Lucky Charms Rainbow

Thursday, February 21, 2013

Ном унших тухай учирлах нь...



 / сонсож болно /
 
ХӨТ: “Тэмүүлэл” продакшн ярьж байна.
ХӨТ:  “Тэмүүлэл” продакшн ярьж байна. 
/ хөгжим /
/ шум-хонх дуугарах,  хүүхдүүд шуугилдан гүйлдэх чимээ /
 
ХӨТ:  Их завсарлагааны хонх дуугарч оюутнууд нааш цааш гүйлдэж хөдөлгөөн ихслээ.
 
/ шум /
 
Охин-1 : Хүүхдүүдээ, “Манайд” сонингийн шинэ дугаар гарсан байна. Сонингоо аваарай, манайхан...
Охин-2: Хүүхдүүдээ энэ дугаарт сэтгүүлчийн 3В-гийн Оюунсувдын бичсэн “Ном унших тухай учирлах нь” гэсэн сонирхолтой материал гарчээ.
Хүү: Алив... Оюунсувд гэж Өвөрмонголоос ирсэн охин байхаа?
Охин-2:  Тийм, Шилийн гол аймгийнх гэсэн шүү...
Хүү:  Нээрэн Оюунсувд үргэлж л ном уншиж суудаг юм шүү. Юу гэж вэ, уншья байз...
 
/ хөгжим /
 
ХӨТ:  Ном унших тухай учирлах нь...
ХӨТ: Би ном унших дуртай. Шинэ хуучин, эрт эдүгээ, гадаад дотоод, таних танихгүй зохиолчийн, агуу их хүний,эгэл хүмүүсийн бичсэн, хэн нэгэн надад бэлэглэсэн гээд олон ном зохиолыг голж шилэлгүй олдой биедээ ухаан нэгийг нэмэхсэн гэж зав чөлөө гарвал ном эргүүлж суух дуртай. Зарим номон дотор орчихоод гармааргүй санагддаг бол учир битүүлэг бичсэн номыг хэд дахин уншаад ч ойлгохгүй, улаан ногоон бийрээр эрээлжтэл зурж, асуулт, анхааруулгын тэмдэг  тавьж ойлгохгүй үг үсгээ тодруулан үйлээ барна. Эцэст нь өөр шинийг сонгохоор гар сунгана. Ном уншина гэдэг сонирхож уншихдаа биш, харин мэдэрч ойлгож өөрт хэрэг болгож чадсандаа л гол чанар нь оршино.
Хязгааргүй орчлонд цаг мөч  минут  секунд бүр үг дуугүй, чив чимээгүйгээр баян, ядуу хэнийг ч эс тоон өөрийнхөөрөө  үелэн үргэлжилсээр. Хэн ч түүнийг зул барьж, хүж асааж, сөгдөн гуйж, сүсэглэн даатгаж хойшлуулж үл чадна. Цаг хугацаа ийм л хайр найргүй хатуу билээ. Харин чи л цаг хугацааг хоосон бүү өнгөрүүл. Хоолоо цагтаа идэж, цагтаа амарч сур. Бурханаас чамд оноосон цаг хугацааг ашиглаж сур. Энэ бол гэдсээ цэнэглэх хоолны цаг биш харин оюунаа цэнэглэх билгийн цаг юм. Хүн оюунаа хооллоор биш ердөө л номоор цэнэглэ  гэсэн үг юм. Унших хэрэгтэй. Оюун санаа, ой ухаанаа  өөрөө л дэмжиж тэтгэ. Оюун санааны ядууралд орно гэдэг өлбөрч үхэхээс  ч дор, буугүй дайнд орохтой адил. Иймээс ном унших хэрэгтэй, уншиж сурах ч хэрэгтэй. “Гэдсээ цэнэглэхээр тархиа цэнэглэ”, “Гэрийн гэгээ тоононд, хүний гэгээ номонд” гэсэн ардын сайхан үг бий. Ном гэдэг бол хүн чанар, нинжин сэтгэлийн гүнээс ундран гарсан хүний ертөнцийн жинхэнэ үнэн, сайн сайхан, худал хуурмаг, муу муухайг тодорхойлж бичсэн сэтгэлийн илэрхийлэл юм. Ном бол хүний ертөнцийг харах билгийн цонх. Гэхдээ аль өнцгөөс нь харах нь тухайн хүний эрх чөлөө юм.  Номыг мөнхийн залуу багш, мөрөөдлийн цагаан онгоц гэж боддог. Би ном харвал авья, уншья гэж боддог. Эзэнгүй ном тааралдвал авчихья, их номтой өрөөнд орвол хулгайлчихья  гэж боддог. Номын хулгайчийг хулгайч гэдэггүй гэж ярьдаг үнэн байх.
Би номонд хайртай, харцанд өртсөн ном бүхэнд хайртай. Уншсан номондоо ч хайртай, унших номондоо ч хайртай. Жижигхэн өрөөний минь нэгэн чимэг бол цонхон дээр хураасан миний номууд. Хилийн цаанаас надтай хамт хатуу шалгуулж гарч ирсэн ном, монголд ирээд хорхойсож авсан ном, ном зарж талхны мөнгөө олдог буянтай хүмүүсээс худалдаж авсан хуучин ном, их зохиолч Д.Нацагдорж , Б. Ринчен, билэг танхай найрагч Р.Чойномын шүлгийн ном гээд бүх номондоо би хайртай. Наранд гандаж, тоос дарчихвий гэж цагаан бөсөөр ороож тавьсан номуудаа хараад би баясаж  хөөрдөг. Заримдаа бас ухаангүй айдаг. Тэдгээр номын зохиогч агуу эзэд намайг нууцхан зандраад байх шиг, ямар нэг зүйл шивнээд байх шиг санагддаг. Би ичиж байна. Бүтээж гийгүүлсэн юмгүй байж зав гарахгүй байна гээд номондоо салхи оруулахаа мартчихдаг намайг зандрах нь зөв, бүр гарч ирээд чихдээд суулгаасай гэж боддог.
Ер нь ном их уншиж гэмээнэ сэтгэн бодох орон зай тэлж бүхнийг  тунгаан бодож, хүсэж мөрөөдөж , уяран догдолж чадна. Тархийг бүр мөсөн болгочих дөхдөг . Намайг өөрөө өөрийгөө шүүдэг тэргүүн зэргийн шүүгч  болгодог атлаа бас яаж яваад гэм хийгээд  шоронд орчихсноо ч мэддэггүй нүглийн сав нь дүүрсэн ялтан болгочихно. Эцэстээ би гэм ялаа нуулгүй илчлээд сэмээрхэн алхаад гарчихдаг. Бидний хязгаартай амь нас, хязгааргүй цаг мөчийн дунд аялдаг. Хэрвээ ном уншихаас үүдсэн эргэцүүлэл, бодлогошрол, тунгаалт, хяналт байгаагүйсэн бол бид хичнээн ч нүгэл үйлдэж, хэдэн ч удаа шоронгийн мухарт жиндэж, өлсөж хонох байсан бол...?
Номын ариун хуудасны үг үсэг бүрт чин сэтгэлээсээ учирлан талархах ёстой. Бидний нүдний өмнө буй толгойтой үснээс ч олон, тэнгэрийн од шиг арвин, түм буман ном зохиол хэрэгцээгүй, өртөггүй, ямар ч үйлдэл өгөөжгүй  байсансан бол хэн түүний төлөө хайран цагаа үрэн байж, оюунаа шавхан байж уншиж суух юм бэ?  Хэн бүжгэнд явах, найз нартайгаа зугаалах, дэлгүүр хэсэж гутал хувцас авах мөнгөө, бас хайран цагаа түүний төлөө үрэх ёстой юм. Гэвч өнөөгийн оюуны тулалдаант эринд түүний төлөө үрэгдэх ёстой. Яагаад гэвэл ном унших нь амь насыг уртасгах хөдөлгөгч хүч, амин сахиус нь юм. Жаргах нарны түмэн алтан утас шиг суналзсан номын үг үсэг бүхэн хүний амьдралын мандах нарны алтан туяа билээ. Хүмүүс ээ, найзуудаа бүгдээрээ ном уншиж сурцагаая.
 
/ хөгжим /
 
Хүү: Аргагүй л номонд дуртай хүний үг мөн байна даа.
Охин-1: Тийм шүү. Ингэхэд бид ном унших талаар ямар билээ дээ...?
Хүү: Харин тиймээ, бодох л үг...
Охин-2: Үнэхээр биднийг ном унших талаар маруухан болохыг Оюунсувд анзаараад ингэж бичсэн ч юм билүү...
Охин-1: Нээрэн тийм байх шүү...
Охин-2: Эх орныхоо ирээдүй болсон бид ном унших хэрэгтэй, уншиж сурах ч хэрэгтэй...
Хүү: Тиймээ, өөрсдөө нэхий дээл өмсдөг атлаа ном судраа хоргой торгоор баринтаглаж ирсэн өндөр соёлтой монгол түмний үр сад бид ном унших хэрэгтэй. “Бидний үеийнхэн номноос салдаггүй, ёстой номын хорхойтон байсан юм даа” гэж ирээд эжий аав, эмээ өвөө бахархан ярьдаг шүү дээ.
Охин-1: Мэдэхгүй, чадахгүй бүхнийгээ номноос асуу. Юу ч мэдэхгүй гэж ном чамайг элэглэж шоолохгүй гэсэн үг бас бий. Тэгэхлээр цөмөөрөө ичиж зовохгүй, залхуурч назгайралгүй ном уншья...
Охин-2: Уншихаар барахгүй бүр шимтэн дурлая. Бүгдийг гүйцээн хэлж, тусалж дэмждэг нэвтэрхий суутан бол ганцхан ном...
Хүү: Хүүхдүүдээ би та нарт нэг сонирхолтой мэдээлэл дуулгах уу. Түрүү зууны 90-ээд он хүртэл манай улс хамгийн их ном уншдаг хүнтэй улс орны тоонд ордог байсан гэнэ. ЮНЕСКО-гоос гаргасан жагсаалтаар Оросуудын дараа манай монголчууд орж байсан юм байна.  
Охин-1: Хөөх ямар гоё юм бэ. Энэ сайхан уламжлал бидний үе дээр алдагдах гээд байна шүү дээ...
Хүү: Тийм шүү,  тэгэхлээр цаашид ямар байхыг залуучууд бид л тодорхойлох болоод байна.
Охид: Тийм, тийм...
/ хөгжим /
 
ХӨТ: Тиймээ, “Ном бол эрин цаг гэх давалгааг дамжин үеэс үед уламжлан хүргэх эрдэнийн ачаа тээсэн оюун ухааны хөлөг онгоц мөн” гэж нэгэн цагт гүн ухаантан Ф.Бэкон хэлсэн байдаг. Ном хэмээх энэ эрдэнийн ачаа тээсэн оюун ухааны хөлөг онгоцны зорчигч нь болж хүссэн хэмжээгээрээ хөндлөн гулд зорчин, цэнгэлийг эдлэх  боломж  хүн бүрт тэгш заяажээ. Энэ боломжоо дүүрэн ашиглацгаая, залуусаа.
  
/ хөгжим /
 
ХӨТ: Тэмүүлэл продакшныхан
                                                                                                                             2013 он
                       




No comments:

Post a Comment

Click to get cool Animations for your MySpace profile

Хайх

Цаг

Календар

Архив