Lucky Charms Rainbow

Tuesday, February 12, 2013

Хөх тэнгэрийн орны хүүхдүүд...


/ Сонсож болно /


НЭВТ: Аяны богц задлахуй...
                                                       / хөгжим /
РЕДАКТОР: Өмнөт хөрш уруу ажил алба, амин хувийн хэргээр олонтоо зорчиж байсан. Энэ удаагийн аялал маань урьд урьдынхаас илүү хөгжилтэй, тун өвөрмөц байсан юм. “Хүүхдийн заяа их” гэж монголчууд бид ярьдагаар олон хөөрхөн хүүхдүүд дагуулсан болохоор ажил үйлс бүтэмжтэй, ганзага дүүрэн олз омогтой ирлээ. Ингээд аяны богцоо задалж сонсогч та бүхэндээ эхний тэмдэглэлээ дэлгэе. 
 
            НЭВТ: Хөх тэнгэрийн орны хүүхдүүд...
 
РЕДАКТОР: Дөрөвдүгээр сарын дундуур УБ хотын галт тэрэгний өртөөн дээрээс 16 хүүхэд 2 багшийн бүрэлдэхүүнтэйгээр Монгол-Хятадын Найрамдлын Нийгэмлэгийн шугамаар эртний түүхт Бээжин хотоор аялахаар мордсон юм. Бидний суусан Улаанбаатар-Бээжингийн чиглэлийн галт тэрэг үүлгүй цэнхэр тэнгэрийн доогуур уудам шаргал талын дундуур хурдалж явна.
                                             / галт тэрэгний шум /
-          Багшаа энэ хөдөө мөн үү?
-          Ийм том тал нутаг бас байдаг аа?
-          Бид Бэээжинд хүрэх болж байна уу?
-          Бээжин хот гоё уу? гэж бяцхан аялагчид маань зогсоо зайгүй шулганалдсаар их талыг туулж явна. Юутай ч хүүхдүүдийнхээ аян замын бодол сэтгэгдлийг дуулгая.
          СОРОНЗОН БИЧЛЭГ:   зам зуур хүүхдүүдтэй хийсэн ярилцлага....

РЕДАКТОР: Сонсогч та манай аялалын бүрэлдэхүүнд хэдэн настай, аль сургуулийн хэн хэн гэж хүүхдүүд явж байгааг, тэд ямар хүсэл сонирхолтой болохыг сонслоо. 
 
                                                                      / хөгжим /
 
НЭВТ:Аялалын удаах хэсэг буюу Бээжин хотын үндэстний мэргэжлийн дээд дунд сургууль дээр...
 
РЕДАКТОР: Бээжин хотын үндэстний мэргэжлийн дээд дунд сургууль Бээжин хотын Чао янь-лү буюу монголчилбол “наран ургах” дүүрэгт оршдог. Тус сургууль байгуулагдаад 11 жил болсон ч хэдийн Бээжин хотын нэр хүндтэй сургуулийн нэг болжээ. Үндэстний мэргэжлийн дээд дунд сургуульд Манж, Хотон, Солонгос, Монгол гээд Хятад улсын олон арван үндэстний мянга нэг зуун оюутан сурагчид үндэстний ёс зүй, үсчин, гоо сайхан, тогооч, үйлчлэгч, орчуулагч гээд 8 мэргэжлээр суралцдаг аж. Нийт багшийн цөөнгүй хувь нь бас цөөнх үндэстэн. 1995 онд Бээжин хотын шилдэг сургуулиар шалгарчээ.
4-р сарын 17 ны өглөө. Үндэстний мэргэжлийн дээд дунд сургуулийнхан хөх тэнгэрийн монгол орноос ирсэн бяцхан гийчдээ халуун дотноор угтан авч байна. 
 
СОРОНЗОН БИЧЛЭГ – хятадаар:
/ угталтын баярын чимээ... эмэгтэй сурагч үг хэлэх./
Эмэгтэй сурагч: Монголын аялагч хүүхдүүд та  бүхэнд Бээжин хотын Үндэстний Мэргэжлийн Дээд дунд Сургуулийн багш, сурагчдын өмнөөс халуун мэнд дэвшүүлье Манай сургууль бол хятадын цөөнх үндэстний дунд мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг Бээжин хотын анхны мэргэжлийн дээд дунд сургууль. Байгуулагдсан цагаасаа хойш үйлчлэгч, худалдаа эрхлэгч, үндэстний хоол бэлтгэгч, Үндэстний ёс зүй. Үсчин гоо засалч, Аялал жуулчлалын орчуулагч зэрэг мэргэжлээр 2500 хүнийг бэлтгэж гаргасан. Өнөөдөр манай сургууль бүх улсын үндэстний дунд мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг бааз болсон хийгээд муж, хотын зэрэглэлд тэнцэхүйц мэргэжлийн дээд дунд сургууль болсон. 1997 онд танай орны шилдэг багш нарын төлөөлөгчид манай сургуульд айлчилсан бол өнөөдөр хүүхдүүд та нар ирж байна. Та бүхэн энд байх хугацаандаа манай сургуулийн талаар,хятад улсын үндэстний боловсролын талаар хийж байгаа бүхий л үйл ажил, мөн хятадын ард түмэн монголын ард түмэнд ямар их халуун дотно сэтгэлээр ханддаг талаар олон зүйлийг мэдэж авах болно. Хөх тэнгэрийн орны бяцхан найз нараа тавтай морилно уу. Баярлалаа!
РЕДАКТОР: ҮМДДС-ийн оюутан мэндчилсний дараа монголын хүүхэд багачуудыг төлөөлж 1-р арван жилийн дунд сургуулийн сурагч Түмэнбаяр үг хэлсэн юм.
           СОРОНЗОН БИЧЛЭГ:                              
 Түмэнбаяр: ...................................
 
РЕДАКТОР: /Фон дээр/ Та бүхэн монголын хүүхэд багачуудын төлөөлөгчдийг Үндэстний мэргэжлийн дээд дунд сургууулийн олон зуун сурагч, эрдэмтэн багш нар хэрхэн хүндэтгэлтэй угтан авч буйг сонсож байна. 
 
                                                                 / шум тодорч ирээд дуусна /
 
РЕДАКТОР: ҮМДДС-ийн ёс дэг маш өндөр, аливаад хүндэтгэлтэй ханддаг хийгээд нэн ялангуяа төр улсаа дээдлэн хүндэтгэх ёсон их болохыг тус сургуулийн өмнөх талбай дээрхи хүндэтгэлийн тавцанд байрлуулсан төрийн далбааг ёслолын хувцастай оюутнууд мандуулж, тусгай форм өмссөн зуу зуун оюутан сурагчид жагсан хүндэтгэж буй ёслолын ажиллагаанаас манай хүүхдүүд харж олон зүйлийг мэдэж авсан нь лавтай. 
 
                                                                                 / хөгжим /
 
            НЭВТ: Далайд дусал нэмэр...
 
РЕДАКТОР: “Дуулсныг хураавал эрдэм, дуслыг хураавал далай” гэж монголчууд бид ярих дуртай. Бас “ Зуу сонсохоор нэг үз” гэдэг. Тэгвэл манай хүүхдүүд Бээжин хотоор аялж байх хугацаандаа хятадын ард түмний бахархал болсон олон зүйлтэй танилцаж, зарим зүйлд биеэр оролцсоны нэг нь “ Бийрийн бичлэг”, “ Уран хайчилбар”, “ Үндэстний хоол бэлтгэх” зэрэг хичээл байсан юм. 
 
                                                                / хичээлийн шум орж ирээд /
 
РЕДАКТОР: Та бүхэн монгол хүүхдүүдэд хятадын ард түмний бахархал болсон бийрээр хэрхэн яаж бичдэг тухай “Бийрийн бичлэг”-ийн хичээл орж байгааг сонсож байна. Хичээлийг тус сургуулийн багш, Бээжин хотын бийрийн бичлэгийн уралдааны тэргүүн шагналт багш Ян Мин зааж байна. 
 
СОРОНЗОН БИЧЛЭГ - хятадаар:
БАГШ: Бийрээр бичихэд эхлээд цаас, бэх, бийрийг зэхнэ. Энэ цаас бол ердийн нэг цаас биш. Зөвхөн бийрийн бичлэгт зориулсан сун-жи гэдэг тусгай цаас. Бийрийн үсийг чонын үс буюу хонины ноосоор хийнэ. Бас чоно, хонины үсийг хольж хийсэн бийр ч байдаг. Жижиг бийрээр жижиг үсэг бичдэг бол томоор нь том үсэг бичих жишээтэй. Тавганд байгаа бэх нь тусгайлан гаргаж авсан зүйл. Бэх нь ямар ч урт удаан хугацаанд арилж алга болдоггүй чанараараа онцлогтой. Одоо та бүхэнд хэрхэн бичдэг болохыг үзүүлье. 
 
РЕДАКТОР: Хятадын бийрийн бичлэг нь өнө эртний түүхтэй. Нарийвчлан хэлбэл Хятадын Цин улсын үе буюу Цинь-ши хуанди хааны үед үүссэн ажээ. Энэ нь өнөөгөөс бараг 2200-гаад жилийн өмнө бий болсон гэсэн үг. Цинь улсын дараагаар Хятадын Зүүн Хань улс гэж гарч ирсэн. Энэ Зүүн Хань улсын үед Хятадын бийрийн бичлэгийн түүхэнд нэн алдаршсан Ван Ши Зы гэдэг хүн амьдарч байжээ.
Хятадын бийрийн бичлэгийн онцлог бол үсэг нь шоо дөрвөлжин хэмжээтэй байхаас гадна үсэг хоорондын зай адил байх ёстой.Үүнийг төв бичлэг гэдэг. Хөгжлийнхөө явцад чөлөөт бичлэг бий болж, тухайн хүнийхээ бичих чадвар, сэтгэлгээнээс хамааран хэм хэмжээ, дүр төрх нь өөрчлөгдөх болсон. Эхлэж сурч байгаа хүмүүсийн хувьд заавал төв бичлэгээр сурах хэрэгтэй аж. 
 
            СОРОНЗОН БИЧЛЭГ:
ХҮҮХЭД-1: Багшаа, хар бэхийг юугаар гаргаж авдаг вэ?
БАГШ: Хятадын мянга мянган жилийн түүхийг туулж ирсэн хэдэн зуун зураг, бийрийн бичлэг байдаг. Анхны дүр төрхөө алдаагүйн гол нууц бол зөвхөн энэ хар бэх юм.Үүнийг нэгэн төрлийн чулууг нунтаглаж найруулан гаргаж авдаг юм.
                                                  ХҮҮХЭД-2: Бийрийн ишийг ямар модоор хийсэн бэ?
БАГШ: Бийрийн ишийг олонхдоо хулсаар хийнэ. Зарим нэгийг сайн чанарын модоор хийдэг. Миний барьж байгаа иш бол хулсаар бүтсэн байна.
ХҮҮХЭД-3: Бийрийг яагаад үзэг шиг барьдаггүй босоо барьдаг юм бэ?
БАГШ: Бийр нь үсээр бүтсэн тул төв цэгц байх ёстой. Ингэж барьснаар шоо хэлбэртэй бөгөөд сайхан бичих боломжтой байдаг.
ХҮҮХЭД-4: Таны бичсэн энэ дөрвөн үсэг ямар утгатай вэ?
БАГШ: Хятадын бийрийн бичлэгийн уламжлал бол зөв талаасаа буруу тал руугаа уншдаг уламжлалтай. Энэ дөрвөн үсэг бол Жигүүрэээ дэлгэж чөлөөтэй нисээрэй!  гэсэн утгатай үг юм. Үүнийг би Монголын бяцхан хүүхдүүд та бүхэн даль жигүүрээ дэлгэн уудам хөх тэнгэртээ эрх  дураараа хөөрөн нисэж яваарай! гэж бэлгэдэж бичлээ.
 
РЕДАКТОР: Ингэж хүүхдүүд маань нэгийг асууж, хоёрыг мэдэж, нөгөөг харж нэгийг ойлгож, бяцхан гартаа бийр барин багшийн өгсөн сун-жи хэмээх цаасан дээр чадан ядан бичсээр нэгэн цагийг өнгөрөөлөө. Энэ хугацаанд багш Ян Мин бас нэгэн цаасан дээр бийрийн чөлөөт бичлэгээр “Аливаа хүн бага балчир насандаа холыг үзэж, нэгийг мэдэж авъя гэвэл ямагт урагш ахиж дэвшиж байх хэрэгтэй” гэсэн утга бүхий эртний нэгэн яруу найргийн шад шүлэг бичиж хүүхдүүдэд дурсгалаа.
Манай хүүхдүүдийн дараагийн хичээл мөн л Хятадын ард түмний бахархал болсон “Уран хайчилбар”-ын хичээл байв. Энэ хичээлийн онцлог нь манай аялагчдын хамгийн бага нь болох Ариунтуяа хүртэл гар бие оролцсон явдал байлаа. 
 
                                                                                       / хөгжим /
 
            НЭВТ: Дуулсныг хураавал эрдэм...
  
РЕДАКТОР: Хаврын сүүл сарын нэгэн өдөр их хөлийн Бээжин хотын тэнгэр бүүдгэр ч дулаан байлаа. Энэ өдөр манай 16 хүүхдийн аялал ҮМДД сургуулийн хүрээлэнд хамгийн сонирхолтой үйл явдалд оролцсон юм. Энэ бол их багагүй бүхний анхаарлыг татсан хятадын үндэстний уламжлалт хоол хийж сурах, түүнтэй танилцах хөтөлбөр байсан юм.
Бээжин хотын Үндэсний мэргэжлийн дээд дунд сургуульд үндэстний уламжлалт хоол бэлтгэх анги байдаг. Тус мэргэжлийн ангийн дэргэдэх сургалтын лабортори болох Гал тогоонд бидний хичээл болсон юм. Хичээлийг тус сургуулийн багш, хоёр туслагчийн хамтаар явууллаа. 
 
                                                                              / хоол бэлтгэх шум /
 
РЕДАКТОР: Тогооч багш эхлээд амьд загасыг хэрхэн цэвэрлэж, жигнэх талаар зааж үзүүлэв. Тохой илүү том загас зузаан модон вандан дээр сүүлээ шавхуурдан үсчиж, түүнийг дадамгай тогооч хэрхэн шаламгай цэвэрлэж, жигнэхэд бэлэн болгохыг хүүхдүүд гайхан биширч, зарим нэг нь ямар зэрлэг юм бэ? Амьдаар нь яаж цэвэрлэж болдог байнаа?  гэж ширвээтэж зогслоо. Үүнийг гадарласан хятад тогооч: “монголчууд та нар бас хонь мал алж хоолондоо хэрэглэдэг биз дээ?” гэхэд хүүхдүүд ямар хариу өгөхөө мэдэхгүй бүлтэгнэлдэнэ.  “Гэхдээ бид эхлээд амийг нь тасалж байж төхөөрнө. Арай ч ингэж амьдаар нь цэвэрлэхгүй. Тиймээс манай хүүхдүүд зэрлэг гэж хэллээ” гэж хүүхдүүдийнхээ өмнөөс тайлбар өгөхөд, тогооч багш дуугүй толгой дохин хүлээн зөвшөөрсөн юм.  Хятад тогоочийн хурдан, чадварлаг хөдөлгөөн үнэхээр бахадмаар байсныг хэлэх хэрэгтэй гэж бодож байна. 
 
                                                                 / шум тодорч ирээд фон дээр /
 
РЕДАКТОР: Хүүхдүүдийн хичээл үргэлжлэх энэхэн хугацааг ашиглан сонсогч та бүхэнд дэлхий ертөнцөд амтат хоолоороо алдаршсан хятад хоолны түүхтэй холбогдох нэгэн баримт сонирхуулъя.
Хятадын түүхэнд бараг хагас зуун жил төрийн жолоо атгаж байсан Манж- Чин улсын Төр гэрэлт хааны бэлэвсэн хатан Цы Си ердийн нэгэн хоолонд 150 гаруй төрлийн хоол хэрэглэдэг байжээ. Тэрээр зөвхөн цагаан будаагаар хийсэн 50 гаруй төрлийн хоолыг өдөр бүрийн зоогон дээрээ авдаг. Үрэлгэн хатан Цы Сигийн ганцхан өдрийн хоолонд 4 сая гаруй лан мөнгө буюу 16 мянга гаруй кг мөнгө зарцуулсан нь 700 мянган тариачныг бүтэн жил хооллох зардал болох тухай “ Гу Гун” хэмээх хааны өвлийн ордны нэг тайлбарт бичсэн байдаг. 
 
                                                                      / шум тодорч ирээд /
 
РЕДАКТОР: Гуан дун мужийн амьд загас шарах урлаг, Си Чуан мужийн үхрийн махтай шувууны үүр хэмээх алдарт хоолыг бэлтгэх ажил дуусаад, дагалдах хоолны нэгэн төрөл болох газрын самар, голланд буурцаг хэрхэн яаж шарах технологыг хүүхдүүдэд зааж өгч байна. 
 
                                                                   / шум тодорч ирнэ /
 
РЕДАКТОР: Тогооч голланд буурцаг хэрхэн шарахыг үзүүлээд дараа нь хүүхдүүдээс шарж үзүүлэхийг хүслээ. Манай 16-гаас хамгийн итгэлтэй, зоригтойгоороо Цогбадрал хүү Голланд буурцагыг хэрхэн шарж сурснаа үзүүлж, түүнийг нь нөхөд нь “бараг тогоочийнхоос ч илүү амттай болжээ” гэж үнэллээ. Одоо та бүхэн тогооч багштай хийсэн ярилцлагаа сонирхуулъя. 
 
СОРОНЗОН БИЧЛЭГ – хятадаар:
СУРВАЛЖЛАГЧ: Хятад орон амтат хоолоороо дэлхийд алдартай. Тэгвэл хятад газартаа бас ялгаа бий биз?
ТОГООЧ: Тэгэлгүй яахав. Хятад газраа 8 нутаг хоолоороо онцгой нэртэй. Энэ найм дотроос Си чуан, Гуан дун, Шань дун, Жан су муж бүр ч илүү зартай. Си чуан муж нь Си чуаны хотгорт байрлах тул сэрүүн байдаг. Иймээс энэ нутгийнханы хоол илчлэгээ нөхөх үүднээс халуун чанарын байдаг. Гол шинж нь халуун гэж ойлгож болно. Тэгвэл Гуан дун муж далайтай хил залган орших тул энэ нутгийнхан загас хийгээд далайн янз бүрийн амьтадын махыг шарах талаараа алдартай. Нэн ялангуяа загасыг амьдаар нь шарахыг онцгойд үзнэ. Учир нь гойд амттай болдог гэж үздэг. Хоолны амтлагын хувьд халуун чанар нь бага ерөнхийдөө зөөлөн. Идэхэд тааламжтай байдлыг эрхэмлэнэ. За тэгвэл Жан су мужийн хоол мөн л газар орныхоо онцлогыг тусгасан амтлаг байдаг. Жан су болоод Жө жуан муж бол загасан хоолоороо алдартай. Ямартаа л хятад газар энэ хоёр нутгийг “Ү-Ми” буюу “ загас-будааны” орон гэхэв. Ер нь хятад газар хоолыг амтлаг сайхан хийхээс гадна үзэмжтэй чанарыг гойд чухалчилж үздэг болохыг анхаарах хэрэгтэй. Энэ нутгийнхан хоолны зөөлөн болоод хэл аманд таатай байдлыг эрхэмлэнэ. Шан дун мужийн хоол. Энэ нутгийн хоолыг умарт орны хүмүүс гойд сонирходог. Умарт нутгийнханы гол онцлог хоолондоо заавал шөл хэрэглэхээс гадна их давслаг, бас халуун чанарыг чухалчилна.
СУРВАЛЖЛАГЧ: Өнөөдөр энгийн иргэд нэг удаадаа хичнээн төрлийн хоол хэрэглэдэг вэ?
ТОГООЧ: Хятадын хоолны түүх хэдэн мянган жилийн түүхтэй. Хятадын ард түмэн ногооны төрлийн хоолонд илүү дуртай. Гэхдээ хоолондоо ногоо, махыг тэнцүүлж хэрэглэхийг хичээдэг. Тухайлбал 2 хүүхэдтэй нэг айл гэхэд нэг удаагийн хоолондоо 4 төрлийн мах, ногоо, дээр нь шөл хэрэглэх жишээтэй. 15 хүний дайллагийн хоолонд гэвэл 4 төрлийн сэрүүн хоол, 8 төрлийн халуун хоол, мөн 4 төрлийн гурилан бүтээгдэхүүн байна, дээр нь заавал шөл байдаг ёстой. Гэхдээ шөл нь хоолны тоонд ордоггүй юм. Иймээс “дөрөв дөрвийн найм” гэж хэлдэг ёс бий. 
 
РЕДАКТОР: Ийнхүү хятад хоолны уламжлал, түүний онцлогийн тухай ярилцсаны эцэст хүүхдүүд маань өөрсдийн гар бие оролцсон амтат сайхан хоолоо зооглож, хятад хоолны амт чанар, гоё тансаг байдлын талаар санал бодлоо ярилцсан юм. Бидний энэ өдрийн хөгжилтэй зугаатай хөтөлбөрийн талаар Бээжин хотын Үндэстний мэргэжлийн дээд дунд сургуулийнхан дүрс бичлэг хийж бидэнд дурсгал болгож өглөө.
Энэ хөтөлбөрийн үр дүнд монгол хүүхдүүд мэдлэгийн сандаа “хятад хоолны” талаар багагүй мэдлэгтэй үлдэж аав, ээждээ, найз нөхөддөө ярьж сонирхуулах арвин зүйлтэй өндөрлөсөн юм.

                                                                                                                                        1999 он

No comments:

Post a Comment

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив