хөдөлмөр л нээн илрүүлдэг ажгуу.
Ингээд та бүхэн нөр хөдөлмөр, мятрашгүй зүтгэлээрээ оёдолчноос Олон улсын шагналт, авьяаслаг загвар зохион бүтээгчийн энд хүрсэн Хаянгын Доржпагамын тухай УХААН ТЭЛСЭН ҮЙЛ - хөрөг найруулал хүлээн авч сонсоно уу. 
 
                                                                                       / хөгжим /
 
            НЭВТ: Жаахан шар буюу үйлчин болох замын эхэн...
НЭВТ: Хөвсгөл аймгийн Бүрэнхан сумын нутагт байх нэгэн өндөр уулыг Хөхдэл гэнэ. Оройгоос нь доош харахад гурав үелэх битүү хар мод, хад хясаа үргэлжилсэн зүрх авам тэрхүү өндөр уулын өвөрт 1952 оны усан луу жилийн хавар нэгэн охин ертөнцөд ирснээ зарлан дуу хадаан төрсөн нь найрууллын маань баатар Доржпагма билээ.
Тэрээр багадаа тун адтай жижигхэн шар охин байж. Жаахан шарыг хэрэг тарих нь хөвгүүдээс дутахгүй. Ямартаа л айл саахалтынхан нь “Энэ Зундуйн шар чөтгөр болно. Эсвэл хүний толгой дээр шаазан хагална даа” гэж халаглаж байхав. Тэр үед охин миний аавыг Хаян гэдэг байтал эд яахаараа Зундуйн... гээд байдгийм болоо гэж гайхна. Харин хожим нь алдаж энддэг хорвоод идэрхэн насандаа өөд болсон нутгийн омгорхог эр Зундуйн охин болохоо мэдсэн аж.
За тэгээд Хаян аавтай ч Зундуйн гэгдэх сахилагагүй шарын паян тун чиг их. Хурдны морь унах дуртай түүнийг үсэргээнд явуулахаас биш жинхэнэ уралдаанд явуулна л гэж байхгүй. Учир нь дэггүй шар үсэргээнд явж байхдаа бусдын морийг үргээх, эсвэл олом жирмийг нь суллах гээд заавал нэг болохгүй зүйл хийчихдэг байж. Уралдааны морь унах эрхээ хасуулсан ч наадмаар бас чиг аятайхан морь уначмаар санагдах үе байх. Нэг удаа өөрт оногдсон цүдгэр цэнхэрээ голсон шар шөнөөр сэм босож ахынхаа наадамд унах жороо хүрний сүүлийг тайрч дэрэн дороо хийж аваад санаа нь амарч унтаад өгчээ. Мэдээж наадмын морины сүүл оодойлгосон хэргийнхээ хариуд уургын хуйвын амтыг үзэлгүй  яахав.
Жаахан шарын бас нэг “гэм” нь хүнд юм түгээх дон. Тэр чингэлгээсээ хөлдөөсөн шар, цагаан тосноос хэлтэлж сэм түгээчихнэ. Нэг өдөр эцэг эхийн үгүйд “өглөгч” зан нь хөдөлж үүцээ задалж бүгдийг нь чанаад, ангийнхаа хүүхдүүдтэй ёстой нэг найрлаж гарчээ. Олон хоногийн дараа өнөө “үүцийн хэрэг” мандаж жаахан шард гэмийг нь гайгүй сайн хүлээлгэсэн гэдэг.
Зундуйн жаахан шар дандаа болохгүй зүйл хийгээд байсийм бишээ. Тэр хөөрхөн дуулна. Айл хотлынхон нь түүнийг хэрэг болгон гэртээ дуудаж дуулуулна. За тэгээд бөөрөнхий цагаан утсаар орны пуржива нэхэж айл саахалтынхандаа түгээнэ. Тэд бяцхан үйлчний урныг шагшиж, хөдөлмөрийг нь үнэлж тав арван төгрөгөөр гарыг нь цайлгана. Энэ бол Зундуйн жаахан шарын зартай үйлчин болох замын нь эхэн байжээ.
 
                                                            / хөгжим /
 
НЭВТ: Үйлчин бүсгүй буюу нэгэн дууны тухай өгүүлэх нь...
НЭВТ: Сургуульд орохоор Улаанбаатарт ирсэн Доржпагма бодлоо гэнэт өөрчилж 6-р артельд оёдолчин болсноор түүний паян дүүрэн бага нас ард үлдсэн юм. 16-хан настай охин Монгол хувцасны тасагт оёдолчноор ороход Сайнхүү гэх бор эмэгтэй түүний багш болов. Тэрээр багшаасаа их зүйл сурчээ. Монгол хувцасны тасагт ажиллаж байхдаа монгол хувцасны гайхамшгийг мэдэрч, түүнийг урлахуйн ухаанд суралцсан гэдэг.
“Хийгээд тавьсан дээл харах тусам л ухаан тэлэх шиг болдог юм. Харин ухаан минь задарч, өнгөний гайхамшгийг мэдэрч, хувцас чимэглэлийн арга ухаанд суралцаж, оёдолчин хүнд байх нягт нямбай чанар гээд олон зүйлийг олж мэдсэн газар бол Хүүхдийн хувцасны үйлдвэр байсан юм” гэж Доржпагма ярьж билээ. 
 
СОРОНЗОН БИЧЛЭГ:
ДОРЖПАГМА: Оёх зүйлээ сэтгэж чадахгүй бол ямар оёдолчин байх билээ. Би боловсролгүй гэж хэлдэг хүмүүсд дургүй. Хаашдаа л байгалиас авьяас заяагаад, хаашдаа л хийх юмаа хийж бүтээж чадаж л байгаа бол тэр хүн юмаа хийх ёстой, бүр ялах ёстой. Үнэндээ, зарим “боловсролтонгууд” өөрийгөө илэрхийлж, өөрийгөө гаргаж чаддадгүй шүү дээ.
СУРВАЛЖЛАГЧ: Та яаж гарч ирэв...?
ДОРЖПАГМА: Миний үйлчлүүлэгчид, миний оёдолчид, тэдний хийсэн агуу бүтээл намайг гаргаж ирсэн. Сайн оёдолчинтой байж гэмээнэ сайхан загвар гаргаж болно. Хичнээн мундаг загвар зохион бүтээгч байгаад муу оёдолчид байвал яах билээ. Тиймээс сайн оёдолчин, сайн загвар зохион бүтээгч, сайн зураач нийлж байж нэг том загвар бүтээнэ. Манайхан загвар зохион бүтээгчээ, загвар өмсөгчөө шүтээд байдаг. Гэтэл цаана нь байдаг оёдолчид, үйлдвэрлэгчдээ мартчихдаг.
 
НЭВТ: Урлахын амтанд ид бялуурч байсан тэр нэгэн цагт нутгийн ах Цоодол нь эжийгий нь хүргүүлсэн ааруул өрмийг өгөхөөр Хүүхдийн хувцасны үйлдвэр дээр очжээ. Үйл мэтгэн суугаа олон бүсгүйчүүдийн дундаас нутгийн охин ч онцгой гойд бахархмаар харагдсан гэдэг. Тэгээд нутаг усныхаа үйлчин бүсгүйд зориулж “Уран гоо” гэдэг дуу зохиожээ. 
 
                                                / Уран гоо-дуу орж ирнэ /
 
НЭВТ: 70, 80-аад оныхон дуулах дуртай дуу нь ийм эзэнтэй байсныг тэр бүр мэддэггүй байсан биз. Харин энэ үед дууны эзэн нутгийн жаахан бүсгүй амьралынхаа ханьтай учирч, таван сайхан үрээ төрүүлж, ажил амьдрал нь тэгширч ёстой дуу шиг ундарч эхэлсэн юм. 
 
                                            / дууг тодруулж ирээд авах /
 
НЭВТ: “Монгол хатад” клубын тэргүүн буюу Доржпагма ахайтан...
НЭВТ: Гайхмаар чамин хийц бүхий тэмээний ноолууран дээлтэй нас тогтсон эмэгтэй өмнө минь сууна. Энэ бол найрууллын маань баатар Доржпагма. Миний харц өөрийн эрхгүй түүний дээлэн дээр бүдчинэ. Амихандаа сүрхий л нэрэлхүү байсан би бүсгүй хүний тэвчээргүй зандаа дийлдэж ноолууран дээлийнх нь үнэ ханшийг сонирхов. Хамгийн багаар тооцоход 300 гаруй мянгатай гэнэ. “Сая та ийм ноолууран дээл нэжгээдийг наян тохой майдар бурхан бүтээх үйлсийг тань дэмжиж тусалсан нөхөддөө бэлэглэж харагдана билээ” гэхэд, “Тиймээ намайг дэмжиж тусалсан нөхөддөө сэтгэлийн өргөл болгон барьсан юм” гэв. Ингэхэд таны бага насны өнөө түгээж тараадаг зан тань хэвээрээ шив дээ” гэхэд “Тийм тал ч бий байх шүү” гээд инээж билээ. “Таныг Японы ханхүү ба түүний гэргийд, бас АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Майдлан Ойлбрат... гээд нэлээд хэдэн хүнд монгол үндэсний хувцас, малгай урлаж бэлэглэж байсан гэж дуулсан юм байна. Энэ чинь их мөнгө биз дээ? гэхэд, тэрээр инээмсэглээд: “Зарим хүмүүс намайг бүр бялдууч, зусарч гэсэн шүү. Би хаа холын тэдэнд зусардаад ч яах юм билээ. Гагцхүү монголын маань сайн сайхан зүйлийг мэдэж ойлгоосой гэж бодсон юм. Ханхүү ямар их баярласан гээч бүр өмсөж үзээд зургаа авхуулаад “Монгол хувцас ямар их гайхамшигтайг мэдлээ” гэж байсан. Монголыг минь магтаж шагшсан тэр сайхан сэтгэлийн үгнээс илүү үнэ цэнэ гэж хаа байх билээ” гэсэн юм.
Ер нь Доржпагма ахайтан үнэхээр эх орон, нутаг ус, уламжлалт соёлоо гэсэн агуу сэтгэлтэй хүн юм билээ. Түүний хэлэх үг бүхэнд энэ бүхэн нэвт шингэсэн байлаа. 
 
СОРОНЗОН БИЧЛЭГ:
ДОРЖПАГМА: Монгол хувцасны сайхныг харж мэдрэх тусам ухаан задрах шиг болдог юм. Нэг хувцас хийх гээд сэтгэлдээ зурчихаад дараа нь эсгээд хийлгэж дуусаад харахад нэг сайхан орилмоор ч юм шиг санагддаг юм. Тэгэж бахархан зогсож байхад дараагийн загвар нүдэнд харагдаад ирдэг юм. Ер нь би загвараа гаргахдаа зураад л... хүнтэй адилхан тэр энэ эсгиз... тэндээ тийм, эндээ ийм гэдэггүй. Сэтгэлдээ бодож явж байгаад гаргаж ирдэг. Харин загвараа хийхдээ хүнээ харна. Ялангуяа нүдийг нь их харна даа. Тэндээ нэг тийм л юм байвал энэ хүнд их зохино доо гэхчлэн. Бас орчлонг харна. Наад зах нь бороо гэхэд их олон янзаар орно. Тэр үед их сайхан загвар санаанд орж ирнэ. Бас солонго байна. Солонгын нэг тал ямар байна, усанд туссан солонго их сайхан... Би ер нь олон загвараа байгалиас олж авсан.
СУРВАЛЖЛАГЧ: Олон уран бүтээлчид уран бүтээлийнхээ шинэ сэвдийг, шинэ санааг зүүдэндээ олж харсан гэж ярьдаг...?
ДОРЖПАГМА: Тийм шүү. Зүүдэндээ олж харах тохиолдол их бий. Хүн их юм хийгээд ирэхээрээ зүүдтэйгээ ярьж эхэлдэг юм. Би  зүүдтэйгээ их ярьдаг. Заримдаа зүүдэндээ харсан загвараа мартчихвий гээд дор нь босоод эсгээд тавьчихдаг юм. Яруу найрагчаар бол юм бичмээр санагддаг гэсэн үг. “Хатад” гэсэн загвар хийж байхдаа хатан хүн монгол гэрт л төрж өссөн байж таарна гээд “гэр” загвараа хийсэн юм. Анх “гэр” загвар хийнэ гэсэн чинь манай оёдолчид их гайхаж байсан. Нөмрөг хийгээд гэрийн бүрээс, хошлон гээд бүгдийг гаргаж өгсөн. Хүмүүс “гэр” загварыг хараад их гоё хатан байна гэдэг юм. Угтаа хатан биш гэр юм шүү дээ. Ер нь сэтгээд хийвэл бүх юм бидэнд бий.
 
НЭВТ: Доржпагма ахайтан монгол үндэсний хувцасны гайхамшгийг дэлхийд гаргаж ирэхсэн гэж үүх түүх сөхөн харж, уйгагүй эрэл хайгуул хийсний эцэст “Их монгол” загвараа зохион бүтээсэн юм. Энэхүү гайхамшигт загвар нь Сингапурт болсон Азийн олон улсын үндэсний хувцас загварын тэмцээний Гран-при буюу тэргүүн байрын шагналыг хоёр удаа хүртсэн юм.
Өнөөдөр тэр “Монгол хатад” клубээ байгуулаад монгол хувцас гэх арвин их уурхайг уудлан сууна. Түүний урланд Эртний хатан Алунгоо, Өүлэн, Бөртэгээс эхлээд алдарт хатан Сорхогтань, Чимбай, төр бусниулж явсан Дөргөнэ хатан, ухаант хатан Өлзийт гоо, Мандухай, баатар хатан Хөхөгчин, Ану, Элбэрэлт эх Ханджамц, Улсын эх дагина Дондогдулам хүртэл монголын түүхт хатадын хувцас өмсгөл, чимэглэлийн эх загвар бий. Чингэс хааны тухай кино хийхээр монголд ирсэн Холивудын од Стивэн Сигаль Доржпагма ахайтнаар нэжгээд хүрэм хийлгэх зуураа түүхэн киноныхоо хувцсыг хийлгэх талаар бас ярилцаад авсан гэсэн.
Гэтэл Доржпагма ахайтан бүр дараагийн төлөвлөгөөнд байсан “Наян тохой Майдар бурхны” хөргийг зээгт наамлаар бүтээх ажлаа албан ёсоор олон нийтэд зарлачихлаа. Учрыг нь сонсоод үзье. 
 
СОРОНЗОН БИЧЛЭГ:
ДОРЖПАГМА: Солонгосын нэрт загвар зохион бүтээгч Андрей Ким манайд ирсэн дээ, санаж байна уу?
СУРВАЛЖЛАГЧ: Тийм, санаж байна...
ДОРЖПАГМА: Түүний шоуг үзчих санаатай байтал надад  урилга байтугай билет ч олдсонгүй. Цөм л намайг танихгүй юм шиг хандсан... Тэгээд би бодсон, за яахав манай томчуул бүгд Андрей Кимийн шоуг үзээд шүтэн хөлсөж л байг. Би Майдар бурхны наян тохой зээгт наамлыг хийсэн байхад тэд мөргөх цаг ирнэ дээ... /энэ үгийг гурав давт/
 
НЭВТ: Та анзаарсан байх. Чухам энэ үгний цаана Доржпагма ахайтны зан чанарын нэг онцлог харагдах шиг санагдсан юм. Тиймээ, түүнд ийм шаралхал байхгүй байсан бол өнөөдөр ийм энд хүрэх байсан гэж үү? 
 
СОРОНЗОН БИЧЛЭГ:
ДОРЖПАГМА: Би барьж авсан монгол хувцасаараа 30 гаран жил явлаа. Сүүлийн 10 жил нь энэ наян тохой Майдар бурхныг бүтээхийн тулд эрдэмтэн судлаачидтай их уулзлаа, Утай-гаас эхлээд Гүмбэн, Лхас, Дашлхүмбэ, Балба, Сингапур гээд аль л бурханы шүтээнтэй газраар явлаа. Надад хүн хөрөнгө гаргаад өгөхгүй. Би хурааж хуримтлуулсан хөрөнгөө өөртөө, үр хүүхэддээ зориулна гэж бодоогүй. Би хүүхдүүдийнхээ ухааныг задлаад өгсөн байхад тэр... миний тэдэнд үлдээх өв хөрөнгө. Харин дахин дурсагдах түүхэн зүйлийг бүтээж үлдээх нь миний хүсэл сэтгэл юм уу, аль эсвэл надад тэнгэрээс хүлээлгэсэн зарлиг ч юм уу... би ингэж боддог.
 
НЭВТ: Зуу гаруй жилийн өмнө бүтээсэн энэ шүтээн Хөвсгөл аймгийн Жалханз хутагтийн хийдэд байсан ажээ. Тиймээс энэ шүтээнийг Доржпагма ахайтан Монгол улсын ерөнхий сайд агсан Жалханз хутагт Дамдинбазарын мэлмий гийсний 130 жилийн ой тохиох 2004 оны зуны эхэн сард түмэн олондоо өргөн барих юм байна. Нийтдээ 700 гаруй саяд босох энэ шүтээний бэлтгэл ажилд 50 сая төгрөг зараад байгаа аж.
                                                                   / хөгжим /
 
НЭВТ: Тавь дөрөөлсөн насандаа ийм ажил зүрхлэн авна гэдэг Доржпагма ахайтны онцгой мэдрэмж, гэгээн зөн совин, асар их зориг хүч, дайчин чанарын том илрэл бизээ. Түүнд эд мөнгө, сайн хань, сайхан хүүхдүүд бүгд бий. Гэтэл зүгээр суудаггүй араншин, улс үндэстнээ гэх халуун сэтгэл, өөртөө итгэлтэй чанар, өөрөө өмчлөхөөс илүү бусдад түгээдэг багын “гэм” нь  Доржпагма ахайтныг энэ том үйлсэд хөтөлжээ. Түүний бүтээх гэж буй “Ирэх цагийн Майдар бурхан”-ны наян тохой өндөр зээгт наамал хөрөг зөвхөн монгол зон олондоо төдийгүй дэлхийд ховорхон урлагийн бүтээлийн нэг болохыг хэн үгүй гэх билээ.
Эрхэм сонсогчид оо, төрж өссөн Хөхдэл уулынхаа хормойг хэрэн гүйж явсан Зундуйн зүггүй шар, үйлдвэрийн саруул цехэд үйл мэтгэн суусан уран гоо бүсгүй, гүрэн гүрний урчуудыг тэргүүлж явсан загвар зохион бүтээгч, улс үндэстнийхээ хосгүй нэгэн урлагийг дахин бүтээх чин хүсэл өвөрлөсөн Доржпагма гэх энэ уран ахайтны хөргийг утас зүү, хоргой торгоор биш, бас бийр будгаар ч биш, харин үгээр зурж, дуу хөгжмөөр чимэглэж бүтээх гэж оролдлоо. 
 
                                                                                                                                2003 он
 


No comments:

Post a Comment

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив