Lucky Charms Rainbow

Monday, February 11, 2013

БИ БАЯН ХҮН...

/ Сонсож болно /




НЭВТ: Та бүхэн хөгжмийн зохиолч, ардын билэг зүйч Гандивийн Индрээгийн тухай БИ БАЯН ХҮН хөгжимт хөрөг хүлээн авч сонсоно уу.
 
 СОРОНЗОН БИЧЛЭГ:
ИНДРЭЭ: Би баян хүн... Би сэтгэлээрээ баян, уран бүтээлээрээ баян, гурван түмэн шавиараа баян... 
 
                                  / хөгжим /
  
НЭВТ: Баянхонгор аймгийн Жаргалант сумын нутаг Байдрагын голоор нэгэн нүүдэл айсуй. Нүүдэл хүрэх газраа ирэв бололтой хөсөг юугаан зогсоож, ачааныхаа түрүүчийг буулгаж эхэллээ. Ажваас олон хүүхэдтэй айл бололтой. Их багагүй цөм эрвийх дэрвийхээрээ хөдөлцгөөнө. Гэрийн эзэн бололтой дунд эргэм насны хар хүн их л намба төрхтэй хөдлөх агаад хэдэн хүүхдээ тойруулан суулгаад хуур юугаан авч уянгалуулан дуурсгалаа. 
 
                                                                        / аялгуу орж ирээд /
 
НЭВТ: Хүнгэнэн дуурсах хуурын аялгуунд байгаль дэлхий сэргэж салхи сэвэлзэн хөдөлж, ганган цэцэгс найган бүжиж, хоржигнон урсах голын урсгал намуусаж, амьд бүхэн баясан цэнгэлээ. 
 
                                                                   / аялгуу тодорч ирээд /
 
НЭВТ: Удалгүй мөнөөх эр хуураа хураагаад: “За, хүүхдүүд минь, нарны голтой дээр хурдхан шиг хөдөлж гэрээ барьж, дараагийнхаа ажил үйлийг бодоцгооё” гэлээ. Энэ бол нутаг усандаа дууч, ерөөлч, магтаалч гэж алдаршсан ганган Гандив билээ. Ганган Гандивын саяны гүйцэтгэсэн үйл бол шинэ газар гэрээ барихаас өмнө байгаль дэлхийгээ баясгадаг монголчуудын нэгэн эрхэм ёс билээ. 
 
СОРОНЗОН БИЧЛЭГ:
ИНДРЭЭ: Миний аав хөгжим, дуу хуурт сэтгэл зүрхээ өгсөн дууч хүн байсан юм. Тийм хүний хүү болж төрсөндөө их баяртай байдаг. Эцэг маань намайг бага байхад өөд болсон. Гэхдээ би бүр жаахаан байхдаа аавыгаа дагаад айлын найр наадмаар их явдаг байснаа сайн санадаг юм. Тэгэж л би анх дуу хуурын амтыг мэдэрсэн хүн дээ. Миний эцэг шинэ бууринд буухдаа байгаль дэлхийгээ хараад заавал хуураа эхэлж татна. Тэгэхдээ жонон хар, хуурын эгшиг гээд сайхан аялгуу, Уяхан замба тивийн нар, Эр бор харцага гээд уртын дуу тоголно. Та гэрээ барихгүй яагаад ингэж хуур татаад байдаг юм бэ гэхээр, хуурын эгшгэнд байгаль дэлхий сэргэж, баярладаг юм гэдэгсэн. Ингэж байгалиа баярлуулж байгаад гэрээ барьдаг ёстой. За одоо гэрээ барьцгаа гэдэгсэн.
СУРВАЛЖЛАГЧ: Баруун монголчууд урт хэмжээний тууль хайлахын өмнө Алтайн магтаалаа хэлж Алтайн уулсаа баясгадагтай төстэй юмаа даа?
ИИДРЭЭ: Ерөөсөө тийм юм. Баянхонгор аймаг баруун аймагтаа ойр. Түүнээс гадна баруун аймгаас жин тээсэн хүмүүс манай аймгаар дамжиж өнгөрдөг болохоор түүний нөлөө байсан байх. Манайх хол ойрын хүмүүс бужигналдсан, дуулж хуурдсан айл байсан даа.
 
                                                                           / Индрээгийн бүтээл-аялгуу /
 
НЭВТ: Та бүхэн сая Гандивын тав дахь хүү Индрээгийн яриаг сонслоо. Индрээ бол багш төдийгүй авьяаслаг уран бүтээлч, ардын билэг зүйч хүн билээ. Монгол газар түүнийг олон сайхан дуу хуур, хөгжмийн бүтээл, ерөөл магтаалаар нь андахгүй. Хэдийгээр тэр урлагийн сургууль дүүргээгүй ч түүний амьдралыг дуу хуураас салгаж ойлгохын аргагүй билээ. 
 
                                                                              / хөгжим /
 
НЭВТ: Зуны дэлгэр сайхан өдөр. Гандив хиа нутгийн нэгэн эрийн хамт ирэхдээ нэг хуур, шатар хоёрыг ихэд хүндэтгэлтэйгээр хоймроо тавиад: “За хөгшөөн, идээ будаа цай цүй бэлд, цаана чинь хатуу юм юу байна, гаргаад ир” гэж хөлсөв. Удаж төдөлгүй гэрээсээ гарч тугалтай зэлээ авч өнөө хүнд өгч байгаа харагдлаа. Үүнийг харсан авгай нь ихэд сандран:
-          Хүүе Гандив аа, чи яаж байнаа. Юу болоод зэлээ аваад унав...?
-          Чи сая харсангүй юу, хө. Тэр сайхан хуур, шатар хоёрыг...
-          Даанч яав даа, чи... Улаан цурав хэдэн хүүхдээ яана гэж  хуур, шатар хоёроор зэлтэй үнээгээ өгч байгаа хүн бэ...?
-          Миний хэдэн хүүхдэд үлдсэн зэлтэй тугал нь болноо, хө.  Харин тэр сайхан хуур, шатар хоёр хэдэн үнээнээс илүү юм өгөх байх шүү...
гэж их л бахархалтай хэлээд, “За, тайвшир хөгшин минь... Бид чинь дуу хууртайгаа, ухаан задлах тоглоомтойгоо байсан цагт баян байх болно” гэж уйлж зогссон хөгшнөө аргадлаа. 
 
НЭВТ: Ийм хүний дэргэд өсөж өндийсөн хүн авьяас билэг төгс дүүрэн байхаас ч яах билээ. Индрээгийн яриаг цааш сонсоё.
СОРОНЗОН БИЧЛЭГ:
ИНДРЭЭ: Би бага сургуульд ороод хулсан хуур, аман хуур, мандолин хөгжим тоглож сурсан. Хулсан хуураа өөрөө хийчихнэ, бас хүмүүст хийж өгдөг байсан. Хэдийгээр эцэг минь бага жаахан байхад минь өөд болсон ч хуурынх нь эгшиг байнга чихэнд хадаастай, суугаад хөгжимдөж байсан төрх нь хүртэл сэтгэл зүрхэнд үлдсэн байдаг юм. Аав минь хуучир хөгжим сайхан тоголно. Шатар их сайн тоглодог байсан гэдэг. Тэр шатар тоглодогыг би бас уламжлан авсан шиг байгаа юм. Би 1-р зэргийн шатарчин шүү дээ. Миний хэлдэг ерөөл магтаалын хэмнэл айзам, эгшиг аялгууны  нэлээд нь эцгийн минь юм. Яахав бусад нь минийх юм даа. Хэд хэдэн хэлбэрээр тухайлбал үглэх, ярих хэлбэрээр хэлнэ. Аялгуулан магтах, зүгээр хөгжимгүйгээр Үржинханд гуайн хэлбэрээр уншдаг. Энэ бүгдийгээ би эцгээсээ өвлөж авсан гэж боддог. Ерөөсөө миний уран бүтээл бага наснаас минь эхтэй юм. Хурга ишиг хариулж явахдаа байгалын гоо сайхныг мэдэрч, цэцэг ногоон дээр нь гишгэж, тунгалаг уст гол мөрөнд нь шумбаж өссөн болохоор байгаль тэр чигээрээ миний уран бүтээлд туссан байдаг. 
 
                                                   / Индрээгийн бүтээл Заг Байдраг-дуу /
 
НЭВТ: Монгол газар бууж мордсон гадаадынхан монголчуудын авьяас билгийн нууц нь уул ус, байгаль дэлхийдээ байдгийг олж харсан байдаг. Зөвлөлтийн сэтгүүлч И.Т.Кунавин, “Монголын уран бүтээлчид байгаль ертөнцийн гоо үзэсгэлэнг сэтгэл догдлом илэрхийлдэгийн учир нь эх нутаг, хангай дэлхийдээ байдгийг би ухаарлаа. Ийм нутаг устай хүмүүс дуучин байхаас ч яахав. Монгол хүний уудам, яруу сэтгэлийг эх нутаг нь заяажээ” гэж тэмдэглэснийг энд онцлон дурдахын учир гэвээс...
СОРОНЗОН БИЧЛЭГ:
 СУРВАЛЖЛАГЧ: Таны уран бүтээлийн ихэнх нь байгалын гоо сайхныг дуулсан байдаг болохоор танд байгаль дэлхий хишгээ харамгүй өгчээ гэж бодож байна?
ИНДРЭЭ: Яг үнэн. Тэгэж хэлж болно. Би байгаль, уул усандаа гарахдаа эхлээд заавал идээ будааныхаа дээжийг өргөж, дараа нь хайлж эхэлдэг. Ялангуяа өсөж төрсөн нутаг, сайхан уул ус биднийг эцэг эх шиг минь, сайн найз нөхөр шиг минь инээж угтдаг юм шүү дээ. Байгаль дэлхийгээ үнэн сэтгэлээсээ хайрлах хайрын хариуд сайхан аялгуу, сайхан хөгжим орж ирнэ. Нэг үгээр уран бүтээлчийн онгод орж ирдэг юм шиг.
СУРВАЛЖЛАГЧ: Сая та хүн өөрөө тэр чигээрээ хөгжим, тэр чигээрээ аялгуу гэж хэллээ. Энэ үнэхээр сайхан санагдлаа?
ИНДРЭЭ: Би хөгшин залуу олон сайхан уран бүтээлчидтэй найзалж нөхөрлөж, наргиж цэнгэж явлаа. Ямарч хүн баяр, гунигийн аль алиныг амсаж явдаг. Сүрэнжавын яриаг сонсохоор дууны өнгө, өндөр нам нь,  шүлгээ яруу сайхнаар уншиж байгаа нь,  хүнтэй ярьсан ч яруу найргаар хэлээд  байх шиг, дууны эгшиг гараад байх шиг байдаг юм. Түүний яралзтал инээж байгаа нь, алхаж гишгэж байгаа нь эгээ л хөгжим. Тэгээд би 97 онд Сүрэнжавт зориулж “Хүн өөрөө хөгжим” гэсэн шүлгээ бичээд морин хуурын аялгуунд тохируулан ая хийсэн юм. Монгол хүн болж төрсөндөө баяртай байдаг. Хаашаа ч харсан нүд алдам уудам нутгийн эзэн нь, булаг ус нь тэр чигээрээ рашаан, мөнхийн ногоон гацуур, таван тансаг идээ цагаатай, дэмбээ хуар гээд тоглоом наадам нь хүртэл аялгуу, мал хуйтайгаа харьцаж байгаа нь хүртэл аялгуу гээд монгол нутаг тэр чигээрээ эгшиг аялгуу. Алсад яваа адуугаа хүртэл гурийлаад аваад ирнэ... /өөрөө гурийлж, хөөсөлж үзүүлнэ/  ийм л билэг танхай ард түмнээрээ бахархахаас өөр яах юм бэ. 
 
                                                                        / дуу орж ирэх /
 
НЭВТ: Монгол газар уран цэцэн үгтэй, оюун ухаан хурц, билэг авьяас төгс хүмүүс найр наадам, баяр цэнгэлийн үеэр үгийн урныг уралдуулан, цэцэн оюунаар магтан хэлдэг уламжлалтай. Залагдаж ирсэн хүн урьдчилан бэлтгэнэ гэж үгүй. Тухайн байдлыг ажиж хараад л шууд шүлэглэн хэлнэ. Энэ нь монголчууд билэг оюунтай, уран цэцэн хүмүүс болохын нэг баталгаа юм. Та бидний танил ганган Гандив ч мөн ийм хүн байжээ. Түүний хүү Индрээ ч бас зүгээр суухгүй, ардынхаа энэ сайхан уламжлалыг хойч үедээ үлдээхсэн гэж хичээж, зүтгэж явна.
СОРОНЗОН БИЧЛЭГ:
СУРВАЛЖЛАГЧ: Манай монголчуудыг их бэлиг зүйтэй хүмүүс гэж хэлдэг. Бас монголчуудын бэлиг зүйг тэр чигээрээ ухаан, тэр чигээрээ урлаг гэж ярьдаг. Үүний учир юундаа байнав?
ИНДРЭЭ:Ер нь монголчуудын, тэр дундаа хөдөөгийн малчдын мэндчилгээ их сайхан шүү дээ. Тэр чигээрээ шүлэг найраг. Бас зүйр цэцэн үг, тоглоом наадам, тонгорог үг, хэл зүгшрүүлэх хэллэг гээд олон зүйл нь бэлиг зүйтэй холбоотой. Энэ нь хүүхэд залуусд туйлын хэрэгтэй. Дунд сургуульд эдгээрийг нэг хэсэг бүр заахаа больсон байсан. Харин 90-ээд оноос хойш дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт орж ирсэн. Эсгий хийх, шинэ гэр барих, шинэ дээл хийх гээд олон зан үйл цөм бэлиг дэмбэрлийн үгтэй шүү дээ.
СУРВАЛЖЛАГЧ: Ер нь бэлиг зүй нь монголчуудын үр хүүхдээ сургаж хүмүүжүүлэх нэгэн арга байсан шиг?
ИНДРЭЭ: Тийм шүү. Надад ихэнх үгийг өөрөө хийж, бас аяыг нь бүгдийг өөрөө хийсэн 30-аад магтаал бий. Жанчивын Шагдарын Морины тухай магтаалдаа би их дуртай. Бас алдарт уяач Сүрэнхорын хээр азраганд зориулж магтаал хийсэн. Мөн ардын багшийн магтаал хийсэн. Ер нь монголчууд уламжлалт магтаалдаа их дуртай шүү дээ. 
 
                                                                        / өөрөө магтаал хэлэх /
 
ИНДРЭЭ: Би ерөөл магтаалдаа их хайртай. Ер нь миний уран бүтээл энэ л ерөөл магтаалаас эхэлсэн юм шүү дээ. 
 
НЭВТ: Индрээ багш үнэхээр баян хүн ажээ. Тэр хэдийгээр тавь хол гарсан ч туурвисан бүтээлийн тоог настай нь зүйрлэшгүй их, шавь нь хэдийн гурван түмд хүрч, үр хүүхэд нь өвгийнхөө дуу хуурыг эрхэмлэн дээдэлдэг ариун ёс уламжлалыг залган авч явна. Отгон хүү Бадмаараг нь манай залуусын шүтэн биширдэг орчин үеийн “Хар тас” хамтлагт дуулж бүжиглэж, ардынхаа урлагийн арвин сангаас орчин үеийн урлагт шигтгээ болгон оруулж яваад нь Индрээ багш туйлаас баярлан бахдана.
                        Энэ хүн үнэхээр баян хүн юм...
 
                                                                                                                                              2002 он
 


No comments:

Post a Comment

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив