Lucky Charms Rainbow

Monday, February 11, 2013

СЭТГҮҮЛЧИЙН ОЛЗ

/ Сонсож болно /



НЭВТ: СЭТГҮҮЛЧИЙН ОЛЗ - нэхэл сурвалжилсан тэмдэглэл
  
/ хөгжим /
 
/СОРОНЗОН БИЧЛЭГ - гудамжинд хийсэн бичил ярилцлага /
 -Сайн байцгаана уу, залуусаа?
-Сайн, сайн байна уу?
-Би нэг зүйл асууя. Монгол улсаас гадаадын аль нэг улс оронд барьж өгсөн   байгууламж байдаг болов уу?
- Мэдэхгүй... Байхгүй байхаа...
- Мэдэхгүй...
- Юу байх вэ... Байхгүй, байхгүй. / гурав давтаж өг /     
  
РЕДАКТОР: Энд би залуусыг буруутгах гэсэнгүй. Харин монголчууд бид дандаа гар тосоод суугаад байсан биш бусдад өгсөн, бас барьж байгуулсан юмтай хүмүүс гэдгийг хэлэх гэсэн юм. 15 жилийн өмнө Манай улс Лаос улсад барьж өгсөн иж бүрэн эмнэлгийн цогцолбор, хонины аж ахуй нь өнөөг хүртэл хоёр орны найрамдлын билэг тэмдэг болон лаосчуудын дунд “Монголын гэрэлт хотхон” хэмээн нэрлэгдсээр байна. Иймээс энэ хоёр байгууламжийн тухай нэхэн сурвалжилснаа дуулгая. 
 
                                                                         / Лаос ардын аялгуу /
 
НЭВТ: Сая заан, цагаан шүхрийн орон хэмээх Лаос улсын Сиентхуан мужийн төв Понсован хот бол Лаосын хувьсгалын өлгий нутаг. Энэ нутаг өндөр өндөр уул, хадан хясаагаар хүрээлэгдсэн тул амьтан хүн хүрэхэд нэн бэрх. Нэг үгээр хэлбэл аглаг зэлүүд нутаг. Тиймээс хүн ард нь соёлоос ихэд алслагдсан ажээ. Улсын нийслэлээс Понсован хот хүртэл агаарын замаар 400 гаруй км боловч, газраар бол сар шахам явж хүрдэг бартаа ихтэй газар. Түүнээс гадна дайны дараагаар уг нутгаас гарсан бөмбөгийн хэмжээ гэхэд л нэг хүнд нэг тонн оногдохуйц байсан гээд бод. Монголын тал дээрхи хоёр байгууламжыг барих 20 га газрыг, Оросын сапёруудаар цэвэрлүүлэхэд 20 мянган ширхэг бөмбөг гарч байжээ. Ийм л хүнд нөхцөлд  Монгол улс Лаосчуудын сайн сайхны төлөө бүгдийг тээвэрлэн хүргэж, 200 хонины аж ахуй, 150 хүн үзэх хүчин чадалтай иж бүрэн эмнэлгийн цогцолбор,  220 квт, 100 квт-ын цахигаан станц, цэвэр усны гүний хоёр худаг, эмч нарын орон сууц гээд холбогдох бүх зүйлийг барьж байгуулжээ.
Анх Монгол-Лаос хоёр улс энэхүү гэрээ хэлэлцээр байгуулж байх тэр цагт “Монголчууд Лаост онгоцоор барилга барьж өгөх юм гэнээ” гэж зарим улс орон шоолж байсан гэдэг. “Бид цагтаа ийм зүйл барьж байгуулж явлаа шүү дээ” гэхэд “Монголчуудын барих гэж юу байдаг юм. Зуслангийн байр бариа биз” гэж басамжлангуй хандаж байсан манай нөлөө бүхий хүмүүс ч байсан гэдэг.
СОРОНЗОН БИЧЛЭГ:
СУРВАЛЖЛАГЧ: Та нар нээрэн зуслангийн байр барьсан юм уу...?
ЭРДЭНЭ: Үнэн хэрэгтээ бол өнөөдөр манай аймгуудад ч байхгүй эмнэлэгийн иж бүрэн цогцолбор барьсан юм шүү. Мэс засал, Хүүхэд, Эмэгтэйчүүд, Физик эмчилгээний гээд 12 кабинеттай.  Бас хэвтэж эмчлүүлэх, үзлэг хийдэг барилга, гээд тус бүрдээ 2 давхар бөгөөд мөн халдвартын тусгай хэсэгтэй.
СУРВАЛЖЛАГЧ: Тэр үед зарим улс орон монголчуудыг онгоцоор барилга барих юм гэнээ гэж шоолж байсан гэж дуулсан юм байна?
ЭРДЭНЭ: Тийм яриа байсан. Бид барилгын материал болон тоног төхөөрөмж гээд холбогдох бүх зүйлийг Орос, Вьетнам улсаас авахаас гадна монголоос зөөвөрлөдөг байсан юм. Энэ үед Хятад-Вьетнамын дайны улмаас төмөр зам хаагдсан байсан. Үнэндээ хүнд үе байсан хэдий ч бид бүх зүйлийг галт тэрэг, усан онгоцоор Сиентхуан мужийн төв Понсованд хүргэдэг байсан. Сайн явбал хоёр долоо хоног явж хүрдэг байсан. Бидэнд бэрхшээл багагүй байсан. Замдаа ачаа бараагаа хүртэл дээрэмдүүлэх явдал гардаг байсан. Гэхдээ бид энэ ажил үйлээ нэр төртэй биелүүлж чадсан юм. Манай улс зөвхөн барилга байгууламж бариад зогсоогүй, тэнд ажиллах боловсон хүчнийг өөрийн зардлаараа улс орондоо сургаж бэлдсэн нь өнөө хүртэл Лаос улсын хөгжилд хувь нэмрээ оруулсаар явна.
СУРВАЛЖЛАГЧ: Хонины аж ахуй байгуулахад хонио хаанаас яаж авсан бэ?
ЭРДЭНЭ: Хэлэлцээр ёсоор бол монголоос хонь аваачих байсан. Гэтэл Хятад-Вьетнамын дайны улмаас төмөр зам хаагдсан байсан болохоор хонь аваачих боломжгүй болж, нутгийн мусалман шашинтнуудаас 150 хонь цуглуулсан. Гэтэл эдгээр хонь нь цус ойртсон, давжаа хонь байсан тул үржих боломж муутай байсан. Ингээд бид гурван хурган хуцыг монголоос онгоцоор авч очсон юм.
СУРВАЛЖЛАГЧ: Ямар хөгжилтэй юм бэ?
ЭРДЭНЭ: Тийм шүү. Тун хөгтэй аялал байсан. Москвагийн нисэх онгоцны буудал дээр өнөө гурваа хөтлөөд ВИП хаалгаар гарч байлаа шүү дээ. Хүн нохой хөтөлдөг байхад монголчууд хонь хөтөлдөг юм байна гээд шоолж л байсан. Энэ мэт олон зам туулан байж очсон гурван төлгөн хуцны үр төл их биерхэг, тэнхлүүн төдийгүй үр төл нь 800-д хүрч нутгийнханыг бишрүүлж эхэлсэн. Өнөө ч үр төл нь байгаа л байх.
СУРВАЛЖЛАГЧ: Эдгээр байгууламжийг барихад бүх хөрөнгө манай улсаас гарсан гэж байгаа биз?
ЭРДЭНЭ: Тийм, манай улсаас 100 хувийн хөрөнгө гаргасан. Тухайн үеийн ханшаар бол 14.4 орчим сая төгрөг болж байсан.
НЭВТ: Сонсогч та тус ажлыг гардан удирдаж байсан хүмүүсийн нэг Засгийн газар хоорондын Монголын хэсгийн хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Эрдэнийн яриаг сонслоо. 
 
                                                                                          / таслал /
 
НЭВТ: Монголчууд ийм барилга байгууламж бариад зогссонгүй тэнд ажиллах боловсон хүчнийг нь бэлтгэж, мөн өөрсдийн мэргэжилтнээ ажиллуулж байсан байна. Монгол эмнэлэгийг байгуулсан цагаас нь эхлэн нийт 30 гаруй монгол эмч ажиллажээ. Тэд халуун орны уур амьсгал, аглаг зэлүүд газар нутгийн хүн ардыг эмчлэн эдгэрүүлэх үйлсэд амаргүй даваатай учирч байсан гэдэг. Энэ тухай Өсөхбаяр эмч, түүний гэргий Адъяа нарын хуучлахыг сонсоё.
СОРОНЗОН БИЧЛЭГ:
СУРВАЛЖЛАГЧ: Та нарын толгойг алтаар үнэлж байсан тухай яриа дуулсан юм байна?
АДЬЯА: Тийм яриа байсан. Орос, монгол мэргэжилтний толгой авчирвал стаканы гуравны хоёртой тэнцэх алт, вьетнам мэргэжилтнийхийг хагас стакан алт гэж хувьсгалын эсэргүүчүүд зарласан гэсэн яриа сонсогддог байсан. Гэлээ ч бидэнд муу юм тохиолдоогүй юм шүү. Нэг өдөр ажилдаа ирсэн чинь Лаос эмч, сувилагч нар их сандарчихсан энд 3 дайсан ирчихсэн байна. Бид орж чадахгүй байна гэлээ...
ӨСӨХБАЯР: Ингээд бид хоёр орлоо. Тэгсэн чинь том том хутга зүүж, бас буутай 3 хүн хүүхдээ тэвэрчихсэн сууж байдаг байна шүү. Би ч шууд үзлэгээ эхлэж, эм тариа дусал хийж эхэлсэн. Яг энэ үед манай талын, нэг үгээр хэлбэл хувьсгалын гурван хүн бас хүүхдээ эмчлүүлээд байж байсан юм. Тэр хэдэн өдөр байдал тун эвгүй байсан. Бид ямар нэгэн алдаа гаргавал буудалцаан болохыг үгүйсгэх аргагүй байсан. Гэвч буудалцаан болоогүй л юм даа.
СУРВАЛЖЛАГЧ: Та нар бас хөдөө орон нутагт үзлэгээр явдаг байсан гэсэн?
ӨСӨХБАЯР: Тэгэлгүй яахав. Бид эмчилж эдгэрүүлэхээс гадна хөдөө орон нутгаар их явж урьдчилсан үзлэг хийдэг байсан. Байдал хүнд тул бид бие хамгаалагчтай явна. Нутгийн ард түмэн биднийг их сонирхон хүлээж авна. Бид эм тариа бичихээс гадна маш их эм тариа үнэ төлбөргүй өгдөг байсан. Бидний өгсөн эмийг газар дээр нь ууж эхэлнэ. Энэ нь монгочуудад их итгэж байсны нэг илрэл юм даа. Зарим нэг нь монгол эм өгөөч их дажгүй сайн юм гээд гуйна. Ялангуяа өнөө тостой эмээ өгөөч гэж их гуйна. Тэр нь манай тарваган шийр юм шүү дээ. Халуун газар болохоор цаас нь тос даачихдаг болохоор “тостой эм” гэдэг байсан юм.
СУРВАЛЖЛАГЧ: Та бүхэн халуун орны өвчнийг эмчлэх арга зүйг хаана сурсан юм бэ?
ӨСӨХБАЯР: Лаост ажиллах мэргэжилтэн эмч нарыг Чех улсад хагас жил сургаж халуун орны өвчнийг эмчлэх арга зүйг заасан. Дараа нь Лаос, Франц хэл заасан байсан. Энэ нь бидэнд их тус дэм болсон шүү. Ер нь манайхан чадалтай сайн эмч нараа илгээж байсан юм. Нэг удаа 20 гаруй хүн тэсрээгүй бөмбөгөнд өртөж, долоо нь газар дээрээ нас барж, бусдыг нь манай эмнэлэгт авчирсан. Энэ үед мэс заслын эмч нар мэс засал хийж бусад нь гэмтлийн анхны тусламж үзүүлж байсан. Ингэж бид өдөр шөнө, орой үдэшгүй нутгийн хүн ардын төлөө ажиллаж байсан юм. Өнөө ч тэндээс ирсэн хүмүүс бидэнтэй уулзаж баярлаж хөөрснөө ярьдаг юм. Бас жил бүр Лаосын элчин сайдын яаман дээр биднийг хүлээн авч уулздаг.
НЭВТ: Үнэхээр монгол эмнэлэг эв найрамдлын бэлэг тэмдэг болж байжээ. Энд бие биенээ үзэн ядсан дайснууд эмчлүүлж байсан хэдий ч, тэд өөд өөдөөсөө буу шагайж байсангүй. Тэр бүү хэл, хувьсгалын эсэргүүчүүд монгол мэргэжилтний толгойг авчирсан хүнд их хэмжээний алт амалж байсан хэдий ч, хэн ч тэдний толгойг аваачиж өгөөгүй ээ.
Төв Азиас Энэтхэг-Хятадын хойг хүртэл хэдэн мянган бээр газраар хэмжигдэх уртын урт зам билээ. Ёстой л монголчуудын өгье, туслъя гэсэн сэтгэлийн хүчээр боссон байгууламж ажээ. Үүнийг Лаос улс өндрөөр үнэлж, олон арван монгол мэргэжилтнийг Лаос улсын төр засгийн одон медалиар шагнасан юм. Нэгэн цагт Лаосын нийслэл Вьентян хотод болсон найрамдлын цуглаан дээр Лаосын удирдагч Кейсон Вонгвичит хэлэхдээ: “Мекон мөрөн ширгэж, Алтай нуруу дов болоогүй цагт Монгол-Лаосын найрамдал мөнх” гэж онцлон тэмдэглэж байсан гэдэг. Үүний нэгэн илэрхийлэл бол өнөө ч Лаос улсын элчин сайдын яам Улаанбаатар хотноо сууж байна.
 
                                                                                       / хөгжим /
 
НЭВТ: Холын холд орших Чонг шань уулынхан монголчуудыг домог мэт дурсан ярьсаар сууна. Энэ нь монголчууд бидний бас нэгэн бахархал биш гэж үү? Бидний үүсгэсэн сайн санааны тус дэм домог хэвээрээ үлдэхгүй бизээ. 
 
                                                                                       / хөгжим /
 
НЭВТ: Та бүхэн 15 жилийн өмнө Лаос улсын Сиентхуан мужийн Понсован хотод монголчуудын барьж байгуулсан байгууламжийн тухай нэхэл тэмдэглэл хүлээн авч сонслоо.
                                                                                                                                                           2001 он 
 

No comments:

Post a Comment

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив