Lucky Charms Rainbow

Monday, February 11, 2013

Хөөрхөн эмээ...

/ Сонсож болно /



НЭВТ: Монголын дуу хоолой радио ярьж байна. Эрхэм сонсогчид оо, ХӨӨРХӨН ЭМЭЭ хөрөг сурвалжлага хүлээн авч сонсоно уу.
 
                                                                                      / хөгжим /
 
НЭВТ: Хэдхэн хоногийн өмнө монголчуудын төр ёсны их баяр цэнгэл-цагаан сар өлзий учрал дүүрэн болж өнгөрлөө. Монголчууд бид цагаан сарын баяраар хамгийн ахмад настандаа очиж золгож, билэгтэй сайхан үгийг нь сонсдог уламжлалтай билээ. Чухам ийм нэгэн өдөр УБ хотын нэгэн орон сууцны хорооллын өндөр барилгын гадаа өсвөр насны хэдэн охид хөвгүүд “Одоо цөмөөрөө хөөрхөн эмээтэйгээ золгоё...” гэх дуулдлаа. Монгол ёсонд  “хөөрхөн” гэдэг үгийг бага насны буюу залуу хүн дээр хэрэглэхээс биш настан буурлыг ийн нэрлэдэгүйсэн гэж бодоод, тэднээс “хөөрхөн эмээг” нь сонирхоход, “Манай байранд 102 настай эмээ байдаг юм. Манай эмээ ёстой хөөрхөн” гэцгээх тэдний нүдэнд хайрлан энхрийлэх, хүндлэн бишрэх сэтгэл тод. Ингээд би тэдэнтэй хамт “хөөрхөн” эмээтэй золгохоор шийдсэн юм. 
 
                                                                  / ерөөл - бичлэг гарч ирээд /
 
НЭВТ: Та бүхэн 102 настай азай буурал Балжмаа гуайд монгол улсын ерөнхийлөгчийн гарын бэлгийг алд цэнхэр хадаг билэгтэй сайхан ерөөлийн хамт дэвшүүлж байгааг сонсож байна. 
 
                                                                   / ерөөл тодорч ирээд дуусна /
 
НЭВТ: Балжмаа эмээ эдүгээгээс 102 жилийн тэртээ Цэцэн хан аймаг буюу одоогийн Хэнтий аймгийн нутагт төржээ. Өнөөдөр ачийн ач, зээгийн зээгээ үзэж тэднийхээ дунд жаргаж суугаа буурлаас зууны тэртээх монгол бүсгүйчүүдийн тухай сонирхуулж яриач гэж хүссэн юм. 
 
            СОРОНЗОН БИЧЛЭГ:
СУРВАЛЖЛАГЧ: Таны залуу зандан насанд бүсгүйчүүд ямар зүйлээр гоёх дуртай байсан бол?
ЭМЭЭ: Өнөөдөр тун ховордсон маш үнэ цэнэтэй эрдэнийн чулуу, сувд, оюу, шүрээр чимсэн алт мөнгөн толгойн гоёл хэрэглэдэг байсан. Тэр цагийн бид тахимаа шүргэсэн урт гэзэгтэй, өөрсдөө оёж шидсэн гоё ганган дээл хувцас, ууж хантааз өмсдөг байсандаа.
СУРВАЛЖЛАГЧ: Тэр үеийн хүүхнүүдийн ааш ааль ямар байсан бол?
ЭМЭЭ: Өө, маш их ажилсаг. Өглөө хамгийн түрүүн босно. Орой хамгийн сүүлд унтана. Хоёр нарны хооронд мал сүргээ маллана. Сааль сүүгээ авна, идээ цагаагаа хийнэ. Хажуугаар нь үр хүүхдээ асарна, үйл мэтгэнэ. Авъяастай сайхан бүсгүйчүүд их байсандаа. Дууч шүлэгч бүсгүйчүүд олны бахархал болдог байлаа. Ааш зангийн хувьд их тогтуун, хүнийг их хүндэтгэнэ. Ялангуяа хүний өмнүүр орж үг хэлэх гэж ер байхгүй. Айлчин гийчин ирвэл тосож очиж, жолоог нь авна. Гэрийнхээ үүдийг сөхөж гүн хүндэтгэл үзүүлж оруулна. Ямарваа хүнд аягатай цай, идээ будааг заавал хоёр гардаж барина даа. Бидний үеийн бүсгүйчүүд эр нөхрөө дээд зэргээр хүндэлдэг байсан.
СУРВАЛЖЛАГЧ: Бэр хүн маш нарийн ёс дэг сахидаг байсан байх даа. Тухайлбал, бүсгүйчүүдийн заавал биелүүлэх ёстой нэг зүйл үйл үртсэнд уран байх ёстой гэдэг дээ. Та үйлэнд хэр байв?
ЭМЭЭ: Миний хувьд үйл үртсэнд тийм ч сүрхий байгаагүй ээ. Учир нь миний ээж багад минь нас барсан болохоор үйлэнд тааруухан болсон байх. Бидний үед охин хүүхэд эжийгээ дагаж л үйл үртэс сурдаг байсан юм. Намайг үйлэнд маруухан болохоор тэрүү хадмууд маань надад их дурамжхан байсан даа. Ер нь тэр цагийн хадмууд маш хатуу чанга байсан юм шүү...
СУРВАЛЖЛАГЧ: Та одоо бэрүүддээ хэр хатуу байна. Аашилж загнаж байна уу?
                                                ЭМЭЭ: Үгүй үгүй... Ер тэгэж чадахгүй...
 
НЭВТ: Би Балжмаа эмээтэй хуучилж дуусаад бичлэгээ шалгаж байсан чинь эмээ нүдээ том болгон гайхаж одоо энэ хэн яриад байнаа. Би яриад байгаа юм уу...? гэхэд, “Та л ярьж байна шүү дээ” гэхэд тогтоон сонсоод бүр үнэн сэтгэлээсээ баярлан хөөрч, “үгүй бас, нээрэн би ярьж байна шүү дээ” гээд жаахан хүүхэд шиг хөөрч хөхөрч, дахин дахин сонсож билээ. 
 
          /давхар бичлэг-эмээ бичлэгээ сонсоод өөрийн эрхгүй хөхөрч байгаа бичлэг/
 
НЭВТ: Балжмаа эмээ баярлан хөөрч, жаахан  хүүхэд шиг хөхөрч байгааг сонсогч та сонсож байна. Түүний чин сэтгэлийн баяр хөөр, зүггүй төрх байдлыг харах бүр хайрлан энхрийлэх сэтгэл төрж, ёстой л “Хөөрхөн эмээ” байна даа гэж өөрийн эрхгүй бодогдож билээ. 102 настай Балжмаа эмээ анх удаа радиогоор ярьж, гадаад далайн чанад орших та нартай ийн мэндчилж байна.
 
     / эмээгийн инээж байгаа хөгжилтэй бичлэг тодорч ирээд намсана.
                     Залгаад настан буурал эмээ дуу орж ирнэ /
 
НЭВТ: Эрхэм сонсогчид оо,  “Хөөрхөн эмээ” сурвалжлагаа “Настан буурал эмээ” дуугаар өндрлөе. Энэ дуунд:
“Аавын минь ээж, ачтан буурал эмээ минь
            Ачийн ачийг үзнэ гээд элтэрч үлтэрч явна уу даа
            Үрийн үр бидэндээ нар болсон эмээ минь” гэж дуулдаг юм. 
 
                                                                    / дуу тодорч ирээд дуусна /
 
                                                                                                                                       1997 он


No comments:

Post a Comment

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив