Lucky Charms Rainbow

Monday, February 11, 2013

ТУУЛЬЧИД МОНГОЛ АЙЛД




НЭВТ: Монголын дуу хоолой радио ярьж байна.
                                                                                  / таслал /
НЭВТ: Нар хур тэгширсэн зуны сүүл сарын шинэдээр “Төв Азийн тууль” олон улсын их наадам Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод ЮНЕСКО-гийн ивээл дор болж дэлхийн арван орны 120 гаруй эрдэмтэн мэргэд, газар газрын алдарт туульчид, нутаг нутгийн ардын билэг авьяастнууд хуран чуулж, туулийн өнөөгийн байдал, Төв Азийн тууль судлалын онол-практикийн асуудал, Туулийн өв санг хамгаалах арга зам, Туулийн хөгжим, туульчдийн билэг авьяас, уран сайхны үнэлэмж зэрэг олон асуудлаар санал бодлоо солилцсон юм.
Ингээд их наадмын хүрээнд болсон “Тууль хайлах үдэш” олны анхаарлыг гойд татаж байсныг онцлон тэмдэглээд, манай сурвалжлагчийн бэлтгэсэн ТУУЛЬЧИД МОНГОЛ АЙЛД - сурвалжлага сонсгоё.
 
                                                                / хөгжим /
                                        / шум-машины чимээний фон дээр  /
 
СУРВАЛЖЛАГЧ: Зуны сүүл сар. Тунгалаг өглөөний ургах улаан нарнаар их наадмын зочид, төлөөлөгчдийг суулгасан хурдан хөлөг Улаанбаатар хотоос 100-гаад км-ийн зайд орших Төв аймгийн Жаргалантын ам хэмээх уул ус жигдэрсэн үзэсгэлэнт газрыг зорин хөдөллөө. Эрхэм сонсогчид оо! би зам зуураа  анх удаа монгол нутагт ирсэн Өвөрмонголын туульч Доржрэнцэн, Халимагийн туульч Цагаанхаалга /Цагаанзам/ нартай ярилцаж явна.
СОРОНЗОН БИЧЛЭГ:
СУРВАЛЖЛАГЧ: Наадам сайхан болж байна уу?
ДОРЖРЭНЦЭН: Ярих юмгүй их сайхан болж байна. Монгол нутгийн газар газраас ирсэн нэрт туульчдаас гадна Буриад, Халимагаас ирсэн туульчид билэг авъяасаа үзүүллээ. Ийм олон туульчид, тууль судлаачид нэг дор цугларч байхыг би  урьд нь  үзэж байсангүй. Их ч зүйл сурч мэдэж авлаа.
СУРВАЛЖЛАГЧ: Танай нутагт тууль хайлах ёс манайхаас ялгаатай юу?
ДОРЖРЭНЦЭН: Би Жангарийн тууль сураад арав гаруй жил хайлж байна. Манай Өвөрмонголд туулийг аялгуулан хэлж, хөгжимтэй хайлах нь ховор, ихэвчлэн үгээр хэлж хайлдаг юм. Монгол тууль их олон янз, бас маш олон хувилбартай болохыг энд ирээд мэдлээ.
СУРВАЛЖЛАГЧ: Сайн явж байна уу, та өөрийгөө танилцуулна уу?
ЦАГААНХААЛГА: Намайг Цагаан-хаалга гэдэг. Халимагаас ирсэн, дөрвөд ястан хүн. Монгол газар “Төв азийн тууль” гэсэн их наадам болно гэж дуулаад яаран ирлээ. Сэтгэгдэл маш өндөр байна. Нэгэн мах цусны хүмүүс уулзан учирч, эртний урлагийн нэгэн гайхамшиг болох монгол туулиа яаж хөгжүүлэх, хэрхэн хамгаалах тухай ярилцлаа. Нэгэн нарны дор амьдран суугаа монгол угсаатан бид эцэг өвгөдөөсөө уламжлагдан ирсэн энэ гайхамшигт урлагаа улам хөгжүүлж, хойч үедээ уламжлуулах, бас залуус нь өвгөд өтгөсөөсөө сурч авах гээд маш олон зүйл байна. Энд би газар газрын алдар цуутай туульчид болоод тууль судлаачидтай уулзаж танилцсандаа их баяртай байна. Үнэхээр олдохгүй аз завшаан гэж бодож байна. Халимагчууд бидний бахархал бол тууль. Бид туулиа хайлж, туулиа сонсохоороо монгол гэх агуу угсаагаа улам мэдэрч, цус минь лугшиж, зүрх минь хөөрдөг юм шүү дээ.
 
                             / хөгжим /
 
СУРВАЛЖЛАГЧ: Бидний суусан машин удаж төдөлгүй Богд хан уулын өмнө биед зусаж байгаа малчин  Пүрэвдоржынд хүрч очлоо. Малчин монгол хэрэг болгон зорьж ирсэн холын гийчдээ гүнээ хүндэтгэж байгаагийн илэрхийлэл болгож “Гүүний үрс гаргах” ёслол хийсэн юм. “Гүүний үрс гаргах”  гэдэг нь монгол газар байдаг түгээмэл нэгэн ёс заншил. Сонсогч та сонирхож байгаа бол бидэнтэй хамт байгаарай...
 
                              / зэл татах, гадас хатгах, унага уургалах, чагтлах, адуун сүрэг,
                                                хүн зоны дуу чимээн дээр фонлоод дээр нь /
 
СУРВАЛЖЛАГЧ: Холын гийчдээ шинэ идээний дээжээр дайлдаг монгол ёсоор малчин залуу Пүрэвдорж зэлээ дахин шинээр татаж, уран заншилт мунаар зэлний гадас түгжиж, адуун сүргээсээ анхныхаа унагыг хадаг уясан уургаар барьж ирлээ. Дараа нь чагтанд нь чагталж, ногтонд нь номхруулж, арц сангаа уугиулж, идээ будааныхаа дээжийг тэнгэр хангайдаа өргөж, судар номоо залах зан үйл хийж байгааг та бүхэн сонсож байна. Эрхэм олон зочид маань энэ сонирхолтой зан үйлийг бие биеэсээ өрсөн фото хальснаа буулгаж харагдана.
Удалгүй ууган унаганыхаа эх гүүг сааж, модон хувинтай саалийг мөнөөх хадаг уясан уургандаа өлгөөд хоёр эрэгтэй хүн дамнан “Цээн мод... цээн мод...” хэмээн уянгалуулан зэл тойрон явах ахуйд хурсан олон гадна дотны гэлтгүй цөм хойноос нь дагалдан “Цээн мод... цээн мод...” хэмээн уянгалуулан гурвантаа тойрон явах үед гэрийн эзэн залуу есөн нүдэт цацлаар сүү өргөхөд зочдын дээрээс сүүн бороо бууж байлаа.
 
                                                                           / шум тодорч ирэх /
 
СУРВАЛЖЛАГЧ: Сонсогч та туульчидаа яачихаад “Гүүний үрс гаргах” ёс болчихвоо гэж гайхалтгүй, сурвалжлагын маань баатрууд надтай хамт явж байна. Тэд малчин монголчуудын нэгэн өвөрмөц зан үйлд биеэр оролцож, тун чиг хөгжилтэй явж харагдана. 
 
                                                                        / шум дахин тодрох /
 
СУРВАЛЖЛАГЧ: Зэл татах үеэр тууль судлаач франц бүсгүй зэлэн дээгүүр гаран алдаж зэмлэл хүлээснээр “Эмэгтэй хүн зэлэн дээгүүр алхдаггүй” гэсэн монголчуудын нэгэн өвөрмөц ёсыг биеэр мэдэж авлаа. Би ч “хэргийн эзэн” франц бүсгүйтэй уулзав.
СОРОНЗОН БИЧЛЭГ:
 - Сайн байна уу, таныг хэн гэдэг вэ?
- Сайн, сайн байна уу? Намайг Мария гэдэг. Францаас ирсэн, монголч эрдэмтэн хүн.
- Та сая том алдаа гаргах шахлаа даа?
- /инээгээд/ Тэглээ...тэглээ. Их чухал зүйл мэдэж авлаа шүү...
- Их наадмын талаар ямар бодолтой байна?
- Өө, тун сайхан. Энд газар газраас ирсэн эрдэмтэн мэргэдийн судалгаатай танилцаж, монгол туулийн талаар их ч зүйл мэдэж авлаа.
- Та монголоор их сайхан ярих юмаа, хаана ингэж сураа вэ?
- Би 20 жилийн өмнө МУИС-д сурч байсан. Эртний соёлын өв уламжлалтай, бас эртний их түүхтэй монголчуудын талаар улам их зүйл мэдэх хүсэлдээ хөтлөгдөж монгол хэл сурсан юм.
- Монгол туулийн талаар таны үгийг сонсоё ?
- Бодит бус өвд багтдаг  тууль нь нүүдэлчдийн дунд дэлгэрсэн нийлэг урлагийн эртний хэлбэр юм. Хаана ч байхгүй агуу том соёл, үгийн гайхамшигт урлаг. Энэ бол монголчуудын баярлан бахархах, хайрлан хамгаалах ёстой нэг эрхэм зүйл юм шүү.
  
                                                                        / орчны шум тодорч ирээд /
 
СУРВАЛЖЛАГЧ: Эрхэм сонсогчид оо, “Гүүний үрс гаргах” ёслолдоо эргэж оръё. Зэл тойроод “цээн мод, цээн мод...” гээд уягалуулан явж байсан хүмүүс зэлний дэргэд урт цагаан эсгий дэвсэж, идээ будаа засаад цайлж харагдана. Зарим нь ерөөл магтаал хэлж, туульчид нь тууль хайлж хэсэг саатаж суугаад, дараа нь идээ будаагаа аваад хэдэн алхмын газар нүүдэллээд дахин сууцгааж, хаанаас хаа хүрч явна, газрын өнгө болоод зуншлага ямар байгаа тухай үг хэлэлцэж цайлж, дуулж хуурдаад гурав дахь нүүдлээ хийсний дараа гэрийн үүдэнд явж очлоо. Энэ үед гэрийн эзэн Пүрэвдорж нүүсээр ирсэн зочдыг гэртээ морилон орохыг урив.
Сонсогч танд 30 хүрэхгүй метрийн зайнд гурвантаа нүүдэл хийх энэ зан үйл хачин санагдаж байна уу? Тэгвэл энэ тухай  эрдэмтэн судлаач С.Дулам юу гэж тайлбарлахыг сонсоорой.
СОРОНЗОН БИЧЛЭГ:
- Цээн мод, цээн мод... гэж уянгалуулан дууддаг нь ямар учиртай юм бэ?
- Цээн мод, цээн мод... гэдэг үг нь цэгээнд цад гэсэн утгатай юм. Нэг үгээр идээ цагаа элбэг байг гэсэн үг.
- Тэгвэл хоёр эрэгтэй хүн уургаар хувинтай сүү дамжлан явж, гэрийн эзэн цацал өргөдөг нь ямар учиртай юм бэ?
-Энэ нь эрт цагт монгол эр хүн гүүгээ барьж, гүүгээ саадаг байсантай холбоотой зан үйл. Эртний алдарт жуулчид монгол газар эр хүн гүүгээ саах юм гэж сонирхуулж бичсэн байдаг шүү дээ.Гурвантаа нүүдэл хийдэгийн учир гэвэл малчин монголчууд жилийн дөрвөн улиралд байнга нүүж сууж байдаг гэсэн санаа юм. Хэрэв та анзаарсан бол ингэж нүүж сууж байхдаа зөвшилцөн ярилцаж байгаа биз дээ?
- Тийм, тэгэж байсан...
- Гэхдээ ярилцаж суухдаа “баян” гэсэн үг  заавал хэлдэг ёстой. Чи анзаарав уу...?
- Өө тийм үү, ёстой анзаарсангүй. Ямар учиртай юм?
- Энэ нь эд хөрөнгө баян, эрдэм ном баян, дуу хуур баян... гээд бүх юмаар баян байхыг бэлгэдэж байгаа юм. Сая хийж өнгөрсөн зан үйл бол “гүүний үрс гаргах” ёсны нэг чухал хэсэг нь юм шүү дээ.
 
/ хөгжим /
 
СУРВАЛЖЛАГЧ: Зочид маань “Гүүний үрс гаргах” зан үйлээ хийж дуусаад гэрт орж малчин айлын гал тахих зан үйлд оролцсон юм. Гэрийн эзэгтэй сархад нэрж байх зуур зочид дуу хуураа өргөж, ардын авъяастнууд ерөөл хэлж, туульчид  тууль хайлж малчин айлын галын бурхны сонорыг мялаалаа.
 
                                                                  /тууль хайлах орж ирээд /
 
СУРВАЛЖЛАГЧ: /фон дээр/ Эрхэм сонсогчид оо, эртний баатарлаг туулийн аргил аялгуунд Богд хан уул босон алдан өндөлзөж, голын ус зогсон алдан намуусаж, буга согоо нь урамдахаа мартан чихээ тавьж, хүн зон нь бахдан хөөрч, уяран хайлж нэгэн үдшийг угтлаа.
 
                                              / тууль бага зэрэг тодорж ирээд /
 
СУРВАЛЖЛАГЧ: Одод түгсэн энэ үдэш гөрмөл гэзэгтэй халимаг туульч Цагаанхаалга алдарт Жангарын туулийн “Догшин шар Гүргүүрийн” бүлгээс хайлж, Говийн аялгуут үлгэрийг  арван хэдтэйгээсээ эхлэн хэлж, насаараа үлгэрийн далайд умбаж яваа тайз, дэлгэцийн жүжигчин Дагиранз “Хөхөө Намжил”-ын домгоос хүүрнэж, Түрэг угсааны Даниэль төрсөн нутгийнхаа магтаалыг аялгуулан дуурсгаж, Өвөр монголын нэрт жангарч Доржрэнцэн Жангарын туулийг цорос аялгуугаар хэлж, малчны хотонд марал гудайтал нүүдэлчин түмний баатарлаг туульс хөвөрсөн юм.
 
                                                     / тууль хайлах тодорч ирээд дуусах /
 
            НЭВТ: Та бүхэн Туульчид монгол айлд... сурвалжлага сонслоо.
 
                                                                                                                                                        1992 он
 

No comments:

Post a Comment

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив