Lucky Charms Rainbow

Thursday, February 21, 2013

Хүн байхын учир...




НЭВТ: Хүн байхын учир...
/ хөгжим /
 
НЭВТ: Хугасхан лааны дуртай дургүй дальдчин сүүмэлзэх адил гэрэлд холын бараа тасарч ойр хавь бүдэг бадаг болов. Салхи шуугин исгэрч цаанаа л нэг жихүүн. Жавартай тэнгэр бүүдийн харанхуйлж цас хаялж эхэллээ. Зогсоол дээр хэдэн хүн автобус хүлээн зогсох аж.  Хуучивтар саарал даавуун дээл, монгол гутал өмссөн янхгир том биетэй өвгөн нэлээд  удаан хүлээсэн бололтой эцэж  турсан хоёр гараараа суга таягаа арай ядан түших бөгөөд ядарч сульдсан нүүрнийх нь үрчлээ, насны хүрэн толбо нь улам ч тодорчээ.
 
/ замын шум тодорч ирэх /
 
            НЭВТ: Хэд хэдэн автобус ирсэн ч суга таягтай өвгөн суух автобусаа мөн эсэхийг таньчих санаатай хөдөлж ядан байтал хаалгаа хаагаад яваад өглөө. Өвгөнд тусалж дэмжээд суулгачих хүн тэнд даанч алга, бүгд өөрөө л суувал барав гэсэн шиг нааш цааш холхилдоно.
Арга барагдсан өвгөн туранхай шар охины хажууд дөхөж очоод: “Миний охин, өвөөгөө Толгойтын цэнхэр автобусанд суулгаад өгөөч” гэж үгээ зөөж ядан хоолойгоо цахиртуулан гуйв. Охин хачин жигтэй юм харсан аятай хариу хэлэлгүй ганц хоёр алхаад холдож зогслоо. Өвгөн дэмий л хариу горьдон харж зогсов. Гэнэт өөрийн нь суух автобусны барааг харав бололтой суга таягаа доёгнуулан арай ядан дөхөж очтол автобус ч  хөдөлж, сандарч тэвдсэн өвгөн: “Хүүе, хүүхээд... зогсоочээ... зогсооч...” гэж эв хавгүй хашгирахад буудал дээр байсан хэдийн хэн нь ч түүнийг тоосонгүй. Тэгтэл автобусны цонхоор өвгөнийг харсан нэг залуу жолооч руу хандан “зогсоочээ, зогсооч... настай хүн суух гээд байна...” гэж хашгирахад, жолооч: “За а, чамд ямар хамаатай юм. Би өөрийнхөө ажлыг өөрөө мэдье” гэлээ. Автобус буудлаас холдон цасан шуурганд бараа тасрав.
 
/ автобус хөдлөөд холдон явах чимээ /
 
            НЭВТ: Өвгөн хөшсөн биеэ амраах санаатай буудлын саравчин доор байх урт сандал руу арай ядан явж очоод суухдаа даарч бээрсэн гар нь нэг таягаа газар алдчихлаа. Таягаа авах санаатай тонгойтол нүд нь харанхуйлж, толгой нь эргээд юу юугүй унах нь бололтой. Тэгээд таягыг нь аваад өгчих болов уу гэсэн шиг горьдлогын харцаар хэн нэгнийг хайлаа. Өвгөний эцсийн найдвар тасарч, нүдэнд гомдол цөхрөл дүүрээд ирлээ.
 
/ хөгжим /
/ Дайны чимээ-онгоц нисэж бөмбөг дэлбэрч, буудалцах /
 
            НЭВТ: Элсэн толгодын дунд хоёр байлдагч дайсны илүү хүчтэй  буудалцаж байна. Хоёр байлдагч дайсны хүчийг тандах үүргээ биелүүлээд буцах замдаа гэнэт дайсны давуу хүчтэй тулгараад тулалдаж байгаа нь энэ.
/ шум үргэлжлээд /
 
            НЭВТ: Тэр нэгэн удаагийн хүч тэнвэргүй тулалдаанд нөхрөө хамгаалан ухасхийх тэр мөчид дайсны суманд баруун хөл нь өртөж, хээрийн эмнэлэгт бүр тайруулсан юм. Гэхдээ байлдагч залуу дайчин нөхрийнхөө төлөө, эх орныхоо төлөө, хүн ардынхаа төлөө хөлөө өгсөндөө өдийг хүртэл ер харамсаж яваагүй юм. Харин энэ орой л  “би чинь хүмүүс та нарын сайн сайхан амьдралын төлөө хөлөө өгсөн хүн шүү дээ, түүний хариуд автобусанд суулгаад өгчих хүн байхгүй байна гэж үү дээ...” гэж анх удаа харамсах, гомдох  сэтгэл төрж байлаа.
/ хөгжим /
 
            НЭВТ:  Өвгөн ийн бодол өнжүүлэн суусаар хэдий хэр хугацаа өнгөрснийг бүү мэд. Бүх бие нь бээрч бодол нь хүртэл царцаж эхэлжээ. Гэтэл хэн нэгэн “Өвөө та зүгээр үү, таны таяг уначихсан байна...” гээд таягийг авч өгөөд, “Өвөө, та ямар автобусанд суух юм бэ, босож чадах нь уу, би таныг суулгаад өгье” гэлээ. Бээрч хөрсөн өвгөний ам эвлэж өгөхгүй хий л ангалзахад өрөвдөж хайрласан залуу өвгөнийг зөөлөн түшиж босгоод бараг тэврэх шахуу явсаар машиндаа суулгаад: “Өвөө, танай гэр хаа байдаг юм. Би таныг хүргээд өгье” гээд машинаа асаагаад, “Өвөө яарах хэрэггүй ээ, эхлээд жаахан дулаацаад ав. Тэгээд хоёулаа хөдлөе...” гээд хөгжмөө тавьлаа.
/ Хүн хүнээ хайрлах-дуу орж ирэх /
 
            НЭВТ: Өвгөний нүдэнд нулимс дүүрч ирснээ амьдралын зураг болсон нүүрнийх нь үрчлээсийг даган урсахад, гарынхаа том алгаар эв хавгүйхэн арчаад “Гялайлаа, хүү минь. Чи хүнээрээ байгаа сайн хүү байна...” гэлээ. 

                                                                   / дуу тодорч ирээд дуусах /

                  НЭВТ: Та бүхэн "Тэмүүлэл" продагшны бүтээлээс сонслоо.
 
 
                                    Сэтгүүлчийн 3-р ангийн оюутан Отгонжаргал 
 
                                                                                                              2013 он 
           

No comments:

Post a Comment

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив