Lucky Charms Rainbow

Monday, February 11, 2013

УРЛАНД БОЛСОН ЯРИА...




НЭВТ: Захидлаас үүдсэн сэдэв...
НЭВТ: Гадаадын сонсогчдын сонирхон сонсох дуртай нэг сэдэв бол уран зураг. Тэд уран зургийн галерэй, зургийн үзэсгэлэнгийн танхимаар орж ховор болоод шинэ сонин бүтээлтэй танилцаж, зураачдын урланд зочилж тэдэнтэй танилцах дуртай байдаг юм. Ингээд би ээлжит сурвалжлагаа нэгэн урланд хийсэн юм.
 
                                                                       / хөгжим /
 
НЭВТ: УРЛАНД БОЛСОН ЯРИА...
 
НЭВТ: Монголын урчуудын эвлэлийн хорооны нэгдсэн урланд олон уран бүтээлчид бүтээлээ туурвиж асаж шатаж байдаг юм. Би энд залуу зураач Эрдэнэбаяр, Мөнхцэцэг-Анар нарын урланд зочилж тэдний орчин үеийн сэдэвтэй нэг үгээр хэлбэл контен......  чиглэлээр зурсан олон сайхан бүтээлтэй танилцсан юм. Тэдний урлан элбэг баян үеэр таарчээ. Учир нь тэд саяхан ээлжит зургийн үзэсгэлэнгээ гаргасан юм байна. Эрдэнэбаяр, Мөнхцэцэг-Анар хоёр нэг гэр бүлийн хүмүүс болохоор бидний яриа улам ч сонирхолтой халуун дотно болсон юм.
СОРОНЗОН БИЧЛЭГ:
ЭРДЭНБАЯР: Уран бүтээлчийн  бага нас бүтээлд нь их тусдаг шиг байгаа юм. Би Сүхбаатар аймгийн Баруун-Урт гээд жижигхэн суурин газар төрж өссөн. Бага насны минь сэтгэлд тод буусан зүйл бол урт урт хашаа бүхий гэр хороолол... Хашааны үзүүрт байх морь, үхэр гээд хөдөөгийн суурин газрын дүр зураг. Түүнийгээ зурмаар санагдаад яаж орчин үеийн, яаж өөрийнхөө  чиг хандлагад оруулж зурах вэ гээд их бодсон л доо. Тэгээд энэ зургаа бүтээсэн юм. Энэ зургийг минь зарим хүмүүс гудамж гэж хардаггүй байшин гэж хараад байдаг юм.
                                     СУРВАЛЖЛАГЧ: Цонх ч юм шиг...
ЭРДЭНЭБАЯР: Зарим нь бас цонх гэдэг юм шүү. Харин нэрийг нь хараад монгол хүн, монгол ахуйг мэддэг хүн бол шууд ойлгодог юм.
СУРВАЛЖЛАГЧ:  Нээрэн тийм байна. Дээрээс нь харж байгаа юм шиг байна. Би эхлээд морийг нь таньсан ч хашааны үзүүрт гэж ойлгосонгүй, байшин ч юм уу, цонхны дэргэд байгаа морь юм уу гэж хараад байлаа. Харин “Гудамжны үзүүр дэхь морь” гэхийг уншаад гэр хорооллол, хашаа дээрээс нь харагдаж байна гээд шууд ойлгогдоод ирлээ...
ЭРДЭНЭБАЯР: Орчин үеийн урлаг гэдэг чинь ямарч оргүй хоосноос бий болдоггүй, өөрийнхөө эртний уламжлалаас бий болдог юм байна. Монголчуудад зураг зурахдаа шувууны нислэгийн өндөрлөгөөс харж дүрсэлдэг уламжлал байжээ. Энэ зургыг дээрээс харсан байдлаар зурсан нь тэр уламжлалыг харуулж байгаа юм.
СУРВАЛЖЛАГЧ: Энэ “Уулан дээрх сар” гэсэн зураг их сонирхол татаад байна?
ЭРДЭНЭБАЯР: Энэ цагаан сар дээшээ харчихсан байгаа биз? Ер морь, мал нутгаа их санаж, нутаг руугаа тэмүүлдэг шүү дээ. Тэр дундаа морь... Тэгээд би сартай сайхан шөнө нутгаа, ижил олон сүргээ санаж байгаа морийг үзүүлмээр санагдаад өөрийнхөө чиглэд зориулан дүрсэлхийг хичээсэн юм. Ер нь миний зурдаг чиглэлийн дүрслэл, хэллэг их хатуу ш дээ.
СУРВАЛЖЛАГЧ: Гэхдээ морины бодлыг их сонин илэрхийлсэн шиг санагдаад байна. Яагаад гэвэл бодол санааг ихэнхтэй тархи толгойнд дүрсэлдэг. Гэтэл чи бодлыг бүх л биенд нь байрлуулж өгснөөрөө сэтгэлдээ төдийгүй бие махбодь болоод мэдэрдэг бүхнээрээ санагалзаж байна уу гэлтэй...?
ЭРДЭНЭБАЯР: Эхийнхээ гэдсэнд явсан унага хүртэл өөрийн уугуул нутаг ус руугаа тэмүүлдэг гэдэг аман домог байдаг юм. Түүнийг хүртэл харуулсан ч байж болох.
СУРВАЛЖЛАГЧ: Өөрийн чинь уран бүтээлийг хараад сууж байхад морь их зонхилсон байх юм. Морийг илүүтэй зурдагын учир юув. Тэр дундаа энэ “Морины хөрөг” гэдэг зургаа сонирхуулж хэлж өгнө үү?
ЭРДЭНЭБАЯР: “Морины хөрөг” гэдэг зураг маань хүмүүсийн сонирхолыг их татдаг юм. Тэр дундаа гадаадад их сонирхдог юм. Хүний хөрөг гэж байхаас биш яахаараа морины хөрөг байдаг байнаа гэж ирээд асууна шүү дээ. Манай урлаг судлаач Уранчимэг миний энэ зургийн талаар хэлэхдээ: “Яах аргагүй монгол зураач л ингэж бодож сэтгэнэ. Энэ “Морины хөрөг” гэх зураг дэлхийн уран зурагт  анхных нь ч байж мэднэ. Энэ зураг нэг талаар та морийг харж байгаа мэт боловч нөгөө талаар морь таныг сонирхоод байгаа ч юм шиг” гэж дүгнэсэн л дээ.
СУРВАЛЖЛАГЧ: Харилцан бие биенээ сонирхож байнаа гэсэн үг байхнээ?
ЭРДЭНЭБАЯР: Тийм, та зураг үздэг байсан бол зураг бас таныг харж байна шүү гэсэн тайлбар өгсөн. Ер нь монголын урлагт морь гол байр эзэлдэг л дээ. Дуу, шүлэг яруу найраг гээд уран зохиол, кино драм нь хүртэл морьтой. Бурхан байсан ч морьтой. Морь унаагүй бурхад ховор шүү дээ. Урлаг морьгүйгээр бараг төсөөлөгдөхгүй. Тэгээд би орчин үед ийм олон “изм” зэрэгцэн оршиж байгаа үед урлагийг мориор илэрхийлбэл яасан юм гэж бодсон. Урлагийг юу гэж үздэгээ мориор дамжуулж илэрхийлэх гэсэн хэрэг.
СУРВАЛЖЛАГЧ: Мөнхцэцэг-Анарын маань зургийг харахад эмэгтэй хүний уянгалаг, өнгөлөг дүр төрх бүхэлдээ харагдаж байнаа даа?
МӨНХЦЭЦЭГ: Миний бүтээлийн анхны санаа бол зураас байдаг. Би хүүхэд байхдаа дун хясааны зураасан хээ судлыг их сонирхож хардаг байсан. Их сонин шүү дээ, хүний хурууны хээ шиг... Энэ нь миний бүтээлд нөлөөлсөн байдаг. Би эмэгтэй хүний үсийг зурахдаа хүртэл дунгын судал хээгээр илэрхийлдэг. Энэ сонирхол маань яван явсаар зураасны мөн чанар, зураасны хүч чадлыг илэрхийлэхийг зорьдог болсон. Зураас ямар байж болох вэ, зураасаар хүний сэтгэдлийг яаж хүчтэй төрүүлэх вэ гээд талаас гаргахыг хичээдэг.
СУРВАЛЖЛАГЧ: Энд “Жаахан шаргын нутаг” гэсэн зураг байна. “Жаахан шарга” сэдвийг манай бүх уран бүтээлчид сонгож авдаг нь их сонин юм. Энэ сэдэв шүлэг найраг, дуу хөгжим, уран зохиол гээд, бас зураачдад байх юм...?
МӨНХЦЭЦЭГ: Жаахан шаргын нутаг гэхээр монгол нутгийг хэлж байгаа шиг санагддаг. Жаахан шаргын нутаг гэхээр нэг их сайхан дулаан төөнөсөн тал нутаг санаанд орж ирдэг юм. Жаахан шарга дуу байдаг, бас манай ардын зураач Амгалан гуайн “Жаахан шаргын нутгаар” гээд З0-аад жилийн өмнө зурсан нэг зураг бий. Амгалан гуай энэ зургаа тэр “Жаахан шаргын нутаг” дуунд зориулсан гэдэг. Миний энэ зураг бол түүний бүтээлд зориулсан зураг юм. Ер нь урлагт бүтээлээс шинэ бүтээл төрдөг, бүтээлд зориулсан бүтээл гэдэг арга байдаг л даа.
ЭРДЭНЭБАЯР: Нэг үгээр зурганд зориулсан зураг юм. Амгалан гуайн зургийг улам алдаршуулж, багшдаа барьж байгаа нэг өвөрмөц бэлэг юм даа.
МӨНХЦЭЦЭГ: Энэ сэдэв бас миний стилд тохирч байгаа юм. Жаахан шаргын нутаг гэхээр цэлийсэн том орон зай. Тэр нутаг бас байгалийн сонин гоё тогтоцтой газар. Түүнийг зургандаа илэрхийлэхийг зорисон. Сүүлийн үед миний зурганд нэг ийм элемэнт орж ирсэн. Яг нүүрэн дундуур нь улаан, ногоон, цэнхэр, шар зураас татчихдаг. Үүнийг хүмүүс их сонин хүлээж авч байна лээ. Юу вэ...? гэсэн байдлаар хүлээж аваад байгаа. Тэгвэл ийм зурааснууд дандаа яагаад гэдийг үүсгэж байдаг юм. Хүнд байдаг л зүйлийг гаргаж тавих гэж үзсэн. Тухайлбал төвлөрөл гэдэг ч юм уу?
СУРВАЛЖЛАГЧ: Гадаадынхан манай зураачдыг их үнэлдэг. Монгол зураачийн санаа, өнгө будаг их өвөрмөц гэж ярьдаг. Ер нь монгол зураачийн гол онцлогыг та хоёр юу гэж үздэг вэ?
ЭРХЭМБАЯР: Би бас энэ тухай сонсож байсан. Монгол зураач эвдрээгүй, байгалиараа байна. Хэдийгээр бүхнийг эвдээд зурж байгаа мэт боловч цаанаа л монгол хүн гэдэг нь мэдэгдээд байдаг юм гэдэг. Тэгэхлээр нүүдэлчдийн сэтгэлгээ ямар нэг хэмжээгээр харагддаг шиг байгаа юм. Бас таны хэлсэн шиг өнгө нь их баялаг, сэтгэлгээ нь их өвөрмөц гэдэг. Энэ бүхэн манай байгаль цаг ууртай нөлөөтэй. Манай монгол салхи ихтэй.  Нэг өдөр гэхэд л байгалийн өнгө хичнээн олон солигдож өөрчлөгддөг билээ. Тэгэхлээр зураач бид асар их хурдтай байх хэрэгтэй. Тэр олон өнгө хувиралыг алдаж болохгүй. За тэгээд монгол орон их өнгөлөг шүү дээ. Тэр нь бидэнд мэдэгдэхгүйгээр шингэж ууссан байдаг байх.
НЭВТ: Мөнхийн Эрдэнэбаяр хонь жилтэй. Дүрслэх урлагийн коллежийг 1987 онд төгссөн. Урчуудын эвлэлийн хорооны харьяа чөлөөт уран бүтээлч. Хорь шахам жил зурж байна. “Азийн чоно” зургийн үзэсгэлэнгээрээ Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагнал хүртжээ. Эрдэнэбаярын бага нас Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод өнгөрсөн. Үнэндээ түүний удам сударт зураач хүн байгаагүй ч багаасаа л зурдаг байжээ. Хүүгийн зурах хүсэл нь Дүрслэх урлагийн коллежид хөтөлж оруулжээ.
/ таслал /
НЭВ: Чалхаажавын Мөнхцэцэг буюу Мөнхцэцэг-Анар мөн хонь жилтэй. Дүрслэх урлагийн коллеж, дараа нь Минск хотын Театр урлагийн академийг театрын зураачаар төгсжээ. Тэрээр “Хөгжмийн салхи”, “Тайвшрал” зэрэг бүтээлээрээ Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагнал хүртэж, харин “Хачин ертөнц” бүтээл нь Японд болсон Азийн зургийн үзэсгэлэнд газар газрын 1700 гаруй зураачдын бүтээлээс эцсийн шатны 70-д шалгарчээ. Тэрээр энэ баярт мэдээгээ дуулаад удаагүй байгаа юм байна. Мөнхцэцэгийн хүүхэд байхдаа зурсан зураг дэвтэр дэвтрээрээ байдаг гэнэ. Бүх охид тоглож байхад Мөнцэцэг гэртээ зургаа зураад л сууж байна. Ямартаа л эжий аав нь түүнийг зурагнаас салгах гэж оролдоод дийлээгүй байхав. Охины туйлын их зурах хүсэл нь мөн л Дүрслэх урлагийн коллеж руу хөтөлжээ.
Хүслээ дагасан хөдөөгийн хүү, хотын охин хоёр 1983 оны намар Дүрслэх урлагийн коллежид нэг ангийн оюутнууд болжээ. Хэзээ ямагт зурж суудаг, бүтээж байдаг хоёрт гадуур зугаалаад байх цаг ховор, сургууль дээрээ л өнжинө. Ижил хүсэл сонирхол нь тэр хоёрыг найзалж нөхөрлүүлээд зогссонгүй бүр нэг гэрт оруулжээ.
СОРОНЗОН БИЧЛЭГ:
СУРВАЛЖЛАГЧ: Танай гэр бүлийн нэг гишүүн болох 11 настай Жанцанхорол хүү бас зурдаг, бас барьдаг гэж дуулсан?
МӨНХЦЭЦЭГ: Миний хүү дөнгөж хөлд ороод, олигтой ч хэлж ярьж чаддаггүй байх үед нь бид хоёр урландаа байгаа зургуудаа үзүүлээд энэ хэний зураг вэ? гэхээр энэ аавынх, энэ ээжийн гээд яг хэлнэ шүү дээ. Тэр нь их сонин санагддаг байсан.
ЭРДЭНЭБАЯР: Бид хоёрын зурагны ялгааг тийм жаахнаасаа мэддэг байсан.
СУРВАЛЖЛАГЧ: Тэгэхлээр та хоёрын бүтээл дээр Жанцанхоролын бүтээл нэмэгдээд нэг гэр бүлийнхний зургийн үзэсгэлэн нэгэн цагт гарах байхаа даа?
ЭРДЭНЭБАЯР: Тэгэх байхаа... Ер нь их зурах дуртай. Зураг нь бид хоёрынхоос их өөр шүү дээ. Илүү ч зурж байх шиг  санагддаг. Миний 11 настай байхдаа зурж байсан зураг манай хүүгийн одоо зурж байгаа зураг хоёр шал өөр, би хүүгээ зураач болох байх гэж боддог.
СУРВАЛЖЛАГЧ: Ерөөлөөр болог За ингээд хожмын нэг сайхан мөрөөдлөө хэлж сурвалжлагаа өндөрлөх үү?
ЭРДЭНЭБАЯР: Бид хоёр дэлхийн том музейд үзэсгэлэнгээ гаргахсан гэсэн их том мөрөөдөлтэй. Олон улсын уралдаан тэмцээнд орох хүсэлтэй, түүнийхээ төлөө мэрийж байнаа.
НЭВТ: Сурвалжлагын маань баатрууд улсдаа босго өндөртэй гэгддэг Дүрслэх урлагийн коллежид цээжний хэдэд тэнцэж байсан шигээ ангиасаа мэргэжлийн зураач болсон нь бас л тэр хоёр.
“Энэ сургуулийг төгсөхдөө цаасан дээр зураач байдаг юм шүү. Харин цаашид жинхэнэ зураач болох эсэх өөрөөс чинь шалтгаална” гэж нэгэн цагт Дашбалдан багш нь хэлж байсан гэдэг. Үнэхээр урлагийн шүүрэн шанаганд тогтож үлдэх амаргүй билээ. Өнөөдөр энэ хосууд олон арван бүтээлээрээ түмэнд танил зураачид болсон төдийгүй гадаадынханд үзүүлж харуулах, хэлж ярих зүйл арвинтай хүмүүс болжээ. Тэд Нью-йорк, Сан франциско, Бонн, Бээжин, Токио, Беку, Австри зэрэг дэлхийн олон улс, хотуудад үзэсгэлэнгээ гаргажээ.
Тэдний урлан үргэлжид л шөнө дөл болтол гэрэлтэй байдаг юм. Тэнд шинэ бүтээл, шинэ санаа төрж байна. Нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээрээ хос залуус урлагийн оргил өөд мацаж явнаа. Ноён оргилд хүрэх зам амаргүй ч тэд хэдийн замаа сайн мэддэг хашир туршлагатай уулчин шиг зураачид болжээ.
 
                                                                                                                                               2002 он
 


No comments:

Post a Comment

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив