Lucky Charms Rainbow

Monday, February 11, 2013

ВОНЕУ М МОНГОЛД




НЭВТ: ВОНЕУ М МОНГОЛД  хөгжимт тэмдэглэл
 
                                                             / Вонеу М-ийн дуу орж ирэх /
 
            НЭВТ: Вонеу М Монголд ирнэ...
            НЭВТ: Вонеу М Монголд дуулна...
НЭВТ: Вонеу М... Вонеу М... гэж ойрын хэдэн өдөр монголчууд тэр дундаа Улаанбаатарынхан Вонеу М-ээр амьсгалж, Вонеу М-ээр шатаж бадарч өнгөрөөлөө.
 
                 / Вонеу М-ийн тоглолтыг үзээд дэмжин уухайлж байгаа хүмүүсийн дуу чимээ /
 
НЭВТ: Өнөөгийн залуусын зарим нь жаахан байхад, зарим нь бүр төрөө ч үгүй байхад аав, эжийгий нь доргиож хөгжөөж байсан энэ алдарт хамтлаг өнөөдөр монгол газар шороон дээр, уудам хөх тэнгэрийн доор ийн дуулан бүжиглэж байна.
 
                                                           / дуу тодорч ирээд  фон дээр /
 
НЭВТ: Алдарт Вонеу М-ийн тоглолтыг үзэж амжаагүй Вонеу М-ийн улаан фенүүдээ, бидэнтэй хамт байгаарай...
            НЭВТ: Бид зөвхөн Вонеу М-ийн тухай ярилцаж, тэдний дууг сонсох болно.
 
                                                             / дуу тодорч ирээд дуусах /
 
НЭВТ: Вонеу М Монголд ирсэн явдал зуу зуун шүтэн бишрэгчдийг нь баярлуулсан төдийгүй, дунд болон түүнээс дээш насныханд олон сайхан дурсамжыг нь сэргээж өгсөн юм.
НЭВТ: Тиймээ, “Хэрэв Вонеу М байгаагүй бол  би төрөхгүй байсан ч магад...” гэх хориод насны хонгор зүстэй нэгэн залуугийн хөгжилтэй яриа бидний анхаарлыг эрхгүй татсан юм. Магадгүй энэ сэдэв манай нэвтрүүлгийн хамгийн хөгжилтэй, бас хамгийн уяралтай шигтгээ ч байж болох юм. 
 
                                                                           / таслал хөгжим /
                                                          / айл гэрийн шум радио мэдээ орж ирэх /
  
ЭХ: Хүүшээ, энэ мэдээг сонс доо... Вонеу М монголд ирнэ гэж байна. Ямар догь вэ...?
ЭЦЭГ: Юу гэнээ, ямар сайхан юм бэ. Хоёулаа хүүтэйгээ хамт үзэх юм шүү. Ийм сайхан юм гэж бас байдаг аа...
ХҮҮ: Үгүй энэ... аав, ээж хоёрыг... Та хоёр их сонин харагдаж байна шүү...
                                                ЭХ: Цаана чинь Вонеу М ирнэ гэж байна шүү дээ...
ХҮҮ: Тэгээд юу нь сонин юм бэ, би үзнэ гэж бодохгүй л байна шүү...
ЭЦЭГ: Чи үзэхгүй бол байна л биз. Бид хоёр лав үзнэ. Үзэх байтугай боломж олдвол гарын үсгийг нь ч авна...
 
                                                                        / хүү бүр үнэн сэтгэлээсээ шоолж инээнэ /
 
ЭХ: /эгдүүцэх/ Яана гэнээ, чи. Инээж гэнэ. Хүү минь чи сайн сонс. Урлаг, тэр дундаа орчин үеийн урлаг цаг цагаараа байдаг. Магадгүй та нарын тэр хөл алдаж гүйгээд байдаг үглээ, чарлаа хамтлагийг бид хоёр төвөгшөөдөг байх л даа. Гэхдээ Вонеу М-ийн фенүүд өнөө ч шингэрээгүй байгаа шүү. Гэхдээ...гэхдээ... /гээд арга нь тасрав бололтой/
                                                ХҮҮ: Гэхдээ гээд юу гэж, ээжээ...?
ЭЦЭГ: Эжийгийн чинь хэлэх үгийг аав нь гүйцээгээд хэлчихье. Вонеу М ид хүчээ авч байсан 80-аад онд аав, эжий хоёр чинь оюутан байсан юм. Тэр үед оюутны үдэшлэг дээр голдуу Вонеу М, “Чингэс хаан”, АББА хамтлагийн дуу хөгжим  тавина. Тийм нэг үдэшлэг дээр ээж, бид хоёр чинь анх танилцсан юм. Бид хоёрын сонсох дуртай, бүжиглэх дуртай хөгжим бол Вонеу М. Аавд нь энэ хамтлагийн бүх дууны цуглуулга байдаг байлаа. Түүнийгээ сонсгох гэж эжийг чинь гэртээ урина. Хоёулаа өдөржин сонсоод л, бүжиглээд л...
ХҮҮ: /хөгжилтэйгээр/ Тэгвэл Вонеу М байгаагүй бол би төрөхгүй байжээ...?
ЭЦЭГ: Магадгүй л байх шүү. Энэ хэдэн харууд дуугаараа эжийгий чинь ятгасны хүчинд бид хоёр суусан хэрэг шүү дээ.
 
                    / Аз жаргалтайгаар хөгжилдөн инээлдэх Вонеу М-ийн дуу залгаж орж ирнэ /
 
НЭВТ: Эрхэм сонсогчид оо, ингэж монголчууд бидний дунд олон сайхан дурсамж сэргээсэн алдарт Вонеу М-ийн түүхээс сонирхуулья.
НЭВТ: Вонеу М хамтлагийн продюссер Франк Фариа европ стильтэй харуудын хамтлаг хэрэгтэй гэдгийг анх олж харжээ. Үеийнхэн нь битлз гээд хошуурч байхад Франк харин харуудын стилээр дуулахыг оролдож, улмаар “Франк Фариа ба сүүдэр” нэртэй хамтлаг байгуулж, Германд байсан америк цэргүүдийн цуглардаг нэгэн клубт дуулдаг болов.
НЭВТ: Тэр үед Фариа харуудын дууг цагаан арьстан хүн дуулаад амжилт олохгүйг ойлгож, Вонеу М хамтлагийг байгуулсан гэдэг. Удалгүй хар, цагаан арьстны холимог стилийн дуу олны сэтгэлд хүрч Фариагийн үүсгэсэн Вонеу М хамтлаг европт гойд амжилт үзүүлж эхлэв.
НЭВТ: Та бүхний сонсож байгаа хит дууг хамтлагийн гоцлол дуучин Лиз Митчеллийн хоолойны хүчээр амьдарсан гэж бүгд ам нэгтэй баталдаг юм.
 
                                                                        / дуу тодорч ирээд дуусах /
 
НЭВТ: Нэр хүнд нь 70-аад оны  үед огцом өсөж ирсэн Вонеу М хамтлаг 80-аад оны дунд үеэс Италийн одуудын давалгаанд цохигдон дуулиан нь бага зэрэг саарч, улмаар үл ойлгогдох шалтгаанаар салцгааж, зарим нь бүр баарны дуучин болсон гэдэг юм. Байдал хэдий ийм болсон ч тэдний монгол фенүүд үнэнч үлдсэн гэж хэлж болно.
НЭВТ: Анхных нь буюу жинхэнэ Вонеу М хамтлагийн гишүүд нь Лиз Митчелл, Марсиа Барет, Майзи Уиллиамс, Бобби Фаррел нар юм. Жинхэнэ гэхийн учир тэднийг салснаас хойш “Вонеу М” нэрээр өөр хүмүүс дуулах болсон,  бас өөрсдөө дуулах болсон гээд шуугиан дэгдсэнээс “жинхэнэ” гэх үг гарах болсон юм.
            НЭВТ: Тэгвэл Монголд аль нь ирсэн юм бол, гэх асуудал гарч ирнэ дээ?
НЭВТ: Тиймээ, монголд Вонеу М хамтлагийн гоцлон дуучин Лиз Митчеллийн үүсгэн байгуулсан  Вонеу М буюу нэг үгээр хэлбэл “жинхэнэ” Вонеу М ирсэн юм. Энэ тухай хамтлагийн гоцлол дуучин Лиз юу ярьсныг сонсоё.
СОРОНЗОН БИЧЛЭГ – ангилаар:
ЛИЗ: Та Вонеу М анхных шигээ байж чадах болов уу? гэж асууж байна. Бид хуучин шигээ байж чадалгүй яахав. Вонеу М-ийн бүх дууг дуулсан хүн би шүү дээ. Тийм болохоор би зөвхөн Митчеллээрээ л байна. Хэдийгээр намайг дуурайх гэж оролдсон хүн цөөнгүй ч надтай ижил хүн одоогоор гарч ирээгүй л байна.
СУРВАЛЖЛАГЧ: Та Вонеу М хамтлагийн продюссер байсан Франк Фариа болон хуучин гишүүдтэй ямар харилцаатай байдаг вэ?
ЛИЗ: Франк Фариа бид хоёрын дунд ямар нэгэн хэрүүл маргаан байдаггүй. Марсиа Барретын хувьд ч гэсэн асуудалгүй. Харин Бобби Фаррел, Майз Уиллиамс нарын хувьд хэлэх юм бий. Учир нь тэд миний гоцлол дуучин байсныг хүлээн зөвшөөрдөггүйгээр үл барам эсэргүүцдэг хүмүүс. Үнэндээ бол тэд Вонеу М хамтлагийн имижийг л бүрдүүлэгчид байсан юм шүү дээ. Тэд Вонеу М-ийн нэг ч дууг дуулаагүй.  Ердөө амаа хөдөлгөж, бүжиглэдэг байсан юм. Боббигийн хэсэгт Франк Фариа өөрөө дуу оруулдаг байсан юм. Үнэндээ Митчелл ганцаараа дуулж, алдар нэрийг бүгд адил хүртдэг байсан юм.
СУРВАЛЖЛАГЧ: Та бүрэлдэхүүнээ танилцуулна уу?
ЛИЗ: Вонеу М-д амаа хий хөдөлгөдөггүй, жинхэнэ ёсоор нь дуулдаг байсан ганц дуучны хувьд  би эргэж Вонеу М хамтлагийг байгуулахыг хүссэн юм. Миний дэргэд сууж байгаа энэ хоёр бүсгүй бол Лора, Керол нар. Тэр бол манай бүжигчин Тони Эйшкрофт. Энэ бол манай хамтлагийн менежер бол миний нөхөр Томс Хэмпортон. Бид энэ бүрэлдэхүүнээр сүүлийн 13, 14 жил хамтдаа ажиллаж байна.
СУРВАЛЖЛАГЧ: Хамтлагаа дахин тарчихвий гэж эмээдэг үү?
 ЛИЗ: Би бурханд итгэдэг. Бурхан биднийг хамтдаа байгаасай гэж хүсэж байгаа бололтой. Манай залуус тун сайн хүмүүс. Би тэдэнд итгэдэг. Одоо бид монголчууддаа дуулж өгөх төдийгүй хамтдаа бүжиглэх болно.
   
/ шинэ бүрэлдэхүүнээрээ дуулсан дуу орж ирээд хүмүүс уухайлан  хашгиралдах /
 
НЭВТ: 8-р сарын 28-ны үдэш Төв цэнгэлдэх хүрээлэнд монголчууд ёстой нэг доргиж өгсөн. Оройн найм цаг өнгөрч байхад Энхтайвны гүүрэн дээгүүр тасралтгүй цувах хүмүүсийн түрүүч цэнгэлдэх хүрээлэнгийн үүдээр орчихсон байсан гээд боддоо.
            НЭВТ: Энэ хоорондох зай дор хаяад 700-гаад метр газар биз дээ?
НЭВТ: Тиймээ. Түүнээс гадна хамгийн сонирхолтой нь гэвэл, урд өмнө нь одуудын шоунд бараг зуун хувь залуучууд оролцдог байсан бол Вонеу М-ийн тоглолт дээр залуусаас гадна дунд болон ахимаг насныхан, бас эмээ, өвөөгийн “эрх жаалууд” гээд нэмэгдчихээр цугларсан хүний тоо бүр тоймоо алдана биз дээ?
НЭВТ: Ёстой, ёстой. Монголчууд бидний ярьдагаар найман настай балчираас ная хүрсэн буурай хүртэл байсан гэчихвэл арай л дэгсдчих болов уу. Ямартаа ч тоглолт үнэхээр доргио болсон. Вонеу М-ийнхэн хит дуугаа дуулж, монголчууд бид хөгшин залуугүй тэднийг даган дуулж, бүжиглэж, ёстой нэг жаргасандаа.
НЭВТ: Тийм шүү. Оддын шоу үзье... гэхээр үнэ цэнэтэйг нь гайхаад сүйд болдог эжий, аавууд Вонеу М-ийн шоун дээрх өнгө өнгийн салют, гялалзан анивчих гэрэл гэгээ, дуу хөгжим, баяр хөөрийг хараад “Шоу гээд гүйгээд байдаг ч аргагүй юм байна” гэж хүүхдүүдээ сая нэг ойлгосон гэдэг шүү.
НЭВТ: Бас аав, эжийгээ хөгширсөн, орчин үеийн дуу хөгжим ойлгодоггүй гэж бодож байсан олон олон залуус тэднийгээ яг л залуу хүн шиг дуулж, бүжиглэж, бас хашгиралдан доргиж байгааг нүдээр үзээд ёстой гайхахын дээдээр гайхсан гэдэг.
НЭВТ: Ингэж харилцан бие биенээ ойлгож, бас бие биенээ хайрлан хүндэтгэх халуун дулаан сэтгэл төрүүлж өгсөн “Вонеу М-ийнхандаа баярлалаа” гэж хэлэх үг багадах бизээ.
            НЭВТ: Вонеу М...
НЭВТ: Вонеу М талын монголд ирж, дэлхийг байлдан дагуулсан олон сайхан хит дуугаа дуулахад зуу зуун монголчууд уухайлан дэмжиж, даган дуулж, бүжиглэж цэнгэсэн тэр үдэш Туулын гол урсгалаа татаж, Богд уул өндөлзөн байлаа.
 
                                              / фенүүдийн хашгиралдах чимээ дахин толорч ирээд /
 
            НЭВТ: Лиз Митчелл ээ...
            НЭВТ: Вонеу М-ийнхаан...
            НЭВТ: Хөх тэнгэрийн Монголд дахин дахин ирээрэй, би та нарыг хүлээнээ...
 
                                                                      / дуу гарч ирээд дуусах /
 



No comments:

Post a Comment

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив